Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2016/0692

 

   

 

 

Ц.Мягмарбаатарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Ц.Цогт, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Ц.Мягмарбаатар, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга нарыг оролцуулан, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.Мягмарбаатарын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 5.6, 5.7, 10 дугаар зүйлийн 10.9.11, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Мягмарбаатараас Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдуулан гаргасан Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын Ц.Мягмарбаатарыг ажлаас халах тухай 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/11 тушаалыг хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, түүнийг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан Боловсрол соёлын хяналтын улсын байцаагчийн ажил албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгах, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл сарын 646 мянган төгрөгөөр тооцож нийт 1.850.000 төгрөгийн нөхөн олговорыг олгохыг хариуцагчид даалгах, Эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний хувьд удирдамжгүй хяналт шалгалт хийж улсын байцаагчийн дүгнэлт гаргасан гэдэгтэй санал нийлэхгүй байна. Учир нь Төв аймгийн Боловсрол соёлын газраас ирүүлсэн албан бичигтэй Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Батсайхан танилцаад холбогдох улсын байцаагчид шилжүүлж ажиллах талаар М.Ганчимэгт цохсоны дагуу бичиг хэргээс надаар гарын үсэг зуруулан өгсөн нь баримтаар нотлогдож байгаа. Мөн миний гаргасан дүгнэлттэй Мэргэжлийн хяналтын газрын дарга Т.Мөнхсүлд танилцаад албан тоот төлөвлүүлж баталгаажуулан түүнийгээ улсын байцаагчийн дүгнэлтийн хамт Төв аймгийн Боловсрол соёлын газарт хүргүүлсэн баримт байсаар байтал зөвхөн улсын байцаагчийг буруутгаж, дарга удирдлагууд нь болсон үйл явдалд бодит дүгнэлт өгч төрийн албан хаагчийг ажлаас халсан эсэх талаар тодруулж хянаж нягтлаагүй. Ажлаас халах шалтгаан болсон улсын байцаагчийн дүгнэлт хэрхэн гарсан шалтгаан нөхцөл нь юу байсан, дүгнэлтэд тусгагдсан асуудал нь зөв эсвэл буруу байсан эсэхийг тодруулаагүй, Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлын талаар нотлох баримт өгсөөр байтал түүнийг үнэлэх шаардлагагүй гэж үзсэн, удирдлагын зөвшөөрлөөр дүгнэлт гаргасныг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн, энэ алдааны улмаас байгууллагад ямар хохирол учирсан, тухайн зөрчил гаргасан багш Ш.Алимаагийн үйлдлийг хэрхэн үнэлж дүгнэсэн зэрэг юм. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлсний төлөө байгууллагын даргын үзэмжээр нэг даргын дарамт шахалтаар төрийн албан хаагчдыг халдаг, үг хэлүүлэхгүй номхон хонь мэт ноолдог байдлыг шүүх хүртэл өөгшүүлж байгаад гомдолтой байна. Миний зүгээс аливаа захиргааны акт нь төрийн албан хаагчдын болон байгууллагын эрх ашиг сонирхлыг эерэг, сөрөг ямар нэгэн байдлаар хөндөж байдаг учраас захиргааны байгууллагаас гаргаж байгаа эрх зүйн акт нь хууль тогтоомжид нийцсэн, хууль ёсны байх шаардлагыг хангасан байх ёстой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулиар далайлган хувийн ашиг сонирхлын үүднээс төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлдөг, ажилгүй болгодог энэ зохисгүй үйлдэл нь эрх зүйт төрд байж болохгүй гэж үзнэ. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

          Нэхэмжлэгч Ц.Мягмарбаатарыг Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/11 дүгээр тушаалаар мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлаар удирдамжгүй хяналт шалгалт хийж, улсын байцаагчийн дүгнэлт гаргасан гэх үндэслэлээр төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халсан байх ба дээрх тушаалд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.7 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 10.9, 10.9.11 дэх заалт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 505 дугаар тушаал, тус газрын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн удирдлагын зөвлөлийн 02 дугаар хуралдаанаас гарсан шийдвэрийг тус тус баримталсан.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д “Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх орон нутгийн байгууллагын улсын байцаагчийг тухайн орон нутаг дахь улсын ахлах байцаагч томилж, чөлөөлнө” гэж зааснаар Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нь улсын байцаагчийг томилж, чөлөөлөх эрхтэй ч энэ эрхээ хэрэгжүүлэхдээ нарийвчилсан хуулийн зохицуулалтыг  мөрдөж ажиллах үүрэгтэй.

          Ц.Мягмарбаатар нь Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагч байх ба төрийн жинхэнэ албан хаагчийг томилох, чөлөөлөх, сэлгэх, шилжүүлэн томилох, албан тушаал бууруулах, сахилгын хариуцлага хүлээлгэх зэрэг бүхий л харилцаанд дээрхи хуулийг хэрэглэх учиртай.

           Гэтэл маргаан бүхий Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/11 дүгээр тушаал Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасантай нийцээгүй байна. Тодруулбал,

Төв аймгийн Боловсрол соёлын газраас 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 04/118 дугаар албан бичгээр гаргасан Баяндэлгэр сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш Л.Алимаагийн мэргэжлийн зэргийг шалгуулах тухай хүсэлтийг үндэслэн Ц.Мягмарбаатар нь 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 19-09-029-57 тоот улсын байцаагчийн дүгнэлт гаргасан байх ба уг дүгнэлт Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.6, 5.7-д заасныг зөрчиж удирдамжгүй, хяналтын хуудасгүйгээр шалгалт явуулсан, шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулаагүй, төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий улсын байцаагчийн үйл ажиллагаанд хамаарахгүй багшийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн талаар дүгнэлт гаргасан зэрэг зөрчилтэй, энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй.

Харин нэхэмжлэгч Ц.Мягмарбаатарын гаргасан дээрх зөрчлийг Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн дотоод журмын 3.3.4-т заасан “...удирдлагын зөвшөөрөлгүйгээр удирдамжгүй хяналт шалгалт хийсэн...” гэх сахилгын ноцтой зөрчилд тооцох боломжгүй.

Учир нь хариуцагч Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга улсын байцаагчийн дүгнэлтийг баталгаажуулан 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 122 дугаар албан бичгээр Төв аймгийн Боловсрол соёлын газарт хүргүүлсэн байх тул удирдлагын зөвшөөрөлгүй шалгалт хийсэн гэж үзэх боломжгүй, өөрөөр хэлбэл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар мэргэжлийн хяналтын байгууллага нь нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай бөгөөд байгууллагыг төлөөлөх эрх хэмжээтэй, тухайн байгууллагынхаа өдөр тутмын үйл ажиллагааг удирддаг албан тушаалтаны оролцоотой хийгдсэн атал гагцхүү улсын байцаагчийг буруутгаж ажлаас халсан нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан “захирах, захирагдах ёс”, “төрийн алба мэргэшсэн тогтвортой байх” зарчмуудтай зөрчилдөж байна.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан...сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна“ гэж заасныг баримтлан ажилтан, албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа зөрчлийн гэм буруугийн хэлбэр, зөрчил гарахад нөлөөлсөн нөхцөл байдал, зөрчил гаргасан давтамж зэргийг харгалзах ёстой бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчид хүлээлгэх сахилгын шийтгэлийн хамгийн хүнд хэлбэр болох “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орохгүйгээр халах” шийтгэлийг хэрэглэсэн нь зөрчлийн шинж байдал, гэм бурууд тохироогүй, төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгон Ц.Мягмбарбаатарыг Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Боловсрол, соёлын хяналтын улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоох нь хуульд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тогтоохдоо Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 206 дугаар албан бичигт дурдсан нэг сарын цалинг 680.000 төгрөгөөр тооцож /хэргийн 123 дугаар тал/ ажилгүй байсан 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 2 сар 25 хоногийн цалин хөлстэй тэнцэх 1.926.666 төгрөгийг /2 сар х 680.000=1.360.000, 25 хоног х 680.000:30=566.666 төгрөг/ хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Мягмарбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  “Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгон, Ц.Мягмарбаатарыг Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Боловсрол, соёлын хяналтын улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ц.Мягмарбаатарын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1.926.666 /нэг сая есөн зуун хорин зургаан мянга зургаан зуун жаран зургаа/  төгрөг олгож, зохих нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Мягмарбаатарын нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг, улсын төсвөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.                            

                                     ШҮҮГЧ                                                  Н.ХОНИНХҮҮ

                                     ШҮҮГЧ                                                  Ц.ЦОГТ 

                                     ШҮҮГЧ                                                  О.НОМУУЛИН