Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 25

 

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 123/ШШ2016/0025

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ц.Мягмарбаатарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдох

1. Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын Ц.Мягмарбаатарыг ажлаас халах тухай 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/11 тушаалыг хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, түүнийгхүчингүй болгуулах,

2. Өмнө эрхэлж байсан Боловсрол соёлын хяналтын улсын байцаагчийн ажил албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгах,

3. 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл сарын 646 мянган төгрөгөөр тооцож нийт 1.850.000 төгрөгийн нөхөн олговорыг олгохыг хариуцагчид даалгах,

4. Эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Мягмарбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга, хариуцагч Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Я.Баярсайхан болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Мягмарбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ц.Мягмарбаатар би 2014 оны 01 дүгээр сарын 06-аас Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газартБоловсролын хяналтын улсын байцаагчаар орсон. Дүгнэлттэй холбоотой асуудлыг өөрөө зөвшөөрч явуулсан мөртлөө Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлаар удирдамжгүй хяналт шалгалт хийж улсын байцаагчийн дүгнэлт гаргасан гэж удирдлагын зөвлөлөөр оруулан, ажлаас халсан нь халах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Учир нь удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу холбогдох эрх хэмжээний хүрээнд дүгнэлт гаргаж танилцуулан хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулсан. Тухайлбал 2015 оны Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 505 тоот тушаалд мэргэжлийн зэргийн талаар шалгаж болохгүй гэсэн заалт байхгүй. Мэргэжпийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлын жагсаалтын Боловсролын хяналтын чиглэлийн 102, 103-т заасанд орж болохгүй. Мэргэжлийн зэргийн асуудал ороогүй болно. Миний бие мэргэжлийн зэрэг нь хуурамч гэдгийг Төв, Өмнөговь аймгийн Боловсрол Соёлын газрын албан тоотоор нотлогдож байна гэсэн дүгнэлт гаргасан. Иймд надад оногдуулсан сахилгын шийтгэлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэсэн. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Мягмарбаатар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн тухай болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа шүүх хуралдаанд дээр нэхэмжлэлийн шаардлагаа: 1. Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын Ц.Мягмарбаатарыг ажлаас халах тухай 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/11 тушаалыг хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, түүнийгхүчингүй болгуулах, 2. Өмнө эрхэлж байсан Боловсрол соёлын хяналтын улсын байцаагчийн ажил албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгах, 3. 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл сарын 646 мянган төгрөгөөр тооцож нийт 1.850.000 төгрөгийн нөхөн олговорыг олгохыг хариуцагчид даалгах, 4. Эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах гэж тодруулж байна. гээд үндэслэлээ тайлбарлахдаа:

Мэргэжлийн хяналтын газрын даргын Б/11 дугаар тушаалд Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлаар удирдамжгүй хяналт шалгалт хийж, улсын байцаагчийн дүгнэлт гаргасан гэж халах үндэслэлд дурьдсан. Төв аймгийн Боловсрол Соёлын газрын даргын 2016 оны 05 сарын 04-ний өдрийн 04/118 дугаар албан бичгийг 2016 оны 05 сарын 08-ны өдөр Мэргэжлийн хяналтын газрын удирдлагаас надад шилжүүлж, өгөгдсөн үүргийн дагуу Боловсрол соёлын хяналтын улсын байцаагчийн 2016 оны 05 сарын 13-ны өдрийн 19-09-029-57 дугаар дүгнэлтийг гаргаж Мэргэжлийн хяналтын газрын дарга Т.Мөнхсүлдэд танилцуулж, 2016 оны 05 сарын 13-ны өдрийн 122 дугаар албан бичгээр Төв аймгийн Боловсрол Соёлын газарт хавсралтаар хариуг хүргүүлсэн. Миний гаргасан 2016 оны 05 сарын 13-ны өдрийн 19-09-029-57 дугаар дүгнэлт нь: Мэргэжлийн хяналтын газарт ирүүлсэн Боловсрол соёлын газрын даргын 2016 оны 05 сарын 04-ний өдрийн 04/118 тоот албан бичиг, Өмнөговь аймгийн Боловсрол соёлын газраас Төв аймгийн Боловсрол соёлын газарт ирүүлсэн Л.Алимаа багшид тэргүүлэх мэргэжлийн зэрэг олгоогүй тухай 2016 оны 02 сарын 15-ны өдрийн 54 тоот алоан бичгүүдийг үндэслэн дүгнэлт гаргасан. Л.Алимаа нь Өмнөговь аймгаас Төв аймгийн Баяндэлгэр сумын сургуульд2014 оны 10 сард шилжин ирж ажиллахдаа Өмнөговь аймгийн Боловсрол соёлын газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/32 тоот тушаалыг үндэслэн олгосон тэргүүлэх мэргэжлийн зэргийн №S126117090115 дугаартай үнэмлэхтэй ирсэн байна. Энэ үнэмлэх нь Төв аймгийн Боловсрол соёлын газрын даргын 2016.05.04-ний өдрийн 04/118 тоот албан бичиг, Өмнөговь аймгийн Боловсрол соёлын газраас Төв аймгийн Боловсрол соёлын газарт ирүүлсэн Л.Алимаа багшид тэргүүлэх мэргэжлийн зэрэг олгоогүй тухай 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 54 тоот албан бичгүүдээр батлагдаж байна гэж үзсэн. Миний дүгнэлтэнд Өмнөговь аймгийн Боловсрол соёлын газрын даргын албан тоотыг үндэслэн Төв аймгийн Баяндэлгэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш Л.Алимаа нь тэргүүлэх мэргэжлийн зэрэг аваагүй гэдгийг тогтоож, дээрх журмын 7.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж дүгнэлт гаргасан.

Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлаар удирдамжгүй хяналт шалгалт хийж улсын байцаагчийн дүгнэлт гаргасан гэж удирдлагын зөвлөлөөр оруулан, ажлаас халсан нь ажлаас халах үндэслэл болохгүй гэж үзэж байна.Удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу холбогдох эрх хэмжээний хүрээнд дүгнэлт гаргаж танилцуулан хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулсан. Боловсролын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт заасны дагуу хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд дүгнэлт гаргасан. 2015 оны Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 505 тоот тушаалд мэргэжлийн зэргийн талаар шалгаж болохгүй гэсэн заалт байхгүй,Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлын жагсаалтын боловсролын хяналтын чиглэлийн 102-тминий дүгнэлтэнд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй буюу багшилж болохгүй гэж дурьдаагүй, 103-т их, дээд сургууль төгссөн талаарх боловсролын баримт бичигт дүгнэлт гаргаагүй болно. Дээрх 2 заалтад мэргэжлийн зэргийн асуудал нь ороогүй гэдгийг дурьдах нь зүйтэй. Иймд надад оногдуулсан сахилгын шийтгэл буюу ажлаас халсан тушаал нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1.5-т үндэслэж тушаал гараагүй. Ц.Мягмарбаатарыг ажлаас халсан даргын тушаалд огт тусгагдаагүй. Зөвхөн удирдамжгүй хяналт шалгалт хийсэн байна гэж ажлаас халах тушаал гарсан. Улсын байцаагчийн дүгнэлт буруу байсан гэж хэлж байна. Тус байцаагчийн дүгнэлтийг үндэслэлгүй гаргасан гэдгийг хариуцагч талаас нотлож чадаагүй. Багш Л.Алимаа нь багшлах эрхийн Тэргүүлэх зэрэг аваагүй гэдэг нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байгаа. Байцаагчийн дүгнэлт нягтлаагүй гаргасан дүгнэлт биш. Мөн тухайн улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгосон, Улсын ахлах байцаагчийн шийдвэр гарсан ч мөн адил удирдамжгүй хяналт шалгалт хийсэн гэж хүчингүй болгосон. Мэргэжлийн хяналтын газрын ажилтан Ганчимэгт захиргаа удирдлагын хэлтсийн дарга тус өргөдлийг өгсөн. Ганчимэг нь Ц.Мягмарбаатарт цохолт хийсэн байдаг. Мөн тухайн үед Ц.Мягмарбаатар нь дүгнэлтээ байгууллагынхаа даргаар хянууласны үндсэн дээр, даргын тоотын хамт боловсрол соёлын хэлтэст шилжүүлсэн. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг ноцтой зөрчил гаргасан, удаа дараа зөрчил гаргасан байдлаар хамгийн хүнд арга хэмжээ авсан. Гаргасан зөрчлийн хүрээнд өөр арга хэмжээ авч болох байтал ажлаас халах тушаал гаргасан. Тус ажлаас халсан тушаал нь өөрөө хуульд нийцэхгүй байгаа тул Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Ц.Мягмарбаатарыг манай газарт Боловсрол соёлын хяналтын улсын байцаагчаар ажиллаж байх үед Төв аймгийн Боловсрол соёлын газрын 2016.05.04-ны 04/118 тоот албан бичиг ирсэн нь Баяндэлгэр сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багшаар ажиллаж байгаа иргэн Л.Алимаатай холбогдуулсан түүний мэргэжлийн Тэргүүлэх зэргийг шалгуулах хүсэлт ирүүлсэн. Энэ үед миний бие чөлөөтөй байсан бөгөөд ажлын байрны тодорхойлолтын дагуу тус газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Батсайхан орлон ажиллаж байсан. Боловсрол соёлын газраас ирүүлсэн албан бичгийг 2016.05.05 өдөр Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Батсайхан цохолтыг хийхдээ манай газрын Эрүүл мэнд, боловсрол, хүнс хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн улсын байцаагч М.Ганчимэгт цохсон бөгөөд Ц.Мягмарбаатарт үүрэг болгосон үг өгүүлбэр байхгүй байсан.

Боловсрол соёлын газраас ирүүлсэн албан бичгийн агуулга нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 505 дугаар тушаалаар баталсан хяналт шалгалтын чиг үүрэгт хамааралгүй асуудлын жагсаалтын 103 дугаарт орсон асуудал байсан бөгөөд энэ ньэрх бүхий хууль хяналтын байгууллагаас /шүүх, прокурор, цагдаа/ ирүүлсэн өргөдөл, гомдол биш бөгөөд төрийн захиргааны байгууллагын албан бичиг юм. Ц.Мягмарбаатарын ажлаас халагдах болсон гол шалтгаан нь түүний гаргасан хууль бус дүгнэлттэй холбогдуулан гомдол гаргасан багш Л.Алимаагийнгомдол, өргөдлөөр удирдлагын зөвлөлийн хуралд асуудал болгон оруулсан. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 заасныг зөрчиж удирдамжгүй хяналт үйлдсэн. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д заасан асуудлаар дүгнэлт гаргасан. Мөн хуулийн 5.9-д заасныг зөрчиж тэмдэглэл үйлдээгүй шалгагч этгээдтэй нэг ч удаа уулзалгүй зан байдлыг өөрийн санаагаар дүгнэлтэд тодорхойлсон. Мөн хуулийн 10 зүйлийн 10.9.10-д заасныг зөрчиж хууль дээдэлж ажиллаагүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасны дагуу тус газрын боловсрол соёлын хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан Ц.Мягмарбаатарыг Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын удирдлагын зөвлөлийн хуралдаанаар оруулж багш Л.Алимаагийн гаргасан өргөдлийн хүрээнд асуудлыг хэлэлцэж Ц.Мягмарбаатарыг ажлаас халах шийдвэр гаргасан. Ц.Мягмарбаатарын хувьд улсын байцаагчийн эрх мэдлийг хэтрүүлэн ашиглаж өөрт байгаа давуу эрхээр хандсан. Энэхүү хууль бус хяналтыг хийж дүгнэлт үйлдэхдээ багш Л.Алимаатай нэг ч удаа уулзаж нөхцөл байдлын судалгаа авалгүйгээр сураг таамгаар дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтийг надад танилцуулахад би Ц.Мягмарбаатарт хяналт шалгалтад хамаарах асуудал биш байна гэхэд "Мөн" байдаг юм гэж хэлэхэд нь тухайн албан бичиг дээр нэмж Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.11-д заасныг нэмж оруул гэж оруулсан нь хуралдааны тэмдэглэл дээрээс харагдана. Улсын байцаагчийн 19-09-029-57 дугаар бүхий дүгнэлтийг баталгаажуулсан Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016.05.13-ны өдрийн 122 тоот албан бичиг 1 хуудас гэсэн нь Төв аймгийн Боловсрол, соёлын газарт 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 122 дугаар албан бичигт дурдахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.09.11-т заасны дагуу холбогдох дүгнэлтийг дүгнэлтгаргасан улсын байцаагч бүрэн хариуцах болно гэсэн хуулийн заалтыг оруулсан нь тухайн дүгнэлтийг байгууллагын албан бичиг баталгаажуулсан явдал биш бөгөөд энэ нь дүгнэлтийг зөвхөн дүгнэлт гаргасан тухайн улсын байцаагч хариуцна гэдгийг тодорхойлсон болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.5, 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.7, 10 дугаар зүйлийн 10.9.11 дэх заалт, Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн даргын зөвлөлийн хурлын 02 дугаартай шийдвэр, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 505 тоот тушаалыг тус тус үндэслэж Ц.Мягмарбаатар нь удирдамжгүй шалгалт хийсэн гэж ажлаас халагдсан. Ажилд эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Ц.Мягмарбаатар дүгнэлтээ даргаар хянуулсан гэж хэлж байна. Гэтэл Ц.Мягмарбаатар нь дүгнэлтээ өөрөө боловсруулаад, хянасан байдаг. Мэргэжлийн хяналтын газрын дотоод журмын 3.4.4 удирдамжгүй хяналт шалтгалт хийхгүй гэж заасан байдаг. Ц.Мягмарбаатарыг ажлаас нь халсан тушаал нь хууль ёсны дагуу үндэслэлтэй гаргасан тул хүчингүй болгох үндэслэл байхгүй. Мэргэжлийн хяналтын байцаагчийн удирдамжинд тавигдах шаардлагыг Ц.Мягмарбаатарын дүгнэлт огт хангахгүй байгаа. Төрийн хяналт шалгалтын тухай, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 505 тоот тушаал, даргын зөвлөлийн хурлын шийдвэр зэргийг үндэслэн дээрх тушаалыг гаргасан. Мөн Ц.Мягмарбаатар нь өөрөө буруугаа хүлээж, гаргасан өргөдөл хүртэл байдаг. Дүгнэлтээ өөрөө гаргаад, өөрөө хянасан байдаг. Манай байгууллагын дотоод журмын дагуу улсын байцаагч дүгнэлтээ гаргасан бол хэлтсийн даргаараа хянуулах ёстой. Тушаалтай холбоотойгоор гаргасан нэхэмжлэлийн бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс 1. Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын Ц.Мягмарбаатарыг ажлаас халах тухай 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/11 тушаалыг хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, түүнийг хүчингүй болгуулах, 2. Өмнө эрхэлж байсан Боловсрол соёлын хяналтын улсын байцаагчийн ажил албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгах, 3. 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл сарын 646 мянган төгрөгөөр тооцож нийт 1.850.000 төгрөгийн нөхөн олговорыг олгохыг хариуцагчид даалгах, 4. Эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах гэж шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан тодорхойлжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тайлбар,нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргаан бүхий акт буюу Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Ц.Мягмарбаатарыг ажлаас халах тухай Б/11 дугаартай тушаалд Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн 26.1.3 дахь заалт, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.7 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсгийн 10.9.11 дэх заалт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 505 дугаар тушаал, тус хуралдаанаас гаргасан шийдвэрийг тус тус үндэслэн тушаах нь гээд, тушаалын нэгдүгээр хэсэгт Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлаар удирдамжгүй хяналт шалгалт хийж, улсын байцаагчийн дүгнэлт гаргасан Боловсрол, соёлын хяналтын улсын байцаагч Цоодолын Мягмарбаатарыг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь халсугай гээд, дараагийн заалтуудаар ажил хүлээлцэх болон холбогдох тооцоог хийхийг холбогдох албан тушаалтангуудад хариуцуулж шийдвэрлэжээ. [1]

Нэхэмжлэгч нь ... удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу холбогдох эрх хэмжээний хүрээнд дүгнэлт гаргаж танилцуулан хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулсан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 505 дугаар тушаалд мэргэжлийн зэргийн талаар шалгаж болохгүй гэсэн заалт байхгүй. ... Миний бие Мэргэжлийн зэрэг нь хуурамч гэдгийг Төв, Өмнөговь аймгийн Боловсрол, Соёлын газрын албан тоотоор нотлогдож байгаа гэсэн дүгнэлт гаргасан. Иймд надад оногдуулсан сахилгын шийтгэлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэж, хариуцагч талаас Ц.Мягмарбаатар нь хууль бус дүгнэлтийг гаргахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.7-д заасныг зөрчиж, удирдамжгүй, хяналтын хуудасгүй, шалгуулагчид мэдэгдэлгүй, мөн албан бичигт тусгасан асуудлаас гадуур ёс зүйн дүгнэлт гэх зүйл гаргасан нь хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11-д заасан улсын байцаагчийн үүргийг тус тус зөрчсөн байсан. Тус дүгнэлт гэх зүйлийг гаргахдаа Л.Алимаа гэдэг хүнд хамаарах асуудлаар шалгасан гэх боловч, Ц.Мягмарбаатар нь төрийн хяналт шалгалт хийх холбогдох хууль, байгууллагын дотоод журамыг ноцтой зөрчиж, мэргэжлийн хяналтын байцаагчийн акт гарасан болох нь тогтоогдсон учраас Л.Алимаа гэдэг хүний гомдлын дагуу зөрчлийг нь хурлаар хэлэлцэж, ажлаас нь халах арга хэмжээ авсан гэж тайлбарлан маргаж байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч Ц.Мягмарбаатар нь 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Монгол улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 19-09-029-57 дугаартай дүгнэлтийг Төв аймгийн Боловсрол, Соёлын газрын дарга С.Нямдорж танаа гэж хаяглан гаргасан байх бөгөөд үүнийг Төв аймгийн Боловсрол, Соёлын газрын дарга С.Нямдоржийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 04/118 дугаартай албан бичигт ... Иймд багш Л.Алимаагийн мэргэжлийн зэргийг шалгаж өгнө үү. гэсний дагуу Баяндэлгэр сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш Л.Алимаагийн багшлах эрхийн мэргэжлийн зэргийн үнэмлэхний асуудалд холбогдуулан гаргасан байна. [2]

Үүнээс дээрх улсын байцаагчийн актыг гаргасан нэхэмжлэгч нь хууль бусаар хяналт шалгалт хийсэн гэж дүгнэлтийг гаргасан нь байгууллагын дотоод журмаар тогтоосон ноцтой зөрчлийг гаргаснаар түүнд сахилгын шийтгэл ногдуулсан болох нь дараах байдлаар тогтоогдож байна.

Үүнд шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн шалгах удирдамж, хяналтын хуудас гаргаагүй, шалгаж өгнө үү гэсэн албан бичгийг надад хуваарилсан болохоор би томилогдсон гэж ойлгоод хяналт шалгалтыг хийж, дүгнэлтээ гаргасан гэсэн тайлбараар нэхэмжлэгч нь ямар нэгэн удирдамж, хяналтын хуудасгүйгээр хяналт шалгалт хийсэн болох нь, мөн Л.Алимаа гэдэг хүнтэй уулзаж холбогдоогүй, танилцуулга, тэмдэглэл үйлдээгүй, Өмнөговь аймгийн Боловсрол, Соёлын газрын Л.Алимаа багшид тэргүүлэх зэргийг олгоогүй гэсэн албан бичгийг үндэслэн дүгнэлт гаргасан гэсэн тайлбараар хяналт шалгалтыг зөвхөн Төв аймгийн Боловсрол, Соёлын газрын 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 04/118 тоот шалгуулах хүсэлт, Өмнөговь аймгийн Боловсрол, Соёлын газрын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 54 дугаартай албан бичигт ... Тэргүүлэх мэргэжлийн зэргийг олгоогүй болно гэснийг л үндэслээд шууд улсын байцаагчаас дүгнэлт бичиж гаргасан болох нь тус тус нотлогдож байна. Эндээс Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх ..., 5.3-д Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар ноцтой аюул болон их хэмжээний хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нөхцөл байдал үүссэн тохиолдолд хяналт шалгалтыг мэргэжлийн хяналтын болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр энэ хуулийн 5.2-т заасан удирдамжгүйгээр хийж болно, 5.6-д Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ, 5.7-д Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ гэж тус тус заасан хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх, шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх, хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийх хуулийн шаардлагыг зөрчисөн болох нь тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс дотоод журмын 3.3.4-д ... удирдлагын зөвшөөрөлгүйгээр удирдамжгүй хяналт шалгалт хийсэн гэсэн нь утга агуулгаараа удирдлагын зөвшөөрөлтэй бол удирдамжгүй шалгалт хийж болохоор ойлгогдож байна, тэгээд хуваарилсан нь шалгалт хийж болохоор ойлгогдож байна гэсэн тайлбарт холбогдуулан үзвэл дээрх хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д зааснаар хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар ноцтой аюул болон их хэмжээний хор хохирол учруулж байгаа, учруулж болох нөхцөл байдал үүссэн тохиолдолд л мэргэжлийн хяналтын болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр удирдамжгүй шалгалт хийж болох хуулийн зохицуулалтаас давж, байгууллагын дотоод журманд заасан үг, өгүүлбэр, бичигдсэн бичиглэлийг хуулиас гадуур тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгч нь байгууллагын дотоод журмаар тодорхойлсон журмын 3.3.4-д заасныг зөрчсөн буюу уг заалтаар ноцтой зөрчил гаргажээ.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11-д улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах гэж заасан, мөн тухайн байгууллагын дотоод журмын 3.3.4-д Сахилгын ноцтой зөрчил гэдэгт: гээд ... удирдлагын зөвшөөрөлгүйгээр удирдамжгүй хяналт шалгалт хийсэн үйлдлийг тодорхойлсон[3], нэхэмжлэгч нь тус байгууллагад ажиллаж, тус журмыг танилцсан болохоо шүүх хуралдаан дээр танилцсан, мэднэ гэж мэдүүлсэн зэргээр хууль бус үйлдэл хийж, сахилгын ноцтой зөрчил гаргасан болох нь дээрхээс тогтоогдож байх тул хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтнаас түүнд сахилгын шийтгэл ногдуулахдаа, дотоод журмаар заасан ноцтой зөрчилд нь холбогдуулж ажлаас халахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна, 26.1.3-д төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах гэж заасан бөгөөд дээр дурьдсанаар нэхэмжлэгч нь байгууллагын дотоод журмаар тодорхойлсон ноцтой зөрчил-ийг гаргасан болох нь тогтоогдсон тул түүнийг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас нь халсан шийдвэр гаргасан нь сахилгын шийтгэлийг нөхцөл байдалдаа тохироогүй, хүндэдсэн гэж үзэхээргүй байна. Учир нь Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд, Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлахдаа, хөдөлмөрийн харилцаан дахь ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна гэж тайлбарласан нь энэ маргааны хувьд байгууллагын дотоод журамд ноцтой зөрчил гэдгийг тодорхойлсноор нэгэн адил тайлбарлагдах тул хариуцагчаас нэгэнт ноцтой зөрчил гаргасан нэхэмжлэгчид ногдуулсан ажлаас халах сахилгын шийтгэлийг хүндэдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгч талаас хариуцагчийг ... ажлаас халсан тушаалд дурьдаагүй зүйл гарган ирж, дотоод журмаар тайлбар хийж байна гэх боловч маргаан бүхий актад холбогдох хуулийг баримталж, уг хуульд нийцүүлэн гаргасан дотоод журмаар зохицуулсан харилцаанд хуулийн дурьдаж шийдвэр гаргасан болох нь тогтоогдож байх тул хариуцагчаас гаргасан шийдвэрийн зорилгодоо нийцээгүй тайлбар гаргасан гэж үзэхээргүй байна.

Түүнчлэн маргаан бүхий актад Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасныг баримталж тушаал гаргахдаа, нэг жилийн хугацааг зааж ажлаас халах шийдвэрт дурьдан бичээгүй байгаа боловч энэ нь баримталсан хуулийн заалтаараа 1 жилийн хугацаанд гэж тодорхойлогдох бөгөөд маргаан бүхий актын бичилтийн хэлбэр, хугацааг орхигдуулан бичсэн алдаа зэргээр актыг хүчингүй болгох, нэхэмжлэгчийн үйлдлийг зөвтгөх, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл болохооргүй байгааг дурьдах нь зүйтэй байна.

Хэдийгээр хариуцагч талаас нэхэмжлэгчийг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2015 оны 505 дугаар тушаалд заасан мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар хяналт шалгалт хийсэн гэж буруутгаж байгаа боловч, нэхэмжлэгч нь улсын байцаагчийн хувьд гаргасан дүгнэлт актаар бол харъяалан шалгах асуудлаар бус, байцагчийн акт гаргахдаа холбогдох хуулийг дотоод журманд зааснаар ноцтой зөрчсөн болох нь тогтоогтож байх тул дээрх Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2015 оны 505 дугаар тушаалыг эрх зүйн үр дагавар үүсгэсэн акт болох эсэх, түүнд холбогдуулан маргаан бүхий актыг дүгнэх шаардлагагүй байна.

Дээрхээс үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дөрвөн шаардлагаас эхний шаардлага буюу нэхэмжлэгчийг ажлаас нь халсан маргаан бүхний актад холбогдох маргааныг дүгнэхэд маргаан бүхий акт нь үндэслэлтэй болох нь тогтоогдож байх бөгөөд үүнээс нэхэмжлэлийн үлдэх гурван шаардлага нь хамааралтай буюу эхний шаардлагын үр дүнд холбогдох тул нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн томилохыг, ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговор олгохыг, нөхөн олговороос холбогдох шимтгэлийг дэвтэрт бичихийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагууд мөн хангагдах үндэслэлгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 5.6, 5.7, 10 дугаар зүйлийн 10.9.11, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Мягмарбаатараас Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдуулан гаргасан 1. Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын Ц.Мягмарбаатарыг ажлаас халах тухай 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/11 тушаалыг хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, түүнийг хүчингүй болгуулах, 2. Өмнө эрхэлж байсан Боловсрол соёлын хяналтын улсын байцаагчийн ажил албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгах, 3. 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл сарын 646 мянган төгрөгөөр тооцож нийт 1.850.000 төгрөгийн нөхөн олговорыг олгохыг хариуцагчид даалгах, 4. Эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3, 108.4, 108.5-д заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрсөнөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд ийнхүү гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

Шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР