Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2020/03035

 

    2020         11             06

                     183/ШШ2020/03035

                    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ................ тоотод оршин суух БНХАУ-ын иргэн Б

            Нэхэмжлэгч: БНХАУ-ын .................. оршин суух БНХАУ-ын иргэн Л/,

Нэхэмжлэгч: БНХАУ-ын ............. тооот хаягт оршин суух БНХАУ-ын иргэн Ж нарын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянзүрх дүүргийн ................тоотод байрлах “Т ХХК/РД:........../,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн ...........тоотод оршин суух Ш овогт  Б-ийн М  /РД:........../ нарт холбогдох

            “Т ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд тус бүр компанийн 25 хувийн хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгож, компанийн үүсгэн байгуулах баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулж, “Т ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр нэмж бүртгэхийг даалгахыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

ан

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н /ШТЭҮД:0000/, хариуцагч нарын төлөөлөгч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч П.Б /ШТЭҮД:0000/, гэрч Т.Д,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Баттөмөр нар оролцов.

                                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Б,  Л, Ж нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: БНХАУ-ын иргэн Б.С нь Монгол Улсын иргэн Д.Б-тэй гэр бүл бөгөөд 1997 оноос хойш Монгол улсад цагаачлалын визтэйгээр албан ёсоор амьдарч байна. Тэрээр 2015 онд Ховд аймгийн Алтай сумын нутагт орших Гянтболдын хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалт зарлаж байгааг мэдээд өөрийн найз БНХАУ-ын иргэн Л, Ж нарт мэдэгдсэнээр “боломжтой гэвэл сонгон шалгаруулалтад  хамтарч оролцъё” гэж шийдвэрлэсэн юм. Гэхдээ Монгол хүний туслалцаа хэрэг болох байх, бас хувь хүнийхээ хувьд түшиг болох байх гэж бодсоны үндсэн дээр  Ховд аймгийн Булган сумын харьяат өөрийн хуучин танил Б.Мөнхтөртэй уулзаж, улмаар бидний ажилд туслалцаа үзүүлж хамтран ажиллах санал тавьсан. Л газар дээр нь ирж мэргэжлийн хүний хувьд нинжа нарын гаргасан Гянтболдын  чанар байдлыг үзээд  боломжийн байна, хамтарч ажиллая гэж зөвшөөрсөн ба бид Улаанбаатарт хотод ирж Б.М-тэй уулзаад дараах асуудлыг ярилцаж тохиролцсон. Үүнд: 1. БНХАУ-ын иргэн Б, Л, Ж нар нийлж дөрвүүлээ хамтарсан компани байгуулах, 2. Хамтарсан компанийг  байгуулахдаа БНХАУ-ын иргэн Б,  Л, Ж нар нийт 75 хувийг эзэмших, 3. Б.М-д Монголын талын бүх ажил, асуудлыг хариуцаад үнэнч шударгаар ажиллахыг даалгаж, түүний хөдөлмөрийн оролцоог үнэлж компанийн хувьцааны 25 хувийг эзэмшүүлэх, 4. БНХАУ-ын иргэн Б,  Л, Ж нар дундаасаа хамтарч хөрөнгө, мөнгөө нийлүүлэн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад оролцох, 5. Уурхайн хайгуул, ашиглалтад эн тэргүүнд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн болон эргэлтийн хөрөнгийг бид гурав санхүүжүүлэх, 6. Сонгон шалгаруулалт болон компанийн үйл ажиллагааны эхлэх явцад Б.М-өөс мөнгө гаргуулахгүй, харин компанийг үнэнч шударгаар сайн ажиллуулах үүргийг хариуцуулахаар тохиролцож зөвшөөрөлцсөн юм. Ингээд хамтарсан компани байгуулах ажилдаа оръё гэтэл Б.М нь сонгон шалгаруулалтад  шинэ компани оролцуулаад ялахгүй, техник хангамж сайтай, мэргэжлийн багтай, олон жилийн түүхтэй,  туршлагатай компанийг шалгаруулдаг тул тийм компанийг би олъё, сонгон шалгаруулалтад шалгарвал дөрвөн хүний хувь оролцоотойгоор өмнөх тохиролцсоноороо  шинэ компаниа байгуулаад тусгай зөвшөөрлөө тэр компанийнхаа  нэр дээр шилжүүлэн авъя гэж хэлэхэд нь бид зөвшөөрсөн. 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Ашигт малтмалын газраас зарласан хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад Б.М-ийн хамаарал бүхий этгээдийн эзэмшлийн “Л”ХХК-ийн нэрээр оролцон сонгон шалгаруулалтад шалгарсан. Ийнхүү шалгарснаар Ашигт малтмалын газраас “Л ХХК-ийн нэр дээр  ирүүлсэн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай мэдэгдлийн дагуу тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрт 736.000 төгрөг, үйлчилгээний хөлсөнд 3.000.000 төгрөг, сонгон шалгаруулалтын үнийн санал 1.050.000.000 төгрөг, хамтарсан компани байгуулах, үйл ажиллагаа эхлүүлэхэд зориулж 81.264.000 төгрөг, бүгд 1.135.810.600 төгрөгийг бид дундаасаа тэнцүүлэн гаргаж Б.М-ийн болон түүний эхнэр Х.У-ийн дансанд шилжүүлсэн. Үүний дараа бид хайгуулын ажлаа эхлэн улмаар хайгуулын ажлын бүхий л зардлыг бид нар хуваан гаргаж байсан ба улмаар 2017 оны эхээр хайгуулын  тусгай зөвшөөрлөө  ашигт малтмалын  ашиглалтын тусгай зөвшөөрөл болгуулахаар хөөцөлдөх үед 1.800.000.000 төгрөгийн техник, тоног төхөөрөмж, мөнгөн хөрөнгийг  компанид оруулсан бөгөөд энэ бүгд  баримтаар нотлогдоно. Ингэснээр бидний сонгон шалгаруулалтаар авсан тусгай зөвшөөрлийг “Т ХХК-д шилжүүлэн тус компанийн нэр дээр гаргуулж авсан үеэс эхлэн Б.М нь биднийг компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхгүй, санхүүгийн мэдээллээ нуун дарагдуулж, компанийн ашгаас хувь хүртэх боломжгүй болгох үйлдэл гаргаж, тус компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн хувьд эдлэх эрхийг хохироож байна. Иймд Монгол Улсын хуулийн этгээд болох “Т ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд тус бүр компанийн 25 хувийн хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгож, компанийн үүсгэн байгуулах баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулж, “Т ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр нэмж бүртгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч “Т ХХК-ийг 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Д.Ц анх үүсгэн байгуулсан бөгөөд Д.Ц нь тухайн үед энэ компанийн үүсгэн байгуулагч, 100 хувь хувьцаа эзэмшигч, захирлаар нь ажиллаж байсан. “Т ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 17/04 тоот тогтоолоор компанийн хувьцааны 95 хувийг иргэн Б.М-д шилжүүлэх, хувьцаа эзэмшигч Д.Ц-ийг “Т ХХК-ийн захирлын албан тушаалаас чөлөөлж, Б.М-ийг тус компанийн захирлын албан тушаалд томилж, тогтоолыг улсын бүртгэлд бүртгүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү тогтоолын дагуу “Т ХХК-ийн 95 хувийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг Д.Ц, Б.М нар өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр байгуулан нотариатаар батлуулж, улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн бөгөөд Б.М нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн “Т ХХК-ийн 95 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд тус компанийн захирлаар ажиллаж байна. “Т ХХК болон хувьцаа эзэмшигч Б.Мнь БНХАУ-ын иргэн Б,  Л, Ж нарт  компанийн хувьцааны 75 хувийг шилжүүлэх тухай тохироо хийж байгаагүй бөгөөд ийм үйл явдал болоогүй. 2015 оны 10 дугаар сард Б,  Л, Ж нар нараас тодорхой хэмжээний мөнгө зээлж авсан нь үнэн бөгөөд энэхүү мөнгийг 2018 оны 3-10 сарын хооронд буцаан төлсөн.  Дээрх төлбөрийг буцааж төлөхдөө Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт байрладаг Найман шарга валютын төв дээр БНХАУ руу гуйвуулга хийдэг иргэн Т.Д-гаар дамжуулан БНХАУ-ын иргэн Ж/-д 2.110.000 юань, БНХАУ-ын иргэн Л-д 400.000 юань, Ж-ий хүү Я-гийн дансанд 200.000 юань, Х-гийн дансанд мөн 200.000 юань, Л-гийн дансанд мөн 200.000 юань шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл иргэн Б.М нь БНХАУ-ын иргэдэд 3.205.071 юань буюу тухайн үеийн юаний дундаж ханш 370 төгрөг гэж тооцвол 1.185.876.270 төгрөгийг буцаан төлсөн бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Ж  Ховд аймгийн Булган сумын хилийн боомтоор 308.890.000 төгрөгийн малын махыг БНХАУ-ын иргэн Ингагаар дамжуулан өгсөн болно. Ингэснээр нийт 1.494.766.270 төгрөгийг буцааж төлсөн. Одоо энэ иргэдэд төлөх ямар нэг өр төлбөр байхгүй. Бид БНХАУ-ын иргэдийн дансанд мөнгө шилжүүлэхдээ иргэн Т.Д-гийн өөрийн данс руу монгол төгрөг шилжүүлж, Т.Д нь цаашаа юаниар бодож гуйвуулга хийж, ингэж гуйвуулга хийсэн баримтаа “Т ХХК-ийн албан тушаалтан нарын утсаар мэйл ирүүлдэг байсан. Энэхүү ирүүлсэн мэйлийг хэвлүүлэн баталгаат орчуулгаар орчуулж Т.Д-гийн дансанд шилжүүлсэн мөнгөний баримтын хамт гаргаж өгсөн. Нэхэмжлэгч Б.Снь 2015 оны 10 дугаар сард мөнгө шилжүүлэх үедээ компанийн 75 хувийг БНХАУ-ын иргэдэд шилжүүлнэ гэж тохирсон утгатай зүйл бичсэн байна. Гэтэл энэ үед “Т ХХКнь иргэн Б.Ц-ийн 100 хувийн эзэмшилд байсан бөгөөд бусдын эзэмшилд байсан компанийн хувьцааг Б.Мнь гадаад улсын иргэдэд эзэмшүүлнэ гэж тохирох ямар ч боломж байхгүй. Үнэхээр БНХАУ-ын иргэдэд ямар нэг компанийн 75 хувийг эзэмшихээр тохирсон бол энэхүү тохироо болсон гэх 2015 оноос хойш 5 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь энэ хүн бодит байдалд нийцэхгүй тайлбар гаргаж байгааг нотлох болно. Ер нь гадаад улсын иргэдээс хөрөнгө оруулалт татаж хуулийн этгээд байгуулахаар бол гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулж, гадаадын хөрөнгө оруулалтын газраас гэрчилгээ олгодог бөгөөд бидний хувьд бусдаас хөрөнгө оруулалт  бус тодорхой хэмжээний мөнгө зээлээд тухайн мөнгөө буцааж төлсөн, энэ хүмүүсээс мөнгө зээлснээс хойш хоёр жилийн дараа тухайн мөнгөө буцааж төлсөн. Энэ хүмүүсээс мөнгө зээлснээс хойш хоёр жилийн дараа Монгол улсын иргэний 100 хувь эзэмшиж байсан хуулийн этгээдийн 95 хувийг худалдан авч гурван жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байна. “Т ХХК-ийн 5 хувийн хувьцаа эзэмшигч Д.Ц нь уурхайн даргаар ажиллаж байх явцдаа  ажлын байран дээрээ архи уусан шалтгаанаар ажлаасаа халагдсан.  Ингээд Б.М-тэй холбогдож байсан хятадуудтай холбогдож, энэ компанийг та нарт авч өгье гээд 2019 оны намраас цагдаагийн байгууллагад хөрөнгө оруулсан мөнгийг залилуулсан тухай гомдол , Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн шүүхэд өөрийн хувьцааны асуудлаар  тус тус нэхэмжлэл гаргасан байдаг. Иймд нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Б,  Л, Ж нарт “Т ХХК-ийн хувьцааны 75 хувийг шилжүүлэх ямар ч үндэслэл байхгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

       Шүүх хуралдаанаар хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар, гэрч Т.Д-гийн мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

                                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Б шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч “Т ХХК, Б.М нарт холбогдуулан “Т ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд тус  компанийн 25 хувийн хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгож, компанийн үүсгэн байгуулах баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулж, “Т ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр нэмж бүртгэхийг даалгахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран нэхэмжлэгчээр БНХАУ-ын иргэн Л, нарыг оролцуулж, “Т ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд тус бүр компанийн 25 хувийн хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгож, компанийн үүсгэн байгуулах баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулж, “Т ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр нэмж бүртгэхийг даалгахаар шаардаж байх ба шүүх энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Хариуцагч “Т ХХК-ийг Монгол Улсын иргэн Д.Ц нь анх үүсгэн байгуулж, 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд компанийн үүсгэн байгуулагч бөгөөд 100 хувийн хувьцааг эзэмшигч Д.Ц-ээс 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагч Б.М-тэй компанийн хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээг  тус тус байгуулж, “Т ХХК-ийн  нэг бүр нь 100 төгрөгийн үнэ бүхий 10.200 ширхэг хувьцааны 95 хувь болох 969.000 төгрөгийн үнэ бүхий,  9690 ширхэг хувьцааг худалдаж, хувьцаанд ногдох эд хөрөнгийн  болон эд хөрөнгийн бус эрхийг шилжүүлсэн болох нь хариуцагчийн тайлбар, компанийн хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна. /хх-41-43, 115-116/

            Хариуцагч “Т ХХК-д Ашигт малтмалын газраас Ховд аймгийн Алтай сумын Богоч нэртэй газар орших 407.99 гектар талбай бүхий Гянтболдын уурхайд ашигт малтмал ашиглах  MV-00000000 дугаартай тусгай зөвшөөрлийг 2047 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал хугацаагаар олгожээ. /хх-38-39/

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Б,  Л, Ж нар нь дээрх Ховд аймгийн Алтай сумын нутагт орших Гянтболдын хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад оролцохоор хариуцагч Б.М-тэй харилцан тохиролцож, дөрвүүлээ нийлж хамтарсан компани байгуулж, хүн тус бүр 25 хувийг эзэмших,  БНХАУ-ын иргэн Б,  Л, Ж нар нь уурхайн хайгуул, ашиглалтад эн тэргүүнд шаардлагатай техник, тоног төхөөрөмж болон эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх, Монгол Улсын иргэн Б.М нь сонгон шалгаруулалт болон компанийн үйл ажиллагаа эхлэн явцад мөнгө гаргахгүй бөгөөд харин компанийг үнэнч шударгаар сайн ажиллуулах үүрэг тус тус хүлээсэн гэж тайлбарлаж байгаа боловч үүнтэй холбоотой ямар нэгэн гэрээ, хэлцэл тэдгээрийн хооронд байгуулагдаагүй байна.

Улмаар БНХАУ-ын иргэн Б,  Л, Ж нараас хариуцагч Б.М-ийн  “сонгон шалгаруулалтад  шинэ компани оролцуулаад ялахгүй, техник хангамж сайтай, мэргэжлийн багтай, олон жилийн түүхтэй, туршлагатай компанийг шалгаруулдаг тул тийм компанийг олж, сонгон шалгаруулалтад оролцоод шалгарвал  дөрвөн хүний хувь оролцоотой шинэ компаниа байгуулаад тусгай зөвшөөрлөө тэр компанийнхаа нэр дээр шилжүүлэн авъя” гэсэн саналыг хүлээн зөвшөөрч Б.М-ийн хамаарал бүхий этгээдийн эзэмшлийн “Л ХХК-ийн нэрээр оролцон сонгон шалгаруулалтад шалгарсан тул Ашигт малтмалын газраас “Л ХХК-д XV-019692  дугаартай, Ховд аймгийн Алтай сумын Богоч нэртэй газарт 5075.41 гектар талбайг хамарсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосныг хариуцагч “Т ХХК-д шилжүүлэн авсан үеэс эхлэн биднийг компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхгүй, санхүүгийн мэдээллээ нуун дарагдуулж, компанийн ашгаас хувь хүртэх боломжгүй болгох үйлдэл гаргаж, тус компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн хувьд эдлэх эрхийг эдлүүлэхгүй хохироож байна гэсэн үндэслэлээр “Т ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд тус бүр компанийн 25 хувийн хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгож, компанийн үүсгэн байгуулах баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулж, “Т ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр нэмж бүртгэхийг даалгахаар шаардсан бол хариуцагч “Т ХХК, Б.М нараас БНХАУ-ын иргэн Б,  Л, Ж нартай  “Т ХХК-ийн хувьцааны 75 хувийг шилжүүлэх тухай тохироо хийж байгаагүй бөгөөд ийм үйл явдал болоогүй. Харин тэднээс тодорхой хэмжээний мөнгө зээлдэн авсныг 2018 оны 3-10 сарын хооронд буцаан төлсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Хариуцагчийн татгалзлын зарим хэсэг үндэстэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан “Л ХХК нь хариуцагч “Т ХХК-тай   2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хайгуулын  тусгай зөвшөөрөл авахад  туслах гэрээг байгуулж,  Ашигт малтмалын  хэрэг эрхлэх газраас сонгон шалгаруулалтаар олгохоор зарласан  Ховд аймгийн Алтай сумын  Богоч нэртэй 9233.58 гектар хайгуулын талбайг авах сонгон шалгаруулалтад  “Т ХХК-ийн хүсэлтээр тухайн компанид туслах зорилгоор өөрийн компанийн нэрээр оролцохоор харилцан тохиролцжээ. /хх-139-140/

Улмаар “Л ХХК нь сонгон шалгаруулалтад шалгарч, XV-0000 дугаартай Ховд аймгийн Алтай сумын Богоч нэртэй газарт орших 5075.41 гектар талбайг хамарсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Т ХХК-д шилжүүлэн өгчээ. /хх-36-37/

Тухайн үед “Т ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч  нь иргэн Д.Цбайсан бөгөөд тэрээр 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагч Б.М-д “Т ХХК-ийн 95 хувийн хувьцааг худалдсан байна.

Үүний дараа Ашигт малтмал, газрын тосны газраас MV-020930 дугаартай, Ховд аймгийн Алтай сумын Богоч нэртэй газарт орших 407.99 гектар талбай бүхий  уурхайн талбайд ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг  “Т ХХК-д олгожээ. /хх-38-39/

Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт энэ хуулийн 12.6, 12.7-д заасны дагуу компанийг үүсгэн байгуулахтай холбогдсон зардлыг төлсөн этгээд нь бусад үүсгэн байгуулагч, түүний эзэмшиж байгаа болон эзэмшихээр захиалсан хувьцааны тоотой нь хувь тэнцүүлэн уг зардлыг нэхэмжлэн авах, эсхүл гаргасан зардлынхаа хэмжээнд хувьцаа эзэмших эрхтэй гэж заасан.

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Б,  Л/, Ж/ нар MV00000000 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж буй хариуцагч “Т ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд тус бүр 25 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгож, “Т ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр нэмж бүртгэхийг даалгахаар  шаардсан нь Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлд нийцэхгүй байна.

Учир нь шинээр компани үүсгэн байгуулахдаа Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т зааснаар үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэрээр байгуулдаг бөгөөд хувьцаа эзэмшигч нэмэгдэх, хасагдах тохиолдолд компанийн  үүсгэн байгуулах баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулах  болон компанийн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж, хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор баталж шийдвэрлэдэг.

Гэтэл нэхэмжлэгч нар нь хариуцагч “Т ХХК-ийн 75 хувийн хувьцааг тус бүр 25 хувиар эзэмшихээр харилцан тохиролцож, хамтран ажиллах гэрээг “Т ХХК-ийн 5 хувийн эзэмшигч Д.Ц, 95 хувийн эзэмшигч Б.М нарын хэн алинтай байгуулаагүй байх бөгөөд хариуцагч “Т ХХК нь дээрх тохиролцооны дагуу талуудын үүсгэн байгуулсан компани биш байна.

Хариуцагч “Т ХХК нь XV-........дугаартай Ховд аймгийн Алтай сумын Богоч нэртэй газарт орших 5075.41 гектар талбайг хамарсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Л ХХК-иас 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шилжүүлэн авч, улмаар 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс хариуцагч Б.М нь “Т ХХК-ийн 95 хувийн хувьцааг эзэмшиж байгаа нь нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Б,  Л/, Ж/ нарыг “Т ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд тус бүр компанийн 25 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоох үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгч нар нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад оролцож, шалгарсан тохиолдолд хэн, ямар хөрөнгө оруулалт оруулах, тухайн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшиж буй компанийн хувьцааг хэрхэн хуваан эзэмших талаар тохиролцсон болохоо нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.

Мөн хариуцагч “Т ХХК-ийн эзэмшиж буй MV-....... дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг авахад  нэхэмжлэгч нараас 2015  онд хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалт явуулснаас эхлээд хайгуулын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрт 736.000 төгрөг, үйлчилгээний хөлсөнд 3.000.000 төгрөг, сонгон шалгаруулалтын үнийн санал 1.050.000.000 төгрөг, хамтарсан компани байгуулах, үйл ажиллагаа эхлүүлэхэд зориулж 81.264.000 төгрөг, бүгд 1.135.810.600 төгрөг, 2017 оны эхээр хайгуулын  тусгай зөвшөөрлөө  ашигт малтмалын  ашиглалтын тусгай зөвшөөрөл болгуулахаар хөөцөлдөх үед 1.800.000.000 төгрөгийн техник, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт оруулсан болох нь тогтоогдохгүй, хариуцагчаас хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч талаас мөнгөн шилжүүлэг болон Д.Б-гийн Хаан банкны данснаас “ноён В,  В-гээс уурхайн төлбөр, Wang Fengzhen” гэсэн гүйлгээний утгаар хариуцагч Б.М, түүний эхнэр Х.У нарын дансанд хөрөнгө оруулалтын мөнгийг шилжүүлсэн гэх боловч тухайн баримтуудад дурдсан мөнгөн гүйлгээний дүн нь дээр дурдсан нийт шилжүүлсэн гэх 1.135.810.600 төгрөгтэй дүйцэхгүйгээс гадна 1.800.000.000 төгрөгийн техник, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт оруулсан болох нь нотлогдохгүй байна. /хх-6-10/

Иймд хариуцагч Б.М-ийг хамтарсан компани байгуулж, компанийн 75 хувийн хувьцааг эзэмшүүлэх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр, сонгон шалгаруулалтын  үнийн санал  нэрээр нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Б,  Л/, Ж/ нараас 1.135.810.600 төгрөгийг дансаар, 1.800.000.000 төгрөгийг техник, тоног төхөөрөмж хэлбэрээр хүлээн авсан гэж шууд дүгнэх боломжгүй байх тул хариуцагчийн нэхэмжлэгч нартай “Т ХХК-ийн хувьцааны 75 хувийг шилжүүлэх тухай тохироо хийж байгаагүй гэх татгалзал үндэслэлтэй гэж үзэв.

Харин хариуцагч Б.М нь нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Б,  Л/, Ж/ нараас хүлээн авсан мөнгийг 2018 оны 3-10 дугаар сарын хооронд буцаан өгч, нийт 1.494.766.270 төгрөгийг төлсөн учир одоо ямар нэгэн төлөх төлбөр байхгүй гэж тайлбарлаж байгаа боловч чухам хэзээ, хэдэн төгрөг хүлээн авсан нь тодорхойгүй байх тул төлбөрийг бүрэн гүйцэд төлж барагдуулсан гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Б,  Л/, Ж нар нь зээл эсхүл хөрөнгө оруулалтын зориулалтаар шилжүүлсэн төлбөрөө бүрэн гүйцэд хүлээн аваагүй тохиолдолд тусдаа нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх, эсхүл ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад хамтран оролцож, хамтарсан компани байгуулан хувьцаа эзэмшүүлэх нэрээр хөрөнгө шилжүүлэн авсан атлаа буцаан өгөөгүй нь гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байгаа бол цагдаагийн байгууллагад гомдол гаргах зэргээр эрх, ашиг сонирхлоо хамгаалах нь зүйтэй байна.

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Э болон иргэн Д.Ц нарын бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Д.Ц-ийг оролцуулахыг хүссэн хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэнтэйгээр холбоотойгоор нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Э-аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3, 91.1.4 дэх хэсэгт зааснаар шүүгчээс татгалзсан боловч шүүгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн үйл ажиллагааг хэргийн оролцогчидтой хувийн харилцаатай, хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар  үндэслэл бүхий эргэлзээтэй, ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй гэж үзэх үндэслэлгүй.

         Түүнчлэн шүүх хуралдааны явцад шүүгчийн татгалзан гаргах үндэслэл илэрвэл хэргийн оролцогч энэ талаар шүүхэд мэдэгдэх үүрэгтэй болохоос шүүгчийг татгалзах хүсэлт гаргах боломжгүй юм.

          Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүгчийг татгалзах гаргах тухай хүсэлтийг хүлээн аваагүй бөгөөд үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд хариу тайлбар гаргах, нотлох баримт шинжлэн судлах зэргээр мэтгэлцэх үүргээ биелүүлэлгүй шүүх хуралдааныг орхин гарсан тул тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Мөн хариуцагчийн төлөөлөгч Б.М-д 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хамтран нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг гардуулан өгөхөд тэрээр хэргийг хуульд заасан тайлбар гаргах, нотлох баримт бүрдүүлэх хугацааг хүлээлгүйгээр шийдүүлэх хүсэлт гаргасан ба уг хүсэлтийг хянан үзэхэд хуульд харшлах зүйлгүй байх тул түүний хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасан хугацааг хүлээлгүй хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэлээ.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 890.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь үйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1.Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 13 дугаар зүйлийн 13.1, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Б,  Л/, Ж/ нарын хариуцагч Б.М, “Т ХХК-д холбогдох “Т ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд тус бүр компанийн 25 хувийн хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгож, компанийн үүсгэн байгуулах баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулж, “Т ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр нэмж бүртгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 890.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

             

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР