Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/01060

 

 

  2022          11           08                                         001/ХТ2022/01060

 

“Далай шанд” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                                       

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 136/ШШ2020/00291 дүгээр шийдвэр,

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 202/МА2020/00031 дүгээр магадлалтай,                                                                                                                                   

“Далай шанд” СӨХ-ны нэхэмжлэлтэй

Г.Отгонбаатарт холбогдох

Дорноговь аймаг, Сайншанд сум, 2-р баг, Алтанговийн 102-1 байрны 04 тоот подвал чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг         

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Мөнхзул оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Далай шанд” СӨХ нь хариуцагч Г.Отгонбаатарт холбогдуулан Дорноговь аймаг, Сайншанд сум, 2-р баг, Алтанговийн 102-1 байрны 04 тоот подвал чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 136/ШШ2020/00291 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Сайншанд сум, 2-р баг, Алтанговийн 102-1 байрны 04 тоот подвалыг Г.Отгонбаатарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Далай шанд” сууц өмчлөгчдийн холбооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Отгонбаатараас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.  

3. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 202/МА2020/00031 дүгээр магадлалаар: Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 136/ШШ2020/00291 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сарантуяагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэлээ. “Далай шанд” сууц өмчлөгчдийн холбооны удирдлагууд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу 2019 онд “Далай шанд” сууц өмчлөгчдийн холбооны дарга, удирдах зөвлөлийн гишүүд томилогдсон эсэх, “Далай шанд” СӨХ нь үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаа эсэх, “Далай шанд” сууц өмчлөгчдийн холбооны дүрмээр дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р баг Алтанговийн 102-1 дүгээр байрны 04 тоот подвалыг бусдад түрээслүүлэх шийдвэр гарсан эсэхийг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан талаар, бүх гишүүдийн хурал болон удирдах зөвлөлийн хурлаар дээрх байрны подвалын түрээсийн төлбөрийг хэдэн төгрөг байхаар тогтоосон, түрээслүүлэх шийдвэр хаанаас гарч байсан гэх мэт зүйлүүд хариуцагч талын гаргаж өгсөн баримтаас харагдахгүй байхад хэргийг шийдвэрлэлээ. 2017.04.20-ны өдрийн Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 1/456 дугаартай албан бичигт “Далай шанд” СӨХ-ын гэрчилгээг хүчингүй болгож, СӨХ-ны бүх гишүүдийн хурлыг зохион байгуулж, шинэ зохион байгуулалтад орох, шинээр удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг сонгох талаар чиглэл ирүүлсэн байдаг. Гэвч энэхүү албан бичгийг “Далай шанд” СӨХ шүүхэд гаргаж өгөлгүйгээр хүчингүй болсон байсан хуучин баримтыг гарган өгснийг нотлох баримтаар тооцох нь үндэслэлгүй байна. “Далай шанд” СӨХ нь шинээр зохион байгуулалтад орж, СӨХ-ны дарга болон бусад удирдах, хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгож томилоогүйг бүх гишүүд мэднэ. Учир нь хуучин томилогдсон байсан удирдах зөвлөлийн гишүүд болон хяналтын зөвлөлийн гишүүд, сууц өмчлөгчдийн холбооны дарга нар дээрх Сайншанд сумын Засаг даргын 2020.04.20-ны өдрийн 1/456 тоот албан бичгийн дагуу хүчингүй болж, дахин сонгогдохоор болсон байхад үүнийг нь анхаарч үзсэнгүй. Өөрөөр хэлбэл, 2017.02.10-ны өдрийн “Далай шанд” сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн анхдугаар хурлын 01 дугаартай тогтоолоор удирдах зөвлөлийн даргаар М.Чулууныг сонгосон гэх баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн байгаа боловч энэ нь мөн л дээрх Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын албан тоотоор хүчингүй болчихсон байдаг. Сайншанд сумын Засаг даргын албан бичиг “Далай шанд” СӨХ-д ирснээс хойш бүх гишүүдийн хурал зохион байгуулагдаагүй хирнээ “Далай шанд” СӨХ-ны 2019 оны 1 сард олгогдсон гэрчилгээ ямар баримтад үндэслэгдэж олгогдсоноо хариуцагч тал нотлох үүрэгтэй. 2017 оны баримтыг 2019 оны баримттай хамааруулж гарган өгч байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “дүрэмд өөрөөр заагаагүй бол ээлжит хурлыг жилд нэгээс доошгүй удаа хуралдуулна” гэж заасан. 2017.04.20-ноос хойш хийгдсэн бүх гишүүдийн хурлаас хэрхэн ямар шийдвэрүүдийг гаргасан, удирдах зөвлөлийн гишүүнээр хэнийг сонгохоор шийдвэрлэсэн гэх баримтуудад давхар үндэслэгдэхээр харагдаж байна. Мөн “Далай шанд” СӨХ-ны дүрэм хэрэгт авагдаагүй. Дүрэмдээ дундын өмчлөлийн эд хөрөнгийг хэрхэн ямар байдлаар ашиглахаар тусгасныг харах боломжгүй байгаа юм. Сууц Өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 6,7,15 дугаар зүйлийн 6.1.5, 7.1, 15.5-д холбооны дүрэмд заасан бол дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах журмыг тусгасан эсэх, дундын өмчлөлийн эд хөрөнгийг гэрээний үндсэн дээр тодорхой нэг этгээдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж болно” гэж зааснаас харахад ч дүрэмдээ энэ талаар тусгасан эсэх нь тодорхойгүй байхад “Далай шанд” СӨХ тухайн байрны подвалыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байхаар нөхцөл харагдахгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

6. Нэхэмжлэгч “Далай шанд” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Г.Отгонбаатарт холбогдуулан Дорноговь аймаг, Сайншанд сум, 2-р баг, Алтанговийн 102-1 байрны 04 тоот подвал чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “...сууц өмчлөгчдийн холбоо нь хуулийн дагуу байгуулагдаагүй, удирдах зөвлөлийн дарга М.Чулуун, гүйцэтгэх захирал С.Одвал нар хуулийн дагуу сонгогдож томилогдсон этгээд биш тул хүлээн зөвшөөрөхгүй, мөн маргаан бүхий Алтанговийн 102-1 байрны 04 тоот подвалын түрээсийн төлбөрийг төлж байсан” гэж маргажээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сарантуяагийн гомдлыг хангахгүй орхижээ.

8. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд маргааны зүйл болох Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Алтанговийн 102-1 дүгээр байрны 04 тоот зоорийн давхар буюу доод хонгил нь “Далай шанд” Сууц өмчлөгчдийн холбоонд хамаарагдах орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө мөн бөгөөд хариуцагч нь 2007 оноос хойш уг зоорины давхарт үйл ажиллагаа явуулж байгаа боловч 2020 онд тухайн эд хөрөнгийг түрээслэх, эзэмших, ашиглах талаар нэхэмжлэгч “Далай шанд” Сууц өмчлөгчдийн холбоотой гэрээ байгуулаагүй, түрээсийн төлбөрийг бүрэн гүйцэд төлөөгүй тухай үйл баримт тогтоогдсон, зохигч маргаагүй байна.

9. Нэхэмжлэгч нь “...хариуцагч түрээсийн төлбөрийг бүрэн гүйцэд төлөөгүй, гэрээ байгуулаагүй, энэ талаар удаа дараа шаардсан” гэсэн, хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан тайлбарын агуулгаас үзэхэд тэрээр түрээсийн төлбөрийг зохих ёсоор төлөөгүй, гэрээ байгуулаагүй шалтгаанаа “Далай шанд" Сууц өмчлөгчдийн холбооны удирдлагыг хууль бусаар томилогдсон гэж маргасан байх ба нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж хоёр шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

10. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтад Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж Дорноговь аймгийн Сайншанд сум, Алтанговийн 1-р гудамжны 102-р байрны сууц өмчлөгчдийн холбооны чиг үүргийг “Далай шанд” сууц өмчлөгчдийн холбоо нь хэрэгжүүлдэг тухай дүгнэсэн нь зөв юм.  

11. Талуудын маргааны зүйл болж байгаа орон сууцны подвал нь орон сууц өмчлөгчдийн дундын эд хөрөнгө мөн гэсэн шүүхийн дүгнэлт Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт нийцсэн.

12. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-д зааснаар бол дундын өмчлөлийн эд хөрөнгийг гэрээний үндсэн дээр тодорхой нэг этгээдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж болно гэж зааснаар нэхэмжлэгч нь шаардлага гаргах эрхтэй, хариуцагч Г.Отгонбаатар нь зоорийн давхрыг 2007 оноос хойш түрээсэлсэн, 2016 оноос хойш төлбөр төлөөгүй, нэхэмжлэгчийн гэрээ байгуулах саналыг хүлээн аваагүй, татгалзсан нь үндэслэлгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116  дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

13. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул “...хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэсэн хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 136/ШШ2020/00291 дүгээр шийдвэр, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 202/МА2020/00031 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                                      

                                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                                   ШҮҮГЧИД                                               Г.БАНЗРАГЧ

                                                                                                   Н.БАЯРМАА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                    Д.ЦОЛМОН