Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 33

 

 

 

 

Ж.Лхамжавын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Б.Дамба, Ерөнхий шүүгч Н.Туая нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 153/ШШ2018/00219 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 07-03 тоотод оршин суух, Хүрдийнхэн овогт Жаргалын Лхамжавын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багт оршин суух А.Давлетханд холбогдох, иргэний хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцаг А.Давлетхан түүний өмгөөлөгч Н.Очирбат, нарийн бичгийн даргаар Ж.Уранцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Алаг гүү, хар саарал хязаалан, бор шүдлэн зэрэг 3 толгой адууг гаргуулах тухай

 

Нэхэмжлэлийн агуулга: “Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Ж.Лхамжав би өөрийн 6 толгой адууг Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багийн иргэн Авдолд хариуцуулан маллуулдаг байсан.

 Буянт сумын иргэн А.Даулетхан бид хоёрын дунд авцаа байсан тул надад байгаа 6 тооны адууг зарж борлуулаад надаас авах авлагаа авч, үлдэгдэл мөнгийг нь надад өгөхөөр хэлэлцэн тохиролцоод Авдолд байсан 6 тооны адуугаа авахыг зөвшөөрсөн. А.Даулетхан нь 2013 оны 11 дүгээр сард Авдолоос алаг азарга, алаг гүү, бор саарал хязаалан, бор шүдлэн зэрэг 4 тооны адууг аваад явсан байсан.

Дээрхи 4 тооны адуунаас алаг азаргаа би буцааж авсан. Үлдсэн 3 адууг өгөхгүй намайг хохироосоор байна. Алаг гүүг хурдан удамтай гэж би 1 сая төгрөгөөр үнэлж авсан. Одоо нэг сая төгрөгөөр үнэлж байна. Саарал хязаалан 6 сая төгрөгөөр худалдаж авсан. Сум аймгийн наадамд олон удаа уралдаж түрүүлж, айрагдаж байсан.

 Энэ адуугаа 6 сая төгрөгөөр үнэлж байна. Бор шүдлэнг 1 сая 500 мянгаар худалдаж авсан. Хурдан удамтай. Үүнийг бас нэг сая 500 мянгаар үнэлж байна. Иймд А.Даулетханаас алаг гүү, хар саарал хязаалан, бор шүдлэн зэрэг 3 толгой адууг гаргуулж, иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Ж.Лхамжав нь 2013 оны 05 дугаар сарын 18-ны өдөр надаас 52 кг ноолуурыг 60000 төгрөгөөр үнэлж, 3120000 төгрөгийг 2013 оны 12 дугаар сард 0.5 хувийн хүүтэй өгөхөөр авч яваад хугацаандаа өгөөгүй тул алаг гүүг 800000 төгрөгөөр, бор хязаалан, бор шүдлэнг 1000000 төгрөгөөр, бор шүдлэн үрээг 600000 төгрөгөөр үнэлж, 2400000 төгрөг өгч үлдсэн 600000 төгрөг, 3 сая төгрөгийг хүүгийн хамт дараа нь өгөхөөр тохиролцсон. Ж.Лхамжав нь адуундаа дагуулж очиж зүсэлж өгсөн.

Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 153/ШШ2017/00219 дугаар шийдвэрээр:“ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч А.Давлетханаас хар саарал зүсмийн хязаалан адууны үнэ 6,000,000 /зургаан сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Лхамжавт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх бор зүсмийн морь, алаг гүүний үнэ 1,000,000 /нэг сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Лхамжаваас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 950 /есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч А.Давлетханаас улсын тэмдэгтийн хураамж 110,950 /нэг зуун арван мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Лхамжавт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-т зааснаар нэхэмжлэгчийн эд мөрийн баримтаар гаргасан DVD+RDL, 8.5 GB гэх бичвэртэй CD 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр бодит байдалд нийцээгүй байна.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчиж анхан шатны шүүх шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн  шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч  нь 3 адуу гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Давлетханд холбогдуулан  гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангаж зарим хэсгийг эрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг   нэхэмжлэгч болон хариуцагч түүний өмгөөлөг нар  эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчим”-д талуудын дунд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг   шүүхээс хянан шийдвэрлэхдээ материалаг хуулийг зөв тайлбарлаж хэрэглэхээс гадна  хэрэг   хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тогтоосон хэм хэмжээг чанд мөрдөж, зөрчихгүй байх агуулгаар тодорхойлогддог юм.

 Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад тухайн үед 6 настай байсан одоо нас гүйцсэн хурдан удмын алаг гүү,тухайн үед хязлаалан байсан одоо нас гүйцсэн хурдан удмын хар саарал адуу, тухайн үед шүдлэн байсан одоо нас гүйцсэн бор адууг нэхэмжилж байна гэжээ.

Гэтэл шүүх хариуцагчаас хар саарал хязаалан адууны үнэ 6.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас  бор зүсмийн морь, алаг гүүний үнэ 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь   нэхэмжлэгчийн  шаардлагын үндэслэлийг зөв тодорхойлоогүй байна.Тодруулбал, нэхэмжлэгч нь нас гүйцсэн хурдан удмын алаг гүү,  нас гүйцсэн хурдан удмын хар саарал адуу,   нас гүйцсэн бор адуу зэрэг 3 тооны адууг   эсхүл   3 тооны адууны   үнийг нэхэмжилж байгаа эсэхийг  тодоруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2-т нийцээгүй  байна. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын  үндэслэлээ хуульд нийцэж байгаа байдлын талаар шүүхэд өөрөө нотлох үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байна.  Шүүхээс нэхэмжлэлгчийн   шаардлагын үндэслэл, шалтгаан, зорилго   тус бүрийг нягтлан тодруулах байжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ маргааны үйл баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг шийдвэртээ тусгаагүй, нэхэмжлэлийн шаардлага бүрийг  тодруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хян

ан шийдвэрлэх тухай хуулийн  118 дугаар зүйлийн  118.4,118.5-д заасан, 115 дугаар зүйлийн 115.2-т заасан агуулгад нийцээгүй байхаас гадна шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасан журмыг зөрчжээ.

Шүүх  хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлуудыг тодруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх журмыг зөрчжээ. Талуудын хоорондох маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд тогтоох боломжгүй, хэргийн бодит байдал тогтоогдоогүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүхийн гаргасан дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг давж заалдах шатны  иргэний хэргийн шүүх хуралдаанаас залруулах боломжгүй  тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

 Хуульд зааснаар нэхэмжлэгчийн  давж заалдах журмаар гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49950 төгрөг, хариуцагчийн 110950 төгрөгийг  тус бүр  төрийн сангийн зохих данснаас шүүгчийн захирамжаар гаргуулан  нэхэмжлэгч хариуцагч нарт  буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 153/ШШ2018/00219 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн  давж заалдах журмаар гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49950 төгрөг, хариуцагчийн 110950 төгрөгийг  тус бүр  төрийн сангийн зохих данснаас шүүгчийн захирамжаар гаргуулан  нэхэмжлэгч хариуцагч нарт буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

 

ШҮҮГЧИД                                                       Б.ДАМБА

 

                                                                                    Н.ТУЯА