Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2016/0643

 

 

 

А.Жамъянсүрэнгийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, А.Жамъянсүрэнгийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр:  Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Жамъянсүрэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/13 дугаар Ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, А.Жамъянсүрэнг урьд эрхэлж байсан Дэд бүтэц, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, байгаль орчин геологи уул уурхайн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Ховд аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/53 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/74 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын А.Жамъянсүрэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа 2 сар 13 хоног /ажлын 55 хоног/-ийн цалинтай тэнцэх хэмжээний олговор 2338600 /хоёр сая гурван зуун гучин найман мянга зургаан зуу/ төгрөгийг Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гаргуулж А.Жамъянсүрэнд олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэгт цугларсан нотлох баримтанд тулгуурлаагүй, хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. А.Жамъянсүрэн нь Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Я.Баярсүхтэй архи ууж согтуурсан үедээ зодолдож тус байгууллагын удирдах албан тушаалтны нэг атлаа энэ асуудал нь хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгууллагын нэр хүндийг унагаасан үйлдэл, түүнчлэн А.Жамъянсүрэн дэг журам сахиж ажиллаагүй гэдэг ойлголтонд байгууллагын дотоод журам болон бусад хууль тогтоомжуудыг баримтлаагүй, улсын байцаагчийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрмийг баримтлаагүй гэдэг үндэслэлүүд сахилгын болон ёс зүйн зөрчлийн аль алийг нь гаргасан боловч сахилгын зөрчлийг давтан гаргасан учраас тухайн үйлдэлд нь тохирох хариуцлагыг ногдуулсан хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гарсан. Тийм ч учраас Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг дээдлэх” үүргийг нийт төрийн албан хаагчдад зааж өгсөн байдаг бөгөөд үүнийг удирдлагандаа 10 гаруй ажилтантай удирдах албан тушаалтан болох А.Жамъянсүрэн хэрэгжүүлж ажиллахгүй удаа дараа сахилгын ноцтой зөрчлийг гаргаж байсан. Түүнчлэн Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Мягмарцоожид ирүүлсэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 3/1045 тоот албан бичигт “нэр бүхий албан хаагчид хоорондоо удаа дараа зодолдож, төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйг ноцтой зөрчсөн үйлдэл гаргаж, холбогдох хуулийн байгууллагаар шалгагдаж байна. Иймээс арга хэмжээ авч хариу мэдэгд” гэсэн утга бүхий, А.Жамъянсүрэн сахилгын зөрчил нь илэрхий байсан тул сахилгын арга хэмжээ авагдсан. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу байгууллагын удирдлагад сахилгын зөрчил гаргасан төрийн жинхэнэ албан хаагчид арга хэмжээг шууд авахаар зохицуулсан зохицуулалт байгаа. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэр гаргахдаа зөвхөн ёс зүйн зөрчил гаргасан үйлдэлд нь дүгнэлт хийж, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дэргэдэх Ёс зүйн хороогоор хэлэлцүүлж дүгнэлт гаргаагүй гэсэн. Өөрөөр хэлбэл А.Жамъянсүрэн сахилгын зөрчлийг давтан гаргасан байхад анхан шатны шүүхээс ёс зүйн зөрчил гаргасан үйлдлийнх нь асуудлыг авч үзээд байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

            Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар тус газрын Дэд бүтэц, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч А.Жамъянсүрэнг “бусадтай зодолдож байгууллагын нэр хүнд, дэг журам, улсын байцаагчийн ёс зүйг сахиж ажиллаагүй, өмнө нь авагдсан сахилгын шийтгэлийн хүчингүй болох хугацаа дуусаагүй байхад дахин зөрчил гаргасан” гэх үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэл ногдуулжээ.

          Нэхэмжлэгч А.Жамъянсүрэн дээрх тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж зохих бичилт хийхийг даалгахыг хүссэн нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/53 дугаар тушаал, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/74 дүгээр тушаалын А.Жамъянсүрэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүсчээ.           

          Маргаан бүхий Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/13 дугаар тушаал Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна. Тодруулбал,

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 253 дугаар тушаалаар баталсан “Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрэм”-д зааснаар  мэргэжлийн хяналтын  улсын байцаагчийн ёс зүйн зөрчлийг Мэргэжлийн хяналтын байгууллагын дэргэдэх ёс зүйн хороо хянан шийдвэрлэх бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ыг баримтлахаар зохицуулжээ.

Гэтэл ёс зүйн хороонд зөрчлийн талаар мэдээлэл ирээгүй, ёс зүйн хороо хуралдаж дүгнэлт гаргаагүй нь дээр дурдсан дүрэм журмыг зөрчсөн талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Баярсүхтэй маргалдаж, улмаар Б.Баярсүх нь А.Жамъянсүрэнгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан хэрэгт эрүүгийн хэрэг үүссэн, уг хэрэгт нэхэмжлэгч А.Жамъянсүрэн хохирогчоор тогтоогдсон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэхь хэсэгт зааснаар хохирогч нь яллагдагчтай эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх боловч энэ нь А.Жамъянсүрэнд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл,

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж заасныг баримтлан сахилгын шийтгэл ногдуулахдаа ажилтан, албан хаагчийн гаргасан зөрчил нь тогтоогдсон байхыг шаардах ба нэхэмжлэгч нь ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн, нэхэмжлэгчийн гомдлоор эрүүгийн хэрэг үүсч уг хэрэгт А.Жамъянсүрэн хохирогчоор тогтоогдсоныг сахилгын зөрчил гаргасанд тооцох боломжгүй юм.

Хэдийгээр хариуцагчийн “урьд авагдсан сахилгын шийтгэлийн хүчингүй болох хугацаа дуусаагүй” гэх тайлбар үндэслэлтэй ч сүүлд гаргасан гэх зөрчлийг сахилгын зөрчилд тооцохгүй тул ажлаас халах шийтгэл ногдуулсаныг хууль буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Хариуцагч талаас А.Жамъянсүрэнг Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэж заасныг зөрчсөн гэж тайлбарлаж байгаа ч  дээр дурдсанаар ёс зүйн хорооны дүгнэлт гараагүй тул ёс зүйн зөрчилд тооцох, мөн Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээрхийг дүгнэвэл Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэгч А.Жамъянсүрэнг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй байх тул хариуцагчаас гаргасан “А.Жамъянсүрэн сахилгын зөрчлийг давтан гаргасан байхад анхан шатны шүүхээс ёс зүйн зөрчил гаргасан үйлдлийнх нь асуудлыг авч үзээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Харин Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/53 дугаар тушаал, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн өдрийн А/74 дүгээр тушаалын А.Жамъянсүрэнд холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагын тухайд шүүх Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж зөв дүгнэсэн атлаа дээрх шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар  хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 26 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь хэсэгт заасныг  баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгон, А.Жамъянсүрэнг урьд эрхэлж байсан Дэд бүтэц, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, байгаль орчин геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай” гэж,  2, 3, 4 дэх заалтыг 3, 4, 5 болгон тус тус өөрчилж, 2 дахь заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан “Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/53 дугаар тушаал, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/74 дүгээр тушаалын А.Жамъянсүрэнд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.                               

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.МӨНХТУЯА 

                                     ШҮҮГЧ                                                   Э.ЛХАГВАСҮРЭН   

                                     ШҮҮГЧ                                                   О.НОМУУЛИН