Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2936

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС           

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,           

Нэхэмжлэгч: Г.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Б-д холбогдох,

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Д.Д, 

45,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунтуяа, хариуцагч Д.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгэл, өмгөөлөгч Г.Чинбат, гэрч М.Билгүүнбаатар, А.Нинжмаа, Ж.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов. 

 ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Г.А-ынитгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.А болон нар нь 2019 оны 05 сарын 01-ний өдөр сарын 3 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 30,000,000 төгрөг зээлэхээр зээлийн гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Нарны гудамж, 132 дугаар байрны, 5-1 тоот, 65 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай Бадрал болон Дашдулам нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, нотариатаар баталгаажуулсан байдаг. Ингээд тохиролцсон ёсоор эхний 6 сард, сарын 3 хувийн хүүгээр тооцож 900,000 төгрөг, нийт хүүгийн төлбөрт 5,400,000 төгрөг төлсөн боловч үндсэн зээл болон зээлийн хугацаа дууссанаас хойших алдангийг төлөөгүй байдаг тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд Бадралаас үндсэн зээл 30,000,000 төгрөг, алданги 15,000,000 төгрөг, нийт 45,000,000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.       

Хариуцагч Д.Б,бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Днарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу мөнгө шаарддаг байгаа. Бадралын хувьд 2019 оны 05 сарын 01-ний өдөр байгуулсан гэрээний дагуу А оос 30,000,000 төгрөгийг авах ёстой байсан. Гэтэл А  нь 2019 оны 05 сарын 02-ны өдөр 7,600,000 төгрөгийг шилжүүлсэн гэдэг ба үлдэгдэл 22,400,000 төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд огт олгоогүй. Иймд А  болон Бадрал нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ бодитойгоор хийгдээгүй гэж үзэж байна. Бадралын хувьд зээлийн гэрээний дагуу А од сард 900,000 төгрөгийг өгч байсан ба нийт хүүний төлбөрт 5,400,000 төгрөгийг төлсөн бөгөөд А оос авсан 7,600,000 төгрөгөөс 5,400,000 төгрөгийг төлсөн гэж үзэж байгаа ба үлдэгдэл 2,200,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэсэн байр суурьтай байгаа. Манай зүгээс зээлийн гэрээний дагуу мөнгө олгогдоогүй тул зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэж байгаа ба 2,200,000 төгрөгийг л өгөх боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс тусгайлан хэлэх тайлбар байхгүй. Г.А болон Д.Бнарын хооронд болсон асуудлын талаар сайн мэдэхгүй. Д.Б-ыгГ.Аоос 7,600,000 төгрөг авсан талаар л мэднэ гэжээ.   

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:           

Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Д.Б-д холбогдуулан зээл 30,000,000 төгрөг, алданги 15,000,000 төгрөг нийт 45,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээний дагуу 30,000,000 төгрөг шилжүүлэхээс 7,600,000 төгрөгийг олгосон. Буцааж 5,400,000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 2,200,000 төгрөгийг төлнө. Бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.           

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Зээлийн гэрээний дагуу 45,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд  

Нэхэмжлэгч Г.А, хариуцагч Д.Бнар 2019 оны 05 сарын 01-ний өдөр 30,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, алданги 0,5 хувь байхаар харилцан тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулсан байна. /хх-ийн 8/ 

Хаанбанк ХХК-ийн 5029492958 тоот данс эзэмшигч Г.А-ынДиспозит дансны дэлгэрэнгүй хуулганд 2019 оны 06 сарын 05 өдөр 900,000 төгрөгийг 6 сар зээлийн хүү Бадрал, 2019 оны 08 сарын 14-ний өдөр 900,000 төгрөгийг Дашдулам-с, 2019 оны 09 сарын 14-ний өдөр 900,000 төгрөгийг Зээлийн хүү. Бадрал, 2019 оны 10 сарын 14-ний өдөр 900,000 төгрөгийг Дашдулам-с, 2019 оны 11 сарын 25-ны өдөр 900,000 төгрөгийг Мөнгөний хүү төллөө залга гэсэн гүйлгээний утгатай тус тус шилжүүлсэн нь бичигдсэн байхын зэрэгцээ 2020 оны 01 сарын 06-ны өдөр "Дашдулам овогтой Бадрал миний бие 2019 оны 05 сарын 01-нд Г.Аоос 30,000,000 төгрөг 3 хувийн хүүтэй зээлсэн. Сар бүрийн мөнгөний хүү болох 900,000 төгрөг төлж байсан. Нийт авсан 30,000,000 төгрөгийг одоогийн байдлаар төлөх боломжгүй тул 2020 оны 02 сарын 10-ны өдөр үлдсэн 30,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлж барагдуулна" гэж бичсэн баримт, шүүхэд гэрч М.Билгүүнбаатар, А.Нинжмаа, Ж.Энхбат нарын мэдүүлэг зэргээр хариуцагч Д.Бнь нэхэмжлэгч Г.Аоос зээлийн гэрээний дагуу 30,000,000 төгрөгийг авч, гэрээнд заасны дагуу тохирсон хэмээний зээлийн хүү төлсөн болох нь нотлогдож байна гэж үзэв. /хх-ийн 13-17, 20/ 

Харин хариуцагч 2019 оны 05 сарын 01-ний өдөр 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан боловч гэрээний дагуу авах 30,000,000 төгрөгөөс 7,600,000 төгрөгийг авч, үлдэх мөнгийг аваагүй гэж тайлбарласан боловч нотлох баримтаар тогтоогдохгүй байна. 

Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 11 сарын 01-ний өдөр дууссан ч хариуцагч зээл 30,000,000 төгрөг төлөх үүргээ гүйцэтгээгүй учир нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 281 дүгээр 281.1-д заасны дагуу зээл 30,000,000 төгрөг, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, Зээлийн гэрээний 3.7-т заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар,  гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцсон алданги 15,000,000 төгрөг нийт 45,000,000 төгрөгийг шаардах эрхтэй байна. 

Барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд  

Нэхэмжлэгч Г.А, хариуцагч Д.Бнар 2019 оны 05 сарын 01-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Д.Б,Д.Днарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2205067805 дугаартай, Баянгол дүүрэг, 1 хороо, 2 хороолол, /16051/ Нарны зам гудамж, 132 байр 1 давхрын V-1 тоот, 65 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан Барьцааны гэрээ-г бичгээр байгуулжээ.

 Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2-т -Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана, 156.3-т Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан.  

Дээрх Барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуульд заасан шаардлагыг хангаагүйгээс гэрээ хүчин төгөлдөр бусд тооцох тул хүчин төгөлдөр бус барьцааны гэрээний дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах үндэслэлгүй.  

Иймд хариуцагч Д.Б-аас45,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Аод олгож, нэхэмжлэлийн шаардлагын үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 281 дүгээр 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Д.Б-аас45,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Аод олгож, нэхэмжлэлийн шаардлагын барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Аоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 453,150 төгрөг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-аасулсын тэмдэгтийн хураамжид 382,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР