Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2959

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:  

Нэхэмжлэгч: Х банк ХХК /РД:0000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.М /РД:00000/,

Хариуцагч: Б.Т /РД:00000/ нарт холбогдох,  

Зээлийн гэрээний төлбөрт 92,081,799.59 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Идэрмөнх, хариуцагч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэхэмжлэгч Х банк ХХК-иасшүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х банк ХХК-ийн зүгээс хариуцагч Э.М, Б.Т нартхолбогдуулж 92,081,799 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн 2020 оны 07 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Талуудын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн № ОСЗГ/59 тоот Орон сууцны зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 92,081,799 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд Э.М, Б.Т нарнь Х банк ХХК-ийн орон сууцны зээлийн төвөөс 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн № ОСЗГ/59 тоот Орон сууцны зээлийн гэрээ, мөн тус өдөр № БГҮ/59 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулж 58,380,000 төгрөгийг жилийн 18,6 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай уг зээлийг авсан бөгөөд зээлийн барьцаанд хариуцагч Б.Т-ийнөмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205054100 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол Энгельс гудамж 2 байр, 6 тоот хаягт байрлах 105,69 м.кв орон сууцыг барьцаалуулсан. Зээлдэгч нар нь өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлээс 5,752,101 төгрөг, хүүгийн төлбөрт 25,587,618 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,724 төгрөг, нийт 31,344,444 төгрөгийг төлсөн байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т зааснаар зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хүлээж, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгө Б.Т-ийнөмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205054100 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол Энгельс гудамж 2 байр, 6 тоот хаягт байрлах 10569 м.кв орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.М, Б.Т наршүүхэд гаргасан тайлбартаа: Бид Хаан банк-тай 2014 оны 04 сарын 07-ны өөдр №ОСЗГ/59 тоот гэрээг байгуулж, мөн өдрөө барьцааны гэрээ байгуулсан. Нэхэмжилж байгаа үнийн дүнгийн 52,627,899 төгрөгийг үл маргах журмаар төлнө. Зээлийн хүүгийн төлбөр 36,807,488 төгрөгийг банктай харилцан тохиролцож хугацаа, хэмжээг тохиролцон төлөх хүсэлтэй. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс 2,646,414 төгрөгийн төлбөрөөс чөлөөлүүлэх хүсэлтэй байна гэжээ.  

Хариуцагч Э.Мшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шаардсан нэмэгдүүлсэн хүүг төлөхөд хүндрэлтэй байна. Х банк ХХК-иасөмнө зээл зээлийн төлбөрт таван шард байрлах орон сууцаа өгч байсан. Зээлийн эргэн төлөлтөд их хэмжээний мөнгө төлсөн. Олон хүүхэдтэй учир орон сууцаа барьцаанд өгөх боломжгүй. Ар гэрийн гачигдал гарсан. Мөн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалж миний эрхэлж байсан үйл ажиллагаа зогссон. Зээл, зээлийн хүүг төлнө. Зээлийн нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй байна гэжээ.  

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:  

Нэхэмжлэгч Х банк ХХК нь хариуцагч Э.М, Б.Т нартхолбогдуулан зээлийн гэрээний төлбөрт 92,084,799.59 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

Хариуцагч нар нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үүрэг шаардсан талаар маргахгүй байх бөгөөд нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөх, зээлийн хүүгийн хэмжээг бууруулахыг хүссэн тайлбар гаргаж байна. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 

Зээлийн гэрээний төлбөрт 92,081,799.59 төгрөг гаргуулах шаардлагын тухайд 

Нэхэмжлэгч нь Х банк ХХК нь Э.М, Б.Т нартай 2014 оны 9 дүгээр сарын 4 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан, 120 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалттай, жилийн 18.6 хувийн хүүтэй, 58,380,000 төгрөгийн зээлийн гэрээг эргэн төлөлтийн хуваарь зөрчиж, 2016 оноос хойш төлөлт хийгээгүй зөрчил үүсгэсэн гэх үндэслэлээр хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний төлбөрийг шаарджээ.

 Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 58,380,000 төгрөгийг хариуцагч нарын зээлийн дансанд шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлжээ.

 

Хариуцагч нар нь №ОСЗГ/59 тоот орон сууцны зээлийн гэрээний төлбөр төлөх хуваарийг зөрчиж, эргэн төлөлтийг бүрэн хийгээгүй, 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 5752,101 төгрөг, хүүгийн төлбөр 25,587,618 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,724 төгрөг, нийт 31,344,444 төгрөгийг төлсөн байна. 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д Дараах тохиолдолд Банкны санаачлагаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардана, 6.1.1-д Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй, 4 дүгээр зүйлийн 4.2.1-д зээлийн төлбөрийг сар бүр 5006085904 тоот харилцах дансанд төвлөрүүлж, Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлөх бөгөөд баримтад гүйлгээний утгыг тодорхой бичих гэж заажээ. 

Хариуцагч нар нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ зөрчсөн талаар хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн төлбөр шаардаж байгаад маргахгүй байна.  

Нэхэмжлэгч нь 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар гэрээ цуцлахад үндсэн зээлийн үлдэгдэл 52,627,898.58 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 36,807,487.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,646,413.44 төгрөг, нийт 92,081,799.59 төгрөгийн төлбөртэй гэж шаарджээ. 

Зээлийн үлдэгдэл төлбөрийн хэмжээний талаар хариуцагч маргаагүй бөгөөд харин зээлийн хүүгийн хэмжээг багасгаж, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх хүсэлттэй байна.

 Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээг бичгээр хийсэн байх тул дээрх зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэрээ байна гэж дүгнэлээ.

 Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.5-д үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг авахаар тохиролцож, энэ дагуу нэмэгдүүлсэн хүүг тооцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн заалтыг зөрчөөгүй байна.            

   Нэхэмжлэгч нь хариуцагч нарын зээлийн хүүгийн хэмжээг бууруулах, нэмэгдүүлсэн хүүг хасах саналыг хүлээж аваагүй тул №ОСЗГ/59 тоот орон сууцны зээлийн гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөр 52,627,898 төгрөг 58 мөнгө, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 36,807,487.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,646,413.44 төгрөг, нийт 92,081,799.59 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.  

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд 

Нэхэмжлэгч Х банк ХХК нь хариуцагч Э.М, Б.Т нартай2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан №БГҮ/59 тоот Барьцааны гэрээгээр Б.Т-ийнөмчлөлийн Ү-2205054100 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Энгельс гудамж, 2 дугаар байр, 6 тоот хаягт байршилтай, 105.69 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан гэх үндэслэлээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардаж байна.  

Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар барьцааны эрх нь зээлдүүлэгчийн шаардах эрхтэй салшгүй холбоотой эрх бөгөөд мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор барьцааны эрх дуусгавар болох зохицуулалттай. 

Хариуцагч Э.М, Б.Т нарнь зээлийн гэрээний үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж зааснаар нэхэмжлэгч нь 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан №БГҮ/59 тоот барьцааны гэрээний дагуу Ү-2205054100 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Энгельс гудамж, 2 дугаар байр, 6 тоот хаягт байршилтай, 105.69 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна. 

Иймд хариуцагч нар зээлийн гэрээний төлбөрөө сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйлийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэл хангахыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Э.М, Б.Т нараасзээлийн гэрээний төлбөрт 92,081,799.59 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х банк ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Э.М, Б.Т нарүүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Б.Т-ийнөмчлөлийн Ү-2205054100 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Энгельс гудамж, 2 дугаар байр, 6 тоот хаягт байршилтай, 105.69 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс Х банк ХХК-иасулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 688,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.М, Б.Т нараасулсын тэмдэгтийн хураамжид 688,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 


 

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР