| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2020/02861/И |
| Дугаар | 3087 |
| Огноо | 2020-10-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 3087
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л Ф ББСБ ХХК /РД:00000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Ц /РД:00000/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 22,344,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ариунжаргал, хариуцагч Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л Ф ББСБ ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ариунжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.Ц нь Л Ф ББСБ ХХК-иас 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 14/91 тоот зээлийн гэрээ байгуулж, 3 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй 15,000,000 төгрөгийг бизнесийн үйл ажиллагаандаа зориулж зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэрээг байгуулж, гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу Л Ф ББСБ ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өөрийн Хаан банк ХХК-ийн данснаас Ц.Цийн Хаан банк ХХК-ийн 5038376657 тоот дансанд шилжүүлсэн. 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Ц.Цийн гаргасан саналын дагуу 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээг сунгаж, 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай зээлийн сунгалтын гэрээг байгуулсан. Зээлийн гэрээ байгуулсан өдрөөс өнөөдрийг хүртэл зээлдэгч нь зээлийн хүүд 7,200,000 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр дууссан боловч үндсэн зээлээс өнөөдрийг хүртэл огт төлөлт хийгдээгүй. Нэхэмжлэгч талын зүгээс хариуцагчтай байнга холбоо барьж, зээлийн эргэн төлөлтийг хэрхэн төлж барагдуулах талаар удаа дараа уулзаж байсан. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш өнөөдрийг хүртэл барьцаа хөрөнгийг зарж зээлийг төлнө зэргээр шалтаг тооцсоор 1 жил гарангын хугацаа өнгөрсөн. Л Ф ББСБ ХХК-ийн хувьд Ц.Цид олгосон зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг авч чадахгүй байна. Иймд үндсэн зээлийн төлбөрт 15,000,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарыг хүртэл зээлийн хүүг төлсөн. 2019 оны 07 дугаар сараас зээлийн хүүг төлөөгүйтэй холбогдуулж нийт 12,000,000 төгрөг төлөх ёстой байснаас 7,200,000 төгрөгийг төлсөн учир үлдсэн 5,820,000 төгрөгийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Мөн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс зээлийн гэрээний үүрэг зөрчсөн гэж үзэж нэмэгдүүлсэн хүүд 1,524,000 төгрөг, нийт 22,340,000 төгрөгийг гаргуулж, төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Ц миний бие Л Ф ББСБ ХХК-иас 2018 оны 10 дугар сарын 05-ны өдөр 15,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн гэрээний хугацаа дуусахад хүсэлт гаргаж зээлийн гэрээг сунгасан. Үндсэн гэрээний дагуу хүү төлөх үүрэгтэй байсан. 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс хойш буюу зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2,400,000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч удаа дараа сануулж мэдэгдэх хуудас хүргүүлсэн гэж худал ташаа тайлбар гаргасан. Нэхэмжлэгчийн энэ үйлдэл намайг бухимдуулсан. Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ажиллаж байхдаа цалин орлогоосоо зээлийн эргэн төлөлтийг тогтмол төлж байсан. 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр үйлдвэрийн осолд орж хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан ч 4 сарын хугацаанд ухамсраараа үүрэг хариуцлагаа хүлээж зээлийн хүүг төлсөн. Л Ф ББСБ ХХК-ийн зээлийн эдийн засагч н.Алешкад ...6 сарын хугацаанд хэвтэрт байх нь зээлийн хүүг зогсоож өгөөч чадлаараа зээлээ төлнө... гэж гуйсан. 2020 оны 06 дугаар сарыг хүртэл удаа дараа холбоотой байж нөхцөл байдлаа хэлсэн. 2020 оны 03 дугаар сард хөл дээрээ боссон боловч 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс Ковид-19 дэлхий нийтэд гарсантай холбоотойгоор хөл хорио тогтоож бизнесийн үйл ажиллагаа зогссон. Энэ байдлыг давагдашгүй нөхцөл байдал гэж үзэж болдог бол нөхцөл байдлаа хэлдэг байсан. Л Ф ББСБ ХХК-иас хугацаандаа хүүгээ төлүүлэх талаар сануулсан. Харин ...хариуцагч мэдэгдэх хуудсыг гардаж аваагүй эд хөрөнгийг зарж төлнө гэж үндэслэлгүйгээр гүтгэсэн... гэж үзэж байна. Хэргийн материалд нуруу хугарсан байх үеийн бүх баримтыг хавсаргасан. Хууль мэддэг хүнээс зөвлөгөө авсан. Хэвтэрт байх хугацаанд төлсөн 2,400,000 төгрөгийг үндсэн төлбөрөөсөө хасаж бусад төлбөрийг тооцож төлнө. Шүүгчийн туслахаас эрх, үүрэг тайлбарлахдаа эвлэрэх эрхтэйг тайлбарласан. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг уншиж танилцаад гомдсон гэжээ.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л Ф ББСБ ХХК нь хариуцагч Ц.Цид холбогдуулан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 15,000,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сараас 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацааны зээлийн хүү 5,820,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,524,000 төгрөг нийт 22,344,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч зээлийн гэрээний хугацааны буюу 9 сарын хүү 5,400,000 төгрөг, үндсэн зээлээс 1,800,000 төгрөгийг төлсөн гэж үзэж, үлдэх хэсгийг төлөх хүртэл боломжит хугацаа олгож, хүүгийн төлбөрөөс чөлөөлөхийг хүссэн тайлбар гаргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Зээлийн гэрээний төлбөрт 22,344,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд
Хариуцагч Ц.Ц нь нэхэмжлэгч Л Ф ББСБ ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 15,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй, бизнесийн үйл ажиллагааны зориулалтаар ашиглахаар 18/91 тоот зээлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2018 оны 10 дүгээр сарын 08-ны өдөр 15,000,000 төгрөгийг хариуцагчийн зээлийн дансанд шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлжээ. /хх-ийн 10, 17/
Хариуцагч гэрээгээр тохирсон хугацаанд зээл, зээлийн хүү төлөх үүргээ биелүүлэх боломжгүй болсонтой холбоотойгоор талууд 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэрээний хугацааг дахин 6 сараар сунгахаар тохиролцсон байна. /хх-ийн 15/
Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн болон зээлийн гэрээний сунгалтыг хүсэл зоригоо илэрхийлэн бичгээр хийсэн байх тул дээрх гэрээ, гэрээний сунгалт хүчин төгөлдөр байна гэж дүгнэв.
Зохигч зээлдүүлэгчээс 15,000,000 төгрөгийг гэрээний дагуу шилжүүлсэн, зээлдэгч зээлийн хүүгийн төлбөрт 4,800,000 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойш 2,400,000 төгрөг нийт 7,200,000 төгрөгийг төлсөн талаар магаагүй бөгөөд хариуцагч 2019.08.14-ний өдөр төлсөн 600,000 төгрөг, 2019.09.20-ны өдөр төлсөн 300,000 төгрөг, 2019.11.12-ны өдөр төлсөн 900,000 төгрөг нийт 1,800,000 төгрөгийг үндсэн зээлд төлсөн гэж тайлбарласан.
Зээлийн гэрээний 1.1-д зээлдэгчийн сар бүр төлөх хүүгийн хэмжээ, гэрээний 2.3-д үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг авахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн заалтыг зөрчөөгүй байх боловч гэрээний хугацааг дууссанаас хойш төлсөн төлбөрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ гэж зааснаар үндсэн зээлээс хасч тооцох нь зүйтэй байна.
Учир нь хариуцагч нь гэрээгээр тохирсон хугацааны хүүг төлсөн болохоо зөвшөөрч, үлдэх 1,800,000 төгрөгийг зээлд төлсөн болох нь түүний Хаанбанк ХХК дахь дансны хуулгаар нотлогдож байна.
Дээрх үндэслэлээр хариуцагч Ц.Ц нь нэхэмжлэгч Л Ф ББСБ ХХК-д үндсэн зээл 13,200,000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 4,523,200 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,379,520 төгрөг нийт 21,363,520 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд
Нэхэмжлэгч Л Ф ББСБ ХХК нь хариуцагч Ц.Цтой 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 18/090 тоот Хөрөнгө барьцаалах гэрээгээр Ц.Цийн өмчлөлийн Ү-2205030042 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө 26-5 дугаар байр, 3 тоот хаягт байршилтай, 31 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан гэх үндэслэлээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардаж байна.
Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар барьцааны эрх нь зээлдүүлэгчийн шаардах эрхтэй салшгүй холбоотой эрх бөгөөд мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор барьцааны эрх дуусгавар болох зохицуулалттай.
Талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан 18/090 тоот Хөрөнгө барьцаалах гэрээ хуулиар тогтоосон шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.
Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж зааснаар нэхэмжлэгч нь барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.
Талуудын байгуулсан барьцааны гэрээний 2.1-д барьцаагаар хангагдах үүргийн үнийн дүнг 15,000,000 төгрөг гэж тусгажээ.
Иймд хариуцагч зээлийн гэрээний төлбөрөө сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйлийг худалдан борлуулсан үнээс 15,000,000 төгрөг хүртэлх хэмжээний үүргийн гүйцэтгэл хангахыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ.
Барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан үнээс 15,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага төлбөр төлөгчийн эд хөрөнгөөс хуульд заасан журмаар төлбөр гаргуулах ажиллагаанд саад болохгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Ц.Цоос 21,363,520 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л Ф ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,241,280 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Ц.Ц төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Ц.Цийн өмчлөлийн Ү-2205030042 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө 26-5 дугаар байр, 3 тоот хаягт байршилтай, 31 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулсан үнээс 15,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Л Ф ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 339,820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цоос улсын тэмдэгтийн хураамжид 323,820 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР