Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 700

 

 

 

 

 

 

 

2020         5              28                                            2020/ДШМ/700

 

С.Ц, С.Л, С.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.М даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Цэнд-Аюуш,

хохирогч Ж.Б, Б.Б,

хохирогч Б.Оийн өмгөөлөгч Д.Чинзориг,

хохирогч Ч.Ц, С.М, нарын өмгөөлөгч Ш.Энхтөр,

шүүгдэгч С.Ц, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

шүүгдэгч С.М,

шүүгдэгч С.Л, С.М, С.Ц нарын өмгөөлөгч Д.Тамир,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/202 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.М, С.Ц, С.Л, тэдгээрийн өмгөөлөгч Д.Тамир, хохирогч Р.Б, Ч.Ц нарын өмгөөлөгч Ш.Энхтөр нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн шүүгдэгч С.Ц, С.Л, С.М нарт холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Б овгийн Сийн Ц, 1960 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 60 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хөнгөн үйлдвэрийн технологийн инженер мэргэжилтэй, “...” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, охин, зээ нарын хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../,

 

  1. Б овгийн Сийн Л, 1967 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, “...” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл ганцаараа, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:67010278/,

 

  1. Б овгийн Сийн М, 1969 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, “...” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, охины хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

Баянгол дүүргийн шүүхийн 1997 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 105 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан;

С.М, С.Ц, С.Л нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр “манай компани төслийн зээл авахаар боллоо, хөрөнгө оруулалтын 7.8 тэрбум төгрөг авахаар боллоо, зээл авахаар мөнгийг нь өсгөөд өгье” гэх мэтээр төслөө хэрэгжүүлэх боломжгүй бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж,

2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Т.Быг “2 дүүгийн хамт зээл авах гэж байгаа, зээл гаргахаар мөнгийг чинь өгнө” хэмээн хуурч  ... тоотод байрлах 416 мкв амины орон сууцыг газрын хамт, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавиулан 35.000.000 төгрөгийн,

2013 онд Монгол улсын Засгийн газраас зарласан “Экспортыг дэмжих импортыг орлох 888” төслийн шалгаруулалтад спорт хувцасны төсөл боловсруулж оролцон шалгарч 2.25 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авах байсан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд урьд нь авсан байсан 1.3 тэрбум төгрөгийн зээлээ төлөхийн тулд 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр уг банкны зээлийн барьцаанд хохирогч Р.Бын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж 12 дугаар байрны 27, 63, 64 тоот нийт 4 өрөө бүхий 3 байрыг, мөн түүний баз хүргэн болох хохирогч Ч.Цын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол ... өрөө байрыг 2 тэрбум төгрөгийн барьцаанд тавиулж,

2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хохирогч С.Бгээс 2011 онд үйлдвэрлэгдсэн “...” загварын тээврийн хэрэгслийг 108.000 ам.доллароор худалдаж авахдаа 1 сарын дотор мөнгийг нь бүрэн төлж барагдуулна хэмээн хуурч, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт худалдах, худалдан авах гэрээ байгуулан С.М нь 165 сая төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, мөн өдөр хохирогч Б.Боос ...УНЧ улсын дугаартай 125 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг 78.000 ам.доллароор худалдан авахаар тохиролцож, мөнгийг 1 сарын дотор бүрэн төлж барагдуулна хэмээн машиныг нь авч,

Ч.М, С.Ц нар нь бүлэглэн дээрх аргаар 2013 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр хохирогч Б.Оийн ... тоот 2 өрөө 58.9179 м.кв талбайтай байрыг 158.000.000 төгрөгөөр худалдан авна хэмээн хуурч “...” банк бус санхүүгийн байгууллагад 50.000.000 төгрөгийн барьцаанд тавиулан, 2014 оны 1 дүгээр сард бараа материал авах мөнгө хэрэгтэй байна хэмээн хуурч 23.600.000 төгрөгийг,

 2015 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч Д.Оээс манай компани тендерт оролцоод Аж үйлдвэрийн яамнаас дэмжигдээд 7 тэрбум төгрөг авах гэж байгаа, манай дүүгийн компани 2 тэрбум төгрөг авах гэж байгаа, барьцаа хөрөнгө шаардлагатай болоод байна, чи эд хөрөнгөө барьцаалах юм бол 1 тэрбум төгрөгийг нь аваарай, би чиний барьцаалсан хөрөнгийг 1 сарын дотор чөлөөлөөд өгчихнө гэж хэлж Аж үйлдвэрийн яамны бичиг мөн оёдлын үйлдвэрийн гэрчилгээг үзүүлэн Баянзүрх дүүргийн нутагт байх “Шилэн зах” худалдааны төвийн В1, 1 дүгээр давхруудыг банк бус санхүүгийн байгууллагад 100.000 ам.долларын барьцаанд тавиулан зээл авч 50.000 долларыг авч залилсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: С.Ц, С.Л, С.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Ц, С.М, С.Л нарт холбогдох хохирогч Ч.Ц, Р.Б нарыг залилсан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б овгийн Сийн Ц, Б овогт Сийн М, Б овогт Сийн Л нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Цыг 4 жил, С.Лг 3 жил, С.Мыг 6 жилийн хорих ялаар тус тус  шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүдэгч С.Цад оногдуулсан 4 жил, С.Лд оногдуулсан 3 жил, С.Мт оногдуулсан 6 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л, С.М нарын урьдчилан цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц, С.Л, С.М нараас 413,913,307 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.От 138.613.307 төгрөгийг, хохирогч Т.Бд 104.000.000 төгрөгийг, хохирогч Д.От 171.300.000 төгрөгийг тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхгийг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.М гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би ах, эгч нартайгаа хамтран 2006 онд “...” ХХК-ийг үүсгэн байгуулж, Монгол улсад оёдлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дотоодын хувцасны хэрэгцээг импортын хараат байдлаас гаргах, Англи, Япон, ОХУ-д бүтээгдэхүүнээ экспортлох, мөн олон зуун эмэгтэйчүүдийг ажлын байртай болгох зорилготой ажиллаж, үйдлвэрлэл үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Би ах, эгч нарын хамт үйлдвэрлэл явуулж шинэ техник технологи, зах зээлийг Монголд нэвтрүүлж байсан. Бид бусдыг залилан мэхлэх ямар нэгэн санаа бодол байгаагүй. Анхан шатны шүүхээс тухайн төсөл нь сонгон шалгаруулалтад ороогүй зохиомол байдлыг зориуд бий болгосон. Бусдыг хуурч, төөрөгдөлд оруулах замаар төсөл хэрэгжих боломжгүй байсныг нуун дарагдуулах замаар гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн. Мөн хохирогч Б.Оийн өмгөөлөгч Д.Чинзориг нь буруу ташаа мэдээллийг олон давтаж шүүгчид буруу мэдээлэл өгч байсан. “...” ХХК-ийн төсөл 2009 оноос хойш хэрэгжиж байсан уу, 2013-2016 онд хэрэгжихээр байсан гэдгийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар тодруулах хүсэлтэй байна. Үүнд: 2008-2012 онд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтэн, албан тушаалтан, сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарын албан тоотууд, 2012-2016 онд Үйлдвэр хөдөө аж ахуйн яам болон аж үйлдвэрийн яамны албан хаагчид, мэргэжилтэн, сайдын тушаал зэргийг, мөн зарим хүмүүсээс нэмэлт мэдүүлгийг авч, үнэхээр ажил төсөл хийгдэж байсныг тодруулж өгөхийг хүсэж байна. Энэ нь шүүх хуралдааны гол дүгнэлт бодитоор төсөл хэрэгжих боломжтой байсныг нотлох гол нотлогоо болно. Энэ ажиллагаа дутуу хийгдсэнээр би болон манай компани нь зориудаар бусдыг залилсан гэм буруутайд тооцогдсон болно. Би хохирогч Б.О, Б, Д.О, Б нарыг анхнаасаа таньж мэддэг байсан. Залилан мэхлэх санаа агуулаагүй бөгөөд эдгээр хүмүүс ч манай компанийн үйлдвэр, үйл ажиллагааг сайн мэддэг. Цаашид хамтран ажиллах санаа зорилгод нэгдэн хэн нэгний шахалт, дарамтгүйгээр иргэний харилцааны дагуу хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр хийж харилцан тохиролцсоны дагуу үйл явдал, мөнгө төгрөг, эд хөрөнгийн зээлийн харилцаа үүссэн бөгөөд Б.Оийн гомдлыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс, прокурор 3 удаа хэрэгсэхгүй болгосон. Бы гомдлыг мөн хэрэгсэхгүй болгон иргэний харилцаа гэж үзсэн зэргийг хэргийн баримтаар дахин нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар шалгуулах хүсэлтэй байна. Би хохирогч Б.Оийн байрыг хөлсөлж байсан. Бы хамаатны ахтай Гүржав найз. Мөн Бгийн дүү Отгонбаяртай танилцаж гэрээ хийсэн. Энэ хүмүүсийг хохирооё, залилъя гэсэн санаа агуулаагүй болно. С.Ц нь “...” ХХК-ийн захирлын зүгээс гэрээ, баталгаа зэрэгт гарын үсэг зурж байсан. Мөн С.Л нь эдгээр хүмүүсийг танихгүй, мөнгө төгрөг, зээлийн холбогдол байгаагүй зэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийг прокурорт буцааж нэмэлт мөрдөн байцаалтаар бодит хохирлыг үнэн зөвөөр тогтоох шаардлагатай байна. Би болон манай компани хохирогч нараас зээл бүтэхээр мөнгө өгнө гэж амлаагүй, үйл ажиллагаа болон бусад орлогоор зээлийг төлнө гэж гэрээнд зааж өгсөн. Б.О зэрэг хохирогчдод бид төлбөрийг хийж ирсэн. Үүнд, хохирогч Б.От бэлнээр 22 сая төгрөг, хохирогч Д.От 100 сая төгрөг, хохирогч Т.Бы хашаа байшин “...” ББСБ-д 25 сая төгрөг болон барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөхөөр Тэрэлж дэх газрын бичиг баримт, хохирогч Бд 1 тэрбум 830 сая төгрөг төлөхөөс 260 сая төгрөг төлсөн. Эдгээр бодит хохирол төлөлтийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар нарийн тогтоолгох шаардлагатай байна. Шүүхийн төлбөрийн талаар гаргасан шийдвэр нь бодит байдлаас асар их зөрүүтэй дүгнэлт гарган ял оногдуулсан. Би хохирогч Б.О, Б, Д.О нарын үлдэгдэл хохирол төлбөрийг төлж барагдуулах болно. 2011-2019 онд бүх боломж нөхцөлийг орлогоороо төлбөрийг төлж ирсэн. Цаашид би болон манай компанийн захирал С.Ц, мөн С.Л бид хохирогч нартай харилцан ойлголцож, иргэний харилцаа үүргийн дагуу тэдэнд төлбөр болон гуравдагч хуулийн этгээд болох “Ард кредит” ББСБ, “...” ББСБ, “...” ББСБ-ын удирдлага болон зээлийн ажилтнуудтай уулзаж тухайн байгууллагуудад хохирогч нарын өмнөөс төлсөн төлбөр болон гарсан алданги, үлдэгдэл төлбөр зэргийн тооцоог гаргаж дээрх хүмүүсийн хохирол, үлдэгдэл төлбөрийг нэн даруй төлж дуусгана. Хохирогч нарын өгсөн мэдүүлгээр “...” ХХК нь зөвхөн зээл авахаар төлбөрийг төлнө гэж хэлдэг гэсэн үг нь нотлогдохгүй байгаа. Үүний жишээ нь бид зээл авсан аваагүй гэрээний дагуу хохирогч нарт болон ББСБ-уудад төлбөрийг төлж байсан болон төлж байгаа, цаашид үлдэгдлийг нэн даруй төлж дуусгана. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Ц гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2006 оноос эхлэн оёдлын үйлдвэр ажиллуулж эхэлсэн бөгөөд бидний хэрэгжүүлж байсан оёдлын төлсийг холбогдох яам, банкууд дэмжин ажиллаж ирсэн. Бидний үйлдвэрээс зохион бүтээсэн хувцас нь гадаад улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдөж, борлогдож байсан бөгөөд улмаар Япон, Монгол хоёр улсын Засгийн газрын түвшинд экспортын борлуулалтын гэрээ хийгдэж байсан анхны компани билээ. Энэ үед хохирогч нар нь хамтран ажиллах саналтай байсан бөгөөд цаашид хамтран ажиллах талаар харилцан ярилцаж, тохиролцсоны үндсэн дээр зээлийн болон хамтын ажиллагааны гэрээ хийгдэж байсан ба төлбөрийг төлж байсан баримт хавтас хэрэгт байгаа бөгөөд зарим нотлох баримт дутуу байгааг харгалзан үзнэ үү. Би ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй бөгөөд Монгол улсын хөнгөн үйлдвэрийн салбарын тэргүүний ажилтан, Баянгол дүүргийн хүндэт иргэн зэрэг шагнал аван ажиллаж байсан нь миний хөдөлмөрийг үнэлж, бусдыг залилан мэхлэх сэдэлгүй болохыг харуулж байгаа юм. Хохирогч иргэдийн төлбөрийг нягтлан үзэж уг төлбөрийг үйлдвэрээ ажиллуулж бүтээгдэхүүний борлуулалтын орлогоор төлөх бүрэн боломжтойг Япон улстай хийсэн бүтээгдэхүүний борлуулалтын гэрээ баталгаажуулж байгаа болно. Миний эрх зүйн байдлыг дээшлүүлэх талаар харгалзан үзэж, хохирогч нарын төлбөрийг Иргэний хуулийн дагуу төлж, гэмт хэргийн аль нэг шинж байхгүйг тогтоож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Л гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би үйлдвэрлэл эрхэлж Монгол улсын оёмол бүтээгдэхүүнийг гадаад оронд экспортлох байнгын гарцтай болгохын тулд сүүлийн 20 жилийн хөдөлмөрөө зарцуулж ирсэн бөгөөд цаашид ч энэ ажлаа үргэлжлүүлэн гүйцэлдүүлэх болно. Гагцхүү энэ ажлын явцад дээрх хохирогчдод үүссэн хохирлын гэм бурууг хүлээн зөвшөөрч ухамсарлаж байна. Өнгөрсөн сүүлийн жилүүдэд хийсэн ажлын үр дүнд Улсын хөнгөлөлттэй зээл санхүүжилтийг хүлээхгүйгээр үйлдвэрлэлээ явуулж хохирогчдын хохирлыг төлөөд зогсохгүй олон хүн ажилтай орлогтой болж болох ийм цаг үед, ийм байдлаар хоригдож байгаадаа туйлаас харамсаж, гэм буруугаа ухамсарлаж байна. Иймд миний энэхүү байдал болон эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, хуульд заасан үндэслэлээр хорих ялаас бусад ялаар шийтгэж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна. ...” гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Тамир гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шаты шүүхийн шийдвэр нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэр нь хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын үйлдлийн хууль бус байдал болон гэм буруутай байх шинжийг хангасан эсэхэд бодитой хууль зүйн дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй. Хохирогч Т.Быг залилсан гэх үйлдлийн тухайд, Т.Б нь газар, байшингаа ББСБ-д барьцаалсан болохоос бодит хохирол учраагүй, өөрийнх нь өмчлөлд байгаа талаар мэдүүлсэн. Харин “... ББСБ” ХХК нь 35 сая төгрөгийн зээлийг олгосон нь баримтаар тогтоогдож байгаа. Энэ харилцааны асуудал нь дараах нотлох баримтуудаар нотлогддог. Хохирогч Т.Бы мэдүүлэг, шүүгдэгч С.Мын мэдүүлэг зэргээс үзэхэд, Т.Б нь “... ББСБ-тай 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 35 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байгаа. С.М нь зээлийн төлбөрт 25 сая төгрөг төлж байсан талаар мэдүүлсэн ба энэ талаарх баримтыг шалган тодруулж зээлийн гэрээний үүрэг биелэгдэж байсан эсэхийг тогтоосноор хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан. Мөн Т.Б болон Д.Дүгэр нарыг хохирогч, иргэний нэхэмжлэгчийн аль нь болохыг тогтоох шаардлагатай. Хэргийн бодит нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй гэж үзэж байна. Учир нь, хэргийн нөхцөл байдлаас харвал Т.Быг хохирогчоор тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй юм. Хуулийн энэ шаардлагын дагуу “... ББСБ” ХХК-ыг хохирогчоор, Т.Быг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон бол хуульд нийцэх байсан. Мөрдөн байцаалтын шатанд “... ББСБ” ХХК болон Т.Б, С.Ц нарын хооронд үүссэн харилцааг шалгахдаа болон хянан шийдвэрлэхдээ хэргийн хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар дүгнэлт хийгээгүй. Тус хэрэгт С.М нарыг 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр яллагдагчаар татсан. Өөрөөр хэлбэл, 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс хойш 7 жилийн дараа 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр яллагдагчаар татсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг зөрчсөн байна. Прокуророос тус эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байсан. Гэтэл 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тус дүүргийн Ерөнхий прокурорын шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж нэгтгэх шийдвэр гаргаж, үндэслэлгүйгээр хэргийг сэргээж нэгтгэсэн нь хуульд нийцэхгүй тул прокурорын тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Хэргийн оролцогч буюу хохирогч прокурорт гомдол гаргаагүй байхад 2 жил гаруй хугацаа өнгөрсний дараа хэргийг сэргээж байгаа нь мэргэжлийн ёс зүйн алдаа болжээ. Энэ алдааг шүүх залруулж прокурорын шийдвэрийг хүчингүй болгох боломжтой байсан. Хохирогч Ж.Бг залилсан гэх үйлдлийг дор дурдсан баримтуудаар үгүйсгэж байна. Ж.Б нь С.Лтэй Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан “зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г нотариатаар гэрчлүүлэн байгуулжээ. Талуудын хооронд байгуулсан энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцсэн, мөн хуулийн 22 дугаар бүлэгт заасан “Худалдах, худалдан авах” гэрээний төрөлд хамаарах хууль ёсны гэрээ юм. С.М, С.Л нар нь автомашины төлбөрийг тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлж барагдуулж дуусгасан. Шүүхийн шинжилгээний үндэсний төвд гарын үсгийн шинжилгээ томилж дүгнэлт гарсан. Уг дүгнэлтэд мөнгө хүлээж авсан баримт дээрх гарын үсэг Ж.Бгийн гарын үсэгтэй тохирч байна гэжээ. “Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ”, Ж.Б болон шүүгдэгч нарын мэдүүлэг, мөнгө хүлээлгэж өгсөн баримтууд болон шүүгдэгч С.Мын: “...төсөлд шалгарсан, удахгүй зээл бүтнэ...” гэж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжийг үнэн байдлаар хэлж тайлбарлан автомашиныг зээлээр авсан зэргээс хэрэгжих эсэх нь тодорхойгүй төслийн бичиг баримт үзүүлж хуурч мэхлэн их хэмжээний хохирол учруулсан...” гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэж байна. Хохирогч Б.Оийг залилсан гэх үйлдлийг дор дурдсан баримтуудаар үгүйсгэж байна. Хохирогч Б О иргэний нэхэмжлэгч Б.Ганзориг нар нь “...” ХХК-ийн захирал С.Ц С.М нартай Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулжээ. Талуудын хооронд байгуулсан энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцсэн, мөн хуулийн 48 дугаар бүлэгт заасан “Хамтран ажиллах гэрээ”-ний төрөлд хамаарах хууль ёсны гэрээ байна. Уг гэрээгээр Б.О нь орон сууцаа 70 сая төгрөгийн барьцаанд тавьж “...” ХХК-д туслалцаа үзүүлэхээр, Б.Оийн байрыг 158 сая төгрөгөөр, Шарга морьт дахь зуслангийн орон сууцыг 100 сая төгрөгөөр худалдаж авах нөхцөлтэй “хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан байдаг бөгөөд орон сууцыг барьцаанд тавьж 50 сая төгрөгийг “...” ХХК-д хүлээлгэн өгснөөр үйл ажиллагаандаа зарцуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Мөн 2014 оны 1 дүгээр сард тоног төхөөрөмж оруулж ирэхэд мөнгөний хэрэг байна гэж Б Оээс 23 сая төгрөг зээлж авсан, энэ мөнгийг “...” ХХК нь мөн үйл ажиллагаандаа зарцуулсан болох нь тус компанийн нэрээр оёдлын машин болон бусад тоног төхөөрөмжийг Монгол улсын хилээр оруулж ирсэн холбогдох баримтуудаар нотлогдоно. Хохирогч Б.Оийн гаргасан өргөдөл болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд нь зөрүүтэй, хохирлын хэр хэмжээний талаар олон янзаар мэдүүлдэг зэрэг байдлаас шалтгаалан шүүх хохирогчийн мэдүүлэг бодитой эсэх, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон эсэх асуудлын талаар бодитой дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр Б.О нь орон сууцаа “... ББСБ" ХХК-д 50 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, уг мөнгийг гэрээний дагуу “...” ХХК-д өгсөн. Энэ нь Иргэний журмаар хянан хэлэлцэгдэх хүчин төгөлдөр гэрээний харилцаа байхад гэрээний нэг талын гомдлоор үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй юм. Хохирогч Д.Оийг залилсан гэх үйлдлийг дор дурдсан баримтуудаар үгүйсгэж байна. С.Ц, С.М нар нь Б.Оийн нөхөр Наранбаатартай Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан “зээлийн гэрээ”-г нотариатаар гэрчлүүлэн байгуулжээ. С.М, С.Ц нар нь авсан зээлийн төлбөрөө тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлж барагдуулж дуусгасан нь баримтаар нотлогдож байна. Анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь хэргийн бодит нөхцөл байдлыг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, оролцогч, гэрч нарын мэдүүлэг зэргийг харьцуулах, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж үнэлэх гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан: “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал”, “шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр” зэргийг шийтгэх тогтоолын гэм буруутайд тооцох хэсэгт тусгана гэсэн хуулийн шаардлага хангаагүй, энэ талаар дүгнэлт огт хийгээгүй. ...” гэв.

Хохирогч Ч.Ц, С.М нарын өмгөөлөгч Ш.Энхтөр гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Б, Ц нарын зүгээс шүүгдэгч нарын ярьсан, хэлсэнд итгэж төслөө амжилттай хэрэгжүүлээд бидний байрыг буцааж өгнө гэж итгэж, найдсан учраас өндөр үнийн дүн бүхий байруудаа барьцаанд тавиулахаар итгэмжлэл олгосон. Хохирогч нар шүүгдэгч нарыг өөрсдийнх нь байрыг зээлийн барьцаанд тавих гэж байгаа тухай тухайн үед мэдсэн бол байраа барьцаанд тавиулах эрхийг олгохгүй байсан. Гэтэл дээр дурдсан гэмт хэргийн шинжтэй идэвхтэй үйлдлүүдээр бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхэд санаатайгаар, урьдчилан төлөвлөж, халдаж өмчлөх эрхийг шилжүүлж авсан нь хангалттай тодорхой байхад анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүгдэгч нар нь бусдыг төөрөгдөл оруулж, залилан мэхэлж хохирогч нарт хэрэгжих эсэх нь тодорхойгүй төслийн бичиг баримт үзүүлж хуурч мэхлэн, бусдыг төөрөгдөлд оруулж, залилж, их хэмжээний хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтууд, гэрч нарын мэдүүлэг, мэргэжлийн байгууллагын дүгнэлт болон бусад холбогдох баримтуудаар нотлогдож байхад эдгээрт үнэлэлт дүгнэлт хийж, хэрэгт хамааралтай талаас нь шинжлэн судлалгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Мөн шүүгдэгч нар нь хохирогч нартай анх уулзахдаа өөрийн төслийг холбогдох баримтын хамт танилцуулж, төслийн зээл гарахаар барьцаанд тавьсан хөрөнгүүдийг тодорхой урамшууллын хамт эргүүлэн төлөх талаар санал тавьсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон. С.Л, С.Ц нар нь төслийн үйл ажиллагаанд зарцуулах ёстой зээлийг өмнө нь авсан байсан “...”ХХК-ийн 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр авсан 1.2 тэрбумын зээлд 1.236.1 сая төгрөг төлсөн байна гэх аудитын компанийн дүгнэлт болон зээлийг зориулалтын дагуу ашиглаж, төсөлд заасны дагуу үр шим бий болгож чадаагүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа билээ. Барьцаа хөрөнгөнд барьцаа хийгдсэн, улсын бүртгэлд барьцааны талаарх тэмдэглэл хийгдсэн үеэс эхлэн эд хөрөнгийн захиран зарцуулах эрх нь хязгаарлагдаж байгаа юм. Иймд хохирогч Р.Б, Ч.Ц нар нь нэгэнт өөрсдийн өмчлөлийн байрнуудын хувьд захиран зарцуулах эрхээ алдаж, хохирол амссан байхад үүнийг иргэний эрх зүйн маргаан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Хохирогч Р.Б, Ч.Ц нарт шинжээчийн дүгнэлтийн дагуу 1.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэдгийг тогтоосон атал анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутай хэмээн үзсэн атлаа манай үйлчлүүлэгч нарт хохирол учруулсан үйлдлийг эрүүгийн хэрэг биш, иргэний хэрэг гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг ноцтойгоор зөрчсөнийг анхааран үзэх шаардлагатай. Иймд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “Хохирогч Р.Б, Ч.Ц нарыг залилсан гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй” гэх хэрэгсэхгүй болгосон хэсгийг хэрэгсэхгүй болгож, С.Ц, С.Мягмаржэв С.Л нарыг гэм буруутайд тооцож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Цын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг түдгэлзүүлэх үндэслэлийг шийдвэрлэсэн асуудлын тухайд, давж заалдах шатны шүүх хуульд заасныг баримтлаагүй гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан тогтоол хүчингүй болох үндэслэл хангалттай бүрдсэн. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг баримтлан бүлэглэн гүйцэтгэсэн гэх хэлбэрээр төрсөн ах, дүү гурвыг яллагдагчаар татсан. Шүүх ял шийтгэлийг ялгамжтай оногдуулсан. Гагцхүү шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, хуулийн дагуу бичигдсэн байх зарчмыг хангаагүй. Хэрэв Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд зааснаар бүлэглэн гүйцэтгэсэн гэж ял сонсгосон бол оролцогч тус бүрийн үйлдсэн үйлдлийн оролцоо байх ёстой. Шүүх хуулийг баримталж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хамтран оролцсон хэлбэрийг тогтоох ёстой байсан. Шүүгдэгч С.Цын хувьд, хохирогч О, Б нараас авсан үйлдэлд оролцоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох талаар заасан. Шүүх нэр бүхий хохирогч нарт оногдох хохирлыг гаргасан. Хэрэв шүүгдэгч нарыг энэ хэрэгт ял шийтгэлтэйд тооцож байгаа бол төрсөн ах, дүү гурав гэж дунд нь хохирлыг тавьж байгаа эсхүл хувь тэнцүүлж гаргуулах гэж байгаа мэт харагдаж байна. Шүүгдэгч бүрийг гэм буруутайд тооцсон хэрнээ хохирлыг хэн төлөхийг яагаад тогтоогоогүй байна вэ. Хэдийгээр төрсөн ах, дүү нар боловч бусдыг залилсан гэж шүүхээс тооцсон төлбөрийг шударгаар төлөх хэрэгтэй. Үүнийг давж заалдах шатны шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4 дэх заалтуудыг зөрчсөн. 2015 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хамгийн сүүлийн хэрэг үйлдэгдсэн гэж яллах дүгнэлтэд бичигдсэн. 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хөөн хэлэлцэх хугацааны тухай хуулийн зохицуулалтыг батлахаас өмнө цаг хугацааны хувьд 2017 оны хүчин төгөлдөр хууль мөрдөгдөж байсан. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг батлахаас 1 өдрийн өмнө тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хөөн хэлэлцэх хугацааны заалт хүчин төгөлдөр байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны заалт хүчин төгөлдөр  байсан. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол тооцох энэ хуулийн заалт хүчин төгөлдөр үйлчилж байсан. Бидний гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан хэсэгт анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй. ...” гэв.

Хохирогч Ж.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар хохирогчийн өмгөөлөгч шиг цэгцтэй ярихгүй бусдыг залилан мэхэлсэн хүмүүстэй адил ярьж байгаад гомдолтой байна. Хохирлын тухайд, бид нар гэрээ байгуулахдаа 100.000 доллар, 78.000 доллараар тус тус бодсон. Гэтэл шүүгдэгч нар цагдаа, хууль сахиулах байгууллагынхантай хуйвалдаж ажиллаж байсны хувьд хохирлын үнэлгээг доллар бус төгрөг болгож оруулсан байдаг. Миний хувьд гэрээ байгуулахдаа цаг тухай бүрт нь доллараар гэж тохирсон байхад өнөөдрийн ханш буюу төгрөгөөр тооцсон. Шүүгдэгч С.М надад өгөөгүй мөнгөө өгсөн гэж мэдүүлсэн. Тэрээр урьд энэ төрлийн гэмт хэргээр ял шийтгэгдэж улсыг хохироож байсан гэмт хэрэгтэн. Надад одоо 56.000.000 төгрөгийн хохирол барагдуулах ёстой. ...” гэв.

Хохирогч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний шүүхийн шийдвэрээр надад 130 сая төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Гэвч шүүхийн шийдвэр биелэгдэхгүй, шүүгдэгч нар зугтаад, 2 жилийн хугацаанд олдохгүй байна гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас надад хэлсэн. Шүүгдэгч нар надад учруулсан хохирлоо төлөхгүй байгаа тул гомдолтой байна. ...” гэв.

Хохирогч Б.Оийн өмгөөлөгч Д.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож буцаах, прокурорт буцаах үндэслэлгүй, харин зохих өөрчлөлтийг оруулж болно гэж үзэж байна. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Тамирын гаргасан давж заалдах гомдлын тухайд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй гэж байна. Үүнд давж заалдах шатны шүүхээс өөрчлөлт оруулах боломжтой. Хавтас хэргийн материалаас үзэхэд шүүгдэгч нарын үйлдэл, оролцоог тодорхой бичсэн байдаг. Хохирогч Б.Оийн хувьд 50 сая төгрөг авсан, мөн дээр нь 23,6 сая төгрөг авсан байхад яагаад 138 сая төгрөгийн хохирол гаргуулахаар болсон бэ гэж маргаж байна. Хамгийн гол нь тухайн эд хөрөнгийн эрхийн 115 сая төгрөгийн үнэлгээтэй байрыг нь барьцаанд тавиулж, уг байр нь фидуцийн гэрээний дагуу банк бус санхүүгийн байгууллагад хураагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, өмчлөх эрхээрээ хохирсон байдаг тул эдгээрийг нэмж тооцож 138 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Мөн цагаатгах нотлох баримтыг цуглуулаагүй гэж байгаа боловч өмгөөлөгч Д.Тамир энэ хэрэгт анхнаасаа өмгөөлөгчөөр оролцсон тул үүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөх бүрэн боломжтой байсан. 7 жилийн дараа яллагдагчаар татсан нь үндэслэлгүй гэж байна. олон хэрэг үргэлжилж хөөн хэлэлцэх хугацаа дуусахаа өмнө дахин шинээр гэмт хэрэг үйлдсэн учир хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр тооцож яллагдагчаар татсан байдаг. Б.О, Ганзориг нартай хамтран ажиллах гэрээ байгуулсан буюу иргэний харилцаа байсан гэж тайлбарлаж байгаа боловч уг гэрээгээр Шарга морьт дахь зуслангийн газрыг 100 сая төгрөгөөр, 115 сая төгрөгийн үнэлгээтэй байшинг 158 сая төгрөгөөр сарын дотор авна гэж байгуулсан. Энэ нь хэрэгжих боломжгүй анхнаасаа хуурах зорилготой байсан. 2013 онд үзүүлсэн бичиг баримт нь хөрөнгө оруулалтын төслийн зээл байсан. Гэтэл 2015 онд 1,7 тэрбум төгрөгийн зээл гаргасныг хохирогч Ч.Ц, Б нарын байрыг барьцаанд тавиулж С.Лгийн компанийн өрийг дарахад ашигласан байдаг. Түүнээс хойш шүүгдэгч нар зөвхөн “бид нарын төсөл хэрэгжих байсан. Хүнс хөдөө ах ахуйн яамнаас дэмжигдсэн” гэж ярьдаг. Гэтэл хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар “...” ХХК-д 23,6 сая төгрөгийн санхүүжилт олгохоор зөвшөөрсөн санхүүгийн баримт л байдаг. Нэмэлтээр хүсэлт гаргасны дараа 23 сая төгрөг нэмсэн. Нийт 46 сая гаруй төгрөгийн зээлийг яам дэмжсэн. Гэтэл үүнийг 10 тэрбум төгрөгийн зээл дэмжсэн. Үүнээс хамтран ажиллаж байгаа тул хохирогч нарт 200 сая төгрөгийг хүүгүй зээлүүлье, газар, байрыг үнэтэй авъя гэж хуурч хохирогч нарын эд хөрөнгийг авсан байдаг. Өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн тайлбарын хувьд, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулиар цэцийн дүгнэлт гарснаар тухайн хуулийн үйлчлэл түдгэлздэг. Гэтэл үүнтэй холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гараагүй, зөвхөн маргаан үүсгэсэн байгаа тул хэргийг түдгэлзүүлэх үндэслэлгүй. Түүнчлэн Б.Оийн үйлдэлд С.Ц оролцоогүй гэж байгаа боловч С.Ц, дүү С.Мын хамт өрөөндөө уулзаад “би захирал нь байгаа юм” гэж хэлж хамтран ажиллах гэрээ байгуулж, хоёулаа гарын үсэг зурсан байдаг. Энэ талаар хамтын ажиллагааны гэрээ байдаг бөгөөд хохирогчийн мэдүүлэг байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор Т.Цэнд-Аюуш тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Учир нь, шүүгдэгч нар бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, төсөлд шалгарч авсан төслийн мөнгөө хохирогч нарт учруулсан хохирлоо төлөх мэтээр ойлгуулж гэмт хэрэг үйлдсэн. Энэ нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Шүүгдэгч нар төсөлд шалгарч, төслийг хийж, төслийг хийх гэж Засгийн газраас дэмжигдсэн байж болно. Гэвч уг төслийн мөнгийг бусдаас авсан мөнгөндөө төлөх, зориулалтын бус ашиглах ёсгүй. Харин бичсэн төсөл биелэгдэхээр захиран зарцуулах ёстой байсан. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар Голомт банк мөнгийг өгөөгүйгээс болж шүүгдэгч нар эрүүгийн хариуцлага, ял шийтгэл хүлээх болсон гэж банкийг буруутгадаг. Гэвч прокурорын зүгээс Голомт банк улсын төсөвт хохирол учруулахгүйгээр мөнгийг өгөөгүй нь зүйтэй байсан гэж үзэж байна. Энэ талаар шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүх хуралдааны үед ярьж, Голомт банкийг шалгуулъя гэж удаа дараа хүсэлт гаргаж байсан. Гэвч үүнийг шалгах шаардлагагүй. Төслийн мөнгийг өгөх, өгөхгүй асуудал нь Засгийн газар, банкны асуудал юм. Шүүгдэгч нарын зүгээс банкинд хадгалуулсан мөнгөө авч хохирогч нарт өгөх гэж байгаа мэт дүр эсгэн хохирогч нарт итгэл төрүүлж, биелэгдэх боломжгүй гэрээ байгуулан уг гэмт хэрэг үйлдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангид бүлэглэж үйлдсэн гэсэн заалт байхгүй байсан тул прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлаж зүйлчилсэн. Үүнийг анхан шатны шүүх тухай үедээ засаж залруулан ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн оролцогч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Хавтас хэргийг судлахад, шүүгдэгч С.Лг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Гантулга 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан /17хх 228/ бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 283 дугаартай прокурорын тогтоолоор Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Бат-Эрдэнэ “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар” гэж тухайн хуульд байхгүй зүйл ангиар ял сонсгон яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан байна /21хх 20/. Прокурорын энэхүү тогтоолд ямар нэгэн өөрчлөлт оруулсан болон хүчингүй болгосон нотлох баримт хэрэгт байхгүй байна.

Гэтэл Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шүүгдэгч С.Ц, С.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж /21хх 214, 227/ зохих ажиллагааг хийсэн атлаа шүүгдэгч С.Лгийн холбогдсон хэргийн зүйлчлэлийг өөрчлөлгүйгээр 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 918 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ түүний үйлдлийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт”-д зааснаар зүйлчлэн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн хууль ёсны байх зарчмыг, шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх” эрхийг тус тус зөрчсөн, мөн анхан шатны шүүх шүүгдэгчид ял сонсгоогүй Эрүүгийн хуулийн зүйл ангиар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зөрчилд хамаарна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

Прокуророос шүүгдэгч С.М, С.Ц, С.Л нарыг “бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр “Манай компани төслийн зээл авахаар боллоо, хөрөнгө оруулалтын 7.8 тэрбум төгрөг авахаар боллоо, зээл авахаараа мөнгийг нь өсгөөд өгье” гэх мэтээр төслөө хэрэгжүүлэх боломжгүй бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж,

2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Т.Быг “Хоёр дүүгийн хамт зээл авах гэж байгаа, зээл гаргахаар мөнгийг чинь өгнө” хэмээн хуурч  ... тоотод байрлах 416 м.кв амины орон сууцыг газрын хамт “...” ББСБайгууллагад барьцаанд тавиулан 35.000.000 төгрөгийн,

2013 онд Монгол Улсын Засгийн газраас зарласан “Экспортыг дэмжих импортыг орлох 888” төслийн шалгаруулалтад спорт хувцасны төсөл боловсруулж оролцон шалгарч 2.25 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авах байсан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд урьд нь авсан байсан 1.3 тэрбум төгрөгийн зээлээ төлөхийн тулд 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр уг банкны зээлийн барьцаанд хохирогч Р.Бын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж 12 дугаар байрны 27, 63, 64 тоот нийт гурван байрыг, хохирогч Ч.Цын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол Сөүлийн гудамжны 12 дугаар байрны 12 тоот нэг байрыг 2 тэрбум төгрөгийн барьцаанд тавиулж,

2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хохирогч С.Бгээс “...” загварын тээврийн хэрэгслийг 108.000 ам.доллароор худалдаж авахдаа “Нэг сарын дотор мөнгийг нь бүрэн төлж барагдуулна” хэмээн хуурч, Худалдах, худалдан авах гэрээ байгуулан С.М нь 165 сая төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, мөн өдөр хохирогч Б.Боос ...УНЧ улсын дугаартай 125 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг 78.000 ам.доллароор худалдан авахаар тохиролцож, “Мөнгийг нэг сарын дотор бүрэн төлж барагдуулна” хэмээн машиныг нь авч,

Ч.М, С.Ц нар нь бүлэглэн дээрх аргаар 2013 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр хохирогч Б.Оийн ... тоот хоёр өрөө 58.9 м.кв талбайтай байрыг 158.000.000 төгрөгөөр худалдан авна хэмээн хуурч “...” ББСБайгууллагад 50.000.000 төгрөгийн барьцаанд тавиулан, 2014 оны 1 дүгээр сард “Бараа материал авах мөнгө хэрэгтэй байна” хэмээн хуурч 23.600.000 төгрөгийг,

 2015 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч Д.Оээс “Манай компани тендерт оролцоод Аж үйлдвэрийн яамнаас дэмжигдээд 7 тэрбум төгрөг авах гэж байгаа, манай дүүгийн компани 2 тэрбум төгрөг авах гэж байгаа, барьцаа хөрөнгө шаардлагатай болоод байна, чи эд хөрөнгөө барьцаалах юм бол 1 тэрбум төгрөгийг нь аваарай, би чиний барьцаалсан хөрөнгийг нэг сарын дотор чөлөөлөөд өгчихнө” гэж хэлж Аж үйлдвэрийн яамны бичиг, оёдлын үйлдвэрийн гэрчилгээг үзүүлэн Баянзүрх дүүргийн нутагт байх “Шилэн зах” худалдааны төвийн В1, 1 дүгээр давхруудыг ББСБайгууллагад 100.000 ам.долларын барьцаанд тавиулан зээл авч 50.000 долларыг авч залилсан” гэж тус тус дүгнэж яллах дүгнэлт үйлджээ.

Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэлт, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх, учруулсан хохирлын хэр хэмжээ зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж, яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоосон байвал зохино.

Гэтэл анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн шийтгэх тогтоолд шүүгдэгч нарыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо ямар үйлдэл хийсэн нь, хэрэгт авагдсан аль нотлох баримтуудаар тогтоогдож байгаа, эсхүл няцаан үгүйсгэгдэж байгаа талаар дүгнэлтүүдийг хийлгүйгээр,

“...Яллагдагч С.М, С.Ц, С.Л нар нь бүлэглэн хохирогч Т.Быг залилсан, ...хохирогч Р.Б, Ч.Ц нарыг залилсан, ...хохирогч Ж.Б, Б.Б нарыг хуурч эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан, ...Яллагдагч С.М, С.Ц нар нь бүлэглэн хохирогч Б.Оийг залилсан, ...хохирогч Д.Оийг залилсан” гэж бичсэнээс өөрөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлын хүрээнд хэргийн үйл баримтыг огт дүгнэж бичээгүй,

“...Хохирогч Р.Б, Ч.Ц нарыг залилсан гэмт хэрэг үйлдсэн” гэж бичсэн атлаа “...Ч.Ц, Р.Б нарыг залилсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж харилцан уялдаагүй, ойлгомжгүй, эсрэг байдлаар дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн прокурорын яллах дүгнэлтэд хохирогч Ч.Ц, Р.Б нарын хохирсон гэх хэргийн үйлдэл холбогдол, бусад хохирогч нарын хохирлын хэр хэмжээ, шинж чанарын талаар дүгнэхдээ ойлгомжгүй байдлаар, үндэслэлтэй дүгнэлт өгөлгүйгээр бичиж, гэмт хэргийн субъектив шинж буюу гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд онцгой ач холбогдолтой байж болох нөхцөл байдлуудыг тодруулах, шалгах ажиллагааг хангалтгүй хийгдсэн, нотлох баримтууд харилцан зөрүүтэй, уг зөрүүтэй байдлыг арилгаагүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Дээрх байдлуудаас дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг тогтоох ажиллагаа бүрэн гүйцэт хийгдээгүй, гэмт үйлдэл хэзээ эхэлж, хэзээ төгссөн, гэмт хэргийг хэн хэрхэн үйлдсэн, гэм буруугийн сэдэлт, зорилго, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн тогтоож, прокуророос хуульд заасан эрх хэмжээнийхээ дагуу хуулийн үндэслэл бүхий яллах дүгнэлт үйлдээгүй байхад шүүх хэргийг хүлээн авч, эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгох эрхгүй тул давж заалдах шатны шүүх хуралдаанаас нэр бүхий хохирогч нарын зөрчигдсөн эрхийг сэргээж, шүүгдэгч С.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнээр гэм буруутай гэж үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.  

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/202 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Ц, С.Л, С.М нарт холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт хүргүүлтэл С.Ц, С.Л, С.М нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.М

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ