Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2020/03317

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч Ц.Ц нэхэмжлэлтэй

     

        Хариуцагч Г.Г

           

        Хариуцагч Д.П

        Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.М, хариуцагч Г.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагч Б.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Унар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

       

       Нэхэмжлэгч Ц.Ц нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

      2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр манай бэр Б.Б найз Г.А над руу “...цагдаагийн хариуцлагатай ажилтай хүн байна. Зээл чөлөөлөөд өдөртөө 2 цагийн дотор мөнгийг нэг хувийн хүүтэй буцаан өгнө. Банк бус санхүүгийн байгууллагын захирал түүний үеэл нар хоорондоо тохиролцсон, 20.000.000 төгрөгийн зээлийг хааж 40.000.000 төгрөгийн зээл авахаар ярьсан байгаа гэж утсаар хэлээд мөнгө гуйсныг зөвшөөрсөн.

      Ингээд намайг Баянгол дүүргийн Цагдаагийн газар ирэхэд “Г.Г гэх хүн дүрэмт хувцастайгаа байж байсан. Тэр өдөр Г.Г анх удаа харсан. Г.Г мөнгөө бэлнээр авч ирээгүй юмуу гэж дурамжхан асуухад нь “..би фитнес дээрээ байж байгаад ирж байна. Мөнгөө бэлнээр авч ирээгүй” гэхэд “..тэгвэл энэ 5011-8888-04 данс руу хий гээд дансны дугаар өгсний дагуу 17.000.000 төгрөгийг шилжүүлж, 3.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Эндээс гараад банк бус санхүүгийн байгууллага дээрээ намайг дагуулж очоод “энд сууж бай” гээд суулгасан.

      Тэнд очоод, намайг доор суулгаад “би удахгүй ирнэ” гэж хэлээд өөрөө дээшээ гарсан. Буцаж гарч ирээд “цайны цагийн дараа болъё” гээд Г.Г гараад явсан.

      Би ч гэртээ харьж хувцсаа солиод дуудахгүй болохоор нь өөрөө очиж, банк бус санхүүгийн байгууллагын доор хоолны газарт суугаад хүлээсэн.

       Ирэхгүй болохоор нь утсаар залгахад “энд ч байна, тэнд ч байна” гэж хэлээд алга болоод мөнгөө авч чадахгүй өнөөдрийг хүрсэн.

      Би үндсэн 20.000.000 төгрөгнөөс Л.Э хэлсэн н.М гэдэг хүний хийсэн 5.500.000 төгрөгийг хасаад 14.500.000 төгрөгийг нэхэмжилж байна.

       Энэ хүмүүс худлаа ярьж байна. Би Л.Э өөр “Зээлийн гэрээ” байгуулаад өмнөх мөнгөө өгөөгүй өдий хүрсэн тул гэрээнд заасан мөнгийг өгөх болъё гээд өгөөгүй. Энэ байгуулсан үнэн.

      Мөнгийг Г.Г өгөхөд гэрч надад зуучилж өгсөн. Г.Г гэдэг хүн мөнгө авсан гэдгийг гэрч тодорхой хэлж өгнө. Анх Г.Г зээл хааж 2 цагийн дотор мөнгөө өгөхөөр тохирч мөнгө авсан. Энэ талаар Л.Э надтай ярьсан ярианы бичлэг ч байдаг, гэжээ.

 

       Хариуцагч Г.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

      Нэхэмжлэгчийн ярьж буй зүйл нь бодит үнэнд нийцэхгүй байна. 3.000.000 төгрөгийг Г.Г гэдэг хүн авсан боловч 17.000.000 төгрөг Г.Г дансанд ороогүй. Тухайн мөнгөөр н.Э гэдэг хүний зээлийг хаасан. 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр авсан зээлийг 20.000.000 төгрөгөөр хаасан. Тухайн зээлийг хаахдаа энэ хүнийг дагуулж явсан. Энэ хүнийг дагуулж ирээд мөнгө авч, зээлээ хаалгасан зүйл болсон. Г.Г энэ хүнийг танихгүй бөгөөд Л.Э дагуулж ирээд 20.000.000 төгрөгийн үнийн дүнтэй зээлээ хаалгасан асуудал бий. Г.Г хувьд энэ мөнгийг өөртөө аваагүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч, Л.Э гэдэг хүнтэй “Зээлийн гэрээ байгуулсан байдаг гэжээ.

 

            Хариуцагч Б.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр манай үеэл болох Г.Г, Л.Э гэдэг хүнтэй хамт ажил дээр орж ирсэн.

           Ингэхдээ Г.Г “...энэ хүн манай найз байгаа юм. 20.000.000 төгрөг хэрэгтэй байна. Танд зээлэх боломж байна уу?” гэж хэлсэн.

           Эхлээд 20.000.000 төгрөг хэрэгтэй гэхээр нь албан ёсоор зээлүүлэх боломж байхгүй гэж хэлсэн. “...Тэгвэл би барьцаа, баталгаа нь болж өгье, та миний нэр дээр олгож байгаа юм шиг Л.Э гэдэг хүнд зээл олгоод өгөөч” гэж гуйсан.

           Би “яг 2 сарын хугацаанд чамд өгч байгаа юм шиг 20.000.000 төгрөгийг өглөө шүү” гэж хэлээд баталгаа бичүүлж авсан. Л.Э өөрөө хүсэлтээ бичсэн. Ингээд 20.000.000 төгрөгийг зээлсэн. 2 сарын дараа “Г.Г би чамд олгож байгаа шүү, хэрвээ энэ хүн чинь төлбөрөө төлөхгүй бол чамтай хариуцлага тооцно шүү” гэж хэлсэн болохоор 2 сарын дараа хүрч ирээд, Г.Г төлсөн.

          Миний хувьд Г.Г, Л.Э хоёрт өгсөн мөнгөө буцааж авсан. Үүнийг Л.Э өөрөө нотолдог. Ц.Ц надад мөнгө орж ирдэг өдрөө Л.Э “30.000.000 төгрөгийн зээл танайх надад олгох боломж байна уу” гэхэд нь судлаад үзсэн олгох боломжгүй байсан тул “олгох боломжгүй” гээд буцаасан.

          Нэлээн хэдэн сарын дараа Ц.Ц манай ажил дээр орж ирсэн. Тэгээд “би танайд 20.000.000 төгрөг шилжүүлж өгсөн. 20.000.000 төгрөгөө авмаар байна. Би мөнгөө чиний данс руу хийсэн” гэж надад хэлсэн.

          Би Г.Г, Л.Э зээлсэн мөнгөө авсан. Ц.Ц мөнгө аваагүй тул төлөх боломжгүй гэж үзэж байна.

       Мөн 2020 оны 3 дугаар сард энэ хүнийг хүлээгээд шүүх хуралдааныг хойшлуулсан. Тэгэхэд Л.Э шүүхэд гаргаж өгсөн баримт байгаа, гэрчийн мэдүүлэг ч байдаг.

        Түүнээс хойш та нар хоорондоо уулзаад Л.Э “надад огт мөнгө байхгүй. Г.Г гадаад улс руу явсан юм чинь энэ хүнээс мөнгө ав” гээд бичлэг хийгээд надаас мөнгө нэхэж байвал эцсээ хүртэл явж болно.

        Хэрвээ чи Л.Э тохиролцож утсан дээрээ бичлэг хийсэн бол Л.Э өөрийг нь байцуулж байж нүүрэлдэнэ.

        Л.Э бид хоёрын хооронд хийсэн гэрээ байдаг. Чи ийм хуурамч зүйлийн төлөө улайрч байвал надад мөн гэрч байна.

        Бид хүнээс 20.000.000 төгрөг битгий хэл 2000 төгрөг ч залилж байгаагүй. Өнөөдөр учраа ололцоод, хэргээ шийднэ гэж бодоод хүрч ирсэн болохоос бүх болсон үйл явдлыг мэдсээр байж мөнгөтэй хүнээс нь авна гэж байгаа бол би эцсээ хүртэл явна.

         Үеэл нь байгаа юм, 2 цагийн дотор буцаагаад мөнгийг өгнө гэсэн гэдгийг сонсоод гайхаад байна. Тухайн мөнгөний нэг хувийг авах юм гэж ч хэлж байна. Эцсийн эцэст чи тухайн мөнгөний нэг хувийг авах гээд ийм зүйл хийсэн байна. Л.Э гэдгийг хүнийг ямар хүн байдгийг судалж үзээгүй байна.

         Миний хувьд Л.Э танихгүй байсан учраас үеэл болох Г.Г барьцаа болно гэсэн учраас мөнгө өгсөн. Л.Э бид хоёрын хийсэн гэрээ хэрэгт байгаа бөгөөд үүнийгээ хүлээн зөвшөөрдөг.

        Тухайн 20.000.000 төгрөгнөөс 5.500.000 төгрөгийг Л.Э чам руу хийсэн байдаг шүү дээ. Чам руу шилжиж орсон 5.500.000 төгрөг Б.П юмуу, Г.Г-аас орж ирсэн бол “үнэхээр энэ хүмүүс авсан болоод мөнгө шилжүүлээд байгаа юм байна” гэж бодохоор байна.

        Гэтэл Л.Э гэдэг хүний нэрээр биш өөр хүний нэрээр шилжүүлэг хийгдсэн 5.500.000 төгрөгийг буцаан төлөлт гэж хүлээн зөвшөөрч 20.000.000 төгрөгнөөс хасаж тооцож байгаагаас харахад “Л.Э зээлийн мөнгийг хүний данс руу хийсэн байхад” би Л.Э зээлийг биш өөр хүний зээлийг хаасан” гэж ярьж болохгүй. Авахдаа Л.Э авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа бол өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй шүү дээ гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

       Нэхэмжлэгч Ц.Ц, хариуцагч Г.Г, Б.П нарт холбогдуулан 20.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

      

        Хариуцагч Г.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б “мөнгийг Л.Э төлөх ёстой. Г.Гг аваагүй”,

 

        Хариуцагч Б.П “Ц.Ц мөнгө аваагүй. Г.Г, Л.Э зээлсэн мөнгөө авсан” нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

          

        Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

 

        Нэхэмжлэгч Ц.Ц өөрийн “Хаан” банкны 5023-2240-76 дугаартай данснаас, хариуцагч Б.П “Хаан” банкны ,,,,,,,,,,,,дугаартай данс руу 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 17.000.000 төгрөгийг гүйлгээний утга дээр “Г.Г зээл хаав” гэж бичиж шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, “Хаан” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

       Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу хэлцэл байгуулагдсан байна гэж дүгнэлээ.

 

       Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч “анх над руу гэрч Г.А 20.000.000 төгрөг зээлээч, өнөөдөр зээл хаагаад дор нь буцаагаад өгнө. Цагдаагийн ахмад найдвартай хүн байгаа гэж хэлэхэд нь итгээд, Г.Г-тай цагдаа дээр өрөөнд нь очиж уулзаад, бэлнээр 3.000.000 төгрөг өгөөд, үлдэгдэл 17.000.000 төгрөгийг дансаар явуулъя гэхэд бэлэн авчрахгүй яасан бэ? гэж хэлж дургүйцээд данс өгсөн. Тэр данс руу 17.000.000 төгрөгийг шилжүүлсэн”,  

 

       Хариуцагч Б.П “энэ мөнгийг би төлөх үндэслэлгүй. Г.Г 17.000.000 төгрөгийг дансаар, 3.000.000 төгрөгийг бэлнээр манай өрөөнд авчирч өгч, зээлээ хаасан”

 

        Гэрч Г.А“намайг н.Э Баянгол дүүргийн цагдаа оръё гэж хамт яваад, Г.Г гуайн өрөөнд ороход Г.Г надад 20.000.000 төгрөгийн зээл чөлөөлмөөр байна. Мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн. Ингээд би Ц.Ц эгчид хэлэхэд зөвшөөрөөд, 3.000.000 төгрөгийг бэлнээр, үлдсэн мөнгийг дансаар өгсөн гэж хэлээд 3.000.000 төгрөг өгсөн бичлэгийг машинд  үзүүлсэн. Мөнгө авсан, намайг гуйсан хүн Г.Г. Би цагдаа хүнийг худлаа хэлнэ, ийм зүйл болно гэж бодоогүй, итгэсэн” гэх гэрч, талуудын тайлбар, дансны хуулгаар хариуцагч Г.Ганхуяг 20.000.000 төгрөгийг авсан нь тогтоогдож байна.

 

       Иймээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийвдэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасанчлан талуудын тайлбарыг мөн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Б.П, Л.Э нарын хооронд байгуулсан 20.000.000 төгрөгийн “Зээлийн гэрээ”-ний батлан даагч болж үүрэг хүлээсэн бичгийн нотлох баримтууд түүнчлэн нэхэмжлэгч Ц.Ц 20.000.000 төгрөгийн зээл хаахаар мөнгө аваагүй, мөнгө хүсэж уулзаагүй, хэлээгүй гэдгээ нотлох баримтаар хариуцагч Г.Г үгүйсгэж, няцааж чадахгүй байх тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзээд, хариуцагч Г.Г 14.248.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 252.000 төгрөгийг нэхэмжлэгч буцаан шилжүүлсэн болон хариуцагч Б.П 20.000.000 төгрөгийг төлөх үндэслэл зохигчдын тайлбар, зээлийн гэрээ бичгийн баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

       Хариуцагч Г.Г 20.000.000 төгрөгийг Л.Э төлнө гэж хэлээд Ц.Ц-той  “Зээлийн гэрээ” байгуулсан, зээлээс 5.000.000 гаруй төгрөгийг Л.Э төлсөн. Тиймээс мөнгийг Л.Э төлнө”,

 

       Нэхэмжлэгч дээрх гэрээ Л.Э бид хоёрын хооронд өөр мөнгө зээлж авахаар яригдаж, бодиттоор мөнгө өгч, авч хэрэгжээгүй өнгөрсөн гэрээ. Л.Э надаас 20.000.000 төгрөгийг аваагүй, гуйгаагүй. Авсан хүн Г.Г төлөх ёстой. 5.000.000 төгрөгийг хэн хийснийг мэдээгүй, танихгүй хүнээс хийсэн байсныг Л.Э надад 20.000.000 төгрөгнөөс хасаарай гэж хэлсэн” гэх тайлбарыг гарган маргасан бөгөөд нэхэмжлэгчийн дансанд иргэн Ж.М шилжүүлсэн 5.752.000 төгрөгийг Ц.Ц, Л.Э нарын хооронд байгуулсан гэрээтэй холбоотой ба гэрч Л.Э, нэхэмжлэгч Ц.Ц-оос 20.000.000 төгрөгийг гуйж авсан гэх үйл баримтууд тогтоогдоогүй, харин Г.Г, Л.Э, Б.Пнарын хооронд зээлийн харилцаа үүссэн нь бичмэл баримтаар нотлогдож, Ц, Л.Э нарын 2019 оны 3 дугаар сарын 21-ний байгуулсан “Зээлийн гэрээ” нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна гэж дүгнэлээ.

 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 229.190 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  

      115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

       1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч  Г.Г-аас 14.248.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 252.000 төгрөг, хариуцагч овогт Б.П-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

      2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 229.190 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

         

        4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Г.АРИУНАА