Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 00176

 

 

 

 

 

 

 

 

Ц.Ц-гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/03317 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц.Ц-гийн хариуцагч Г.Г-, Б.П- нарт холбогдуулан гаргасан 14 500 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Г.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр манай бэр Б.Бгийн найз Г.А- над руу “...цагдаагийн хариуцлагатай ажилтай хүн байна. Зээл чөлөөлөөд өдөртөө 2 цагийн дотор мөнгийг нэг хувийн хүүтэй буцаан өгнө. Банк бус санхүүгийн байгууллагын захирал түүний үеэл нар хоорондоо тохиролцсон, 20 000 000 төгрөгийн зээлийг хааж 40 000 000 төгрөгийн зээл авахаар ярьсан байгаа” гэж утсаар хэлээд мөнгө гуйсныг зөвшөөрсөн. Баянгол дүүргийн Цагдаагийн газар ирэхэд “Г.Г- гэх хүн дүрэмт хувцастайгаа байж байсан. Тэр өдөр Г.Г-ийг анх удаа харсан. Г.Г- мөнгөө бэлнээр авч ирээгүй юм уу гэж асуухад нь “..би фитнес дээрээ байж байгаад ирж байна. Мөнгөө бэлнээр авч ирээгүй” гэхэд “..тэгвэл энэ 5011-8888-04 данс руу хий гээд дансны дугаар өгсний дагуу 17 000 000 төгрөгийг шилжүүлж, 3 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэндээс гараад банк бус санхүүгийн байгууллага дээрээ намайг дагуулж очоод “би удахгүй ирнэ” гэж хэлээд өөрөө дээшээ гарсан. Буцаж гарч ирээд “цайны цагийн дараа болъё” гээд Г.Г- гараад явсан. Би ч гэртээ харьж хувцсаа солиод дуудахгүй болохоор нь өөрөө очиж, банк бус санхүүгийн байгууллагын доор хоолны газарт суугаад хүлээсэн. Ирэхгүй болохоор нь утсаар залгахад “энд ч байна, тэнд ч байна” гэж хэлээд алга болоод мөнгөө авч чадахгүй өнөөдрийг хүрсэн. Би үндсэн 20 000 000 төгрөгөөс Л.Э-ын хэлсэн н.Мөнхбат гэдэг хүний хийсэн 5 500 000 төгрөгийг хасаад 14 500 000 төгрөгийг нэхэмжилж байна. Би Л.Э-тай өөр “Зээлийн гэрээ” байгуулаад өмнөх мөнгөө өгөөгүй өдий хүрсэн тул гэрээнд заасан мөнгийг өгөх болъё гээд өгөөгүй. Мөнгийг Г.Г-т өгөхөд гэрч надад зуучилж өгсөн. Г.Г- гэдэг хүн мөнгө авсан гэдгийг гэрч тодорхой хэлдэг. Анх Г.Г- зээл хааж 2 цагийн дотор мөнгөө өгөхөөр тохирч мөнгө авсан. Энэ талаар Л.Э-ын надтай ярьсан ярианы бичлэг байгаа гэжээ.

 

Хариуцагч Г.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн ярьж буй зүйл нь бодит үнэнд нийцэхгүй байна. 3 000 000 төгрөгийг Г.Г- гэдэг хүн авсан боловч 17 000 000 төгрөг Г.Г-ийн дансанд ороогүй. Тухайн мөнгөөр Л.Э- гэдэг хүний зээлийг хаасан. 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр авсан зээлийг 20 000 000 төгрөгөөр хаасан. Тухайн зээлийг хаахдаа энэ хүнийг дагуулж явсан. Энэ хүнийг дагуулж ирээд мөнгө авч, зээлээ хаалгасан зүйл болсон. Г.Г- энэ хүнийг танихгүй бөгөөд Л.Э- дагуулж ирээд 20 000 000 төгрөгийн үнийн дүнтэй зээлээ хаалгасан асуудал бий. Г.Г-ийн хувьд энэ мөнгийг өөртөө аваагүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь Л.Э- гэдэг хүнтэй “Зээлийн гэрээ” байгуулсан гэжээ.

 

Хариуцагч Б.П- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр манай үеэл болох Г.Г-, Л.Э- гэдэг хүнтэй хамт ажил дээр орж ирсэн. Г.Г- “...энэ хүн манай найз байгаа юм. 20 000 000 төгрөг хэрэгтэй байна. Танд зээлэх боломж байна уу” гэж хэлсэн. Эхлээд 20 000 000 төгрөг хэрэгтэй гэхээр нь албан ёсоор зээлүүлэх боломж байхгүй гэж хэлсэн. “...Тэгвэл би барьцаа, баталгаа нь болж өгье, та миний нэр дээр олгож байгаа юм шиг Л.Э- гэдэг хүнд зээл олгоод өгөөч” гэж гуйсан. Би “яг 2 сарын хугацаанд чамд өгч байгаа юм шиг 20 000 000 төгрөгийг өглөө шүү” гэж хэлээд баталгаа бичүүлж авсан. Л.Э- өөрөө хүсэлтээ бичсэн. 20 000 000 төгрөгийг зээлсэн. 2 сарын дараа “Г.Г- би чамд олгож байгаа шүү, хэрвээ энэ хүн чинь төлбөрөө төлөхгүй бол чамтай хариуцлага тооцно шүү” гэж хэлсэн болохоор 2 сарын дараа хүрч ирээд, Г.Г- төлсөн. Миний хувьд Г.Г-, Л.Э- хоёрт өгсөн мөнгөө буцааж авсан. Үүнийг Л.Э- өөрөө нотолдог. Ц.Ц-гоос надад мөнгө орж ирдэг өдрөө Л.Э- “30 000 000 төгрөгийн зээл танайх надад олгох боломж байна уу” гэхэд нь судлаад үзсэн олгох боломжгүй байсан тул “олгох боломжгүй” гээд буцаасан. Нэлээн хэдэн сарын дараа Ц.Ц- манай ажил дээр орж ирсэн. Тэгээд “би танайд 20 000 000 төгрөг шилжүүлж өгсөн. 20 000 000 төгрөгөө авмаар байна. Би мөнгөө чиний данс руу хийсэн” гэж надад хэлсэн. Би Г.Г-, Л.Э-д зээлсэн мөнгөө авсан. Ц.Ц-гоос мөнгө аваагүй тул төлөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Боржигон овогт Г.Г-гаас 14 248 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид Цэдэвийнхэн овогт Ц.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 252 000 төгрөг, хариуцагч Боржгон овогт Б.П-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 229 190 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Г.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гэрч нар зэрэг авагдсан нотлох баримтуудыг дутуу үнэлж дүгнэн бодит байдалд тулгуурласан, үнэн зөв шийдвэр гаргасангүй. Хариуцагч Г.Г- нь өөрийн танил Л.Э-д өөрийн үеэл эгч Б.П-аас 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 20 000 000 төгрөгийн зээл авч өгч 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр уг зээлийг төлж барагдуулсан.

Анхан шатны шүүх хариуцагч Г.Г-ийг 20 000 000 төгрөгийн зээл авсан нь тогтоогдсон гэж үзсэн нь үндэслэлгүй, учир нь түүний дансанд нэхэмжлэгч Ц.Ц-гоос нэг ч төгрөг дансанд орж ирээгүй нь баримтаар тогтоогдсон байхад Г.Г-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн нь буруу юм. Нэхэмжлэгч Ц.Ц- нь 20 000 000 төгрөгийг Л.Э-д зээлийг төлж хаасныг мэдэж байсан, улмаар мөнгөө өсгөж авах зорилгоор 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Л.Э-тай 25 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 5% хүүтэйгээр хийсвэр зээлийн гэрээг байгуулсан. Л.Э- нь Ж.Б гэх хүний 5007826068 тоот данснаас Ц.Ц-гийн 5023224076 тоот дансанд 20 000 000 төгрөгөөсөө хасаж 5 752 110 төгрөгийг шилжүүлснийг Ц.Ц- мэдэж байсан ба Л.Э-ын гэрчээр өгсөн 20 000 000 төгрөг Г.Г-т хамааралгүй, миний зээлийн төлөгдсөн тухай мэдүүлсэн мэдүүлгүүдийг шүүх дүгнэсэнгүй, зөвхөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үүднээс шийдвэрийг гаргасан байна.

Иймд хариуцагч Г.Г- нь нэхэмжлэгчийн 20 000 000 төгрөгийг авсан нь тогтоогдоогүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үндэслэлгүй байх тул хэргийг хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ц.Ц- нь хариуцагч Г.Г-, Б.П- нарт холбогдуулан 20 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны шатанд өөрчилж 14 500 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч Г.Г- эс зөвшөөрч “мөнгийг Л.Э- төлөх ёстой, би аваагүй, хариуцагч Б.П- нь Ц.Ц-гоос мөнгөө авсан” гэх үндэслэл заан маргасан байна.

 

Нэхэмжлэгч Ц.Ц- нь өөрийн Хаан банкны 5023224076 тоот данснаас 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 17 000 000 төгрөгийг “Ганхуягийн зээл хаав” гэсэн гүйлгээний утгатайгаар хариуцагч Б.П-ын Хаан банкны 5011888804 тоот данс руу шилжүүлсэн гэх үйл баримтыг өөрийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг шүүхэд гарган нотолжээ. /хх5/

 

            Дээрх мөнгөн гүйлгээний талаар хариуцагч Б.П- нь “Л.Э-ын 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр надаас зээлсэн мөнгийг Г.Г- төлөх баталгааг бичгээр гаргасан, ингээд зээлийн хугацаа дуусахад буюу 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Л.Э- өөрөө миний ажил дээр ирж, 17 000 000 төгрөгийг дансаар хийхдээ Цэрэнхорлоогийн дансаар Ганхуягаас гэсэн утгатайгаар шилжүүлсэн, мөн 3 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн” гэж тайлбарлажээ.

 

Гэрч Г.А- “... Г.Г- надад 20 000 000 төгрөгийн зээл чөлөөлмөөр байна. Мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн. Ингээд би Ц.Ц- эгчид хэлэхэд зөвшөөрөөд, 3 000 000 төгрөгийг бэлнээр, үлдсэн мөнгийг дансаар өгсөн гэж хэлээд 3 000 000 төгрөг өгсөн бичлэгийг машинд үзүүлсэн. Мөнгө авсан, намайг гуйсан хүн Г.Г-. Би цагдаа хүнийг худлаа хэлнэ, ийм зүйл болно гэж бодоогүй, итгэсэн” гэж мэдүүлсэн, хариуцагч Г.Г- нь Л.Э-ын Б.П-аас 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр зээлсэн 20 000 000 төгрөгийг зээлийн хугацаа дуусахад төлөхөө бичгээр илэрхийлсэн баримт үйлдсэн нь хэрэгт авагдсан /хх62/ байгаагаас үзвэл 20 000 000 төгрөгийг Ц.Ц-гоос зээлж аваагүй, Б.П- Ц.Ц-гоос авах ёстой мөнгөө авсан гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, хариуцагч Г.Г- нь “20 000 000 төгрөгийг Л.Э- төлнө гэж хэлээд Ц.Ц-той “Зээлийн гэрээ” байгуулсан, зээлээс 5 000 000 гаруй төгрөгийг Л.Э- төлсөн. Тиймээс мөнгийг Л.Э- төлнө” гэж маргасан боловч уг татгалзлын тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Г.Г-ийг хариуцагчаар тодорхойлсон, Г.Г- нь баталгаа гаргасныхаа төлөө Л.Э-ын Б.Пагамдуламд төлөх ёстой зээлийг нь Ц.Ц-гоор хаалгасан гэж үзэхээр байх тул мөнгийг Л.Э- төлөх ёстой гэх түүний татгалзал үндэслэл муутай байх бөгөөд хохирлоо Л.Э-аас жич нэхэмжлэх эрхтэй.

 

Нэхэмжлэгч Ц.Ц- нь Ж.Мөнхбатаас шилжүүлсэн 5 500 000 төгрөгийг 20 000 000 төгрөгөөс хасч тооцохыг зөвшөөрч 14 500 000 төгрөг нэхэмжилсэн ч баримтаар 5 752 000 төгрөг түүний дансанд шилжин орсон байна. /хх-73/ Иймд шүүх 20 000 000 төгрөгөөс уг төлөгдсөн дүнг хасч 14 248 000 төгрөгийг Г.Г-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгон, үлдэх 252 000 төгрөгийг болон Б.Пагамдуламд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч талуудын хооронд үүссэн зээлтэй холбоотой маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсныг 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг болгон залруулав.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, хариуцагч Г.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/03317 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1” гэснийг “281 дүгээр зүйлийн 281.1” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229 190 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

       ШҮҮГЧИД                                    Д.НЯМБАЗАР

 

А.ОТГОНЦЭЦЭГ