Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2022/00317

 

Ц.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/03317 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 176 дугаар магадлалтай,

Ц.Ц-гийн нэхэмжлэлтэй,

Г.Г, Б.П нарт холбогдох,

20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Г.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч Г.Г, Б.П нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, шүүх хуралдааны явцад шаардлагаа өөрчилж, 14,500,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/03317 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Боржигон овогт Гончигдоржийн Ганхуягаас 14,248,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид Цэдэвийнхэн овогт Цэдэвийн Цэрэнхорлоод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 252,000 төгрөг, хариуцагч Боржгон овогт Баттулгын Пагмадуламд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 229,190 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 176 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/03317 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1” гэснийг “281 дүгээр зүйлийн 281.1” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,190 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч Г.Ганхуягийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Ц.Цэрэнхорлоогийн нэхэмжлэлтэй хэргийн хариуцагч Г.Ганхуягийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраа би Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.18-ны өдрийн дугаар 176 магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гэрч нар зэрэг авагдсан нотлох баримтуудыг дутуу үнэлж дүгнэн бодит байдалд тулгуурласан, үнэн зөв шийдвэр гаргасангүй. Хариуцагч Г.Ганхуяг нь өөрийн танил Л.Энхжаргалд өөрийн үеэл эгч Б.Пагамдуламаас 2019.02.21-ний өдөр 20,000,000 /хорин сая/ төгрөгийн зээл авч өгч 2019.04.19-ний өдөр уг зээлийг төлж барагдуулсан. Г.Ганхуяг нь уг зээлийг Л.Энхжаргалд авч өгөхдөө барьцаагүй учир намайг авч байгаа гэж бодоод итгээд өгөөч, би батлан дааж байна гэж гуйсны үндсэн дээр Б.Пагамдулам нь Л.Энхжаргалд зээлийн гэрээг албан ёсоор иргэний хуулийн журамд заасны дагуу байгуулсан ба уг зээлийг Г.Ганхуяг өөртөө авч ямар нэгэн бизнесийн үйл ажиллагаа явуулах, өр авлагын асуудалд зарцуулаагүй. Уг зээлийг Л.Энхжаргал нь буцаан төлөх хугацаа болоход Алтантүлхүүрээр дамжуулан Ц.Цэрэнхорлоогоос мөнгийг гаргуулан барагдуулсан ба Б.Пагамдулам нь Л.Энхжаргалын авсан 20,000,000 /хорин сая төгрөгийн зээлийг хаасныг нотлон мэдүүлдэг. Анхан шатны шүүх хариуцагч Г.Ганхуягийг 20,000,000 /хорин сая/ төгрөгийн зээл авсан нь тогтоогдсон гэж үзсэн нь үндэслэлгүй, учир нь түүний дансанд нэхэмжлэгч Ц.Цэрэнхорлоогоос нэг ч төгрөг дансанд орж ирээгүй нь баримтаар тогтоогдсон байхад Г.Ганхуягийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн нь буруу юм. Нэхэмжлэгч Ц.Цэрэнхорлоо нь 20,000,000 төгрөгийг Л.Энхжаргалд зээлийг төлж хаасныг мэдэж байсан, улмаар мөнгөө өсгөж авах зорилгоор 2019.06.28-ны өдөр Л.Энхжаргалтай 25,000,000 /хорин таван сая/ төгрөгийг 1 сарын хугацаатай 5%-ийн хүүтэйгээр хийсвэр зээлийн гэрээг байгуулсан. Л.Энхжаргал нь Ж.Батмөнх гэх хүний 5007826068 тоот данснаас Ц.Цэрэнхорлоогийн 5023224076 тоот дансанд 20,000,000 төгрөгөөсөө хасаж 5,752,110 төгрөгийг шилжүүлсэн нь Л.Энхжаргал Ц.Цэрэнхорлоогоос авсан мөнгөө төлж байгаа нь батлагддаг. Үүнийг нэхэмжлэгч Ц.Цэрэнхорлоо мэдэж байсан ба Л.Энхжаргалын гэрчээр өгсөн 20,000,000 төгрөг Г.Ганхуягт хамааралгүй, миний зээлийн төлөгдсөн тухай мэдүүлсэн мэдүүлгүүдийг шүүх үнэлж дүгнэсэнгүй, зөвхөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үүднээс шийдвэрийг гаргасан байна. Давж заалдах шатны шүүх ...хариуцагч Г.Ганхуяг нь ...20,000,000 төгрөгийг Ц.Цэрэнхорлоогоос зээлж аваагүй, Б.Пагамдулам Ц.Цэрэнхорлоогоос авах ёстой мөнгөө авсан гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна гэж тайлбарласан нь ойлгомжгүй байна. Мөн 20,000,000 төгрөгийн Л.Энхжаргал төлнө гэж маргасан талаар Б.Пагамдулам, Л.Энхжаргал нарын мэдүүлгүүдээр нотлогдож байхад үүнийг үнэлэлгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч Ц.Цэрэнхорлоо нь хариуцагч Г.Ганхуяг, Б.Пагамдулам нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, шүүх хуралдааны явцад шаардлагаа өөрчилж, 14,500,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч,...мөнгийг Л.Энхжаргал төлөх ёстой, би аваагүй, хариуцагч Б.Пагамдулам нь Ц.Цэрэнхорлоогоос зээлсэн мөнгөө авсан” гэж маргажээ.

7. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан хариуцагчаас 14,248,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх шаардлага болон хариуцагч Б.Пагамдуламд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулсан байна.

8. Хариуцагч Г.Ганхуягийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Анхан болон давж заалдах шатны шүүх ...хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлж, бодит байдалд тулгуурласан, үнэн зөв шийдвэр гаргасангүй. ...20,000,000 төгрөгийг Л.Энхжаргал төлөх үндэслэлтэй нь Б.Пагамдулам, Л.Энхжаргал нарын мэдүүлгээр нотлогдсон байхад үнэлээгүй...” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй гэж үзлээ.  

9. Давж заалдах шатны шүүхийн ...талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасантай нийцсэн байх бөгөөд шүүх ...хариуцагч нь татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1 заасны дагуу нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ...Г.Ганхуяг нь баталгаа гарган, Л.Энхжаргалын, Б.Пагамдуламд төлөх ёстой зээлийг Ц.Цэрэнхорлоогоор хаалгасан гэж үзэхээр байх тул түүний ...мөнгийг Л.Энхжаргал төлөх ёстой гэх татгалзал үндэслэл муутай... гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

10. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнэн, хариуцагчаас 14,248,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 252,000 төгрөгт холбогдох шаардлага болон хариуцагч Б.Пагамдуламд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг баримталсан, энэ үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хуульд нийцсэн байна.

11. Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Г.Ганхуягийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 176 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Г.Ганхуягийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2021.02.09-ний өдөр төлсөн 129,190 төгрөг, 2021.02.09-ний өдөр төлсөн 100,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД