Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2020/03307

 

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

      Нэхэмжлэгч Ж байгууллагын нэхэмжлэлтэй

      Хариуцагч “М” ХХК

      Хариуцагч “С.Л ” ХХК-иудад холбогдох

       2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2016/91/01 дугаартай “Зээлийн гэрээ”-г цуцлаж, зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 1.673.757.216 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

     Хариуцагч “С.Л” ХХК хамтран үүрэг гүйцэтгэгч хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад

      

      Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х, төрийг төлөөлж прокурор Г.Эрдэмбаатар, хариуцагч мкХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмаржав, СЛ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

                                                                                                         

ТОДОРХОЙЛОХ нь:

         

       Нэхэмжлэгч ЖДГ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

       Зээлдэгч мкХХК 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 2016/91/01 дугаартай “Зээлийн болон Барьцааны гэрээ” байгуулж 1.510.000.000 төгрөгийг, 60 сарын хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэйгээр “Шингэн саван үйлдвэрлэх төсөл”-ийн зориулалтаар зээлсэн.

      Зээлийн барьцаанд СЛ ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө болон газрыг барьцаалсан байдаг.

         Зээлдэгч гэрээний хугацаанд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл үндсэн зээл болон хүүгийн төлбөрт 72.800.000 төгрөгийг төлсөн бөгөөд зээлийн гэрээний хугацааг 1101 хоногоор хэтрүүлсэн зөрчил гаргасан тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, нийт зээлэнд 1.673.757.000 төгрөгийг гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.

 Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч мкХХК-иас 1.673.757.216 төгрөгийг гаргуулж, хариуцагч СЛ ХХК-иас 1.673.757.216 төгрөг гаргуулах мөн Багануур дүүрэгт байрлалтай газруудаар үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагуудаасаа татгалзаж байна, гэжээ.

 

        Төрийг төлөөлж прокурор Г.эшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан “Зээлийн гэрээ” тус хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэхь хэсэгт заасан “Барьцааны гэрээ” талуудын хооронд байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

        Иргэний хуулийн 281  дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч  зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд зүйлийг шилжүүлэн өгснөөр “Зээлийн гэрээ” байгуулагдсан гэж үзнэ гэж заасан.

        Гэрээний дагуу мөнгө шилжүүлэгдсэн байна. Мөн хуулийн 242 дугаар зүйлд зааснаар хариуцагч мкХХК болон СЛ ХХК-иуд “Зээл болон Барьцааны гэрээ”-ний хамтран гүйцэтгэгчид мөн гэж үзэж байна.

        Хэдийгээр СЛ ХХК-ийн дансанд мөнгө шилжиж ороогүй ч, түүнийг үүрэг гүйцэтгэхээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

        Иймээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалж, зээлийн гэрээнд ногдох хүү, алдангийг нэхэмжлэгчид гаргаж өгнө үү, гэжээ.

 

         Хариуцагч мкХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.мшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гаргасан нэхэмжлэлд нэхэмжилсэн үнийн дүнг гаргуулах гэж байна. Нэхэмжлэгч талтай хариуцагч тооцоо нийлэх гэж очихоор ажилчид нь ажлаа мэддэггүй, эксел дээр хаана юу байгаа нь мэдэгдэхгүй байгаад өдий хүрсэн.

         Хариуцагч анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээр нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрнө.

         Гэвч 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн шаардлагатай маргаж байгаа шалтгаан нь анхан шатны шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээг цуцалж үнийн дүн тооцож гаргасан атал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмж алданги 45.162.616 төгрөгийг тооцсоныг зөвшөөрөхгүй, гэжээ.

 

      Хариуцагч СЛ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

      Нэхэмжлэлийн шаардлагыг харахад нэхэмжлэгч аль хариуцагчаас ямар үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа нь тодорхойгүй.Нэхэмжлэлийн утгыг харахад хоёр хариуцагчаас гаргуулна гэсэн зүйл харагддаг. Хоёр хариуцагчийн хэнд нь ямар шаардлага гаргаж байгааг нэхэмжлэгч ойлгомжтой бөгөөд тодорхой илэрхийлэх ёстой. Энэ илэрхийлэлд хоёр хариуцагч өөрт холбоотой шаардлагад тайлбар өгөх ёстой. Учир нь:

      Хоёр хариуцагч хуулийн этгээд юм. Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан нөхцөл байдал үүснэ. СЛ ХХК-ийн хувьд зээл аваагүй.

      Тухайн мөнгө мкХХК-ийн данс руу орсон байдаг. Ийм байхад яагаад хамтран үүрэг гүйцэтгэгч гэж СЛ ХХК-ийг үзэж, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийг зөрчиж нэхэмжлэл гаргаад байгаа нь ойлгомжгүй.

      Мөн энэ гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэхь хэсэгт заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцлийг зөрчиж байгуулсан гэрээ.

      Зээл авагч мкХХК байхад зээл аваагүй этгээдээс зээлийн үүргийн гүйцэтгэл шаардсан. СЛ ХХК-тай барьцааны гэрээ хийсэн нь хууль зөрчсөн.

      Зээлийн харилцаа “Ж БАЙГУУЛЛАГийг дэмжих сан” болон мкХХК-ийн хооронд үүсэж, зээлийн мөнгө мкХХК руу орсон байхад “Батлан даалтын гэрээ” хийх ёстой байсан. мкХХК зээлээ төлөхгүй бол “Батлан даалтын гэрээ”-гээр уг зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй шүү гэж гэрээ байгуулах ёстой байсан. Анхнаасаа гэрээний эрх зүйн харилцаанд Иргэний хуулийн нийтлэг зарчимыг зөрчиж гэрээ байгуулсан.

      Иймээс “Барьцааны гэрээ” Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, гэжээ.

 

      Хариуцагч СЛХХК, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.б сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

      Манай талаас сөрөг нэхэмжлэл гаргасан. СЛ ХХК болон “Жижиг дунд үйлдвэрийн сан”-гийн хооронд байгуулсан гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтыг зөрчсөн. Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим. “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа байгууллага. Хэрвээ зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй бол манайх хариуцлага хүлээхээр бол “Батлан даалтын гэрээ” байгуулах байсан.

      “Барьцаа” гэдэг ойлголт өөрийнхөө хөрөнгийг барьцаалж үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож байгаа нэг хэлбэр. Зээлийн харилцаанд гуравдагч хуулийн этгээд орж ирж байгаа тохиолдолд “Батлан даалтын гэрээ” байгуулагдах ёстой бөгөөд тиймээс дээрх гэрээг байгуулагдсан гэж үзэх боломжгүй.

       Хуулийг зөрчсөн, нийтээр зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцлийг нэхэмжлэгч хийсэн.“Батлан даалтын гэрээ” байгуулсан бол нэхэмжлэгч СЛ ХХК-ийг хариуцагчаар шүүхэд татах эрх нь нээлттэй байсан.

       Компанийг хариуцагчаар татахдаа тухайн мөнгийг аль компаниас нэхэмжилж байгаагаа тодорхой бичээгүй гэдгийг өмнө дурдсан. Иргэний хуульд зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч мөн үү, биш үү гэдгийг харах ёстой.

        Зээлийн харилцаа “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”, мкХХК-ийн хооронд байгуулагдсан учраас үүргийн харилцаа энэ хоёр хуулийн этгээдийн хооронд явагдана.

        Түүнээс биш СЛ ХХК-д үүргийн харилцаа үүсэхгүй.

        Иймд “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” болон СЛ ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа тул уг гэрээг хүчингүй болгож өгнө үү.

        Мөн хуулийн 156 дугаар зүйлд “Барьцааны гэрээ”-ний тухай ойлголт бий.     

        “Барьцааны гэрээ”-ний тухай ойлголтыг уг хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг Улсын бүртгэлд бүртгүүлэхээр заасан.

           Үүнээс харахад, Улсын бүртгэлийн газар барьцаалсан гэх ойлголт байхгүй гэдэг баримт өнөөдөр тодорхой ирсэн учраас Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 156.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэрээ тул СЛ ХХК, “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гийн хооронд байгуулагдсан “Барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тоооцож өгнө үү, гэжээ.  

           

         

          Хариуцагч мкХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.мшүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

          Сөрөг нэхэмжлэлд хэлэх тайлбар байхгүй, гэжээ.

 

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

          Хариуцагч СЛ ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-тай “Зээлийн болон Барьцааны гэрээ”г байгуулсан.

          Гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч, зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэж заасан бөгөөд өөрийн эрх үүргийг ухамсарласны үндсэн дээр эрх бүхий этгээд гэрээнд гарын үсгээ зурсан байдаг.

          2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “Зээлийн болон Барьцааны гэрээ” байгуулагдсан бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гэрээг бүртгүүлсэн нь “Барьцааны гэрээ”-н дээрх тамга тэмдгээс харагдаж байгаа тул үл хөдлөх хөрөнгийг Улсын бүртгэлд бүртгүүлсэн гэж үзэж байна.

          Газрын талаар сүүлд ирсэн нотлох баримтуудаас харахад газрыг бүртгүүлээгүй, үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлсэн байна гэдэг нь тодорхой харагдаж байгаа учраас сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, гэжээ.

           

           Төрийг төлөөлж прокурор Г.эшүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

           Иргэний хуулийн 242 дугаар зүйлд зааснаар хариуцагч мкХХК, СЛ ХХК-иуд “Зээл болон Барьцааны гэрээ”-ний хамтран үүрэг гүйцэтгэгч мөн учраас хамтран үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлөх үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

    

           Нэхэмжлэгч ЖДГ, хариуцагч мкХХК, “С.Л” ХХК-иудад холбогдуулан зээлийн гэрээг цуцлаж, зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 1.673.757.216 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах, хариуцагч СЛ ХХК-ийн хамтран үүрэг гүйцэтгэгч хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргажээ.

 

1.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:   

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч мкХХК-иас 1.673.757.216 төгрөг гаргуулах, СЛ ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох объектуудаар үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагаа дэмжиж, хариуцагч СЛ ХХК-иас 1.673.757.216 төгрөг гаргуулж, Багануур дүүрэгт байрлалтай газруудаар үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагуудаасаа татгалзаж,

 

        Хариуцагч мкХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.м1.673.757.216 төгрөг гаргуулах шаардлагаас үндсэн зээл, зээлийн хүү, алданги 42.902.964 төгрөг төлөх мөнгөн дүн дээр маргахгүй. Харин нэмэгдүүлсэн шаардлагад нэхэмжилсэн алданги 45.162.616 төгрөгийг зөвшөөрөхгүй,

      

       Хариуцагч СЛ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.б барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус тул барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

        Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

 

        Хариуцагч мкХХК, СЛ ХХК-иуд, “ЖҮ”-гаас “Шингэн саван үйлдвэрлэх” төслийн зориулалтаар   2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 2016/91/01, Б2016/91/01 дугаартай, “Зээл болон Барьцааны гэрээ” байгуулж, 1.510.000.000 төгрөгийг, жилийн 5 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг

 

            -СЛ ХХК-ийн өмчлөлийн ...................гудамжны 101/1, 101/2, 101/3, 101/4, ТЗ101/5 тоотод байрлалтай, 840 метр квадрат талбайтай, агуулахын зориулалттай, саравч, 12 километр төмөр зам, 3 ширхэг зоорь, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2208001354, Үл хөдлөх хөрөнгийн Эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний 000336369 дугаартай, 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэрчилгээ олгогдсон үл хөдлөх хөрөнгө

 

            -СЛ ХХК-ийн өмчлөлийн .............................12150, “Уурхайн” гудамжны 34/2 тоотод байрлалтай, 1352 метр квадрат талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2208002796, Үл хөдлөх хөрөнгийн Эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний 000336501 дугаартай, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэрчилгээ олгогдсон үл хөдлөх хөрөнгө

 

        -СЛ ХХК-ийн эзэмшлийн......................., Үйлдвэрийн хэсэгт байрлалтай, 18302295761949 нэгж талбарын дугаартай,  хүнсний зориулалттай, 7743 метр квадрат талбайтай газар

 

        -СЛ ХХК-ийн эзэмшлийн Хаягтай, “Замчин”-ы хэсгийн урд байрлалтай, 18303294478603 нэгж талбарын дугаартай,  үйлдвэрийн зориулалттай, 60680 метр квадрат талбайтай газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдээр хангуулахаар барьцаалсан болох нь гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, талуудын тайлбараар тогтоогдож байна.

      

          Зохигчид гэрээг байгуулахдаа Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийг баримтлан байгуулсан боловч тус хуулиудад зээлийн хэлбэр хэмжээ, хүү, алдангийг төлүүлэх талаар тодорхойлоогүй байгаа тул Иргэний хуульд заасан үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулах, хүү, алданги тооцох зохицуулалтаар хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

          Иймээс талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийг Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт зааснаар хуульд заасан үндэслэл шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэлээ.

      

        Тэрээр мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасанчлан хариуцагч  мкХХК, сангаас 1.510.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан, зээл төлөлтийн хуваарийг зөрчсөн, үндсэн зээл, хүү, алданги төлөх талаар маргаагүй хэдий ч нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын алдангийг төлөхгүй гэж маргаж байна.

 

         Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагчаас алданги нэхэмжлэх эрхтэй боловч хэрэгт авагдсан нэхэмжлэл, зохигчдын тайлбараар нэхэмжлэгч анх нэхэмжлэлдээ үндсэн зээлд 1.500.822.514 төгрөг, зээлийн хүүд 67.180.382 төгрөг, алданги 42.902.964 төгрөг, нотариатын зардал 20.000 төгрөг нийт 1.610.925.860 төгрөг нэхэмжилсэн боловч нэмэгдүүлсэн шаардлагаар үндсэн зээлд 1.500.822.514 төгрөг, зээлийн хүүд 17.668.740 төгрөг, алданги 45.162.616 төгрөг нийт 1.673.757.216 төгрөг нэхэмжилснийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч алдангийн хоногийг давхардуулан бодож 88.065.580 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн бөгөөд бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч анхны нэхэмжлэлдээ тооцсон хоногоо нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ дахин тооцсон нь тогтоогдож байх тул хариуцагчаас 1.628.594.600 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 45.162.616 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, төлбөрөө төлөөгүй тохиолдолд СЛ ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ. 

 

Нэхэмжлэгч гэрээг цуцлах шаардлага гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчсөн, энэ талаар талууд маргаагүй учраас шүүх тусдаа шаардлага гэж үзэх боломжгүй байна.

 

         Мөн нэхэмжлэгч, хариуцагч СЛ ХХК-иас 1.673.757.216 төгрөг гаргуулах, Багануур дүүрэгт байрлалтай газруудаар үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагуудаасаа татгалзсныг дурдах нь зүйтэй.

 

          2.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

  Хариуцагч СЛ ХХК хамтран үүрэг гүйцэтгэгч хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь:

 

  Нэхэмжлэгч “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-тай, хариуцагч СЛ ХХК 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Б2016/91/01 дугаартай “Барьцааны гэрээ” байгуулсан талаар зохигчид маргахгүй байна.

 

 Харин СЛ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээ хуулийн дагуу байгууллагдаагүй гэж маргаж байна.

 

         Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х СЛ ХХК-ийн эзэмшлийн газруудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж, хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаа дэмжиж оролцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасантай нийцэж,

 

        Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1,156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар талуудын хоорондын “Барьцааны гэрээ” бичгээр байгуулагдаж, Улсын бүртгэлд бүртгүүлэх үндэслэл шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болох нь бичгийн баримтаар нотлогдож байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагч СЛ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 7.707.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч мкХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 8.300.923 төгрөгийг гаргуулан, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

       

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 

         115.2.2, 115.2.3,116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

        

       1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч мкХХК-иас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 1.628.594.600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ЖДГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 45.162.616 төгрөг, СЛ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

        2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч СЛ ХХК-иас 1.673.757.216 төгрөг гаргуулах, СЛ ХХК-ийн эзэмшлийн Хаягтай, 18302295761949 нэгж талбарын дугаартай,  хүнсний зориулалттай, 7743 метр квадрат, СЛ ХХК-ийн эзэмшлийн Хаягтай, “Замчин”-ы хэсгийн урд байрлалтай, 18303294478603 нэгж талбарын дугаартай, үйлдвэрийн зориулалттай, 60680 метр квадрат талбайтай газруудаар үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагуудаас татгалзсныг дурдсугай.

 

        3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч төлбөрөө төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг            СЛ ХХК-ийн өмчлөлийн Хаягтай, “Замчин”-ы гудамжны 101/1, 101/2, 101/3, 101/4, ТЗ101/5 тоотод байрлалтай, 840 метр квадрат талбайтай, агуулахын зориулалттай, саравч, 12 километр төмөр зам, 3 ширхэг зоорь, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2208001354, Үл хөдлөх хөрөнгийн Эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний 000336369 дугаартай, СЛ ХХК-ийн өмчлөлийн Хаягтай, Үйлдвэрийн хэсэг-12150, “Уурхайн” гудамжны 34/2 тоотод байрлалтай, 1352 метр квадрат талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2208002796, Үл хөдлөх хөрөнгийн Эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний 000336501 дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдаж, худалдаж борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.

 

       4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч СЛ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 7.707.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч мкХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 8.300.923 төгрөгийг гаргуулан, улсын орлогод оруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.АРИУНАА