Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/00256

 

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/00256

 

 

 

 

 

 

 

                     ЖДҮХГнэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/03307 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ЖДҮХГхариуцагч “МММЭК” ХХК, С ХХК-д холбогдуулан гаргасан 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2016/91/01 дугаартай зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 1 673 757 216 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндсэн, уг гэрээний хариуцагч С ХХК-ийн хамтран үүрэг гүйцэтгэгч хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч С ХХК-ийн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сугар, хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, хариуцагч “МММЭК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмаржав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: “МММЭК” ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 2016/91/01 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 1 510 000 000 төгрөг, 60 сарын хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэй шингэн саван үйлдвэрлэх төслийн зориулалтаар зээлдэн авсан. Үүргийн гүйцэтгэлд С ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө, газрыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрт 72 800 000 төгрөгийг төлсөн бөгөөд зээлийн гэрээний хугацааг 1101 хоногоор хэтрүүлсэн зөрчил гаргасан тул гэрээг хугацаанаас өмнө цуцалж, нийт 1 673 757 000 төгрөг гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.  Хариуцагч С ХХК-аас 1 673 757 216 төгрөг гаргуулах, Багануур дүүрэгт байрлалтай газраар үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.  

        Прокурор Г.Эрдэмбаатарын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Гэрээний дагуу хариуцагчид мөнгийг шилжүүлсэн байна. Мөн хуулийн 242 дугаар зүйлд зааснаар хариуцагч “МММЭК” ХХК болон С ХХК-ууд зээлийн болон барьцааны гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчид мөн. Хэдийгээр С ХХК-ийн дансанд мөнгө шилжиж ороогүй боловч түүнийг үүрэг гүйцэтгэхээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Иймээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалж, зээлийн гэрээнд ногдох хүү, алдангийг нэхэмжлэгчид гаргаж өгнө үү гэжээ. 

Хариуцагч “МММЭК” ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч талтай тооцоо нийлэх гэж очихоор ажилчид нь ажлаа мэддэггүй өнөөдрийг хүрсэн. Нэхэмжлэгчийн анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээр нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрнө. Нэхэмжлэгч анх анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ зээлийн гэрээг цуцалж, үнийн дүн тооцож гаргасан атал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмж алданги 45 162 616 төгрөг тооцсоныг зөвшөөрөхгүй гэжээ.

       Хариуцагч С ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч аль хариуцагчаас ямар үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэлийн утгаас харахад хоёр хариуцагчаас гаргуулна гэдэг. Нэхэмжлэгч 2 хариуцагчийн хэнд, ямар шаардлага гаргаж байгаагаа ойлгомжтой бөгөөд тодорхой илэрхийлснээр хариуцагч тус бүр өөрт холбоотой шаардлагад тайлбар өгнө. Хариуцагч тал хуулийн этгээд бөгөөд Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан нөхцөл байдал үүснэ. С ХХК-ийн хувьд зээл аваагүй. Тухайн зээл “МММЭК” ХХК-ийн данс руу орсон байдаг. Гэтэл С ХХК-ийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэж, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийг зөрчиж нэхэмжлэл гаргаад байгаа нь ойлгомжгүй байна. Мөн уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцлийг зөрчиж байгуулсан. Зээлдэгч нь “МММЭК” ХХК байхад зээл аваагүй этгээдээс үүргийн гүйцэтгэл шаардсан. С ХХК-тай барьцааны гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн. Зээлийн харилцаа “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан” болон “МММЭК” ХХК-ийн хооронд үүсэж, зээлийн мөнгөн хөрөнгө “МММЭК” ХХК-руу шилжсэн байхад “МММЭК” ХХК зээлээ төлөхгүй бол “Батлан даалтын гэрээ”-ээр уг зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж гэрээ байгуулах ёстой байсан. Анхнаасаа гэрээний эрх зүйн харилцаанд Иргэний хуулийн нийтлэг зарчимыг зөрчиж гэрээ байгуулсан. Иймд барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 Хариуцагч С ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: С ХХК болон “Жижиг дунд үйлдвэрийн сан”-ийн хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтыг зөрчсөн. “ЖДҮХС” нь Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа байгууллага. Хэрэв зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй бол С ХХК хариуцлага хүлээхээр бол “Батлан даалтын гэрээ” байгуулах байсан. “Барьцаа” гэдэг ойлголт өөрийнхөө хөрөнгийг барьцаалж үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож байгаа нэг хэлбэр. Зээлийн харилцаанд гуравдагч хуулийн этгээд орж ирж байгаа тохиолдолд “Батлан даалтын гэрээ” байгуулах ёстой.  Хууль зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцлийг нэхэмжлэгч хийсэн. “Батлан даалтын гэрээ” байгуулсан бол нэхэмжлэгч С ХХК-ийг хариуцагчаар шүүхэд татах эрх нь нээлттэй байсан. Компанийг хариуцагчаар татахдаа тухайн зээлийг аль компаниас нэхэмжилж байгаагаа тодорхой бичээгүй. Зээлийн харилцаа “ЖДҮХС”, “МММЭК” ХХК-ийн хооронд байгуулагдсан учраас үүргийн харилцаа уг хоёр хуулийн этгээдийн хооронд үүснэ. С ХХК-тай үүргийн харилцаа үүсэхгүй. Иймд “ЖДҮХС” болон С ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээг хүчингүй болгож өгнө үү. Иргэний хуулийн 156 дугаар зүйлд зааснаас үзэхэд улсын бүртгэлийн газар барьцаалсан гэх ойлголт байхгүй талаар баримт ирсэн учраас Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 156.3 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэрээ тул С ХХК, “ЖДҮХС”-ийн хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. С ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “ЖДҮХС”-тай зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан. Гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч, зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүргийг хүлээнэ гэж заасан бөгөөд өөрийн эрх үүргийг ухамсарласны үндсэн дээр эрх бүхий этгээд гэрээнд гарын үсгээ зурсан байдаг. 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гэрээг бүртгүүлсэн тул үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлсэн гэж үзэж байна. Газрыг бүртгүүлээгүй, үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлсэн гэдэг нь тодорхой харагдаж байгаа учраас сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Прокурор Г.Эрдэмбаатар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 242 дугаар зүйлд зааснаар хариуцагч “МММЭК” ХХК, С ХХК-ууд зээлийн болон барьцааны гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч мөн учраас хамтран үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлөх үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч “МММЭК” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Тайлбаргүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “МММЭК” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 1 628 594 600 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ЖДҮХГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45 162 616 төгрөгт холбогдох хэсэг болон С ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч С ХХК ХХК-аас 1 673 757 216 төгрөг гаргуулах, С ХХК-ийн эзэмшлийн ... үл хөдлөх хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдаж, худалдаж борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч С ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 7 707 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “МММЭК” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 8 300 923 төгрөгийг гаргуулан, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.  

Хариуцагч С ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хариуцагч С ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож Иргэний хуулийг зөрчсөн шийдвэр гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх явцад зээлийн гэрээний дагуу С ХХК нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл аваагүй болох нь тодорхой болно. Зээлийг хүлээн аваагүй тул үүрэг гүйцэтгэгч биш болох нь тодорхой болсон бөгөөд энэ талаар С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт нэхэмжлэгчийн төлөөлөгч болон прокурор няцааж үгүйсгэсэн тайлбар хийгээгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн төлөөлөгч болон прокурорын няцаалт явагдаагүй, шүүгч энэ талаар тодруулан асуух хэлбэрээр мэтгэлцээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн дагуу шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх байтал мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалтыг зөрчсөн шийдвэр гаргасан. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй “МММЭК ХХК хооронд байгуулсан гэрээнд зээл авагч биш зээлийн гэрээнд төлбөрийн үүрэг гүйцэтгэгч биш С ХХК хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэхгүй. Барьцааны гэрээ болон зээлийн гэрээний тал биш этгээдийг барьцааны гэрээнд тал болгон оролцуулсан 2016 оны 5 дугаар сарын 23-нд 2016/91/01 дугаартай зээлийн гэрээ болон Б2016/91/01 дугаартай барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус гэрээ байхад шүүх хууль зүйн бодит үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Монгол Улсын Үндсэн Хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах ...” гэж, 10 дугаар зүйлийн 10.1-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ” гэж, 10.7-д “Шүүх хуулиуд хоорондоо зөрчилтэй буюу хууль шударга бус, эсхүл нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш гэсэн үндэслэлээр хуулийн хэм хэмжээг хэрэглэхээс татгалзаж болохгүй” гэж заасныг тус тус зөрчиж хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх заалтыг шүүх анхааралгүй дүгнэлт хийсэн. С ХХК нь зээлийн гэрээгээр зээл хүлээн аваагүй тул нэхэмжлэгчийн өмнө зээл буцаан төлөх үүрэг үүсэхгүй. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан үүрэг үүсээгүй тул мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасан хамтран үүрэг гүйцэтгэгч биш. Талуудын хооронд зээлийн ба барьцааны гэрээ биш батлан даалтын гэрээ байгуулах ёстой. Мөн барьцааны гэрээ биш батлан даагчийн хувьд эрх зүйн харилцааг үүсгэж батлан даалтын гэрээ байгуулах ёстой гэсэн С ХХК-ийн мэтгэлцээний үндэслэлд дүгнэлт хийлгүй шүүхийн шийдвэр гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх заалтыг зөрчсөн.  Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт сөрөг нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч ЖДҮХГзээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт нийт 1 673 757 216 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч “МММЭК” ХХК 42 902 964 төгрөгийг зөвшөөрч, 45 162 616 төгрөгийг эс зөвшөөрсөн бол хариуцагч С ХХК нь “МММЭК” ХХК болон Жижиг дунд үйлдвэрийн газрын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний С ХХК-ийг хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцуулсан хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд, 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч ЖДҮХС, хариуцагч “МММЭК” ХХК, С ХХК-ийн хооронд 1 510 000 000 төгрөгийг, жилийн 5 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай зээлдэх тухай зээлийн гэрээг, мөн өдөр үүргийн гүйцэтгэлд С ХХК-ийн өмчлөлийн ... үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээг тус тус байгуулсан байх ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн байна. /1хх7-20/

Талуудын байгуулсан зээлийн гэрээнд С ХХК хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож уг компанийн эрх бүхий этгээд гарын үсэг зурсан байна. Зээлдэгч нь гэрээний хугацаанд үндсэн зээл 1 510 000 000 төгрөгөөс гадна зээлийн хүүнд 229 505 214 төгрөг, нийт 1 739 505 214 төгрөг төлөх үүрэгтэй боловч 2016 оны 6 дугаар сараас 2018 оны 4 дугаар сар хүртэл нийт 75 500 386 төгрөг төлж үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримт, талуудын тайлбар зэргээр тогтоогджээ. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 6.1.2, 6.1.3-т заасан үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан байна. Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор гэрээнээс татгалзах эрхийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан. /1хх137-149, 236-237/

Шүүх хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үндсэн үүргийн дүнг нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үндсэн зээл 1 500 822 514 төгрөг, зээлийн хүү 84 849 122 төгрөг, алданги 88 065 580 төгрөг, нотариатын зардал 20 000 төгрөг, нийт 1 676 757 216 төгрөгөөс нэхэмжлэгчийн алдангийг давхардуулан тооцсон үнийн дүнг хасч 1 628 594 600 төгрөг гэж тодорхойлсонд хариуцагч гомдол гаргаагүй байна.

Талууд зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангахын тулд 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Б2016/91/01 дугаартай барьцааны гэрээг байгуулж, хариуцагч С ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан. Уг гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасан барьцааны гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийн шаардлагыг хангасан байна. Хариуцагч “МММЭК” ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасны барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.

 Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хуулийн үндэслэл тогтоогдсонгүй. Хариуцагч С ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд С ХХК-ийг хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцуулсан хэсгийг хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулна, зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтыг зөрчиж байгуулсан. С ХХК зээл аваагүй, нэхэмжлэгч зээлийн гэрээнд гуравдагч этгээдийг оролцуулж байгаа тохиолдолд батлан даалтын гэрээ байгуулах байсан. Барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 156.3 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй ...” гэж тайлбарлаж байна.

Зээлийн болон барьцааны гэрээ нэхэмжлэгч ЖДҮХГ, хариуцагч С ХХК, “МММЭК” ХХК-ийн хооронд байгуулагдсан бөгөөд зээлдэгч С ХХК, “МММЭК” ХХК зээлийг шингэн саван үйлдвэрлэх төслийн зориулалтаар авч, гэрээний зүйлийг зээлдэгчийн Төрийн банкин дахь 384000013377 тоот дансанд шилжүүлэн авахаар гэрээний 3.2 дах заалтаар тохиролцсон байна. Тэрээр зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгийг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зээлдэгч нарын нэрлэн заасан уг дансанд шилжүүлэн өгсөн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С ХХК-ийг уг гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх хуулийн үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дах хэсэгт зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болох бөгөөд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн үндэслэлтэй байна.

“Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дах хэсэгт заасан. Иймд хариуцагч С ХХК-ийн “зээлийн харилцаанд гуравдагч этгээд оролцож байгаа тохиолдолд барьцааны гэрээ биш, батлан даалтын гэрээ байгуулах байсан” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-ийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/03307 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 707 950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                        ШҮҮГЧИД                                      Ц.ИЧИНХОРЛОО

                

                                                                                              А.МӨНХЗУЛ