Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1185

 

ЖДҮХСгийн                                                                     нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/00933 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “ЖДҮХС” УТҮГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “М” ХХК, “С” ХХК-уудад холбогдох

 

 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2016/91/01 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 1 673 757 216 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагч “С” ХХК-ийн “талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнд “С” ХХК-ийг хамтран үүрэг гүйцэтгэгчээр тодорхойлсон хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч “С” ХХК-ийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Халиун, хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмаржав, хариуцагч “Сарууллупус” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Халиун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “М ХХК, “С” ХХК нар нь “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-тай 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 2016/91/01 тоот зээлийн гэрээ болон Б2016/91/01 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулан 1.510.000.000 төгрөгийг зээлсэн. Ингэж зээл авахдаа “С” ХХК-ийн эзэмшлийн Багануур дүүрэг, 3 дугаар хороо, үйлдвэрийн хэсэгт байрлах 18302295761949 нэгж талбарын дугаартай, хүнсний үйлдвэрийн зориулалттай, 7743 м.кв талбай бүхий газар, “С” ХХК-ийн эзэмшлийн Багануур дүүрэг, 3 дугаар хороо, замчин хэсгийн урд байрлалтай, 18303294478603 нэгж талбарын дугаартай, үйлдвэрийн зориулалттай, 60.680 м.кв талбай бүхий газар, “С” ХХК-ийн эзэмшлийн Багануур дүүрэг, 3 дугаар хороо, үйлдвэрийн хэсэг, уурхайчдын гудамж, 34/2 тоот хаягт байрлалтай, 1.352 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, “С” ХХК-ийн эзэмшлийн Багануур дүүрэг, 3 дугаар хороо, замчин гудамж 101/1, 101/2, 101/3, 101/4, ТЗ101/5 тоот хаягт байршилтай, 840 м.кв талбайтай, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-2208001354 тоот дугаартай агуулахын зориулалттай саравч, 1.2 км салаа төмөр зам, 3 ширхэг зоорийг тус тус барьцаалан зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу нийт 187.300.386 төгрөгийг төлж барагдуулсан. Зээлдэгч нар нь зээлийн хугацааг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар нийт 1101 хоног хэтрүүлсэн байна. Мөн нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь өөрөө тусгай сангийн хуулиар зохицуулагддаг. Засгийн газраас бонд авч зээлдэгч нарт олгосон зээлийн хүү, алданги зэргээр санхүүждэг учраас хариуцагч тал мөнгөө өгөхгүй байгаа нь бусад зээл авах гэж байгаа хүмүүст хүндрэл учруулж байна. Иймд хариуцагч “М” ХХК, “С” ХХК нараас 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2016/091/01 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн үндсэн төлбөрт 1.500.822.514 төгрөг, хүү 84.849.122 төгрөг, алданги 88.065.580 төгрөг, нотариатын зардал 20.000 төгрөг, нийт 1.673.757.216 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох хариуцагч “С” ХХК-ийн эзэмшлийн Багануур дүүрэг, 3 дугаар хороо, үйлдвэрийн хэсэгт байрлах 18302295761949 нэгж талбарын дугаартай, хүнсний үйлдвэрийн зориулалттай, 7.743 м.кв талбай бүхий газар, “С” ХХК-ийн эзэмшлийн Багануур дүүрэг, 3 дугаар хороо, замчин хэсгийн урд байрлалтай, 18303294478603 нэгж талбарын дугаартай, үйлдвэрийн зориулалттай, 60.680 м.кв бүхий газар, “С” ХХК-ийн эзэмшлийн Багануур дүүрэг, 3 дугаар хороо, үйлдвэрийн хэсэг, уурхайчдын гудамж, 34/2 тоот хаягт байрлалтай, 1.352 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, “С” ХХК-ийн эзэмшлийн Багануур дүүрэг, 3 дугаар хороо, замчин гудамж 101/1, 101/2, 101/3, 101/4, ТЗ101/5 тоот хаягт байршилтай, 840 м.кв талбай, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-2208001354 тоот дугаартай агуулах зориулалттай саравч, 1.2 км салаа төмөр зам, 3 ширхэг зоорь зэрэг барьцаа хөрөнгүүдээр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “М” ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмаржав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 2016/91/01 дугаартай гэрээг байгуулсан бөгөөд энэхүү гэрээний хугацаа 2021 оны 4 дүгээр сар хүртэл үргэлжлэх байсан. Гэтэл зээлийн гэрээний дагуу хэрэгжих төслийг гол хэрэгжүүлэх ажилтан болох захирал Н.Болд нь хорт хавдраар хүндээр өвчилсөн тул зээлийн харилцаанд хүндрэл гарсан болно. Үүнээс болж зээлийн төлбөрийг графикийн дагуу төлж чадахгүйд хүрсэн. Манай компанийн зүгээс 1.610.925.860 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.  Харин үлдэх шаардлага буюу 62.831.356 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч байгууллага нь зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй эсэх нь нотлогдохгүй байгаа тул алданги шаардах эрхгүй гэж үзэж байна.  Манай компанийн зүгээс “С” ХХК-ийг зээлийн барьцаанд хөрөнгүүдээ тавиад өгөөч гэж хүссэн. Зээлийн гэрээний дагуу авсан мөнгөнөөс “С” ХХК нь нэг ч төгрөг аваагүй гэжээ.

Хариуцагч “С” ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С” ХХК нь үүрэг гүйцэтгэгч болж үүрэг гүйцэтгүүлэгчээс ямар нэгэн мөнгө хүлээж авсан баримт байхгүй. Иймд үүрэг гүйцэтгэгч биш байхад барьцааны гэрээ байгуулсан байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хуулийн шаардлага хангахгүй байна. Энэ бол зээлдэгч болон зээлдүүлэгчийн хооронд батлан даагч гэх эрх зүйн зохицуулалт байсан гэтэл хууль зөрчиж үүрэг гүйцэтгэгч гэж тодорхойлж зээлийн гэрээн дээр гарын үсэг зуруулсан байх тул энэ үйл баримтыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч тал “С”    ХХК-ийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж тодорхойлж байна. Хэнд мөнгө өгсөн тэр хүнээсээ үүргийн гүйцэтгэлийг шаардах ёстой. Зээлийн гэрээг бичгээр үйлдсэнээрээ гол нь биш, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээрээ хүчин төгөлдөр болдог. Нэхэмжлэгч талаас “С” ХХК-д мөнгө шилжүүлсэн баримт байхгүй. Үүрэг гүйцэтгэгч гэдэг бол тодорхой үүрэг хүлээж зээлийг хэн авсан тэр этгээд нь төлөх үүрэгтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч “С” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээнүүдэд “С” ХХК-ийг хамтран үүрэг гүйцэтгэгчээр тодорхойлсон хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хуульд нийцэхгүй байна. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийг яамны жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь “М” ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2016/91/01 дугаартай зээлийн гэрээг байгуулж, дээрх гэрээний дагуу “М” ХХК-ийн дансанд мөнгө шилжүүлсэн билээ. Энэ үйл баримт нь манай компанийг зээлийн эрх зүйн харилцааны нэг тал биш болохыг нотолно. Мөн тухайн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож буй асуудал нь Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон “М” ХХК-ийн хооронд үүссэн харилцаанд батлан даагчийн хувиар оролцож буй хэлбэр болохоос зээл авагч болон хөрөнгө барьцаалагч биш бөгөөд зээлийн гэрээний зээлдэгч тал болох “М” ХХК-ийн захиралтай хувийн сайн найз нөхдийн холбоотой учир түүнийг зээл авахад нь дэмжлэг үзүүлж буй хэлбэр бөгөөд хуулийн дагуу бол батлан даагч болж эрх зүйн харилцааг үүсгэсэн юм. Түүнээс биш бид зээлдэгч ба зээл авч үүргийн гүйцэтгэлийг хангахаар өөрийн эд хөрөнгийг барьцаанд тавьсан этгээд биш юм. Мөн нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй этгээд биш байна. Барьцаалагч гэдэг бол Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөрчсөн байх тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнд “С” ХХК-ийг хамтран үүрэг гүйцэтгэгчээр тодорхойлсон хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Халиун сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч “С” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Хариуцагч “М” ХХК-д 1.510.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэй, “Шингэн саван үйлдвэрлэх” төслийн зориулалтаар зээлэхдээ хариуцагч “С” ХХК-ийн эд хөрөнгийг барьцаалж зээлсэн. “С” ХХК-ийн захирал М.Тэмүүжин нь зээлийн болон барьцааны гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх, үүргийг ухамсарлан, хүлээн зөвшөөрч, хамтран зээлдэгчээр оролцон өөрийн компанийн  үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалуулсан. Мөн ЖДҮХС  болон “М” ХХК нарын хооронд 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 2016/91/01 тоот зээлийн гэрээний 5.2.14-д зааснаар “С” ХХК нь хамтран зээлдэгч гэдгийг баталж байна гэжээ.

Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмаржав сөрөг нэхэмжлэлд шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани энэ зээлийг төслийн үйл ажиллагаандаа зарцуулах гэж авсан. Тэрнээс биш “С” ХХК-д шан харамж өгсөн юм уу, эсвэл зээлийг хувааж зарцуулсан зүйл байхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.6, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан талуудын хооронд 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан 2016/91/01 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч “М” ХХК“, “С” ХХК нараас зээлийн гэрээний үүрэгт 1.673.757.216 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “ЖДҮХС”-д олгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох хариуцагч “С” ХХК-ийн өмчлөлийн Багануур дүүрэг, 3 дугаар хороо, замчин гудамж 101/1, 101/2, 101/3, 101/4, ТЗ101/5 тоот хаягт байршилтай, 840 м.кв талбайтай, агуулахын зориулалттай саравч, 1.2 км салаа төмөр зам, 3 ширхэг зоорь, Улсын бүртгэлийн Ү-2208002796 дугаарт бүртгэлтэй,  Багануур дүүрэг, 3 дугаар хороо, үйлдвэрийн хэсэг, уурхайчдын гудамж, 34/2 тоот хаягт байрлалтай, 1352 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, “С” ХХК-ийн эзэмшлийн Багануур дүүрэг, 3 дугаар хороо, үйлдвэрийн хэсэгт байрлах 18302295761949 нэгж талбарын дугаартай, хүнсний үйлдвэрийн зориулалттай, 7743 м.кв талбай бүхий газар, Багануур дүүрэг, 3 дугаар хороо, замчин хэсгийн урд байрлалтай, 18303294478603 нэгж талбарын дугаартай, үйлдвэрийн зориулалттай, 60680 м.кв бүхий газар зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-ийн “талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнд “С” ХХК-ийг хамтран үүрэг гүйцэтгэгчээр тодорхойлсон хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “М” ХХК“, “С” ХХК нараас улсын тэмдэгтийн хураамжид 8.596.937 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч “С” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7.707.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч “С” ХХК давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ЖДҮХС" УТҮГ-ын нэхэмжлэлтэй "М ХХК хооронд байгуулсан гэрээнд зээл авагч биш зээлийн гэрээнд төлбөрийн үүрэг гүйцэтгэгч биш "С" ХХК хамтран үүрэг гүйцэтгэгч гэж тодорхойлсон байх бөгөөд барьцааны гэрээнд мөн зээлийн гэрээний тал биш, этгээдийг барьцааны гэрээнд тал болгон оролцуулсан байна. "М ХХК нь 1.610.925.860 төгрөгийг зөвшөөрөх бөгөөд 62.831.356 төгрөгийг зөвшөөрөхгүй, зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөрөлгүй болон алданги шаардах эрхгүй. "С" ХХК нь сөрөг нэхэмжлэл гарган бид зээлийн гэрээний тал биш "ЖДҮХС" УТҮГ-аас нэг ч төгрөгийн зээл аваагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн...гэрээ мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний тал биш, зээлдэгчээс нэг ч төгрөгийн зээл аваагүй, хууль зүйн утгаар батлан даагчаар гэрээ байгуулаагүй. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1..." гэсэн огт байхгүй хэм хэмжээг тайлбарласан байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан заалтьн шүүх анхааралгүй дүгнэлт хийжээ. Гэрээг байгуулсан гэхдээ буруу гэрээ байгуулж хууль зөрчсөн гэсэн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Мөн барьцааны гэрээ биш батлан даагчийн хувьд эрх зүйн харилцааг үүсгэж батлан даалтын гэрээ байгуулах ёстой гэсэн сөрөг нэхэхжлэл гаргагч "С" ХХК-ийн мэтгэлцээний үндэслэлд дүгнэлт хийлгүй шүүхийн шийдвэр гаргажээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Иймд шийдвэрт сөрөг нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч ЖДҮХС нь хариуцагч “М” ХХК болон “С” ХХК-уудад холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 1.500.822.514 төгрөг, зээлийн хүү 84.849.122 төгрөг, алданги 88.065.580 төгрөг, хохирол 20.000 төгрөг, нийт 1.673.757.216 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 1.610.925.860 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж, “С” ХХК нь ЖДҮХС, “М” ХХК-ийн хооронд 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Зохигчдын хооронд 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэг болох алдангийн талаар хоёр хариуцагчийн нэг нь зөвшөөрч, нөгөө нь эс зөвшөөрч маргаж байгаа тохиолдолд шүүх зайлгүй дүгнэх шаардлагатай.

 

Учир нь талууд зээлийн гэрээгээр  анзын талаар тохиролцохдоо “...эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлгүй 30 хоног хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,1 хувийн алданги тооцож авах”-аар тохиролцсон байх тул зээлийн эргэн төлөлтийн хуваарь хэрэгт ач холбогдолтой.

 

2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний хавсралтаар зээлийн эргэн төлөлтийн хуваарь тогтоосон байх боловч уг эргэн төлөлтийн хуваарийг “...2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Захирлын зөвлөлийн 2017/02 тоот тушаалаар график өөрчилсөн..” гэсэн бичмэл баримтыг нэхэмжлэгч талаас гаргасан боловч уг тушаал хэрэгт авагдаагүй байна.

Мөн нэхэмжлэгч талаас нотлох баримтаар 2017 оны 05 дугаар сараас хойшхи “М” ХХК-ийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гаргаж өгсөн боловч уг баримт нь хуульд заасан шаардлага хангаагүй байхад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эрхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчүүлсэн хуулбарыг өгнө” гэж заасан байхад анхан шатны шүүх “М” ХХК-ийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь гэх баримтыг хуульд заасан шаардлага хангуулж аваагүй нь нотлох баримтын талаар хуульд тавигдсан хэлбэрийн болон агуулгын шаардлагын ач холбогдлыг алдагдуулсан шинжтэй болжээ.

 

Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт хуульд заасан шаардлагыг хангаагүйгээс Анхан шатны шүүх  зээлийн хүү, алдангийг хэрхэн тооцсон нь тодорхой бус байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй болгожээ.

 

Мөн нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох хариуцагч “С” ХХК-ийн эзэмшлийн Багануур дүүрэг, 3 дугаар хороо, үйлдвэрийн хэсэгт байрлах 18302295761949 нэгж талбарын дугаартай, хүнсний үйлдвэрийн зориулалттай, 7.743 м.кв талбай бүхий газар, “С” ХХК-ийн эзэмшлийн Багануур дүүрэг, 3 дугаар хороо, замчин хэсгийн урд байрлалтай, 18303294478603 нэгж талбарын дугаартай, үйлдвэрийн зориулалттай, 60.680 м.кв бүхий газар, “С” ХХК-ийн эзэмшлийн Багануур дүүрэг, 3 дугаар хороо, үйлдвэрийн хэсэг, уурхайчдын гудамж, 34/2 тоот хаягт байрлалтай, 1.352 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, “С” ХХК-ийн эзэмшлийн Багануур дүүрэг, 3 дугаар хороо, замчин гудамж 101/1, 101/2, 101/3, 101/4, ТЗ101/5 тоот хаягт байршилтай, 840 м.кв талбай, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-2208001354 тоот дугаартай агуулах зориулалттай саравч, 1.2 км салаа төмөр зам, 3 ширхэг зоорь зэрэг барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар шаардлага гаргасан боловч Багануур дүүрэг, 3 дугаар хороо, үйлдвэрийн хэсэгт байрлах 18302295761949 нэгж талбарын дугаартай, хүнсний үйлдвэрийн зориулалттай, 7.743 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг,  “С” ХХК-ийн эзэмшлийн Багануур дүүрэг, 3 дугаар хороо, замчин хэсгийн урд байрлалтай, 18303294478603 нэгж талбарын дугаартай, үйлдвэрийн зориулалттай, 60.680 м.кв бүхий газар эзэмших эрхийг тус тус барьцаалсан талаар бүртгэлийг Газрын тухай хуульд заасан журмын дагуу хийгдсэн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Дээрх байдлаар хэргийн нөхцөл байдал тодорхой бус хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт байхгүй тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/00933 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “С” ХХК-ийн төлсөн 7 707 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

 

                                                 ШҮҮГЧИД                                    Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                      Н.БАТЗОРИГ