Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2020/02867

 

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2020/02867

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, шүүгч Ч.Батчимэг, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Цагаан овоо сум, 0 дугаар баг, Хулстайн бүрд гэх газар оршин суух, Б овогт Б-ы Г /РД: 00000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Сөүлийн гудамж 0, өөрийн байранд байрлах, М.О.Х.Н.У.Б.Т.З.Н /РД: 2076675/-т холбогдох,

Гэм хорын хохиролд 105,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Д.Э, Н.Б, шинжээч Н.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Б.Г-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н-гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2012 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд У.Б.Т.Зын Баянтүмэн тасгийн тасгийн дарга Л.Э-р ахлуулсан нэр бүхий 23 ажилчин цурав тавьж байгаад галтай болгоомжгүй харьцаж, галын аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйн улмаас тал хээрийн түймэр тавьж, онц их хэмжээний хохирол учруулсан, тодруулбал улсад болон ард иргэдэд 760,000,000 гаруй төгрөгийн хохирлыг учруулсан байдаг. У.Б.Т.З.Н-ийн Баянтүмэн тасгийн ажилчдын буруутай үйлдлийг Дорнод аймгийн цагдаагийн газраас 2012 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн хуулийн 213 дугаар зүйлийн 213.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байдаг. Мөрдөн байцаалтын ажиллагаа 2012 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаанд явагдаж, прокурор хяналт тавин эрүүгийн хэргийн шүүхэд 1, 2 удаа хэргийг шилжүүлэн ажилласан байдаг. Мөн энэ хэргийг шалгах явцад У.Б.Т.З-аас иргэний хариуцагчаар татагдаж тайлбар, мэдүүлгээ өгч явсан. У.Б.Т.З-ын даргын 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б-II-64 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тушаалаар Хэрлэн-Хавирга зөрлөгийн хоорондын замд түймрээс хамгаалах зурвас газрын өвс, шатаах ажлыг хангалтгүй зохион байгуулж, ажил удирдах ажилтныг томилоогүй, ажилтнуудад зааварчилгаа өгөөгүй, техникийн болон багаж хэрэгслийн бэлтгэлийг бүрэн хангалгүйгээр ажиллуулж, гал алдаж, хариуцлагагүй ажилласан Баянтүмэн тасгийн дарга Л.Э, С.Т, Ш.Э, М.Н зэрэг хүмүүст Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлсийг нэгээс хоёр сарын хугацаагаар 20 хувь бууруулахаар сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Мөн эрүүгийн хэргийн мөрдөн байцаалт, прокурорын шатанд иргэний хариуцагчаар шалгагдаж байсан 23 нэр бүхий этгээдүүд гадаадад томилолтоор явах, байгаа газар нь тодорхойгүй байх зэрэг нөхцөл байдал үүсэж, хэд хэдэн удаа хэрэг түдгэлзсэн. Мөрдөн байцаалтын зохих шатанд зайлшгүй ажиллагаанууд хийгдэх ёстой гэдэг байдлаар удаан хугацаагаар сунжирсаар байгаад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 213 дугаар зүйлийн 213.1 дэх хэсэг буюу хүндэвтэр хэргийн зүйлчлэлээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр тухайн хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээвэл зохих этгээдүүд хариуцлага хүлээгээгүй өнөөдрийг хүрч байна. 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр прокурорын тогтоол гарч дээр дурдсан хууль зүйн үндэслэлээр хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тогтоолд хохирогч нарын өмгөөлөгч гомдол гаргасныг дээд шатны прокурорын байгууллага хянаж, 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 5/35 дугаартай прокурорын тогтоол гарсан байдаг. Энэ тогтоолоор тухайн аймаг, сум, баг хороонд гарсан гал түймэртэй холбоотой асуудлыг маш тодорхой тогтоосон байдаг. Прокурорын тогтоол дээр хэнд хичнээн төгрөгийн хохирол учирсан, ямар хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж энэ хохирол учирсан гэдгийг бүрэн тогтоосон. Мөн энэ прокурорын тогтоолд удаан хугацаагаар мөрдөн байцаах ажиллагаа сунжирч явсан учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохыг дурдсан байдаг. 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 5/35 дугаартай прокурорын тогтоолын тогтоох хэсгийн 4-т хохирогч нар нь өөрт учирсан шууд бус хохирлоо У.Б.Т.З.Н-ийн Дорнод аймаг дахь Баянтүмэн тасгаас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн. Энэ шийдвэр эцсийн шийдвэр болохыг тайлбарласан. Ингээд нэхэмжлэгч Б.Г нь өөрт учирсан хохирол болох 213 тоо толгой адуун сүргийн хохиролд тухайн үеийн мөрдөн байцаах ажиллагааны явцад хийгдсэн үнэлгээний дүнгээр 105,200,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зүйн хувьд үндэслэлтэй нэхэмжлэл байна гэж өмгөөлөгчийн зүгээс болон түүний төлөөлөгч Д.У-ын гаргасан тайлбарыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байгаа болно.

Мөн хариуцагчийн төлөөлөгч Х.Э-ийн гаргасан тайлбарт няцаалт хийх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл 2012 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр дэгдсэн У.Б.Т.З-ын ажилчдын буруугаас гарсан гал түймрийн уулзварыг бодитой тогтоогоогүй, тухайн эрүүгийн хэргийг шалгах явцад гэм буруутай этгээдийг тогтоогоогүй гэж ярьж байна. Хавтаст хэрэгт авагдсан 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 53 дугаартай Сум дундын 10 дугаар шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт гэмт хэргийг хэн үйлдсэнийг нарийвчлан тогтоож ирүүлэх, өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын гэм буруу, хохирогч нарт учирсан хохирлын хоорондох шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоох гэж байгаа. Шүүгдэгч нарын гэм буруу гэдэг нь нэр бүхий 23, 24 хүний асуудал яригдаж байгаа учраас хүн нэг бүрийн үйлдэл оролцоог тогтоох ёстой гэж ойлгож байна. Тогтоох хэсгийн 2 дахь заалтад 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн галын шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар зөвшөөрөөгүй талаараа мөрдөн байцаалтад мэдүүлсэн байхад дахин дүгнэлт гаргуулахгүйгээр нэмэлт дүгнэлт гаргуулсан нь буруу байна. Иймд шинжилгээ гаргах эрх бүхий шинжээч нарыг оролцуулсан бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзлээ гээд мөн хохирогч нарын зарим хохирлыг тодорхой болгох шаардлагатай гэж үзсэн байдаг. Мөн тогтоох хэсгийн гуравт мөрдөн байцаалтын шатанд иргэний хариуцагчийг тогтоохдоо эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээдийг тогтоох ёстой атал иргэний хариуцагчаар татан оролцуулсан нь хууль зөрчжээ. Иймд дээрх алдааг засуулах нь зүйтэй гэж шүүхээс үзэж хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Үүний дагуу 2014 оны 6 дугаар сарын 9-ны өдрийн 9 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан. Үүн дээр иргэний хариуцагчаар татагдсан У.Б.Т.З гомдол гаргаагүй байдаг. Мөн гэм буруугийн асуудал тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл гал түймрийн аюулыг нүүрлүүлсэн субъектгүй буюу энэ хэрэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч этгээд байхгүй, Үндсэн хуульд зааснаар шүүхээс хэн нэгэн этгээдийн гэм буруутайг тогтоогоогүй байхад гэм буруутайд тооцохгүй гэсэн үндэслэлээр хариуцагч тал татгалзал хийж байна. Анхан шатны шүүхээс хэргийг миний дээр дурдсан 3 үндэслэлээр буцаасан болохоос биш тогтоолд хэргийг хэн үйлдсэн нь тодорхойгүй, гэм буруутай этгээд байхгүй байна гэсэн үг өгүүлбэр байхгүй. Мөн энэ хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар биш Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон гэж байна. 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 5/35 дугаартай прокурорын тогтоолоор У.Б.Т.З хувь нийлүүлсэн нийгэмлэгийг гэм буруутай болохыг тогтоосон нь нотлогдсон гэж дүгнэсэн байна. Малтай иргэд жил бүр 12 дугаар сард тооллого хийлгэх ёстой, А данс байх ёстой гэж ярьж байна. Хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс А данс буюу малыг даатгуулсан баримтыг гаргаж өгсөн. Даатгалын цаана хураамж явдаг. Нэг малд хэдэн төгрөгийн хураамж төлөх вэ, хэн ч малаа илүү тоолуулаад илүү хураамж төлөхийг хүсэхгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Б.Г-т тодорхой тооны адуу, тодорхой тооны бог мал, бусад мал сүрэг байсан нь хангалттай нотлогдсон. Малын сэг, зэмийг устгасан баримт байхгүй байна гэж байна. Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах явцад маш олон тооны фото зурагт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан байдаг. Мөн гэрч Б.Г-ын аав Ч.Б-ы хэлсэн тайлбараар сумаас нь устгал хийсэн гэдэг. Тухайн үед Чойбалсан сумын засаг даргын тамгын газрын дэргэдэх тухайн ажилтнуудын буруугаас болж тухайн үйл баримтыг баримтжуулаад, архивт бичгийн байдлаар үлдээгээгүй нь өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл малын тооллогын баримт, малын хураамж төлдөг даатгалын баримт малтай байсныг нотолж байгаа. Дээрээс нь устгал хийсэнтэй холбоотой фото зураг, бусад эд мөрийн баримтууд дараа нь байхгүй болсон гэдэг байдлаар Дорнод аймгийн Цагдаагийн газраас 2019 онд албан бичиг шүүхэд ирүүлсэн байна.

Хээрийн түймэр гарсантай холбоотой тухайн иргэн өөрийн өмчлөлийн мал сүрэг, өөрийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах үүрэгтэй гэж байна. Гэтэл тал хээрийн түймрээс болж энэ хүний 213 тоо толгой адуун сүрэг устаж алга болсон, 213 тоо толгой мал нэхэмжлэгчийн оршин сууж байсан газар буюу гэрээс 10 км зайд байсан гэж байна. Дээрээс нь нэхэмжлэгч амь насаа нэгдүгээрт тавих уу, адуун сүргээ нэгдүгээрт тавих уу гэдгийг бодох хэрэгтэй. Гэрч 10 км гэдгийг төөлөөд, метрлээд хэмжсэн зүйл байхгүй. Гэхдээ яах ч аргагүй түймрийн улмаас тодорхой тооны мал сүрэг, хонин сүрэг устаж үгүй болсон гэдгийг мөрдөн байцаалтын явцад тогтоосон. Үнэлгээ нь гарч ирсэн. Галын шинжээчийн дүгнэлт 2 удаа гарсан байдаг. Нэг нь 9 дугаартай шинжээчийн дүгнэлт, нөгөөх нь бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Мөн иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагчийн төлөөлөгч нарын хүсэлтээр 2, 3 удаа бүрэлдэхүүнтэй дахин шинжээчийн дүгнэлтүүд гарсан. Энэ шинжээчийн дүгнэлтүүдээр У.Б.Т.З.Н-ийн Баянтүмэн тасгийн ажилчдын буруутай үйлдлээс тухайн талын түймэр гарсан гэдгийг хангалттай нотолсон. Галын дүгнэлтийг Онцгой байдлын Ерөнхий газрын даргын тушаалаар томилогдсон мэргэжлийн, дадлага туршлагатай нэр бүхий этгээдүүд гаргасан. Тэдгээр хүмүүс Шүүхийн шинжилгээний тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан эрх, үүргээ эдэлж, хууль сануулсан байдлаар дүгнэлтээ гаргасан. Тухайн цаг хугацаанд бидний нэг нь ч тэнд байгаагүй. Энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхэд зөвхөн хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шинжлэн судалж хэргийг шийдвэрлэхээс бус буцаагаад он, сарыг ухраах боломжгүй. Аливаа зүйлд цаг хугацаа, орон зай гэдэг зүйл байна гэдгийг ойлгох хэрэгтэй болов уу гэж үзэж байна. Шинжээч нар шинжлэх ухааны үндэслэлтэй, бодитой буюу цаасан дээр бичигдсэн үйл баримт, дугаар бүхий эрүүгийн хэрэгт нотлох баримтаар авагдсан ийм баримтууд дээр ажилласан.

 

Иймд эдгээр баримтуудаар хариуцагчийн гэм буруутай үйлдэл бүрэн нотлогдож тогтоогдсон, өөрөөр хэлбэл У.Б.Т.З.Н-ийн Баян түмэн тасгийн ажилчдын буруутай үйлдлийн улмаас гарсан хээрийн түймэрт шасан Б.Гын азарга 4, гүү 104, морь 11, соёолон 8, хязаалан 10, байдас 8, шүдлэн үрээ 7, эр даага 9, охин даага 12, эр унага 15, охин унага 25 толгой, нийт 213 толгой адууны үнэ 105,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Д.Э, Н.Б нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. У.Б.Т.З нийгэмлэгийн Баянтүмэн тасгийн ажилчид гал алдаж, нэхэмжлэгчийн мал шатсан гэж гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд иргэн Д.О тамхи асаасан шүдэнзээ хаяснаас болж хуурайшилт ихтэй улиралд хуурайшилт ихтэй өвснөөс гал асаж, Дорнод аймгийн Дашбалбар, Гурван загал, Сэргэлэн, Чойбалсан сумдад хээрийн түймэр өргөн тархсан байдаг. Энэ хээрийн түймэр 2012 оны 4 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд дэгдэж, сумын эрх бүхий ажилтнууд болон иргэдийн оролцоотойгоор 4 дүгээр сарын 19-ний өдөр унтарсан байдаг. Ингээд 4 дүгээр сарын 22-ны өдөр хуурайшилт, салхины хүчтэй урсгалаас болж Гурванзагал, Дашбалбар сумын уулзвар дээрээс дахин гал ассан байдаг. Тухайн сумдын хэмжээнд түймрийн аюулын дохио дэгдэж, эрх бүхий албан тушаалтнууд, иргэд түймрийг унтраах ажилд гарсан. Энэхүү түймрээс урьдчилсан сэргийлж Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хуульд заасан үүргийнхээ дагуу Дорнод аймаг дахь У.Б.Т.З-ын Баянтүмэн тасгийн салбар нэгж төмөр замын зам, холбооны хэсгээ хамгаалах гэж төмөр замын дагуу 239 км төмөр замыг хамгаалах зурвас хийсэн. Цурав тавих ажиллагааны явцад буюу Хавирга өртөөний 145 км-ийн 7 дугаар зуут гэдэг цэгээс гал алдсан гэж эрүүгийн болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчид дүгнэлт гаргадаг. Гэтэл мөрдөн байцаалтын шат, прокурорын шатанд ингэж үзээд шалгах явцад У.Б.Т.З-ын Баянтүмэн тасгийн хэн гэдэг ажилтны ямар үйлдлийн улмаас 145 км-ийн 7 дугаар зуутад гал алдсан гэдэг нь тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл энэ хэрэг бодит субъектгүй, хэрэг хүлээх субъект нь тодорхойгүй. Ингээд шүүхээс хэргийн субъектийг зөв олж илрүүлэх, ямар этгээд гал алдсаныг зөв тогтоо гээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Гэтэл эрүүгийн хэргийг шалгах явцад мөрдөгч ч тэр, прокурор ч Баянтүмэн тасгаас гал гарсан гэж дүгнэдэг. Бодит байдал дээр өөр.

Засгийн газрын 254 дүгээр тогтоол буюу Ой хээрийн түймрээс учирсан хохирлыг тооцох журамд ой хээрийн түймэртэй үед түймрийн хохирлыг тооцож тодорхойлох ажлыг Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зохих шатны засаг даргын шийдвэрээр байгуулсан ажлын хэсэг гүйцэтгэнэ гэж заасан байдаг. Гурванзагал сум, Дашбалбар сум, Чойбалсан сум түймэртэй байсан. Түймрийн улмаас тодорхой иргэдийн эд хөрөнгө, мал амьтан шатсан. Үүнийг тодорхойлохын тулд сум тус бүр засаг даргын захирамж гаргаж, ажлын хэсэг байгуулж, хохирлыг тооцох ёстой. Энэ дагуу Гурванзагал сум, Чулуунхороот сум засаг даргынхаа захирамжаар буюу албан ёсны шийдвэрээр ажлын хэсэг, хохирол тооцох комисс байгуул, тухайн сумынхаа хохирсон иргэдийн мал эд хөрөнгийг тооцож явсан. Нэхэмжлэгчийн суурьшиж байсан Чойбалсан сумын хувьд Хохирол тооцох журам-ын дагуу засаг даргын шийдвэрээр комисс, ажлын хэсэг гарсан нь тодорхойгүй. Энэ талаарх шийдвэр баримт хавтаст хэрэгт байдаггүй. Тэгсэн мөртлөө хавтаст хэргийн 27, 29 дүгээр талд Чойбалсан сумын ой хээрийн түймрийн хохирлын акт байдаг. Албан ёсны засаг даргын шийдвэр байхгүй байж тэр комиссынх нь хийсэн акт байгаад байдаг. Актын 2 дугаар хэсэгт гишүүд гээд хүмүүсийн гарын үсэг бүхий бичвэр байдаг. Эдгээр хүмүүс нь энэ хохирлыг тогтоох, тооцох этгээдүүд мөн эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Иймээс хавтаст хэрэгт өгсөн ой хээрийн түймрийн хохирлын актыг эрх бүхий газраас гаргасан акт гэж үзэхгүй байна.

Шүүхээс хэргийн субъектийг нарийвчлан зөв тогтоох шаардлагатай гээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдээгүй бол хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэж заасан байдаг. Гэтэл шүүхээс энэ хэрэг У.Б.Т.З-ын Баянтүмэн тасгийн ажилчид гэмт хэрэг үйлдсэн. Үүний улмаас хохирол учруулсанд тооцжээ гэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол байхгүй, гараагүй. Хэргийг 5 жилийн турш удаашралттай шалгах явцад хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Хэргийг хэрэгсэхгүй болгосон шалтгаан нь зөвхөн хөөн хэлэлцэх хугацаанаас болоогүй. Прокурорын 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 5/138 дугаартай тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208 дүгээр зүйлийн 208.1.2 дахь заалтаар буюу гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч хээрийн түймэрт 423 тооны адуу, 70 тооны хонио алдсан гэж мэдүүлдэг. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны А/74 тоот тушаалын 4 дүгээр хавсралтад мал бүхий иргэд өөрийн малаа жил бүрийн 12 дугаар сард малын тооллогод бүрэн хамруулахаар зохицуулж өгсөн байдаг. Монгол улсын хэмжээнд бүх малчид тухайн оны 12 дугаар сард мал тооллогын баримт буюу малын А дансанд албан ёсоор бүртгүүлэх, үүнийг сумын мал эмнэлэг болон холбогдох ажилтнууд гүйцэтгэдэг. Нэхэмжлэгч нь 423 тооны адуу, 70 тооны хонийг бүртгүүлсэн юм уу, тоолуулсан юм уу гэдгийг нягтлахын тулд бүртгэлийн А дансыг гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасныг шүүхээс хангаж Дорнод аймгийн мал эмнэлгийн газарт, нэхэмжлэгчийн амьдарч байсан Чойбалсан сумын Засаг даргын тамгын газар руу А дансны баримтыг нотлох баримтаар гаргуулахаар хүргүүлсэн байдаг. Мал эмнэлгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 33 тоот бичгээр, Чойбалсан сумын Засаг даргын тамгын газрын 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 3/114 тоот бичгээр тус сумын архивт 2011, 2012 оны малын А данс байхгүй гэж хариу ирүүлсэн. Хавтаст хэрэгт 2009, 2010, 2011 онд А дансанд бүртгэгдсэн малын тоо буюу нэхэмжлэгч Б.Г-ын малын тоо зэргийг тодорхойлох лавлагаа байна. Энэ хүснэгт нь нэхэмжлэгчийг өдий зэргийн олон тооны мал тоолуулсан гэдгийг батлах хэмжээний баримт биш, яагаад гэхээр энэ баримт нь малчдын даатгалтай холбоотой баримт. Лавлагааны доод хэсэгт баталгаажуулсан нийгмийн даатгалын байцаагч гэж байгаа.

Түүнчлэн тухайн үед иргэн Д.О-ийн тавьсан гал түймэр, Баянтүмэн тасгийн ажилчдын алдсан гэж тайлбарлаад байгаа галуудад тодорхой тооны иргэд мал, эд хөрөнгөө шатаалгасан байдаг. Энэ түймрийн малын сэг, зэмийг аймгийн мэргэжлийн хяналтын байцаагч нар устгалд оруулсан байдаг. Хавтаст хэргийн 81-90 дүгээр талд бусад малчдын шатаалгасан гэх малыг устгалд оруулсан баримтууд байна. Хэрвээ нэхэмжлэгч нь 423 тооны адуугаа шатаалгасан гэж байгаа бол аймгийн мэргэжлийн хяналтын газраар халдваргүйжүүлэх, устгалд оруулах ажлыг гүйцэтгүүлсэн байх ёстой. Ийм олон шатсан адууг эзэнгүй хээр орхихгүй. Халдвар тарж, өвчин гарах үндэслэл болно. Бид мэргэжлийн хяналтын байгууллагаас Б.Г-ын 423 тооны адуу шатсан талаар баримт гаргуулахыг хүссэн. Үүний дагуу Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас энэ талаар баримт байхгүй гэж албан ёсоор хариу албан бичиг ирүүлсэн байдаг. Тэгэхээр нэхэмжлэгч тухайн үед 423 тооны адуугаа түймэрт алдаж, тэдгээрийг зохих байгууллагаас халдваргүйжүүлсэн талаар зохих баримт байхгүй байгаа тул энэ нь үгүйсгэгдэж байна. Манайхаас бусад мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актыг загвар болгож гаргаж өгсөн. Уг актад бүх тоо толгойг дурдаад, хаана устгалд оруулсан талаар дурдсан байдаг. Нэхэмжлэгчийн аавын иргэний хэрэгт өгсөн мэдүүлэг хавтаст хэргийн 196-198 дугаар талд байдаг. Үүний 2 дугаар хуудаст сумаас мэргэжлийн хүмүүс ирж устгал хийсэн гэж хохирогчийн аав мэдүүлсэн байдаг. Гэтэл мэргэжлийн хяналтын байгууллага ч тэр, өөрөө ч тэр сумаас ирж устгал хийсэн талаар баримтаа гаргаж өгөөгүй. Мөн мэдүүлгийнхээ явцад шатсан адуу бүрийг тамгаар нь баримтжуулж, зургийг нь авсан гэж тайлбарладаг. Тэр зураг нь хэрэгт байхгүй. Нөгөө талаас бодож үзэхэд 423 тооны адууг түймэрт шатсан гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн гэм буруутай үйлдэл байна уу, байхгүй юу гэдгийг нотлох хэрэгтэй. Нэхэмжлэгч нь 2012 оны 7 дугаар сарын 2-ны өдөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхны мэдүүлгийг өгсөн байдаг. Энэ үеэр хэлэхдээ би 2012 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Гурванзагал сум руу түймэр орж байгаа галын дөлийг харсан гэж мэдүүлдэг. Үүгээр түймэр өөрийнх нь нутаглаж байсан газар руу ирэх магадлалтайг урьдчилан тааж мэдэх боломжтой байсан. Үүний дагавраас зайлсхийх бололцоотой байсан гэж харж байна. Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт иргэд ой хээрийн түймэртэй үед эд хөрөнгөө хамгаалах үүрэгтэй гэж зааж өгсөн. Гэр, байшин, малын хашаа хорооныхоо эргэн тойронд хамгаалах шуудуу хийж, учирч болох хохирлыг зайлуулах үйлдлийг хийх зохицуулалт байдаг. Гэтэл нэхэмжлэгч 4 дүгээр сарын 22-ны өдрөөс хэд хоногийн өмнө тухайн аймаг орон нутагт нь галын аюул учирч болохыг мэдсээр байж иргэний журамт үүргээ биелүүлж, галаас мал, эд хөрөнгөө хамгаалах ямар нэгэн үйлдэл хийгээгүй нь өөрийнх нь буруутай үйлдэл. Хохирогчийн аав Ч.Б-ы өгсөн мэдүүлгээр шатсан 423 тооны адуу нь өөрийнх нь амьдарч байсан газраас 10 км-ийн зайд байсан гэж хэлдэг. 10 км гэдэг маш хол зай. Малчин хүн өөрийнхөө малыг 1 км биш 10 км-ийн зайд хариулаггүй орхиж үр дагавар үүсгэсэн, үүний улмаас хээрийн түймэрт алдсан нь өөрийнх нь буруутай үйл ажиллагаа гэж үзэж байна.

Иргэний хэрэгт гарсан галын шинжээчийн дүгнэлтүүд бүрэн, бодитой, шинжлэн ухааны үндэслэлтэй гараагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн гэрч нарын мэдүүлэг дээр үндэслэж дүгнэлт гаргасан байдаг. Эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан бусад гэрчүүдийн мэдүүлэгтэй харьцуулж дүгнээгүй. Энэ талаар дүгнэлтэд тодорхой дурдаагүй. Хоёр эх үүсвэртэй түймрийг хооронд нь нийлүүлээд, төмөр замын буруутай үйлдэл гэж дүгнэсэн байдаг. Гэтэл бодит байдал дээр иргэн Д.О-ийн тавьсан түймрийн шатсан талбай хаана байна, У.Б.Т.З-ын Баянтүмэн тасгийн ажилчдын алдсан гэх галын шатлагийн талбай нь аль аль хэсгийг хамарсан гэдгийг нарийн тогтоолгүй, хоёр гал нийлсэн байна, нийлээд өргөн фронтоор урагшлаад нэхэмжлэгчийн амьдарч байсан газар очиж малыг нь шатаасан байна гэж дүгнэдэг. Тэр галыг Баянтүмэн тасгийн тавьсан гал гэдгийг яаж ялгаад, ямар тооцооллоор дүгнээд байгаа нь ойлгомжгүй. Нэхэмжлэгчийн адуу түүний оршин байсан газраас нь 10 км-ийн зайд байсан гэж аав нь мэдүүлээд байхад тэр адуу нь аль, аль хэсэгт галд өртөж шатсан бэ гэдгийг тодорхойлоогүй. Баянтүмэн тасгийн гал нэхэмжлэгчийн амьдарч байсан Хөх нуур-ын баруун урд талын Шорвог гэдэг газар түрүүлж хүрсэн байна гэдэг. Гэтэл шатсан гэх адуу нь тэр газраас 10 км зайд байсан гэдгийг огт судлаагүй байдаг. Тэгэхээр дүгнэлт үндэслэл бүхий, үнэн бодит гараагүй байдаг.

 

Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн А/635 тоот тушаалаар томилогдсон Д.Б ахлагчтай ажлын хэсгийн гаргасан дүгнэлтэд гал түймрийн тархалтын талбайг 18, 19, 22, 23-ны өдрийн байдлаар тогтоосон зураглалыг Цаг уур, орчны шинжилгээний газрын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 09/918 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн зургаас харж болно гэсэн байна. Гэтэл Цаг уур, орчны шинжилгээний газрын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 09/918 тоот албан бичиг хавтаст хэрэгт байхгүй. Байхгүй баримтыг үндэслэж дүгнэлт гаргасан нь шинжээч нар нь хэрэгтэйгээ бүрэн танилцаагүй, судлаагүй, хийсвэр дүгнэлт гаргасан байна гэж үзэж байна. Хавтаст хэрэгт 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн Цаг уур, орчны шинжилгээний газрын тодорхойлолт байгаа. Дашбалбар, Гурванзагал, Чулуунхороот сумын ургамлын гарц, салхины чигийг харьцуулж дүгнэлт хийгээгүй. Шүүхээс тухайн хэргийн явцад Оросны холбооны улсын хиймэл дагуулын сайтад үзлэг хийсэн байдаг. Энэ сайт нь гал түймрийн холбогдолтой тал хээрийн түймрийн бүх зураглалыг харуулдаг сайт юм. Энэ үзлэгийн талаар баримтыг дүгнэлт гаргахдаа огт авч хэлэлцээгүй, харьцуулан дүгнэлт хийгээгүй байдаг. Нэхэмжлэгчийн амьдарч байсан газар Баянтүмэн тасгийн ажилчдын алдсан гэх газар, иргэн Д.О-ийн тавьсан гэх галын 3 цэгийн хоорондын байршил, хоорондын зайг хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй байдаг. Иргэн Д.Од-ийн тавьсан, 4 дүгээр сарын 22-ны өдөр дахин ассан гал нэхэмжлэгчийн амьдарч байсан газраас 50 км-ийн зайтай байдаг. Төмөр замын ажилчдын Хавирга өртөөнөөс алдсан гэх гал нэхэмжлэгчийн амьдарч байсан газраас 100 гаруй км-ийн зайтай байдаг. Энэ хоорондын зай, гал түрүүлж хүрэх зайг шинжээч яагаад дүгнэлтдээ тусгаагүй юм бэ. Яагаад хоорондын зайг дүгнэж судлаагүй талаар дүгнэлтдээ огт тусгаагүй, хоорондын зайг орхигдуулсан байдаг. Иймд дээрх үндэслэлүүдээр бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч М.О.Х.Н.У.Б.Т.З.Н-д холбогдуулан гэм хорын хохиролд 105,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

  Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... 2012 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр У.Б.Т.З нийгэмлэгийн Дорнод аймаг дахь Баянтүмэн тасгийн ажилчид Чойбалсан сумын Энгэр шанд баг, Хавирга өртөөний төмөр замын 145 дугаар км-ийн 7 дугаар шонгийн орчимд цурав тавьж байхдаа гал алдсан гэм буруутай үйлдлийн улмаас хээрийн түймэр дэгдсэн болох нь эрүү, иргэний хэрэгт удаа дараа гарсан шинжээчийн дүгнэлтүүд, хэргийг мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн тогтоол, хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолоор тогтоогдсон, уг түймэрт нэхэмжлэгч Б.Г миний 213 тооны адуу шатаж 105,200,000 төгрөгийн хохирол учирсан гэж,

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөөгүй ба татгалзлын үндэслэлээ ... 2012 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр У.Б.Т.З нийгэмлэгийн Дорнод аймаг дахь Баянтүмэн тасгийн ажилчид Чойбалсан сумын Энгэр шанд баг, Хавирга өртөөний төмөр замын 145 дугаар км-ийн 7 дугаар шонгийн орчимд цурав тавьж байхдаа гал алдсан гэх үйлдлийг эрүүгийн журмаар шалгасан, манай байгууллагыг гэм буруутай болохыг тогтоосон шүүхийн шийтгэх тогтоол байхгүй, Үндсэн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж буруутгаж болохгүй, прокурор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохдоо зөвхөн хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгоогүй, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Тухайн үед мөн иргэн Д.О тамхи татаж яваад гал алдаж хээрийн түймэр тавьсан байдаг. Мөн нэхэмжлэгч Б.Г нь 213 тооны адуутай байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл сум орон нутагтаа адуугаа тоолуулж байгаагүй, малын А данс байхгүй, шатсан малыг устгасан мэргэжлийн хяналтын байгууллагын акт гараагүй, эрүүгийн болон иргэний хэрэгт гарсан удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч Б.Г нь гал түймэр гарч буйг урьдчилан мэдсэн атлаа хуульд зааснаар өөрийн эд хөрөнгө, мал сүргийг гал түймэрийн аюулаас хамгаалах урьдчилан сэргийлэх арга хэмжээг аваагүй гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд,

Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн нутаг дэвсгэр байрлах У.Б.Т.З.Н-ийн Баянтүмэн тасгийн Хавирга өртөөнөөс баруун тийш төмөр замын 145 дугаар км-ийн 7 дугаар зуутын шонгийн орчмоос Баянтүмэн тасгийн ажилчид цурав тавьж байгаад гал алдсаны улмаас хээрийн түймэр дэгдэж, их хэмжээний хохирол учирсан гэх үйлдэлд Дорнод аймгийн цагдаагийн газраас 2012 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 201211000253 дугаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан, уг хэрэгт 2012 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Б.Г-ыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож, мэдүүлэг авсан, мөн Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр эрүүгийн 201211000253 дугаартай, шүүгдэгч Л.Э, Ш.Э нарт холбогдох, Эрүүгийн хуулийн 213 дугаар зүйлийн 213.1-д зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэлэлцээд гэмт хэргийг хэн үйлдсэнийг нарийвчлан тогтоох, өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын гэм буруу, хохирогч нарт учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоох, ... зэрэг гэх үндэслэлээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Дорнод аймгийн Прокурорын газраас 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 5/38 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан эрүүгийн 201211000253 дугаар хэргээс сэжигтэн Н.Н нарын 23 иргэн, яллагдагч Л.Э, Ш.Э нарт холбогдох Эрүүгийн хуулийн 213 дугаар зүйлийн 213.1-д заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, мөн прокурорын 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 5/91 дүгээр тогтоолоор Эрүүгийн 201211000253 дугаартай хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасан үндэслэлээр /хөөн хэлэлцэх хугацаа дууссан/ хэрэгсэхгүй болгосон.

Гэвч дээрх тогтоолд хохирогч нарын өмгөөлөгч М.Э нь дээд шатны прокурорт гомдол гаргасан ба гомдлыг хянаад аймгийн прокурор, хууль цаазын зөвлөх Т.У 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 5/35 дугаар тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзаж, хохирогч нар нь өөрт учирсан хохирлоо У.Б.Т.З нийгэмлэгийн Дорнод аймгийн Баянтүмэн тасгаас иргэний журмаар шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн. Мөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/00204 дүгээр тогтоолоор шинжээч томилоход Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын гал түймрийн хяналтын хэлтсийн дарга, хурандаа Д.Б, Гал унтраах бэлтгэл бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч П.С, Хяналтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Н.Х нарын Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн Хавирга өртөөний төмөр замын 145 дугаар км-ийн 7 дугаар зуутын шонгоос эхлэлтэй гэх гал нь Чойбалсан, Гурванзагал, Дашбалбар, Чулуунхороот сумдыг хамарсан байна, уг түймэрт Б.Г-ын 213 толгой адуу, 70 хонь өртөж шатсан гэж шинжээчдийн бүрэлдэхүүн үзэж байна гэх дүгнэлт, шүүх хуралдааны явцад шинжээчийн бүрэлдэхүүнд ажилласан Хяналтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Н.Х-ын ... 2 эх үүсвэртэй гал байсан, унтарсан гал дахин асах боломжтой, учир нь цог, хүлэр чийгшил аваад асах, салхины чиг өөрчлөгдсөнөөр асаж болно. Хавтаст хэргийн материал дээр бид ажилласан, Цаг, уур орчны шинжилгээний газрын баримтаас харахад тэр жил Чулуунхороот, Чойбалсан сумдын өвсний гарц сайн байсан, мөн байгаль орчны байцаагчийг байцаасан тэмдэглэлд ... чиглэж яваад Чулуунхороот сумын нутаг руу орсон, энэ түймрийн толгой хэсэг нь тэр шөнөдөө Чулуунхороот сумын нутаг руу ороод явчихсан, Сүүлийн хэсэг рүү нь Бөхчулуун нь сумын иргэдийн хамт 23-ны өглөө 05.00 цагийн орчим унтрааж явсаар 13 цагийн орчим Онцгой байдлын алба хаагчидтай нийлж галыг унтраасан. Тэгээд цурваа дагаж явж байгаад дахиж ассан гэх мэдүүлгийг үндэслэсэн. Бидний гаргасан дүгнэлт эргэлзээгүй, үнэн зөв, бид төмөр замын ажилчдын алдсан гал түймрээс Б.Г-ын мал шатсан гэж үзсэн гэх тайлбар,

 

Мөн У.Б.Т.З.Н-ийн даргын 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн Б-II-64 тоот Ерөнхий инженерийн 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр удирдаж хийсэн хурлын шийдвэрийг үндэслэн ТУШААХ НЬ: НЭГ. Хэрлэн-Хавирга зөрлөгийн хоорондын замд түймрээс хамгаалах зурвас газрын өвс, шатаах ажлыг хангалтгүй зохион байгуулж, ажил удирдах ажилтныг томилоогүй, ажилтнуудад зааварчилгаа өгөөгүй, техникийн болон багаж хэрэгслийн бэлтгэлийг бүрэн хангалгүйгээр ажиллуулж, гал алдаж, хариуцлагагүй ажилласан Баянтүмэн тасгийн дарга Л.Э, С.Т, Ш.Э, М.Н зэрэг хүмүүст Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлсийг нэгээс хоёр сарын хугацаагаар 20 хувь бууруулахаар сахилгын шийтгэл ногдуулсугай гэх буруугаа хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий тушаал зэрэг нотлох баримтаар 2012 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн нутаг дэвсгэр байрлах У.Б.Т.З.Н-ийн Баянтүмэн тасгийн Хавирга өртөөнөөс баруун тийш төмөр замын 145 дугаар км-ийн 7 дугаар зуутын шонгийн орчмоос Баянтүмэн тасгийн ажилчид цурав тавьж байгаад гал алдсаны улмаас хээрийн түймэр дэгдэж, Б.Г-ын 213 тооны адуу шатаж, хохирол учируулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж зааснаар нэхэмжлэгч Б.Г нь шаардах эрхтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хүсэлтээр дээрх нэхэмжлэгчийн галд шатсан гэх азарга 4, гүү 104, морь 11, соёолон 8, хязаалан 10, байдас 8, шүдлэн үрээ 7, эр даага 9, охин даага 12, эр унага 15, охин унага 25 толгой, нийт 213 толгой адууны үнэлгээг 80,609,800 төгрөгөөр Итгэлт эстимэйт ХХК тогтоосон нь үндэслэлтэй ба хууль зөрчөөгүй тул хариуцагчаас 80,609,800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24,590,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... нэхэмжлэгч 213 тооны адуутай байсан нь нотлогдоогүй, малын А данс байхгүй гэж маргасан ба нэхэмжлэгч Б.Г 2011 оны жилийн эцсийн мал тооллогоор тэмээ 17, адуу 440, үхэр 37, хонь 701, ямаа 74, бүгд 1269 толгой мал тоолуулсан гэх Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн засаг дарга П.Д-ийн 2012 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн тодорхойлолт, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Ч.Б-ы ... Б.Г-ын 600 гаруй адуунаас 425 толгой адуу шатсан гэх мэдүүлгээр хариуцагчийн татгалзал няцаагдаж байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... 2012 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр У.Б.Т.З.Н-ийн Дорнод аймаг дахь Баянтүмэн тасгийн ажилчдын алдсан галын асуудлыг эрүүгийн журмаар шалгасан, манай байгууллагыг гэм буруутай болохыг тогтоосон шүүхийн шийтгэх тогтоол байхгүй, Үндсэн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж буруутгаж болохгүй, прокурор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохдоо зөвхөн хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгоогүй, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Тухайн үед мөн иргэн Д.О тамхи татаж яваад гал алдаж түймэр тавьсан байдаг. Эрүүгийн болон иргэний хэрэгт гарсан удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч Б.Г нь гал түймэр гарч буйг урьдчилан мэдсэн атлаа хуульд зааснаар өөрийн эд хөрөнгө, мал сүргийг гал түймэрийн аюулаас хамгаалах урьдчилан сэргийлэх арга хэмжээг аваагүй гэж маргасан боловч хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас хээрийн түймэр дэгдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, шинжээчийн дүгнэлт Шүүхийн шинжилгээний тухай хуульд нийцсэн, нэхэмжлэгчийг хээрийн түймэр гарч буйг мэдсээр байж эд хөрөнгөө хамгаалах арга хэмжээ аваагүй гэж буруутгах боломжгүй, энэ үндэслэлээр хариуцагчийн буруутайг үйл ажиллагааг хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй болно. Д.О холбогдох Эрүүгийн хуулийн 213 дугаар зүйлийн 213.1-д заасан хэргийг Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 9 дүгээр шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн ба уг хэрэгт Б.Г-ыг хохирогчоор тогтоогоогүй, хохирлын асуудал шийдвэрлэгдээгүй болно.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 213 толгой адуу, 70 толгой хонь шатсан гэх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахад шатсан гэх 70 толгой хонины үнийг нэхэмжлээгүй, зөвхөн 213 толгой адууны үнэ 105,200,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт заасны баримтлан хариуцагч М.О.Х.Н.У.Б.Т.З.Н-ээс 80,609,800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24,590,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 683,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 683,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХТӨР 

                       ШҮҮГЧ                                      Ч.БАТЧИМЭГ

 

                                                                         Х.ЭНХЗАЯА