Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/00068

 

2021 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/00068

 

 

Б.Г-ын  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Мөнхзул, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2020/02867 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч Б.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч МОХН УБ ТЗН-т холбогдох

Гэм хорын хохиролд 105 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүхийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, түүний өмгөөлөгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Д.Э, Н.Б,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн тасгийн дарга Л.Энхболдоор ахлуулсан нэр бүхий 23 ажилчин цурав тавьж байгаад галтай болгоомжгүй харьцаж, галын аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйн улмаас тал хээрийн түймэр тавьж, онц их хэмжээний хохирол учруулсан, тодруулбал улсад болон ард иргэдэд 760 000 000 гаруй төгрөгийн хохирлыг учруулсан байдаг. Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Баянтүмэн тасгийн ажилчдын буруутай үйлдлийг Дорнод аймгийн цагдаагийн газраас 2012 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн хуулийн 213 дугаар зүйлийн 213.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа 2012 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаанд явагдаж, Улаанбаатар төмөр замаас иргэний хариуцагчаар татагдаж тайлбар, мэдүүлгээ өгч явсан. Улаанбаатар төмөр замын даргын 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б-II-64 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тушаалаар Хэрлэн-Хавирга зөрлөгийн хоорондын замд түймрээс хамгаалах зурвас газрын өвс, шатаах ажлыг хангалтгүй зохион байгуулж, ажил удирдах ажилтныг томилоогүй, ажилтнуудад зааварчилгаа өгөөгүй, техникийн болон багаж хэрэгслийн бэлтгэлийг бүрэн хангалгүйгээр ажиллуулж, гал алдаж, хариуцлагагүй ажилласан Баянтүмэн тасгийн дарга Л.Энхболд, С.Төмөрхуяг, Ш.Энхтүвшин, М.Нармандах зэрэг хүмүүст Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлсийг нэгээс хоёр сарын хугацаагаар 20 хувь бууруулахаар сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Мөн эрүүгийн хэргийн мөрдөн байцаалт, прокурорын шатанд иргэний хариуцагчаар шалгагдаж байсан 23 нэр бүхий этгээдүүд гадаадад томилолтоор явах, байгаа газар нь тодорхойгүй байх зэрэг нөхцөл байдал үүсэж, хэд хэдэн удаа хэрэг түдгэлзсэн. Мөрдөн байцаалтын зохих шатанд зайлшгүй ажиллагаанууд хийгдэх ёстой гэдэг байдлаар удаан хугацаагаар сунжирсаар байгаад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 213 дугаар зүйлийн 213.1 дэх хэсэг буюу хүндэвтэр хэргийн зүйлчлэлээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр тухайн хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээвэл зохих этгээдүүд хариуцлага хүлээгээгүй өнөөдрийг хүрч байна. 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр прокурорын тогтоол гарч дээр дурдсан хууль зүйн үндэслэлээр хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тогтоолд хохирогч нарын өмгөөлөгч гомдол гаргасныг дээд шатны прокурорын байгууллага хянаж, 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 5/35 дугаартай прокурорын тогтоол гарсан байдаг. Энэ тогтоолоор тухайн аймаг, сум, баг хороонд гарсан гал түймэртэй холбоотой асуудлыг маш тодорхой тогтоосон байдаг. Прокурорын тогтоол дээр хэнд хичнээн төгрөгийн хохирол учирсан, ямар хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж энэ хохирол учирсан гэдгийг бүрэн тогтоосон. Ингээд нэхэмжлэгч Б.Г- нь өөрт учирсан хохирол болох 213 тоо толгой адуун сүргийн хохиролд тухайн үеийн мөрдөн байцаах ажиллагааны явцад хийгдсэн үнэлгээний дүнгээр 105 200 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зүйн хувьд үндэслэлтэй нэхэмжлэл байна гэж өмгөөлөгчийн зүгээс болон түүний төлөөлөгч Д.Урансувдын гаргасан тайлбарыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байгаа болно.

2012 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр дэгдсэн Улаанбаатар төмөр замын ажилчдын буруугаас гарсан гал түймрийн уулзварыг бодитой тогтоогоогүй, тухайн эрүүгийн хэргийг шалгах явцад гэм буруутай этгээдийг тогтоогоогүй гэж ярьж байна. Хавтаст хэрэгт авагдсан 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 53 дугаартай Сум дундын 10 дугаар шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт гэмт хэргийг хэн үйлдсэнийг нарийвчлан тогтоож ирүүлэх, өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын гэм буруу, хохирогч нарт учирсан хохирлын хоорондох шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоох гэж байгаа. 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 9 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан. Үүн дээр иргэний хариуцагчаар татагдсан Улаанбаатар төмөр зам гомдол гаргаагүй байдаг. Тогтоолд хэргийг хэн үйлдсэн нь тодорхойгүй, гэм буруутай этгээд байхгүй байна гэсэн үг өгүүлбэр байхгүй. 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 5/35 дугаартай прокурорын тогтоолоор Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийг гэм буруутай болохыг тогтоосон нь нотлогдсон гэж дүгнэсэн. Малтай иргэд жил бүр 12 дугаар сард тооллого хийлгэх ёстой, А данс байх ёстой гэж ярьж байна. Хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс А данс буюу малыг даатгуулсан баримтыг гаргаж өгсөн. Даатгалын цаана хураамж явдаг. Нэг малд хэдэн төгрөгийн хураамж төлөх вэ, хэн ч малаа илүү тоолуулаад илүү хураамж төлөхийг хүсэхгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Б.Г-т тодорхой тооны адуу, тодорхой тооны бог мал, бусад мал сүрэг байсан нь хангалттай нотлогдсон. Малын сэг, зэмийг устгасан баримт байхгүй байна гэж байна. Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах явцад маш олон тооны фото зурагт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан байдаг. Мөн гэрч Б.Г-ын аав Ч.Баатарчулууны хэлсэн тайлбараар сумаас нь устгал хийсэн гэдэг. Тухайн үед Чойбалсан сумын засаг даргын тамгын газрын дэргэдэх тухайн ажилтнуудын буруугаас болж тухайн үйл баримтыг баримтжуулаад, архивт бичгийн байдлаар үлдээгээгүй нь өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Тал хээрийн түймрээс болж энэ хүний 213 тоо толгой адуун сүрэг устаж алга болсон, 213 тоо толгой мал нэхэмжлэгчийн оршин сууж байсан газар буюу гэрээс 10 км зайд байсан гэж байна. Дээрээс нь нэхэмжлэгч амь насаа нэгдүгээрт тавих уу, адуун сүргээ нэгдүгээрт тавих уу гэдгийг бодох хэрэгтэй. Гэрч 10 км гэдгийг төөлөөд, метрлээд хэмжсэн зүйл байхгүй. Гэхдээ яах ч аргагүй түймрийн улмаас тодорхой тооны мал сүрэг, хонин сүрэг устаж үгүй болсон гэдгийг мөрдөн байцаалтын явцад тогтоосон. Үнэлгээ нь гарч ирсэн. Галын шинжээчийн дүгнэлт 2 удаа гарсан байдаг. Нэг нь 9 дугаартай шинжээчийн дүгнэлт, нөгөөх нь бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Мөн иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагчийн төлөөлөгч нарын хүсэлтээр 2, 3 удаа бүрэлдэхүүнтэй дахин шинжээчийн дүгнэлтүүд гарсан. Энэ шинжээчийн дүгнэлтүүдээр Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Баянтүмэн тасгийн ажилчдын буруутай үйлдлээс тухайн талын түймэр гарсан гэдгийг хангалттай нотолсон. Галын дүгнэлтийг Онцгой байдлын Ерөнхий газрын даргын тушаалаар томилогдсон мэргэжлийн, дадлага туршлагатай нэр бүхий этгээдүүд гаргасан. Тэдгээр хүмүүс Шүүхийн шинжилгээний тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан эрх, үүргээ эдэлж, хууль сануулсан байдлаар дүгнэлтээ гаргасан. Иймд Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Баян түмэн тасгийн ажилчдын буруутай үйлдлийн улмаас гарсан хээрийн түймэрт шасан Б.Г-ын азарга 4, гүү 104, морь 11, соёолон 8, хязаалан 10, байдас 8, шүдлэн үрээ 7, эр даага 9, охин даага 12, эр унага 15, охин унага 25 толгой, нийт 213 толгой адууны үнэ 105 200 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүх, Д.Энхтуяа, Н.Болороо шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд иргэн Д.Одсүрэн тамхи асаасан чүдэнзээ хаяснаас болж хуурайшилт ихтэй улиралд хуурайшилт ихтэй өвснөөс гал асаж, Дорнод аймгийн Дашбалбар, Гурван загал, Сэргэлэн, Чойбалсан сумдад хээрийн түймэр өргөн тархсан байдаг. Энэ хээрийн түймэр 2012 оны 4 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд дэгдэж, сумын эрх бүхий ажилтнууд болон иргэдийн оролцоотойгоор 4 дүгээр сарын 19-ний өдөр унтарсан байдаг. Ингээд 4 дүгээр сарын 22-ны өдөр хуурайшилт, салхины хүчтэй урсгалаас болж Гурванзагал, Дашбалбар сумын уулзвар дээрээс дахин гал ассан байдаг. Тухайн сумдын хэмжээнд түймрийн аюулын дохио дэгдэж, эрх бүхий албан тушаалтнууд, иргэд түймрийг унтраах ажилд гарсан. Энэхүү түймрээс урьдчилсан сэргийлж Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хуульд заасан үүргийнхээ дагуу Дорнод аймаг дахь Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн салбар нэгж төмөр замын зам, холбооны хэсгээ хамгаалах гэж төмөр замын дагуу 239 км төмөр замыг хамгаалах зурвас хийсэн. Цурав тавих ажиллагааны явцад буюу Хавирга өртөөний 145 км-ийн 7 дугаар зуут гэдэг цэгээс гал алдсан гэж эрүүгийн болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчид дүгнэлт гаргадаг. Гэтэл мөрдөн байцаалтын шат, прокурорын шатанд ингэж үзээд шалгах явцад Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн хэн гэдэг ажилтны ямар үйлдлийн улмаас 145 км-ийн 7 дугаар зуутад гал алдсан гэдэг нь тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл энэ хэрэг бодит субъектгүй, хэрэг хүлээх субъект нь тодорхойгүй. Ингээд шүүхээс хэргийн субъектийг зөв олж илрүүлэх, ямар этгээд гал алдсаныг зөв тогтоо гээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Гэтэл эрүүгийн хэргийг шалгах явцад мөрдөгч ч тэр, прокурор ч Баянтүмэн тасгаас гал гарсан гэж дүгнэдэг. Бодит байдал дээр өөр.

 Засгийн газрын 254 дүгээр тогтоол буюу Ой хээрийн түймрээс учирсан хохирлыг тооцох журамд ой хээрийн түймэртэй үед түймрийн хохирлыг тооцож тодорхойлох ажлыг Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зохих шатны засаг даргын шийдвэрээр байгуулсан ажлын хэсэг гүйцэтгэнэ гэж заасан байдаг. Гурванзагал сум, Дашбалбар сум, Чойбалсан сум түймэртэй байсан. Түймрийн улмаас тодорхой иргэдийн эд хөрөнгө, мал амьтан шатсан. Үүнийг тодорхойлохын тулд сум тус бүр засаг даргын захирамж гаргаж, ажлын хэсэг байгуулж, хохирлыг тооцох ёстой. Энэ дагуу Гурванзагал сум, Чулуунхороот сум засаг даргынхаа захирамжаар буюу албан ёсны шийдвэрээр ажлын хэсэг, хохирол тооцох комисс байгуул, тухайн сумынхаа хохирсон иргэдийн мал эд хөрөнгийг тооцож явсан. Нэхэмжлэгчийн суурьшиж байсан Чойбалсан сумын хувьд хохирол тооцох журмын дагуу засаг даргын шийдвэрээр комисс, ажлын хэсэг гарсан нь тодорхойгүй. Энэ талаарх шийдвэр баримт хавтаст хэрэгт байдаггүй. Тэгсэн мөртлөө хавтаст хэргийн 27, 29 дүгээр талд Чойбалсан сумын ой хээрийн түймрийн хохирлын акт байдаг. Албан ёсны засаг даргын шийдвэр байхгүй байж тэр комиссынх нь хийсэн акт байгаад байдаг. Актын 2 дугаар хэсэгт гишүүд гээд хүмүүсийн гарын үсэг бүхий бичвэр байдаг. Эдгээр хүмүүс нь энэ хохирлыг тогтоох, тооцох этгээдүүд мөн эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Иймээс хавтаст хэрэгт өгсөн ой хээрийн түймрийн хохирлын актыг эрх бүхий газраас гаргасан акт гэж үзэхгүй байна.

 Шүүхээс хэргийн субъектийг нарийвчлан зөв тогтоох шаардлагатай гээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдээгүй бол хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэж заасан байдаг. Гэтэл шүүхээс энэ хэрэг Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн ажилчид гэмт хэрэг үйлдсэн. Үүний улмаас хохирол учруулсанд тооцжээ гэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол байхгүй, гараагүй. Хэргийг хэрэгсэхгүй болгосон шалтгаан нь зөвхөн хөөн хэлэлцэх хугацаанаас болоогүй. Прокурорын 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 5/138 дугаартай тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208 дүгээр зүйлийн 208.1.2 дахь заалтаар буюу гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч хээрийн түймэрт 423 тооны адуу, 70 тооны хонио алдсан гэж мэдүүлдэг. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны А/74 тоот тушаалын 4 дүгээр хавсралтад мал бүхий иргэд өөрийн малаа жил бүрийн 12 дугаар сард малын тооллогод бүрэн хамруулахаар зохицуулж өгсөн байдаг. Монгол улсын хэмжээнд бүх малчид тухайн оны 12 дугаар сард мал тооллогын баримт буюу малын А дансанд албан ёсоор бүртгүүлэх, үүнийг сумын мал эмнэлэг болон холбогдох ажилтнууд гүйцэтгэдэг. Нэхэмжлэгч нь 423 тооны адуу, 70 тооны хонийг бүртгүүлсэн юм уу, тоолуулсан юм уу гэдгийг нягтлахын тулд бүртгэлийн А дансыг гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасныг шүүхээс хангаж Дорнод аймгийн мал эмнэлгийн газарт, нэхэмжлэгчийн амьдарч байсан Чойбалсан сумын Засаг даргын тамгын газар руу А дансны баримтыг нотлох баримтаар гаргуулахаар хүргүүлсэн байдаг. Мал эмнэлгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 33 тоот бичгээр, Чойбалсан сумын Засаг даргын тамгын газрын 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 3/114 тоот бичгээр тус сумын архивт 2011, 2012 оны малын А данс байхгүй гэж хариу ирүүлсэн. Хавтаст хэрэгт 2009, 2010, 2011 онд А дансанд бүртгэгдсэн малын тоо буюу нэхэмжлэгч Б.Г-ын малын тоо зэргийг тодорхойлох лавлагаа байна. Энэ хүснэгт нь нэхэмжлэгчийг өдий зэргийн олон тооны мал тоолуулсан гэдгийг батлах хэмжээний баримт биш, яагаад гэхээр энэ баримт нь малчдын даатгалтай холбоотой баримт. Лавлагааны доод хэсэгт баталгаажуулсан нийгмийн даатгалын байцаагч гэж байгаа.

 Түүнчлэн тухайн үед иргэн Д.Одсүрэнгийн тавьсан гал түймэр, Баянтүмэн тасгийн ажилчдын алдсан гэж тайлбарлаад байгаа галуудад тодорхой тооны иргэд мал, эд хөрөнгөө шатаалгасан байдаг. Энэ түймрийн малын сэг, зэмийг аймгийн мэргэжлийн хяналтын байцаагч нар устгалд оруулсан байдаг. Хэрвээ нэхэмжлэгч нь 423 тооны адуугаа шатаалгасан гэж байгаа бол аймгийн мэргэжлийн хяналтын газраар халдваргүйжүүлэх, устгалд оруулах ажлыг гүйцэтгүүлсэн байх ёстой. Халдвар тарж, өвчин гарах үндэслэл болно. Бид мэргэжлийн хяналтын байгууллагаас Б.Г-ын 423 тооны адуу шатсан талаар баримт гаргуулахыг хүссэн. Үүний дагуу Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас энэ талаар баримт байхгүй гэж албан ёсоор хариу албан бичиг ирүүлсэн байдаг. Тэгэхээр нэхэмжлэгч тухайн үед 423 тооны адуугаа түймэрт алдаж, тэдгээрийг зохих байгууллагаас халдваргүйжүүлсэн талаар зохих баримт байхгүй байгаа тул энэ нь үгүйсгэгдэж байна. Нэхэмжлэгчийн аавын мэдүүлэгт сумаас мэргэжлийн хүмүүс ирж устгал хийсэн, шатсан адуу бүрийг тамгаар нь баримтжуулж, зургийг нь авсан гэж тайлбарладаг. Тэр зураг нь хэрэгт байхгүй. Нэхэмжлэгч нь 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхны мэдүүлгийг өгсөн байдаг. Энэ үеэр хэлэхдээ би 2012 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Гурванзагал сум руу түймэр орж байгаа галын дөлийг харсан гэж мэдүүлдэг. Үүгээр түймэр өөрийнх нь нутаглаж байсан газар руу ирэх магадлалтайг урьдчилан тааж мэдэх боломжтой байсан. Үүний дагавраас зайлсхийх бололцоотой байсан гэж харж байна. Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааж өгсөн. Гэр, байшин, малын хашаа хорооныхоо эргэн тойронд хамгаалах шуудуу хийж, учирч болох хохирлыг зайлуулах үйлдлийг хийх зохицуулалт байдаг. Гэтэл нэхэмжлэгч 4 дүгээр сарын 22-ны өдрөөс хэд хоногийн өмнө тухайн аймаг орон нутагт нь галын аюул учирч болохыг мэдсээр байж иргэний журамт үүргээ биелүүлж, галаас мал, эд хөрөнгөө хамгаалах ямар нэгэн үйлдэл хийгээгүй нь өөрийнх нь буруутай үйлдэл. Хохирогчийн аав Ч.Баатарчулууны өгсөн мэдүүлгээр шатсан 423 тооны адуу нь өөрийнх нь амьдарч байсан газраас 10 км-ийн зайд байсан гэж хэлдэг. 10 км гэдэг маш хол зай. Малчин хүн өөрийнхөө малыг 1 км биш 10 км-ийн зайд хариулагагүй орхиж үр дагавар үүсгэсэн, үүний улмаас хээрийн түймэрт алдсан нь өөрийнх нь буруутай үйл ажиллагаа гэж үзэж байна.

 Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн гэрч нарын мэдүүлэг дээр үндэслэж дүгнэлт гаргасан байдаг. Эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан бусад гэрчүүдийн мэдүүлэгтэй харьцуулж дүгнээгүй. Хоёр эх үүсвэртэй түймрийг хооронд нь нийлүүлээд, төмөр замын буруутай үйлдэл гэж дүгнэсэн байдаг. Галыг Баянтүмэн тасгийн тавьсан гал гэдгийг яаж ялгаад, ямар тооцооллоор дүгнээд байгаа нь ойлгомжгүй. Нэхэмжлэгчийн адуу түүний оршин байсан газраас нь 10 км-ийн зайд байсан гэж аав нь мэдүүлээд байхад тэр адуу нь аль, аль хэсэгт галд өртөж шатсан бэ гэдгийг тодорхойлоогүй. 

Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн А/635 тоот тушаалаар томилогдсон Д.Баяр-Эрдэнэ ахлагчтай ажлын хэсгийн гаргасан дүгнэлтэд гал түймрийн тархалтын талбайг 18, 19, 22, 23-ны өдрийн байдлаар тогтоосон зураглалыг Цаг уур, орчны шинжилгээний газрын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 09/918 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн зургаас харж болно гэсэн байна. Гэтэл Цаг уур, орчны шинжилгээний газрын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 09/918 тоот албан бичиг хавтаст хэрэгт байхгүй. Байхгүй баримтыг үндэслэж дүгнэлт гаргасан нь шинжээч нар нь хэрэгтэйгээ бүрэн танилцаагүй, судлаагүй, хийсвэр дүгнэлт гаргасан байна гэж үзэж байна. Хавтаст хэрэгт 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн Цаг уур, орчны шинжилгээний газрын тодорхойлолт байгаа. Дашбалбар, Гурванзагал, Чулуунхороот сумын ургамлын гарц, салхины чигийг харьцуулж дүгнэлт хийгээгүй. Шүүхээс тухайн хэргийн явцад Оросны холбооны улсын хиймэл дагуулын сайтад үзлэг хийсэн байдаг. Энэ сайт нь гал түймрийн холбогдолтой тал хээрийн түймрийн бүх зураглалыг харуулдаг сайт юм. Энэ үзлэгийн талаар баримтыг дүгнэлт гаргахдаа огт авч хэлэлцээгүй, харьцуулан дүгнэлт хийгээгүй байдаг. Нэхэмжлэгчийн амьдарч байсан газар Баянтүмэн тасгийн ажилчдын алдсан гэх газар, иргэн Д.Одсүрэнгийн тавьсан гэх галын 3 цэгийн хоорондын байршил, хоорондын зайг хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй байдаг. Иргэн Д.Одсүрэнгийн тавьсан, 4 дүгээр сарын 22-ны өдөр дахин ассан гал нэхэмжлэгчийн амьдарч байсан газраас 50 км-ийн зайтай байдаг. Төмөр замын ажилчдын Хавирга өртөөнөөс алдсан гэх гал нэхэмжлэгчийн амьдарч байсан газраас 100 гаруй км-ийн зайтай байдаг. Энэ хоорондын зай, гал түрүүлж хүрэх зайг шинжээч яагаад дүгнэлтдээ тусгаагүй юм бэ. Яагаад хоорондын зайг дүгнэж судлаагүй талаар дүгнэлтдээ огт тусгаагүй, хоорондын зайг орхигдуулсан байдаг. Иймд дээрх үндэслэлүүдээр бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт заасны баримтлан хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс 80 609 800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24 590 200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 683 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 683 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Маргааны зүйл болох нэхэмжлэгчийн 213 тооны адуутай байсан болох нь, тэдгээр адуу нь хээрийн түймэрт өртөж шатсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддоггүй бөгөөд хохирол нь бодит байдалд нийцээгүй. Эрүүгийн хэргийг 2012 онд шалгах явцад нэхэмжлэгч Б.Г-ын хохирогчийн журмаар өгсөн мэдүүлгээр л хохирлын хэмжээг тогтоогдсон гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Дорнод аймгийн мал эмнэлгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 33 тоот бичигт жил бүр явагддаг мал тооллогын А дансны бүртгэл нь сумын ЗДТГазарт архивлагдан хадгалагддаг болно, мөн Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 3/114 тоотод тус сумын архивт 2011, 2012 оны малын А данс байхгүй болно. Дорнод аймгийн Архивын тасагт 2016 онд нөхөн бүрдүүлэлт хийсэн. Иймд манай байгууллагад нотлох баримт бичиг байхгүй болно гэсэн баримтаар Чойбалсан сумын Энгэр шанд багийн засаг дарга П.Дашзоригийн 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн тодорхойлолт нь үгүйсгэгдэж байхад шүүх анхаарсангүй. Мөн Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн Шатсан мал устгасан тухай актууд /14 малчны/ авагдсан ба эдгээр акт нь 2012 онд тухайн хээрийн түймэрт малаа алдсан бусад малчдын малыг халдваргүйжүүлж, устгал хийсэн болох нь тогтоогддог. Харин нэхэмжлэгч Б.Г-ын адуу мал шатсан тухай, тэдгээрийг устгалд оруулсан тухай ямар ч баримт байдаггүй. Тухайн түймэрт шатаж үхсэн гэх 423 тооны адуу нэхэмжлэгч Б.Г-ын нутаглаж байсан Хөх нуур гэх газраас 10 км-ын зайтай газар байсан талаар түүний аав Ч.Баатарчулуун гэрчийн мэдүүлэг өгөхдөө мэдүүлсэн байдаг. Гэтэл иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад гарсан галын шинжээчийн дүгнэлтээр УБТЗ-ын тавьсан гал нэхэмжлэгчийн амьдарч байсан газар түрүүлж хүрсэн байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Бидний зүгээс нэхэмжлэгчийн амьдарч байсан газрыг бус маргааны зүйл болох 423 тооны адуу хаана, хэзээ, 2 эх үүсвэртэй галын алинд нь өртсөн бэ гэдгийг тодруулахаар шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан. Гэтэл шинжээчид болон шүүхээс энэ байдлыг шинжлэн судалж, тодруулалгүйгээр нэхэмжлэгчийн амьдарч байсан газраар баримжаалан УБТЗ-ын гал түрүүлж хүрсэн байна гэж дүгнэсэн нь хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг эргэлзээгүй, үнэн зөв үнэлээгүйтэй холбоотой. Гэм хорын хохирлыг хариуцан арилгахад гэм хор учруулагчийн хууль бус, санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсон байх учиртай бөгөөд хэргийн баримтаар хариуцагч УБТЗ-ын гэм буруу тогтоогдоогүй. Учир нь Гурванзагал, Дашбалбар, Сэргэлэн сумдад гарсан түймэр буюу иргэн Д.Одсүрэнгийн тавьсан түймэр нь нэхэмжлэгч нарын амьдарч байсан газраас 50 орчим км-ийн зайтай, харин УБТЗ-ын ажилчид алдсан гэх түймрийн эхэлсэн цэг Чойбалсан сумын Хавирга өртөөнөөс баруун тийш 145 дугаар км нь нэхэмжлэгчийн амьдарч байсан газраас 120 орчим км-ийн хол зайтай байхад УБТЗ-ын ажилчдын гал түрүүлж хүрсэн байна гэж дүгнээд буй нь ойлгомжгүй байна. Хэрэгт байгаа баримтаас үзвэл нэхэмжлэгч нь түймрээс адуу малаа хэрхэн хамгаалсан, гэрээс нь 10 км-ын зайтай байх адуун дээрээ очсон байсан эсэхийг баримтаар нотолж чадаагүй, буруутай гэж үзэхээр байна.Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлд үүргийг тодорхойлсон байдаг. Гэтэл өөрсдийнх нь хайхрамжгүй үйлдэлтэй холбоотой байхад шүүхээс Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглээгүй. Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3-р хэлтсийн мөрдөн байцаах тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн В17-45 дугаар Хөрөнгийн үнэлгээний тайлан авагдсан байх бөгөөд уг хөрөнгийн үнэлгээг цагдаагийн байгууллагаас ирүүлсэн шинжээч томилох тогтоол, хөрөнгүүдийн жагсаалт, хэргийн материалд үндэслэн үнэлгээг тогтоосон байгаа нь учирсан хохирлын хэмжээг бодитой тогтоосон гэж үзэх үндэслэл болохгүй. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг буруу тооцоолсон. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон улсын тэмдэгтийн хураамжид өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Б.Г- нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан гэм хорын хохиролд 105 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн нутаг дэвсгэр байрлах Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Баянтүмэн тасгийн Хавирга өртөөнөөс баруун тийш төмөр замын 145 дугаар км-ийн 7 дугаар зуутын шонгийн орчмоос Баянтүмэн тасгийн ажилчид цурав тавьж байгаад гал алдсаны улмаас хээрийн түймэр дэгдэж, уг түймэрт нэхэмжлэгч Б.Г-ын эд хөрөнгө болох 213 адуу, 70 хонь өртөж, гэм хорын хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

1. Дорнод аймгийн цагдаагийн газраас 2012 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 201211000253 дугаар эрүүгийн хэрэг үүсгэсэн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад томилогдсон шинжээч, онцгой байдлын а/д Х.Энхнасангийн гаргасан 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн ...Баянтүмэн тасгийн хэсгийн дарга Ш.Энхтүвшингээр ахлуулсан хамгаалах цурав тавих хэсгийн түймрээс хамгаалах цурав тавьсан газраас... анх түймэр гарсан байна гэсэн галын шинжээчийн нэмэлт дүгнэлт, уг дүгнэлтийг үндэслэлтэй, ...тухайн өдөр салхины хурд 12-14 м/с хүрч байсан... салхины хурд ихтэй, хээрийн түймэр гарах эрсдэлтэй үед цурав тавих ажлыг зохион явуулсан, улсын хяналтын байцаагчийн зөвшөөрөлд дурдсан Салхины хүч тогтмол үед цуравдах, салхи 5 м/с-ээс их үед цурав тавихгүй байх зааврыг зөрчсөн гэж үзсэн онцгой байдлын д/х Г.Нармандах, а/х Ш.Ганбат, а/х Ө.Баттөмөр нарын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2014 оны 09 тоот дүгнэлт, онцгой байдлын х/ч Д.Баттулгын бичсэн 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ...УБТЗ-ын Баянтүмэн тасгийн ажилчид төмөр замыг түймрээс хамгаалах зорилгоор цурав тавьж байгаад цуравнаас оч хийсч гал түймэр үүсвэрлэн гарсан... гэсэн танилцуулга зэргээс гадна Хэрлэн-Хавирга зөрлөгийн хоорондын замд түймрээс хамгаалах зурвас газрын өвс, шатаах ажлыг хангалтгүй зохион байгуулж, ажил удирдах ажилтныг томилоогүй, ажилтнуудад зааварчилгаа өгөөгүй, техникийн болон багаж хэрэгслийн бэлтгэлийг бүрэн хангалгүйгээр ажиллуулж, гал алдаж, хариуцлагагүй ажилласан Баянтүмэн тасгийн нэр бүхий ажилтнуудад сахилгын шийтгэл ногдуулсан Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн Б-II-64 тоот тушаал зэрэг нотлох баримтуудаар хариуцагч байгууллагын ажилтнуудын буруутай үйл ажиллагааны улмаас Дорнод аймгийн Чойбалсан, Гурванзагал, Дашбалбар, Чулуунхороот сумдыг хамарсан гал түймэр үүсвэрлэн гарсан гэж үзэх үндэслэлтэй байна. /хх-ийн 8-16, 115, 181, /

 

2. Анхан шатны шүүхийн Хавирга өртөөнөөс баруун тийш төмөр замын 145-р км-ийн 7-р зуутын шонгоос эхлэлтэй гэх түймэр, Д.Одсүрэнгийн тавьсан түймэр ямар сумдыг хамарсан талаар болон нэхэмжлэгчийн эд хөрөнгө 2 эх үүсвэртэй түймрийн алинд нь өртөж шатсан болохыг тогтоолгохоор хариуцагчийн хүсэлтээр удаа дараа шинжээч томилсон ба Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/135 тоот тушаалаар томилогдсон. Гал түймэртэй тэмцэх газрын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтээр Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн Хавирга өртөөний төмөр замын 145 дугаар км-ийн 7 дугаар зуутын шонгоос эхлэлтэй гэх гал нь Чойбалсан, Гурванзагал, Дашбалбар, Чулуунхороот сумдыг хамарсан, уг түймэрт Б.Г-ын 213 толгой адуу, 70 хонь өртөж шатсан гэж дүгнэжээ. /2хх-ийн 246-248/

 

3. Дорнод аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 09 дүгээр шийтгэх тогтоолоор Д.Одсүрэнг галтай болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч, их хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байдаг ба уг түймэр Дашбалбар, Гурванзагал, Сэргэлэн сумдын нутгийг хамарсан, уг түймэр, түүнээс үүссэн хүлэрнээс дахин гарсан гал түймэр нь Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн Хавирга өртөөний төмөр замын 145 дугаар км-ийн 7 дугаар зуутын шонгоос эхлэлтэй гэх УБТЗ-ын ажилчдын цурав тавьж байгаад алдсан түймрийн цурманд нийлж унтарсан, Д.Одсүрэнгийн хэрэгт нэхэмжлэгч Б.Г- хохирогчоор тогтоогдоогүй болох нь шийтгэх тогтоол, шүүхээс томилогдсон Онцгой байдлын Ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. /хх-ийн 134-136, 247/

 

4. Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн засаг дарга П.Дашзоригийн 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ...Б.Г- 2011 оны жилийн эцсийн мал тооллогоор адуу 440 тоолуулсан болно гэсэн тодорхойлолт, гэрч Ч.Баатарчулууны ...манай 200 гаруй адуу шатсан гэх мэдүүлгээс гадна Дорнод аймгийн Архивын тасгийн 2018 оны ...Б.Г-ын мал тооллогын А дансны 2011 онд 440 адуутай... гэсэн лавлагаа, Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг дарга Ц.Ариунболдын 2018 оны 1/224 тоот Б.Г- нь ...2012 оны 4 дүгээр сард болсон гал түймрийн улмаас 420 гаруй тооны адуу гал түймэрт өртөж хохирол учирсан гэсэн тодорхойлолт тус тус мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан ба эдгээр нотлох баримтыг хуурамч, хууль бус аргаар цуглуулсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. /хх-ийн 4, 57, 122, 197/

 

Түүнчлэн, Чойбалсан сумын Засаг даргын тамгын газрын 2012 оны 002 тоот ой хээрийн түймрийн хохирлын акт, түүний хавсралт судалгаанд Б.Г-т учирсан эд хөрөнгийн хохирол багтсан, улмаар эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын явцад 213 тооны адууны үнэлгээг тогтоосон, Б.Г-т хууль сануулж түүнд учирсан хохирлын талаар мэдүүлэг авч байсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн 213 адуу шатсан. Эд хөрөнгөд гэм хор учирсан нь тогтоогдсон байна. /хх-ийн 27-31, 50-57/

 

5. Шүүхээс томилогдсон Итгэлт-Эстимэйт ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн галд шатсан гэх азарга 4, гүү 104, морь 11, соёолон 8, хязаалан 10, байдас 8, шүдлэн үрээ 7, эр даага 9, охин даага 12, эр унага 15, охин унага 25 толгой, нийт 213 толгой адууны үнэлгээг 80 609 800 төгрөгөөр тогтоосон ба хохирлын үнэлгээг тогтоосон тусгай зөвшөөрөл, тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтийг няцаах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. /2хх-ийн 234-240/

 

Гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаанд дээрх байдлаар хохирсон нэхэмжлэгч өөрт учирсан гэм хор, түүний хэмжээг нотолсон байхад хариуцагч тухайн хохирол түүний үйлдэлтэй шалтгаант холбоогүй, уг гэм хор учирсанд гэм буруугүй болохоо нотолж чадаагүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...нэхэмжлэгч 213 тооны адуутай байсан нь нотлогдоогүй, малын А данс байхгүй, шатсан мал устгасан акт байдаггүй... гэж маргасан боловч Дорнод аймгийн Архивын тасагт 2016 онд нөхөн бүрдүүлэлт хийсэн явдалд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байхаас гадна сумын архивт малын А данс байхгүй, шатсан мал устгасан акт байхгүй байгаа зэрэг нь нэхэмжлэгчид учирсан хохирлын хэр хэмжээг нотолсон баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Б.Г- нь гал түймэр гарч буйг урьдчилан мэдсэн атлаа хуульд зааснаар өөрийн эд хөрөнгө, мал сүргийг гал түймэрийн аюулаас хамгаалах урьдчилан сэргийлэх арга хэмжээг аваагүй гэж тайлбарлажээ.

 

Гэвч бусад малыг бодвол адуу нь үргэж зугтаах, хурдлах зэргээр байнгын хөдөлгөөнт байдаг хариулга, маллагааны хувьд онцлогтой амьтан бөгөөд хүчтэй шороон шуурга, салхитай байсан, өвсний гарц, агаарын хуурайшилт зэргээс гал түймэр маш хурдацтайгаар тархсан тухайн үеийн нөхцөл байдал, Б.Г-ын ...тухайн үед малаа авч үлдэх ямар ч боломж байгаагүй, түймрийн утаа, салхинд адуу тогтохгүй байсан... гэсэн, гэрч Ч.Баатарчулууны ...түймрээс адуугаа авч үлдэх боломж байгаагүй. Өвс өндөр, адуу хашигдсан, унагатай гүү унага руугаа гүйгээд аврах боломжгүй байсан... гэсэн мэдүүлгүүдээр хариуцагчийн дээрх тайлбар үгүйсгэгдэж, шүүх Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг хэрэглэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Дээр дурдсан нотлох баримтууд, хэргийн нөхцөл байдлаас үзэхэд хариуцагч Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн ажилчдын болгоомжгүй үйлдлийн улмаас хээрийн гал түймэр гарч, түүнд нэхэмжлэгчийн 213 толгой адуу өртөж эд хөрөнгөд хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч өөрт учирсан гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Харин шүүх тухайн харилцааг тухайлан зохицуулсан Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглээгүй, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасан атлаа улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилсан тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж залруулах нь зүйтэй.

 

Хуулийн этгээдийн ажилтан хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу үүрэгт ажлаа гүйцэтгэх явцдаа бусдад гэм хор учруулсан бол тухайн хуулийн этгээдэд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасан хариуцлагыг ногдуулах үндэслэл болдог.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2020/02867 дугаартай шийдвэрийн 1 дүгээр заалтын 497.1 гэсний дараа 498 дугаар зүйлийн 498.1 гэж нэмж, 2 дах заалтын хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 683 950 гэснийг хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 560 999 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 560 999 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Н.БАТЗОРИГ