Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2022/01219

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2022/01219

 

Б.Гонгоржавын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2020/02867 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 0068 дугаар магадлалтай,

 

Б.Гонгоржавын нэхэмжлэлтэй

Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдох

 

Гэм хорын хохиролд 105,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүхийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Гонгоржав, өмгөөлөгч Н.Нарангуа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо, Х.Энхсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч Б.Гонгоржав нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдуулан гэм хорын хохиролд 105,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2020/02867 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс 80,609,800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Гонгоржавт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24,590,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 683,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 683,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 0068 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2020/02867 дугаартай шийдвэрийн 1 дүгээр заалтын 497.1 гэсний дараа 498 дугаар зүйлийн 498.1 гэж нэмж, 2 дах заалтын хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 683,950 гэснийг хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 560,999 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 560,999 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.

4.1 Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: Гэм хорын хохирлыг хариуцан арилгахад гэм хор учруулагчийн хууль бус, санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсон байх учиртай бөгөөд хэргийн баримтаар хариуцагч УБТЗ-ын гэм буруу тогтоогдоогүй байдаг. Энэхүү хэргийг сум дундын 10 дугаар шүүхийн 2014.03.28-ны өдрийн 53 дугаар тогтоолоор гал тавьсан буруутай эзэн этгээд тодорхойгүй, энэ гэмт хэргийг хэн үйлдсэнийг нарийвчлан тогтоож ирүүлэхийг даалгаж хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байдаг./хх-68-70/ Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, тогтоолоор гэм буруу нь тогтоогдоогүй эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримт, дүгнэлтүүдийг иргэний хэрэг шийдвэрлэхэд нотлох баримтын эх сурвалж болгон дүгнэх хууль зүйн үндэслэлгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шинжээчийн дүгнэлтүүд нь шинжлэх ухааны арга техник, тусгай мэдлэгт суурилаагүй, зөвхөн эрүүгийн хэргийг шалгах явцад авагдсан зөрүүтэй, хохирогчоор тогтоогдсон иргэдийн тодорхой бус, үнэн зөв нь нотлогдоогүй яриагаар үндэслэн гарсан. Галын шинжээчийн дүгнэлтүүд ч тодорхой бус, эргэлзээтэй болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон боловч шүүх үнэлсэнгүй. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт галын шинжээч оролцож дүгнэлтээ тайлбарлах үед шинжээч нь тухайн эд хөрөнгө шатсан гэх байршлыг нарийн тогтоогоогүй буюу УБТЗ-ын буруутай гэх галын эхлэлийн цэгээс нэхэмжлэгч Б.Гонгоржавын шатсан гэх 423 тооны адуу бэлчээрлэж байсан газрын байршлыг тогтоож, хэмжиж үзэлгүй нэхэмжлэгчийн амьдарч байсан буюу гэр нь байрлаж байсан газрын байршлаар тогтоосон нь учир дутагдалтай байна. Тухайн түймэрт шатаж үхсэн гэх 423 тооны адуу нэхэмжлэгч Б.Гонгоржавын нутаглаж байсан Хөх нуур гэх газраас 10 км-ын зайтай газар байсан талаар түүний аав Ч.Баатарчулуун гэрчийн мэдүүлэг өгөхдөө мэдүүлсэн байдаг. Гэтэл иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад гарсан галын шинжээчийн дүгнэлтээр УБТЗ-ын тавьсан гал нэхэмжлэгчийн амьдарч байсан газар түрүүлж хүрсэн байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Бидний зүгээс нэхэмжлэгчийн амьдарч байсан газрыг бус маргааны зүйл болох 423 тооны адуу хаана, хэзээ, 2 эх үүсвэртэй галын алинд нь өртсөн бэ гэдгийг тодруулахаар шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан. Гэтэл шинжээчид болон шүүхээс энэ байдлыг шинжлэн судалж, тодруулалгүйгээр нэхэмжлэгчийн амьдарч байсан газраар баримжаалан УБТЗ-ын гал түрүүлж хүрсэн байна гэж дүгнэсэн нь хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг эргэлзээгүй, үнэн зөв харьцуулан үнэлээгүйтэй холбоотой байна. Галын шинжээч нар дүгнэлт гаргахдаа иргэн Д.Одсүрэн болон УБТЗ-ын эх үүсвэртэй хоёр түймэр нийлсэн, эндээс төмөр замын алдсан гал түрүүлж хүрсэн байна гэж хоёр эх үүсвэртэй галыг хэрхэн ялгаад буй нь ойлгомжгүй байхад шийдвэрийн үндэслэлээ болгосон нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь бодитоор 105,200,000 төгрөгийн хохирол учирсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1 дэх хэсэгт заасаар баримтаар нотолж чадаагүй байтал 213 тооны адуугаа алдсан байна, шаардах эрхтэй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал олон тооны адуугаа хээрийн түймэрт өртөж устсан гэх баримтаа нотлох чиг үүргээ хэрэгжүүлээгүй байхад шүүхээс нэхэмжлэгчийн нотлох чиг үүргийг хариуцагчид халдааж, үндэслэлгүй шийдвэр гаргасан. Магадлалын ХЯНАВАЛ хэсгийн 5 дугаарт: ...нийт 213 толгой адууны үнэлгээг 80,609,800 төгрөгөөр тогтоосон, шинжээчийн дүгнэлтийг няцаах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. гэжээ. Нэхэмжлэгч Б.Гонгоржавын түймэрт шатсан гэх 213 тооны адууг хүйс, насаар нь ялгахад: Азарга 4 /өсвөр насны болон нас гүйцсэн/ 238,000*4= 952,000 буюу 1,440,000 төгрөг,гүү 104/эм/*325,000=33,800,000, морь 11 /эр/*360,000=3,960,000, соёолон 8 /өсвөр/*230,000=1,840,000 /эр, эм эсэх, хүйсийг тодруулаагүй/, хязаалан 10 /өсвөр 230,000=2,300,000 /эр, эм эсэх хүйсийг тодруулаагүй/, байдас/эм /8/өсвөр*230,000=1,840,000, шүдлэн үрээ 7 өсвөр*23,000=1,610,000 /эр, эм эсэх хүйс тодруулаагүй/, эр даага 9 /өсвөр*238,000= 2,142,000 төгрөг, охин даага 12 /өсвөр*230,000=2,760,000 төгрөг,эр унага 15 /төл/*110,000=1,210,000 төгрөг, охин унага 25 /төл/*100,000=2,500,000 төгрөг нийт 105,200,000 төгрөг /нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дүн/ гэсэн бол сумын Төрийн сангийн төлөөлөгч Т.Энхзулын гаргасан 2012.02.08-ны Сумын малын жишиг үнэтэй харьцуулан үзэхэд 57,537,000 төгрөг байна. /105,200,000-57,53,000=47,663,000 төгрөгийн зөрүүтэй байна./

Зэргэлдээх Гурванзагал сумын орон нутгийн малын жишиг үнэтэй харьцуулахад 2012.01.03-ны Сумын хурлын үнийн комиссын хурлаар баталсан малын жишиг үнэ нийт 66,070,000 төгрөг байна. Зөрүү 39,130,000 төгрөг болно. Нэхэмжлэгчийн хохирлын үнэлгээ нь зэргэлдээх түймэрт өртсөн сумдын малын жишиг үнэлгээнээс зөрүүтэй байгаа нь уг үнэлгээг бодитой тогтоогоогүй байна гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч Б.Гонгоржаваас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад гаргасан мэдүүлэгт 2012.04.27-ны өдрийн Чойбалсан сумын Энгэршанд багийн нутагт гарсан түймэрт шатсан бод малын үнэлгээ хэсэгт 423 гэсэн байхад, Эд зүйлийн үнэлгээний хэсэгт нийт /Доржрагчаагийнх 208+түүнийх 213 гэж байх бөгөөд нийт адуу 421 гэж хоёр адуугаар зөрж байгаа нь учирсан хохирлын хэмжээ үнэн зөв эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Хэрэгт /54 дүгээр тал/ авагдсан түймэрт өртсөн адуу, хонины бүртгэл нь хаанаас гаргуулж авсан нь тодорхой бус байна. Иргэний хувьд гарч болзошгүй аюул, хохирлоос урьдчилан сэргийлэх, хамгаалах үүргээ нэхэмжлэгч зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзэж байна. Ой хээрийг түймрээс хамгаалах тухай /1996 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 2, 4, 6, 7-д: Иргэн түймрээс хамгаалах, түймэртэй тэмцэх талаар дараах үүрэг хүлээнэ. Үүнд: гэр байшин, бэлтгэсэн өвс, худаг, малын хашаа саравчны эргэн тойронд хамгаалалтын зурвас хийх, түймрээс амь бие эд хөрөнгөө хамгаалах, түймэртэй тэмцэх арга ажиллагааг эзэмшсэн байх, айл бүр түймэр унтраах багаж хэрэгсэлтэй байх, гарсан түймрийг унтраах ажиллагаанд иргэний журамт үүргийн дагуу оролцох, түймэр илрүүлсэн, түймрийн тухай мэдээ хүлээн авсан бол түүнийг унтраах арга хэмжээ авч Засаг дарга, бусад холбогдох байгууллагад яаралтай мэдэгдэх үүргийг тус тус хүлээдэг.

ХХААХҮС-ын 2011 оны А/74 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаас батлагдсан Малыг бүртгэх, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэх тухай журам-ын 4.3.3-т: Малчин, мал бүхий иргэд нь малын эрүүл мэндийн өрхийн дэвтэртэй байх малын бүртгэлийн гэрчилгээнд харьяаллын мал эмнэлгийн үйлчилгээний хувийн хэвшил, нэгжийн мэргэжилтэн, мал бүхий албан байгууллага, аж ахуйн нэгжийн малын эмч холбогдох бүртгэлийг цаг тухай бүрт нь хөтлөх үүргийг хүлээнэ гэж, 7.1.12-т Мал бүхий иргэн, аж ахуйн нэгж, малын эзэн, малчин нь өөрийн өмчлөл, эзэмшлийн малд ялган тэмдэглэгээ хийлгэх, нэгдсэн бүртгэлд хамруулах, холбогдох анхан шатны хувийн тэмдэглэгээ /малын төрсөн огноо, хүйс, зүс, хувийн дугаар, үржүүлгийн болон төрөлтийн байдал, мал эмнэлгийн арга хэмжээнд хамрагдсан байдал, шинэ төл нэмсэн, худалдан авсан, борлуулсан, шилжүүлсэн, шилжиж ирсэн, зүй бусаар хорогдсон, нядалсан, хугацааны тухай/-г хийж, мэдээлэл өгөх зэргээр мал, түүний гаралтай бүтээгдэхүүний гарал үүслээ баталгаажуулах үүрэгтэй, 6.2-т: малд Малын бүртгэлийн гэрчилгээ олгоно гэж, 5.1.5-д: Малын бүртгэлийн гэрчилгээ, малын эрүүл мэндийн гэрчилгээ, малын гаралтай бүтээгдэхүүний мал эмнэлэг ариун цэврийн гэрчилгээ, шат бүрт тэмдэглэх анхан шатны маягтууд, бүртгэлийн дэвтэр нь малыг бүртгэх нэгдсэн системийг бүрдүүлэх элементүүд болно гэж, 4.6.5-д: ... малын тодорхойлолтыг олгохдоо мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэлийг үндэслэнэ гэж, 2.3.1-д: бог малыг ялган тэмдэглэх хэрэгсэл нь бар код бүхий ээмэг, түүний дагалдах хэрэгслүүд байна, 2.2.2-2.2.4-т Бод малыг ялган тэмдэглэх хэрэгсэл нь уламжлалт им тамгаас гадна ээмэг, /эр, эм гэсэн 2 хэсгээс бүрдэнэ/, арьсан дор суулгахад зориулагдсан чип бүхий тариур байна гэж, Малын хувийн дугаар буюу кодыг дараах баримт бичгүүдэд заавал бичиж байна. Үүнд: гэрчилгээ, малын эрүүл мэндийн талаарх баримт бичиг, малын гаралтай бүтээгдэхүүний мал эмнэлэг, ариун цэврийн тодорхойлолт, лабораторийн дүн шинжилгээний тодорхойлолт, малын даатгалын баримт бичиг,... малын шилжилт хийсэн тодорхойлолт гэсэн заалтууд тус тус зөрчигдсөн байна.

Нэхэмжлэгч нь хээрийн түймрийн аюултай үед гал түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалалтын зурвас татах, цурам тавьж сэргийлэх үүргээ хэрэгжүүлээгүй нь түүний хайхрамжгүй, хэтэрхий болгоомжгүй үйлдэлтэй шууд холбоотой байна.

Иймд Иргэний хуулийн 229 дүгээр зүйл, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хохирогчийн гэм буруу бүхий дээрх эс үйлдэл нь гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн байдлыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй, бодитой дүгнэлт хийж чадсангүй. Дорнод аймгийн архивын тасгаас ирүүлсэн Б.Гонгоржавын 2009-2011 оны малын тоо бүртгэлд 2011 онд адуу 440 гэсэн байх бөгөөд үүнээс хойш 2012.04.22 хүртэлх хугацаанд тухайн мал бүрэн байсан эсэх, хорогдсон эсэхийг үүгээр нотлох боломжгүй. Харин малын эрүүл мэндийн дэвтэр малчдад байх ёстой, малыг халдваргүйжүүлэх вакцин хийлгэх зэрэгт байнга бүртгэл хөтөлж тэмдэглэл үйлдэх ёстой байдаг тул уг дэвтэр болон бусад нотлох баримтаар нотлох үүргийг нэхэмжлэгч өөрөө хүлээнэ.

Нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо нотлох баримтаар бүрэн нотолсонгүй. Хэрэгт авагдсан гэрч Ч.Баатарчулуун мэдүүлэгтээ: Түймэр баруун талаас ирсэн. Чингис вагоны өртөө шатаж, түймэр зүүн тал руу манай руу ирж, урагшаа явсан. Түймэр гарах үед салхины чиглэл баруун талаас байсан. Өглөө 9-10 цагт адуугаа усалсан. 5-6 км-ээс гэртээ ирж, цайгаа ууж байхад манай бэр ааваа түймэр гарч байна гэсэн. Гарч харахад шороо хийсээд түймэр гарч байсан. 3-4 хоногийн өмнө Гурванзагал, Балбар, Баянгийн завсраар Оросын түймэр орж ирж унтарсан гэж мэдүүлсэн. Тухайн үед буюу 2012.04.17-ноос 04.23-ны хооронд Дорнод аймгийн хил залгаа сумд болох Дашбалбар, Гурванзагал, Чойбалсан болон ОХУ, Хятад улсаас хил дамнан түймэр орж ирж байсан бөгөөд эдгээр түймэр бүрэн унтарсан эсэхэд мэргэжлийн байгууллага дүгнэлт өгч чадаагүй юм. Хөрсөн доогуур шилжих галыг унтраах бүрэн унтраах явдал хамгийн чухал байдаг. Гэтэл энэ ажиллагаа бүрэн, зохих ёсоор хийгдсэн эсэх талаар тухайн аймаг, сумын Онцгой байдлын газраас акт үйлдэж, дүгнэлт гарсан байх ёстой бөгөөд энэ талаарх баримт хэрэгт байхгүй. Шатсан малыг им тамгаар нь баримтжуулж зураг авсан, мал устгасан акт үйлдсэн гэсэн түүний мэдүүлэг нь баримтаар тогтоогдохгүй байна. Ой хээрийг түймрээс хамгаалах тухай /1996 оны/ хуулийн 8 дугаар зүйлийн 4-т Түймрийн хохирлыг тооцох журмыг Засгийн газар тогтооно гэсний дагуу Засгийн газрын 2010 оны 254 дүгээр тогтоолоор баталсан Ой хээрийн түймрээс учирсан хохирлыг тооцох журмын 7.1-д ... хохирлын акт тогтооно. Түймрээс учирсан хохирлын актад ажлын хэсгийн гишүүд гарын үсэг зурж, зохих шатны Засаг даргаар баталгаажуулна. Шаардлагатай гэж үзвэл зохих шатны Засаг даргын Тамгын газар тогтоосон актад мэргэжлийн байгууллагаар магадлан шинжилгээ хийлгэж болно гэснийг үндэслэн тухайн хохирлыг тогтоосон актад мэргэжлийн байгууллага буюу мал эмнэлгийн газраас магадлан шинжилгээ хийлгэх ёстой байсан. Хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээ нь тухайн үеийн буюу хохирол гарсан үеийн жишиг үнээр хохирлыг тогтоох талаарх хууль тогтоомжийг зөрчиж, 2012 оны 04 дүгээр сарын үнэ ханшийг 2019 оны 08 дугаар сарын үнэ ханштай харьцуулан дүгнэн итгэлцүүр аргаар үнийг тодорхойлсон нь үндэслэлгүй бөгөөд энэ нь Засгийн газрын 2010 оны 254 дүгээр тогтоолоор баталсан Ой хээрийн түймрээс учирсан хохирлыг тооцох журмын 5.1.3-т ... мал, иргэдийн эд хөрөнгийн хохирлыг тухайн үеийн зах зээлийн үнээр тогтооно гэснийг зөрчиж байна.

 

4.2 Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Тухайлбал Магадлалын 5 дугаар хэсэгт: ...сумын архивт малын А данс байхгүй, шатсан мал устгасан акт байхгүй байгаа зэрэг нь нэхэмжлэгчид учирсан хохирлын хэр хэмжээг нотолсон баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй" гэжээ. Хээрийн түймрийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг нотлох үндсэн баримт хэрэгт авагдаагүй талаар дүгнэсэн атлаа тэрхүү хохирол нь нэхэмжлэгчид учирсан байна гэж өмнөх дүгнэлтээ үгүйсгэн шийдвэрлээд буй нь ойлгомжгүй байна. Хэргийн 4, 57, 122, 197 талд Дорнод аймгийн Мал эмнэлгийн газар болон Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газрын 2020.04.07-ний өдрийн 3/114 тоот албан бичиг авагдсан байдаг. Тухайн албан бичгээр иргэн Б.Гонгоржавын нэр дээр жил бүр явагддаг мал тооллогын бүртгэл буюу малын А данс байхгүй талаар дурдсан байхад багийн засаг даргын албан ёсны бус тодорхойлолт гэх баримтыг үндэслэн нэхэмжлэгчийг 440 тооны адуу тоолуулсан байна гэж дүгнэсэн нь зохигчдын тайлбар, нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үнэн зөв үнэлсэнгүй гэж үзэж байна. Маргааны зүйл болох нэхэмжлэгчийн 423 тооны адуу хээрийн түймэрт өртөж шатсан гэдгийг ямар баримтаар хөдөлбөргүй нотлоод байгаа нь шийдвэрт тусгагдаагүй бөгөөд хохирол нь бодит байдалд нийцэхгүй байгаа. Хэргийн 4, 57, 122, 197 талд байгаа Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн засаг дарга П.Дашзоригийн 2012.07.06-ны өдрийн тодорхойлолт, гэрч Ч.Баатарчулууны өгсөн мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч Б.Гонгоржавын 213 тооны адуу түймэрт шатаж хорогдсон гэж дүгнэсэн нь маргааны зүйл болох 423 тооны адуу шатсан гэдгийг хангалттай нотлох албан ёсны баримт биш юм. Өөрөөр хэлбэл архив дахь албан ёсны баримтаар бус 2012 онд болсон үйл баримтыг Чойбалсан сумын засаг дарга Ц.Ариунболдын 2018 онд нөхөн бичиж өгсөн бичгээр хохирол учирсан байна гэж дүгнээд буй нь хангалтгүй. Хавтаст хэргийн 4, 57, 122, 197 талд байгаа багийн засаг дарга П.Дашзоригийн гэх тодорхойлолт нь нэхэмжлэгч Б.Гонгоржавыг өөрийн өмчлөлийн малаа 2011 онд тоолуулсныг нотолж болох ч тэдгээр нь түймэрт шатаж хорогдсон гэдгийг нотлох баримт биш юм. Гэрч буюу нэхэмжлэгчийн төрсөн эцэг Ч.Баатарчулуун хээрийн түймэрт 423 тооны адуу өртөж устсан, тухайн үед зураг авч баримтжуулсан гэж мэдүүлдэг. Мөн 2 дугаар хавтаст хэргийн 81 дүгээр талд авагдсан Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн акт авагдсан ба энэхүү акт нь 2012 онд тухайн хээрийн түймэрт мал, эд хөрөнгөө алдсан бусад малчдын шатсан малыг халдваргүйжүүлж, устгал хийсэн тухай баримт бөгөөд хэрэв нэхэмжлэгч Б.Гонгоржав нь түймэрт 423 тооны адуугаа алдсан бол тус мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуйн байцаагч халдваргүйжүүлэлт, устгал хийх ёстой байсан. /хх-81/ Хэрэгт энэ талаар баримт байхгүй бөгөөд нэхэмжлэгчийн аав Ч.Баатарчулуун гэрчийн мэдүүлэг өгөхдөө мэргэжлийн хүмүүс ирж устгал хийсэн гэдэг бөгөөд хэрэв шатсан мал устгасан бол аймгийн мэргэжлийн хяналтын газар болон Мал эмнэлгийн газраас энэхүү баримтыг үйлдэх ёстой байсан. Ийм олон тооны адууг хээр газар зүгээр орхихгүй байсан нь илэрхий юм. Шүүхээс нэхэмжлэгч Б.Гонгоржавын 213 толгой адуу УБТЗ-ын ажилчдын тавьсан хээрийн түймэрт өртөж хохирол учирсан байна гэх агуулгаар шийдвэрээ гарган хохиролд 80,609,800 төгрөгийг хариуцагч УБТЗ-аас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Б.Гонгоржавын 2012 онд эрүүгийн хэргийг шалгах явцад хохирогчийн журмаар өгсөн мэдүүлгээр хохирлын хэмжээ тогтоогдож буйг зөвшөөрөхгүй. Хээрийн түймэрт нэхэмжлэгчийн 423 тооны адуу шатсан нь баримтаар нотлогдоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалтыг шүүхээс хэт нэг талыг барин тайлбарласан буюу нэхэмжлэгч тал түймэрт өртөж устсан гэх 423 тооны адуугаа нотлох үүрэгтэй байхад шүүх хуралдаанд энэ талаар тайлбар авч тодруулалгүйгээр шийдвэрлэсэн. Нөгөөтээгүүр 423 тооны адуу шатсан гэх хохирлыг бодитой биш, зөвхөн эрүүгийн хэрэг шалгах үеийн эд зүйлийн үнэлгээ, материалыг үндэслэсэн нь учир дутагдалтай байна. Нэхэмжлэгч Б.Гонгоржавын нутаглаж байсан Хөх нуур гэх газар болон 2 эх үүсвэртэй тархсан хээрийн түймэр нь газар зүйн байршил, хоорондын зай, түймэр анх эхэлсэн цэг, шатлагийн талбай зэргээрээ ялгаатай байхад шүүхээс болон иргэний хэрэг галын шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч нар ч энэ талаар судлан шинжлэлгүйгээр УБТЗ-ыг буруутган дүгнэлт гаргаж, тэрхүү дүгнэлтүүдийг үндэслэн шүүх шийдвэрээ гаргалаа.

Эрүүгийн хэрэгт 2012.07.02-ны өдөр хохирогчоор өгсөн нэхэмжлэгч Б.Гонгоржавын мэдүүлгээр 2012.04.22-ны өдөр оройхон нар ороох үед Гурванзагал нутаг руу урдаасаа хойшоо түймэр орж байхыг галын туяагаар харсан, Тэр түймэр явсаар салхины нөлөөгөөр манайхыг ирж дайрсан, ...түймрийн утаанд адуу тогтохгүй байсан гэдэг. Энэхүү мэдүүлгээр нэхэмжлэгч орон нутагт нь хээрийн түймэртэй байсан талаар мэдэж байсан байх боломжтой бөгөөд өөрийн эзэмшлийн эд хөрөнгө, малаа хариулгагүй орхиж гэм хор учрах, хохирлын хэмжээ нэмэгдэхэд өөрийнх нь хайнга үйлдэл нөлөөлсөн. Хэрэгт байгаа баримтаас үзвэл нөгөө талаар, нэхэмжлэгч нь түймрээс адуу малаа хэрхэн хамгаалсан, гэрээс нь 10 км-ын зайтай байх адуун дээрээ очсон байсан эсэхийг баримтаар нотолж чадаагүй мөн зохих буруутай гэж үзэхээр байна. Ой, хээрийн түймрээс хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлд иргэн түймрээс хамгаалах, түймэртэй тэмцэх талаар дараах үүрэг хүлээнэ. Үүнд гэр, байшин малын хашаа, саравчны эргэн тойронд хамгаалалтын зурвас хийх, айл өрх бүр түймэр унтраах багаж хэрэгсэлтэй байх гэж үүргийг тодорхойлсон байдаг. Гэтэл түймрийн аюултай үед урьдчилан сэргийлэх, хамгаалалтын зурвас татах, цурам тавьж сэргийлэх үүргээ нэхэмжлэгч нарын хэн аль нь хэрэгжүүлээгүй нь өөрсдийнх нь хайхрамжгүй, болгоомжгүй үйлдэлтэй холбоотой байхад шүүхээс Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д заасан зохицуулалтыг хэрэглээгүй.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүхийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

 

6. Нэхэмжлэгч Б.Гонгоржав нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдуулан гэм хорын хохиролд 105,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба шаардлагын үндэслэлээ ...2012.04.22-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн дарга Л.Энхболдоор ахлуулсан нэр бүхий 23 ажилчин цурав тавьж байгаад галтай болгоомжгүй харьцаж, галын аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйн улмаас тал хээрийн түймэр тавьж, онц их хэмжээний хохирол учруулсан ... 2017.06.22-ны өдөр 5/35 дугаартай прокурорын тогтоолоор хэнд хэчнээн төгрөгийн хохирол учирсан, ямар хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж энэ хохирол учирсан гэдгийг бүрэн тогтоосон. гэж тайлбарласан бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч ... гэм буруу тогтоогдоогүй. ... хоёр эх үүсвэртэй түймрийн алинаас үүдэлтэй хохирол болох нь тодорхойгүй, ... хохирлын хэмжээ тогтоогдоогүй. ... гэж маргасан.

 

7. Анхан шатны шүүх хариуцагчийн буруутай үйлдлээс нэхэмжлэгчид гэм хорын хохирол учруулсан гэж үзэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлин 510.1 дэх хэсэг заасныг удирдлага болгон хариуцагчаас гэм хорын хохиролд 80,609,800 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх маргаантай харилцааг тухайлан зохицуулсан Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг нэмж хэрэглэх үндэстэй гэж үзэн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

 

8. Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн нутагт 2012.04.22-ны өдөр ассан ой хээрийн түймэрт малчин Б.Гонгоржавын 213 толгой адуу шатаж хохирол учирсныг нэхэмжилснийг эс зөвшөөрсөн хариуцагчийн үндэслэл болох төмөр замын ажилчдын алдсан гал түймэр хохирол учруулсан эсэх, гал түймэрт өртөж шатсан адуу чухам малчин Б.Гонгоржавынх эсэх, Б.Гонгоржав ийм хэмжээний адуутай байсан эсэх нь маргааны зүйл болжээ.

 

9. Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлж, үйл баримтыг тогтоон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэж маргааныг шийдвэрлэжээ.

 

Тодруулбал, эрүүгийн гэмт хэрэгт ял шийтгэгдсэн эсэх нь иргэний эрх зүйн зөрчилд гэм буруутай эсэхийг тогтооход шууд ач холбогдолгүй. Өөрөөр хэлбэл, иргэний эрх зүйн хариуцлага хүлээлгэх эсэхэд хувийн эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх, энэ зөрчил иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоогдсон эсэхийг анхаарах нь эн тэргүүний ач холбогдолтой. Иймд эрүүгийн хэрэгт гэм буруутайг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол гараагүй нь иргэн, хуулийн этгээдийн эд хөрөнгийг эвдсэн, устгасан иргэний эрх зүйн зөрчил гаргасан эсэхийг тогтоох зайлшгүй урьдчилсан нөхцөл биш. Энэ үндэслэлээр Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн ажилчид гэмт хэрэг үйлдсэн, хохирол учруулсан гэм бурууг тогтоосон эрүүгийн хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол байхгүй. ... Прокурорын 2017.05.05-ны өдрийн 5/138 дугаартай тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208 дүгээр зүйлийн 208.1.2 дахь заалтаар буюу гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх агуулга бүхий хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

10. Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт тухайн цаг хугацаанд хоёр эх үүсвэрээс ой хээрийн түймэр эхэлсэн үйл баримтын тухайд зохигчид маргаагүй. Гэвч маргаан бүхий үр дагавар чухам аль эх үүсвэртэй түймрийн улмаас үүссэн талаар зохигчид мэтгэлцсэн байх ба нэхэмжлэгч хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ажилчдын үйл ажиллагааны улмаас түүний мал шатсан гэж үзсэн ингэхдээ галын шинжээчийн болон бусад баримтуудыг үндэслэн шаардлагаа тодорхойлсон байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т заасны дагуу гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөнө. Өөрөөр хэлбэл, гэм хор учруулсан үйлдэлд гэм буруугүй болохоо хариуцагч өөрөө нотлох үүрэгтэй.

Хэрэгт авагдсан зарим баримтыг эрүүгийн журмаар бүрдүүлсэн, эсхүл нэхэмжлэгч Б.Гонгоржав 423 толгой адуу, 70 толгой хоньтой талаарх А данс байхгүй нь хариуцагч гэм буруугүй болохыг хангалттай нотлох баримт гэж үзэхгүй.

Энэ үндэслэлээр Тухайн үед мөн иргэн Д.Одсүрэн тамхи татаж яваад гал алдаж хээрийн түймэр тавьсан. ... Мөн нэхэмжлэгч Б.Гонгоржав нь 213 тооны адуутай байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл сум орон нутагтаа адуугаа тоолуулж байгаагүй, малын А данс байхгүй, шатсан малыг устгасан мэргэжлийн хяналтын байгууллагын акт гараагүй, эрүүгийн болон иргэний хэрэгт гарсан удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлгүй. Иргэний хэрэгт гарсан галын шинжээчийн дүгнэлтүүд бүрэн, бодитой, шинжлэн ухааны үндэслэлтэй гараагүй гэх агуулга бүхий хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

 

11. Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар бус, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2020.06.03-ны өдрийн А/135 тоот тушаалаар томилогдсон, гал түймэртэй тэмцэх газрын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлт, Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн засаг дарга П.Дашзоригийн 2012.07.06-ны өдрийн ... Б.Гонгоржав 2011 оны жилийн эцсийн мал тооллогоор адуу 440 тоолуулсан гэсэн тодорхойлолт, гэрч Ч.Баатарчулууны ... манай 200 гаруй адуу шатсан гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Архивын тасгийн 2018 оны ... Б.Гонгоржавын мал тооллогын А дансны 2011 онд 440 адуутай ... гэсэн лавлагаа, Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг дарга Ц.Ариунболдын 2018 оны 1/224 тоот Б.Гонгоржав нь ... 2012.04 дүгээр сард болсон гал түймрийн улмаас 420 гаруй тооны адуу гал түймэрт өртөж хохирол учирсан гэсэн тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч байгууллагын ажилтнуудын буруутай үйл ажиллагааны улмаас Дорнод аймгийн Чойбалсан, Гурванзагал, Дашбалбар, Чулуунхороот сумдыг хамарсан гал түймэр үүсвэрлэн гарсан, уг гал түймрийн улмаас нэхэмжлэгчийн 213 тоо толгойгоос багагүй хэмжээний мал устаж үгүй болсон, нэхэмжлэгч Б.Гонгоржав нь дурдсан тооны малтай байсан гэх үйл баримт тус тус тогтоогдсон. Хариуцагч эдгээр нотлох баримтыг үгүйсгэх баримтыг хэрэгт бүрдүүлээгүй байх тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд үйл баримтыг тогтоосон хоёр шатны шүүхийн ажиллагаа хууль зөрчөөгүй.

 

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо нийт 213 толгой адууны үнэлгээг 80,609,800 төгрөгөөр тогтоосон нь нотлох баримтад үндэслээгүй, хэргийн үйл баримтыг бүрэн дүүрэн тогтоогоогүй гэж дурджээ. Гэм хорын улмаас учирсан хохирлоо нэхэмжлэгч 105,200,000 төгрөгөөр тодорхойлсон байх ба шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэн хохирлыг 80,609,800 төгрөг гэж тогтоосныг буруутгахгүй. Учир нь дээр дурдсан баримтуудаас гал түймрийн улмаас нэхэмжлэгчийн 213 тоо толгойгоос багагүй хэмжээний адуу шатсан гэх үндэстэй байх ба олон тооны малын сэг зэмийг яаралтай зайлуулах хүн хүчний дутмаг байдлаас шалтгаалан бодит хүндрэл үүсэж үхсэн малыг нас, хүйсээр нь ялгахад бэрхшээлтэй байсныг, энэ нөхцөл байдлаас шалтгаалан хохирлын хэмжээг 440 адуугаар бус, харин өөрийн өмчлөлийн мал гэх 213 толгой адуугаар тогтоосон талаараа нэхэмжлэгч тайлбарлаж байна.

Хууль бус үйлдлийнх нь улмаас бусдад хохирол учирсныг хариуцагч үгүйсгэж чадаагүй, энэ нөхцөл байдалд гэм буруугүй болохоо хангалттай нотлоогүй тул нэхэмжлэгчийн тодорхойлсон адууны тоо толгой, тэдгээрийн үнийг тогтоосон шинжээчийн үнэлгээнд суурилан хохирлын хэмжээг тогтоосон хоёр шатны шүүхийн дүгнэлтийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

13. Харин анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, илүү нарийвчилсан эрх зүйн зохицуулалтыг хэрэглэх үндэстэй гэж дүгнэн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсгийг нэмсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэстэй болжээ.

 

14. Дээр дурдсан үндэслэлээр хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлж, үйл баримтыг бүрэн дүүрэн тогтоогоогүй гэх агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүхийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 0068 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүхийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2021.01.27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 560,999 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.