Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 554

 

 

 

 

 

 

    2020            5              5                                          2020/ДШМ/554

 

 

                                     Н.И, Ж.А, Х.Б нарт

Холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хадхүүгийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

шүүгдэгч Н.И, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Ж.А, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал,

шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Б.Гантөмөр, Д.Цэрэнханд,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.И, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар, шүүгдэгч Ж.А, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал, шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Б.Гантөмөр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Н.И, Ж.А, Х.Б нарт холбогдох эрүүгийн 201706000160 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Н.И,

2. Х.Б,

3. Ж.А,

“Найдвар” таеквондогийн клубийн захирал ажилтай яллагдагч Ж.А нь тус клубт хичээллэдэг 10 настай, эрэгтэй Х.Тамирыг 10 хоногийн хугацаатай зуны цугларалтад Эрдэнэт хот руу авч явахаар түүний эх Б.Алтан-Өлзийтэй харилцан тохиролцож, 2017 оны 6 дугаар сарын 3-ны өдөр “Хүүхэд харгалзан авч явах” тухай итгэмжлэл хийн, хариуцан авч явахдаа буюу 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мажаа” гэх нэртэй амралтад бага насны Х.Тамирыг бэлтгэл, сургуулилт хийх явцад биеийн ачааллын улмаас өөрөө явах чадваргүй, орчиндоо харьцаагүй буюу түүний амь бие нь аюултай нөхцөлд байхад тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүй, бага насны хүнийг амь биед нь аюултай нөхцөл байдал байхад нь халамжлах үүрэгтэй атлаа тусламж үзүүлээгүй зориуд орхисны улмаас Х.Тамир нас барсан,

шүүгдэгч Н.И нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Найдвар” таеквондогийн клубт дасгалжуулагчаар ажиллаж байх үедээ Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мажаа” гэх нэртэй амралтад 2017 оны 6 дугаар сарын 13-ны өглөө 7 цагт тус клубт хичээллэдэг Х.Тамир /10 настай, эрэгтэй/-ыг уул өөд гүйлгэн, улмаар гүйж чадахгүй, “миний бөөр салчихсан юм шиг хэцүү байна”, “би гүйж чадахгүй байна” гэж хэлэхэд өгзөг тус газар нь модоор цохиж хүчээр гүйлгэсний улмаас Х.Тамир нь биеийн ачааллын үед зүрх нь чичирхийлэн нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон,

шүүгдэгч Х.Б нь Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг “Найдвар” таеквондогийн клубт туслах багшаар ажиллаж байх үедээ яллагдагч Н.Итэй бүлэглэн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мажаа” гэх нэртэй амралтад, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Найдвар” клубэд хичээллэдэг Х.Тамир /10 настай, эрэгтэй/-ыг уул өөд гүйлгэн, улмаар гүйж чадахгүй байхад нь өгзөг тус газар нь модоор цохиж хүчээр гүйлгэсний улмаас Х.Тамир нь биеийн ачааллын үед зүрх нь чичирхийлэн нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Н.Игийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ж.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, Х.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овгийн Жаргалсайханы Ж.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “аюулгүй байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийг бага насны хүүхэд, бэртэл гэмтэлтэйн улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хатиган овгийн Наранбаатарын Н.И, Шермушийн хурман овгийн Хавсаметын Х.Б нарыг болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Боржигон овгийн Жаргалсайханы Ж.Аыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хатиган овогт Наранбаатарын Н.И 2 /хоёр/жилийн хугацаагаар, Шермушийн хурман овгийн Хавсаметын Х.Б 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Аын 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын, Н.Игийн эдлэх 2 /хоёр/ жилийн, Ж.Бахытбекийн эдлэх 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хадхүүд шүүгдэгч Ж.А 22.278.402 төгрөг, Н.И 8.000.000 төгрөг, Ж.Бахытбек 2.000.000 төгрөг нийт 32.278.402 /гучин хоёр сая хоёр зуун далан найман мянга дөрвөн зуун хоёр/ төгрөгийг тус тус нөхөн төлж барагдуулсныг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хадхүү нь гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжпэх эрхтэй болохыг тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 76 см урт, 3 см өргөн бөөрөнхий мод 1 ширхэгийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, Ж.Аын эзэмшлийн 16.500.000 төгрөгийн үнэ бүхий 10-91 УБА улсын бүртгэлтэй дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, Ж.Ат буцаан олгож, шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.И, Х.Б, Ж.А нарт авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, мөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.А тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд зориуд санаатай орхих байтугай орчинтойгоо харьцаагүй орхиж явсан 1 хором ч байхгүй билээ. Амь хохирогчийг өвдсөн, биеийн байдал нь муудаж, зүрх нь чичирхийлсэн гэдгийг огт мэдээгүй, мэдэх ч боломжгүй байсан юм байна лээ.

Учир нь, Шүүхийн шинжээчийн дүгнэлтэд зүрх чичирхийлж байгааг гаднаас нь хараад болон судас, амьсгалыг чагнаад мэдэх боломжгүй гэсэн байдаг. Амь хохирогч хэт таргалалттай учир дасгал хөдөлгөөн хийх хүсэлгүй, зөвхөн аавынхаа шахалтаар явдаг байсан бөгөөд дасгал сургуулилалтын үед байнга баашилж, няцаж, янз бүрийн байдлаар түүнийгээ илэрхийлж, 1 удаа албаар ухаан алдсан дүр хүртэл үзүүлж, биднийг айлгаж байсан удаатай. Тиймээс би түүнийг няцсан байна, шантарсандаа босохгүй эсэргүүцлээ илэрхийлж байна гэж бодоод эхлээд “чи чаднаа, миний хүү босоорой” гэж хэлээд дараа нь “дахиж гүйлгэхгүй ээ, одоо сайхан амраад цай хоолондоо ороорой” гэж хэлээд шовгорт аваачиж орон дээр хэвтүүлээд авч гүйсэн хоёр багшид нь хариуцуулаад би өөрөө бусад хүүхдүүд рүүгээ буюу хариуцаж явсан 3 клубын 33 бага насны хүүхдүүдээ цай хоолонд нь оруулах, харж хандах үүргээ биелүүлэхээр явсан юм.

            Хэсэг хугацааны дараа хариуцсан багш Н.И намайг дуудсан бөгөөд амь хохирогчийн шовгорт яваад ортол байдал бишдсэнийг сая мэдээд яаралтай арга хэмжээнүүдийг авч, Эрдэнэтийн эмнэлэг рүү яаралтай авч явсан.

            Мөн амь хохирогчийн аав Хадхүү болсон явдлыг хэтэрхий нэг талаас харж, намайг буруутгаж, бидний эрх зүйн байдлыг дордуулсан, бодит явдлыг хэтрүүлэгтэйгээр зохиож, шүүх хурал болон мэдүүлэг дээрээ ярьсан байдаг. Намайг цагаатгаж өгнө үү. Иргэний хариуцагчаар хариуцлага хүлээхэд бэлэн байна. ...” гэв.    

            Шүүгдэгч Н.И тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон тус шүүхэд гаргасан тайлбартаа: “...Бид нар 10 хоногийн хагас цэрэгжилттэй, хээрийн эрчимжүүлсэн бэлтгэлд гарахад Тамир 10 настай, 88 кг жинтэй байсан. Аав Хадхүү нь 10 кг жин хасаад ирээрэй гэж захисан. Тамир урьд өмнө нь тухайн үед ч бэлтгэлдээ идэвхигүй, залхуу хойрог ханддаг байсан ч өдөрт 1 кг жинг биеэс хасах нормтой бэлтгэлд би ажил үүргээ гүйцэтгэж, мөн Тамирааг жинг нь хасья тураая гэсэн зорилготой шахаж бэлтгэл хийлгэсэн минь анагаахын мэдлэггүй, Тамирааг таргалалт гэдэг өвчтэй байсныг мэдээгүйн улмаас өнөөдөр ийм харамсалтай зүйл тохиолдсонд чин сэтгэлээсээ гэмшиж, харамсаж байна.

            Би Тамираатай энгийн үед ах, дүү шиг, бэлтгэлийн үед багш, шавь шиг харилцаатай байсныг багш, шавь нар гэрчилнэ.

            Н.И би урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, энэ хэрэгт шалгагдаж байхдаа өөрийн гэм буруу болон болсон хэргээ анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлж, мөрдөн шалгах бусад ажиллагаанд саад учруулаагүй. Иймд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэж чин сэтгэлээсээ гуйж байна. Миний ид хийж бүтээх энэ насан дээр минь намайг эхний бөгөөд эцсийн боломжийг олгооч ээ гэж хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Б.Гантөмөр нарын хамтран гаргасан гомдол болон өмгөөлөгч Б.Гантөмөр тус шүүхэд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон хэдий ч давж заалдах гомдлыг цагаатгах буюу шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй, гэм буруугүй болохыг тогтоолгох зорилгоор гаргаж байгаа болно. Юуны өмнө анхан шатны шүүхээс, шүүгдэгч Х.Бийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзээд, шүүгдэгчийн үйлдэлд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэм хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, мөн хувийг байдлыг нь харгалзан үзсэн талаар тус тус дүгнэлт хийсэн гэдгийг дурдах нь зүйтэй юм. Шүүгдэгч Х.Б нь хүний амь эрсэдсэнд харамсаж байгаагаа илэрхийлээд, амь хохирогчийн ар гэрийнхэнээс чин сэтгэлийн угаас уучлалт хүссэн байдаг.

Шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг дангаараа түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болдоггүй. Шүүгдэгч Х.Бийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэж үзэх эргэлзээгүй нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэхгүй байгаагаа шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд илэрхийлье.

Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: гэм хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлд үнэлэлт, дүгнэлт хийж тусгахаар хуульчилсан бөгөөд шүүх, шүүгдэгч Х.Бийг “уул өөд гүйлгэн, улмаар гүйж чадахгүй байхад нь чи чадна гэх зэргээр дэм өгөн араас нь түлхэн дэмжиж хүчээр гүйлгэсний улмаас” гэж дүгнэсэн атлаа, уг дэм өгч байгаа үйлдэл болгоомжгүйн нөхцөл байдалтай хэрхэн уялдаж байгаад дүгнэлт хийж чадаагүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Бийн үйлдэл, оролцоонд бүрэн дүүрэн дүгнэлт хийж чадаагүй гэж үзэхээр байна. Шүүгдэгч Х.Бийн чухам ямар болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас амь хохирогчийн амь нас эрсэдсэн болох, гүйхээс өөр аргагүй байдалд оруулсан хүч хэрэглэсэн ямар үйлдэл байгаа юм, үүнд шалтгаант холбоо байгаа эсэх, гэм буруутай нь чухам ямар нотлох баримтаар эргэлзээгүй тогтоогдож байгаа, мөн нотолбол зохих байдал мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны явцад хангалттай тогтоогдсон гэж үзэх үндэслэлүүдийг шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгээс ухаж олоогүй, энэ талаар тодорхойлох хэсэгт тодорхой дүгнэлт хийлгүй, орхигдуулан зөвхөн шүүгдэгчийн хэргээ хүлээсэн гэх мэдүүлэгт үндэслэн эрүүгийн хариуцлага оногдуулж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.

Мөн шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаж” үзсэн гэх боловч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн дүүрэн, бодитойгоор шинжлэн судалж шийдвэрлэсэн гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлээд шүүгдэгч Х.Бийн үйлдлийг гэм хэргийн шинжгүй, амь хохирогчийн амь насаа алдсанд гэм буруугүй болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байгаа гэж үзэж байна. Үүнд:

Шүүгдэгч Ж.Аын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл, 1хх 228-229, 2хх 3-4, 2хх 71-72/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл, 1хх 56-60, 2хх 59-60/, гэрч Алтан-Өлзийгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2хх 67-68/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч О.Нансалмаагийн 2017 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 34 дугаартай дүгнэлтэд гэх дүгнэлт /1хх 91-91, 93-97/, насанд хүрээгүй гэрч Х.Тэнгисийн мөрдөн шалгах ажиллагаанд ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1хх 32/, насанд хүрээгүй гэрч М.Түвшинбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1хх 42-43/, насанд хүрээгүй гэрч Г.Пүрэвжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1хх 53/, гэрч Батбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1хх 56-57/, гэрч Б.Оюунгоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  мэдүүлэг /1хх 62-63/, насанд хүрээгүй гэрч Э.Түвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1хх 68/, насанд хүрээгүй гэрч Б.Итгэлбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч О.Бат-Ирээдүйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1хх 74/, насанд хүрээгүй гэрч М.Мөнх-Оргилын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1хх 75/, насанд хүрээгүй гэрч А.Ихбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1хх 71/, насанд хүрээгүй гэрч М.Тэмүүлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1хх 71/, гэрч Д.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1хх 83-85/, шүүгдэгч Х.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1хх 33-37/, шүүгдэгч Н.Игийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1хх 151-153, 2хх 100-101/,

Амь хохирогчийн хувьд таргалалт өвчтэй байсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа бөгөөд аав Н.Хадхүү, ээж Б.Алтан-Өлзий нарын мэдүүлгээс үзвэл амь хохирогчийг мөн жингийн илүүдэлтэй, үүнд нь сэтгэл ихэд зовж эмнэлгийн байгууллагад хандаж байсан байх ба эмч эрүүл байна, хүүхдэд хөдөлгөөн хэрэгтэй гэж зөвлөж байсан байна. Үүнээс улбаатайгаар амь хохирогчийг тураах зорилгоор тулааны, хүчний спортыг амь хохирогчийн ээж, аав сонгож, улмаар “Найдвар клуб”-ын захирал Ж.А, багш Н.И нарт хандаж улмаар “Найдвар клуб”-н Улаанбаатар хотын салбарт бэлтгэл сургуулилтаа хийж байжээ.

Шүүгдэгч Х.Б нь Дархан-Уул аймагт амьдардаг бөгөөд тухайн үед Дархан-Уул аймгийн “Найдвар клуб”-ийн хүүхдүүдийг багш Батбилэгийн хамтаар хариуцаж хэрэг учрал болсон газарт ирсэн. Шүүгдэгч Х.Б нь бэлтгэлийн явцад тухайлан амь хохирогчтой харилцаж байгаа ба өглөөний гүйлтийн үеэр багш Н.Игийн даалгавраар амь хохирогчтой хамт гүйх, түүнийг дэмжих, урамшуулах, зоригжуулах үйлдэл хийсэн ба амь хохирогчид хүч хэрэглэсэн үйлдэлгүй.

Шүүгдэгч Х.Б нь зуны цугларалтад тусгах чиг үүрэгтэйгээр оролцсон бөгөөд бэлтгэлийг удирдан зохион байгуулсан, дангаараа гүйцэтгүүлж байгаагүй, багш Н.Игийн даалгавраар амь хохирогчийг бэлтгэлээ хэвийн үргэлжүүлэхэд нь анхаарч ажилласан. Өөрөөр хэлбэл Н.И багшийн даалгаврыг гүйцэтгэсэн төдий юм. Багш Н.Игийн даалгаврыг гүйцэтгэхдээ амь хохирогчид хүч хэрэглээгүй юм. Хэрэв Н.И багшийн даалгаврыг гүйцэтгэсэн төдийд шүүгдэгч Х.Бийг буруутгаж байгаа тохиолдолд багш Н.Игийн даалгавар нь хууль бус гэдгийг мэдсээр байж гүйцэтгэж байгаа тохиолдолд хариуцлага гарцаагүй юм. Гэвч багш Н.Игийн даалгаварт хууль бус шинжтэй ямар ч захиас, даалгавар байгаагаагүй юм. Мөн амь хохирогчтой хамт гүйлтэнд оролцсон хүүхдүүдийн насны байдлыг харьцуулан үзвэл хамт гүйсэн хүүхдүүд дундаа дундаж настай, өөрөөр хэлбэл гүйлтэнд 6 настай хүүхэд хүртэл хамт гүйлтэнд оролцсон байгаагаас дүгнэж үзвэл уг гүйлт нь тэдний нас, биеийн онцлогт тохирч байсан гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2-т “гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж, мөн зүйлийн 3-т “гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ” гэж, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажилпагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэжээ.

Шүүгдэгчийн болон өмгөөлөгчийн хувьд хүний амь, хүүхдийн амь нас эрсэдсэнд маш их харамсаж байна. Эцэст нь дүгнэж хэлэхэд хүн нэг л амьтай байдаг. Эмнэлгийн тусламж, үйлчилгээг авч чадаагүйдээ амь хохирогчийн амь нас эрсэдсэн юм уу, уул өөд гүйж яваад амь эрсэдсэн юм уу. Үүнийг маш сайн тунгааж шийдвэрлэх учиртай.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т нийцэхгүй байх тул мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Бэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Игийн өмгөөлөгч Г.Наранбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай үйлчлүүлэгч Н.Игийн гэм буруу болон тухайн хэргийн зүйлчлэлийн хувьд өмгөөлөгчийн хувьд маргахгүй бөгөөд тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй үйлдлийн улмаас хөнгөмсөгөөр найдаж, талийгаач хүүгийн бэлтгэл, сургуулилалтыг сайн хийлгэх, жин хасах зорилготойгоор гүйлгэж багш, дасгалжуулагчийн мэргэжлийн чиг үүргээ гүйцэтгэхдээ нийгмийн аюулын шинжийг ухамсарлах боломжтой буюу мэдэх үүрэгтэй байсан.

Гэвч талийгаач хүүгийн биеийн жин, эрүүл мэнд, сэтгэл зүй, физиологид тохирсон бэлтгэл сургуулилалтыг зөв горимоор явуулаагүйн улмаас харамсалтай золгүй тохиолдол болсон. Эдгээрт дээр дурдсан обьектив болон субьектив хүчин зүйл шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй юм.

Н.Игийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 8.000.000 төгрөгийн хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сайн дураараа нөхөн төлсөн ба урьд өмнө нь гэмт хэрэг, зөрчлөөр шийтгэгдэж байгаагүй үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг тодорхой нөхцөл байдлуудыг харгалзан

 


үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар тодорхой хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэж өгнө үү.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж хуульчилсныг удирдлага болгож, тухайн болж өнгөрсөн үйл явдалд Н.Игийн зүгээс урьдчилан мэдэх, тооцоолох боломжгүй байсан байдал, хувийн байдал, эрх зүйн байдлыг дээрдүүлж, энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр ялын бодлогоо хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна. ... ” гэв.

Шүүгдэгч Ж.Аын өмгөөлөгч Г.Баяржаргалын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд бага насны хохирогчийг аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх гэм буруугийн шууд ба шууд бус ямар ч зорилго агуулаагүй байдаг. Эрүүгийн хуулийн 15.2-р зүйлийн “гэмт хэргийн объектив тал нь гэмт этгээдийн эс үйлдэхүйгээр, өөрөөр хэлбэл энэ гэмт хэрэг нь амь нас эрүүл мэндэд нь аюултай байдалд орсон этгээдэд тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй (эс оролцох) хэлбэрээр үйлдэгдэнэ гэж заасан байдаг бол субъектив тал нь санаатайн гэм буруугийн хэлбэртэй, шууд санаатай байна. Гэм буруутай этгээд амь биед нь аюултай нөхцөлд байхад туслах үүрэгтэй, өөртөө болон бусдад хохирол учруулахгүйгээр туслах бололцоо байсан гэдгээ ухамсарласан, боловч энэхүү туслалцаа үзүүлэхээс зайлхийхийг хүсэж, зайлсхийсэн байна. Тухайн гэмт хэргийн сэдэлт нь эрүүгийн хариуцлага хүлээхээс айх, өөртөө хүндрэл учруулахгүй байх, хар амиа хичээх, хуншгүй байдал, өс хонзон, хардалт гэх зэргээр янз бүр байж болно. ...” гэж хууль тайлбарлагч дүгнэсэн байдаг.

Ж.А нь барилгын инженер мэргэжилтэй хүн бөгөөд эмчилгээ сувилгааны тусгай мэргэжил эзэмшээгүй хүн юм. Бага насны хохирогч нь амь бие нь аюултай нөхцөл байдалд орсон байгааг мэдэх боломжгүйг тухайн хэрэгт хууль сануулж авсан гэрч шинжээч эмч А.Амгаланболдын мэдүүлгээр нотлогддог. Тухайлбал: Шинжилгээний онош нь дасгалын үеийн гэнэт нас баралт зүрх чичирхийлэх гэсэн онош тавигджээ. Зүрхний гэнэтийн нас баралтууд нь суурь эмгэг өвчлөлтөй хүмүүст ихэвчлэн тохиолддог. Энэ суурь эмгэгт таргалалттай, тэжээлийн дутагдал бодисын солилцооны алдагдал өвчин эмгэгүүд хамаардаг болно. Зүрх чичирхийлэн нас барсан тохиолдолд эмнэлгийн тусламж үзүүлэн яаралтай цахилгаан цохиур хэрэглэсэн үед амь нас аврагдах боломжтой. Гэхдээ цаг хугацааны хувьд тэр даруйд нь буюу минут секундээр хэмжигдэх бага хугацаа шаардагдана. Бусад тохиолдолд буюу эмийн болон шууд ба шууд бус массажны үед ч үр дүн багатай. ... Хүнийг гаднаас нь хараад зүрх чичирхийлж байгааг мэдэх боломжгүй судасны цохилтоор олширч мэдэгдэхээс зүрхний чичирхийлэлт байгааг мэдэх боломжгүй. Зөвхөн цахилгаан бичлэгээр тогтоох боломжтой гэж тодорхой мэдүүлсэн байна.

Энэ мэргэшсэн шинжээч эмчийн мэдүүлгээр Ж.А нь бага насны хохирогчийн амь нас аюултай байдалд орсоныг мэдэх ямар ч боломж байхгүй байсан нь нотлогдож байна.

Ж.Аын хувьд Н.Игийн удирдлага доор өглөөний бэлтгэл сургуулилт хийгээд буцаж явсан бага насны хохирогчийг бахардах үеэс эхлэн анхан шатны тусламж үзүүлж эхэлсэн байдаг.

Шүүгдэгч Х.Б, Н.И нарын мэдүүлгээр бага насны хохирогчийн дэргэд багш Н.И, Х.Б нар Ж.Аын өгсөн үүргийн дагуу байсан нь нотлогдож байгаа.

Ж.А нь бахардсан хүүхдэд анхан шатны тусламж үзүүлж машинаар зөөж байранд нь оруулж амраасан. Багш Н.И, Х.Б нарыг хохирогчийн хажууд хяналт тавиулахаар үлдээсэн, амралтын газрын эмч байдаг эсэхийг асууж сураглаад байхгүй байсан тул эмнэлэг руу дуудлага өгүүлэхээр Б.Оюунгоог явуулсан. Мөн Х.Бийн утаснаас эмнэлэг, түргэн тусламж руу залгаж байсан нь гэрчүүдийн болон өөрийнх нь мэдүүлгээр тогтоогддог.

Тухайлбал гэрч Б.Оюунгоогийн /1хх-62х/ мэдүүлгээс дүгнэх юм бол Ж.А нь талийгаачид анхан шатны тусламж үзүүлж амрааж, цээж толгойг нь усаар шавшиж талийгаачийн дэргэд Н.И, Х.Б хоёрыг хяналт тавиулхаар үлдээсэн, дараа нь Булган аймгийн Хангал сумын хүн эмнэлэг руу залгахад дарга байхгүй очих боломжгүй гэж хариу өгсөн учир Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн хэсэг руу авч явсан байдаг. Хохирогчийн хажууд багш Идэрмөнх Х.Б нарыг үлдээсэн учир нь Ж.А нь 5-6 насны хүүхдүүдтэй нэг өрөөнд байрладаг тул тэдэнд хяналт тавихаар явсан байдаг.

Эрүүгийн хэргийн материалд хууль сануулж авсан гэрч ШШҮХ-н Шүүх шинжилгээний газрын дэд дарга А.Амгаланболд, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч О.Нансалмаа, гэрч Б.Оюунгоо болон бусад гэрчүүдийн мэдүүлгээр Ж.Аыг эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн субъект биш гэдгийг нотолсон бичгийн нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байтал прокуророос зөвхөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдлыг үндэслэн яллагдагчаар татаж шүүхэд хэргийг шилжүүлж, шүүх ял оноож байгаа нь үндэслэлгүй юм.

Эрүүгийн хуулийн онолд аюултай нөхцөлд байгаа этгээдэд тусламж үзүүлэхээс зайлсхийсэн тухайн факт нь өөрөө гэм буруутай этгээдийг эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдгоос гадна хохирогчийн амь насанд аюултай үр дагавар бодитойгоор бий болсон эсэхээс үл хамааран хохирогчийг аюултай нөхцөлд орхисон тэр үеэс гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогддог.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Монголын Таеквондогын холбооны гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газрын мэргэжилтэн Ш.Долгор, БШУСЯ-ны биеийн тамир, спортын бодлогын газрын мэргэжилтэн С.Мөнх-Эрдэнэ нарыг гэрчээр асууж мэдүүлэг авсан. Дээрх спортын мэргэжпийн хүмүүсээс стандарт, зохих зөвшөөрөл байдаг эсэхийг асууж гэрчийн мэдүүлэг авахад холбогдох стандарт, зөвшөөрөл байдаггүй болохыг нотлосон байдаг. Харин дээрх хүмүүсээс яллагдагч нар хохирогчийг бахардан унасан үед итгэмжпэгдсэн төлөөлөгч Ж.А, мэргэжлийн багш, дасгалжуулагч нар ямар арга хэмжээ эхэлж авч болох талаар асууж тодруулаагүй байдаг. Хэрэг учрал болох үед яллагдагч нар цээж, толгойг нь усаар шавших, амраах үйлдэл хийсэн нь анхан шатны тусламж зөв үзүүлсэн эсэхэд шүүхээс дүгнэлт өгөлгүйгээр ял шийтгэл оногдуулсан нь учир дутагдалтай.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан нөхцөл байдал Ж.Аын хувьд үүсээд байгаа талаар эрхэм дээд шатны шүүх бүрэлдэхүүн анхаарлаа хандуулахыг хүсэж байна.

Миний үйлчлүүлэгч Ж.Аын хувьд анхан шатны шүүх хуралдаан дээр дараах байдлаас болж гэм буруугаа өмгөөлөгчийн саналаас зөрж хүлээн зөвшөөрсөн. Бага насны хүүхдийг итгэмжлэлээр хариуцан авч явсан, амь нас нь хохирсон, тухайлан хариуцсан дасгалжуулагч багш Н.И гэм буруугаа хүлээн зөвшөөрч байхад өөрийн зүгээс гэм буруугийн тал дээр маргалдах нь ёс суртахууны хувьд зохимжгүй гэж үзсэн байдаг.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Аыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6-р зүйлд заасны дагуу иргэний хариуцагчаар татан шалгаж байсан. Ж.А иргэний хариуцагчийнхаа үүргийг бүрэн ухамсарлаж шүүхээс тогтоосон хохирлын төлбөрөөс дийлэнхи хэсгийг буюу 22.278.402 төгрөгийг төлж барагдуулсан. Хэдийгээр бага насны хүүхдийн амь нас хохирсон харамсалтай явдал тохиолдсон ч гэсэн хуульч нарын хувьд бол хуулийг зөв хэрэглэх, ял шийтгэлийг хавтгайруулан халдаахгүй байхад анхааран ажиллах ёстой тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/96 тоот шийтгэх тогтоолын Ж.Ат холбогдох хэсгийг хүчингүй болгон цагаатгаж өгнө үү гэсэн хүсэлтийг эрхэм давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна. ...” гэв.

Шүүгдэгч Х.Б тус шүүхэд гаргасан тайлбартаа: “...давж заалдах гомдол дээрээ нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Х.Бийн өмгөөлөгч Д.Цэрэнханд тус шүүхэд гаргасан тайлбартаа: “...Х.Бийн болгоомжгүй ямар үйлдлийг улмаас талийгаач амь нас хохирсон бэ гэдгийг шалгаж тогтоосон байх ёстой. Гэтэл шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “уул өөд гүйлгэн улмаар гүйж чадахгүй байхад нь “чи чадна” гэх зэргээр дэм өгөн, араас нь түлхэн дэмжиж, хүчээр гүйлгэсний улмаас талийгаачийн амь насыг хохироосон гэх дүгнэлт хийсэн нь хуульд нийцэхгүй бөгөөд түүнийг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нас барсан болох нь тогтоогдохгүй байна. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйн улмаас хүний амь хохироосон байх нөхцөлийг заасан. Х.Б талийгаачийг гүйж чадахгүй байхад нь “чи чадна” гэж дэм өгөн, араас нь түлхэн дэмжиж гүйлгэсний улмаас талийгаач нас бараагүй. Шинжээчийн 34 дугаартай дүгнэлтээр “биеийн ачааллын үед зүрх нь чичирхийлэн нас барсан” гэсэн байна. Х.Б нь талийгаачийг цохиж, зодоогүй. “Түүнийг хоцрох гэж байна. Тусалж дэмжээрээ” гэж багш Н.Игийн хэлсний дагуу гараас нь хөтөлж  тус дэм болсон, араас нь түлхэж дэм өгсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүсээгүй. Зөвхөн багш Н.Игийн гуйлтаар талийгаачид тусалж, гараас нь хөтөлж, араас нь дэмжлэг үзүүлсэн үйлдэл нь хууль бус шинжтэй бус, харин ч талийгаачид тусалж байсан. Х.Б нь талийгаачийг хариуцан ажиллаж байгаагүй бөгөөд зөвхөн тэр агшинд л Н.И багшийн гуйлтаар түүнд тусалсан. Тэрхэн зуур тусалсан үйлдэлд хор уршиг учраагүй. Өөрөөр хэлбэл, Х.Бийн талийгаачид тусалж, дэмжсэн үйлдэл нь талийгаач зүрх нь чичирхийлж нас барсан хор уршигтай шалтгаант холбоогүй байна. Шүүх Х.Бийн энэ үйлдэлд хандаж байгаа хандлага буюу гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлох. Өөрөөр хэлбэл, талийгаачид тусалж дэм үзүүлж байгаа үйлдэл нь үхэлд хүргээгүй болох нь 1 дүгээр хавтаст хэргийг 53-60, 91-99, 93-97, 42-43, 71, 33, 37, 151-153 дугаар талд байх нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд Х.Б нь бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироосон болох нь нотлогдон тогтоогдохгүй байна. Мөн Х.Б нь Н.Итэй бүлэглэн талийгаачийн амь насыг хохироосон гэдэг нь тогтоогдоогүй байхад бүлэглэн гүйцэтгэж талийгаачийн амь насыг хохироосон гэж яллах дүгнэлт үйлдсэн. ..., Гэтэл Х.Б нь Н.Итэй үйлдлээрээ санаатай нэгдсэн зүйл огт байхгүй. Харин ч Н.Игийн гуйлтаар талийгаачийг дээш гарахад нь тусалж, гараас нь хөтөлж, араас нь дэм үзүүлэх зэргээр дэмжсэн болох нь тогтоогдсон. Мөн аливаа гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон амь хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоох ёстой. Х.Бийн ямар үйлдэл, эс үйлдэхүй нь талийгаачийг үхэлд хүргэсэн гэж үзээд нь тогтоогдоогүй. ... Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заасан үндэслэлээр Х.Бэд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хууль ёсны төлөөлөгч Н.Хадхүүгийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Нэхэмжлэлийн хувьд иргэний нэхэмжлэлийг тодорхой хугацаанд, хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч нар сайн дураараа хохирол, төлбөрийг төлж барагдуулсан. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

шүүгдэгч Н.И нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Найдвар” таеквондогийн клубт дасгалжуулагчаар ажиллаж байх үедээ Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мажаа” гэх нэртэй амралтанд 2017 оны 6 дугаар сарын 13-ны өглөө 7 цагт тус клубт хичээллэдэг Х.Тамир /10 настай, эрэгтэй/-ыг уул өөд гүйлгэн, улмаар гүйж чадахгүй, “миний бөөр салчихсан юм шиг хэцүү байна”, “би гүйж чадахгүй байна” гэж хэлэхэд өгзөг тус газар нь модоор цохиж хүчээр гүйлгэсний улмаас Х.Тамир нь биеийн ачааллын үед зүрх нь чичирхийлэн нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон,

шүүгдэгч Х.Б нь Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг “Найдвар” таеквондогийн клубт туслах багшаар ажиллаж байх үедээ яллагдагч Н.Итэй бүлэглэн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мажаа” гэх нэртэй амралтанд, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Найдвар” клубэд хичээллэдэг Х.Тамир/10 настай, эрэгтэй/-ыг уул өөд гүйлгэн, улмаар гүйжчадахгүй байхад нь өгзөг тус газар нь модоор цохиж хүчээр гүйлгэсний улмаас Х.Тамир нь биеийн ачааллын үед зүрх нь чичирхийлэн нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хадхүүгийн “...Тэгээд байж байтал 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр над руу нэг дугаараас 12 цаг 40 минутаас 13 цагийн хооронд залгасан би дугаарыг нь санахгүй байна. Тэр дугаараас залгаад “Тамир гэх хүүхдийн аав Хадхүү мөн үү” гэж асуусан тэгэхээр нь би “мөн байна яасан бэ” гэхэд “танай хүүхэд бие нь маш муу байна, тийм учраас маш яаралтай хариуцсан багш нарыг нь аваад Орхон аймгийн эмнэлэг дээр ир” гэж хэлсэн. Тэгээд Орхон аймагт явсаар байгаад ирээд шууд эмнэлэг дээр очиход манай эхнэрийн төрсөн эгч, дүү 2 байсан ба бид нарыг хараад шууд уйлсан. Тэгэхээр нь л би хүүгээ нас барсан гэдгийг бүрэн мэдсэн. Тэгээд эмнэлгийн хүмүүст нь хэлээд моорог руу ороход орон дээр нь даавуугаар ороосон цогцос байсан ба даавууг нь сөхөөд үзэхэд миний хүү мөн байсан. Намайг Улаанбаатар хотоос гараад Орхон аймаг руу явж байх замд багш нараас нь нэг нь ч над руу яриагүй. Мөн эмнэлэг дээр ирсэн хойноо анх миний хүүг үзсэн эмчээс нь асуухад хэдийн хөшсөн, хөрцөн ирсэн, анхны тусламж үзүүлэх ямар ч боломжгүй байсан. Хөл толгойн тууралтууд бүгд гарцан байсан гэж хэлсэн. Миний хүүд ямар нэг архаг хууч өвчин байхгүй. Талийгаач анх гэрээсээ явахдаа зүүн хөлний шилбэний дотор хэсэгт түлэгдсэн шархтай байсан. Өөрөөр бол ил харагдах гэмтэл шархгүй байсан. Миний хүүг бие нь муудаад унах үед баашлаад байна гээд анхан шатны тусламж үзүүлээгүй юм байна лээ. Бие нь муудаад толгой нь эргээд байна гэхэд нь зүгээр орхихгүй босгоод гүйлгээд, сэтгэл зүйд нь дарамт үзүүлээд байсан байна лээ. Хэдэн дасгал сураад хэдэн кг хасаад ирээрэй гэж хэлсэн. Тэгж хэлсэн гээд хүүхэд зодоод гүйлгэж болохгүй ш дээ. ...” /1хх 59-60, 2 хх 59-60/,

Гэрч Б.Алтан-Өлзийгийн “... 2017 оны 5 дугаар сарын сүүлээр Н.И багш нь “бид нар одоо зусланд явах гэж байгаа, жил болгон явдаг, та хүүхдээ явуулах уу” гэж ярьж байсан. ... Анхнаасаа надад хэлэхдээ зусланд авч явна гэж хэлж байсан, би ч гэсэн хүүхдүүдийг минь битгий зовоогоорой, зүрхийг нь битгий үхүүлээрэй, битгий шахаарай гэж хэлсэн. Гоё авч явах юм бол дараа жил дахиад зусландаа явна, бас намар фитнестээ ч гэсэн дуртай явна ш дээ гэсэн. Зуслангийн байшинг харуулсан зураг үзүүлээд “ийм газарт амраана” гэхээр нь 2 хүүгээ модон дунд амраагаад ирэх юм байна гэж бодсон. Сайхан зусланд 14 хоног байлгаад ирнэ гэж хэлж зөвшөөрүүлчихээд замдаа Эрдэнэтэд тэмцээнд оролцоод 4 хоног цэцэрлэгт хоолтой, хоосон байлгасан байсан. Эрдэнэтэд хононо гэдгээ явдаг өглөө хэлсэн, урд нь хэлж байгаагүй. Н.И, Ж.А нарт гомдолтой байна. Ж.А хариуцаж явсан. Амралтаасаа миний хүүг эмнэлэг рүү аваачаагүй нэг өрөөнд оруулаад тавьчихсан байсан. ... /2 хх 67-68/,

Насанд хүрээгүй гэрч /хохирогч/ Х.Тэнгисийн “...Тамир ахыг Н.И багш гүйхгүй байна гээд модоор бөгс рүү нь гэдэс рүү нь цохьсон. Тэгсэн ах уйлаад байсан. Тэгээд л бид нар уулнаас буусан. ...гүйхгүй болохоор Тамир ах бид хоёрыг зодсон. ..Ах гүйхгүй байна гээд намайг Н.И багш газар суниах гэж байгаа юм шиг 4 хөллүүлж байгаад бөгс рүү модоор 13 орчим удаа цохьсон. ...ах газар сууж байхад бос гүй гээд нуруу руу нь модоор цохиж байсан. ...” /1 хх 32, 2 хх 63-64/,

Насанд хүрээгүй гэрч М.Түвшинбаярын “...Н.И багш газраас нэг төмөр олоод Тамирааг гүйлгэхэд хэрэг болох юм байна гээд авсан. Тэгээд тэр өдөр, өдрийн үед Н.И багш Тамирааг ганцааранг нь амралтын хашаан дотор гүйлгээд мөлхүүлээд байсан. ...Уул руу гүйж байхад Тамираа ах би гүйж чадахгүй байна гэхэд Н.И багш тэр хамаагүй гээд модоор бөгс рүү нь цохиод байсан. Н.И багш чамайг гүйхгүй бол дүүг чинь зодно гээд Тэнгисийн бөгс рүү нь цохьсон чинь Тамираа ах дүүг маань битгий зод оронд нь намайг зод гуйж байна багшаа гэж хэлсэн. ...Тамирааг Н.И болон Бек багш нар зодсон. ...Тамираа ах гүйж байх замдаа зөндөө удаа би гүйж чадахгүй байна гэж хэлж байсан. ...Н.И Бек багш 2 хүчээр зодоод, ороолгоод гүйлгээд байсан. ...” /1 хх 42-43/,

Насанд хүрээгүй гэрч Ц.Тэргэлийн “...Ард үлдээд байхаар нь Н.И, Бэк багш хоёр түлхэж яваад хурдан яваарай гэж хэлээд байсан. ...”, /1 хх 44/,

Насанд хүрээгүй гэрч Ц.Ирмүүний “... Тамираа ахыг уул руу дээшээ гүйхэд болон бууж явахад Н.И багш бөгс рүү нь модоор ороолгосон. .. би уйлсан эсэхийг нь мэдэхгүй байна, гүйж чадахгүй байгаа талаараа бол хэлж байсан.  ” /1 хх 45/,

Насанд хүрээгүй гэрч А.Ихбаярын “...уул руу гүйсэн, гүйж байхад Тамир бахардаж унасан. Тэгсэн Н.И багш 30 секунд Тамирын ам, хамрыг уулнаас бууж байхад дараад байсан. Уул руу өгсөөд гүйж байхад Н.И багш Тамираагийн бөгс рүү модоор цохиод яваад байсан. ...ууланд гараад буцаад уруудаж байхад Тамирааг Н.И багш уулын уруу хажуу талаар нь  өнхрүүлсэн. Уруудаж байхад нь бос гээд гараараа алгадсан бөгс рүү нь. ...Тамирыг зодох болгонд уйлдаг байсан. ...Тамирыг өөрийг нь хурдан гүй гээд ороолгосон.  ...Тамирыг гүйхгүй болохоор Тэнгисийн бөгс рүү модоор цохьсон. Тэнгис уйлахад Тамир манай дүүг битгий зод намайг зод гээд босоод 2 алхаад л унаад байсан. Энэ хооронд багшаа намайг зод гэхэд багш нь үгүй гээд байсан. Н.И багш энийг харж байна уу гээд мод заахад Тамир харахгүй байна гэж хэлсэн. Тэр ургаа том мод байсан. Замдаа явж байхад Тамир миний бөөр салчихсан юм шиг хэцүү байна гэж хэлсэн. ...Ууланд очихын наана Тамир ядарч эхлээд амьсгаадаад гүйхээ больсон. Н.И багш бос хурдал гээд бөгс рүү нь цохьсон. ...Тамирыг дээш доошоо нь гүйлгэсэн. Доошоо бууж байхдаа Тамир Н.И багшид ойролцоогоор 5 алхамын юмыг харж чадахгүй байна гэж хэлж байсан. Тэгэхэд Н.И багш худлаа яриад бай дахиж гүйлгэнэ шүү гээд Тамирыг гүйхгүй болохоор Тэнгисийг бөгс рүү нь модоор цохьсон. Тэнгис уйлахад Тамир манай дүүг битгий зод гэхэд багш нь гүй гээд байсан. Н.И багш энийг харж байна уу гээд мод заахад Тамир харахгүй байна гэж хэлсэн. ...Тамир миний бөөр салчихсан юм шиг хэцүү байна гэж хэлсэн...” /1 хх 46-47, 2 хх 65-66/,

Насанд хүрээгүй гэрч Н.Санчирын “... манай багш нар бид нарыг мод бариад сүрдүүлж хийлгэдэг. Бүүр хийхгүй бол модоороо бөгс рүү цохидог. Энд байхад Идэрээ багш  салж явсан зургаан хүүхдийг цохьсон. Тамир ахыг модоор цохиогүй. Гараараа бөгс рүү нь цохиод урдаа тууж явсан яваа харагдсан. Тамир ахтай бид нартай харьцдаг шигээ л харьцдаг. ... ” /1 хх 48/,

Насанд хүрээгүй гэрч Г.Хүслэнгийн “...Идэрээ багш л бид нарыг модоор цохьсон. Буруу тийш гүйлээ гээд ах нарыг цохиод байсан. Бид нарыг уулан дээр гарахад Тамираа агаа ард хоцроод байсан ба Идэрээ багш Тамираа ахыг хурдан гүйгээч гээд модоороо цохиод байсан. ...” /1 хх 49/,

Насанд хүрээгүй гэрч Б.Бүрэнтогтохын “...дасгал хийж байгаад доошоо буугаад хурд хийсэн. Тэгэхэд томчууд ирэхэд Идэрээ багш уурлаад модоор ах нарын бөгс рүү цохьсон. Тэгээд бид нар хурд хийхэд Тамираа ах амьсгаадад байсан. ... уул руу гүйж байхад Идэрээ багш гүйгээд модоор цохиод хурдан гүйвэл чи турна гээд байсан. ...” /1 хх 50/,

Насанд хүрээгүй гэрч Г.Бат-Эрдэнийн “...бид нар Тамир ахын араас нь гүйхэд гүйцээд уулан дээр гарсан. Тэгэхээд Тамираа агаа ядарсан хөлс нь урссан араас гарч ирсэн. ...Ах нарыг буруу гүйлээ гээд модоор бөгс рүү нь цохиод байсан. Тэгээд бид нар хурд хийхэд Тамираа агаа хурд хийж чадаагүй. Тэгээд бид нар буугаад явсан. ...Тамираа агааг гүйж чадахгүй байна гээд цохисон ганц л удаа цохисон. ...” /1 хх 51/,

Насанд хүрээгүй гэрч Г.Дөлгөөний “...бид нар уулнаас бууж очиход Тамираа жоохон амьсгаадсан байдалтай зүгээр байсан. Бид нар очоод буруу гүйлээ гээд Идэрээ багшид модоор цохиулаад хурд хийх болоод ...Тамираа гүйхгүй хэвтээд байсан. ...Тамирааг босохгүй болонгуут Идэрээ багш модоор бөгс гуя хэсэг рүү нь 2 удаа цохиж байсан. Тэгээд Тамираа босоод бас сайн гүйхгүй байсан. ...Тамираа гүйж чадахгүй багшаа амарья гэхэд Идэрээ багш амар гээд амрааж байгаад цохиж гүйлгэдэг...” /1 хх 52/,

Насанд хүрээгүй гэрч Г.Пүрэвжавын “...Бид нарыг бэлтгэлээ хий, хийж чадахгүй том толгой гаргалаа гээд саваадаж байсан. Тамираатай бид нарыг адилхан харьцдаг, ялгаж харьцдаггүй. Тамираа өөрөө бид нар шиг бэлтгэлээ хийж чаддаггүй юмаа. Тамирыг гүйхгүй байна гээд Идэрээ багш алгадаж байхыг харсан, модоор ороолгож цохиж байгааг нь харж байгаагүй. ...бид нар наашаа алхаж байгаад эргээд хартал Тамир газар хэвтэж байсан. Яваад очтол Батбилэг багш намайг усанд яваад ир гээд би усанд гүйж ирсэн. Усаар толгойг нь норгоод, уулгахад жоохон сэргээд гэхдээ босч чадахгүй байсан. Тэгээд багш машинаараа ирж аваад явсан...” /1 хх 53/,

Гэрч Батбилэгийн “...Тэгээд нөгөө хүүхдүүд ирээд бүх хүүхдүүд нийлээд тэр хүүхдүүдээ 3 эгнээнд оруулаад амралт руу гүйлгэсэн. Тэгэхэд Тамираа ард гүйж чадахгүй үлдээд Н.И багш ард байсан. Дөлгөөн, Бат-Ирээдүй, Пүрэвжав гэдэг 3 хүүхдийг дуудаад, тэгэхэд би юу болсон юм бол гээд очиход талийгаач Тамираа алхаад явж байсан. Нөгөө 3 хүүхэд Тамирааг түшээд хүүхдүүдийнхээ араас алхаад явж байсан ба хэсэг алхаж байгаад шонгийн модны тэнд Тамираа амрах гээд суугаад дээшээ шууд хараад хэвтээд өгсөн. Тамирааг босгох гээд босохгүй байсан болохоор машинаа унаж ирээд бид нар Тамирааг машинд өргөж оруулаад, машинтай Ж.А багш, Х.Б багш хоёр Тамирааг хамгийн наад талын шовгорт оруулаад орон дээр хэвтүүлээд орхисон. ...Н.И, Х.Б хоёр өргөөд суулгасан. Би хажуугаас өргөлцөөд оруулсан. Тэгэхэд Тамираа ухаангүй байх шиг байсан. Ж.А багш, Х.Б, Н.И хоёртой хамт авч яваад намайг хүүхдүүдээ хараад үлд гээд үлдээсэн. Бид нар хүүхдүүдээ ерөнхийдөө сайн мэддэг болохоор шахаж шаардаж бэлтгэл хийлгэх тохиолдол байдаг. ...Тамирааг Н.И багш хариуцаж бэлтгэл хийлгэж байсан ба Х.Б бид хоёрын хувьд сайн танихгүй болохоор нэг их харьцдаггүй байсан. ...Н.И багш өнөө өглөө гартаа мод барьсан харагдсан. Хүүхдүүдийг цохьсон эсэхийг хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна. ...” /1 хх 56-57/,

Гэрч С.Хажидмаагийн “...би гал тогоонд юм хийж байхад манай үйлчлэгч охиныг над руу гүйлгээд эмнэлгийн мэргэжилтэй хүн байна уу гэнээ гэхээр нь би яваад очтол ажилчдын шовгорт оруулаад Тамир гэдэг танихгүй хүүхдийг хэвтүүлсэн байсан ба би харахад нас барсан шинжтэй харагдахаар нь судсыг нь барьж үзэхэд зүрх нь зогссон байсан. Бие нь хөрөөд царай цайсан байсан. ...” /1хх 56-57/,

Насанд хүрээгүй гэрч Б.Агваанжамбалын “...өөр тийшээ гүйсэн хүүхдүүд бас жоохон зарим хүүхдүүдийг модоор цохисон. Намайг бас модоор цохисон, өвдөөгүй. Тамираа ахыг гүйхгүй гээд хэвтэхэд нь бөгс рүү нь модоор цохиод байсан, нэг л удаа цохиосон. ... ” /1 хх 59/,

Насанд хүрээгүй гэрч Б.Батрэгзэдмаагийн “...Идэрээ багш гүйхгүй байна гээд Тамирын бөгс рүү нь гар тулуулж хэвтүүлж байгаад 1-2 удаа цохиж байсан, өөрөөр цохиж байгаагүй. Өөр тийшээ гүйсэн, удаан гүйсэн, бэлтгэлийн хувцас өмсөөгүй хүүхдүүдийг цохиод байсан. ...” /1 хх 60/,

Насанд хүрээгүй гэрч М.Бишрэлтийн “...Тамираа уул руу гарч ирэхдээ аймаар ядраад хөлс нь гоожсон бие нь аймаар ядарсан байсан. Гүйж чадахгүй алхаад гараад ирсэн. Хажууд нь Бек багш, Идэрээ багш хоёх хамт гарч ирсэн. ...Доошоо буухад Тамираа Бек багштай хамт алхаж ирсэн. ...Тамираа ах ядраад газар хэвтээд өгсөн. ...Идрээ багш ...Тамираа ахыг уул руу явж байхдаа гүйгээч гээд модоороо цохиод байгаа харагдсан. ...алгадаад сэрээсэн. ...” /1 хх 61/,

Гэрч Б.Оюунгоогийн “...Тамираа ахыг тураана гээд гүйлгэж байгаа юмаа гэж хэлсэн. ...тонгойлгож байгаад бөгс рүү нь модоор том хүүхдээр нь цохиулж байгаа харагдсан. ...Миний харж байгаагаар Н.И багш хүүхдүүдтэй харилцаж байгааг нь харахад ширүүн цэрэгжилттэй харьцаад байгаа юм шиг харагдсан. Шийтгэж байгаа гээд хүүхдүүдийн бөгс рүү цохиход Н.И багш цохиулаад байсан. Талийгаачийг цохьсон эсэхийг хараагүй. Талийгаачийг хоол идүүлэхгүй хориод нилээн ач холбогдол өгөөд байгаа харагдсан. ...” /хх 62-63/,

Насанд хүрээгүй гэрч Б.Төгс-Эрдэнийн “...Тамираа удаан гүйгээд ард үлдээд байсан. Тэгэхэд Н.И багш Тамирааг модоор бөгс рүү нь цохиод өшиглөөд цээж рүү нь бас өшиглөөд байсан. ...” /1 хх 65/,

Насанд хүрээгүй гэрч Э.Түшигийн “...Тамираа бид нартай уул руу хамт гүйсэн ба Тамираа ах ард хоцроод багш Н.И яв гээд хөөгөөд байгаа харагдсан. Уул руу явж байхдаа зөрж гүйгээд байсан хүүхдүүдийг Н.И багш нарийн урт модоор ороолгоод байсан. Тамирааг бас хөөгөөд бөгс рүү нь ороолгоод байсан. ...Тамираа ах жаахан уйлсан. Уул руу өгсөж байхдаа уйлсан...” /1 хх 67/,

Насанд хүрээгүй гэрч А.Тэмүгэгийн “...Тамираа ах алхаад байсан. Идэрээ багш Тамирааг зөндөө ороолгоод байсан. Тамираа ах жоохон л уйлсан. ...” /1 хх 68/,

Насанд хүрээгүй гэрч Б.Итгэлбаярын “...Буцаж ирэхдээ бид нар гүйгээгүй Тамираа ах гүйгээд үлдсэн. Н.И багштай хамт үлдсэн. Тамираа ах сайн гүйж чадахгүй амьсгаадаад байсан. Тамираа ах ядраад хэвтсэн. Тэгээд босохгүй байхаар нь Ж.А багш машинаар очиж аваад байранд оруулаад зүрхэн дээр нь дараад даралтыг нь үзээд жоохон амраая гээд Тамираа ахыг үлдээгээд бид нар гадаа байсан. ...Н.И багш модоор бөгс рүү нь цохиод байсан. 6 хүүхдийн бөгср үү цохисон. ...Н.И багш гүй гээд шаардаад модоор бөгс рүү цохиод байсан. Тамираа ах жоохон уйлсан. Тэр үед Х.Б, Н.И хоёр бид нарыг авч гүйсэн...” /хх 68/,

Насанд хүрээгүй гэрч М.Эрдэнийн “...Бид нарыг Идэрээ, Бек багш хоёр уул руу авч гүйсэн. ...Идэрээ багш зам хазайж гүйсэн хүүхдүүдийг, гүйж чадахгүй байсан хүүдүүдийг бөгс рүү нь модоор цохиод байсан. Тамираа ахын бас бөгс рүү цохиод байсан ... ” /1 хх 69/,

Насанд хүрээгүй гэрч М.Тэлмэнгийн “... замд явж байхдаа Тамирааг гүйж чадахгүй байна гээд Идэрээ багш саваадаад байсан. Тамираа уйлаагүй. ... бид нарыг Н.И багш л саваадсан. Бусад нь цохиогүй. ...” /1 хх 70/,

Насанд хүрээгүй гэрч М.Тэмүүлэнгийн “...Идэрээ багш Тамирааг хүн тойрчихоод дахин хэвтэхэд нь бөгс рүү нь 3-4 удаа цохиж харагдсан.  ...уул руу гүйхэд Х.Бахытбек багш Тамирааг араас нь туугаад байгаа харагдсан...” /1 хх 71/,

Насанд хүрээгүй гэрч Д.Энх-Амгалангийн “...Тамирааг Идэр, Бек багш гүй гэхээр гүйхгүй алахаад яваад байсан,Тамираа ах бараг гүйхгүй суугаад, хэвтээд байсан байсан. Тэгэхээр нь багш нар босоод гүйгээд гэж загнаад байсан. Тэгэхээр Тамираа ах босоод гүйгээд алхаад байсан. ...Идэрээ багш ороолгоод байдаг...” /1 хх 72/,

Насанд хүрээгүй гэрч Г.Даваадашийн “...Тамираа ядраад гүйж чадахгүй байхаар нь Н.И багш модоор цохиод байсан. ...Хурд хийсэн тэгэхэд Тамираа ах бас гүйж чадахгүй байсан, бас хэвтээд байсан. ...Н.И багш ...Тамираа агааг тураах гээд гүйлгээд, гүйж чадахгүй болохоор модоор цохидог байхаа...” /1 хх 73/,

Насанд хүрээгүй гэрч О.Бат-Ирээдүйн “...Энэ үед Тамираа бид нартай гүйж чадахгүй залхуураад суугаад байсан. Тэгэхэд Идэрээ багш бос гээд загнаж байгаа харагдсан. Тэгээд Тамир босоод 2 удаа алхаад тойрсон ба буухдаа өнхөрөөд байсан. Тэгээд хоолны цаг болоод буухаар болоод гурван эгнээнд ороод гүйсэн. Би Пүрэвжав, Дөлгөөн хоёртой үлдээд Тамирыг чи чаднаа гээд сэтгэлийг нь хөдөлгөөд дэмжиж байсан. Тэр үед Н.И, Бахытбек, Батбилэг нар бол байсан. Батбилэг багш холоос хараад байдаг байсан. Тамирыг гүйлгэхгүй алхуулаад яваад байсан. Залхуураад хэвтээд байгаа байдалтай хэвтсэн. Пүрэвжаваар ус авчруулаад толгойг нь норгоод ус уулгатал Тамир овоо сэргээд босож өгөхгүй байсан болохоор Ж.А багшийг дуудаад Ж.А багш ирээд босгох гээд босгохгүй болохоор нь машинаар ирж авсан...” /хх 74/,

Насанд хүрээгүй гэрч М.Мөнх-Оргилын “...Тамир бас хурд хийх гэж алхаад гүйхгүй байсан. Тэгэхээр нь жаахнуудыг тойруулж гүйлгээд Тамирийг Идэрээ багш бөгс рүү нь модоор 2-3 удаа ороолгоод, бос гэхэд босохгүй байсан. Би жаахануудаа авч хоолонд орохоор болоод гүйсэн. Тэгэхэд Тамираа босоод бид нарийн араас гүйхгүй алхаад байсан. Бид нар шууд гүйгээд байран дээрээ ирээд эргээд харахад шонгийн модны хажууд хэвтэж байсан. Би явж очиход Тамираа нүд нь нээлттэй амьсгаадаад хэвтээд байсан. Тэгээд Ж.А багш машинаараа авч явсан. Багш нар бид нар бэлтгэл хийх шаардлага тавьдаг ба хийж чадахгүй, идэвхгүй байгаа хүүхдүүдийг лаамп эсвэл нарийн модоор ороолгох үе байдаг, бөгс рүү цохидог. Энэ удаагийн бэлтгэл тийм чанга бэлтгэл бол биш байсан. Тамираа өөрөө сайн гүйж чадахгүй залхуураад байдаг юм. Тэгэхээр нь Н.И багш дахин хийлгээд хий гээд л шахдаг...” /1хх-75/,

Насанд хүрээгүй гэрч М.Дөлгөөний “... Тамирааг гүйж чадахгүй байна гээд Идэрээ багш ганц нэг бөгс рүү нь саваадаж байсан. ...миний харснаар Тамирын бөгс рүү уулан дээр байхад гүйхгүй байна гээд нэг саваадаж харагдсан. ... ” /1 хх 76/,

Насанд хүрээгүй гэрч Б.Содбилэгийн “... Тамираа ахыг гүйж чадахгүй байна гээд бөгс рүү нь цохиод байсан. Хэдэн удаа саваадсан гэдгийг хэлж мэдэхгүй байна. ... ” /1 хх 77/,

Гэрч Б.Амартүвшингийн “...12:17 минутын үед Булган аймгын Хангал сумын “Мажаа” гэх нэртэй амралтаас яаралтай тусламж дээр мах мариа ихтэй 10 настай хүүхдийг эмнэлгийн насилкан дээр багш нь гэх залуу болон 3 эрэгтэй хүүхэд аваад орж ирсэн. Тухайн үед сэхээний эмч Эрдэнэбаяр, Батбаяр бид 3 үзэхэд тухайн хүүхэд ухаангүй амьсгал зүрх судас зогссон, рефлексүүд байхгүй, хөшсөн, биеийн доод хэсгээр хөхөрсөн байдалтай ирсэн. Амьсгалуулах суурь тусламж үзүүлсэн. 2 удаа дефибрелятороор 360 жоулаар цохиулсан үр дүн өгөөгүй, судсаар адирналин 1 удаа зүрхний массаж хийлгэж амьсгал хийсэн. Зүрхийг массаж хийхэд цээж хатуу хөшиж хөдөлгөөнгүй болсон байсан. Тэгээд Батбаярын шийдвэрээр амилуулах суурь тусламжийг зогсоосон. Талийгаач нас бараад ойролцоогоор 1 цагаас 1:30 минут болсон байх...” /1хх 78-79/,

Гэрч Д.Наранцэцэгийн “... Жалганы цаана шонгийн модны талд хэсэг хүүхдүүд үлдсэн байсан ба миний харж байгаагаар Идэрээ багш, Бек багш байх шиг байсан. Бөөгнөрөөд байхаар нь нэг хүүхэд бахардсан юм байх гэж бодсон. Тухайн үед Идэрээ багшийн эхнэр нь ирээд Тамираа аймар жүжигчин юмаа худлаа ухаан алдаад байна гэж ярьж байсан. Ариука багш текнээс ус аваад шонгийн модны тийшээ явсан. Очоод удалгүй эргэж ирээд машинаа авч яваад ирсэн. Идэрээ багш машинаас нэг хүүхэд үүрээд овгор руу орж байгаа харагдсан. Бек багш гаднаас орж ирээд амьсгалахгүй байх шиг байна гэж яриад Идэрээ багш, Ариука багш хоёрыг авч гараад Бек багш эргэж гүйж орж ирээд “танайд эмч байна уу” гэж асуусан. Тэр үед манайд ажиллаж байсан цэвэрлэгч эгчийг дуудаж ирээд Хашаа эгч очиж үзээд “хурдан эмнэлэг аваад яв, болохоо байсан байна” гэж хэлээд Эрдэнэтийн эмнэлэг рүү залгаад дуудлага өгөхөд “алсын дуудлага байна даргаас зөвшөөрөл аваад эргээд холбогдъё” гэж хэлсэн. Тэгээд машинаараа авж явахаар болоод машиндаа талийгаачийг өргөж оруулаад Эрдэнэт рүү авч явсан. Ариука багш зам мэдэхгүй гээд надаар зам заалгаад Идэрээ багш, Бек багш, Ариука багш бид нар хамт явсан. Эрдэнэтын эмнэлэг рүү оруулж хүлээн авах руу нь оруулахад би гадаа нь үлдээд Ариука авч ороод удалгүй эмч нь гарч ирээд нас барсан байна гэж хэлсэн. Би нас барсан гэж мэдээгүй эмнэлэг дээр очиж мэдсэн. Би бэлтгэл хийж байгаа байдлыг харахад зүгээр л бэлтгэл хийлгээд байх шиг байсан. Эхний өдрийн бэлтгэл дээр талийгаач болон бусдаасаа арай том нэг хүүхэдтэй хамт доошоо гүйлгээд дээшээ мөлхүүлээд байхаар нь хажуугаар нь явахдаа хүүхэд тамлахаа болиоч хүүхдийг хоолонд оруулаач унаган мах арилахгүй ч юм билүү гэж хэлээд өнгөрсөн. Тэгэхэд Идэрээ багш 10 настай хүүхэд ийм их жинтэй байна гэж юу байсан юм. Өвчин тусвал яахын гэж хэлж байсан. ...Тамирааг би Таеквондогоор хичээллэдэг юм байх гэж бодсон чинь турах гэж ирсэн юм байна лээ. Хоолонд оруулахгүй мөлхүүлж байхад нь тэгж ойлгосон. ...Тухайн өдөр Ариука багш эндээ үлдээд бас нэг жаахан хүүхэд үлдсэн. Хүүхдүүд бүгд гүйсэн. ...” /1 хх 83-85/,

шүүгдэгч Н.И яллагдагчаар болон анхан шатны шүүх хуралдаанд “...Улаанбаатар хотын найдвар таеквондогийн клубт багш дасгалжуулагчийн ажлыг 2016 оны 11 дүгээр сараас эхлэн хийж байгаа. Намайг багшаар ороход талийгаач манай клубд хичээллэдэг байсан. Би талийгаачийг 11 сараас хойш бэлтгэл хийлгэж байгаа. 2017 оны 6 дугаар сарын 13-ны өглөө 7 цагийн үед хүүхдүүд босцгоосон. Хүүхдүүдээ аваад амралтын хашаанаас гараад уулын энгэрт 2 км орчим гүйсэн. Тэгээд тойрогтоо 30 орчим метр газар хурдны дасгал хийлгэсэн. Гүйлгэсэн газар нь налуу өгсүүр газар байсан чинь талийгаач гүйхгүй байсан. Тэгэхээр нь би зориг оруулах гээд хэд хэдэн удаа бөгс хэсэг рүү нь нөгөө модоо цохьсон. Тэгээд 1 км гаран гүйсэн байх талийгаач бүүр удаашраад жаахан амраадахъя гэхээр нь хэсэг суулгаад амраасан. Тэгсэн чинь миний толгой эргээд байна гэхээр нь хэсэг хэвтүүлсэн. Пүрэвжав гэдэг хүүхдийг амралтын байр руу явуулж ус авчруулаад цээж толгойг нь норгосон. Би тэгэхээр нь өдөр орой бэлтгэлээс чамайг чөлөөллөө гэсэн чинь босохгүй хэвтээд байхаар нь Ж.А багшийг дуудсан. Багш ирж харчихаад бас юу хэлэхээ мэдэхгүй байж байгаад машинаа авч ирэх гээд явсан. Ж.А багш машинтайгаа ирээд талийгаачийг амралтын газар руу авч очсон. Очоод өрөөнд нь өргөөд оруулсан. Даралтыг нь үзэх гэтэл даралтын аппаратын зай нь дуусаад үзэж болохгүй байсан. ...13-ны өдөр хатсан хуурай нарийн модоор мөн хэд хэд цохьсон. ...талийгаачийн бөгсөн хэсэгт нь үүссэн гэмтлийг би учруулсан. ...Миний хувьд хүүхдийн амь нас хохирсон асуудалд маш их харамсаж байна. Хүүхдүүдийг аль болох сургах гэж эрмэлзэж, зориг оруулахын тулд хэд хэдэн удаа бөгс рүү нь модоор зөөлөн цохисон. ...миний урьд өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. ...Х.Б бид хоёр хүүхдүүдийг дагуулж кроссонд гүйсэн. ...Амь хохирогч тухайн үед залхуурч дасгалыг бүрэн гүйцэт хийж чадахгүй байхаар нь бид хоёр багшийн хувиар түүнийг дасгал хийхийг шаардсан. ...Би амь хохирогчийн биед 3-5 удаа модоор цохисон, ...амь хохирогч газар сууж байсан бөгөөд надад “би ядраад байна” гэж хэлсэн. ...Би амь хохирогчийн бэлтгэлийг чанартай хийлгэх болон түүний жинг хасуулах зорилгоор амь хохирогчийг модоор цохисон. ..” /хх 151-153, 2 хх 427-48, 100-101, 166, 3 хх 30-31, 4 хх 26-36/,

шүүгдэгч Х.Б яллагдагчаар болон анхан шатны шүүх хуралдаанд: “...Н.И бид нарыг жагсааж зогсоогоод 2 хувааж уулын бэл рүү гүйлгэсэн. Хойно хоцроод байхаар нь Н.И цааш гүйх талаар урам өгч байгаад сүүлдээ загинаад модны мөчрөөр өгзөг орчимд нь цохиж байсан. Яг хэдэн удаа гэдгийг нь би мэдэхгүй. ...Би гар хүрээгүй. Харин тухайн үед талийгаач ард хоцроод байхаар нь би газраас авсан байсан модоор ууц нурууны орчимд нь гартаа байсан модоор чичсэн. ...миний урьд өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. ...үгүй би түүнийг чирээгүй, харин харин гүйхэд нь тусалсан...” /2 хх 227-230, 3 хх 35, 4 хх 26-36/ гэх мэдүүлгүүд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О.Нансалмаагийн “...Талийгаачид баруун хацар, бугуй, ташаа, хоёр өгзөгөнд цус хуралт, зүүн өвдөг, баруун өгзөгт зулгаралт тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, унах үед үүсгэгдэнэ. Баруун хацар, бугуй, ташаа хоёр өгзөгөнд цус хуралт, зүүн өвдөг, баруун өгзөгт зулгаралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь нас барахаас 1-3 хоногийн өмнө үүссэн байна. Талийгаач нь таргалалт өвчтэй байжээ. Талийгаач нь биеийн ачааллын үед зүрх чичирхийлэн нас баржээ. ... /хх 91-92, 93-97/ гэх дүгнэлт,  

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 6-15/, Орхон аймгийн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн бүртгэл /хх 17-18/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлаж хэргийн үйл баримтыг шүүгдэгч Н.И нь Х.Тамир /10 настай, эрэгтэй/-ыг уул өөд гүйлгэн, улмаар гүйж чадахгүй, “миний бөөр салчихсан юм шиг хэцүү байна”, “би гүйж чадахгүй байна” гэж хэлэхэд өгзөг тус газар нь модоор, харин шүүгдэгч Х.Б нь Н.Итэй бүлэглэн Х.Тамир /10 настай, эрэгтэй/-ыг уул өөд гүйлгэн, улмаар гүйж чадахгүй байхад нь өгзөг тус газар нь модоор тус тус цохиж хүчээр гүйлгэсний улмаас Х.Тамир нь биеийн ачааллын үед зүрх нь чичирхийлэн нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Н.И, Х.Б нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүх мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй байна.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэжээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасантай нийцсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Б.Гантөмөр нарын хамтран гаргасан “...Х.Бэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцдог.

Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох нь бусад хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргүүдээс өөрийн онцлог байдлаараа ялгагддаг, өөрөөр хэлбэл гэмт хэргийн санаатай, болгоомжгүй хэлбэртэй үйлдэгдсэн эсэх зааг хязгаарыг маш нарийн тогтоох шаардлагатай байдаг.

 

Хүнийг алах гэмт хэрэг учрах үр дагаварыг тухайн тодорхой нөхцөл байдалд зайлшгүйг мэдэж, ухамсарласан байдаг бөгөөд ерөнхийдөө хүний амь нас хохирсон байдлаараа төсөөтэй боловч уг гэмт хэргээс ялгагдах шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гарах үр дагаврыг хүсээгүй, тухайн гэмт үйлдэлд хувь хүний хүчин зүйлээс гадна тухайн нөхцөл байдал, арга хэрэгслийг үнэлэхэд тодорхойлоход хүндрэлтэй байсан, мэдээллийг боловсруулах, хүлээн авахад алдаа гаргах, бодит байдлыг хийсвэрлэн ойлгож, ухамсарласан зэргээр ялгаатай байдаг.

 

Тухайн хэргийг зүйлчлэхдээ гэм буруутай этгээдийн хүлээсэн үүрэг, хариуцлагыг тодорхойлж, чухам аль үйлдэл нь хохирогчийн амь насыг хохирооход хүргэснийг зайлшгүй тогтоох шаарадлагатай.

 

            Энэ төрлийн гэмт хэрэг нь ихэнхдээ ахуйн хүрээнд, спорт, аж ахуй, үйлдвэрлэл, эмнэлгийн үйл ажиллагаа, шинжлэх ухаан техникийн хүрээнд үйлдэгддэг. Үргэлж нийт хүн амын, нийгмийн, ялангуяа аль нэг хүрээллийн журам, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ, урьдчилан сэргийлэх журмыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэлтэй холбоотой байдаг.

 

            Тухайн нөхцөлд гэм буруутай этгээд нь холбогдох дүрэм журмыг үл хайхрах, дагаж мөрдөхгүй байх, бүдүүлгээр зөрчих, түүнчлэн эдгээр дүрэм, журамд заасан шаардлагыг хувийн болгоомжгүй, хайхрамжгүй, нийтийн хүлээн зөвшөөрөгдсөн нөхцөл байдлыг урьдчилан тооцож үнэлэх чадамжгүй байдлаараа зөрчсөн байдаг.

           

Өөрөөр хэлбэл тухайн этгээд мэргэжлийн заавар журмыг зөрчсөн үйлдэл эс үйлдэл болон хохирогчийн амь насыг хороосон үйлдлийн хоорондын шалтгаан нөхцлийг зайлшгүй тогтоосон байх нь чухал.

 

Хэрэв мэргэжлийн чиг үүргээ хэрэгжүүлэх талаар Эрүүгийн хуульд тусгайлан заасан зүйл анги байгаа бол тухайн зүйл ангиар зүйлчлэгдэх ёстой. Ингэхдээ чухам тэр журам зөрчсөн, эсхүл дагаж мөрдөөгүй үйлдэл, эс үйлдэл нь өөрөө гэмт хэргийн шинжийг агуулдаггүй, харин түүний зөрчсөн үйлдлээс болж тухайн хохирол учирсан байх нь өөрөө гэмт хэргийн шинжийг агуулж байдгийг анхаарах нь чухал.

 

            Энэ гэмт хэрэг нь материаллаг шинжийг агуулдаг бөгөөд хохирогчийн болон гэм буруутай этгээдийн урьдчилан сэргийлэх хэм хэмжээг зөрчсөн шалтгаан нөхцлийг зайлшгүй тогтоодог.

 

            Хууль тогтоогч тухайн төрлийн гэмт хэргийг зүйлчлэхдээ хөнгөмсгөөр найдсан эсхүл хайхрамжгүй хандснаас болж болгоомжгүйгээр хүний амийг хороосон зүйлчлэлд хариуцлага оногдуулахдаа энэ хоёр гэм буруугийн шинжийг харгалзан ялгамжтай авч үзэхээр зааглаж зохицуулаагүй.

 

            Аливаа үйлдэл, эс үйлдэхүй нь хүний ухамсартай үйл ажиллагааны илрэл болохын хувьд өөрийн хүсэл зоригийн чиглэлтэй буюу тодорхой зорилготой, сэдэлттэй байдаг бөгөөд энэ нь болгоомжгүй гэм буруугийн хэлбэрт ч хамаарна.

Үүнтэй холбоотойгоор болгоомжгүй гэм буруугийн хэлбэр гэдэгт гэмт этгээд хор уршгийг гаргахгүй байж чадна хэмээн бүрнээ итгэснээс гадна зарим тохиолдолд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг нийгэмд ашигтай ч гэж тооцсон байхыг хамааруулан ойлгодог билээ.

Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг гэм буруугийн холимог хэлбэрийг агуулсан байдаг.

 

Гэм буруутай этгээд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл санаатай, харин түүний улмаас хүний амь нас хохирсон үр дагавар болгоомжгүй хэлбэртэй байдаг.

 

Хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, насанд хүрээгүй хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээс дүгнэвэл шүүгдэгч Н.И, Х.Б нар “Найдвар” таеквондогийн клубт дасгалжуулагчаар ажиллаж байх үедээ Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мажаа” гэх нэртэй амралтад 2017 оны 6 дугаар сарын 13-ны өглөө 7 цагт  тус клубт хичээллэдэг хүүхдүүдтэй тэд хамтран бэлтгэл, сургуулалт хийх явцдаа тураах, бие бялдарын хөгжүүлэх дасгал хийлгэх зорилгоор хүний биед халдаж болгохгүйг мэдсээр байж, уг үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа Х.Тамирыг хүчээр уул өөд гүйлгэн, улмаар гүйж чадахгүй байхад өгзөг тус газар нь модоор цохиж гүйлгэсэн болох нь тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н.И, Х.Б нар тураах, бие бялдарын хөгжүүлэх дасгал хийлгэх зорилгоор хохирогч Х.Тамирын биед хууль бусаар халдаж, хүч хэрэглэн түүний өгзөг тус газар нь модоор цохиж гүйлгэсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулж байгаа болно.

 

Энэ нь шүүгдэгч Н.И, Х.Б нарыг Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйдлээрээ санаатай нэгдэж, гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзнэ.

 

Шүүгдэгч Н.И, Х.Б хамтран бусдыг бэлтгэл, сургуулалт хийлгэх явцдаа хүний биед халдаж болохгүйг хэн аль нь мэдсээр байж, хүчээр уул өөд гүйлгэн, улмаар гүйж чадахгүй байхад өгзөг тус газар нь модоор цохиж гүйлгэсний улмаас Х.Тамирын биеийн ачааллын үед зүрх нь чичирхийлэн нас барсан үйлдлүүдийн хоорондын шалтгаан холбоотой, хохирогчийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийн шинжтэй байна.

 

Түүнчлэн шүүгдэгч Х.Бахытбек, түүний өмгөөлөгч Б.Гантөмөр нарын хамтран гаргасан “...Х.Б хохирогчид хүч хэрэглэсэн үйлдэлгүй, ...Н.И багшийн даалгаврыг гүйцэтгэсэн төдий...” гэх давж заалдах гомдол хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хадхүүгийн “...Хэдэн дасгал сураад хэдэн кг хасаад ирээрэй гэж хэлсэн. Тэгж хэлсэн гээд хүүхэд зодоод гүйлгэж болохгүй ш дээ. ...” /1хх 59-60, 2 хх 59-60/, насанд хүрээгүй гэрч М.Түвшинбаярын “...Тамирааг Н.И болон Бек багш нар зодсон. ...Тамираа ах гүйж байх замдаа зөндөө удаа би гүйж чадахгүй байна гэж хэлж байсан. ...Н.И Бек багш 2 хүчээр зодоод, ороолгоод гүйлгээд байсан. ...” /1 хх 42-43/, насанд хүрээгүй гэрч Ц.Тэргэлийн “...Ард үлдээд байхаар нь Н.И, Бэк багш хоёр түлхэж яваад хурдан яваарай гэж хэлээд байсан. ...”, /1 хх 44/, насанд хүрээгүй гэрч Н.Санчирын “... манай багш нар бид нарыг мод бариад сүрдүүлж хийлгэдэг. Бүүр хийхгүй бол модоороо бөгс рүү цохидог. ... ” /1 хх 48/, насанд хүрээгүй гэрч М.Бишрэлтийн “...Доошоо буухад Тамираа Бек багштай хамт алхаж ирсэн. ...” /1 хх 61/, насанд хүрээгүй гэрч Б.Итгэлбаярын “...Тамираа ах жоохон уйлсан. Тэр үед Х.Б, Н.И хоёр бид нарыг авч гүйсэн...” /хх 68/, насанд хүрээгүй гэрч М.Эрдэнийн “...Бид нарыг Идэрээ, Бек багш хоёр уул руу авч гүйсэн. ...” /1 хх 69/, насанд хүрээгүй гэрч М.Тэмүүлэнгийн “......уул руу гүйхэд Х.Бахытбек багш Тамирааг араас нь туугаад байгаа харагдсан...” /1 хх 71/, насанд хүрээгүй гэрч Д.Энх-Амгалангийн “...Тамирааг Идэр, Бек багш гүй гэхээр гүйхгүй алахаад яваад байсан...” /1 хх 72/, шүүгдэгч Н.Игийн “...Х.Б бид хоёр хүүхдүүдийг дагуулж кроссонд гүйсэн. ...Амь хохирогч тухайн үед залхуурч дасгалыг бүрэн гүйцэт хийж чадахгүй байхаар нь бид хоёр багшийн хувиар түүнийг дасгал хийхийг шаардсан. ...хохирогчийн бэлтгэлийг чанартай хийлгэх болон түүний жинг хасуулах зорилгоор амь хохирогчийг модоор цохисон...” /хх 151-153, 2 хх 427-48, 100/ гэсэн мэдүүлгүүдээр няцаагдаж байгаа болно.

 

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Х.Бийн “...тухайн үед талийгаач ард хоцроод байхаар нь би газраас авсан байсан модоор ууц нурууны орчимд нь гартаа байсан модоор чичсэн...” гэж мэдүүлснээс харахад тэрээр амь хохирогч Х.Тамирыг хүчээр уул өөд гүйлгэн, улмаар гүйж чадахгүй байхад өгзөг тус газар нь модоор цохиж гүйлгэсэн нь нотлогдож байна.

 

Эдгээр байдлыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Х.Бэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үйл баримт, хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн шүүгдэгч Н.Игийн “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү..”, түүний өмгөөлөгч Г.Наранбаатарын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар тодорхой хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү. ...Н.Игийн зүгээс урьдчилан мэдэх, тооцоолох боломжгүй байсан байдал, хувийн байдал, эрх зүйн байдлыг дээрдүүлж, энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр ялын бодлогоо хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг.

Харин шүүгч Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд өөрийн дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заажээ.

Энэхүү заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй субъектив байдлын илрэл бөгөөд өөрийн гэм бурууг ойлгож чин санаанаасаа гэмших байдлаар дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх хүсэл зоригийг бий болгодог нийгэмд ашигтай сэтгэл зүйн хандлага гэж үзэж дэмжих зорилгоор хуулиар ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл болгон хэрэглэж болохоор хуульчилсан.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж буй нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон хэргийн үйл баримтыг, хууль зүйн дүгнэлтийн хамт бүрэн хүлээн зөвшөөрөх, учруулсан хохирлоо нөхөн төлөх, хор уршгийг арилгах, гэмт хэрэг дахин үйлдэхгүй байхыг амлах зэрэг хэлбэрээр илэрнэ.

Гэтэл шүүгдэгч Н.Игийн хувьд гэм буруугаа хүлээж буй байдал үгүйсгэгдэж байх бөгөөд гагцхүү ялыг багасгах зорилго агуулсан болох нь хэрэгт авагдсан баримт, мэдүүлгээр хангалттай тодорхойлогдож байна.

Нөгөөтэйгүүр шүүгдэгч Н.И нь мөрдөн шалгах явцад “...Би 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн өглөөний гүйлтэн дээр Тамирыг хүчээр гүйлгэсэн асуудал байхгүй. Ороолгосон цохисон асуудал ч байхгүй. ...” /1 хх 40/ гэм буруугийн талаар маргаж байсныг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, үйлдсэн хэргийнхээ үр дагавар, хор холбогдлыг ойлгосон гэж үзэх боломжгүй юм.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхдээ“...гэмт хэргийн учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар...”-ыг харгалзан үзэхээр хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор заасан бөгөөд амь хохирогчийн оршуулга болон бусад зардлыг барагдуулснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хор уршиг арилсан гэж үзэхгүй.

Үүнээс гадна Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт эдийн бус гэм хорыг зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлүүлэхээр заасан ба хүний амь нас, зовиур шаналал, сэтгэл санааны байдал зэрэг эдийн бус хохирлыг үнэлэх хуулийн зохицуулалт байхгүйгээс хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг шүүх тогтоох боломж хязгаарлагдмал юм.

Энэ тохиолдолд шүүх хохирол төлөгдсөн эсэх талаар дүгнэлт хийхдээ амь хохирогчийн гэр бүлийн гишүүдийн санал, шаардлагыг зохих хэмжээгээр харгалзан үзэх нь чухал ач холбогдолтой.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хадхүүгийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд “...хүний амь нас хохирсон хэргийн хохирол, хор уршиг арилаагүй, гомдолтой байгаа...” талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэл зоригийг илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.И, Х.Б нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

Харин прокуророос Ж.Аыг “аюулгүй байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийг бага насны хүүхэд, бэртэл гэмтэлтэйн улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй болжээ.

“Найдвар” таеквондогийн клубийн захирал ажилтай Ж.А амь хохирогч Х.Тамирын эх Б.Алтан-Өлзийтэй харилцан тохиролцож, 2017 оны 6 дугаар сарын 3-ны өдөр “Хүүхэд харгалзан авч явах” тухай итгэмжлэл хийн, хариуцан авч явсан хэдий ч түүнийг тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Хэрэгт “...насанд хүрээгүй гэрч М.Эрдэнийн “... бид нар уулнаас буухдаа гүйгээд би түрүүлж гүйгээд ирсэн ба байран дээрээ ирээд эргээд хартал Тамираа ах газар хэвтчихсэн багш нар тойроод тойроод зогсож байсан. Тамираа ахыг босохгүй болохоор нь Ж.А багш машинаараа очиж Тамираа ахыг авсан. ... ” /1 хх 69/,  шүүгдэгч Х.Бийн “... тэгээд багшид Тамир сонин болоод байна, эвгүй байна, эмнэлэг рүү авч явъя гэхэд багшийг очиж үзэхэд Тамир амьсгалахгүй байсан... ” /1 хх 35/, гэрч Р.Алтанзулын “... удалгүй эмч залгаад очиж чадахгүй гээд байна гэхээр нь Ж.А багш машинаараа авч явсан. ... ” гэх мэдүүлэг /1 хх 55/, гэрч Б.Батбилэгийн “... би Ж.А багш дээр очиход Тамирааг машинд өргөөд суулгаж байсан. ...” /1 хх 57/, гэрч Б.Оюунгоогийн “... би шовгор руу харахад Ж.А багш нь машиндаа Тамирааг өргөж оруулаад авч явж байгаа харагдсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 63/, гэрч Б.Амартүвшингийн “... “Мажаа” гэх нэртэй амралтаас яаралтай тусламж дээр мах мариа ихтэй 10 настай эрэгтэй хүүхдийг эмнэлгийн насилкан дээр багш нь гэх залуу болох 3 эрэгтэй хүүхэд аваад орж ирсэн. ...” /1 хх 78/, гэрч Д.Наранцэцэгийн “... тэгээд машинаараа авч явахаар болоод машиндаа талийгаачийг өргөж оруулаад Эрдэнэт рүү авч явсан. Ариука багш зам мэдэхгүй гээд надаар зам заалгаад Идэрээ багш, Бек багш, Ариука багш, талийгаач бид нар хамт явсан. ...” /1 хх 84/ гэсэн мэдүүлгүүд авагджээ.

            Дээрх нотлох баримтуудаас гадна, гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг зэргийг харгалзан хууль зүйн хувьд Ж.А амь хохирогч Х.Тамирыг орчиндоо харьцаагүй буюу түүний амь бие нь аюултай нөхцөлд байхад тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй гэж дүгнэх боломжгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж тодорхойлон хуульчилжээ.

            Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Х.Тамир “...биеийн ачааллын үед зүрх чичирхийлэн нас барсан...” болох нь тогтоогдсон бөгөөд шинжээч эмч А.Амгаланболдын “...Зүрх чичирхийлж нас барсан тохиолдолд эмнэлгийн тусламж үзүүлэн яаралтай цахилгаан цохилуур /дефибрелятор/ хэрэглэсэн үед амь насыг аврах боломжтой. Гэхдээ цаг хугацааны хувьд тэр даруйд нь буюу минут, секундээр хэмжигдэх бага хугацаа шаардагдана. ...Хүнийг гаднаас нь хараад зүрх чичирхийлж байгааг мэдэх боломжгүй. ...зөвхөн цахилгаан бичлэгээр тогтоох боломжтой...” гэсэн мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулахад амь хохирогчийн үхэлтэй Ж.Аын түүний эх Б.Алтан-Өлзийтэй хийсэн “Хүүхэд харгалзан авч явах” тухай итгэмжлэлд заагдсан ямар нэгэн үүргээ зориуд биелүүлээгүйтэй шалтгаант холбоотой гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэлээ.

 

Ж.А “Найдвар” таеквондогийн клубийн захирал ажилтай, шүүгдэгч Н.И, Х.Бахытбек нар тус клубт ажил, үүргээ гүйцэтгэж байх явцдаа хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон тул тэрээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасны дагуу гэм хорын хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.

 

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ж.А, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал нарын “...цагаатгаж өгнө үү. ...” гэсэн гомдлыг хүлээн авсан тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Н.И, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар, шүүгдэгч Х.Бахытбек, түүний өмгөөлөгч Б.Гантөмөр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

 “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус зааснаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Ж.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнгэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.” гэж нэмэлт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

-1 дэх заалтын “...Шүүгдэгч Боржигон овгийн Жаргалсайханы Ж.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “аюулгүй байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийг бага насны хүүхэд, бэртэл гэмтэлтэйн улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн...”,

-2 дахь заальтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Боржигон овгийн Жаргалсайханы Ж.Аыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар...”

-3 дахь заалтын “...Ж.Аын 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын...”,

-7 дахь заалтын “...Ж.А...” гэснийг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.И, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар, шүүгдэгч Х.Бахытбек, түүний өмгөөлөгч Б.Гантөмөр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Цагаатгагдсан Ж.Аыг нэн даруй сулласугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                               

ШҮҮГЧ                                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ