| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 128/2018/0114/З |
| Дугаар | 128/ШШ2018/0346 |
| Огноо | 2018-06-05 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2018/0346
| 2018 оны 06 сарын 05 өдөр | Дугаар 128/ШШ2018/0346 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М би даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П.З-ын нэхэмжлэлтэй,
Хаяг:
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох,
Хаяг:
Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжийн Г.М-д холбогдох хэсэг болон Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/662 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, Г.Ш, гуравдагч этгээд Г.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Эрдэнэзолбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.З, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, өмгөөлөгч Б.С нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурийн 23-1-3 тоот хаягт байрлах хашаа байшинг 2000 онд иргэн Г.Баасанжаваас худалдан авсан бөгөөд хашааны газар болох 300м.кв газрыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2000 оны 06 сарын 28-ний өдрийн захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, 010603233 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээг тус дүүргийн газрын албанаас авч байсан. Улмаар байшингийн өмчлөх эрхийг орон сууц хувьчлах товчооны даргын 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэрээр 0117008 дугаар гэрчилгээ олгож, улсын бүртгэлийн Ү-2202023332 дугаарт бүртгэгдсэн болно. Мөн энэхүү цаг хугацаатай давхцан газар эзэмших эрхийн 15 жилийн хугацаа дуусч байсан тул хугацаа сунгуулах тухай хүсэлт гаргасны дагуу 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/24 дүгээр захирамжаар 5 жилээр сунган 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 000554435 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.
Гэтэл миний хууль ёсоор эзэмшиж байсан газартай давхцуулж буюу манай хашааны талыг надад огт мэдэгдэлгүйгээр Галсангийн Минжинсүрэн гэх иргэнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 15-ын өдрийн А/08 дугаар захирамжаар 000492711 дугаар бүхий гэрчилгээ олгосон байна.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Газар эзэмшигч дараах эрхтэй гээд 35.1.1-д гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах гэж заасан ба мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлыг дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгоно хэмээн тодорхойлсон байдаг. Улмаар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д бусдын эзэмших эрх бүхий газарт эрх бүхий этгээд /аливаа Засаг дарга/-ээс шийдвэр гаргах эрхийг нь хязгаарлан зохицуулжээ. Маргаан бүхий захиргааны акт нь нэг талаар иргэн Г.М-д газар эзэмших эрх олгосон байх боловч нөгөө талаар нэхэмжлэгч иргэн П.З миний газар эзэмших эрхэд халдсан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт болсон байна. Өөрөөр хэлбэл, Чингэлтэй дүүргийн Засаг дарга бусдад газар эзэмших эрх олгох бүрэн эрхтэй боловч энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ иргэн миний газар эзэмших эрхэд халдах, хязгаарлах, хэмжээг багасгах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэл огт байгаагүй юм. Тиймээс нэгэнт хуулиар бусдын эзэмшил газар дээр дахин ямар нэгэн байдлаар, өөр бусдад этгээдэд газар эзэмшүүлэх замаар манай хашааны газарт халдах хууль зүйн үндэслэл байхгүй байхад Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжийг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх үндэслэлийг бүрдүүлэхийн зэрэгцээ, иргэн миний газар эзэмших эрхийг хөндөж газар эзэмших эрхийг Г.М-д олгосноор мөн дээрх зүйлийн 47.1.5-д хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, нэг газрыг 2 хүн эзэмших боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн зэрэг нь 47.1.7-д түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэх үндэслэлийг тус тус бүрдүүлж байгаа илт хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа болно. Мөн энэхүү шийдвэрийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн зохицуулалтын хүрээнд авч үзвэл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д нийтийн ёс зүйн хэм хэмжээг илт зөрчсөн, 9.1.7-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, 9.1.9-д захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн гэх захиргааны акт гаргах ямар ч боломжгүй нөхцөл байдал, илт хууль бус актын шинжийг бүрэн агуулж байна.
Нэхэмжлэгч П.З нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...Миний бие нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23-1-3 тоот хаягт байрлах хашаа байшинг 2000 онд иргэн Г.Баасанжаваас худалдан авсан бөгөөд хашааны газар болох 300 м.кв газрыг, 15 жилийн хугацаатай Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2000 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн захирамжаар эзэмшихээр болж, 010603233 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус дүүргийн газрын албанаас авч байсан. Улмаар байшингийн өмчлөх эрхийг орон сууц хувьчлах товчооны даргын 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэрээр 0117008 дугаар гэрчилгээг олгож, улсын бүртгэлийн Ү-2202023332 дугаарт бүртгэгдсэн болно. Мөн энэхүү цаг хугацаатай давхцан газар эзэмших эрхийн 15 жилийн хугацаа дуусч байсан тул хугацаа сунгуулах тухай хүсэлтийг гаргасны дагуу 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн А/24 дүгээр захирамжаар 5 жилээр сунган 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 000554435 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон. Миний хууль ёсоор эзэмшиж байсан газартай давхцуулан Галсангийн Минжинсүрэнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар шийдвэрээр 000492711 дугаар бүхий гэрчилгээг олгосон байсан. Ийнхүү Г.М нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан тус шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 829 дүгээр шийдвэрээр ...Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2000 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэр, 2015 оны А/24 дүгээр захирамжийн давхцаж буй газартай холбоотой хэсгийг хүчингүй болгож ... шийдвэрлэсэн. Гэтэл Чингэлтэй дүүргийн Засаг даргаас 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/662 дугаар захирамжаар П.З миний эзэмшлийн газрыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийг зохих журмын дагуу биелүүлээгүй байна. Дээр дурдсанчлан шүүхийн шийдвэрийн дагуу давхцсан хэсгийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байтал бүхэлд нь газар эзэмших эрхийг хүчингүй болгож буй нь хууль зүйн үндэслэлгүй юм. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааг огт баримтлалгүйгээр сонсох ажиллагаа хийгээгүй бөгөөд уг захирамж гарсан талаар надад албан ёсоор мэдэгдээгүй. Миний бие энэ талаар 2017 оны 11 дүгээр сард мэдэж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын дээд шатны албан тушаалтан болох Нийслэлийн Засаг даргад 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр надад өгсөн болно. Тус хариу албан бичигт миний энэхүү асуудлыг дахин судлах талаар дурдсан ба үүний дагуу холбогдох албан тушаалтантай уулзсан боловч энэхүү асуудлыг шийдвэрлэж өгөөгүй ба хариуцагчийн хариу тайлбартай танилцахад кадастрын зургийг дахин хийнэ гэсэн боловч одоог хүртэл хийгээгүй байгааг дурдсан байна. Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргаас 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/662 дугаар захирамж нь хууль бус бөгөөд нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/662 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга, агуулгын илэрхий алдаатай, 47.1.6 иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж тус тус заасанд үндэслэлээр илт хууль бус захиргааны акт байна... гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, Г.Ш нараас шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч П.З-ын нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан тус дүүргийн 11 дүгээр хороны нутаг дэвсгэр Нуурийн 23-1-3 тоот хаягийн газрын маргааны талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Г.М-ийн нэхэмжлэлтэй гуравдагч этгээд П.З, дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 829 дүгээр шийдвэрээр дүүргийн Засаг даргын 2000 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэр, 2015 оны А/24 дүгээр захирамжийн П.З-д холбогдох хэсгийн Г.М-ийн эрх ашгийг зөрчсөн тул хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүрээнд дүүргийн Засаг даргын 2018 оны А/662 дугаар захирамжаар шийдвэрлэсэн. Дүүргийн Газрын албанаас иргэн П.З, Г.М нарын газрын давхцлыг арилгасан тул шинээр газрын кадастрын зураглал хийлгэх тухай мэдэгдсэн боловч одоог болтол зураглал хийлгээгүй байгаа болно. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шүүхийн 2016 оны 829 дүгээр шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.
Гуравдагч этгээд Г.М, өмгөөлөгч Т.Ц нараас шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Г.М нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжаар, тус дүүргийн 11 дүгээр хороо, Нуурийн 23-13 тоот хаягт байрлах 134 м.кв хэмжээтэй газрыг хуулийн дагуу эзэмшсэн бөгөөд уг газартай давхцуулан газар эзэмшүүлсэн иргэн П.З-ын газрыг давхцсан хэмжээгээр нь хүчингүй болгож шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 829 дүгээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа болно. Уг шүүхийн шийдвэрийн дагуу явагдаж байгаа тохиолдолд иргэн П.З-тай холбоотойгоор сонсох ажиллагаа явуулаагүй нь хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5-т захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бол гэж заасантай нийцэж байна. Түүнчлэн дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Г.М-ийн эзэмшил газартай, нэхэмжлэгч П.З-ын эзэмшил газрын давхцалтай хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсний дээр дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/662 дугаар захирамжаар П.З-ын газар эзэмших эрхийг бүхэлд нь хүчингүй болгосон байх боловч уг дүүргийн Засаг даргын захирамжийг бүхэлд нь өөрөөр хэлбэл өөрийнх нь газартай давхцаагүй хэсгээр хүчингүй болгосон хэсгийг илт хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/662 дугаар захирамжийн Г.М-ийн газартай давхцалтай хэсэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болно. Иймд дүүргийн Засаг даргын дээрх захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д шинжийг агуулаагүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.З анх тус шүүхэд хандан, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжийн Г.М-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/662 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч П.З-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг: Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2000 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн захирамжаар Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23-1-3 тоот хаяг бүхий 300 м.кв газрыг эзэмших эрхтэй болж, 2015 оны 1 дүгээр сарын 30-ний өдрийн А/24 дүгээр захирамжаар газар эзэмших хугацааг сунгасан. Гэтэл миний эзэмшиж байсан газартай давхацуулан дүүргийн Засаг даргын 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжаар Г.М-д газар давхцуулан олгож эрх, хууль ёсны минь ашиг сонирхолыг зөрчсөн гэж тайлбарлан маргадаг.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд иргэн Г.М-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2000 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэр, 2015 оны 1 дүгээр сарын 30-ний өдрийн А/24 дүгээр захирамжийн иргэн П.З-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах... шаардлага бүхий захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 829 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон гэх Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2000 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэр, 2015 оны 1 дүгээр сарын 30-ний өдрийн А/24 дүгээр захирамжийг шүүхээс ...Газрын тухай хуулийн зүйл заалтуудыг зөрчний дээр уг гэрчилгээг хууль зүйн дагуу гарсан, үнэн бодит болохыг дэмжих нотлох баримтууд байхгүй ингэснээр түүнийг эрх зүйн хүчин төгөлдөр баримт бичиг гэж үзэхээргүй, илт хууль бус захиргааны акт байна. ...иймд иргэн П.З-ыг маргаж буй газрын хууль ёсны эзэмшигч нь гэж үзэх үндэслэлгүй, Чингэлтэй дүүргийн Засаг даргаас П.З-д олгосон, 2000 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 010603233 дугаар гэрчилгээ болон тус дүүргийн Засаг даргын 2015 оны А/24 дүгээр захирамж нь нэхэмжлэгч Г.М-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн нь тогтоогдож байх тул дээрх захиргааны актуудыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.
Нэгэнт нэхэмжлэгч П.З нь маргаан бүхий газарт хууль ёсны дагуу газар эзэмших эрхгүй болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байхад хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжаар иргэн Г.М-д 134м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн, илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй юм.
Түүнчлэн нэхэмжлэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/662 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэмэгдүүлсэн шаардлагын тухайд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 829 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч П.З-ыг маргаж буй газрын хууль ёсны эзэмшигч нь гэж үзэх үндэслэлгүй, Чингэлтэй дүүргийн Засаг даргаас П.З-д олгосон 2000 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 010603233 дугаар гэрчилгээ болон дүүргийн Засаг даргын 2015 оны А/24 дүгээр захирамж нь гуравдагч этгээд Г.М-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдож байх тул дээрх захиргааны актуудыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр дүгнэгдсэн үйл баримтын дагуу хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргаас Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар өөрийн урьд гаргасан хууль бус шийдвэрээ хуульд нийцүүлэн хүчингүй болгосныг мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт хэмээн үзэх үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т заасныг тус тус үндэслэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжийн Г.М-д холбогдох хэсэг болон Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/662 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч П.З-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.М