Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2020/02368

 

 

 

2020            09              08                               183/ШШ2020/02368

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, шүүгч Ж.Сэмжид, Д.Мөнгөнтуул нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

             Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 00-0 байр, 00 тоот хаягт оршин суух, Б овогт Н. Б /РД:ЕЮ00000000/-ын нэхэмжлэлтэй,

              Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, үйлдвэр, чингисийн өргөн чөлөө, 00, 0 тоотод байрлах, Д. И. Т  ХХК/РД:0000000/-д холбогдох,

               Гэм хорын хохиролд 10,506,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

               Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М /ШТЭҮД:0000/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, иргэдийн төлөөлөгч Г.Г нар оролцож, нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

                 Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Н.Б би 2019.07.28-ны өдөр Төв аймгаас Улаанбаатар орох чиглэлийн замд Хан-уул дүүргийн нутаг дэвсгэр хамаарах хэсэг болох Түргэний голын гүүрээр өөрийн эзэмшлийн 00-00 УБҮ улсын дугаартай, тоёота хайландер /Тоуоta Highlander/ маркийн авто тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцож байх үед миний ард зорчиж явсан 00-00 УНУ улсын дугаартай том оврын, хүнд даацын тээврийн хэрэгсэл араас мөргөж эд хөрөнгийн болон эрүүл мэндийн хохирол учруулсан. 00-00 УНҮ тоот улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан болох нь Хан-Уул дүүргийн замын цагдаагийн хэлтсийн хэргийн газарт хийсэн ослын үзлэгийн тэмдэглэл болон тухайн осолтой холбогдуулан хийсэн бүртгэлийн ажиллагаагаар тогтоогдсон болно.

                    Уг ослоос болж миний унаж явсан тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг эрх бүхий байгууллагаар үнэлүүлэхэд нийт 15,173,000 төгрөг зарцуулагдах тухай тооцоо гарсан. Үүнээс гадна, тээврийн хэрэгслийн үнэлгээний ажлын хөлс 518,000 төгрөг, тээврийн хэрэгслийн явах эд ангийн оношилгоо 35,000 төгрөгийн зардал гарсан.Ослын үеэр миний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд нэхэмжлэгч Н.Б миний бие, миний 5 настай охин, хамаатны дүү 13 настай, миний аав ээж болох Д.Н, С.Д нар хамт зорчиж байсан ба ослоос шалтгаалсан гэмтэл, бэртэл бий болсон эсэхийг тодорхойлох шаардлагаар нийт 510,000 төгрөгийн эмчийн үзлэг, эмнэлгийн шинжилгээнд зарцуулсан болно. Иймд нийт 16,236,000 төгрөгийн хохирол учраад байна. Зам тээврийн осол гаргасан тээврийн хэрэгсэл нь Д.И.Т ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл ба уг тээврийн хэрэгслийг жолооч Д.А жолоодон хариуцагч Д.И.Т ХХК-ийн ажлыг гүйцэтгэж байсан. Зам тээврийн ослын хэргийг шийдвэрлэх зорилгоор хийгдэж байсан хэрэг бүртгэлтийн ажиллагааны үед хариуцагч Д.И.Т ХХК түүний гүйцэтгэх захирал Б.Д холбогдож, зам тээврийн улмаас учирсан хохирлыг тодорхой хугацааны туршид, харилцан тохиролцсон төлбөрийн хуваарийн дагуу иргэн Д.А хамтаар төлж барагдуулах тухай саналыг тавьсан тул уг саналыг миний зүгээс хүлээн авч хохирол барагдуулах тухай гэрээ болюн нэмэлт гэрээ гэх бичиг баримтуудыг үйлдсэн.

                    Ийнхүү төлбөрийн хуваарь тохирохдоо Д.И.Т ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Д нь 2019.08. 07-ны өдөр гэхэд нийт хохирлын тал хувь болох 7,500,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. Үлдэх төлбөрийг ажилтан Д.А цалингаас 5 сарын хугацаанд хэсэгчлэн суутгаж төлүүлж дуусгах нөхцөлийг тус тус санал болгосон.

                Харилцан тохиролцсоноос хойш Хариуцагч Д.И.Т ХХК -ийн зүгээс 4,985,000.00 төгрөг, иргэн Д.А 745,000.00 төгрөгийг төлсөн ба үлдэх 10,506,000.төгрөгийг төлөөгүй тул нэхэмжилж байна гэв.

                Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Осол гаргасан жолооч Д.А нь хариуцагч Д.И.Т ХХК-ийн ажилчин биш, түүнийг жолоочоор ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээ манай компани байгуулж байгаагүй, түүний унаж явсан тээврийн хэрэгсэл нь манай компанийн эзэмшлийн зүйл биш юм. Осол гарах үед жолооч Д.А ашиглаж явсан тээврийн хэрэгсэл бол Өргөн их баяжмал ХХК-н эзэмшлийн зүйл болох нь мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргаж өгсөн, ослын хувийн хэргээс хуулбарласан баримт болох Хан-уул дүүргийн Замын цагдаагийн тасгийн үйлдсэн Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал гэх нэртэй баримтын тээврийн хэрэгслийн тодорхойлолт гэх хэсэгт бичигдсэн тэмдэглэгээ, Холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл гэх баримтын биеийн байцаалтын хэсэгт Д.А өөрийгөө Өргөн их баяжмал ХХК-д жолооч гэж тэмдэглүүлээд, мэдүүлэгтээ: 2019 оноос эхлэн Өргөн их трейд ХХК-д жолоочоор ажиллаж байгаа, Д.И.Т ХХК -тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байгаа гэж мэдүүлсэн зэргээс харагдаж байна. Д.И.Т ХХК нь Өргөн их баяжмал ХХК-тай тухайн тээврийн хэрэгслийг түрээсээр ашиглах гэрээ мөн байгуулж байгаагүй болно. Харин жолооч Д.А нь осол гаргах үедээ манай компанийн хувьцаа эзэмшигч, тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан иргэн Б.Д хувийн захиалгаар цемент тээвэрлэж явжээ. Хохирол барагдуулах тухай гэрээ гэх зэрэг тухайн үед үйлдэгдэж байсан баримтуудад Б.Д нь Д.И.Т ХХК -г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхээ ашиглан тамга дарж байжээ. Эдгээр гэрээ үйлдэгдсэний дараа хохирогч Н.Б иргэн Б.Д хувиасаа 4,985,000 төгрөг шилжүүлж өгсөн байна. Нэхэмжлэгч нь гэм хор учруулсны төлбөрийг төлөх үүрэг бүхий үндсэн хариуцагч болох буруутай жолоочоосоо төлбөрөө нэхэх, мөн жолоочоос уг хохирлоо авсан эсэх нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй... гэв

            Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Д.И.Т ХХК -нд холбогдуулан гэм хор хохиролд 10,560,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

            Хариуцагч Д.И.Т ХХК нь уг тээврийн хэрэгслийн эзэмшигч биш, жолооч Д.А хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, Д.И.Т ХХК -ийн захирал байсан Б.Диргэнийхээ хувьд хохирол барагдуулах гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийн хариуцагч биш, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.

              Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

              Жолооч Д.А нь 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 20:30 цагийн орчим Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Түргэний голын гүүрний урд замд Бэйбэн маркийн 00-00 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14, 3.1а гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Н.Б эзэмшлийн жолоодож явсан тоёота хайландер /Тоуоta Highlander/ маркийн 00-00 УБҮ авто тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаж, түүний автомашинд хохирол учруулсан байна. /х.х 7-11 хуудас/.

               Энэхүү зам тээврийн ослын улмаас Н.Б эзэмшлийн автомашинд 15,173,000 төгрөгийн хохирол, үнэлгээний ажлын хөлс 518,000 төгрөг, оношилгоо 35,000 төгрөг, эрүүл мэндэд 510,000 төгрөг нийт 16,236,000 төгрөгийн хохирол учирсан гэж тайлбарлаж байх бөгөөд хохирлын үнэлгээний Итгэлт Эстимэйт ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 640 тоот авто тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар Н.Б эзэмшлийн автомашинд 15,173,000 төгрөгийн үнэ бүхий эд анги эвдэрч, гэмтсэн эд ангийг солих, засварлахад хохирол учирсан гэж дүгнэжээ. /х.х 20-21хуудас/

            Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтаас үзвэл Д.И.Т ХХК -ийн гүйцэтгэх захирлаар Б.Д 2019.04.02-ны өдөр томилж, 2020.02.20-ны өдөр чөлөөлсөн болох нь хариуцагчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх 39 хуудас/

             Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Д.И.Т ХХК -ийн гүйцэтгэх захирал Б.Д 2020.08.07-ны өдрийн хууль сануулж, гэрчийн мэдүүлэг өгсөн мэдүүлэгтээ Танай компанийн ажилтан Д.А нь танай компанид хэдэн оноос ажилд орсон бэ? Хөдөлмөрийн гэрээ байгуулсан уу гэхэд 2019.05.30-ны өдөр ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээ байгуулж амжаагүй байсан гэж хариулснаас дүгнэвэл хариуцагч Д.А манай ажилтан биш гэж татгалзаж буй хариуцагчийн татгалзал үгүйсгэгдэж байна. /хх 13 хуудас/

              Түүгээр барахгүй хариуцагч Д.И.Т ХХК -ийн гүйцэтгэх захирал Б.Д 2019.08.07-ны өдөр Хохирол барагдуулах болон нэмэлт гэрээ байгуулан Хохирлын төлбөрийн 50 хувь болох 7,586,500 төгрөгийг захирал Б.Д нь хохирогч Н.Б Хаан банк 0000000000 дансанд 2019.08.07-ны дотор бүрэн шилжүүлнэ.Хохирлын үлдэгдэл төлбөр болох 7,856,500 төгрөгийг 2019.09.07-ны өдрөөс 2020.01.31-ний өдрийг хүртэл захирал Б.Д нь Д. цалингаас сар бүр 1,500,000 төгрөгийг суутгаж хохирогч Н.Б 0000000000 тоот дансанд шилжүүлнэ гэж харилцан тохиролцож гэрээнд гарын үсэг зуржээ. /хх 16,18-20 хуудас/

               Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл/эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заажээ.

                  Иргэний эрх зүйн харилцаа буюу үүрэг үүсэх үндэслэл нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасан гэм хор учруулах, 8.1.7-д заасан иргэний эрх зүйн харилцааг үүсгэсэн хууль зүйн үйл явдал бий болох зэрэг бөгөөд Д.И.Т ХХК -ийн жолооч Д.А нь бусдын эд хөрөнгөд гэм буруутай үйлдлээр гэм хор учруулснаар Н.Б болон түүний хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн бол Д.И.Т ХХК нь ажиллагсдынхаа албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл/эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг ажил олгогч хүлээдэг тул Н.Б ажил олгогчоос шаардах эрхтэй байна.

                 Нэхэмжлэгч Н.Б эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 510,000 төгрөгийг шаардсан бөгөөд Зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд хүн гэмтсэн талаар бүртгэгдээгүй байна. Иймээс эрүүл мэндэд гэм хорын хохирол учруулсан болох шалтгаант холбоо тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ. /хх 8-10 хуудас /

                  Дээрхийг нэгтгэн дүгнэвэл тээврийн хэрэгслийг засварлахад гарах зардал 15,173,000 төгрөг, үнэлгээ тогтоолгосон ажлын хөлс 518,000 төгрөг, оношилгоо 35,000 төгрөг нийт 15,726,000 төгрөгийн зардал гарснаас хохиролд төлсөн 5,730,000 /4,985,000+745,000/ төгрөгийг хасаад үлдэх 9,996,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 510,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.

                  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэхь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.И.Т ХХК -иас 9,996,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Б олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 510,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183,046 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 174,886 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай

             4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Ц.ОЮУНБИЛЭГ

                 ШҮҮГЧ               Ж.СЭМЖИД

                                                      Д.МӨНГӨНТУУЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2020           09               03                          183/ШШ2020/02314

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, Эрхүүгийн гудамж, 00 дүгээр байр, 00 тоот оршин суух Б овогт Г. Н /РД:УХ0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, 00 дугаар байр, 00 тоот оршин суух 0 тоотод оршин суух,П овогт Б. Ц /РД:ВЮ00000000 /-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 20,470,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Н, хариуцагч Б.Ц нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг хуралдааны тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2019.05.27-ны өдөр 12,000,000 төгрөгийг 1 сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний дагуу үндсэн мөнгө 12,000,000 төгрөг, хүү 2,400,000 төгрөг алданги 18,720,000 төгрөг үндсэн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүйгээр заасан. Эрэн сурвалжлуулсны зардал 70,200 төгрөг нийт 20,470,200 төгрөг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү... гэв.

Хариуцагч Б.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 12,000,000 төгрөгийг би аваагүй. Би 45,000,000 төгрөгийн урьдчилгаа аваад, өөрийнхөө байрыг өгсөн. Тухайн байр банкны зээлтэй байсан. Банкны зээлийг бид төлөөд авна гэсэн тохироотойгоор би 3 өрөө байраа шилжүүлсэн. Би 12,000,000 төгрөгийг зээлийн гэрээ гэж авсан ч, тэр мөнгө нь банкны үлдэгдэл төлбөрт шилжсэн. Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, миний гарын үсэг мөн маргахгүй, мөнгийг би аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэв.

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Г.Н 2019.05.27-ны өдрийн зээлийн гэрээ, 2019.05.27-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны мөнгөн шилжүүлгээр 12,000,000 төгрөг шилжүүлсэн тус тус баримтыг үндэслэн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, алданги, гэрээнээс учирсан хохиролд нийтдээ 20,470,200 төгрөгийг хариуцагч Б.Ц нэхэмжилж байна

Хариуцагч Б.Ц ...2019.05.27-ны өдрийн зээлийн гэрээ байгуулсан, гэрээнд гарын үсэг зурсан, миний гарын үсэг мөн маргахгүй, харин гэрээний дагуу мөнгийг аваагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй ... гэж маргажээ.

Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2019.05.27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 2019.05.27-ны өдрөөс 2019.09.01-ний өдрийг хүртэл хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, 12,000,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 000000000 тоот дансанд 2019.05.27-ны өдөр зээлдүүлэгч шилжүүлэхээр, зээл, хүүгийн төлбөрийг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцжээ. /хх 4/

Хариуцагч нь зээлийн гэрээ байгуулсан, гэрээнд гарын үсэг зурсан талаар маргаагүй бөгөөд зээлийн гэрээний зүйл 12,000,000 төгрөгийг аваагүй гэж татгалзсан татгалзал нь Худалдаа хөгжлийн банкны 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Хүлээн авагчийн овог нэр- Ц. Б, дансны дугаар 000000000 дугаартай мөнгөн шилжүүлгийн баримтаар няцаагдаж байх ба зээлдүүлэгч зээлийн гэрээнд заасан дансанд гэрээний зүйлийг шилжүүлж үүргээ биелүүлсэн байна. /хх 5/

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө... шилжүүлэх үүрэгтэй, зээлдэгч нь шилжүүлэн авсан хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт ...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар талуудын хооронд эрх зүйн харилцааны хувьд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хуулийн 282.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана, мөн хуулийн 232.3-т Анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч 2019.05.27-ны өдрийн зээлийн гэрээг бичгээр байгуулж, хүү, анз тохиролцсон байх тул уг гэрээний дагуу 3 сар 4 хоногийн хүү 1,880,000 төгрөг, алданги 6,000,000 төгрөгийг хариуцагчаас тус тус шаардах эрхтэй юм.

Нөгөөтээгүүр нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан шүүхэд шаардах эрхээ хэрэгжүүлэх үүднээс хариуцагчийн хаягийг тогтоолгохоор хариуцагчийг эрэн сурвалжлуулж, хаягийг тогтоолгосон болох нь Хан Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 0000-0/0000 тоот албан бичгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчээс гарах ёсгүй зардал гарсан гэж дүгнэн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227.3-т заасныг үндэслэн гэрээнээс учирсан хохиролд 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна./хх 6/

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Б.Ц зээлийн гэрээний үндсэн үүрэгт 12,000,000 төгрөг, хүү 1,880,000 төгрөг, алданги 6,000,000 төгрөг, хохирол 70,200 төгрөг нийт 19,950,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 520,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232.4, 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Ц 19,950,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Н олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 520,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 260,301 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц 257,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Н олгосугай.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ШҮҮГЧ                 Ц.ОЮУНБИЛЭГ