Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00037

 

Н.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2020/02676 дугаар шийдвэртэй

Н.Бгийн нэхэмжлэлтэй хариуцагч “Д” ХХК-д холбогдох

гэм хорын хохиролд 10 506 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б би 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгаас Улаанбаатар орох чиглэлийн замд Хан-уул дүүргийн нутаг дэвсгэр хамаарах Түргэний голын гүүрээр өөрийн эзэмшлийн 06-11 УБҮ улсын дугаартай, тоёота хайландер маркийн авто тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцож байх үед миний ард зорчиж явсан 54-20 УНУ улсын дугаартай том оврын, хүнд даацын тээврийн хэрэгсэл араас мөргөж эд хөрөнгийн болон эрүүл мэндийн хохирол учруулсан. Хан-Уул дүүргийн замын цагдаагийн хэлтсийн хэргийн газарт хийсэн ослын үзлэгийн тэмдэглэл болон тухайн осолтой холбогдуулан хийсэн бүртгэлийн ажиллагаагаар 54-20 УНҮ тоот улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан болох нь тогтоогдсон болно. Уг ослоос болж миний унаж явсан тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг эрх бүхий байгууллагаар үнэлүүлэхэд нийт 15 173 000 төгрөг зарцуулагдах тухай тооцоо гарсан. Үүнээс гадна тээврийн хэрэгслийн үнэлгээний ажлын хөлс 518 000 төгрөг, тээврийн хэрэгслийн явах эд ангийн оношилгоо 35 000 төгрөгийн зардал гарсан. Ослын үеэр миний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд нэхэмжлэгч Н.Б миний 5 настай охин, хамаатны дүү 13 настай, миний аав ээж болох Д.Нацагдорж, С.Дулмаахүү нар хамт зорчиж байсан ба ослоос шалтгаалсан гэмтэл, бэртэл бий болсон эсэхийг тодорхойлох шаардлагаар нийт 510 000 төгрөгийн эмчийн үзлэг, эмнэлгийн шинжилгээнд зарцуулсан болно. Иймд нийт 16 236 000 төгрөгийн хохирол учраад байна. Зам тээврийн осол гаргасан тээврийн хэрэгсэл нь “Д” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл ба уг тээврийн хэрэгслийг жолооч Д.А жолоодон хариуцагч “Д” ХХК-ийн ажлыг гүйцэтгэж байсан. Зам тээврийн ослын хэргийг шийдвэрлэх зорилгоор хийгдэж байсан хэрэг бүртгэлтийн ажиллагааны үед хариуцагч “Д” ХХК түүний гүйцэтгэх захирал Б.Д холбогдож, зам тээврийн улмаас учирсан хохирлыг тодорхой хугацааны туршид  төлөх талаар харилцан тохиролцсон. Уг саналыг тавьсан тул уг саналыг миний зүгээс хүлээн авч хохирол барагдуулах тухай гэрээ болон нэмэлт гэрээ гэх бичиг баримтуудыг үйлдсэн. Ийнхүү төлбөрийн хуваарь тохирохдоо “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Д нь 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр гэхэд нийт хохирлын тал хувь болох 7 500 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. Үлдэх төлбөрийг ажилтан Д.Агийн цалингаас 5 сарын хугацаанд хэсэгчлэн суутгаж төлүүлж дуусгах нөхцөлийг тус тус санал болгосон. Харилцан тохиролцсоноос хойш хариуцагч “Д” ХХК- ийн зүгээс 4 985 000 төгрөг, иргэн Д.А 745 000 төгрөгийг төлсөн ба үлдэх 10 506 000 төгрөгийг төлөөгүй тул нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалаг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Осол гаргасан жолооч Д.А нь хариуцагч “Д” ХХК-ийн ажилчин биш, манай компани түүнийг жолоочоор ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаагүй, түүний унаж явсан тээврийн хэрэгсэл нь манай компанийн эзэмшлийн зүйл биш юм. Осол гарах үед жолооч Д.Агийн ашиглаж явсан тээврийн хэрэгсэл бол “ӨӨ” ХХК-ийн эзэмшлийн зүйл болох нь Хан-уул дүүргийн Замын цагдаагийн тасгийн “Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал” гэх нэртэй баримтын “тээврийн хэрэгслийн тодорхойлолт”-ийн хэсэгт бичигдсэн тэмдэглэгээ, “Холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл” гэх баримтын биеийн байцаалтын хэсэгт Д.А өөрийгөө “ӨӨ” ХХК-д жолооч гэж, мэдүүлэгтээ “2019 оноос эхлэн “Өргөн их трейд” ХХК-д жолоочоор ажиллаж байгаа, "Д” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байгаа” гэж мэдүүлсэн зэргээс харагдаж байна. “Д” ХХК нь “ӨӨ” ХХК-тай тухайн тээврийн хэрэгслийг түрээсээр ашиглах гэрээ мөн байгуулж байгаагүй болно. Харин жолооч Д.А нь осол гаргах үедээ манай компанийн хувьцаа эзэмшигч, тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан иргэн Б.Дн хувийн захиалгаар цемент тээвэрлэж явжээ. Хохирол барагдуулах тухай гэрээ гэх зэрэг тухайн үед үйлдэгдэж байсан баримтуудад Б.Д нь “Д” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхээ ашиглан тамга дарж байжээ. Эдгээр гэрээ үйлдэгдсэний дараа хохирогч Н.Бд иргэн Б.Д хувиасаа 4 985  000 төгрөг шилжүүлж өгсөн байна. Нэхэмжлэгч нь гэм хор учруулсны төлбөрийг төлөх үүрэг бүхий үндсэн хариуцагч болох буруутай жолоочоосоо төлбөрөө нэхэх, мөн жолоочоос уг хохирлоо авсан эсэх нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч "Д" ХХК-иас 9 996 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 510 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183 046 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 174 886 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалаг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг хэрэглэн шийдвэрлэсэн нь буруу боллоо харин хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх ёстой гэж үзэж байна. Хэргийн 7 дугаар талд авагдсан “Зөрчлийн хэрэг нээх тухай" тогтоолын хуулбар болон бусад нэхэмжлэлд хавсаргаж өгсөн нотлох баримтуудаас үзэхэд жолооч Д.А нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.14, 3.1 а заалтуудыг зөрчиж өөрийн хууль бус санаатай үйлдлээр бусдад гэм хор учруулсан тул өөрөө уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзэж байна. Харин хэргийн 10, 16, 18-19 талд авагдсан баримтуудаас харахад “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай Б.Д нь хохирлын төлбөрийн тал хагасыг хамтран хариуцаж арилгахаар гэрээ байгуулж байсан байна. Гэтэл шүүх Д.Аг огт оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу юм. Осол гарах үед жолооч Д.Агийн ашиглаж явсан тээврийн хэрэгсэл бол “ӨӨ” ХХК-ийн эзэмшлийн зүйл болох нь мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргаж өгсөн, ослын хувийн хэргээс хуулбарласан баримт болох Хан-уул дүүргийн Замын цагдаагийн тасгийн үйлдсэн “Зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал” нэртэй баримтын “тээврийн хэрэгслийн тодорхойлолт” гэх хэсэгт бичигдсэн тэмдэглэгээ,” Холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл “ гэх баримтын биеийн байцаалтын хэсэгт Д.А өөрийгөө “ӨӨ” ХХК-д жолооч гэж тэмдэглүүлээд мэдүүлэг, “Д” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байгаа” гэж мэдүүлсэн зэргээс харагдаж байна. “Д” ХХК нь “ӨӨ” ХХК-тай тухайн тээврийн хэрэгслийг түрээсээр ашиглах гэрээг мөн байгуулж байгаагүй болно. Харин жолооч Д.А нь осол гаргах үедээ манай компанийн хувьцаа эзэмшигч, тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан иргэн Б.Дгийн хувийн захиалгаар цемент тээвэрлэж явжээ. Хохирол барагдуулах тухай гэрээ гэх зэрэг тухайн үед үйлдэгдэж байсан баримтуудад Б.Д нь “Д”ХХК-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхээ ашиглан тамга дарж байжээ. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс гарган өгсөн “Хөдөлмөрийн гэрээ” гэх баримтыг осол гарснаас хойш 8-р сард Б.Д, Д.А нар хохирогчид төлбөрийн баталгаа гаргаж байж машинаа журмын хашаанаас авах зорилгын үүднээс дүр үзүүлэн үйлдсэн байна. Ийм гэрээ манай бичиг баримтад байдаггүй атал эх хувь нь нэхэмжлэгчид байгаа нь уг гэрээг түүнд л үзүүлэх зорилгоор дүр үзүүлэн хийсний баталгаа юм. Хэргийн 13 дугаар хуудсанд байх Б.Дгийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн гэрчээр өгсөн мэдүүлгийн тэмдэглэлд “ Д.А нь 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээ байгуулж амжаагүй байгаа” гэж хэлсэн байх боловч мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг нотолж гаргасан ямар нэг бичгэн баримт байхгүй, хөдөлмөрийн гэрээ байхгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай, цалин хөлс олгож байсан тухай зэрэг баримт байхгүй байхад мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй юм. Нэхэмжлэгч нь хэргийн оролцогчдын хооронд байгуулсан гэрээний дагуу гэм хор учруулсны төлбөрийг төлөх үүрэг бүхий үндсэн хариуцагч болох буруутай жолоочоосоо төлбөрөө нэхээд авсан эсэх нь тодорхойгүй байгаа тул одоо Дэлгэрдалай ч бай Дэлгэр интернзшнл ч бай хариуцагчаас төлбөрийг давхардуулж нэхэж байгаа эсэхийг тогтоох боломжгүй байгааг шүүх анхааран үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь өрөөсгөл боллоо. Хариуцагчийн төлөөлөгч миний зүгээс “Д.Аг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэх тайлбартайгаар шүүх хуралдаанд оролцсон тул түүнийг хуралд дуудаж оролцуулах талаар тусгайлан хүсэлт гаргаагүй юм. Шүүх хурлаас хойш 10 дугаар сарын 22-ны өдөр Д.Атэй 80500580 дугаартай утсаар нь холбогдож тодруулахад тэрээр нэхэмжлэгчид нэг сая таван зуун мянган төгрөгт тооцож Ниссан Санни маркийн машин хүлээлгэн өгсөн байна. Гэтэл нэхэмжлэгч энэ талаар ярилгүй нуусан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д тус тус заасныг үндэслэн хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.                           

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Н.Б хариуцагч “Д”  ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 10 506 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 15 173 000 төгрөг, тээврийн хэрэгслийн үнэлгээний хөлсний ажлын хөлс 518 000 төгрөг, эд ангийн оношилгоо 35 000 төгрөг, ослоос шалтгаалсан эмнэлгийн үзлэгт 510 000 төгрөг нийт 16 236 000 төгрөгийн хохирол учирсан үүнээс хариуцагч “Д”  ХХК 4 985 000 төгрөг иргэн Д.А 745 000 төгрөг төлснийг хасч 10 506 000 төгрөгийг гаргуулна” заасан байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт “Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна” гэж заасан бөгөөд тээврийн хэрэгслийг бодитойгоор эзэмшилдээ байлгаж байгаа шууд эзэмшигч, эзэмших боломжоо бусдад олгосон шууд бус эзэмшигчийн аль алиныг хамрана гэж үзнэ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Д.А нь 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 20:30 цагийн орчим Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Түргэний голын гүүрний урд замд Бэйбэн маркийн 54-20 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа зам тээврийн осол гаргаж, уг ослын улмаас Н.Бгийн эзэмшлийн тоёота хайландер /Тоуоta Highlander/ маркийн 0611 УБҮ тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан болох нь тогтоогджээ. /хх.7-10/

2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан “Хохирол барагдуулах гэрээ”-ээр нэхэмжлэгч Н.Бг төлөөлж Б.Төрболд, “Д” ХХК-ийг төлөөлж Б.Д болон Д.А нар хохирол барагдуулах гэрээ байгуулж, нийт 16 236 000 төгрөгийн хохирлыг, гэрээний хавсралт 1-д /нэмэлт гэрээ/ хохирлын нийт дүнгийн 50% болох 7 586 500 төгрөгийг захирал Б.Д нь хохирогч Н.Бгийн Хаан банк 5011193469 дансанд 2019 оны 8 дугаар сарын 07-ны дотор, үлдэгдэл төлбөр болох 7 856 500 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл захирал Б.Д нь Д.Агийн цалингаас сар бүр 1 500 000 төгрөгийг суутгаж хохирогч Н.Бгийн 5011193469 тоот дансанд шилжүүлнэ гэж тохиролцжээ. /хх.19-20/ “Д” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар гүйцэтгэх захирлаар Б.Дг 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр томилж, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр чөлөөлсөн үйл баримт тогтоогдож байна. /хх.40/

Анхан шатны шүүх тээврийн хэрэгслийг засварлахад гарах зардал 15 173 000 төгрөг, үнэлгээ тогтоолгосон ажлын хөлс 518 000 төгрөг, оношилгоо 35, 000 төгрөг нийт 15 726 000 төгрөгөөс хохиролд төлсөн 5 730 000 төгрөгийг хасч үлдэх 9 996 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ “...Nissan sunny машинаар төлбөр барагдуулсан” гэсэн асуудлыг анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу анхан шатны шүүх хуралдаан дээр хэлэлцэгдээгүй нотлох баримт байна. Иймээс уг байдлыг давж заалдах шатны шүүх үнэлж хэргийг шийдвэрлэж боломжгүй юм.

Харин талууд автомашин өгсөн тохиолдолд төлбөрөөс хасч тооцох, эсхүл уг асуудлаар тусад нь нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй бөгөөд шүүхийн энэ шийдвэр саад болохгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2020/02676 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183 046 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                              ШҮҮГЧИД                             С.ЭНХТӨР

 

                                                                                           Ц.ИЧИНХОРЛОО