Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2022/01186

 

Н гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                           

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2020/02676 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 37 дугаар магадлалтай,                                                                                                                                   

Н гийн нэхэмжлэлтэй

“Д ” ХХК-д холбогдох

Гэм хорын хохиролд 10,506,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг           

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н  нь хариуцагч “Д ” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 10,506,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2020/02676 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Д ” ХХК-аас 9,996,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 510,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183,046 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 174,886 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 37 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2020/02676 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.08-ны өдрийн 183\ШШ2020\02676 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.28-ны өдрийн 37 дугаар магадлалыг эс зөвшөөрч, ИХШХШТХ-н 172 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийг үндэслэн гомдол гаргаж байна.

1. Шүүх хууль буруу хэрэглэсэн талаар. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 498.1 дүгээр зүйлийг хэрэглэн шийдвэрлэсэн нь буруу боллоо. Харин уг хуулийн 497.1 зүйлээр зүйлчлэх ёстой гэж үзэж байна. Xх 7 талд авагдсан “Зөрчлийн хэрэг нээх тухай” тогтоолын хуулбар болон бусад нэхэмжлэлд хавсаргаж өгсөн нотлох баримтуудаас үзэхэд жолооч Д  нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.14, 3.1 а заалтуудыг зөрчиж өөрийн хууль бус санаатай үйлдлээр бусдад гэм хор учруулсан тул өөрөө уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзэж байна. Харин Хх-ийн 10,16,18-19 талд авагдсан баримтуудаас харахад “Д ” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай иргэн Б  нь хохирлын төлбөрийн тал хагасыг хамтран хариуцаж арилгахаар гэрээ байгуулж байсан байна. Гэтэл шүүх Д г огт оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу юм.

2. Хариуцагчийг ажил олгогч гэж үзсэн нь буруу талаар. Осол гаргасан жолооч Д  нь хариуцагч “Д ” ХХК-ийн ажилчин биш, түүнийг жолоочоор ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээ манай компани байгуулж байгаагүй, түүний унаж явсан тээврийн хэрэгсэл нь манай компанийн эзэмшлийн зүйл биш юм. Осол гарах үед жолооч Д гийн ашиглаж явсан тээврийн хэрэгсэл бол “Өргөн их баяжмал” ХХК-ийн эзэмшлийн зүйл болох нь мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргаж өгсөн, ослын хувийн хэргээс хуулбарласан баримт болох ХУД-ийн ЗЦТ-ийн үйлдсэн “Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал” гэх нэртэй баримтын “тээврийн хэрэгслийн тодорхойлолт” гэх хэсэгт бичигдсэн тэмдэглэгээ, холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл гэх баримтын биеийн байцаалтын хэсэгт Д  өөрийгөө “Өргөн их баяжмал” ХХК-д жолооч гэж тэмдэглүүлээд мэдүүлэгтээ “2019 оноос эхлэн “Өргөн их трейд” ХХК-д жолоочоор ажиллаж байгаа, ”Д ” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй” гэж мэдүүлсэн зэргээс харагдаж байна. “Д ” ХХК нь “Өргөн их баяжмал” ХХК-тай тухайн тээврийн хэрэгслийг түрээсээр ашиглах гэрээ мөн байгуулж байгаагүй болно. Харин         жолооч Д  нь осол гаргах үедээ манай компанийн хувьцаа эзэмшигч, тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан иргэн Б гийн хувийн захиалгаар цемент тээвэрлэж явжээ. Хохирол барагдуулах тухай гэрээ гэх зэрэг тухайн үед үйлдэгдэж байсан баримтуудад Б  нь “Д ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхээ ашиглан тамга дарж байжээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн “Хөдөлмөрийн гэрээ” гэх баримтыг осол гарснаас хойш 8-р сард Б , Д  нар хохирогчид төлбөрийн баталгаа гаргаж байж машинаа журмын хашаанаас авах зорилгын үүднээс дүр үзүүлэн үйлдсэн байна. Ийм гэрээ манай бичиг баримтад байдаггүй атал эх хувь нь нэхэмжлэгчид байгаа нь уг гэрээг түүнд л үзүүлэх зорилгоор дүр үзүүлэн хийсний баталгаа юм. Хх-ийн 13-р хуудсанд байх Б гийн 2019.08.07-ны өдрийн гэрчээр өгсөн мэдүүлгийн тэмдэглэлд “Д  нь 2019.05.30-ны өдөр ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээ байгуулж амжаагүй байгаа” гэж хэлсэн байх боловч мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг нотолж гаргасан ямар нэг бичгийн баримт байхгүй, Хөдөлмөрийн гэрээ байхгүй, НДШ төлсөн тухай, цалин хөлс олгож байсан тухай зэрэг баримт байхгүй байхад мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй юм.

3. Төлбөрийн үлдэгдлийн хэмжээг нарийвчлан тогтоолгүйгээр нотлох баримт дутуу бүрдүүлж хэрэг шийдвэрлэсэн талаар. Нэхэмжлэгч нь хэргийн оролцогчдын хооронд байгуулсан гэрээний дагуу гэм хор учруулсны төлбөрийг төлөх үүрэг бүхий үндсэн хариуцагч болох буруутай жолоочоосоо төлбөрөө нэхээд авсан эсэх нь тодорхойгүй байгаа тул одоо Дэлгэрдалай ч бай “Дэлгэр интернэшнл” ч бай хариуцагчаас төлбөрийг давхардуулж нэхэж байгаа эсэхийг тогтоох боломжгүй байгааг шүүх анхааран үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь өрөөсгөл боллоо. Хариуцагчийн төлөөлөгч миний зүгээс ”Д г оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэх тайлбартайгаар шүүх хуралдаанд оролцсон тул түүнийг хуралд дуудаж оролцуулах талаар тусгайлан хүсэлт гаргаагүй юм. Шүүх хурлаас хойш 10 сарын 22-ны өдөр Д тэй утсаар нь холбогдож тодруулахад тэрээр нэхэмжлэгчид нэг сая таван зуун мянган төгрөгт тооцож Ниссан Санни маркийн машин хүлээлгэн өгсөн байна. Гэтэл нэхэмжлэгч энэ талаар ярилгүй нуусан. Иймд хяналтын шатны шүүхээс хүсэхэд шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

6. Нэхэмжлэгч Н  нь хариуцагч “Д ” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 10,506,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “...уг тээврийн хэрэгслийн эзэмшигч биш, жолооч Д тэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, “Д ” ХХК-ийн захирал байсан Б  иргэнийхээ хувьд хохирол барагдуулах гэрээ байгуулсан тул манайх хариуцагч биш, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

7. Анхан шатны шүүх хариуцагч “Д ” ХХК-аас 9,996,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 510,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

8. Хариуцагч “... Шүүх хууль буруу хэрэглэсэн, Иргэний хуулийн 497.1-ээр зүйлчлэх ёстой байсан, ... Д г огт оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу, нэхэмжлэгч нь гэм хор учруулсны төлбөрийг төлөх үүрэг бүхий этгээдээс авсан эсэх нь тодорхойгүй, хариуцагчаас төлбөрийг давхардуулж нэхэж байгаа эсэхийг тогтоох боломжгүй байгааг шүүх анхаарч үзээгүй ...” гэж шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулах гомдлыг хяналтын журмаар гаргажээ.

9. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т “Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна” гэж заасан бөгөөд тээврийн хэрэгслийг бодитойгоор эзэмшилдээ байлгаж байгаа шууд эзэмшигч, эзэмших боломжоо бусдад олгосон шууд бус эзэмшигчийн аль аль нь хамаарахаар байна.

10. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Д  нь 2019.07.28-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Түргэний голын гүүрний урд замд Бэйбэн маркийн 54-20 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа зам тээврийн осол гаргаж, уг ослын улмаас Н гийн эзэмшлийн Тоёота хайландер /Тоуоta Highlander/ маркийн 0611 УБҮ тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан болох нь тогтоогджээ.

11. Нэхэмжлэгч Н гийн төлөөлөгч Б.Төрболд, “Д ” ХХК-ийг төлөөлж Б  болон Д  нар 2019.08.07-ны өдөр хохирол барагдуулах гэрээ байгуулж, “нийт 16,236,000 төгрөгийн хохирлыг гэрээний хавсралт 1-д заасны дагуу үнийн дүнгийн 50 хувь болох 7,586,500 төгрөгийг захирал Б  нь хохирогч Н гийн Хаан банкны дансанд 2019.08.07-ны өдрийн дотор, үлдэгдэл төлбөр болох 7,856,500 төгрөгийг 2019.09.07-ны өдрөөс 2020.01.31-ний өдрийг хүртэл захирал Б  нь Д гийн цалингаас сар бүр 1,500,000 төгрөгийг суутгаж хохирогч Н гийн дансанд шилжүүлнэ” гэж тохиролцжээ.

12. Анхан шатны шүүх тээврийн хэрэгслийг засварлахад гарах зардал 15,173,000 төгрөг, үнэлгээ тогтоолгосон ажлын хөлс 618,000 төгрөг, оношилгоо 35,000 төгрөг, нийт 15,726,000 төгрөгөөс хохиролд төлсөн 5,730,000 төгрөгийг хасаж, үлдэх 9,996,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцжээ.

13. Анхан болон давж заалдах шатны шүүх гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд нэхэмжлэгчийн гэм хорын хохирлыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

14. Давж заалдах шатны шүүх “Ниссан Санни маркийн автомашиныг төлбөртөө тооцон өгсөн тохиолдолд төлбөрөөс хасаж тооцох, эсхүл уг асуудлаар тусад нь нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй бөгөөд шүүхийн энэ шийдвэр саад болохгүй” талаар дүгнэсэн нь зөв юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2020/02676 дугаар шийдвэр, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 37 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 183,046 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.БАЯРМАА       

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Г.АЛТАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                               Г.БАНЗРАГЧ

                                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                    Д.ЦОЛМОН