Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2018/0385

 

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2018/0385

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М би даргалж, шүүгч У.Б, шүүгч Ц.М нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж Э Ю Г ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хаяг:

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох,

Хаяг:

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 333 дугаар шийдвэрийн холбогдох хэсэг, 2012 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 440 дүгээр шийдвэрийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан MV-12806А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан 97.62 гектар талбайг буцаан сэргээж, тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийхийг даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, иргэдийн төлөөлөгч М.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж Э Ю Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цолмонбаатар, Б.М нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутагт орших Өвөр хөшөөтийн амны алтын шорооны ордын MV-12806А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг бөгөөд энэхүү тусгай зөвшөөрлийн талбай анх 204.37 га байсан. Харин Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хамгаалалтын бүстэй уг ордын талбай хэсэгчлэн давхцалтай гэсэн үндэслэлээр манай компанийг энэхүү ордод бүхэлд нь үйл ажиллагаа явуулахыг 2009-2011 онуудад түдгэлзүүлсэн.

2011 оны Засгийн газрын Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай 174 дүгээр тогтоолоор манай талбайн хэсэг нь хамгаалалтын бүсэд орж, улмаар 2012 оны 7 дугаар сарын 04-ний өдөр манай эзэмшдэг МV-12806А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулж, хасалт хийсэн. Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс ийнхүү манай тусгай зөвшөөрлийн талбайгаас хасахдаа Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон энэхүү хууль хэрэгжих, үйлчлэх хүрээ хязгаар, хилийн заагийг тодорхойлсон Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолд үндэслэн гаргасан. Өөрөөр хэлбэл Ж Э Ю Г ХХК-ийн эзэмшдэг MV-12806А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн зарим талбай нь Засгийн газрын 174 дүгээр тогтоолын дагуу Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хамрах хүрээнд багтаж, улмаар хасагдсан юм. Харин дээр дурдсан Засгийн газрын 174 дүгээр тогтоол нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль-д 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр өөрчлөлт орсонтой холбогдуулан Засгийн газраас гаргасан Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор хүчингүй болсон байдаг.

Цаашлаад 2009 онд батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 1 дүгээр зүйл нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана гэж 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр өөрчлөгдсөн нь өмнө нь тухайн хориглогдсон талбайд тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан тусгай зөвшөөрөл эзэмшигч энэхүү заалтын дагуу тухайн талбайдаа дахин үйл ажиллагаа явуулах боломжийг нээж өгсөн явдал юм.

Мөн манай компанийн тусгай зөвшөөрлийн талбайгаас хасалт хийхдээ ямар нэгэн нөхөх олговор олгоогүй бөгөөд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд нөхөх олговор олголгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцлах, тусгай зөвшөөрлийн талбайг хасах боломжгүйгээр хуульчилсан байдаг.

Иймд нэхэмжлэгчийн MV-12806А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан талбайг буцаан сэргээж, тусгай зөвшөөрөлд тэмдэглэгээ хийхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү.

Бид нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох MV-12806А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулсан Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн 333 дугаар шийдвэрийн холбогдох хэсэг, 440 дүгээр шийдвэрүүдийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байна гэв.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмагнай нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутагт Өвөрхөшөөтийн ам нэртэй 204.37 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын MV-12806А тоот тусгай зөвшөөрлийг 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ж Э Ю Г ХХК-д олгосон. Улсын Их Хурлаас 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолуудыг тус тус гаргасан. Тус тогтоолд хамрагдаж буй 7211 солбицлыг кадастрын мэдээллийн санд бүртгэхэд ашигт малтмал ашиглалтын MV-12806А тоот тусгай зөвшөөрлийн талбай нь хуулиар хориглосон хязгаарласан талбай буюу гол, мөрний урсац бүрэлдэх эх газартай хэсэгчлэн давхцалтай байсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалт, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалт, Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолын хавсралт Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговор олгох журмын 5.3 дахь заалт, Ашигт малтмалын газрын даргын 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 495 дугаар тушаалаар батлагдсан нөхөх олговор тооцох дотоод зааврын 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Сангийн яамны 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3-2/1457 дугаар албан бичиг, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ХХ-14 дугаар тэмдэглэл зэргийг тус тус үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 333, 440 дүгээр шийдвэрүүдээр тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулж, давхцалтай хэсгийг цуцалж хууль болон тогтоолд нийцүүлж шийдвэрлэсэн.

Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор усан сан бүхий газрын эргээс 50 метрт онцгой, 200 метрт энгийн хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлж, 2012 оны 194 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийн, ойн сан бүхий газрын хилийн заагийн солбицолд тус тус өөрчлөлт оруулж баталсан бөгөөд дээрх тогтоолын хавсралтад оруулсан өөрчлөлтөд нэхэмжлэгч компанийн эзэмшиж байсан ашиглалтын MV-12806А тоот тусгай зөвшөөрлийн талбайн хэсэг хамаарахгүй байна. Ашигт малтмалын тухай хууль, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрыг хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон Засгийн газрын 289 дүгээр тогтоолоор нэгэнт солбицолд өөрчлөлт орсон талбайг буцаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох хууль зүйн зохицуулалт байхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж Э Ю Г ХХК нь анх 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд хандан, 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, улмаар Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 282 дугаар тогтоолоор солбилцлыг шинэчлэн тогтоож, нэхэмжлэгчийн дээрх хуулийн дагуу давхцалтай хэмээн тогтоогдож байсан талбай бүхэлдээ чөлөөлөгдсөн тул уг чөлөөлөгдсөн талбайг бүхэлд нь буцаан сэргээн авч, тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэл хийлгэхийг даалгах агуулга бүхий нэхэмжлэлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргажээ.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсиййн даргын 2012 оны 333 болон 440 дүгээр шийдвэрүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэмэгдүүлсэн боловч 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь энэхүү нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаж байгаа болохоо бичгээр илэрхийлсэн тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т заасан журмын дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан хэсгийг баталж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулав.

Шүүх нэхэмжлэгч болон хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын /хуучин нэрээр/ 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэрээр Ж Э Ю Г ХХК-нд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутаг Өвөрхөшөөтийн ам нэртэй газар 204 гектар талбайд ашигт малтмал ашиглах МV-12806А дугаар тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай олгожээ.

Монгол Улсын Их Хурлаас 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг баталжээ. Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Монгол улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хил заагийг Засгийн газар тогтоохоор заасан дагуу Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор тогтоосон хязгаарлалтын бүсийн хилийн заагт нэхэмжлэгчийн эзэмшиж буй МV-12806А дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 204 гектар талбайгаас 97.62 гектар талбай хамрагдсан. Иймд Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 7 дугаар сарын 4-ны өдрийн 440 дүгээр шийдвэрээр Ж Э Ю Г ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулан, хориглосон талбайтай хэсэгчлэн давхцалтай хэсгийг цуцалж, давхцалгүй хэсэг болох 106.75 гектар талбайн хэмжээгээр ашигт малтмалын ашиглалтын МV-12806А дугаар тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээг багасган солбицолд өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журмын 3 дугаар зүйлийн 3.4.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор хүсэлт гаргаагүй бол нөхөх олговор олгохгүй байхаар заасан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс нөхөх олговор авах тухай хүсэлт гаргаагүй байна.

Улсын Их Хурал 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор Засгийн газраас 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 289 дүгээр тогтоолоор өмнөх 2011 оны 177, 2012 оны 194 дүгээр тогтоолоор тогтоосон Гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийн солбицолд өөрчлөлт оруулж, усны сан бүхий эргээс 50 метрт онцгой хамгаалалтын бүс, 200 метрт энгийн хамгаалалтын бүс байхаар тус тус тогтоож, тэмдэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нарт даалган, Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолыг бүхэлд нь, 2012 оны 194 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцжээ.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд ... тусгай зөвшөөрө эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл гурван сарын дотор ...өргөдөл гаргана гэж заасан.

Энэ нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д заасан буюу Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолуудаар тогтоосон хилийн заагийн дотор ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулахыг хүсвэл 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргаж шийдвэрлүүлэх боломжтой гэсэн агуулгатай байна.

Өөрөөр хэлбэл, энэхүү хууль батлагдан гарснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өмнө нь эзэмшиж байсан талбайдаа дахин үйл ажиллагаа явуулах боломжтой болсон бөгөөд ингэхийн тулд тус хууль хүчин төгөлдөр болсноос хойш гурван сарын дотор үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтийг гаргасан байх ёстой.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, нэхэмжлэгч Ж Э Ю Г ХХК нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан журмын дагуу ашигт малтмалын ашиглалтын МV-12806А дугаар тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан талбайд дахин үйл ажиллагаа явуулахаар 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 015/047 тоот албан бичгээр Ашигт малтмалын газарт хандаж байсан болох нь нэхэмжлэгчээс гаргасан хүсэлт, Ашигт малтмалын газраас 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1/3879 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч Ж Э Ю Г ХХК-нд хүргүүлсэн хариу, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 7/5728 дугаар албан бичиг, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 7/1886 дугаар албан бичиг, түүнд хавсарган ирсэн бичгийн бүртгэлийн 2473 дугаар карт зэрэг баримтаар,

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 440 дүгээр шийдвэрээр Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор тогтоосон хязгаарлалтын бүсийн хилийн заагт хамрагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн эзэмшиж буй МV-12806А дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан 97.62 гектар талбай нь Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай 289 дүгээр тогтоолоор хориглосон болон хязгаарласан хилийн заагт хамаарахгүй болсон нь хэргийн оролцогчдын тайлбар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 06б/3774 дүгээр албан бичгээр тус тус тогтоогдож байх бөгөөд энэ асуудалтай холбогдуулан иргэдийн төлөөлөгчөөс ...нөхөн төлбөр аваагүй тул хасагдсан талбайг хуулийн дагуу олгох нь зөв хэмээн үзэж байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Иймд, нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу батлагдсан Засгийн газрын тогтоолоор чөлөөлөгдсөн газарт, хуульд заасан хугацааны дотор хүсэлтээ гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тодорхой тогтоогдож байна хэмээн шүүх бүрэлдэхүүн үзэж, ашигт малтмалын ашиглалтын МV-12806А дугаар тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан талбайг бүхэлд нь буцаан сэргээж, тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийхийг даалгах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүх хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмагнайд хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товийг мэдэгдсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн тайлбаруудыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-т заасныг тус тус үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсиййн даргын 2012 оны 333 болон 440 дүгээр шийдвэрүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Ж Э Ю Г ХХК татгалзсныг баталсугай.

2. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 4.6, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашиг малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ж Э Ю Г ХХК-ний гаргасан ашигт малтмалын ашиглалтын МV-12806А дугаар тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан талбайг бүхэлд нь буцаан сэргээж, тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.М

ШҮҮГЧИД У.Б

Ц.М