Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2017/0369

 

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2017/0369

Улаанбаатар хот

Ж Э Ю Г ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, П.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0151 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ж Э Ю Г ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0151 дүгээр шийдвэрээр: Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 4.6, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.8, 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж Э Ю Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, MV-000000 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан талбайг буцаан сэргээж, тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийхийг даалгаж, Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 333 дугаар шийдвэр, 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 440 дүгээр шийдвэрийг тус тус илт хууль бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: ... Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутаг Өвөрхөшөөтийн ам нэртэй 106.76 гектар бүхий талбайд ашигт малтмалын ашиглалтын MV-00000 тоот тусгай зөвшөөрлийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ж Э Ю Г ХХК-д олгогдсон байна.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно заалтын дагуу Монгол Улсын Засгийн газраас 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолуудыг гаргасан. Дээрх тогтоолыг бүртгэж үзэхэд ашигт малтмалын ашиглалтын MV-00000 тоот тусгай зөвшөөрлийн талбай нь хуулиар хориглосон хязгаарласан талбай буюу гол, мөрний урсац бүрэлдэх эх газартай хэсэгчлэн давхцалтай байсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалт, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалт Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолын хавсралт Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тухай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөн олговор олгох журмын 5.3 дахь заалт, Ашигт малтмалын газрын даргын 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 495 дугаар тушаалаар батлагдсан нөхөн олговор тооцох дотоод зааврын 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Сангийн яамны 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3-2/1457 албан тоот, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ХХ-14 дугаартай тэмдэглэл зэргийг тус тус Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 333, 440 дүгээр шийдвэрүүдээр тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулж, давхцалтай хэсгийг цуцалж хууль болон тогтоолд нийцүүлж шийдвэрлэсэн.

Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор усан сан бүхий газрын эргээс 50 метр онцгой, 200 мерт энгийн хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлж, 2012 оны 194 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийн, ойн сан бүхий газрын хилийн заагийн солбицолд тус тус өөрчлөлт оруулж баталсан бөгөөд дээрх тогтоолын хавсралтад оруулсан өөрчлөлтөд нэхэмжлэгч компанийн эзэмшиж байсан ашигт малтмалын MV-00000 тоот тусгай зөвшөөрлийн талбайн хэсэгт хамаарахгүй бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0151 дүгээр шийдвэрийн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 4.6, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.8, 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримтлан MV-00000 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан талбайг буцаан сэргээж тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийхийг даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Ж Э Ю Г ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан MV-00000А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан талбайг буцаан сэргээж, тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийхийг даалгах нэхэмжлэл гаргажээ.

Тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 333 дугаар шийдвэр, 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 440 дүгээр шийдвэрийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох-оор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутаг Өвөрхөшөөтийн ам нэртэй газарт 204 гектар талбайд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар /хуучин нэрээр/ ашигт малтмал ашиглах 00000А дугаар тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатайгаар Ж Э Ю Г ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн боловч Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар гол, мөрний урсац бүрэлдэх эх, ойн болон усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосонтой холбогдуулан Засгийн газрын 2011 оны 174 тоот, 2012 оны 194 тоот тогтоолуудаар тогтоосон хязгаарлалтын бүсийн хилийн заагт Ж Э Ю Г ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын 00000А тоот тусгай зөвшөөрлийн 204 гектар талбайгаас 97.62 гектар хамрагдсан, харин давхцалгүй хэсгийг 106.75 гектар талбай байхаар солбицолд өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн нь хариуцагчийн тайлбар болон тусгай зөвшөөрлийн 1 дүгээр хавсралтад тэмдэглэгдсэн хасагдсан талбайн хэмжээ, солбицлоор тус тус нотлогдож байна.

Улсын Их Хурлаас 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр дээрх хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 289 дүгээр тогтоолоор өмнөх 2011 оны 177, 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийн солбицолд өөрчлөлт оруулж, өөрөөр хэлбэл усны сан бүхий эргээс онцгой хамгаалалтын бүсийг 50 метрт, энгийн хамгаалалтын бүсийг 200 метрт байхаар тэмдэгжүүлэн, өмнөх 174 дүгээр тогтоолыг бүхэлд нь, 194 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болгожээ.

Дээрх хуулийн 1 дүгээр зүйлийн агуулгаас үзэхэд Гол, мөрний урсац бүрэлдэх эх усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.6-д заасан буюу Засгийн газрын 174, 194 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан энэхүү нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад өргөдөл гаргахаар зохицуулсан байна.

Уг зохицуулалтаар хуульд заасан хугацаанд өргөдөл гаргасан нөхцөлд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой болох бөгөөд нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд өргөдлийг гурван сарын дотор хугацаандаа гаргаж байсан гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ талаар тодорхой мэдэхгүй байна хэмээн тайлбарлаж байгаа, хэрэгт энэ талаарх өргөдөл, хүсэлт гаргаж байсан холбогдох нотлох баримт байхгүй зэргээс дүгнэхэд анхан шатны шүүх маргааны үйл баримттай холбоотой хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулаагүй тул энэ талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.

Нэхэмжлэгчээс хасагдсан талбайг буцаан эзэмших талаар хүсэлт гаргаж байсан гэх үйл баримтыг анхан шатны шүүх буруу үнэлж нэхэмжлэгчээс хуульд заасан хугацаанаас хойно буюу 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 016/025 дугаар албан бичигт хариу өгч байсан хариуцагчийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1/3879 дүгээр албан бичгээр нотлогдож байна гэж дүгнэсэн нь буруу байна.

Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, маргааны үйл баримт буюу нэхэмжлэгчийг хуульд заасан хугацаанд өргөдөл гаргаж байсан эсэхийг тодруулах үүргээ хэрэгжүүлээгүй атлаа ... Засгийн газрын баталсан журмын дагуу нэхэмжлэгч хүсэлт гаргаагүй ... гэж дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасантай нийцээгүй байна.

Мөн түүнчлэн хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт нэхэмжлэгчийн хасагдсан талбайг Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор энгийн хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлж, 2012 оны 194 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад оруулсан өөрчлөлтөд хамаарахгүй гэж дурдсан байх бөгөөд нэхэмжлэгчид хүргүүлсэн Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 1/3879 дүгээр албан бичигт хэсэгчлэн давхцалтай байсан талбайн зарим хэсэг нь уг хилийн заагт хамаарахгүй болсон гэх нэг байгууллагын зөрүүтэй тайлбарыг тодруулах шаардлагатай байна.

Иймд, давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0151 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтыг баримтлан хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                   Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                   Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                   Д.БААТАРХҮҮ