Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 575

 

 

 

 

  2020             5              12                                        2020/ДШМ/575

 

                                С.О, Д.Ч, Ц.Н, Г.Г

                                нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Батсайхан,

шүүгдэгч С.О, Ц.Н нарын өмгөөлөгч Ц.Туяа,

шүүгдэгч Г.Гийн өмгөөлөгч Д.Батдулам,   

шүүгдэгч Д.Чы өмгөөлчөгч Г.Баттогтох,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/542 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.О, Ц.Н нарын өмгөөлөгч Ц.Туяагийн гаргасан давж заалдах гомдол, прокурор Г.Эрдэнийн бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 26 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр С.О, Д.Ч, Ц.Н, Г.Г нарт холбогдох эрүүгийн 1941000220140 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. С.О,

2. Ц.Н,

3. Г.Г,

4. Д.Ч,

Яллагдагч С.О нь байлдааны зориулалттай галт зэвсэг болох 5964 ширхэг сумыг хууль бусаар олж авч, 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 22-62 УНЦ улсын дугаартай “Тоёота Аллион” маркийн тээврийн хэрэгсэлд 133 ширхэгийг, мөн байлдааны зориулалтай галт зэвсэг болох сумаа нууж, далдлах зорилгоор 2019 оны 5 дугаар сарын 7-ноос 8-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн найз О.Урангоогийн гэрт буюу Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны  хороололын 28 дугаар байрны 1301 тоотын тагтан дээр 5831 ширхэгийг тус тус хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,

Яллагдагч Ц.Н нь байлдааны зориулалтай галт зэвсэг болох 1515 ширхэг сумыг хууль бусаар олж авч, 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Мянган оюутны байрны зүүн талын нийтийн байрны 307 тоот түрээслэн амьдардаг гэртээ болон өөрийн эзэмшлийн 58-43 УБО улсын дугаартай "Румион" маркийн тээврийн хэрэгсэлд 115 ширхэгийг хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,

мөн Г.Гтэй гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэн бүлэглэж 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр байлдааны зориулалтай галт зэвсэг болох сумаа нууж, далдлах зорилгоор Г.Гийн гэрт хадгалах талаар түүнтэй ярилцаж тохиролцож буюу гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, төлөвлөн, үүрэг оролцоог хуваарилсаны дагуу 2019 оны 5 дугаар сарын 7-ноос 8-ны өдрийг хүртэлх хугацаанд 1400 ширхэгийг Г.Гийн оршин суудаг Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун Алтан Өлгийн 337а тоотод хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт зохион байгуулж хамтран оролцсон гэмт хэрэгт,

Яллагдагч Г.Г нь яллагдагч Ц.Нтэй гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэн бүлэглэж 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр түүний хууль бусаар олж авсан байлдааны зориулалттай галт зэвсэг болох 1400 ширхэг сумыг өөрийн гэртээ нууж далдалж өгөх зорилгоор түүнтэй ярилцан тохиролцож буюу урьдчилан амлаж Ц.Нийг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж 2019 оны 5 дугаар сарын 7-ноос 8-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн оршин суудаг Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун Алтан Өлгийн 337а тоотод хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт хамжиж хамтран оролцсон гэмт хэрэгт,

мөн 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр согтуугаар Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цайз” нэртэй зочид буудалд иргэн Х.Оюунгэрэлийн нүүрэн тус газар гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

яллагдагч Д.Ч нь байлдааны зориулалтай галт зэвсэг болох 10 ширхэг сумыг хууль бусаар олж авч, 2019 оны 4 дүгээр сараас 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд Дарь-Эхийн 24 дүгээр гудамжны 1521 тоот гэртээ хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Сартуул овогт Сандагдоржийн С.О, Уньт овогт Дамдиндоржийн Д.Ч нарт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Цэрэндоржийн Ц.Нт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Халх овогт Гунгаасүрэнгийн Г.Г нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сартуул овогт Сандагдоржийн С.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан байлдааны зориулалттай галт хэрэгслийг хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн, Боржигон овогт Цэрэндоржийн Ц.Нийг байлдааны зориулалттай галт хэрэгслийг хууль бусаар олж авч, хадгалсан, уг гэмт хэргийг зохион байгуулж хамтран оролцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, Халх овогт Гунгаасүрэнгийн Г.Гийг галт хэрэгслийг хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, гэмт хэрэгт хамжиж хамтран оролцсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн, Уньт овогт Дамдиндоржийн Д.Чыг галт хэрэгслийг хууль бусаар олж авч, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Гунгаасүрэнгийн Г.Гийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Г.Гийг уг гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр Сандагдоржийн С.Оийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Дамдиндоржийн Д.Чыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Цэрэндоржийн Ц.Нийг 1 /нэг/жилийн хугацаагаар тэнсэж, Гунгаадоржийн Г.Гийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар С.О, Д.Ч, Ц.Н, Г.Г нар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан үүрэг хүлээлгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар С.О, Д.Ч, Ц.Н, Г.Г нарыг шүүхээс тэнссэн хугацаанд хяналт тавихыг оршин суугаа газрын шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар С.О 20 хоног, Ц.Н 20 хоног, Д.Ч 2 хоног, Г.Г 13 хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулж, энэ хэрэгт битүүмжпэгдэн ирсэн хөрөнгөгүй, С.О, Д.Ч, Ц.Н, Г.Г нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, С.Оаас хураагдсан 5958 ширхэг сумнаас 6 ширхэгийг шинжилгээнд хүргүүлсэн, Д.Чаас хураагдсан 10 ширхэг сумнаас 2 ширхэгийг шинжилгээнд хүргүүлсэн, Ц.Нээс хураагдсан 116 ширхэг сумнаас 6 ширхэгийг шинжилгээнд хүргүүлсэн, Г.Гээс хураагдсан 1400 ширхэг сумнаас 2 ширхэгийг шинжилгээнд хүргүүлсэн, мөн С.Оаас хураагдсан 41521 ширхэг сумнаас 5 ширхэгийг шинжилгээнд хүргүүлсэн, Д.Чаас хураагдсан 2105 ширхэг сумнаас 3 ширхэгийг шинжилгээнд хүргүүлсэн, Ц.Нээс хураагдсан 109 ширхэг сумнаас 9 ширхэгийг шинжилгээнд хүргүүлсэн, Ч.Энхцэцэгээс хураагдсан 2500 ширхэг сумнаас 3 ширхэгийг шинжилгээнд хүргүүлсэн гэсэн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар С.Оаас хураагдсан 5958 ширхэг сум, Д.Чаас хураагдсан 8 ширхэг сум, Ц.Нээс хураагдсан 110 ширхэг сумыг, Г.Гээс хураагдсан 1398 ширхэг байлдааны зориулалттай сумнууд, мөн С.Оаас хураагдсан 41516 ширхэг сум, Д.Чаас хураагдсан 2102 ширхэг, Ц.Нээс хураагдсан 100 ширхэг, Ч.Энхцэцэгээс хураагдсан 2497 ширхэг ангийн зориулалттай сумнууд тус тус Эрүүгийн Цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтээ тэмцэх Мөрдөн шалгах хэлтэсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгааг дурдаж хэргийг шүүхэд ирүүлснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Цагдаагийн газрын галт зэвсгийн хэлтэст шилжүүлж, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа болох 1 хавтас 32 хуудастай материал, 3 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба С.О, Д.Ч, Ц.Н, Г.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, түүний өмгөөлөгч нар, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.О, Д.Ч, Ц.Н, Г.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч С.О, Ц.Н нарын өмгөөлөгч Ц.Туяа давж заалдах гомдол болон тус шүүхэд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаалтын шатанд С.Оаас 41516 ширхэг ангийн зориулалттай сум, Ц.Нээс 100 ширхэг ангийн зориулттай сум тус тус хурааж авсан. ... шүүх хууль буруу хэрэглэж, ангийн сумыг эд мөрийн баримт хэмээн үзэж, Нийслэлийн Цагдаагийн газрын галт зэвсгийн хэлтэст шилжүүлснийг үндэслэлгүй гэж байна. Иймд шүүгдэгч С.О, Ц.Н нараас хураасан дээрх 41516 ширхэг ангийн зориулалттай сум нь гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн болох нь тогтоогдоогүй, гэмт үйлдлийн замаар олсон эд зүйлс биш буюу хуульд зааснаар эд мөрийн баримт биш байх тул шүүгдэгч нарт буцаан олгож өгнө үү. ...

... Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй учир С.О, Ц.Н нарыг цагаатгаж өгнө үү” гэв.

 

Прокурор Г.Эрдэнэ бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно” гэж заажээ.

Г.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэж, тухайн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа болох 1 жил дуусаагүй байхад буюу 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг дахин үйлдсэн байхад Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж дүгнэн, хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн хувьд алдаатай, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. ...анхан шатны шүүх шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршгийн талаар бодитой үнэлж, дүгнээгүй байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон” байхаар, мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “..нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж тус тус заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үйлдэл нь аливаа амьд бодгалийг хөнөөх үйлчлэлтэй “галт хэрэгсэл”-ийг олж авсан, хадгалсан шинжтэй байтал тухайн үйлдлийн улмаас хохирч, зөрчигдөж болох хохирол, хор уршиг, үр дагавар, түүнчлэн нийтлэг эрх ашигт аюул, занал учруулж болох нөхцөл байдлыг шүүх огт анхаарч үзэлгүй орхигдуулсан буюу шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

Мөн эрүүгийн хэрэгт хураагдаж, эд мөрийн баримтаар тооцогдсон ангийн болон байлдааны зориулалттай сумнуудыг Нийслэлийн Цагдаагийн газрын Галт зэвсгийн хэлтэст устгуулах, улсын орлого болгох зэрэг тодорхой зорилгогүйгээр шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 542 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн1 дэх хэсэг, мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

яллагдагч Г.Гийн өмгөөлөгч Д.Батдулам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Г.Гийг 2 буюу түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж дүгнэсэн. Өмгөөлөгчийн зүгээс хууль хэрэглээний асуудал болон гэм буруу дээр маргаж байна. Г.Г нь 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гээд шалгагдаж байх хугацаандаа 2019 оны 5 дугаар сард энэ гэмт хэрэгт холбогдсон. Энэ гэмт хэргээс эхлүүлээд тоолсон ч, дахин шинээр тоолсон ч гэсэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс өмнө Г.Гийн өмнөх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан. Иймд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. Мөн Г.Г нь дахин гэмт хэрэг үйлдээгүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлд заасан энэ гэмт хэргийг үйлдээгүй. Энэ гэмт хэрэг нь зөвхөн санаатайгаар үйлдэгддэг гэмт хэрэг. Гэтэл санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн болохыг  нь нотолж чадаагүй. Зөвхөн Ц.Нтэй ярьсан хэдхэн минутын ярианы бичлэг байдаг. Ц.Н нь “та хаана байгаа юм бэ. Гэртээ байна уу. Би танайд 2 цүнх юм аваачиж тавих гэсэн юм” гэдэг. Үүнийг нь Г.Г 2 цүнх юм гэж ойлгоод гэрийнхээ түлхүүрийг хаана байгааг нь зааж өгсөн. Тэгээд шөнө нь гэртээ оройтож ирсэн. Гэтэл үүрээр Цагдаагийн байгууллагаас хүмүүс ирж шалгаад гэрээс нь буюу орон доороос нь дээрх сумнуудыг олсон байдаг. Г.Г “үүнийг мэдсэн байсан бол юу гэж өөрийнхөө унтдаг орон доор хийх вэ” гэдэг. Мөн сум гэж Эрүүгийн хуульд заагаагүй тул Зөрчлийн хуульд зааснаар төсөөтэй хэрэглэх боломжгүй. Иймд Г.Гийн сүүлд холбогдсон хэргийг цагаатгаж өгнө үү” гэв.

яллагдагч Д.Чы өмгөөлөгч Д.Баттогтох тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Чы хувьд гэм буруу дээрээ маргадаггүй. Анхнаасаа сум олж авсан болохоо хүлээн зөвшөөрдөг. Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Д.Ч болон миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрсөн учраас давж заалдах гомдол гаргаагүй. Прокурорын эсэргүүцлийн хувьд шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх ёстой байсан гэж үзэж байна. Харин шүүхээ ял оногдуулж байгаа хэлбэр нь хууль зүйн хувьд үндэслэлтэй гарсан. Сумны хувьд надад хэлэх тайлбар байхгүй байна. Анхан шатны шүүх хэргийг буцааж шийдвэрлэсэн нь цаг хугацааны хувьд алдагдалтай байна. Нэгэнт давж заалдах шатны шүүх магадлал гаргаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй тул энэ эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэв.

Прокурор Б.Батсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэгүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлж өгнө үү...”

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол болон улсын яллагчийн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

            Анхан шатны шүүх шүүгдэгч С.О, Ц.Н, Г.Г, Д.Ч нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзлээ.

Нийслэлийн прокурорын газраас Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Гийг галт хэрэгслийг хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, гэмт хэрэгт хамжиж хамтран оролцсон, хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн бол... энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж тодорхой хуульчилан заажээ.

Анхан шатны шүүх дээрх хуулийн заалтад хууль зүйн дүгнэлт хийлгүй, зөвхөн Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 2.6 дугаар зүйлийн 2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг ангилалд хамаарч байна гэж ерөнхий байдлаар дүгнэж, шүүгдэгч Г.Гийг хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

Түүнчлэн шүүх аливаа эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн субъектив талыг зайлшгүй тогтоох ёстой бөгөөд уг хэрэг чухам ямар гэмт хэрэг болох, түүний бүрэлдэхүүн, үндсэн шинж, хөөн хэлэлцэх хугацаа, харьяаллын тухай асуудлыг авч үздэг. Өөрөөр хэлбэл, ямар ч гэмт хэргийн бүрэлдэхүүн нь эрх зүйн хэм хэмжээгээр урьдчилан тодорхойлсон гэм буруутай тооцогдох иргэн /хуулийн этгээд/,-ийн нийгэмд харш үйлдэл, эс үйлдэхүйг бүрдүүлэгч шинжүүдийн нийлбэр юм.

 

Мөн хууль зүйн ач холбогдлоор гэмт хэргийн заавал байх шинж, хөнгөрүүлэх, хүндрүүлэх, эсхүл хариуцлагыг үгүйсгэх нөхцөл байдал, албан тушаалтан эсхүл иргэн, хуулийн этгээдэд холбогдох гэх мэт тухайн хуульд заасан нэмэгдэл болон үндсэн шинжийг нэг мөр шалгаж тогтоодог.

 

Эдгээрийг шалгасны эцэст шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, бусад бичгийн нотлох баримтад бодиттой үнэлэлт өгч, тэдгээрийг хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, шүүгдэгчийн үйлдэл, эс үйлдлийг тогтоож, гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хариуцлага оногдуулдаг учиртай.

 

Нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлэх нь сэтгэхүйн ажиллагаа төдийгүй тодорхой шийдвэр гаргах ажиллагаа болдог. Чухам иймээс шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.

Шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүдээс гадна, анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанд шүүгдэгч Д.Ч “...Би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би байлдааны зэвсэг гэж мэдээгүй. Хүүхдийнхээ хурдны моринд гэж л авсан. Хүмүүс моринд сайн байдаг гэхээр нь авсан. ...Би дарийг нь хэрэглэх гэж авсан. Шар тостой найруулж байгаад хурдны морины хөлөнд түрхдэг гэж сонссон учраас авсан. ...Хөнгөн ял оногдуулж өгнө үү...”, шүүгдэгч Г.Г “...Би үгсэж тохиролцоогүй, тавьсан гэдгийг нь мэдээгүй. Тийм учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Хөнгөн ял оногдуулж өгнө үү...”, шүүгдэгч Ц.Н “...Би сум гэж хэлээгүй, сум гэдэг нь мэдэгдээгүй. ...Би мэдээгүй. ... Хөнгөн ял оногдуулж өгнө үү...”, шүүгдэгч С.О “...Би машинаа угаалгах гэж орсон. Өмгөөлөгчтэйгээ санал нэг байна. ... Хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэж тус тус мэдүүлжээ.  /4 хх 82-100/

Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй субъектив байдлын илрэл бөгөөд өөрийн гэм бурууг ойлгож чин санаанаасаа гэмших байдлаар дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх хүсэл зоригийг бий болгодог нийгэмд ашигтай сэтгэл зүйн хандлага гэж үзэж дэмжих зорилгоор хуулиар ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл болгон хэрэглэж болохоор хуульчилсан.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж буй нь мөрдөн байцаалтаар тогтоосон хэргийн үйл баримтыг хууль зүйн дүгнэлтийн хамт бүрэн хүлээн зөвшөөрөх, учруулсан хохирлоо нөхөн төлөх, хор уршгийг арилгах, гэмт хэрэг дахин үйлдэхгүй байхыг амлах зэрэг хэлбэрээр илэрнэ.

Хэрэгт авагдсан болон анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн шүүгдэгч нарын мэдүүлгүүдээс дүгнэвэл гэм буруугаа хүлээж буй байдлын дээрх шинжүүд үгүйсгэгдэж байх бөгөөд тэд гагцхүү ялыг багасгах зорилго агуулсан болох нь тэдний мэдүүлгээр хангалттай тодорхойлогдож байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийн зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй бол” шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх гэдэгт хамаарна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэрэг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно” гэж заажээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Гийг Ц.Нтэй гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэн бүлэглэж 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр түүний хууль бусаар олж авсан байлдааны зориулалттай галт зэвсэг болох 1400 ширхэг сумыг өөрийн гэртээ нууж далдалж өгөх зорилгоор түүнтэй ярилцан тохиролцож буюу урьдчилан амлаж Ц.Нийг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж 2019 оны 5 дугаар сарын 7-ноос 8-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн оршин суудаг Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун Алтан Өлгийн 337а тоотод хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт хамжиж хамтран оролцсон,  мөн 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр согтуугаар Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цайз” нэртэй зочид буудалд иргэн Х.Оюунгэрэлийн нүүрэн тус газар гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон алтаа түүний хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдлийг тухайн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанаас тоолж, тухайн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хэмээн дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна.    

Шүүхээс шүүгдэгч Г.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байхад тэрээр гэмт хэрэг санаатай дахин үйлдсэн байхад хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэрэг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолох эсэхэд огт дүгнэлт хийгээгүйг шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Үүнээс гадна анхан шатны шүүх Г.Гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэсэн атлаа 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр болсон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэрэглэх эсэхэд ямарч дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна.

 

Анхан шатны шүүх цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, ...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцүүлж, хэргийг хянан шийдвэрлэж байхад анхаарвал зохино. 

Иймд прокурорын бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.О, Ц.Н, Г.Г, Д.Ч нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул шүүгдэгч С.О, Ц.Н нарын өмгөөлөгч Ц.Туяагийн гаргасан “...С.О, Ц.Н нараас хураасан дээрх 41516 ширхэг ангийн зориулалтай сум... хуульд зааснаар эд мөрийн баримт биш байх тул шүүгдэгч нарт буцаан олгож өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдолд тодорхой хууль зүйн дүгнэлт хийгээгүйг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/542 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.О, Ц.Н, Г.Г, Д.Ч нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэх хүртэл С.О, Ц.Н, Г.Г, Д.Ч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

ШҮҮГЧ                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ