Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 438

 

                                                       С.О нарт холбогдох                                                           

эрүүгийн хэргийн тухай   

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Г.Гийн өмгөөлөгч Д.Батдулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 542 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 575 дугаар магадлалтай, С.О, Д.Ч, Ц.Н, Г.Г нарт холбогдох 1941000220140 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Гийн өмгөөлөгч Я.Батдуламын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1980 оны 6 дугаар сарын 7-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Сартуул овогт С.О,

2.Монгол Улсын иргэн, 1963 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Уньт овогт Д.Ч,  

3.Монгол Улсын иргэн, 1975 оны 7 дугаар сарын 2-ны өдөр төрсөн, эмэгтэй, 2015 оны 1 дүгээр сарын 20-нд 2002 оны Эрүүгийн хуулийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож цагаатгасан, Боржигон овогт Ц.Н,

4.Монгол Улсын иргэн, 1964 оны 6 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, 1985 оны 5 дугаар сарын 23-нд Эрүүгийн хуулийн 109 /Б/-д зааснаар 3 жил хорих ял шийтгэгдэж, 1987 оны 7 дугаар сарын 1-нд 7 сар 18 хоногийн хорих хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан, Халх овогт Г.Г.

Прокуророос шүүгдэгч С.О, Д.Ч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Оийг байлдааны зориулалттай галт хэрэгслийг хууль бусаар олж авсан, хадгалсан,

шүүгдэгч Ц.Нийг байлдааны зориулалттай галт хэрэгслийг хууль бусаар олж авч, хадгалсан, уг гэмт хэргийг зохион байгуулж хамтран оролцсон,

шүүгдэгч Г.Гийг галт хэрэгслийг хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, гэмт хэрэгт хамжиж хамтран оролцсон, хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн гэмтэл учруулсан,

шүүгдэгч Д.Чыг галт хэрэгслийг хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Г.Гэд холбогдох Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Г.Гийг уг гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.О, Д.Ч, Г.Г нарт Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,

шүүгдэгч С.О 20 хоног, Ц.Н 20 хоног, Д.Ч 2 хоног, Г.Г 13 хоног тус тус цагдан хоригдсон, мөн шүүгдэгч С.Оаас хураагдсан 5958 ширхэг сумнаас 6 ширхгийг, Д.Чаас хураагдсан 10 ширхэг сумнаас 2 ширхгийг, Ц.Нээс хураагдсан 116 ширхэг сумнаас 6 ширхгийг, Г.Гээс хураагдсан 1400 ширхэг сумнаас 2 ширхгийг, мөн шүүгдэгч С.Оаас хураагдсан 41521 ширхэг сумнаас 5 ширхгийг, Д.Чаас хураагдсан 2105 ширхэг сумнаас 3 ширхгийг, Ц.Нээс хураагдсан 109 ширхэг сумнаас 9 ширхгийг, Ч.Эээс хураагдсан 2500 ширхэг сумнаас 3 ширхгийг тус тус шинжилгээнд хүргүүлсэн болохыг дурдаж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сумнууд нь Эрүүгийн Цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгааг дурдаж, тэдгээрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Цагдаагийн газрын галт зэвсгийн хэлтэст шилжүүлэх, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа болох 1 хавтас 32 хуудастай материал, 3 ширхэг Сиди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахыг анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.О, Ц.Н, Г.Г, Д.Ч нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Гийн өмгөөлөгч Д.Батдулам гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “…Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 542 дугаартай шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 575 дугаартай магадлал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдол гаргаж байна. Тодруулбал:

1.Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Гийг галт хэрэгслийг хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, гэмт хэрэгт хамжиж хамтран оролцсон гэж үзэж гэм буруутайд тооцсон. Өмгөөлөгчийн зүгээс Гийн үйлдэл Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй, Улсын Дээд шүүхийн 2018.12.19-ний өдрийн 570 дугаартай тогтоолд “...Сумыг галт зэвсэггүйгээр дангаар нь хадгалсан, тээвэрлэсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг бус, Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлд заасан хууль бусаар зэвсэг эзэмших заалтад хамруулан ойлгох нь зүйтэй” гэсэн тогтоолыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй бопгуулах байр суурьтайгаар оролцсон.

Мөн шүүгдэгч Г.Г нь мөрдөн байцаалт болон анхан шатны шүүхэд мэдүүлэхдээ Нийн авчирч тавьсан зүйлийг байлдааны болон хууль сахиулах зориулалттай сум гэдгийг мэдэх нь бүү хэл сум ч гэж мэдээгүй хэмээн маргадаг. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Гийг гэм буруутайд тооцохдоо өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тусгаагүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй. Миний зүгээс Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тайлбарласан Дээд шүүхийн тогтоол байсаар байтал нь хэрэглээгүйгээс хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

2.Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа Г.Гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэсэн атлаа 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр болсон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэрэглэх зсэхэд ямар ч дүгнэлт хийгээгүй орхигдуулсан хэмээн буруутгасан нь үндэслэлгүй гзж үзэж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг болон 8 дахь хэсгүүдэд заасан асуудал тус бүрийг хэлэлцэн шийдвэрлэсэн. Нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа батлагдсан хуулийг хэрэглэх эсэхэд дүгнэлт хийх шаардлагагүй бөгөөд тухайн хуульд зөвхөн Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийг сэргээн шалгана хэмээн тодорхой заасан байхад асуудлаас хальж дүгнэлт хийгээгүй нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл биш гэж үзэж байгаа.

Гэмт хэрэг тус бүрд хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр тоолсон ч Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зуйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг дахин шинээр хянан хэлэлцэхэд хууль зүйн үр дагавар үүсгэхгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Г.Гийн сумыг галт зэвсэггүйгээр дангаар нь хадгалсан үйлдэл гэмт хэргийн шинжийг агуулаагүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэхь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэснийг зөвтгөж, Г.Гэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч нарын байлдааны зориулалттай галт хэрэгслийг хууль бусаар олж авч, хадгалсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Мөн шүүгдэгч Г.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн. Шүүх тухайн зүйл хэсгүүдэд зааснаар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй. Учир нь шүүгдэгч Г.Г нь 2019 оны 1 дүгээр сард бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн бөгөөд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Гийн өмгөөлөгч Я.Батдуламын гаргасан гомдлыг үндэслэн С.О, Д.Ч, Ц.Н, Г.Г нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч С.Оийг байлдааны зориулалтай галт хэрэгсэл болох 5964 ширхэг сумыг хууль бусаар олж авч, 133 ширхэг сумыг 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 22-62 УНЦ улсын дугаартай “Тоёота Аллион” маркийн тээврийн хэрэгсэлд, 5831 ширхэг сумыг 2019 оны 5 дугаар сарын 7-ноос 8-ны өдрийг хүртэл өөрийн найз О.Угийн Баянгол дүүрэгт орших гэрт тус тус хууль бусаар хадгалсан, 

шүүгдэгч Ц.Нийг байлдааны зориулалтай галт хэрэгсэл болох 1515 ширхэг сумыг хууль бусаар олж авч, 115 ширхэг сумыг 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүрэгт орших түрээслэн амьдардаг гэртээ болон өөрийн эзэмшлийн 58-43 УБО улсын дугаартай “Румион” маркийн тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан, мөн 2019 оны 5 дугаар сарын 7-ноос 8-ны өдрийг хүртэл 1400 ширхэг сумыг Баянзүрх дүүрэгт орших Г.Гийн гэрт хууль бусаар хадгалсан гэмт хэргийг зохион байгуулж хамтран оролцсон,

шүүгдэгч Г.Гийг Ц.Нтэй бүлэглэж 2019 оны 5 дугаар сарын 7-ноос 8-ны өдрийг хүртэл түүний хууль бусаар олж авсан байлдааны зориулалттай галт хэрэгсэл болох 1400 ширхэг сумыг Баянзүрх дүүрэгт орших өөрийн гэртээ хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон, 

мөн 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр согтуугаар Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цайз” нэртэй зочид буудалд иргэн Х.Оийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, 

шүүгдэгч Д.Чыг байлдааны зориулалтай галт хэрэгсэл болох 10 ширхэг сумыг хууль бусаар олж авч, 2019 оны 4 дүгээр сараас 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл Баянзүрх дүүрэгт орших гэртээ хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Анхан шатны шүүх шүүгдэгч С.Оийг байлдааны зориулалттай галт хэрэгслийг хууль бусаар олж авсан, хадгалсан,

шүүгдэгч Ц.Нийг байлдааны зориулалттай галт хэрэгслийг хууль бусаар олж авч, хадгалсан, уг гэмт хэргийг зохион байгуулж хамтран оролцсон,

шүүгдэгч Г.Гийг галт хэрэгслийг хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, гэмт хэрэгт хамжиж хамтран оролцсон, хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн гэмтэл учруулсан,

шүүгдэгч Д.Чыг галт хэрэгслийг хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Г.Гэд холбогдох Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Г.Гийг уг гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.О, Д.Ч, Г.Г нарт Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцлийн дагуу хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрөөгүй байхад тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан тэнсэх журмыг буруу хэрэглэсэн, мөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг буруу тайлбарлаж, шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль ёсны болон шударга ёсны зарчмыг чанд баримталж, нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюул, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харьцуулан үнэлж, Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн төрөл, хэмжээний ялыг сонгон оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг хэрэглэх талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.

Дээрх шаардлагыг хангаагүй тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 болон 39.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар ноцтой зөрчилд тооцогдож шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болох бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх, ямар ял оногдуулах тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй бөгөөд шүүгдэгч С.О нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан өмгөөлөгч Я.Батдуламын хяналтын журмаар гаргасан “...сумыг галт зэвсэггүйгээр дангаар нь хадгалсан үйлдэл гэмт хэргийн шинжийг агуулаагүй” тухай гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Сум нь галт хэрэгсэлд хамаарах эсэх эрх зүйн маргааныг шүүх шийдвэрлэхдээ хууль тайлбарлах аргачлалын дагуу холбогдох хуулийн үзэл баримтлал, хууль тогтоогчийн үзэл санаа, хууль зүйн нэр томъёоны хуульчлагдсан болон шинжлэх ухааны тайлбар, хууль хэрэглээний талаар тогтсон уламжлал болон тухайн асуудлаар Улсын Дээд шүүхээс гаргасан албан ёсны тайлбарыг /2010 оны 14 дүгээр/ тус тус харгалзан үзэх нь зүйтэй.

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүх шалгуурыг хангасан байхыг ойлгоно.

Иймд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Гэд холбогдох Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгуулах талаар түүний өмгөөлөгч Я.Батдуламын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 575 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Гийн өмгөөлөгч Я.Батдуламын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                               ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                               ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                    Б.БАТЦЭРЭН

                                                                                                                    Ч.ХОСБАЯР

                                                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН