Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2022/01194

 

 

                               Д.Н-ын нэхэмжлэлтэй

                               иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/02395 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаар магадлалтай,

Д.Н-ын нэхэмжлэлтэй,

“А Б И к ББСБ” ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой фидуцийн гэрээнээс татгалзаж, 9911... дугаарыг өөрийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Г.Ш-ийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч “А Б И к ББСБ” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой фидуцийн гэрээнээс татгалзаж, 9911... дугаарыг өөрийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/02395 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-ийг баримтлан “А Б И к ББСБ” ХХК-д холбогдуулан гаргасан фидуцийн гэрээнээс татгалзаж, 9911.... дугаарыг өөрийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгахыг хүссэн Д.Н-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 317,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/02395 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 11 сарын 18-ны өдөр төлсөн 317,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн төлөөлөгч Г.Ш хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.25-ны өдрийн 16 дугаар магадлалд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү буцаасныг зөвшөөрөхгүй. Учир нь хариуцагч “А Б И к ББСБ” ХХК-ийн зүгээс шүүхэд шаардлагатай нотлох баримтуудыг гарган өгснийг анхан шатны шүүх хуульд зааснаар үнэлж шийдвэр гаргасан байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэр болон үйл ажиллагааг үгүйсгэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.22-ны өдрийн 182/ШШ2020/02395 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.25-ны өдрийн 16 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч Д.Н-аас хариуцагч “А Б И к ББСБ” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой фидуцийн гэрээнээс татгалзаж, 9911.... дугаарыг өөрийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах шаардлага гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

7. Нэхэмжлэгчээс “... Д.Н нь 2019.11.20-ны өдөр “А Б И к ББСБ” ХХК-тай зээлийн гэрээ, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулж, өөрийн эзэмшлийн мобикомын 9911.... дугаарыг барьцаалан 32,000,000 төгрөгийн зээл авсан... эхний сарын гэрээний төлбөрийг 2019.12.15-ны өдөр төлсөн. Зайлшгүй ажлын шаардлагаар Бүгд Найрамдах Солонгос улс руу 2019.12.30-нд яваад 2020.02.20-нд ирсэн. Солонгос улсад байх хугацаанд 9911.... дугаар нээлттэй байсан, 2020 оны 01, 02 сарын төлбөрийг хуваарийн дагуу төлж чадаагүй тул очихоороо бүх төлбөрийг төлөх тухай мэдэгдэж байсан. Буцаж ирээд зээлээ төлөх гэтэл урьдчилан мэдэгдэлгүйгээр дугаарыг зарж борлуулсан байна... Хариуцагч зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, мөн фидуцийн гэрээний 3.1.2, Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 159.2, 159.3-ыг зөрчсөн тул гэрээг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж фидуцийн гэрээнээс мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.3-т зааснаар татгалзаж, 36,000,000 төгрөгийг буцаан төлнө, иймд 9911... дугаарыг буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч “... Иргэн Д.Н нь зээлийн гэрээний үүрэг, нөхцөлөө зохих ёсоор биелүүлэхгүй зугтах болсон ба манай байгууллагын зүгээс зээлээ төлөхийг удаа дараа шаардан холбогдох зээлийн гэрээний 2.14.2 дахь заалтыг биелүүлэхийг сануулж байсан, зээлдэгчийн араас 62 хоног хөөцөлдсөний эцэст үр дүн гараагүй тул манай байгууллага 2020.02.21-ний өдөр 9911.... дугаарыг 38,000,000 төгрөгөөр зарж борлуулан 19Г336 тоот зээлийн гэрээний үүргийг хангуулсан... нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй, илт гүтгэсэн утга агуулга бүхий байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “... зээлдэгч буюу нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргээ зөрчсөн, зээлдүүлэгчийн хувьд үүрэг зөрчсөн байдал харагдахгүй, мобикомын 9911... дугаар эзэмших эрх бусад этгээдэд шилжсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй...” гэсэн дүгнэлтийг хийсэн.

9. Давж заалдах шатны шүүхээс дээрх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа “... Хэрэгт цугларсан баримтаар маргааны зүйл болох үүрэн холбооны 9911.... дугаар бусдын эзэмшилд шилжсэн гэх үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх тогтоогдсон буюу иргэн М.Э-од шилжсэн хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй, уг дугаар одоо хэний эзэмшилд бүртгэлтэй талаар баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч талаас өөрийн татгалзлыг нотлох зорилгоор нэхэмжлэгч талтай вайбер апплейкшнаар харилцсан гэх баримтыг шүүх хавтаст хэрэгт хүлээн авсан атлаа энэ талаар тодруулж, нотлох баримтыг үнэлэх боломжтой хэлбэрээр бэхжүүлэх ажиллагаа хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцээгүй...” гэжээ.

10. Дээрх дүгнэлтийг хяналтын шатны шүүхээс буруутгах үндэслэлгүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн “... “А Б И к ББСБ” ХХК-ийн зүгээс шүүхэд шаардлагатай нотлох баримтуудыг гарган өгснийг анхан шатны шүүх хуульд зааснаар үнэлж, шийдвэр гаргасан байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэр болон үйл ажиллагааг үгүйсгэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...” гэсэн энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

11. Иймд шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ЦОЛМОН

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Г.АЛТАНЧИМЭГ

                 ШҮҮГЧИД                                                  Г.БАНЗРАГЧ

                                                                                     Н.БАЯРМАА

                                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ