Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2020/02395

 

                                                                                                                                         

 

 

 

 

 

 

 

 

                                    2020         10          22

        182/ШШ2020/02395

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.Н

 

Хариуцагч: “АБИКБ” ХХК

 

гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой фидуцийн гэрээнээс татгалзаж, 9911 дугаарыг өөрийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтуяа, хариуцагчийн төлөөлөгч Г.Ширнэндорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Д.Ннь 2019 оны 11 сарын 20-ны өдөр “АБИКБ” ХХК-тай 19Г336 тоот зээлийн гэрээ, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн 19Г336 тоот гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулан өөрийн эзэмшлийн Мобикомын 9911 дугаарыг барьцаалан 32,000,000 төгрөгийн зээлийг сарын 3,5 хувийн хүүтэйгээр авсан юм. Зээлийн гэрээний үүргийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийг сар бүрийн 15-ны дотор төлөх үүргийг хүлээсэн ба эхний сарын гэрээний төлбөрийг 2019 оны 12 сарын 15-ны өдөр төлсөн юм. Д.Нзайлшгүй ажлын шаардлагаар Бүгд Найрамдах Солонгос улс руу 2019 оны 12 сарын 30-нд яваад 2020 оны 02 сарын 20-нд ирсэн. Д.Ннь Бүгд Найрамдах Солонгос улсад байх хугацаандаа 9911, 88881652 дугаарын утастай байсан ба энэ хугацаанд дээрх дугаарууд нээлттэй байсан. Нэхэмжлэгч Бүгд Найрамдах Солонгос улсад байх хугацаанд 2020 оны 01, 02 сарын төлбөрийг хуваарийн дагуу төлж чадаагүй ба энэ тухайгаа хариуцагч талд мэдэгдэж очихоороо үндсэн зээл болон хүү, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүгээ төлөх тухай мэдэгдэж байсан. Бүгд Найрамдах Солонгос улсаас ирээд зээлээ төлөх гэтэл түүнд урьдчилан мэдэгдэлгүйгээр зээлийн гэрээг дангаар цуцлаж Д.Нын дугаарыг зарж борлуулсан байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нь Иргэний хууль зөрчиж гэрээгээр тохирсон эргэн төлөлтийн хугацаа зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээг авалгүйгээр зээлийн гэрээний 2.7-д заасан хугацаа дуусаагүй, мөн фидуцийн гэрээний 3.1.2-т заасан заалт, мөн Иргэний хуулийн 159.1, 159.2, 159.3-т заасан заалтыг зөрчиж түүнйи эзэмшлийн  дугаарыг зарж борлуулсан байна. Дээрх шалтгаанаар гэрээг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж байгаа тул 36,000,000 төгрөгийг буцаан төлнө. Иймд гэрээний үүргээ хариуцагч зөрчсөнтэй холбоотой фидуцийн гэрээнээс Иргэний хуулийн 225.3-т зааснаар татгалзаж байгаа Д.Нын эзэмшиж байсан 9911 дугаарыг буцаан түүний эзэмшилд шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч хариу тайлбар болон түүний төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Иргэн Д.Ннь “АБИКБ” ХХК-аас 2019 оны 11 сарын 20-ны өдөр 19Г336 тоот зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ байгуулж 32,000,000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй, 361 хоногийн хугацаатай зээлэн, Мобикомын өмчийн 9911 дугаарыг барьцаалсан байдаг. Зээлдэгч Д.Ннь зээлийн гэрээнд гарын үсэг зурахдаа манай байгууллагын дотоод дүрэм, журам болон зээлийн гэрээтэй бүрэн танилцан зөвшөөрсөн. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний үүрэг, нөхцлөө зохих ёсоор биелүүлэхгүй зугтах болсон ба манай байгууллагын зүгээс зээлээ төлөхийг удаа дараа шаардан холбогдох зээлийн гэрээний 2.14.2 дах заалтыг биелүүлэхийг сануулж байсан. Ийм байдалтай тухайн зээлдэгчийн араас 62 хоног хөөцөлдсөний эцэст үр дүн гараагүй тул манай байгууллага 2020 оны 02 сарын 21-ний өдөр 9911 дугаарыг 38,000,000 төгрөгөөр зарж борлуулан 19Г336 тоот зээлийн гэрээний үүргийг хангуулсан болно. Мөн тухайн зээлдэгчийн үндсэн зээл, хүү, алданги, ярианы төлбөр нийт 45,483,040 төгрөг болсон. Манай компани борлогдсон дүнгээр тухайн зээлийг хаасан байдаг. Нэхэмжлэгчийн дурдаад байгаачлан зээлдэгчид мэдэгдэлгүйгээр зарж борлуулсан зүйл байхгүй болно. Бид “Viber chat”-аар холбогдож нөхцөл байдлыг дор бүр нь мэдэгдэж зээлээ төлөхийг шаардаж байсан. Мобикомын 9911 дугаарыг зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор зарж борлуулсан байна. Манай байгууллага дур мэдэн мобикомын өмчийг бусдын эзэмшилд шилжүүлэх боломжгүй юм. Иймд зээлдэгч Д.Нын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй, илт гүтгэсэн утга агуулга бүхий нэхэмжлэл байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх нэхэмжлэл, зээлийн гэрээ, фидуцийн гэрээ, үйлчилгээний гэрээ, эд хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрээ шилжүүлэх, кассын тайлан, зээлийн дансны хуулга, “АБИКБ” ХХК-ийн Мобикоми корпорацид хүргүүлсэн албан бичиг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлаад                                                               

 

                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

 

            Нэхэмжлэгч Д.Ннь хариуцагч “АБИКБ” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой фидуцийн гэрээнээс татгалзаж, 9911 дугаарыг өөрийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй марган мэтгэлцэж байна.

 

Нэхэмжлэгч Д.Ннь хариуцагч “АБИКБ” ХХК-аас 2019 оны 11 сарын 20-ны өдөр 19Г336 тоот зээлийн гэрээ байгуулж, 32,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 361 хоногийн хугацаатай зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Мобикомын 9911 дугаар эзэмших эрхээ хариуцагчийн өмчлөлд шилжүүлж фидуцийн гэрээг мөн өдөр байгуулсан байна. Гэрээний хугацаанд дугаарын ашиглалт Д.Ндээр байхаар талууд тохиролцжээ.

 

Зээлдэгч 2019 оны 12 дугаар сарын зээлийн төлбөрийг төлж, 2020 оны 1, 2 дугаар сарын зээлийн төлбөрийг төлөөгүй байсан нь талуудын тайлбараар нотлогдож байх бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байсан ба зээлээ төлөхийг удаа дараа шаардан холбогдох зээлийн гэрээний 2.14.2 дах заалтыг биелүүлэхийг сануулж, түүнд мэдэгдэж байж дугаарыг худалдаж зээлийн өрийг хаасан гэж хариуцагч тайлбарлаж байна. Иргэн М.Энхболд “АБИКБ” ХХК-д 9911 дугаарын орлого гэж 38,000,000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төлсөн нь орлогын баримтаар, нэхэмжлэгчийн 38,000,000 төгрөгийн зээлийн өрийг хаасан нь компанийн кассын тайлангаар, дээрх дугаарыг М.Энхболдод шилжүүлсэн нь “АБИКБ” ХХК-ийн Мобикоми корпорацид хүргүүлсэн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн албан бичиг, талуудын тайлбараар тус тус тогтоогдож байна.

             

Зээлдэгч гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой фидуцийн гэрээнээс татгалзаж, 9911 дугаарыг өөрийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгуулахыг хүсэж байх ба зээлдэгч үндсэн гэрээнээс салгаж үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хийсэн гэрээнээс татгалзах боломжгүй юм. Зээлийн гэрээний харилцаанд зээлдүүлэгчийн үүрэг зөрчсөн байдал харагдахгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэлээ зээлдүүлэгч барьцааны хөрөнгө худалдах журам зөрчсөн гэж тайлбарлаж байх боловч энэ хөрөнгө нь барьцаа биш, зээлдүүлэгчид /өмчлөлд/ шилжсэн эрх байх ба энд барьцааны хөрөнгө худалдах журам үйлчлэхгүй юм. Фидуцийн гэрээний харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар үүрэг хүлээгч үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар гэрээ дуусгавар болдог билээ.

 

Зээлдүүлэгч гэрээг хугацааны өмнө  цуцалсныг зээлдэгч зөвшөөрч, 38,000,000 төгрөгийг төлнө гээд заавал 9911 дугаарыг өөрийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгуулна гэж шаардаж байх ба нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Мобикомын 9911 дугаар эзэмших эрх бусад этгээдэд шилжсэн байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

  1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-ийг баримтлан “АБИКБ” ХХК-д холбогдуулан гаргасан фидуцийн гэрээнээс татгалзаж, 9911 дугаарыг өөрийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгахыг хүссэн Д.Нын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 317,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногийн гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ                                    С. БУД