Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01573

 

 

 

 

 

 

 

 

2023 08 09 210/МА2023/01573

 

 

*.* ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2023/01681 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *.*

Хариуцагч: *** ББСБ ХХК

Гуравдагч этгээд: **.**

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой фидуцийн гэрээнээс татгалзаж, ******** дугаарыг өөрийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюун-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ану, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Миний бие *** ББСБ ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ***** дугаартай зээлийн гэрээ, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх ***** дугаартай фидуцийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан. Гэрээний дагуу өөрийн эзэмшлийн ******** дугаарыг барьцаалан 32,000,000 төгрөгийн зээлийг сарын 3,5 хувийн хүүтэй зээлсэн.

1.2 Гэрээний дагуу зээлийн хүү, үндсэн зээлийг сар бүрийн 15-ны дотор төлөх үүргийг хүлээсэн ба эхний сарын төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлсөн. Ажлын шаардлагаар Солонгос улс руу 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр явж, 2020 оны 02 сарын 20-ны өдөр ирсэн. Дээрх хугацаанд ********, ***** дугаарын утас нээлттэй байсан бөгөөд 2020 оны 01, 02 дугаар сарын төлбөрийг хуваарийн дагуу төлж чадаагүй. Буцаж ирээд үндсэн зээл болон хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх тухай мэдэгдсэн. Солонгос улсаас ирээд зээлээ төлөх гэтэл урьдчилан мэдэгдэлгүйгээр зээлийн гэрээг дангаар цуцалж *.* ын дугаарыг бусдад худалдсан.

Иймд гэрээг үргэлжлүүлэх боломжгүй тул 36,000,000 төгрөгийг буцаан төлж, хариуцагч гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотой фидуцийн гэрээнээс татгалзаж, ******** дугаарыг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 *.* нь 2019 оны 11 сарын 20-ны өдөр ***** дугаартай зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ байгуулж, 32,000,000 төгрөгийг нэг сарын 3,5 хувийн хүүтэй, 361 хоногийн хугацаатай зээлж, ******** дугаарыг барьцаалсан.

2.2 Зээлдэгч *.* нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөн, хариуцагчийн зүгээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан. 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ******** дугаарыг 38,000,000 төгрөгөөр бусдад худалдан борлуулан, нэхэмжлэгчтэй байгуулсан ***** дугаартай зээлийн гэрээний үүргийг хангуулсан. Нэхэмжлэгчийн үндсэн зээл, хүү, алданги, ярианы төлбөр нийт 45,483,040 төгрөг болсон ба ******** дугаарыг худалдсан үнийн дүнгээр зээлийг хаасан.

2.3 Хариуцагчийн зүгээс Viber chat-аар нэхэмжлэгчтэй холбогдож, нөхцөл байдлыг дор бүр нь мэдэгдэж, зээлээ төлөхийг шаардаж байсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1 Миний бие 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр *** ББСБ ХХК-аас ******** дугаарыг 38,000,000 төгрөгөөр худалдан авсан тул шударга өмчлөгч гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

4.1 Иргэний хуулийн Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 235 дугаар зүйлийн 235.4, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч *** ББСБ ХХК-д холбогдох фидуцийн гэрээнээс татгалзаж, ******** дугаарыг өөрийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч *.* ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлого хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1 Хариуцагч нь гэрээгээр тохирсон эргэн төлөлтийн хугацаа зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээг авалгүйгээр, зээлийн гэрээний 2.7-д заасан хугацаа дуусаагүй байхад, мөн фидуцийн гэрээний 3.1.2-т заасныг, мөн Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 159.2, 159.3 дахь хэсэгт заасныг, түүнчлэн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчин нэхэмжлэгчийн эзэмшилийн үүрэн холбооны ******** дугаарыг бусдад худалдан борлуулсан.

Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар дугаар тогтоолын 2.6.б-д барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй гэдэгт зээлдэгч нь авсан зээлээ буцаан төлөх гэрээгээр тохиролцсон хугацаа дууссан өдрөөс эхлэн гэрээнд заасан нөхцөлийг үндэслэн Иргэний хуулийн 158, 163 дугаар зүйлд заасны дагуу барьцааны зүйлийг захиран зарцуулж, төлбөрөө барагдуулахыг ойлгоно гэж тайлбарласныг зөрчсөн байхад анхан шатны шүүх анхаараагүй.

5.2 Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч *** ББСБ ХХК нь хавтаст хэргийн 22 дугаар талд авагдсан viber чатад бичигдсэн зүйл устсан тул үзлэг хийлгэх боломжгүй байна гэх тайлбарыг өгсөн байхад гэрч Н.Б ы зээлдэгч *.* ын гар утас болон viber чатаар зээлээ төлөхийг мэдэгдсэн гэх мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

5.3 Гэрээнээс татгалзах гэдэг нь үүргийн харилцааг дуусгавар болгож, өгсөн авснаа буцаах зорилгыг хэрэгжүүлэхийг хэлдэг ба гэрээний талууд гэрээний эрх зүйн харилцааны дүнд үүссэн үр дагаврыг гэрээ байгуулагдахаас өмнөх байдалд буцаан оруулах замаар гэрээг дуусгавар болгохыг ойлгоно. Гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээ нь бүхэлдээ харилцан буцаах үүргийн харилцаа болдог.

Нэхэмжлэгч дээрх үндэслэлүүдээр хариуцагчийг гэрээний үүрэг зөрчсөн гэж үзэж, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан ***** дугаар фидуцийн гэрээнээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр татгалзаж байгаа тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар ******** дугаарыг өөрийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах хүсэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

6.1 Талуудын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээний 4.12-т гэрээний үүргээ 14 хоногоос дээш хугацаагаар удаа дараа хэтрүүлсэн тохиолдолд мэдэгдэж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тусгасан бөгөөд тус заалтыг баримталж, гэрээний хугацаа дуусахаас өмнө барьцааны зүйлийн худалдсан.

Нэхэмжлэгч 2020 оны 01, 02 дугаар сард гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд манай байгууллагаас 2020 оны 01 дүгээр сард гэрээний үүрэг биелүүлэхгүй нөхцөл байдал бий болох үед 7 хоногийн дараанаас эхэлж мэдэгдсэн бөгөөд нийт 3 удаа мэдэгдсэн. Хариуцагч нь Монгол улсад байхгүй байсан тул ******** дугаар дээр бүтгэлтэй viber чатаар холбогдож, дүрс байдлаар дуудлага хийсэн. Үзлэг хийлгүүлж амжилгүйгээр viber чат устсан тул тухайн үйл баримтыг мэдэж байгаа хүнийг гэрчээр асуулгасан гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн хариу тайлбарын агуулга:

7.1 Б.Наранцацралт нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээ, фидуцийн гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулна гэж маргаагүй, гэрээнээс татгалзах асуудлын хүрээнд маргадаг.

Тухайн гэрээний 2.14.2-т зээлдэгч зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй буюу 10 хоног хэтэрвэл *** ББСБ ХХК үл маргах журмаар шилжүүлэн авч үүргийг хангуулна гэж заасан. Нэхэмжлэгч нь эхний сарын зээлийн төлбөрөө төлсөн, үүнээс хойш 2020 оны 02 дугаар сар дуусах хүртэлх хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл, 60 хоногоор хэтрүүлсэн.

7.2 Анхан шатны шүүх viber чатыг үнэлээгүй, гэрчийн мэдүүлгийг үнэлсэн. Гуравдагч этгээд нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 38,000,000 төгрөгөөр тус дугаарыг худалдаж авсан бөгөөд өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон учир хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч *.* нь хариуцагч *** ББСБ ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой фидуцийн гэрээнээс татгалзаж, фидуцийн зүйл болох үүрэн холбооны ******** дугаарыг өөрийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хариуцагчийн татгалзлалыг дэмжин тайлбар гаргасан.

 

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад зээлийн гэрээний үүргийг шаардахгүйгээр нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр фидуцийн зүйл болох үүрэн холбооны ******** дугаарыг бусдад худалдан борлуулж гэрээ болон хуульд заасан үүргээ зөрчсөн тул фидуцийн гэрээнээс татгалзаж, үүрэн холбооны ******** дугаарыг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг даалгах гэж тодорхойлсон. Хариуцагч татгалзалын үндэслэлээ ...нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээнд зааснаар фидуцийн зүйл болох үүрэн холбооны ******** дугаарыг бусдад худалдаж, зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосон. Энэ талаар нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэж байсан гэж тайлбарласан.

 

4. Хавтаст хэрэгт 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ***** дугаартай, Зээлийн гэрээ /барьцаатай/ авагдсан. Гэрээнд нэхэмжлэгч нь хариуцагчаас 32,000,000 төгрөгийг 361 хоногийн хугацаатай, нэг сарын 3,5 хувийн хүүтэй зээлэх, барьцаанд ******** дугаар буюу сим карт барьцаалахаар заасан байна. /хх 7-8, 23-24/

 

5. Түүнчлэн, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ***** дугаартай, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ авагдсан. Гэрээнд дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгчийн эзэмшлийн үүрэн холбооны ******** дугаарыг хариуцагчийн эзэмшилд шилжүүлэхээр заасан байна. /хх 9-10, 25/

 

6. Дээрх үүрэн холбооны ******** дугаар *** ББСБ ХХК-ийн эзэмшлээс гуравдагч этгээд **.** ын эзэмшилд шилжсэн байна. /хх39-40, 141-142/

 

7. Маргааны зүйл болж буй тухайн үүрэн холбооны дугаар эзэмших эрх бусдад шилжсэнтэй холбоотой шүүхийн шийдвэр бодитой биелэгдэх боломжтой эсэх, мөн хариуцагчаас биет байдлаар буцаан гаргуулах боломжтой эсэх нөхцөл байдал тодорхойгүй. Шүүх дээрх нөхцөл байдлыг талуудаас тодруулаагүй, талууд энэ талаар бүрэн мэтгэлцээгүй байна.

 

8. Зээлийн гэрээний үлдэх үүрэг хэдэн төгрөг болох, хариуцагч нь хэдэн төгрөгийн үүргийн гүйцэтгэлд тухайн үүрэн холбооны дугаарыг бусдад худалдаж, үүргийг дуусгавар болгосон үйл баримт тогтоогдоогүй.

 

9. Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6 дахь хэсэгт зааснаар фидуцийн гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга бөгөөд мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаандаа гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг. Хуулийн уг зохицуулалтаас үзвэл үүрэн холбооны дугаар нь фидуцийн зүйл болох эсэхээс хамаарч талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэх эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар зохигч мэтгэлцээгүй байна.

 

10. Түүнчлэн, хэрэгт фидуцийн гэрээнээс гадна Зээлийн гэрээ /барьцаатай гэх гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээ нь барьцааны шинжийг агуулсан эсэх талаар зохигч мэтгэлцээгүй байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбоотой 2 гэрээ авагдсан, аль гэрээний дагуу зээлийн гэрээний үүргийг хангуулахаар талууд тохиролцсон үйл баримт тогтоогдоогүй байна./хх7-8/

 

11. Үүрэн холбооны дугаарыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагчаас нэхэмжлэгчид мэдэгдсэн талаарх үйл баримт тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, гэрчийн мэдүүлэг бусад баримтаар давхар нотлогдох учиртай.

 

Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой байснаар талууд тухайн маргааны үйл баримтын талаарх нотлох баримтыг гаргаж мэтгэлцэх, улмаар шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүйгээс талууд бүрэн мэтгэлцээгүй, хэргийн үйл баримт тогтоогдоогүйг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн гүйцэтгэх буюу хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрийг өөрчлөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан хууль хэрэглээний талаар дүгнэлт хийгээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2023/01681 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

М.БАЯСГАЛАН