Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2020/0272

 

2020 оны 11 сарын 02 өдөр                 Дугаар 102/ШШ2020/03272                    Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэгийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Ч,

            Хариуцагч: Г.Т,

            Ж.Ч, Г.Т нарын байгуулсан 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, хэлцлээр шилжүүлсэн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг Ж.Ч-ийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээд: ЦК ХХК-ийн,

Ж.Ч-өөс 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Батлан даалтын гэрээ-ний 4-т заасан үүргийн гүйцэтгэл болох 233,127,021 төгрөг, алданги 116,563,510 төгрөг гаргуулах, энэ үүргээ гүйцэтгэж чадахгүй бол үүргийн гүйцэтгэлийг Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 0-0 тоот хаягт байрлах өөрийн өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай бие даасан шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ж/ШТҮД:0000/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А, өмгөөлөгч Ц.Жнар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

В ХХК болон Х.Ц ХХК нар нь 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Х.Ц ХХК нь Хан-Уул дүүрэг, Зайсангийн аманд баригдах 100 айлын 3 ширхэг орон сууцны барилга, 187 автомашины 2 давхар авто зогсоолын угсралтын ажлыг гүйцэтгэхээр харилцан тохиролцож, тус барилгад цонхны ажил гүйцэтгэхээр Ц.Х ХХК нь 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Х.Ц ХХК-тай 000000000 төгрөгийн үнийн дүн бүхий Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх 201-16, 201-35 дугаар гэрээ, Захиалгаар автомашины зогсоолын барилгын ажил гүйцэтгэх В2-276, 277, 278 дугаар гэрээг тус тус байгуулсан. Гэрээгээр Ц.Х ХХК нь дээрх барилгын бүх цонхыг нийлүүлэх, Х.Ц ХХК нь баригдаж буй барилгын 000 дүгээр байрны 00, 00 тоот орон сууц, мөн В2 давхрын 00, 00, 00 дугаар авто зогсоол зэргийг өгөхөөр харилцан тохиролцсон. Х.Ц ХХК нь барилга барьж, Ц.Х ХХК нь бүх цонхыг нийлүүлсэн боловч В ХХК нь гэрээгэр тохиролцсон байраа өгөөгүй. Ц.Х ХХК нь В ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, тухайн үед Ц.Х ХХК-иас шүүх хэргийг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй тул баталгаа болгон Х.Ц ХХК-иас үл хөдлөх хөрөнгөө түр шилжүүлээд, В ХХК-ийг Ц.Х ХХК-д уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэхээр эцэслэн шийдэгдвэл барьцаанд тавьсан зүйлийг буцааж өгөхийг хүссэн байна.

Үүний дагуу Х.Ц ХХК-ийн захирал Н.Дэлгэрсайхан, Д.Б нарыг таньдаг байсан учир Ж.Ч нь итгэл хүлээлгэн өөрийн үл хөдлөх эд хөрөнгөө огт танихгүй хүнд шилжүүлэхээр болж, Ц.Х ХХК-ийн захирлын хүү гэх Г.Т-т 0000 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 1В тоот хаягт байрлах 000372375 дугаартай, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаар үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэлийн гэрээ байгуулан шилжүүлсэн. Ц.Х ХХК болон В ХХК-ийн маргаан шийдвэрлэгдэж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/05514 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 88 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 219 тоот тогтоол гарж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, Зайсан голден вилл хотхотны 201 дүгээр байрны 1 дүгээр орцны 16 тоот, 2 дугаар орцны 35 тоот орон сууц, тухайн байрны В2 давхрын 76, 77, 78 дугаар авто зогсоолууд, түүнтэй холбоотой баримт бичгийг Ц.Х ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлэхийг В ХХК-д үүрэг болгон, уг хөрөнгүүдийг Ц.Х ХХК авсан байна. Ийнхүү эд хөрөнгөө авсных нь дараа Ж.Ч удаа дараа өөрийн өмчлөлийн хөрөнгөө буцаан авах тухай албан бичгээр Х.Ц ХХК-д мэдэгдэж, Х.Ц ХХК-иас Ц.Х ХХК-д мэдэгдэж байсан ч, Г.Т үндэслэлгүйгээр Ж.Ч-ийн өмчлөлд байсан үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж өгөхгүй гэсээр байна. Иймд Ж.Ч, Г.Т нарын хооронд байгуулсан 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл байх тул хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, мөн хуулийн 56.5-д заасны дагуу хэлцлээр шилжүүлсэн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг Ж.Ч-ийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү. 000000000 төгрөгийн эд хөрөнгөө нэг ч удаа уулзаж байгаагүй хүнд итгэмжлэлээр дамжуулан бэлэглэлийн гэрээ байгуулахад цаанаа нэг шалтгаан байх ёстой. Иргэний хуулийн 280 дугаар зүйл хамаарахгүй юм. Бодитойгоор хийгдсэн бэлэглэлийн гэрээнд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийг баримтлана. Нэхэмжлэгч талаас бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах шаардлага гаргаагүй байхад Иргэний хуулийн 280 дугаар зүйлийг баримтлан тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Бэлэглэх болсон үндэслэл Гадаадад амьдарч байх хугацаандаа авсан хөрөнгөө нэр дээрээ шилжүүлэн авч байгаа болно гэсэн огт хамааралгүй зүйл уг гэрээнд орсон байна. Энэ зүйлийг хариуцагчийн анхны тайлбарт дурдсан. Сүүлд нэмж тайлбарлахдаа Х.Ц, Л г, өр авлага, батлан даалтын гэрээ гэх мэт зүйлийг хариуцагч тал өөрөө гаргаж тавьсан ...гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Г.Т маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авсан бэлэглэлийн гэрээ хуульд заасны дагуу бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлсэн, хүчин төгөлдөр гэрээ байна. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл хийгдэж, шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Ж.Ч нэхэмжлэлдээ баталгаа болгон шилжүүл гэсний дагуу шилжүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй, нотлох баримтгүй байна. Учир нь Ж.Чийн тайлбарласнаар Х.Ц ХХК-ийн өмнөөс баталгаажуулж үл хөдлөх хөрөнгөө шилжүүлсэн юм бол Иргэний хуульд зааснаар Барьцааны, Баталгааны, эсхүл Батлан даалтын бичгээр хийсэн гэрээ байх ёстой байна. В ХХК, Ц.Х ХХК-иуд хоорондоо тэдний хооронд байгуулагдсан гэрээний дагуу шүүхдэлцэж байхад хариуцагч бус гуравдагч этгээд Х.Ц ХХК баталгаа болгож хөрөнгө шилжүүлсэн, дээр нь өөрийн биш бусдын хөрөнгийг ямар ч гэрээ, баримтгүйгээр шилжүүлсэн гэх нь худал байна.

Нэхэмжлэлийн шаардлага нь бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай гэсэн. Бэлэглэлийн гэрээг ганцхан тохиолдолд л хүчингүй болгодог. Энэ нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт Бэлэглэгчийг гомдоосон бол гэж заасан байна. Улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш улсын бүртгэлийн буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв байна. Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл гэснээр хүчин төгөлдөр бусд тооцуулах хууль зүйн үндэслэл байхгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад Г.Т нь гадаадад амьдарч олсон хөрөнгөө Ц.Х ХХК-ийн захирал Гантөмөрт /аавдаа/ шилжүүлдэг байсан. Мөн Ж.Ч Г.Т нарын хооронд Худалдах худалдан авах гэрээ хийгээгүй учир мөнгө шилжүүлсэн баримтууд байхгүй. 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр бэлэглэлийн гэрээг хийхдээ түүний шилжүүлсэн мөнгөний хариуд өгч байна гэж ойлгосон. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц ХХК, Л г ХХК, Ц.Х ХХК нарын хооронд хийгдсэн гэрээнд Ж.Ч ямар ч хамааралгүй гэж байгаа боловч нэгэнт гэрээ хийгдэж, төлбөрийг гүйцэтгэсэн тул гэрээг ямар ч нөхцөлтэй байж болохоор хуульчилсантай тохирч байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Х ХХК, Х.Ц ХХК, Л г ХХК нараас шаардах эрхтэй гэсэн зүйлийг ярьж байна. Ж.Ч урьдчилаад төлбөрийг төлсөн учир Ц.Х ХХК-д шаардах эрх үүсэхгүй байгаа юм. Батлан даалтын гэрээний дагуу Х.Ц ХХК, Ц.Х ХХК-д хариуцагчаар татсан бол энэ зөв зүйтэй болох байсан. Тухайн гэрээнд зааснаар Х.Ц 1 жилийн дотор төлбөрөө төлж барагдуулан, үл хөдлөх хөрөнгөө авах ёстой байсан. Гэтэл 5 жилийн хугацаанд Х.Ц ХХК төлбөрөө төлж байгаагүй. Ж.Ч Х.Ц ХХК-д хандаж нэг ч удаа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй. Ц.Х ХХК-д ирж сураг тавихгүй байгаа нь тодорхой харагдаж байна. Хэрэв Ц.Х ХХК-ийн захирал Гантөмөр батлан даалтын гэрээ бусад гэрээнүүдийг байгуулж гарын үсгийг зуруулж, тамга дараагүй байсан бол хохироод үлдэх байсан. Бэлэглэлийн гэрээ зөвхөн нэг талын хүсэл зоригоор хийгддэг гэрээ. Ж.Ч хүсэл зоригоо илэрхийлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлээсээ зөрүүтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Батлан даалтын гэрээний үүрэг биелэгдсэн. Иргэний хуулийн 139.3-т заасны дагуу биелэгдсэн гэж харж байна... гэв.

Гуравдагч этгээд Ц.Х ХХК шүүхэд нэхэмжлэгч Ж.Ч-д холбогдуулан гаргасан бие даасан шаардлагад, болон өмгөөлөгч Б.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Ж.Чийн нэхэмжлэлтэй Г.Т-т холбогдох иргэний хэрэг нь Ц.Х ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа тул энэхүү бие даасан шаардлагыг гаргаж байна. Ж.Ч нь Х.Ц ХХК, Ц.Х ХХК-тай Батлан даалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр Х.Ц ХХК нь ...төлбөр төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадна гэдгийг...урьдчилан баталж, ...хэрэв хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд түүний өмнөөс үүргийг нь биелүүлэхээ хүлээн зөвшөөрсөн, ...Батлан даагчийн хариуцлагын хэмжээ нь ...төлбөр, төлбөр төлөх гэрээнд заасан алданги болон, ...төлбөр төлөгч үүргээ биелүүлээгүйгээс төлбөр хүлээн авагчид учирсан гэм хор, гэрээг дуусгавар болгохтой холбогдон гарах зардал байх бөгөөд, бусад зардал... байхыг харилцан тохирч, энэхүү үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 1-В тоот хаягт байрлах, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 00000000 тоот гэрчилгээ, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарын өөрийн өмчлөлийн орон сууцыг Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээгээр төлбөр авагчийн заасан этгээдийн өмчлөлд шилжүүлснээ хүлээн зөвшөөрсөн. Мөн Х.Ц ХХК нь Л г ХХК-д өгөх ихээхэн хэмжээний өглөгөө гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх ажлын хөлсөөр хааж, ажил гүйцэтгэгчид Л г ХХК-ийн өмнөөс төлбөр төлөхөө хүлээн зөвшөөрч, гуравдагч этгээдийн үүргийг Ц.Х ХХК-ийг хүлээхийг санал болгож, Төлбөр төлөх тухай гэрээг манай компанитай байгуулж, үүгээр Л г ХХК-ийн Ц.Х ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлс 000000000 төгрөгийн төлбөрийг төлөх үүрэг хүлээж, уг төлбөрийг 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс хойш нэг жилийн дотор төлж барагдуулахаа амлан, уг үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлнө гэдгээ илэрхийлж, эдгээр үүргийн баталгаа болгон дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Төлбөр хүлээн авагчийн өмчлөлд шилжүүлсэн болохоо тодорхойлсон.

Энэ бүхнийг баталгаажуулж манай компани Л г ХХК болон Х.Ц ХХК-тай Өглөг хүлээн зөвшөөрөх тухай 3 талт гэрээ хийж, Л г ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Г/№15/36 тоот Ажил гүйцэтгэх гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №15/36-А тоот Нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний үүрэг гүйцэтгэгчийг Х.Ц ХХК-иар сольж, Л г ХХК-ийн өмнө хүлээсэн гэрээний үүргээ бүрэн биелүүлж, үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн боловч, Л г ХХК-ийн төлбөр төлөх үүргийг шилжүүлэн авсан Х.Ц ХХК болон Ж.Ч нар нь манай компанийн Л г ХХК-д гүйцэтгэж өгсөн ажлын хөлсийг тохирсон хугацаандаа өгөөгүй атлаа өнөөдөр Ж.Ч нь дүр үзүүлсэн хэлцэл гэх нэрээр өөрийн үүргээ биелүүлэхээс зайлсхийж байгаа явдал нь Ц.Х ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор хохирол учруулах нөхцөл байдлыг бий болгож байна. Ийм учраас манай бие даасан шаардлагыг энэхүү иргэний хэрэгт хамтатган шийдвэрлэх нь бодит үнэнийг тогтоох, хэрэг хянан шийдвэрлэх хэмнэлтийн зарчимд нийцсэн, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг хангах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой тул Ж.Чд холбогдуулан бие даасан шаардлага гаргаж байна. Иймд Ж.Чөөс 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Батлан даалтын гэрээний 4-т заасан үүргийн гүйцэтгэл болох 233,127,021 төгрөг, алданги 116,563,510 төгрөг, нийт 349,690,531 төгрөгийг гаргуулах, хэрэв энэ үүргээ гүйцэтгэж чадахгүй бол үүргийн гүйцэтгэлийг Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 1-В тоот хаягт байрлах өөрийн өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар бие даасан шаардлага гаргаж байна.

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.2 дахь хэсэгт Ирээдүйд бий болох, эсхүл болзол бүхий үүргийг хариуцаж батлан даалтын гэрээ байгуулж болно гэсний дагуу Ж.Ч 1 жилийн дотор төлж чадна гэдгээ баталсан. Хэрэв гэрээний үүргээ биелүүлж чадаагүй тохиолдолд түүний өмнөөс гэрээний үүргийг биелүүлэхийг хүлээн зөвшөөрсөн. Батлан даагчийн хариуцлагын хэмжээ төлбөр төлөх гэрээнд заасан алданги болон бусад зүйлээр тодорхойлогдоно. Төлбөр төлөгч үүргээ биелүүлээгүйгээс болж төлбөр хүлээн авагчид учирсан хохирол, гэрээг дуусгавар болохтой холбогдсон зардал, шүүхийн зардал, бусад зардлуудыг зааж өгсөн. Өөрийнхөө батлан даалтын гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгааг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 1-В тоот хаягт байрлах Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр төлбөр авагчийн заасан этгээд шилжүүлснээ хүлээн зөвшөөрсөн. Х.Ц ХХК Ж.Чөөр батлан даалгасан учир энэ гэрээ хийгдсэн. Төлбөр төлөх гэрээ хэрэгт авагдсан байгаа. Тус гэрээгээр бүх зүйл харагдаж байгаа. Иргэний хуулийн 458 дугаар зүйлд Үндсэн үүрэг гүйцэтгэгчийн хүлээх үүргийг батлан даагч хүлээнэ гэж заасны дагуу бие даасан шаардлага гаргаж байна. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасны дагуу Ж.Ч чадна гээд баталгаа гаргасан. Мөн Х.Ц ХХК-иас шаардах ёстой талаар ярьж байна. Батлан даалтын гэрээг хийх үед төлбөр төлөх үүрэг гүйцэтгэгч солигдсон. Батлан даагч тэр үүргийг хүлээх ёстой. Ж.Ч батлан даалтын гэрээндээ 1 жилийн хугацаанд энэ хүн төлчихнө, хэрэв төлөхгүй бол би хариуцна гэсэн. Төлсөн гэдгээ нотлож чадаагүй учир төлөөгүй гэсэн үг. Бэлэглэлийн гэрээний асуудал мөн хуулиараа зохицуулагдана. Бие даасан шаардлага бол төлбөр гаргуулах, төлбөрийг төлөхгүй бол үүргийн гүйцэтгэлээр хангуулах шаардлага гаргасан. Тохиролцоонд төлбөрийг төлвөл буцаагаад шилжүүлнэ гэсэн зүйл байдаг. Тийм учраас өнөөдрийг хүртэл Г.Таас өөр хүнд шилжүүлээгүй байж байгаа. Хэрэв төлбөрөө төлсөн бол буцааж шилжүүлэх үүрэгтэй байсан. Батлан даалтын гэрээний хугацаа дууссан ...гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад холбогдуулан гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ж.Ч уг Батлан даалтын гэрээг хуулийн хүчин төгөлдөр хийгдсэн гэрээ гэж үзэхгүй байгаа. Энэ гэрээ болон түүний үндэслэл болж буй 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Төлбөр төлөх тухай гэрээнд төлбөр төлөгч Х.Ц ХХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал Д.Б гэх хүн гарын үсэг зурсан байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Г.Д байгаагаас үзэхэд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын үндэслэл болгож буй гэрээнүүдэд Х.Ц ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан байна. Хэрэв дээрх Батлан даалтын гэрээ хуулийн дагуу байгуулагдсан, хүчин төгөлдөр гэж үзвэл Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д зааснаар батлан даалтын гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг урьдчилан хангах буюу аливаа эд хөрөнгийг төлбөр хүлээн авагчийн өмчлөлд урьдчилан шилжүүлэх эрх зүйн харилцаа үүсэхгүй. Гэтэл хариуцагч болон гуравдагч этгээд нарын зүгээс Батлан даалтын гэрээний дагуу Ж.Чийн өмчлөлийн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Ц.Х ХХК-ийн захирал Г.Тын өмчлөлд шилжүүлсэн мэтээр тайлбарлаж буй нь үндэслэлгүй юм. Мөн гуравдагч этгээд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасныг үндэслэл болгон тайлбарласан байх боловч уг хуулийн зохицуулалт нь Ц.Х ХХК, Х.Ц ХХК, Л г ХХК, Ж.Ч, Г.Т нарын хооронд үүссэн харилцаанд огт хамааралгүй юм. Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ гэж заасны дагуу төлбөр төлөгч Л г ХХК болон Х.Ц ХХК нарын хүлээсэн үүргийг Ж.Ч нь нөхөх хариуцлага хүлээхээр заасан байна. Өөрөөр хэлбэл Ц.Х ХХК-д холбогдох төлбөрийг Л г ХХК, Х.Ц ХХК нар төлөх үүрэгтэй тул тэднээс тэргүүн ээлжинд шаардахаар байна. Гуравдагч этгээд Ц.Х ХХК болон түүний нэр заасан этгээд гэх хариуцагч Г.Т нар нь шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт, тайлбар болон бие даасан шаардлагын үндэслэл зэргээс үзэхэд Ж.Чийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэхээр байна. Иймд гуравдагч этгээд Ц.Х ХХК-ийн гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.Ч нь хариуцагч Г.Тт холбогдуулан, 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, хэлцлээр шилжүүлсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 1В тоот хаягт байрлах 000372375 дугаартай, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаар үл хөдлөх эд хөрөнгийг Ж.Чийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Г.Тыг төлөөлөн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ...маргаан бүхий гэрээ хүчин төгөлдөр, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаж, Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж баталгаажсан, ...Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт заасан бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцон нөхцөл үүсээгүй, ...мөн Ц.Х ХХК, Х.Ц ХХК, Ж.Ч нарын 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан Батлан даалтын гэрээний дагуу төлбөр төлөгч Х.Ц ХХК-ийн төлбөр авагч Ц.Х ХХК-д төлвөл зохих 233,127,021 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй учир, гэрээнд заасны дагуу батлан даагч Ж.Чийн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчийн нэр заасан этгээдэд шилжүүлснээр үүрэг гүйцэтгэснээр тооцсон, уг үл хөдлөх эд хөрөнгийг Г.Тын аав нь авч өгсөн гэж ойлгосон... гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд Ц.Х ХХК-иас нэхэмжлэгч Ж.Чд холбогдуулан, түүнтэй Х.Ц ХХК-ийн хамт 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан Батлан даалтын гэрээний дагуу Х.Ц ХХК-ийн Ц.Х ХХК-д төлвөл зохих 000000000 төгрөг, алданги 000000000 төгрөг, нийт 000000000 төгрөг гаргуулах, энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 1В тоот хаягт байрлах 000372375 дугаартай, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаар үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай бие даасан шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч тал Ц.Х ХХК-ийн гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ...Батлан даалтын гэрээний дагуу төлбөр төлөгч Х.Ц ХХК-иас төлбөрийн үүргийг шаардаагүй, уг гэрээг төлбөр төлөгчийг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан ба, тухайн гэрээ байгуулах үндэслэл болсон Өглөг хүлээн зөвшөөрөх гэрээ болон, Төлбөр барагдуулах гэрээнүүд цаг хугацааны хувьд зөрүүтэй хийгдсэн... гэж тайлбарлан маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр Ж.Чийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээд Ц.Х ХХК-ийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан бие даасан шаардлагыг хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэлээ.

2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Ж.Ч, Г.Т нарын хооронд Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулагдаж, энэ гэрээгээр бэлэглэгч Ж.Ч нь өөрийн өмчлөлийн 00000000 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 1В тоот хаягт байрлах 000000000 дугаартай, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаар үл хөдлөх эд хөрөнгийг бэлэг хүлээн авагч Г.Тт хариу төлбөргүйгээр шилжүүлэхээр тохирч, тийнхүү бэлэглэх болсон үндэслэлийг ...Гадаадад амьдарч байх хугацаандаа авсан хөрөнгөө нэр дээрээ шилжүүлэн авч байгаа... хэмээн тусгажээ. /хх-9/

Улмаар Г.Т нь гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхээр 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт мэдүүлэг гаргаж, тухайн хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.

Дээрх гэрээ байгуулагдсанаас хойш 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Ц.Х ХХК, Х.Ц ХХК болон Ж.Ч нарын хооронд Батлан даалтын гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр ...төлбөр төлөгч Х.Ц ХХК нь төлбөр авагч Ц.Х ХХК-д нийт 233,127,021 төгрөгийг төлөх үүрэг хүлээснийг баталгаажуулж, төлбөр хүлээн авагчтай 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан Төлбөр төлөх гэрээг байгуулснаас хойш 1 жилийн дотор төлж барагдуулах, ...төлбөр төлөгч уг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадна гэдгийг батлан даагч Ж.Ч урьдчилан баталж, хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд түүний өмнөөс үүргийг нь биелүүлэхээ хүлээн зөвшөөрч, үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 1В тоот хаягт байрлах өөрийн өмчлөлийн орон сууцыг 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр төлбөр хүлээн авагчийн заасан этгээдийн өмчлөлд шилжүүлсэн болно... хэмээн тусгаж, талууд гэрээнд гарын үсэг зурж, байгууллагын тамга дарж баталгаажуулжээ. /хх-123, 124/

Батлан даалтын гэрээнд зурагдсан гарын үсэг нэхэмжлэгч Ж.Чийнх биш гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарлан, гарын үсгийн үнэн зөвийг тогтоолгохоор шинжээч томилуулахыг хүсэж, шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн №09414 тоот захирамжаар шинжээч томилсон ба, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.Х-ийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн №3269 дүгээр дүгнэлтээр Ж.Чийн гарын үсэг мөн болохыг тогтоосон. /хх-150/

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ гэж заасны дагуу бэлэг өгч авалцах тухай хоёр талын зөвшилцөл шаардлагатай хоёр талын хэлцэл ба, нэг тал нь бэлэг өгөх, нөгөө тал нь үүнийг хариу төлбөргүй хүлээн авахаар зөвшөөрч байдгаараа онцлог бөгөөд, энэ хоёр амлалт нь бэлэглэлийн гэрээний гол нөхцөл болдог байна.

Нэхэмжлэгч Ж.Ч нь хариуцагч Г.Тыг танихгүй, маргаан бүхий бэлэглэлийн гэрээ байгуулагдахаас өмнө тэдний хооронд гэрээний болон эрх зүйн аливаа харилцаа үүсээгүй хэмээн тайлбарладаг ба, үүнийг хариуцагч тал үгүйсгээгүй болно.

Маргаан бүхий бэлэглэлийн гэрээний талууд бие биенээ танихгүй, мөн гэрээний зүйлийг хоорондын зөвшилцлийн дагуу бус, харин Ц.Х ХХК, Х.Ц ХХК-иудын хоорондын төлбөр тооцооны баталгаа болгон шилжүүлсэн болох нь Батлан даалтын гэрээ, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Ж.Ч, Г.Т нарын байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй тул маргаан бүхий Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр Ж.Чөөс Г.Тт шилжүүлсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 1В тоот хаягт байрлах 000000000 дугаартай, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаар бүхий 255,8 м.кв талбайтай, аж ахуйн зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Ж.Чийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч Г.Тт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй учир бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан боловч, хуулийн уг зохицуулалт нь хүчин төгөлдөр гэрээний хүрээнд, тухайн гэрээг хүчингүй болгох асуудал хамаарах тул түүний татгалзал үндэслэлгүй байна.

Гуравдагч этгээд Ц.Х ХХК-иас нэхэмжлэгч Ж.Чд холбогдуулан гаргасан бие даасан шаардлагын тухайд 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Батлан даалтын гэрээний 4 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч Х.Ц ХХК-иас төлбөр авагч Ц.Х ХХК-д төлвөл зохих 233,127,021 төгрөг, уг төлбөрийг гэрээнд заасан 1 жилийн хугацаанд төлөөгүй учир алданги 116,563,510 төгрөг, нийт 349,690,531 төгрөгийг батлан даагч Ж.Чөөс гаргуулах, энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 1В тоот хаягт байрлах 000372375 дугаартай, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаар үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахыг хүссэн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг эс зөвшөөрч, ...батлан даалтын гэрээг төлбөр төлөгч Х.Ц ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан, мөн үндсэн үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэхгүй бол батлан даагч үүрэг хүлээнэ гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг үндсэн үүрэг гүйцэтгэгчээс шаардана, ...төлбөр авагчийн өмчлөлд урьдчилан хөрөнгө шилжүүлэх эрх зүйн харилцаа үүсэхгүй, ...төлбөр авагч нь төлбөр төлөгч Х.Ц ХХК-иас тэргүүн ээлжинд төлбөрийг шаардах ёстой гэх зэргээр тайлбарлан маргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болох бөгөөд, уг шаардлага нь хэдийгээр Ж.Чийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн бэлэглэлийн гэрээний зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой боловч, талуудын хооронд байгуулагдсан өөр харилцаанаас үүдэлтэй, тухайн Батлан даалтын гэрээний төлбөр төлөгч буюу үндсэн үүрэг гүйцэтгэгч нь Х.Ц ХХК байх тул Ц.Х ХХК-ийн гаргасан энэхүү шаардлагыг Ж.Чийн нэхэмжлэлтэй маргаан бүхий хэрэгтэй хамтруулан шийдвэрлэх боломжгүй учраас Ц.Х ХХК нь уг шаардлагаа бие даасан нэхэмжлэлээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэн хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Ч, Г.Т нарын хооронд 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцож, тус хэлцлээр шилжүүлсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 1В тоот хаягт байрлах 000372375 дугаартай, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Ж.Чийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч Г.Тт даалгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар Ц.Х ХХК-ийн нэхэмжлэгч Ж.Чд холбогдуулан, Батлан даалтын гэрээний үүрэгт 349,690,531 төгрөг гаргуулах, уг үүргээ сайн дураар гүйцэтгээгүй бол үүргийн гүйцэтгэлийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 1В тоот хаягт байрлах 000372375 дугаартай, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай бие даасан шаардлагыг хэлэлцэхээс татгалзсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 478,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Таас 478,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Чд олгон, гуравдагч этгээд Ц.Х ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,906,403 төгрөгийг улсын тусвөөс буцаан гаргуулж Ц.Х ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ                        А.САРАНТУЯА