Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/00263

 

 

Ж.Чрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/03272 дугаар шийдвэртэй, Ж.Чрийн нэхэмжлэлтэй, Г.Трт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хэлцлээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан өмчлөлд шилүүлэхийг даалгуулах тухай,

гуравдагч этгээд “Ц.Т” ХХК-ийн батлан даалтын гэрээний 4-т заасан үүргийн гүйцэтгэл 233 127 021 төгрөг, алданги 116 563 510 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай Ж.Чрд холбогдох бие даасан шаардлагатай иргэний хэргийг,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А, өмгөөлөгч Ц.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” ХХК нь “Х” ХХК-тай 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба уг гэрээний дагуу “Х” ХХК нь Хан-Уул дүүрэг, Эх 100 айлын 3 ширхэг орон сууцны барилга, 187 автомашины 2 давхар авто зогсоолын угсралтын ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон.

Тус барилгад цонхны ажил гүйцэтгэхээр “Ц.Т” ХХК нь 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “Х” ХХК-тай 881 468 192 төгрөгийн үнийн дүн бүхий Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх, захиалгаар автомашины зогсоолын барилгын ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулсан.

Гэрээгээр “Ц.Т” ХХК нь дээрх барилгын бүх цонхыг нийлүүлэх, “Х” ХХК нь баригдаж буй барилгын 201 дүгээр байрны 16, 35 тоот орон сууц, мөн В2 давхрын 76, 77, 78 дугаар авто зогсоол зэргийг өгөхөөр харилцан тохиролцсон.

“Х” ХХК нь барилга барьж, “Ц.Т” ХХК нь бүх цонхыг нийлүүлсэн боловч “Т” ХХК нь гэрээгээр тохиролцсон орон сууцыг өгөөгүй. “Ц.Т” ХХК нь “Т” ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, тухайн үед “Ц.Т” ХХК-иас шүүх хэргийг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй тул баталгаа болгон “Х” ХХК-аас үл хөдлөх хөрөнгөө түр шилжүүлээд, “Т” ХХК-ийг “Ц.Т” ХХК-д уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэхээр эцэслэн шийдэгдвэл барьцаанд тавьсан зүйлийг буцааж өгөхийг хүссэн байна.

“Х” ХХК-ийн захирал Н.Дэлгэрсайхан, Д.Болд нарын хүсэлтээр Ж.Чр нь “Ц.Т” ХХК-ийн захирлын хүү гэх Г.Трт 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хх, Оотоот хаягт байрлах 000372375 дугаартай, улсын бүртгэлийн Ү-555 дугаар үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэлийн гэрээ байгуулан шилжүүлсэн.

“Ц.Т” ХХК болон “Т” ХХК-ийн маргаан шийдвэрлэгдэж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/05514 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 88 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 219 тоот тогтоол гарж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, Зайсан голден вилл хотхотны 201 дүгээр байрны 1 дүгээр орцны 16 тоот, 2 дугаар орцны 35 тоот орон сууц, тухайн байрны В2 давхрын 76, 77, 78 дугаар авто зогсоолууд, түүнтэй холбоотой баримт бичгийг “Ц.Т” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлэхийг “Т” ХХК-д үүрэг болгон, уг хөрөнгүүдийг “Ц.Т” ХХК авсан байна.

Ийнхүү эд хөрөнгөө авсных нь дараа Ж.Чр удаа дараа өөрийн өмчлөлийн хөрөнгөө буцаан авах тухай албан бичгээр “Х” ХХК-д мэдэгдэж, “Х” ХХК-иас “Ц.Т” ХХК-д мэдэгдэж байсан ч, Г.Тр үндэслэлгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж өгөхгүй гэсээр байна.

Нэхэмжлэгч талаас бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах шаардлага гаргаагүй байхад Иргэний хуулийн 280 дугаар зүйлийг баримтлан тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Иймд Ж.Чр, Г.Тр нарын хооронд байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн бэлэглэлийн гэрээ нь дүр үзүүлж хийсэн хэлцэл болохыг тогтоож, хэлцлээр шилжүүлсэн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг Ж.Чрийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын үндэслэл болгож буй гэрээнүүдэд “Х” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан байна. Батлан даалтын гэрээ хуулийн дагуу байгуулагдсан, хүчин төгөлдөр гэж үзвэл батлан даалтын гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг урьдчилан хангах буюу аливаа эд хөрөнгийг төлбөр хүлээн авагчийн өмчлөлд урьдчилан шилжүүлэх эрх зүйн харилцаа үүсэхгүй. Гэтэл хариуцагч болон гуравдагч этгээд нарын зүгээс батлан даалтын гэрээний дагуу Ж.Чрийн өмчлөлийн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг “Ц.Т” ХХК-ийн захирал Г.Трын өмчлөлд шилжүүлсэн мэтээр тайлбарлаж буй нь үндэслэлгүй юм.

Мөн гуравдагч этгээд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасныг үндэслэл болгон тайлбарласан байх боловч уг хуулийн зохицуулалт нь Ц.Т ХХК, Х ХХК, Л ХХК, Ж.Чр, Г.Тр нарын хооронд үүссэн харилцаанд огт хамааралгүй юм. Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ гэж заасны дагуу төлбөр төлөгч “Л” ХХК болон “Х” ХХК нарын хүлээсэн үүргийг Ж.Чр нь нөхөх хариуцлага хүлээхээр заасан. Өөрөөр хэлбэл “Ц.Т” ХХК-д холбогдох төлбөрийг “Л” ХХК, “Х” ХХК нар төлөх үүрэгтэй тул тэднээс тэргүүн ээлжинд шаардахаар байна. Гуравдагч этгээд “Ц.Т” ХХК болон түүний нэр заасан этгээд гэх хариуцагч Г.Тр нар нь шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт, тайлбар болон бие даасан шаардлагын үндэслэл зэргээс үзэхэд Ж.Чрийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэхээр байна.

Иймд гуравдагч этгээд “Ц.Т” ХХК-ийн гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Тр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авсан бэлэглэлийн гэрээ хуульд заасны дагуу бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

Бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт зааснаар бэлэглэгчийг гомдоосон тохиолдолд хүчингүй болгодог. Улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш улсын бүртгэлийн буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв байна.

Г.Тр нь гадаадад амьдарч олсон хөрөнгөө “Ц.Т” ХХК-ийн захиралд шилжүүлдэг байсан. Мөн Ж.Чр Г.Тр нарын хооронд худалдах худалдан авах гэрээ хийгээгүй учир мөнгө шилжүүлсэн баримтууд байхгүй. 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр бэлэглэлийн гэрээг хийхдээ түүний шилжүүлсэн мөнгөний хариуд өгч байна гэж ойлгосон.

“Х” ХХК, “Л” ХХК, “Ц.Т” ХХК-иудын хооронд хийгдсэн гэрээнд Ж.Чр ямар ч хамааралгүй гэж байгаа боловч нэгэнт гэрээ хийгдэж, төлбөрийг төлж дуусгасан.

Ж.Чр нь батлан даалтын гэрээний дагуу “Х” ХХК, “Ц.Т” ХХК-д хариуцагчаар татсан бол энэ зөв зүйтэй болох байсан. Бэлэглэлийн гэрээ зөвхөн нэг талын хүсэл зоригоор хийдэг. Ж.Чр хүсэл зоригоо илэрхийлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлээсээ зөрүүтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан бие даасан шаардлагад, болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Чрийн нэхэмжлэлтэй Г.Трт холбогдох иргэний хэрэг нь Ц.Т ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа тул энэхүү бие даасан шаардлагыг гаргаж байна.

Ж.Чр нь “Х” ХХК, “Ц.Т” ХХК-тай Батлан даалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр “Х” ХХК нь төлбөр төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадна гэдгийг урьдчилан баталж, хэрэв хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд түүний өмнөөс үүргийг нь биелүүлэхээ хүлээн зөвшөөрсөн, баталгаа болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хх, Оотоот хаягт байрлах, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 00372375 тоот гэрчилгээ, улсын бүртгэлийн Ү-111 дугаарын өөрийн өмчлөлийн орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр төлбөр авагчийн заасан этгээдийн өмчлөлд шилжүүлснээ хүлээн зөвшөөрсөн.

Мөн “Х” ХХК нь “Л” ХХК-д өгөх ихээхэн хэмжээний өглөгөө гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх ажлын хөлсөөр хааж, ажил гүйцэтгэгчид “Л” ХХК-ийн өмнөөс төлбөр төлөхөө хүлээн зөвшөөрч, гуравдагч этгээдийн үүргийг “Ц.Т” ХХК хүлээхийг санал болгож, төлбөр төлөх тухай гэрээг манай компанитай байгуулж, үүгээр “Л” ХХК, “Ц.Т” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлс 233 127 021 төгрөгийн төлбөрийг төлөх үүрэг хүлээж, уг төлбөрийг 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс хойш нэг жилийн дотор төлж барагдуулахаа амлан, уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлнө гэдгээ илэрхийлж, баталгаа болгон дээрх үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр хүлээн авагчийн өмчлөлд шилжүүлсэн болохоо тодорхойлсон.

Энэ бүхнийг баталгаажуулж манай компани “Л” ХХК болон “Х” ХХК-тай өглөг хүлээн зөвшөөрөх тухай 3 талт гэрээ хийж, “Л” ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний үүрэг гүйцэтгэгчийг “Х” ХХК-иар сольж, “Л” ХХК-ийн өмнө хүлээсэн гэрээний үүргээ бүрэн биелүүлж, үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн боловч, “Л” ХХК-ийн төлбөр төлөх үүргийг шилжүүлэн авсан “Х” ХХК болон Ж.Чр нар нь манай компанийн “Л” ХХК-д гүйцэтгэж өгсөн ажлын хөлсийг тохирсон хугацаандаа өгөөгүй атлаа өнөөдөр Ж.Чр нь дүр үзүүлсэн хэлцэл гэх нэрээр өөрийн үүргээ биелүүлэхээс зайлсхийж байгаа явдал нь “Ц.Т” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор хохирол учруулах нөхцөл байдлыг бий болгож байна.

Батлан даагчийн хариуцлагын хэмжээ төлбөр төлөх гэрээнд заасан алданги болон бусад зүйлээр тодорхойлогдоно. Төлбөр төлөгч үүргээ биелүүлээгүйгээс болж төлбөр хүлээн авагчид учирсан хохирол, гэрээг дуусгавар болохтой холбогдсон зардал, шүүхийн зардал, бусад зардлуудыг зааж өгсөн. Өөрийнхөө батлан даалтын гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгааг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хх, Оотоот хаягт байрлах Ү-555 дугаарт бүртгэлтэй, орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр төлбөр авагчийн заасан этгээд шилжүүлснээ хүлээн зөвшөөрсөн.

“Х” ХХК Ж.Чрөөр батлан даалгасан, төлбөр төлөх гэрээ хэрэгт авагдсан байгаа. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасны дагуу Ж.Чр чадна гээд баталгаа гаргасан. Батлан даалтын гэрээг хийх үед төлбөр төлөх үүрэг гүйцэтгэгч солигдсон. Ж.Чр батлан даалтын гэрээндээ 1 жилийн хугацаанд энэ хүн төлчихнө, хэрэв төлөхгүй бол би хариуцна гэсэн. Төлсөн гэдгээ нотлож чадаагүй. Тохиролцоонд төлбөрийг төлвөл буцаагаад шилжүүлнэ гэсэн зүйл байдаг. Тийм учраас өнөөдрийг хүртэл Г.Траас өөр хүнд шилжүүлээгүй байж байгаа. Хэрэв төлбөрөө төлсөн бол буцааж шилжүүлэх үүрэгтэй байсан. Батлан даалтын гэрээний хугацаа дууссан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Чр, Г.Тр нарын хооронд 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцож, тус хэлцлээр шилжүүлсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хх, Оотоот хаягт байрлах 000372375 дугаартай, улсын бүртгэлийн Ү-555 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Ж.Чрийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч Г.Трт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар Ц.Т ХХК-ийн нэхэмжлэгч Ж.Чрд холбогдуулан, Батлан даалтын гэрээний үүрэгт 349,690,531 төгрөг гаргуулах, уг үүргээ сайн дураар гүйцэтгээгүй бол үүргийн гүйцэтгэлийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хх, Оотоот хаягт байрлах 000372375 дугаартай, улсын бүртгэлийн Ү-555 дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай бие даасан шаардлагыг хэлэлцэхээс татгалзаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 478,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Траас 478,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Чрд олгон, гуравдагч этгээд Ц.Т ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,906,403 төгрөгийг улсын тусвөөс буцаан гаргуулж Ц.Т ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  Анхан шатны шүүх талуудын хоорондын харилцааг буруу дүгнэж хариуцагч Г.Тр, гуравдагч этгээд “Ц.Т” ХХК нарыг 349 690 531 төгрөгөөр хохироосон. Батлан даалтын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч “Х” ХХК үүргээ гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцна гэж Ж.Чр гэрээний үндсэн тал болж гарын үсэг зурсан байхад үндсэн үүрэг гүйцэтгэгч нь “Х” ХХК байх тул гэж батлан даалтын гэрээний үүргээс Ж.Чрийг үндэслэлгүйгээр чөлөөлж, хэрвээ “Х” ХХК үүргээ гүйцэтгэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч “Ц.Т” ХХК маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангах болзолтойгоор батлан даалтын гэрээ байгуулж, өөрийн хүсэл зоригоор үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн нь тогтоогдсоор байхад хамтатгаж шийдвэрлэх боломжгүй гэж үүрэг гүйцэтгүүлэгчийг хохироосон байна.

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлгийн явцад “Ц.Т” ХХК нь бие даасан шаардлага гаргаж шүүхээр шийдвэрлүүлэхэд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байж болзошгүй талаар шүүх өөрөө тайлбарлаж байсан атлаа бие даасан нэхэмжлэл гарга гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Батлан даалтын гэрээ хүчин төгөлдөр бус эсэхийг шийдвэрлээгүй байхад батлан даагчийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр буст тооцон нэхэмжлэгч Ж.Чрийг батлан даагчийн үүрэг хариуцлагаас чөлөөлснийг хууль бус гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгч Ж.Чрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл худал гэдэг нь нотлох баримтуудаар тогтоогдсон, Ж.Чрийн гарын үсэг мөн гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож, нэхэмжлэгч шүүхэд үнэн зөв тайлбар өгөх үүргээ биелүүлээгүй байхад хэт нэг талыг барьж шийдвэр гаргаж хариуцагч нарыг хохироож байгаад туйлын гомдолтой байна.

Нэхэмжлэгч Ж.Чр “Т” ХХК-тай холбогдуулан нэхэмжлэлийнхээ үндэслэлээ тайлбарласан байх бөгөөд ямар нэг үүрэг хүлээгээгүй, үүрэг хүлээсэн гэрээ байгуулаагүй, танилын хувьд итгээд зүгээр шилжүүлсэн гэх шаардлагын үндэслэл нь хэрэгт цугласан нотлох баримтуудаар худал болох нь тогтоогдож байхад нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгох байсныг хэрэглэлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Гэрээний талууд харилцан тохиролцож, “Ц.Т” ХХК үүрэг гүйцэтгэх баталгаа байхгүй бол гэрээ хийхгүй гэсэнд “Х” ХХК, Ж.Чр нар Ж.Чрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг баталгаа болгож өгье гэж нэгдмэл байр сууринд хүрсэн байдлыг анхаарч үзэлгүй шийдвэр гаргасан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

 Гуравдагч этгээдийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэсэн заалтын ач холбогдлыг зөв үнэлсэн бол нэхэмжлэгчээс үүргийн гүйцэтгэл шаардсан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангах эсэхэд дүгнэлт өгөх байсан. Гэтэл эсрэгээр хандаж, дээрх гэрээнүүдийн байгуулсан сар, өдөрт илүү ач холбогдол өгч дүгнэлт хийн шийдвэр гаргаснаараа “Батлан даалтын гэрээ”-нд “...өөрийн өмчлөлийн орон сууцыг 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээгээр төлбөр хүлээн авагчийн заасан этгээдийн өмчлөлд шилжүүлсэн болно...” гэж заасан гэрээний талуудын хүсэлт сонирхлын илэрхийлэл, гэрээг чөлөөт байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхэд хөндлөнгөөс халдсан хэрэг болсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

 

Нэхэмжлэгч Ж.Чр нь хариуцагч Г.Трт холбогдуулан, 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, хэлцлээр шилжүүлсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хх, Оотоот хаягт байрлах 000372375 дугаартай, улсын бүртгэлийн Ү-555 дугаар үл хөдлөх эд хөрөнгийг Ж.Чрийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даатгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Ц.Т” ХХК нь нэхэмжлэгч Ж.Чрд холбогдуулан, “Х” ХХК-ийн хамт 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан батлан даалтын гэрээний дагуу “Х” ХХК-ийн “Ц.Т” ХХК-д төлвөл зохих 233 127 021 төгрөг, алданги 116 563 510 төгрөг, нийт 349 690 531 төгрөг гаргуулах, энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хх, Оотоот хаягт байрлах 000372375 дугаартай, улсын бүртгэлийн Ү-555 дугаар үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай бие даасан шаардлага гаргасан байна.

 

Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ж.Чр, Г.Тр нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хэлцлээр шилжүүлсэн улсын бүртгэлийн Ү-555 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Ж.Чрийн өмчлөлд шилжүүлэхийг Г.Трт даалгаж шийдвэрлэхдээ хэргийн 9 дүгээр талд авагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг үндэслэл болгосон боловч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичгийн нотлох баримтад тавигдах шаардлагад нийцээгүй болохыг анхаараагүй байна.

 

Дээрх баримт нь Ж.Чр, Г.Тр нарын хооронд байгуулагдсан иргэд хоорондын хэлцэл юм. Уг хэлцэлд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архив “хуулбар үнэн” гэх тэмдэг дарсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан өөрийн байгууллагын баримтад баталгаажуулалт хийсэн тохиолдлыг зохицуулсан зохицуулалтад хамаарахгүй юм.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул материаллаг эрх зүйн дүгнэлттэй холбоотой хэргийг оролцогчийн гомдолд дүгнэлт өгөх шаардлагагүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/03272 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478 350 төгрөг, гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 906 700 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                          ШҮҮГЧИД                                Ш.ОЮУНХАНД

 

                                                             Э.ЗОЛЗАЯА