Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00309

 

 

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2021/03188 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******т холбогдох 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хэлцлээр шилжүүлсэн зүйл болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо,  тоот үл хөдлөх эд хөрөнгийг *******ийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, *******өөс 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн батлан даалтын гэрээний үүргийн гүйцэтгэл болох 233,127,021 төгрөг, алданги 116,563,510 төгрөг нийт 349,690,531 төгрөг гаргуулах, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороохаягт байрлах орон сууцны дуусаагүй барилгаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг *******т даалгах тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Анар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтантуяа, гуравдагч этгээдийн төлөөлөгч Л.Г, түүний өмгөөлөгч Г.Жанчив, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч*******-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: ******* болон “******** ХХК нь 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “Захиалгаар амрагчдын сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо,  м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг захиалагч *******ийн хөрөнгөөр буюу нийт 650,000,000 төгрөгөөр бариулахаар тохиролцсон. Улмаар ******* нь 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр барилгыг 90 хувийн гүйцэтгэлтэй байхад нь өөрийн өмчлөлд шилжүүлэн бүртгүүлж гэрчилгээ авсан.

            Түүний найз Д.Б нь *******өөс уг “үл хөдлөх эд хөрөнгөө түр хугацаанд өөр хүний нэр дээр шилжүүлж өгөхийг хүсч, нэр дээрээ шилжүүлж авах хүн нь санхүүгийн асуудалтай байгааг хэлж, удахгүй буцаагаад шилжүүлээд өгнө” гэж хэлсний дагуу ******* нь найздаа итгэж “******** ХХК-ийн захирлын туслах Б.Ад 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр итгэмжлэл олгож үлдээсэн. Б.А нь мөн оны 06 дугаар сарын 25-ны өдөр “ххххххх” ХХК-ийн захирал Л.Гийн хүү *******тай бэлэглэлийн гэрээ хийж, *******ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг *******ын нэр дээр шилжүүлсэн.

             ******* нь “ххххххх” ХХК-ийн захирал Л.Г болон ******* нарыг огт танихгүй, өмнө нь уулзаж байгаагүй. Тухайн үед Д.Б нь *******ийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх болсон үндэслэлийг тодруулахад Д.Б өмнө нь “******** ХХК-ийн захирлаар ажиллаж байх үедээ “ххххххх” ХХК-ийн захирал Л.Гтэй хамтран ажилладаг, танилууд байсан бөгөөд Л.Г нь “компанийн үйл ажиллагаа явуулахад санхүүгийн хүндрэлтэй байдалд орсон, хамтран ажиллаж байсан “хххххх” ХХК-тай шүүхийн маргаантай байгаа ба уг маргаан дуусмагц “хххххх” ХХК-аас авах ёстой гэрээний төлбөрөө бүрэн авна, тэр хүртэл зээл авахад барьцаа хөрөнгө шаардлагатай тул зээлийн барьцаанд тавих үл хөдлөх эд хөрөнгийг түр хугацаанд шилжүүлэх”-ийг хүссэн байдаг. Нэхэмжлэгч нь их хэмжээний хөрөнгө зарцуулж бариулсан барилгаа өөрийн өмчлөлдөө буцаан авч чадахгүй өдийг хүрээд байна.

            Талуудын байгуулсан бэлэглэлийн гэрээний хүсэл зоригийн илэрхийлэл нь бодит бус, 650,000,000 төгрөгөөр бариулсан байраа ямар ч төлбөргүйгээр *******т шилжүүлэх үндэслэл байхгүй гэдгийг хэлцэл хийгч талууд аль аль нь мэдэж байсан. Дээрх бэлэглэлийн гэрээ нь тодорхой үр дүнд хүрэх зорилгогүй, эрх зүйн ямар нэгэн үр дагавар үүсгэх хүсэл эрмэлзэлгүй, зөвхөн гадаад хэлбэрийн хувьд уг гэрээг хийж буй мэт илэрхийллийг агуулсан. Мөн хэрэгт авагдсан баримтаар бэлэглэлийн гэрээ хийгдсэнээс хойш тус орон сууцыг хариуцагч ******* эзэмшиж, ашиглаагүй, оршин суугаагүй болно.

            Түүнчлэн ******* болон “******** ХХК нар нь 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнд заасан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ 650,000,000 төгрөгийн үнэлгээтэй гэж байхад *******тай байгуулсан гэрээнд хөрөнгийн үнэлгээг 50,000,000 төгрөг буюу илт үндэслэлгүй бага үнэ бичсэн болох нь тодорхой харагдана.

            Мөн хариуцагч талаас шүүхэд тайлбар гаргахдаа ******* гадаадад амьдрах үедээ олсон орлогоосоо аавдаа явуулаад аав нь тэр мөнгөөр “******** ХХК-ийн барьж байгаа барилгаас худалдан би хөрөнгөөрөө авсан, дараагаар нь батлан даалтаар шилжүүлэгдсэн гэж тайлбарладаг. Бие даасан шаардлага гаргахдаа өөрийн нэр дээр ххххххх ХХК-д шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч байна гэж тайлбар гаргадаг. Ийм байдлаар хариуцагч өөрөө удаа дараа зөрүүтэй зүйл ярьдаг. Худалдах-худалдан авах гэрээний татвараас зайлсхийн бэлэглэлийн гэрээ байгуулсан гэж байна. Энэ нь мөн дүр үзүүлсэн хэлцэл гэж тооцогдохоор байна

            Иймд ******* болон ******* нарын хооронд байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хэлцлээр шилжүүлсэн зүйл болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо,  тоот үл хөдлөх эд хөрөнгийг *******ийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

            2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: *******, ******* нарын хооронд байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ хуульд заасны дагуу бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлсэн, хүчин төгөлдөр гэрээ байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдаж байгаагаар баталгаа болгон шилжүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй, нотлох баримтгүй байна. Учир нь *******ийн тайлбарлараар “******** ХХК-ийн өмнөөс баталгаажуулж үл хөдлөх хөрөнгөө шилжүүлсэн юм бол Иргэний хуульд зааснаар барьцааны, баталгааны, эсхүл батлан даалтын бичгээр хийсэн гэрээ байх ёстой.

            “хххххх” ХХК, “ххххххх” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу шүүхдэлцэж байхад хариуцагч бус гуравдагч этгээд “******** ХХК баталгаа болгож хөрөнгө шилжүүлсэн, дээр нь өөрийн биш бусдын хөрөнгийг ямар ч гэрээ, баримтгүйгээр шилжүүлсэн гэх нь худал байна. Нэхэмжлэлийн шаардлага нь бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай гэж буюу Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт зааснаар бэлэглэгчийг гомдоосон тохиолдолд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгоно.

            Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж хүчин төгөлдөр бусд тооцуулах хууль зүйн үндэслэл байхгүй. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад ******* нь гадаадад амьдарч олсон хөрөнгөө “ххххххх” ХХК-ийн захирал Л.Гт /аавдаа/ шилжүүлдэг байсан. Мөн ******* ******* нарын хооронд худалдах-худалдан авах гэрээ хийгээгүй учир мөнгө шилжүүлсэн баримтууд байхгүй ба ******* нь 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр бэлэглэлийн гэрээг хийхдээ түүний шилжүүлсэн мөнгөний хариуд өгч байна гэж ойлгосон гэдэг.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “******** ХХК, “******” ХХК, “ххххххх” ХХК нарын хооронд хийгдсэн гэрээнд ******* ямар ч хамааралгүй гэж байгаа боловч нэгэнт гэрээ хийгдэж, төлбөрийг гүйцэтгэсэн тул гэрээг ямар ч нөхцөлтэй байж болохоор хуульчилсантай тохирч байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “ххххххх” ХХК, “******** ХХК, “******” ХХК нараас шаардах эрхтэй гэсэн зүйлийг ярьж байна. ******* урьдчилаад төлбөрийг төлсөн учир “ххххххх” ХХК-д шаардах эрх үүсэхгүй байгаа юм. Батлан даалтын гэрээний дагуу “******** ХХК нь “ххххххх” ХХК-ийг хариуцагчаар татсан бол энэ зөв зүйтэй болох байсан.

            Тухайн гэрээнд зааснаар “******** ХХК 1 жилийн дотор төлбөрөө төлж барагдуулан, үл хөдлөх хөрөнгөө авах ёстой байсан. Гэтэл 5 жилийн хугацаанд “******** ХХК төлбөрөө төлж байгаагүй.

            Хэрэв “ххххххх” ХХК-ийн захирал Л.Г батлан даалтын гэрээ бусад гэрээнүүдийг байгуулж гарын үсгийг зуруулж, тамга дараагүй байсан бол хохироод үлдэх байсан. Бэлэглэлийн гэрээ зөвхөн нэг талын хүсэл зоригоор хийгддэг гэрээ, ******* хүсэл зоригоо илэрхийлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлээсээ зөрүүтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Батлан даалтын гэрээний үүрэг Иргэний хуулийн 139 дүгээр зүйлийн 139.3 дах хэсэгт заасны дагуу биелэгдсэн гэж үзэж байна гэжээ.

 

            3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “ххххххх” ХХК-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч ******* нь 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан батлан даалтын гэрээгээр “******** ХХК-ийн үүргийг хариуцахаа илэрхийлж, “ххххххх” ХХК-тай гэрээ байгуулсан.  Уг гэрээгээр “******** ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд түүний өмнөөс үүргийг нь биелүүлэхээ хүлээн зөвшөөрч, үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон маргаан бүхий үл хөдлөх үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчийн заасан этгээдийн өмчлөлд бэлэглэлийн гэрээг шилжүүлсэн.

“******** ХХК нь “******” ХХК-д өгөх ихээхэн хэмжээний өглөгөө гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх ажлын хөлсөөр хааж, ажил гүйцэтгэгчид “******” ХХК-ийн өмнөөс төлбөр төлөхөө хүлээн зөвшөөрч, гуравдагч этгээдийн үүргийг “ххххххх” ХХК хүлээхийг санал болгож, төлбөр төлөх тухай гэрээг манай компанитай байгуулж, үүгээр “******” ХХК, “ххххххх” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлс 233,127,021 төгрөгийн төлбөрийг төлөх үүрэг хүлээж, уг төлбөрийг 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс хойш нэг жилийн дотор төлж барагдуулахаа амлан, уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлнө гэдгээ илэрхийлж, баталгаа болгон дээрх үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр хүлээн авагчийн өмчлөлд шилжүүлсэн болохоо тодорхойлсон.

Энэ бүхнийг баталгаажуулж манай компани “******” ХХК болон “******** ХХК-тай өглөг хүлээн зөвшөөрөх тухай 3 талт гэрээ хийж, “******” ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний үүрэг гүйцэтгэгчийг “******** ХХК-аар сольж, “******” ХХК-ийн өмнө хүлээсэн гэрээний үүргээ бүрэн биелүүлж, үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн боловч, “******” ХХК-ийн төлбөр төлөх үүргийг шилжүүлэн авсан “******** ХХК болон ******* нар нь манай компанийн “******” ХХК-д гүйцэтгэж өгсөн ажлын хөлсийг тохирсон хугацаандаа өгөөгүй атлаа өнөөдөр ******* нь дүр үзүүлсэн хэлцэл гэх нэрээр өөрийн үүргээ биелүүлэхээс зайлсхийж байгаа явдал нь “ххххххх” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор хохирол учруулах нөхцөл байдлыг бий болгож байна.

            Хэрэв нэхэмжлэгч ******* нь “******** ХХК-ийн өмнөөс үүргийг нь биелүүлэхээ хүлээн зөвшөөрөөгүй бол батлан даагчийн хариуцлагын хэмжээ төлбөр төлөгч “******** ХХК-ийн өмнөөс “******”  ХХК-д төлөх төлбөр, төлбөр төлөх гэрээнд заасан алданги, төлбөр төлөгч үүргээ биелүүлээгүйгээс төлбөр хүлээн авагчид учирсан гэм хор, гэрээг дуусгавар болгохтой холбогдон гарах зардалыг бүрэн хариуцахаа илэрхийлээгүй бол, энэхүү үүргийнхээ гүйцэтгэлийн баталгаа болгон Ү-22хххх дугаарт улсын бүртгэлд бүртгэлтэй Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо хаягт байрлах өөрийн өмчлөлийн орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээгээр “ххххххх” ХХК-ийн заасан этгээд болох компанийн хувьцаа эзэмшигч Л.Гийн хүү *******ын өмчлөлд шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол, бид “******”  ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, мөн сарын 20-ны өдөр байгуулсан нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний үүрэг гүйцэтгэгчийг “******** ХХК-аар солихыг хүлээн зөвшөөрөхгүй байсан гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудад байгаа талуудын эрх, үүргээс тодорхой харагдана. Иймээс “ххххххх” ХХК-ийн *******өөс үүргийн гүйцэтгэл шаардсан бие даасан шаардлагыг уг хэрэгт хамтатган шийдвэрлүүлэх боломжтой.

            Иймд *******өөс 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн батлан даалтын гэрээний үүргийн гүйцэтгэл болох 233,127,021 төгрөг, алданги 116,563,510 төгрөг нийт 349,690,531 төгрөгийг гаргуулах, хэрэв ******* нь дээрх үүргээ гүйцэтгэж чадахгүй бол  Хан-Уул дүүргийн 11 дүгээр  хороонд байрлах өөрийн өмчлөлд бүртгэлтэй орон сууцны дуусаагүй барилгаар уг үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг *******т даалгаж өгнө үү гэжээ.

 

            4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бие даасан шаардлагад гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч ******* нь 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн батлан даалтын гэрээг хуулийн хүчин төгөлдөр хийгдсэн гэрээ гэж үзэхгүй байгаа. Тус гэрээнд дурдсанаар төлбөр төлөгч ******** ХХК нь төлбөр хүлээн авагч ххххххх ХХК-д нийт 233,127,021 төгрөг төлөх үүрэг хүлээсэн ба эдгээр гэрээгээр хүлээсэн үүргийг баталгаажуулж төлбөр төлөх тухай гэрээг 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төлбөр хүлээн авагчтай байгуулсан. Гэтэл дээрх батлан даалтын гэрээний үндэслэл буй 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн төлбөр төлөх тухай гэрээнд төлбөр төлөгч ******** ХХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал Д.Б гэх хүн гарын үсэг зурсан байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд ******** ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Г.Д байгаагаас үзэхэд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын үндэслэл болгож буй гэрээнүүдэд ******** ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан. Хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс батлан даалтын гэрээний дагуу *******ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээд ххххххх ХХК-ийн захирлын заасан этгээд *******ын өмчлөлд шилжүүлсэн мэтээр тайлбарлаж буй нь үндэслэлгүй юм.

Тус хэрэгт нотлох баримтаар авагдсан ххххххх ХХК, ****** ХХК нарын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, мөн сарын 20-ны өдрийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, ххххххх ХХК, ******** ХХК, ****** ХХК нарын 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн өглөг хүлээн зөвшөөрөх тухай гэрээ ххххххх ХХК, ******** ХХК нарын 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн төлбөр төлөх тухай гэрээнүүдээс үзэхэд****** ХХК болон ******** ХХК нар нь ххххххх ХХК-д холбогдох төлбөрийг төлөх үүрэгтэй байх тул дээрх этгээдүүдээс тэргүүн ээлжинд шаардахаар байна.

Нэхэмжлэгч нь ******** ХХК-тай 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр захиалгаар амрагчдын сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 650,000,000 төгрөгөөр бариулахаар харилцан тохиролцож төлбөрийг төлсөн. Гэтэл ххххххх ХХК нь батлан даалтын гэрээнд үндэслэн үүргийн гүйцэтгэл болон алданги тооцон 349,690,531 төгрөгийг гаргуулах үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 650,000,000 төгрөгийн үнэ бүхий барилгыг бүхэлд нь өөрийн өмчлөлдөө шилжүүлэхийг *******т даалгуулахаар бие даасан шаардлага гаргаж буй нь үндэслэлгүй байна. Мөн гуравдагч этгээдийн зүгээс 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан гэх батлан даалтын гэрээнд үндэслэн бие даасан шаардлага гаргасан тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Иймд гуравдагч этгээд ххххххх ХХК-ийн гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бие даасан шаардлагад гаргасан тайлбарын агуулга: Гуравдагч этгээд ххххххх ХХК-ийн бие даасан шаардлагад хэрэв ******* батлан даалтын гэрээний үүргээ гүйцэтгэж  чадахгүй бол Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо хаягт байрлах орон сууцны дуусаагүй барилгаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг *******т даалгах тухай шаардлагыг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

            6.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дах хэсэгт заасныг баримтлан *******, ******* нарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо,  үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч *******ийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч *******т даалгаж, Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******өөс 349,690,531 /гурван зуун дөчин есөн сая зургаан зуун ерэн мянга таван зуун гучин нэгэн/ төгрөг гаргуулах, энэхүү үүргийн гүйцэтгэлийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, үл хөдлөх эд хөрөнгөөс хангуулахыг *******т даалгах тухай “ххххххх” ХХК-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******ийн төлсөн 478,150 төгрөг, “ххххххх” ХХК-ийн төлсөн 1,976,603 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 478,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

            7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

            7а. Тус шийдвэрийн 13 дах тал, доороосоо нэгдэх догол мөрөнд: “Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүйгээр шилжүүлнэ гэж заасан байх ба бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийг өөр этгээдээр заалгах тухай агуулга хуульд тусгагдаагүй байна” гэж хуулиар огт хориглоогүй заалтыг сайн дураар нэмж тайлбарлан буруу шийдвэр гаргасан.

            7б.Мөн ******* ******* нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ Иргэний хуулийн 189 дүгээр зүйл, 189.1 дэх хэсэгт зааснаар талууд хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулж, агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийнхээ хүрээнд хийгдсэн болохыг орхигдуулж хэт нэг талыг барьж шийдвэр гаргажээ.

            7в.Тус шийдвэрийн 14 дэх тал, дээрээсээ 3 дах мөрөнд: “Нөгөө талаар ******* нь 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр *******тай үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулсан байхад “ххххххх” ХХК-ийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр *******, “******** ХХК нартай байгуулсан батлан даалтын гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийг *******т шилжүүлсэн байх боломжгүй байна” гэж нотлох баримт болон үйл баримтыг хуульд заасны дагуу эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлэлгүйгээр шийдвэр гаргасан.

            Гэтэл Иргэний хуулийн 56 дугаар зүйл, 56.3 дах хэсэгт зааснаар ******* 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээнд илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим буюу 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн зөвшөөрснийг батлан даалтын гэрээгээр хүлээн зөвшөөрч, гэрээ байгуулсан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх байхад энэ хуулийг орхигдуулан буруу шийдвэр гаргасан байна.

            Иймд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

            8.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “ххххххх” ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: 

            8а. Үндсэн нэхэмжлэлийн тухайд: “ххххххх” ХХК нь “******” ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулах, тус гэрээний дагуу авах төлбөрөөс 155,124,021 төгрөгийг “******** ХХК-ийг төлөхийг зөвшөөрсөн гол шалтгаан нь нэхэмжлэгч ******* Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо  тоот орон сууцыг иргэн *******ын нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн үйлдэл.

            Учир нь нэхэмжлэгч ******* нь “******** ХХК-ийн өмнөөс “ххххххх” ХХК-д гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд өөрийн нэр дээр бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо,  орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож түүний заасан этгээдийн өмчлөлд тухайн орон сууцыг шилжүүлнэ гэх үүргийг хүлээж, 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж маргаан бүхий орон сууцыг *******ын нэр дээр шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн батлан даалтын гэрээгээр тогтоогдож байна. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

            Нэхэмжлэгч ******* өөрийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг хариуцагч *******ын нэр дээр шилжүүлэх хүсэл зориг байсан болохыг анхан шатны шүүх тогтоосон мөртлөө зохигчдын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

            Гэтэл нэхэмжлэгч *******ийн хариуцагч *******тай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ нь тодорхой үр дүнд хүрэх, “******** ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ “ххххххх” ХХК-ийн өмнө биелүүлээгүй тохиолдолд өөрийн дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөөр батлан даалт гаргасан болох нь тогтоогдож байхад анхан шатны шүүх дээрх зөрүүтэй дүгнэлтүүдийг хийж нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хариуцагч болон гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон гэж үзнэ.

            8б. Бие даасан шаардлагын тухайд:“ххххххх” ХХК нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дах хэсэгт заасныг баримтлан батлан даалтын гэрээний дагуу *******өөс үүргийн гүйцэтгэлийг шаардсан. “******** ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 4229/21291 тоот албан бичиг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтуудаар тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүх “Мөн үүрэг гүйцэтгэгч “******** ХХК нь “ххххххх” ХХК-ийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой болсон гэж үзэх нөхцөл байдал тодорхой бус, батлан даагчийн үүргийг хангуулах урьдчилсан нөхцөл бүрдсэн болох нь тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

9.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Бэлэглэлийн гэрээ, батлан даалтын гэрээ нь хоёр өөр гэрээний харилцаа. Иргэний хуулийн 276-280 дугаар зүйлд заасан хууль тогтоогч бэлэглэгч, бэлэг хүлээн авагчийн хоорондын харилцааг зохицуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэрт бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийг өөр этгээдээр заалгах тухай агуулга хуульд тусгагдаагүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Хариуцагч талын гомдолд дурдсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Гуравдагч этгээдийн гаргасан гомдлын тухайд *******, ******* нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэдгийг мөн адил хүлээн зөвшөөрч байна гэдэг агуулга тодорхой байна. Маргаан бүхий бэлэглэлийн гэрээ нь тодорхой үр дүнд хүрэх зорилгогүй эрх зүйн ямар нэгэн үр дагавар үүсгэх хүсэл эрмэлзэлгүй, гадаад хэлбэрийн хувьд уг бэлэглэлийн гэрээг байгуулсан болох нь тодорхой харагдаж байна. Хэрэгт авагдсан батлан даалтын гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, бэлэглэлийн гэрээнүүдийн хугацааг харахад бэлэглэлийг гэрээ эхэнд нь байгуулсан болох нь тодорхой харагдана. Бэлэглэлийн гэрээ байгуулагдах үед бусад гэрээнүүдийн эрх үүрэг буюу талуудын хооронд харилцаа үүсээгүй байсан нь тодорхой харагдана. 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн батлан даалтын гэрээ болон түүний үндэслэл болж буй 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн өглөг хүлээн зөвшөөрөх тухай гэрээ, 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн төлбөр төлөх тухай гэрээнүүд нь тус тус төлбөр төлөгч ******** ХХК-ийг төлөөлж н.Болд гарын үсэг зурсан. ******** ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээдээр 2013 оноос хойш н.Дэлгэрсайхан явж байна. Төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан маргаантай гэрээ байна. ххххххх ХХК-ийн тайлбарладаг батлан даалтын гэрээ, өглөг хүлээн зөвшөөрөх тухай, төлбөр төлөх гэрээнүүдийг бид хүчин төгөлдөр гэрээ гэж үзэхгүй байна. ******** ХХК-ийн зүгээс уг гэрээний төлөлттэй холбоотой маргааныг шүүхээр шийдвэрлүүлж байгаа учраас дээрх гэрээтэй холбоотой төлөлт хийхгүй гэж мэдэгдсэн. Хариуцагч болон гуравдагч этгээд нарын зүгээс *******, ******** ХХК, ****** ХХК-ийн нийт 233,000,000 төгрөгийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг батлан даана гэх үндэслэлээр ххххххх ХХК-ийн өмчлөлд өөрийн өмчлөлийн 650,000,000 төгрөгийн үнэлгээтэй хөрөнгийг шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасны дагуу ******** ХХК, ****** ХХК-ийн төлбөр төлөх үндсэн үүргийг шууд өөртөө шилжүүлж авах боломжгүй гэж ******* үздэг. Өөрөөр хэлбэл, өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч нь “ххххххх ХХК-д урьдчилан шилжүүлэх үүрэг батлан даалтын гэрээгээр үүсэхгүй. Талуудын тайлбарлаж байгаа батлан даалтын гэрээний өмнө бэлэглэлийн гэрээгээр урьдчилан шилжүүлсэн гэж Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүрэг үүссэн мэт тайлбарладаг. Гэтэл энэ бол талуудын хооронд үүссэн харилцаатай хамааралгүй зохицуулалт. Хэрвээ батлан даалтын гэрээ хүчин төгөлдөр, ******* батлан байх ёстой гэж үзвэл батлан даалтын гэрээнд төлбөрийн хэмжээ болон алдангид талууд маргаантай гэдэг нь тодорхой харагдана. Гэрээнүүдийн 3 болон 5 дугаар заалтад 233,000,000 төгрөгөөс илүү хэмжээний төлбөрийг ******** ХХК төлөхгүй гэх зохицуулалттай. Гуравдагч этгээд болон хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

            2.Нэхэмжлэгч ******* нь *******т холбогдуулан 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн, хэлцлээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг *******ийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг *******т даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “... нотариатаар гэрчлүүлсэн хүчин төгөлдөр гэрээ, ...******* нь бэлэглэлийн гэрээ хийхдээ эцэг н.Г шилжүүлж байсан мөнгөний хариу гэж ойлгосон” гэх үндэслэл заан эс зөвшөөрч, маргасан байна.

 

            3.Энэ хэрэгт “ххххххх” ХХК гуравдагч этгээдээр оролцож, нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарт холбогдуулан батлан даалтын гэрээний үүргийн гүйцэтгэлд 349,690,531 төгрөгийг нэхэмжлэгч *******өөс гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо хаягт байрлах орон сууцны дуусаагүй барилгаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хариуцагч *******т даалгах бие даасан шаардлага гаргажээ.

 

            4.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ *******, ******* нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээний хүчин төгөлдөр байдал болон талуудын хүсэл зоригийн илэрхийллийн талаар хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй. Харин гуравдагч этгээдийн бие даасан шаардлага болох батлан даалтын гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан дүгнэлт хийхдээ талуудын гэрээний агуулга, түүнчлэн маргаж буй болон маргаагүй зүйлийн талаар тодруулж, үйл баримтыг тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

            5.Нэхэмжлэгч ******* нь гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг эс зөвшөөрч, батлан даалтын гэрээний үүргийг “****** ” ХХК болон “******** ХХК нараас эхлээд шаардах ёстой” гэх үндэслэл заан маргажээ.

 

            6.Хэрэгт “******** ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Д гэх хүний гарын үсэгтэй анхан шатны шүүхэд хаягласан тайлбар гэх баримт авагдсан байна.

 

7.Талууд батлан даалтын гэрээний хүчин төгөлдөр байдал, шаардах эрхийн талаар маргаж буй тохиолдолд “******** ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагатай эсэхийг тодруулж холбогдох ажиллагаа явуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дах хэсгийн заасанд нийцнэ. Түүнчлэн “******** ХХК-аас шүүхэд хандан ирүүлсэн баримтыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, уг баримт нь гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбоотой маргаанд ач холбогдолтой эсэх талаар холбогдох нөхцөл байдлыг тодруулаагүйгээс үүргийг хамтран хариуцах эсвэл нөхөж хариуцах эсэх талаар бие даасан шаардлагын талаар урьдчилан дүгнэлт хийх боломжгүй байна.

 

8.Иймд батлан даалтын гэрээтэй холбоотой үүрэгт хамаарах эрх зүйн дүгнэлт, холбогдох хуулийг зөв хэрэглээгүй гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2021/03188 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 407,950 төгрөгийг, гуравдагч этгээдийн төлсөн 1,976,603 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                        ШҮҮГЧИД                                  Д.БЯМБАСҮРЭН

                                                                                           Ч.ЦЭНД