Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2020/02918

 

2020 оны 10 сарын 06 өдөр                 Дугаар 102/ШШ2020/02918                    Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзулыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б.Б,

Хариуцагч: Ж.Э,

Ж.Эгээс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,839,647 төгрөг гаргуулах тухай Б.Э-ийн үндсэн нэхэмжлэл,

Б.Э-ээс гэрээнээс учирсан хохирол 20,853,924 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ж.Эгийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Ж.Этэй Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 00 тоот дахь 00 м.кв талбайтай орон сууцыг 50,000,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцсон. Уг гэрээний 3.2-т заасны дагуу урьдчилгаа 10,000,000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 01-ний дотор банкинд байршуулж, үлдэгдэл төлбөрийг 2019 оны 3 дугаар сарын 15-ны дотор банкны зээлээр төлж дуусгах байсан юм. Миний зүгээс гэрээний урьдчилгаа төлбөрт 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 3 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 33,948,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Үүнд: 2019.02.18-нд 8,948,000 төгрөг, 2019.02.28-нд 200,000 төгрөг, 2019.02.28-нд 6,000,000 төгрөг, 2019.03.01-нд 17,800,000 төгрөг, 2019.03.04-нд 1,000,000 төгрөг. Энэхүү орон сууцны урьдчилгаа төлбөрөөс 18,000,000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Хаан банкнаас цалингийн зээл авч төлсөн бөгөөд, уг зээлийг өнөөдрийг хүртэл төлсөөр байгаа. Уг зээлийн хүүнд 2020 оны 4 дүгээр сарын байдлаар нийт 2,701,647 төгрөг төлсөн байна. Тухайн үед ажлын шаардлагаар хээрийн сургуулилтанд явж таарсан бөгөөд, Ж.Э болон түүний охинтой 3-4 удаа утсаар ярьж хөдөө орон нутагт томилолттой ажиллаж байгаа, удахгүй очоод үлдэгдэл төлбөрөө төлөөд байраа шилжүүлж авах тухайгаа хэлж байсан. Тун удалгүй хотод ирээд Ж.Эгийн дугаарлуу залгахад утас нь холбогдохгүй байсан тул худалдан авсан байрлуугаа очиход байраа зарсан байсан. Хариуцагчийн ажлын хаягаар нь очиж холбогдох утасны дугаарыг нь олж ярихад удахгүй өгнө гэж хэлээд утсаа дахин авахаа больсон. Удалгүй хүргэн нь над руу залгаад та хадам ээжтэй ярих шаардлагагүй, үүнээс хойш надтай холбогд, би мөнгийг чинь төлнө гэсэн боловч төлөөгүй. Сүүлдээ чаддаг юм бол шүүхдээд ав хэмээн хэл амаар доромжлох болсон тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэгч би хариуцагчид Худалдах, худалдан авах гэрээний дагуу урьдчилгаа төлбөр нийт 33,948,000 төгрөг шилжүүлснээс надад 5,810,000 төгрөгийг буцааж өгсөн бөгөөд, 28,138,000 төгрөгийг буцааж өгөх үндэслэлтэй. Иймд худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 28,138,000 төгрөг, хохирол 2,701,647 төгрөг, нийт 30,839,647 төгрөгийг хариуцагч Ж.Эгээс шүүхийн журмаар гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлд болон, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч болон хариуцагч нар 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тус гэрээгээр Ж.Э нь өөрийн өмчлөлийн 00 тоот хаягт байрлах 31 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг Б.Э-эд худалдахаар харилцан тохиролцсон. Тус гэрээний 3.2 дугаар зүйлд зааснаар худалдан авагч нь 10,000,000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлөх, үлдэгдэл төлбөрийг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор тус тус төлж, орон сууцыг хүлээн авахаар тохиролцсон боловч худалдан авагч нь үүргээ хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгээгүй. Харин худалдан авагчийн зүгээс гэрээний 3.4 дэх хэсэгт заасны дагуу орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаанаас өмнө түрээслэж байсан түрээслэгч нарт урьдчилан төлсөн төлбөрийг буцаан төлж, орон сууцыг чөлөөлсөн боловч нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөрийг төлөөгүйгээс гадна орон сууцыг хүлээн авах өдөр буюу 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр болоход огт холбоогүй болсон. Б.Э нь орон сууцны төлбөрийг бүрэн төлөөгүй, заасан хугацаанд хүлээж аваагүй, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас хариуцагч маш их хохирсон ба, яаралтай мөнгөний хэрэгтэй байсан тул бусдаас зээл авсан. Гэтэл 2019 оны 8 дугаар сард худалдан авагч Б.Э нь гэнэт холбоо барьж, байрны мөнгийг буцаан авахаар нэхэмжилж эхэлсэн ба, худалдагч нь худалдан авагчаас үлдэгдэл төлбөрөө авах боломжгүй болсныг мэдсэн даруй бусдаас зээлсэн өр төлбөрөө төлж барагдуулахын тулд орон сууцаа яаралтай хямд үнээр худалдсан. Нэхэмжлэгч Б.Э нь хэрэв гэрээний үүргийн дагуу 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор байрны үлдэгдэл төлбөрөө төлж, тогтоосон хугацаанд хүлээж авсан бол хариуцагчид хохирол учрахгүй байх байсан. Худалдан авагчийн үүргээ зөрчсөнтэй холбоотой орон сууц эзэнгүй байх хугацаанд ашиглалтын зардлыг өөрсдөө төлсөн, мөн бусад зардал хохирлыг цаашид гэрээнд заасны дагуу нэхэмжлэх хүсэлтэй байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Сөрөг нэхэмжлэл: Б.Э нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тул 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 5.2-т заасны дагуу учирсан хохирлыг дараах байдлаар нэхэмжилж байна. Үүнд: Тус орон сууцыг нэг сарын 380,000 төгрөгөөр хөлсөлж байсан бөгөөд, нэхэмжлэгч нь 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд бусдад үргэлжлүүлэн түрээслэсэн тохиолдолд олох байсан орлого 1,646,666 төгрөг гаргуулах, хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, орон сууцыг тогтоосон хугацаанд хүлээн аваагүй ба, уг хугацаанд нэхэмжлэгчийн 3, 4, 5, 6 дугаар сарын ашиглалтын зардалд төлсөн 207,258.04 төгрөгийг гаргуулах, Орон сууцыг хүлээн авах хугацаа өнгөрсөн ч нэхэмжлэгч нь орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөөгүйгээс үл хамаарч орон сууцыг хадгалж байсан бөгөөд, орон сууцыг хүлээн авах хүсэл зориггүй байгаа гэдгийг мэдсэн даруйд санхүүгийн хувьд хүндрэлтэй байсан тул түргэн хугацаанд худалдах шаардлага бий болж, улмаар орон сууцыг анх Б.Э-тэй тохиролцсон 50,000,000 төгрөгөөс хямд үнээр буюу 31,000,000 төгрөгөөр 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр худалдсан ба, хэрэв худалдан авагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол орон сууцыг тохиролцсон үнээр худалдах боломжтой байсан тул худалдсан үнийн зөрүү 19,000,000 төгрөгийг гаргуулах. Худалдан авагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэнтэй холбоотойгоор Ж.Эд нийт 20,853,924 төгрөгийн хохирол учирсан байна. Иймд Б.Э-ээс гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнтэй холбогдон учирсан хохирол нийт 20,853,924 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан Б.Э-э нэхэмжлэлийн шаардлагадаа Ж.Эд орон сууцны үнэд 33,948,000 төгрөг шилжүүлсэн гэдэг боловч бодит байдал дээр 23,800,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Үүнээс түүнд буцааж олгосон 5,810,000 төгрөгийг хасвал 17,990,000 төгрөгийг өгсөн гэж үзнэ. Мөн банкнаас авсан зээлийн хүүгийн төлбөрийг гэрээнээс учирсан хохирол гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд эдгээр үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэнэ үү...гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Э-э нь Ж.Эд холбогдуулан, худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 28,138,000 төгрөг, хохирол 2,701,647 төгрөг, нийт 30,839,647 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ж.Э нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ...Б.Э-ийг гэрээний дагуу орон сууцны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөөгүй, заасан хугацаанд хүлээн авах үүргээ биелүүлээгүйн улмаас худалдагч талд хохирол учирсан... гэж тайлбарлан, нэхэмжлэгчид холбогдуулан гэрээнээс учирсан хохирол 20,853,924 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Ж.Э нь өөрийн өмчлөлийн 00 тоот дахь 31 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 50,000,000 төгрөгөөр Б.Э-эд худалдах, худалдан авагч Б.Э-э нь төлбөрийг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор 10,000,000 төгрөгийг банкинд байршуулж, үлдэгдэл 40,000,000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 15-ны дотор банкны зээлээр төлж дуусгахаар харилцан тохиролцож, хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулжээ. /хх-5/

Нэхэмжлэгч Б.Э-э дээрх гэрээний дагуу 33,948,000 төгрөгийг хариуцагч Ж.Эд шилжүүлсэн хэмээн тайлбарлаж, үүнийг нотлохоор Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудыг нотлох баримтаар гаргасан бол, хариуцагч тал түүнээс 23,800,000 төгрөг хүлээн авсан хэмээн тайлбарлаж байна.

Хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудаст авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтуудаар Б.Э-ээс 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 17,800,000 төгрөг, 3 дугаар сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөг, 2 дугаар сарын 28-ны өдөр 6,000,000 төгрөг, нийт 24,800,000 төгрөгийг Мөнбиш Мөнхсайхан гэх хүнд шилжүүлсэн, харин 8,948,000 төгрөгийг Ж.Этэй гэрээ байгуулахаас өмнө буюу 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Б.Э-э өөрийн данс хооронд гүйлгээ хийсэн, мөн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 200,000 төгрөгийн баримт нь Оюун Ууганбаатар гэх хүнд төлснийг тус тус маргаан бүхий гэрээний дагуу хариуцагчид төлсөн гэж үзэхээргүй байх тул дээрх баримтуудаас 9,148,000 төгрөгийг худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдагч талд шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нийт 23,800,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан гэж тайлбарлах боловч зөрүү 1,000,000 төгрөг нь хэрэгт авагдсан баримтаар хариуцагч хүлээн авсан гэж үзэхээр байна. Тодруулбал: хариуцагчийн хүлээн зөвшөөрч байгаа 23,800,000 төгрөгийг дээрх Мөнбиш Мөнхсайхан гэх хүний дансаар хүлээн авсан байх тул, уг данс руу шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг орон сууцны төлбөр гэж үзэх үндэслэлтэй.

            Маргаан бүхий худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авагч Б.Э-э нь худалдагч Ж.Эд нийт 50,000,000 төгрөг төлөхөөс 24,800,000 төгрөгийг төлж, гэрээнд заасан хугацаанд үлдэгдэл төлбөрийг төлөөгүй ба, гэрээний зүйл болсон орон сууцыг худалдан авагч талын өмчлөлд шилжүүлэх, мөн төлбөрийг төлж дуусахаас өмнө гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхээр тохирсон гэрээний нөхцөл биелэгдээгүй байна.

            Нэхэмжлэгч Б.Э-ийн зүгээс өөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих хэмжээнд биелүүлж, ажлын шаардлагаар хээрийн сургуулилтанд явж, энэ талаар худалдагч талд мэдэгдсэн гэж тайлбарлах боловч түүний тайлбар баримтаар нотлогдохгүйн зэрэгцээ, гэрээнд заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй гэх үндэслэлээр хариуцагч Ж.Э гэрээнээс татгалзаж, гэрээний зүйл болох орон сууцыг 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр бусдад 31,000,000 төгрөгөөр худалджээ. /хх-32/

            Талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар уг гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох бөгөөд, гэрээний 3.3 дахь хэсэгт: төлбөрийг төлж дуусахаас өмнө гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ хэмээн тохиролцсон боловч, гэрээний эдгээр заалт биелэгдээгүй, Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, гэрээг Улсын бүртгэлд бүртгүүлээгүйгээс худалдагч тал гэрээний зүйлийг бусдад худалдсан, тийнхүү худалдах нөхцөл бүрдсэн гэж үзэхээр байна.

Иймд дээрх үндэслэлээр талуудын байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хэлцэл байх тул, мөн хуулийн 56.5 дахь хэсэгт зааснаар уг гэрээний дагуу нэхэмжлэгч Б.Э-ээс хариуцагч Ж.Эд төлсөн 24,800,000 төгрөгөөс нэхэмжлэгчид буцаан төлсөн 5,810,000 төгрөгийг хасаж, үлдэх 18,900,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Харин нэхэмжлэгчийн орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлөхдөө банкнаас зээлсэн 18,000,000 төгрөгийн цалингийн зээлийн хүүгийн төлбөрт 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарыг хүртэлх хугацаанд төлсөн гэх 2,701,647 төгрөгийг маргаан бүхий гэрээнээс учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Ж.Э нь нэхэмжлэгчтэй байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний улмаас учирсан хохирол, олох байсан орлогод Б.Э-э орон сууцыг хүлээн авахаар тохирсон 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс бусдад худалдсан 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэв түрээслүүлсэн бол нэг сард 380,000 төгрөгөөр тооцож, нийт 1,646,666 төгрөг, мөн худалдан авагч тал орон сууцыг хүлээж аваагүйгээс 2019 оны 3, 4, 5, 6 дугаар саруудад гарсан ашиглалтын зардалд 207,258 төгрөг, түүнчлэн, 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр орон сууцыг бусдад худалдахдаа яаралтай мөнгөний хэрэгтэй байснаас Б.Э-этэй тохиролцсоноос хямдаар 31,000,000 төгрөгөөр зарж хохирсон учир зөрүү 19,000,000 төгрөг, нийт 20,853,924 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардсан.

Талуудын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалах, худалдан авах гэрээг шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэн, мөн хуулийн 56.5 дахь хэсэгт ...талууд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу худалдагч тал болох Ж.Эгээс орон сууцыг худалдан авагч Б.Э-ийн өмчлөлд шилүүлээгүй учир худалдан авагчаас худалдагч талд төлсөн 18,900,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн тул уг гэрээнээс учирсан хохирол, олох байсан орлого зэргийг хариуцагч нь шаардах эрхгүй.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Ж.Эгийн нэхэмжлэгч Б.Э-ээс шаардсан 20,853,924 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 65.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Эгээс 18,900,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-эд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 11,939,647 төгрөгт холбогдох хэсгийг, Б.Э-ээс 20,853,924 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ж.Эгийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 383,843 төгрөг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 262,220 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 252,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.САРАНТУЯА