Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/00028

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/02918 дугаар шийдвэртэй,

 

Б.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Ж.Энхтүвшинд холбогдох,

худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30 839 647 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Ж.Энхтүвшинтэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, түүний өмчлөлийн, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхон, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 102 дугаар байрны 90 тоот дахь 31 м.кв талбайтай орон сууцыг 50 000 000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцсон.

Уг гэрээний 3.2-т заасны дагуу урьдчилгаа 10 000 000 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний дотор банкинд байршуулж, үлдэгдэл төлбөрийг 2019 оны 03 дугаар сарын 15-ны дотор банкны зээлээр төлж дуусгах байсан.

2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 33 948 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн ба үүний 18 000 000 төгрөг нь 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Хаан банк ХХК-аас авсан цалингийн зээл байсан, банкны зээлийн хүүнд 2020 оны 4 дүгээр сарын байдлаар 2 701 647 төгрөгийг төлсөн.

Ж.Энхтүвшин болон түүний охинтой 3-4 удаа утсаар ярьж хөдөө орон нутагт томилолттой ажиллаж байгаа, удахгүй очоод үлдэгдэл төлбөрөө төлөөд байраа шилжүүлж авах тухайгаа хэлж байсан. Хотод ирээд Ж.Энхтүвшингийн дугаарлуу залгахад утас нь холбогдохгүй байсан тул худалдан авсан байранд очиход байрыг зарсан байсан. Ж.Энхтүвшин нь орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 33 948 000 төгрөгөөс 5 810 000 төгрөгийг буцаан надад өгсөн.

Иймд Ж.Энхтүвшингөөс худалдах, худалдан авах гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт төлсөн 28 138 000 төгрөг, хохиролд 2 701 647 төгрөг, нийт 30 839 647 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Бат-Эрдэнэ, Ж.Энхтүвшин нар 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тус гэрээгээр Ж.Энхтүвшин нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 102 дугаар байрны 90 тоот хаягт байрлах 31 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг Б.Бат-Эрдэнэд 50 000 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон.

Тус гэрээний 3.2 дугаар зүйлд зааснаар худалдан авагч нь 10 000 000 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлөх, үлдэгдэл төлбөрийг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж, орон сууцыг хүлээн авахаар тохиролцсон боловч худалдан авагч нь үүргээ хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгээгүй.

Харин худалдан авагчийн зүгээс гэрээний 3.4 дэх хэсэгт заасны дагуу орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаанаас өмнө түрээслэж байсан түрээслэгч нарт урьдчилан төлсөн төлбөрийг буцаан төлж, орон сууцыг чөлөөлсөн боловч нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөрийг төлөөгүйгээс гадна орон сууцыг хүлээн авах өдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр болоход огт холбоогүй болсон.

Б.Бат-Эрдэнэ нь орон сууцны төлбөрийг бүрэн төлөөгүй, заасан хугацаанд хүлээж аваагүй, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас хариуцагч маш их хохирсон ба, яаралтай мөнгөний хэрэгтэй байсан тул бусдаас зээл авч, улмаар худалдсан. Нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнэ нь гэрээний дагуу 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор байрны үлдэгдэл төлбөрөө төлж, тогтоосон хугацаанд хүлээж авсан бол хариуцагчид хохирол учрахгүй байх байсан.

Б.Бат-Эрдэнэ Ж.Энхтүвшинд орон сууцны үнэд 33 948 000 төгрөг шилжүүлсэн гэх боловч бодит байдал дээр 23 800 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Үүнээс түүнд буцааж олгосон 5 810 000 төгрөгийг хасвал 17 990 000 төгрөгийг өгсөн гэж үзнэ. Мөн банкнаас авсан зээлийн хүүгийн төлбөрийг гэрээнээс учирсан хохирол гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд эдгээр үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Б.Бат-Эрдэнэ нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тул гэрээний 5.2-т заасны дагуу учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй. Тус орон сууцыг нэг сарын 380 000 төгрөгөөр хөлсөлж байсан бөгөөд, нэхэмжлэгч нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд бусдад үргэлжлүүлэн түрээслэсэн тохиолдолд олох байсан орлого 1 646 666 төгрөг, хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, орон сууцыг тогтоосон хугацаанд хүлээн аваагүй ба, уг хугацаанд нэхэмжлэгчийн 3, 4, 5, 6 дугаар сарын ашиглалтын зардалд төлсөн 207 258 төгрөг, орон сууцыг хүлээн авах хугацаа өнгөрсөн ч нэхэмжлэгч нь орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөөгүйгээс үл хамаарч орон сууцыг хадгалж байсан бөгөөд, орон сууцыг хүлээн авах хүсэл зориггүй байгаа гэдгийг мэдсэн даруйд санхүүгийн хувьд хүндрэлтэй байсан тул түргэн хугацаанд худалдах шаардлага бий болж, улмаар 50 000 000 төгрөгөөс хямд үнээр буюу 31 000 000 төгрөгөөр 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр худалдсан ба, хэрэв худалдан авагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол орон сууцыг тохиролцсон үнээр худалдах боломжтой байсан тул худалдсан үнийн зөрүү 19 000 000 төгрөг, 20 853 924 төгрөгийн хохирол учирсан. Иймд Б.Бат-Эрдэнээс хохиролд 20 853 924 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 65.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Энхтүвшингээс 18 900 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнэд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 11 939 647 төгрөгт холбогдох хэсгийг, Б.Бат-Эрдэнээс 20 853 924 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ж.Энхтүвшингийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 383 843 төгрөг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 262 220 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 252 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрээс Ж.Энхтүвшингээс 1 000 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн хэсгийг, сөрөг нэхэмжлэлээс 1 853 924 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг тус тус эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн.

Талууд 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний зүйл болсон орон сууцны өмчлөх эрхийг төлбөрийг төлж дуусахаас өмнө шилжүүлэх талаар тохиролцоогүй тул Иргэний хуулийн 109.1, 110.1 дэх хэсэгт зааснаар тухайн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.1 дэх хэсэгт зааснаар уг гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох талаар заасан боловч Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ нь хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ юм. Мөн Иргэний хуулийн 109 дүгээр зүлйийн 109.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрх олж авч байгаа болон шилжүүлж байгаа этгээдийн аль аль нь өмчлөх эрхийг шилжүүлэх тухай улсын бүртгэлд бүртгүүлэх боломжтой байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт "... хариуцагчийн хулээн зөвшөөрч байгаа 23 800 000 төгрөгийг дээрх М.Мөнхсайхан гэх хүний дансаар хүлээн авсан байх тул, уг данс руу шилжүүлсэн 1 000 000 төгрөгийг орон сууцны төлбөр гэж үзэх үндэслэлтэй... гэж дүгнэжээ. Худалдан авагч Б.Бат.Эрдэнэ нь орон сууцны төлбөрийг худалдагч Ж.Энхтүвшинд 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагуулах үүрэг хүлээсэн боловч 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 17 800 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 6 000 000 төгрөг нийт 23 800 000 төгрөгийг шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 1 000 000 төгрөг шилжүүлсэн гэх боловч уг мөнгийг Ж.Энхтүвшин хүлээж аваагүй ба М.Мөнхсайханд шилжүүлсэн гэх 1 000 000 төгрөг нь дээрх орон сууцны төлбөр гэж үзэх нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг өөрөө нотлох үүрэгтэй ба 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 1 000 000 төгрөгийн шилжүүлгийн баримт нь орон сууцны төлбөртэй хамааралтай болох талаар нотлоогүй. Иймд хариуцагч нь 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн гэх 1 000 000 төгрөгийг хүлээж аваагүй тул хариуцагчаас үндэслэлгүйгээр 1 000 000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Шүүхийн шийдвэрт талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл, Ж.Энхтүвшингээс орон сууцыг Б.Бат-Эрдэнийн өмчлөлд шилжүүлээгүй тул уг гэрээнээс учирсан хохирол олох байсан орлого зэргийг хариуцагч нъ шаардах эрхгүй гэж дүгнэсэн.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнэ нь орон сууцны төлбөрийг 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн өмнөөс өмнө бүрэн төлж барагдуулах, эд хөрөнгийг хүлээж авах үүргээ биелүүлээгүй.

Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно гэж заасан ба нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 6 сарын хугацаанд огт холбоогүй байж хариуцагчийн санхүүгийн нөхцөл байдалд хүндрэл учруулсан.

Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор хариуцагч орон сууцыг маш хямд үнээр зарсан, түрээслүүлэх боломжтой цаг хугацааг алдсан, ашиглалтып зардлыг төлж байсан зэргээр ихээхэн хохирсон тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.7, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж үзэж байна.

Хэрэв 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах тохоиолдолд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт ...хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд ... бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан.

2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний 3.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь орон сууцыг хүлээн авах үүрэгтэй боловч уг үүргээ биелүүлээгүй ба эд хөрөнгө хүлээж авсан эсэхээс үл хамаарч нэхэмжлэгч 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн орлого 1 646 666 төгрөг, ашиглалтын зардал 207 258 төгрөг ннпт 1 853 924 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээр байна.

Иймд 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ нь хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр гэрээ тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнэ нь хариуцагч Ж.Энхтүвшинд холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээний үнэд төлсөн 28 138 000 төгрөгийг хохирол 2 701 647 төгрөгийн хамт гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч хохиролд 20 853 924 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

Б.Бат-Эрдэнэ, Ж.Энхтүвшин нар 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч Ж.Энхтүвшин нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхон, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 102 дугаар байрны 90 тоот дахь 31 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг Б.Бат-Эрдэнийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Б.Бат-Эрдэнэ нь орон сууцны үнэд 50 000 000 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх 5/

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хуулийн шаардлагыг хангаагүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь буруу болжээ.

 

Талууд орон сууц худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, гэрээний гол нөхцөл болох худалдах орон сууцыг тодорхойлон зааж, гэрээний үнийг тохиролцсон тул нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болох Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, гэрээний гол нөхцлийг тохиролцсоноор гэрээ хүчин төгөлдөр болох мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, тэдгээрийн хооронд мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Худалдах, худалдан авах гэрээний зүйл нь орон сууц буюу улсын бүртгэлээр үл хөдлөх эд хөрөнгө гэж тодорхойлогдох тул үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хэлцэлд тавих хэлбэрийн шаардлагад талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нийцсэн байх учиртай. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дах хэсгийн зохицуулалтаас үзвэл үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцлийг бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн байхыг шаардсан. Талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ бичгээр үйлдэгдсэн, нотариатчаар гэрчлэгдсэн байх тул хуулиар тавигдсан хэлбэрийн шаардлагыг хангасан гэж үзнэ. Харин Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгийн зохицуулалт нь үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг хэлцэл хийгч талуудын хэн аль нь гаргаж болох талаар зохицуулсан байна.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсгийн зохицуулалт нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шилжүүлж буй этгээдийн эрх дуусгавар болж, бүртгэлд шинээр бүртгэгдсэн этгээдийн хувьд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүсч, өмчлөгч болж байгаа үр дагаврыг тодорхойлох зорилготой юм. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх дуусгавар болох үр дагаврыг зохицуулсан хуулийн энэ зохицуулалт нь диспозитив хэм хэмжээ биш тул талууд гэрээгээр тохиролцож өөрчилж болохгүй юм. Өөрөөр хэлбэл, өмчлөх эрх шилжүүлэх хэлцлийн үр дагаврыг үүргийн эрх зүйн хэлцлийн үр дагавараас ялгаж тайлбарлах учиртай.

 

Гэрээнд заасан хугацаанд нэхэмжлэгч нь гэрээний үнийг төлөөгүйгээс гэрээний зүйл болох орон сууцыг хариуцагч бусдад худалдсан үйл баримт тогтоогдсон. Иймд талууд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан бол мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хэн алиндаа шилжүүлсэн зүйлийг буцаан шаардах эрхтэй.

 

Б.Бат-Эрдэнэ нь Хаан банк дахь М.Мөнхсайханы эзэмшлийн 5029869619 тоот дансанд 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 6 000 000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 17 800 000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 04-ны өдөр 1 000 000 төгрөг буюу нийт 24 800 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Ж.Энхтүвшин нь Б.Бат-Эрдэнэнээс орон сууцны урьдчилгаанд нийт 23 800 000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрсөн ба 2019 оны 03 дугаар сарын 04-ны өдөр шилжүүлсэн гэх 1 000 000 төгрөгийг хүлээн аваагүй гэх түүний тайлбар үндэслэлгүй болжээ. Учир нь Б.Бат-Эрдэнэ уг 1 000 000 төгрөгийг Хаан банк дахь М.Мөнхсайханы эзэмшлийн дансанд шилжүүлсэн баримтыг Ж.Энхтүвшин нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар няцаагаагүйгээс гадна энэ 3 удаагийн гүйлгээг нэг дансаар шилжүүлсэн учир уг 1 000 000 төгрөгийг хүлээн авсан гэж дүгнэнэ.

 

Гэрээний 3.2 дах хэсэгт гэрээний үнийг төлөх нөхцөлд үлдэх төлбөрийг банкны зээлээр төлж дуусгана гэж тохиролцсон байх бөгөөд гэрээний үнийг гэрээнд заасан хугацаанд нэхэмжлэгч Ж.Энхтүвшин төлөх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар тэрээр хохирол шаардах эрхгүй байна.

 

Иймд хариуцагч Ж.Энхтүвшинээс 24 800 000 төгрөгийг гаргуулахдаа хариуцагчаас нэхэмжлэгчид буцаан төлсөн 5 810 000 төгрөгийг хасч гаргуулахад шүүх тооцооллын алдаа гаргаж 18 900 000 төгрөгөөр тооцож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

Ж.Энхтүвшин нь Б.Бат-Эрдэнэд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохиролд 20 853 924 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан ба анхан шатны шүүх уг сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болно.

 

Худалдан авагч Б.Бат-Эрдэнэ нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс Ж.Энхтүвшин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах үндэслэл болно. Иймд Ж.Энхтүвшин нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хохирол шаардах эрхтэй боловч уг хохирол нь гэрээний татгалзалтай хамааралтай үүссэн байх ёстой.

 

2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн түрээсийн гэрээ нэртэй баримт нотлох баримтаар авагдсан ба уг түрээсийн гэрээг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар Ж.Энхтүвшин нь А.Цэрэнбямбатай байгуулж маргаан бүхий орон сууцыг хөлслөхөөр тохиролцсон байх боловч гэрээ бодитой хэрэгжсэн эсэх, хэрэгжсэн бол уг гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл нь орон сууцыг худалдах. худалдан авах гэрээтэй холбоотой байсан гэдэг нь тогтоогдохгүй байна.

 

Үүнтэй холбоотойгоор 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ашиглалтын зардал төлж хохирсон гэж дүгнэхээргүй байна. Түүнчлэн орон сууцыг 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Ж.Энхтүвшин нь Д.Мөнхбаярт худалдсан ба үнийг 31 000 000 төгрөгөөр тодорхойлсон нь гэрээний чөлөөт байдлын зарчимтай нийцсэн бөгөөд Б.Бат-Эрдэнэтэй байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргийн зөрчилтэй холбон тайлбарлахгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/02918 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 65.5 дахь хэсэгт гэснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44 620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Э.ЗОЛЗАЯА