Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2022/01221

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2022/01221

 

Б.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/02918 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаар магадлалтай,

 

Б.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй

Ж.Энхтүвшинд холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 30,839,647 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Одхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнэ нь хариуцагч Ж.Энхтүвшинд холбогдуулан орон сууц худалдах-худалдан авах гэрээний үнэд төлсөн 28,138,000 төгрөгийг хохирол 2,701,647 төгрөгийн хамт гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч хохиролд 20,853,924 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/02918 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 65.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Энхтүвшингөөс 18,900,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнэд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 11,939,647 төгрөгт холбогдох хэсгийг, Б.Бат-Эрдэнээс 20,853,924 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ж.Энхтүвшингийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 383,843 төгрөг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 262,220 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 252,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/02918 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 65.5 дахь хэсэгт гэснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан байх ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэн сөрөг нэхэмжлэлийн 1,853,924 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүхийн магадлалын Хянавал хэсэгт: Худалдан авагч Б.Бат-Эрдэнэ нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс Ж.Энхтүвшин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах үндэслэл болно. Иймд Ж.Энхтүвшин нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хохирол шаардах эрхтэй боловч уг хохирол нь гэрээний татгалзалтай хамааралтай үүссэн байх ёстой ... түрээсийн гэрээг цуцлах үндэслэл нь орон сууц худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой байсан гэдэг нь тогтоогдохгүй байна. ... гэж дүгнэжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ гэж заасан боловч нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнэ нь орон сууцны төлбөрийг 2020.03.15-ны өдрийн өмнө бүрэн төлж барагдуулах, эд хөрөнгийг хүлээж авах үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл, Б.Бат-Эрдэнэтэй байгуулсан 2019.02.25-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний 3.4 дүгээр зүйлд зааснаар орон сууцыг 2019.03.15-ны өдөр худалдан авагчид хүлээлгэн өгөх ёстой байсан тул А.Цэрэнбямбатай байгуулсан Түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хөлслүүлж байсан орон сууцыг чөлөөлөх шаардлага гарсан. А.Цэрэнбямбатай байгуулсан Түрээсийн гэрээний зүйл, 2019.02.25-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний зүйл нь нэг үл хөдлөх эд хөрөнгө ба Ж.Энхтүвшин нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд өмнөх харилцааг дуусгавар болгосон тул түрээсийн гэрээг цуцалсан нь Худалдах, худалдан авах гэрээтэй холбоогүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно гэж заасан ба нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 6 сарын хугацаанд огт холбоогүй байж хариуцагчийн санхүүгийн нөхцөл байдалд хүндрэл учруулсан. Худалдан авагчид орон сууцыг тогтоосон хугацаанд хүлээлгэн өгөх үүднээс орон сууцыг хугацаанаас өмнө нь цуцалсан ба орон сууцыг нэг сарын 380,000 төгрөгөөр хөлсөлж байсан.

Нэхэмжлэгч нь орон сууцыг 2019.03.15-ны өдөр хүлээн авах үүрэгтэй байсан ба 2019.3.15-2019.8.23-ны өдрийг хүртэлх хугацаанд бусдад үргэлжлүүлэн хөлсөлсөн тохиолдолд 1,646,666 төгрөгийн олох ёстой байсан. Түүнчлэн хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, орон сууцыг тогтоосон хугацаанд хүлээн аваагүй ба уг хугацаанд нэхэмжлэгчийн 03, 04, 05, 06 дугаар сарын ашиглалтын зардалд төлсөн 207,258.04 төгрөгийн зардлыг гаргасан болно. Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор хариуцагч орон сууцыг маш хямд үнээр зарсан, түрээслүүлэх боломжтой цаг хугацааг алдсан, ашиглалтын зардлыг төлж байсан зэргээр ихээхэн хохирсон тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.7, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж үзэж байна. 2020.02.25-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 3.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь орон сууцыг хүлээн авах үүрэгтэй боловч уг үүргээ биелүүлээгүй ба эд хөрөнгө хүлээж авсан эсэхээс үл хамаарч хариуцагч нь 2020.03.15-ны өдрөөс 2020.08.23-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн орлого 1,646,666 төгрөг, ашиглалтын зардал 207,258 төгрөг, нийт 1,853,924 төгрөгийн хэмжээнд хохирсон гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлал өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

 

6. Нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнэ нь хариуцагч Ж.Энхтүвшинд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 28,138,000 төгрөг, хохирол 2,701,647 төгрөг, нийт 30,839,647 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба шаардлагын үндэслэлээ ... орон сууцыг 50,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Урьдчилгаа төлөх зорилгоор банкнаас зээл авсан, ... зээлийн хүүнд банкинд 2,701,647 төгрөг төлсөн. ... урьдчилгаа төлбөрт худалдагчид нийт 33,948,000 төгрөг шилжүүлснээс ... 5,810,000 төгрөгийг буцааж авсан. ... үлдэгдэл төлбөрөө төлөөд байраа шилжүүлж авах тухайгаа хэлсэн ... орон сууцны өмчлөх эрх шилжиж ирээгүй гэж тайлбарласан бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ... орон сууцыг түрээслэгч нараас чөлөөлсөн боловч ... худалдан авагч үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй. ... байрны үлдэгдэл төлбөрөө төлж, тогтоосон хугацаанд хүлээж авсан бол хариуцагчид хохирол учрахгүй байх байсан. ... гэж маргасан байна.

 

7. Хариуцагч Ж.Энхтүвшин нь нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнэ нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тул гэрээний 5.2-т заасны дагуу нэг сарын хөлс 380,000 төгрөгөөр тооцож ... 2019.03.25-2019.08.23-ны өдрийг хүртэлх хугацаанд олох байсан орлого 1,646,666 төгрөг, 3, 4, 5, 6 дугаар сарын ашиглалтын зардалд төлсөн 207,258.04 төгрөг, санхүүгийн хүндрэлээс бусдад бага үнээр буюу 31,000,000 төгрөгөөр худалдсан зөрүү 19,000,000 төгрөг, нийт 20,853,924 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгч сөрөг шаардлагыг эс зөвшөөрөн маргажээ.

 

8. Анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээ нь хэлбэрийн шаардлага хангаагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 65 дугаар зүйлийн 65.5 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэн, нэхэмжлэгчээс хариуцагчид төлсөн 24,800,000 төгрөгөөс нэхэмжлэгчид буцаан төлсөн 5,810,000 төгрөг хасаж, үлдэх 18,900,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгон нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хүчин төгөлдөр бус хэлцлээс учирсан хохирол, олох байсан орлого зэргийг хариуцагч нь шаардах эрхгүй гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа ... Гэрээнд заасан хугацаанд нэхэмжлэгч нь гэрээний үнийг төлөөгүйгээс гэрээний зүйл болох орон сууцыг хариуцагч бусдад худалдсан үйл баримт тогтоогдсон. Талууд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан бол мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хэн алиндаа шилжүүлсэн зүйлийг буцаан шаардах эрхтэй гэж дүгнэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 18,900,000 төгрөгт холбогдох хэсгийг хангасан анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, сөрөг шаардлагад дурдсан хохирол нь гэрээнээс татгалзсантай холбоогүй гэж үзэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

10. Талууд 2019.02.25-ны өдөр гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхон, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 102 дугаар байрны 90 тоот дахь 31 м.кв талбайтай орон сууцыг 50,000,000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар тохирсон боловч худалдан авагч орон сууцны үнийг бүрэн төлөөгүй шалтгаанаар орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлээгүй байгаа, орон сууцыг гуравдагч этгээдэд 31,000,000 төгрөгөөр худалдсан үйл баримтын тухайд харилцан маргаагүй байна.

11. Давж заалдах шатны шүүх зохигчид орон сууц худалдах-худалдан авах үүргийн хэлцлээс татгалзсан гэж дүгнэсэн үндэстэй, анхан шатны шүүхийн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн хууль хэрэглээний алдааг залруулжээ. Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх нь үүргийн хэлцлийн бус, өмчийн хэлцлийн хэлбэрийн шаардлага гэсэн дүгнэлт үндэслэл бүхий бөгөөд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсгийг тус тус зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

12. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу үүргийн хэлцэл буюу худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсанаар мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах үүргийг гэрээний талууд хүлээнэ. Үүргийн хэлцлийн дагуу орон сууц бус орон сууцны үнийн зохих хэсэг худалдан авагчаас худалдагчид шилжсэн байх ба уг мөнгийг буцаан гаргуулах нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2-т заасантай нийцнэ. Анхан шатны шүүхээс уг мөнгөн дүнг холбогдох нотлох баримтад суурилан 18,900,000 төгрөг гэж тодорхойлсон, түүнийг давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий гэж үзсэн нь хууль зөрчөөгүй байна. Иймд энэ хэмжээгээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдэл, давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний үндэслэлийг зөв гэж үзнэ.

13. Хоёр шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ. Анхан шатны шүүх үндсэн гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсний үндсэн дээр сөрөг шаардлагыг хангаагүй бол давж заалдах шатны шүүх худалдагчийн тодорхойлсон мөнгөн дүн гэрээнээс татгалзсантай шалтгаант холбоогүй, хамааралгүй гэж үзэн хангахаас татгалзжээ. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа давж заалдах шатны шүүхийн дүгнэлтээс 19,000,000 төгрөгт холбогдох дүгнэлтийг зөвшөөрч, үлдэх дүн болох 2020.03.15-ны өдрөөс 2020.08.23-ны өдөр хүртэлх хугацааны орон сууц хөлслүүлсэн бол олох орлого 1,646,666 төгрөг, ашиглалтын зардал 207,258 төгрөг, нийт 1,853,924 төгрөгийг эс зөвшөөрчээ.

14. Хариуцагчийн гаргасан сөрөг шаардлагын 1,853,924 төгрөгт холбогдох хэсгийн тухайд хоёр шатны шүүхийн шийдэл үндэстэй боловч ийнхүү хэрэгсэхгүй болгосон хууль зүйн үндэслэлийг дараах байдлаар тайлбарлах нь зүйтэй.

14.1. Талууд гэрээний 3.2, 3.3, 3.4-т үлдэгдэл үнийг 2019.03.15-ны дотор төлөх, орон сууцыг 03.15-ны өдөр хүлээлгэн өгөх, өмчлөх эрхийг төлбөр төлөхөөс өмнө бүртгүүлэхээр тохирчээ. Улмаар худалдан авагч 2019.03.15-ны өдөр гэхэд мөнгөө бүрэн төлж барагдуулаагүй бөгөөд худалдагч үүний эсрэг үүргийг гүйцэтгэхээс татгалзах эрхээ хэрэгжүүлэн өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлээгүй, энэ талаар харилцан маргаж байгаагүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч 2020 онд шүүхэд нэхэмжлэл анх гаргахдаа урьдчилгаанд төлсөн төлбөрөө буцаан шаардаж, худалдагч гэрээ биелэхгүй болсны улмаас учирсан хохирлоо хариу шаардсан байна. Талууд гэрээ байгуулснаас хойш Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган гэрээнээс татгалзах хүртэл хугацаанд худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгэлийг хэрхэн шаардаж байсан талаар тодорхой баримт хэрэгт авагдаагүй байна.

Энэ нөхцөл байдлаас төлбөр төлөх хугацааг талууд тодорхойгүй хугацаагаар сунгаж, үүнтэй уялдан өмчлөх эрхийг шилжүүлэх хугацааг сунгасан гэх үндэстэй. Талууд төлбөрийн үлдэгдлийг төлөх хугацаа, орон сууц өмчлөлд шилжүүлэх хугацааг дээрх байдлаар харилцан сунгасан тул сөрөг шаардлагаас орон сууцыг бусдад хөлслүүлсэн бол олох байсан орлого гэх 1,646,666 төгрөгийг гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохиролд тооцох боломжгүй.

14.2. Маргаан бүхий хугацааны орон сууцны ашиглалтын зардал нь орон сууцыг бодитойгоор эзэмшил ба өмчлөлдөө байлгасан тухайн этгээд зүй ёсоор өөрөө хариуцан төлөх зардал тул уг зардал мөн чанарын хувьд гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд тооцогдохгүй.

15. Энэ үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргалын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаар магадлалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасны дагуу хариуцагч Ж.Энхтүвшингийн хяналтын журмаар гомдол гаргахдаа 2021.01.29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.