Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 101/2018/00838/И |
Дугаар | 001/ХТ2022/01168 |
Огноо | 2022-11-29 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 001/ХТ2022/01168
2022 11 29 001/ХТ2022/01168
Э , М нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/03104 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2153 дугаар магадлалтай,
Э , М нарын нэхэмжлэлтэй
“О ” ХХК-д холбогдох
Хариуцагч “О ” ХХК-д холбогдуулан нэхэмжлэгч М нь гэрээний үүрэгт нийт 30,465,000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Э нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Токиогийн гудамж 45/А дугаар байрны барилгын 2 дугаар давхрын 201 тоотын үүдэн хэсэгт хамаарах 7 м.кв талбайг чөлөөлүүлэх, улсын комисст хүлээлгэн өгсөн зургийн дагуу барилгын стандартад нийцсэн гарц, хаалга гаргахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Л.Цэндсүрэн, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хариуцагч “О ” ХХК-д холбогдуулан нэхэмжлэгч М нь гэрээний үүрэгт нийт 30,465,000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Э нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Токиогийн гудамж 45/А дугаар байрны барилгын 2 дугаар давхрын 201 тоотын үүдэн хэсэгт хамаарах 7 м.кв талбайг чөлөөлүүлэх, улсын комисст хүлээлгэн өгсөн зургийн дагуу барилгын стандартад нийцсэн гарц, хаалга гаргахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/03104 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Токиогийн гудамж 45/А дугаар байрны 2 дугаар давхрын 201 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гарах хаалгыг барилгын зураг төслийн дагуу гаргаж, Барилга байгууламжийн галын аюулгүй байдал БНбД 21-01-02 стандартын дагуу гарц, орц гаргахыг хариуцагч “О ” ХХК-д даалгаж, нэхэмжлэлээс үүдний хэсгийн 7 м.кв талбайг чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч “О ” ХХК-аас 30,465,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс нэхэмжлэгч М татгалзсан болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 868,880 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч Э аас 70,196 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод, хариуцагч “О ” ХХК-иас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э т олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2153 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/03104 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Токиогийн гудамж 45/А дугаар байрны барилгын 2 давхрын 201 тоотод байрлах 128.81 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн гарц хаалгыг барилгын зураг төслийн дагуу Барилга байгууламжийн галын аюулгүй байдал БНбД 21-01-02 стандартын дагуу гарц, орц гаргаж өгөхийг, 201 тоот үл хөдлөх эд хөрөнгийн үүдэн хэсгийн 5 м.кв талбайг чөлөөлөхийг тус тус “О ” ХХК-д даалгасугай” гэж, 2 дах заалтын “...нэхэмжлэгч Э аас 70,196 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод, хариуцагч “О ” ХХК-аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э т олгосугай” гэснийг “хариуцагч “О ” ХХК-аас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э т олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ИХШХШ тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1. шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрч “2 м.кв-ыг нэмж чөлөөлүүлэх, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 868,880 төгрөгийн” хүрээнд магадлалд өөрчлөлт оруулахаар хяналтын журмаар гомдол гаргаж байна. Магадлалын үндэслэх, тогтоох хэсэгт дүгнэхдээ “Нэхэмжлэгч Э ын өмчлөлийн дээрх 201 тоот талбайн үүдэн хэсэгт байрлах 14,9 м.кв талбай нь хариуцагч “О “ ХХК-ийн өмчлөх эрхийн бүртгэлд бүртгэлтэй, бүртгэл хүчин төгөлдөр тул нэхэмжлэгчийн 201 тоотын үүдэн хэсгийн 7 м.кв талбайг чөлөөлөхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлгүй, нэхэмжлэгч Э нь нэхэмжлэлийн шаардлага,....зарим хэсгийг татгалзсан байдаг боловч ийнхүү өөрчлөх хүртэл талууд мэтгэлцэж шүүх хуралдаан явагдаж байсан тул мөнгө нэхэмжилсэн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тал хувийг буцаан олгох үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлж хэргийн үйл баримтын талаар хууль зүйн зөв дүгнэлт хийж чадаагүй байна. Учир нь
4.1. “Нэхэмжлэгч Э ын өмчлөлийн дээрх 201 тоот талбайн үүдэн хэсэгт байрлах 14.9 м.кв талбай нь хариуцагч “О “ ХХК-ийн өмчлөх эрхэд бүртгэлд бүртгэлтэй, бүртгэл хүчин төгөлдөр тул нэхэмжлэгчийн 201 тоотын үүдэн хэсгийн 7 м.кв талбайг чөлөөлөхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлгүй” гэж дүгнэжээ. Шүүхэд хэргийн үйл баримтыг нотлох шинжээчээр оролцсон “Хот Айл” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр 7 м.кв талбай нь барилгын зургаар нэхэмжлэгчийн талбайд хамаарч байгаа нөхцөл байдлыг тогтоосон, хариуцагч уг шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаатай холбоотой дахин болон нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргуулах эрхээ хэрэгжүүлээгүй, “Хот Айл” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэж чадах нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул 7 м.кв талбай улсын комисст өгсөн барилгын зургаар Э ын үүдэн хэсгийг чөлөөлөх нь хууль зүйн үндэслэлтэй юм. ИХШХШ тухай хуулийн 25-р зүйлийн 25.2.2 хэргийн оролцогчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж зааснаар нэхэмжлэгчийн зүгээс маргаж буй талбайн асуудлаар шинжээч томилуулах хүсэлт шүүхэд тавьсныг хариуцагч эсэргүүцсэн боловч шүүх хүсэлтийг ханган шийдвэрлэж шинжээчийн дүгнэлтийн нэхэмжлэгчийн шаардлагыг дэмжсэн дүгнэлт гарсан. Барилгын тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан галын болон бусад аюул ослын үед нэхэмжлэгчийн үүдэн хэсгийн 7 м.кв талбайг чөлөөлөөгүйгээс болж хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учрах эрсдэлтэй. Барилгын зурагт заасан хэмжээнд 7 м.кв талбайг чөлөөлүүлэх нь ач холбогдолтой бөгөөд шүүх нь мэргэжлийн байгууллагаас баталсан зураг, төслийн багасгах эрх хэмжээ МУ-ын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу олгогдоогүй тул шүүх 7 м.кв талбайг хариуцагчийн өмчлөлд бүртгэлтэй тул хариуцагчийн 5 м.кв чөлөөлүүлэх зөв гэж үзэж буй нь хууль зүйн үндэслэлгүй юм. Үүдэн хэсгийн 7 м.кв талбай нь хариуцагчийн өмчлөлд байгаа нь үүдэн хэсгийн 7 м.кв талбайг бүрэн чөлөөлөхөөс татгалзах үндэслэл болохгүй юм. Нэхэмжлэгчийн Токиогийн гудамж 45/А дугаар байрны барилгын 2 давхрын 201 тоотод үүдэн хэсгийн 7 м.кв талбай нь орц, гарц, шатны хонгил, хаалга хэсэг бөгөөд зөвхөн орц, гарц гэж үзэх нь хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн хууль зүйн үндэслэлгүй байна. “О ” ХХК нь нэхэмжлэгчид худалдсан 201 тоотын улсын комисст хүлээлгэн өгсөн барилгын зурагт дараах нөхцөл байдлыг тодорхой харж болно. Үүнд: 1. Нэхэмжлэгчийн 201 тоотын гадагш гарах орц, гарц бүхий 7 м.кв талбайн гадна талд байрлахаар төлөвлөгдсөн 2. Нэхэмжлэгчийн 201 тоот дотор талаас гадагш гарах орц, гарц руу нэвтрэх барилгын хэсэг сул чөлөөтэй байхаар төлөвлөгдсөн байдаг. Гэтэл хариуцагч 201 тоот дотор талаас гадагш гарах орц, гарц, шатны хонгил, хаалга нэвтрэх барилгын хэсэг сул чөлөөтэй хэсгийг битүүлж, шилэн хаалт бүхий оффисын тасалгаа хийж Э ын өмчлөх эрхийг зөрчсөнийг шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт удаа дараа нотлогдсон. Нэхэмжлэгчийн Токиогийн гудамж 45/А дугаар байрны барилгын 2 давхрын 201 тоотод үүдэн хэсгийн 7 м.кв талбай нь Э ын өмчлөлийн талбайд хамаарахгүй боловч уг 201 тоотыг барилгын шатны хонгил руу нэвтрэх гарцыг байрлуулах зориулалттай болох нь хэрэгт авагдсан Үндэсний архиваас олгосон тухайн барилгын план зургаар тогтоогдож байх тул уг 7 м.кв талбай бүхий хонгилын хэсгийг нэхэмжлэгч нар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд ач холбогдолтой талбай гэж үзнэ. Дээрх 7 м.кв талбай буюу 201 тоотоос барилгын шатны хонгил руу нэвтрэх дээрх үүдэн хэсэгт шилэн хаалт бүхий оффисын тасалгаа байгуулсан болох нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон.
4.2. “Нэхэмжлэгч Э нь нэхэмжлэлийн шаардлага,....зарим хэсгийг татгалзсан байдаг боловч ийнхүү өөрчлөх хүртэл талууд мэтгэлцэж шүүх хуралдаан явагдаж байсан тул мөнгө нэхэмжилсэн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тал хувийг буцаан олгох үндэслэлгүй” гэж дүгнэсний хувьд дараах үндэслэл байна. Учир нь нэхэмжлэгч Э нь нэхэмжлэлийн шаардлагаа нэг ч удаа татгалзаж байгаагүй бөгөөд харин нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаан шүүхийн хэлэлцүүлгээс өмнө 2 удаа өөрчилсөн байдаг бөгөөд нэхэмжлэгч Э нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх бүрт улсын тэмдэгтийн хураамжийг шинээр төлж байсан. Нэхэмжлэгч Э , М нар нь нийт улсын тэмдэгтийн хураамжид 868,880 төгрөгийг шүүхэд төлсөн байдаг. Нэхэмжлэгч М нь 30,465,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул нийт төлсөн улсын тэмдэгтийн хураамж 868,880 төгрөгөөс 310,275 төгрөгийг М ын нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хасаж улсын орлогод хэвээр үлдээнэ. Харин нэхэмжлэгч Э нь шүүх хуралдаанаас өмнө буюу шүүхийн хэлэлцүүлгээс өмнө нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байсан тул улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч Э ын нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг хариуцагч “О ” ХХК-аас гаргуулж анхан шатны шүүхээс хэлэлцэгдээгүй нэхэмжлэлийн шаардлагад хамаарах 418,205 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан Э т олгох хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд 2020.10.19-ний өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2153 тоот магадлалд өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг бүрэн ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Нэхэмжлэгч Э , М нар хариуцагч “О ” ХХК-д холбогдуулан Э ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Токиогийн гудамж 45/А дугаар байрны барилгын 2 дугаар давхрын 201 тоотын үүдэн хэсэгт хамаарах 7 м.кв талбайг чөлөөлүүлэх, тус 201 тоотыг улсын комисст хүлээлгэн өгсөн барилгын зургийн дагуу барилгын стандартад нийцсэн гарц хаалгыг хариуцагчийн зардлаар гаргахыг даалгах, М нь 30,465,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг тус тус гаргасан. Хариуцагч тал галын аюулгүй байдлын шаардлага хангасан байдлаар өөрийн зардлаар гарц, орц гаргахыг зөвшөөрч, харин 5 м.кв талбайг нэхэмжлэгч Э ын эзэмшилд шилжүүлэх боломжтой гэсэн тайлбар гаргасан.
6. Анхан шатны шүүх Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Токиогийн гудамж 45/А дугаар байрны 2 дугаар давхрын 201 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гарах хаалгыг барилгын зураг төслийн дагуу гаргаж, Барилга байгууламжийн галын аюулгүй байдал БНбД 21-01-02 стандартын дагуу гарц, орц гаргахыг хариуцагч “О ” ХХК-д даалгаж, нэхэмжлэлээс үүдний хэсгийн 7 м.кв талбайг чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “О ” ХХК-аас 30,465,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч М татгалзсан болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад ... 201 тоот үл хөдлөх эд хөрөнгийн үүдэн хэсгийн 5 м.кв талбайг чөлөөлөхийг “О ” ХХК-д даалгахаар өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангасан байна.
7. Нэхэмжлэгч М шүүхэд 2020.01.06-ны өдөр гаргасан хүсэлтээр хариуцагчаас нэхэмжилсэн 30,465,000 төгрөгийн шаардлагаас татгалзжээ.
8. Зохигчдын байгуулсан 2012.05.28-ны өдрийн гэрээгээр нэхэмжлэгч Э нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Токиогийн гудамж 45/А дугаар байрны барилгын 2 дугаар давхрын 201 тоотод орших, улсын бүртгэлийн Ү-2204054723 дугаартай, үйлчилгээний зориулалт бүхий 128.81 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2013.10.11-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, харин хариуцагч нь маргаж буй 7 м.кв талбай буюу мөн хаягт байрлах 203 тоотод улсын бүртгэлийн Ү-2204054548 дугаартай, үйлчилгээний зориулалт бүхий 14.9 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2013.10.03-ны өдөр тус тус улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.
9. Хэргийн баримт, зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө тухайн давхрын хэсгээр гарц, орцгүй тэрээр өмчлөх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой гарц, орц гаргахыг хариуцагчид даалгах, гарц, орцны хэсгийг галын аюулгүй байдлын шаардлага хангасан байдлаар шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах шаардлагыг хариуцагч эсэргүүцээгүй, гагцхүү гарц, орц гаргах талбайн хэмжээний талаар маргажээ.
10. Шинжээч “Хот Айл” ХХК-ийн дүгнэлтэд “...Э ын өмчлөлийн талбайд хамаарах 2 дугаар давхрын 201 тоот нь улсын комисст хүлээлгэн өгсөн архивт байгаа план зурагт 2 дугаар давхрын шатны эсрэг талын талбайн хэсэгт орц хаалга байхаар тусгагдсан ба баруун талын цонхны талд хаалганы нүх гаргасан байна. Энэ орцны хаалга төлөвлөгдсөн хэсэг нь иргэн Э ын кофе шоп-ын хэсэгт хамааралтай орцны хэсэг болох нь архивын зургаас тодорхой харагдаж байна” гэсэн байх бөгөөд 201 тоотоос барилгын шатны хонгил руу нэвтрэх хэсэгт гарц хаалга байхгүй, уг хэсэгт хариуцагч нь шилэн хаалт бүхий тасалгаа бий болгосноос 201 тоот руу нэвтрэхийн тулд 1 дүгээр давхрын буюу М ын өмчлөлийн талбайн хаалгаар орж гардаг болох нь хэргийн баримтаар тогтоогдсон ба хариуцагчийн үйлдэл нь өмчлөгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна гэж үзэх үндэслэлтэй буюу нэхэмжлэгч нь хариуцагчаас уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт нийцсэн гэж үзнэ.
Иймээс Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Токиогийн гудамж 45/А дугаар байрны 2 дугаар давхрын 201 тоот үл хөдлөх эд хөрөнгийн 2 дугаар давхраас шатны хонгил руу гарах хаалгыг барилгын зураг төслийн дагуу гаргаж, галын аюулгүй байдлын шаардлага хангаж буюу Барилга байгууламжийн галын аюулгүй байдал БНбД 21-01-02 стандартын дагуу гарц, орц гаргахыг хариуцагчид даалгасан шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.
11. Анхан шатны шүүх “ ... 201 тоотын үүдэн хэсэг 14.9 м.кв талбай хариуцагчийн өмчлөлд бүртгэлтэй, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар улсын бүртгэл хүчин төгөлдөр гэж үзэх ба нэхэмжлэгч энэ талаар маргаагүй, 7 м.кв талбайг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага үндэслэлгүй гэж дүгнэн, үүдний хэсгийн 7 м.кв талбайг чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 42 дугаар зүйлийн 42.2-т нийцсэн гэж үзэхэд учир дутагдалтай юм.
12. Давж заалдах шатны шүүх “ ...Э ын өмчлөлийн 201 тоот талбайн үүдэн хэсэгт байрлах 14.9 м.кв талбай нь хариуцагч “О ” ХХК-ийн өмчлөх эрхэд улсын бүртгэлд бүртгэлтэй, бүртгэл хүчин төгөлдөр байгаа тул нэхэмжлэгчийн 201 тоотын үүдэн хэсгийн 7 м.кв талбайг чөлөөлөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлгүй. Харин хариуцагч нь галын аюулгүй байдлын шаардлага хангасан, Барилга байгууламжийн галын аюулгүй байдал БНбД21-01-02 стандартын дагуу өөрийн өмчлөлийн 14.9 м.кв талбайн зарим хэсэг 5 м.кв талбайг чөлөөлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байхад шүүх нэхэмжлэлийн уг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу” гэж дүгнэн, хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр шаардлагыг хангахаар өөрчлөлт оруулсныг хууль зөрчөөгүй гэж үзнэ.
Иймээс “...шүүх 7 м.кв талбай хариуцагчийн өмчлөлд бүртгэлтэй тул хариуцагчийн 5 м.кв чөлөөлүүлэх зөв гэж үзэж буй нь хууль зүйн үндэслэлгүй, ... нэхэмжлэлийг бүрэн ханган шийдвэрлэж өгнө үү” /тогтоолын 4.1/ гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй.
13. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч нарын тэмдэгтийн хураамжтай холбоотой гаргасан гомдлыг хангахгүй орхих үндэслэлийн талаар хийсэн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзэх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...улсын тэмдэгтийн хураамжийг буцаан Э т олгох хууль зүйн үндэслэлтэй” гэсэн /тогтоолын 4.2/ хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй.
14. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байх тул магадлалыг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2153 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 95,582 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН
|