Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/01243

 

 Б.Цэдэндамбаа, Д.Ариунтуяа, Ж.Наранхүү нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1120 дугаар шийдвэр,

 Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар магадлалтай,

 Б.Цэдэндамбаа, Д.Ариунтуяа, Ж.Наранхүү нарын нэхэмжлэлтэй

Өсөх трейд ХХК, С.Баярхүү, П.Цэвэлмаа, Дархан-Уул аймгийн Газрын харилца, барилга хот байгуулалтын газарт тус тус холбогдох,

 Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг 10 дугаар хороолол Найрамдал төвийн ард байрлах 3,4,5,6 тоот гаражууд руу орох, гарах гарцыг нээж чөлөөлүүлэх,

Дархан-Уул аймгийн Газрын харилца, барилга хот байгуулалтын газар холбогдуулан дээрх гаражуудын доорх газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч нарт шилжүүлэх, гражууд руу орох гарах гарцын схем зургийг хийлгэх, орох гарах гарцыг нийтийн эзэмшлийн газар болгохыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагч С.Баярхүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмандахын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Цэдэндамбаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 1. Нэхэмжлэгч Б.Цэдэндамбаа, Д.Ариунтуяа, Ж.Наранхүү нараас хариуцагч Өсөх трейд ХХК, С.Баярхүү, П.Цэвэлмаа нарт холбогдуулан Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг 10 дугаар хороолол Найрамдал төвийн ард байрлах 3,4,5,6 тоот гаражууд руу орох, гарах гарцыг нээж чөлөөлүүлэх, Дархан-Уул аймгийн Газрын харилца, барилга хот байгуулалтын газар холбогдуулан дээрх гражуудын доорх газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч нарт шилжүүлэх, гаражууд руу орох гарах гарцын схем зургийг хийлгэх, орох гарах гарцыг нийтийн эзэмшлийн газар болгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

 2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1120 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 151 дүгээр зүйлийн 151.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Цэдэндамбаа, Д.Ариунтуяа, Ж.Наранхүү нарын нэхэмжлэлтэй Өсөх трейд ХХК, С.Баярхүү нарт холбогдох Дархан сумын 15 дугаар баг 10 дугаар хороолол Найрамдал төвийн ард байрлах 3,4,5,6 тоот гарааш руу автомашинаар орох, гарах гарц буюу газрыг нээх, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч П.Цэвэлмаад холбогдуулан гаргасан орох, гарах гарц буюу газрыг нээх чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Цэдэндамбаа, Д.Ариунтуяа, Ж.Наранхүү нарын нэхэмжлэлтэй Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох дээрх гарааш руу орох, гарах гарцны схем зургийг хийлгэхийг, мөн гараашийн доорх газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч нарт шилжүүлэх, гарааш руу орох гарах гарц, газрыг нийтийн эзэмшлийн газар болгохыг даалгуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч Өсөх трейд ХХК, С.Баярхүү нараас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1120 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч С.Баярхүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмандах хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасныг баримтлан хяналтын гомдол гаргаж байна.

Хариуцагч С.Баярхүүгийн төлөөлөгч би давж заалдах гомдолдоо: ...анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 1 дэх заалтаараа хариуцагч С.Баярхүүд гражуудын орох гарах гарц буюу газрыг нээх, чөлөөлүүлэх тухай шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 151 дүгээр зүйлийн 151.1.1 дэх заалтыг.буруу тайлбарласан, өөр хоорондоо харилцан хамааралгүй хуулийн заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэх замаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу хариуцагч С.Баярхүүд холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй хэмээн давж заалдах гомдлыг гаргасан.

Гэвч давж заалдах шатны шүүх магадлалдаа ...нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, хариуцагч нарт холбогдуулан юу шаардаж байгаа нь тодорхойгүй, мөн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн шаардлагад нийцүүлж шийдвэр гаргаагүйн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцааж шийдвэрлэсэн.

Тус иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, хариуцагч Найрамдал төв, О.Сайханбаяр, П.Мөнхзаяа нараас татгалзаж, хариуцагчаар С.Баярхүү, П.Цэвэлмаа нарыг татан оролцуулан Өсөх трейд ХХК, ДУА-ийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан шаардлага гаргаж буйгаа тодорхой болгосон. Мөн нэхэмжлэгч нар нь хариуцагч бүрээс юу шаардаж буйгаа хэд хэдэн удаа бичгээр тодруулсан байхад нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй хэмээн дүгнэж хэргийг анхан шатны шүүхэд буцаасанд гомдолтой байна.

Мөн давж заалдах шатны үндэслэлдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасан шаардлагыг хангаагүйгээс анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн тус зүйл заалтын тайлбарт: ...Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг, сөрөг нэхэмжлэл гаргасан бол сөрөг шаардлагыг шүүх хэрхэн шийдвэрлэсэн, хэн ямар үйлдлийг хэнд ашигтайгаар гүйцэтгэх үүрэгтэйг, мөн маргаантай байсан эрхийг хэн эдлэх талаар шийдвэрийн тогтоох хэсэгт тодорхой тусгасан байна гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болон хамааралгүй этгээд болох хариуцагч нараас бичгээр татгалзаж хэрэгт хавсаргасан. Уг үйл баримтыг ч мөн анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ тодорхой тусгасан учир зайлшгүй энэ тухай тогтоох хэсэгт дурдана гэсэн хуулийн зүйл заалт, тайлбар байхгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д хэрэгт хэд хэдэн нэхэмжлэгч, хариуцагч оролцсон бол нэхэмжлэгч, хариуцагч бүр ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг тусгана гэх заалтыг давж заалдах шатны шүүх буруу тайлбарлан дүгнэж хэргийг анхан шатны шүүхэд буцаах зайлшгүй шаардлага үүсээгүй хэмээн үзэж байна.

С.Баярхүү нь өөрийн газрын хувьд Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр тухайн газрыг эзэмшигч ба Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 1-д зааснаар тухайн газрын өмчлөгч гэж тооцогдоно. С.Баярхүү нь хуулийн дагуу эзэмшүүлсэн газар юм.

Иймд хяналтын журмаар гаргасан гомдлыг минь хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 5. Хяналтын журмаар гаргасан хариуцагч С.Баярхүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 6. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Дархан-Уул аймгийн Дархан сум, 15 дугаар баг, 10 дугаар хороололд байрлах 03, 04, 05, 06 тоот гаражуудыг иргэн Б.Цэдэндамбаа, Д.Ариунтуяа, Ж.Наранхүү нар нь Өсөх трейд ХХК-аас худалдан авч, өмчлөх эрхээ шилжүүлж авсан, гэтэл Өсөх трейд ХХК, Найрамдал төвийн эзэд нарын хоорондын маргааны улмаас автомашины гараж руу орох, гарах гарцыг хааж хашаа барьсан тул газар эзэмшигч Өсөх трейд ХХК, Найрамдал төвд гараж руу орох гарах гарцыг чөлөөлөхийг даалгаж, орох гарах гарц гаргуулах, хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас дээрх гаражуудын доорх газар, орох гарах гарцын схем зураг хийлгэж, хариуцагч Найрамдал төв /С.Баярхүү, П.Цэвэлмаа/, Өсөх трейд ХХК-ийн эзэмшлийн газраас гаражуудын доорх газар болон орон гарах гарц гаргуулж, нэхэмжлэгчид хүлээлгэж өгөхийг даалгаж өгнө үү... гэжээ.

 Хариуцагч О.Сайханбаяр: ...Иргэн О.Сайханбаяр би 2011 онд Өсөх трейд ХХК-ийн барьсан 6 машины гаражийг газрын хамт худалдаж авсан, тухайн үед нэхэмжлэгч нарт 4 гаражийг газрын хамт худалдсан боловч гаражийн газрыг шилжүүлж өгч чадаагүй учир дээрх 3 хүний 4 гаражийн доорх газар болон орох, гарах гарцыг хуульд заасны дагуу Найрамдал төвийн газраас өгөх ёстой. Би тухайн үед гаражийн газрыг Өсөх трейд ХХК-иас С.Баярхүүгийн нэр дээр шилжүүлж өгсөн учраас хариуцагчаар татагдах боломжгүй тул намайг хариуцагчаас чөлөөлж өгнө үү... гэж,

 Хариуцагч Найрамдал төв /С.Баярхүү, Ц.Цэвэлмаа/: ...Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, 10 дугаар хороололд байрлах газрыг 2012 онд С.Баярхүү Өсөх трейд ХХК-иас өөрийн нэр дээр шилжүүлж авсан, үүний дараа 2015 онд худалдаа үйлчилгээний зориулалттай барилга барьж ашиглалтад оруулсан, хууль ёсны дагуу эзэмшиж байгаа газраас орц, гарц гаргаж чөлөөлүүлэх хүсэлт гаргаж байгааг зөвшөөрөхгүй... гэж,

 Хариуцагч П.Мөнхзаяа: ...газрын орц, гарцын асуудал бол газар эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа этгээдүүдийн хооронд үүссэн, давхцал хэмжээтэй холбоотой асуудал, энэ нэхэмжлэлийг иргэний шүүх шийдвэрлэхгүй бөгөөд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх учиртай тул уг асуудлыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг буцааж өгнө үү... гэж,

 Хариуцагч Өсөх трейд ХХК: ...Найрамдал төвийн хашаанд байрлах гаражуудад Найрамдал төв, Өсөх трейд ХХК-ийн дундуур гарц гаргаж өгвөл гарцын асуудлыг эергээр шийдэж өгөхөө зөвшөөрч байна, харин хасаж гаргасан газрын хэмжээгээрээ өөр тийш нь сунгаж авна, Өсөх трейд ХХК нь 1,451 м.кв газартай, энэ хэмжээг бууруулахгүйгээр шийдэж өгвөл гарц гаргахад татгалзах зүйлгүй, харин эзэмшил газраас хасагдаж гаргахаар бол зөвшөөрөхгүй... гэж,

 Хариуцагч Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар: ...2008.04.10-ны өдрийн 135 дугаар Засаг даргын захирамжаар 1,949.08 м.кв газрыг 20 жилийн хугацаатай Өсөх трейд ХХК-д анх эзэмшүүлсэн, Өсөх трейд ХХК өөрийн газраас С.Баярхүүд шилжүүлсэн үндэслэлээр хасалт хийлгэх хүсэлт гаргаснаар 2012.01.02-ны өдөр Аймгийн Засаг даргын 04 тоот захирамжаар 560 м.кв газрыг шилжүүлсэн боловч 801 м.кв хэмжээний газрыг эзэмшүүлэхээр нэмэгдүүлж гарсан. Найрамдал төвийн арын хашааны газрын асуудал шийдэгдээгүй байгаа, шинэ зам тавигдсан учир Өсөх трейд ХХК-д газрыг бүрэн хэмжээгээр буцаан олгох боломжгүй, 11 м.кв талбайгаар хасагдаж орц, гарц гарах боломжтой. Гаражийн газар 120 м.кв, орц, гарцын асуудал 118 м.кв. С.Баярхүүгийн газраас 238 м.кв газар хасагдах гээд байна. Орц, гарцыг нийтийн эзэмшилд байлгана, барилга баригдахгүй хэн ч халдахгүй байхаар схем зураг гарсан. Хамгийн гол нь хариуцагч нар зөвшөөрвөл энэ байдлаар шийдэх боломжтой... гэжээ.

 7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Дархан сумын 15 дугаар баг, 10 дугаар хороолол Найрамдал төвийн ард байрлах 3,4,5,6 тоот гараж руу автомашинаар орох, гарах гарц буюу газрыг нээх, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Ц.Цэвэлмаад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

 8. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо: ...нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байхад шаардлагыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүйгээс гадна хариуцагч тус бүрийн хариуцах хэсэг нь тодорхойгүй байна... гэжээ.

 9. Хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий газар анх Өсөх трейд ХХК-ийн эзэмшилд байсан боловч Өсөх трейд ХХК-иас Найрамдал төвд шилжүүлсэн газрын байршил болон гаражийн орох, гарах гарц хэний эзэмшилд байгаа нь тодорхойгүй, энэ талаар хэрэгт баримтгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг зөрчөөгүй байна.

 Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүссэн хариуцагч С.Баярхүүгийн гомдлыг хангахгүй орхино.

 Дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч С.Баярхүүгийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч С.Баярхүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмандахын гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч П.Цэвэлмаагаас 2021.02.16-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             Б.МӨНХТУЯА

               ШҮҮГЧИД             Н.БАЯРМАА

                                            П.ЗОЛЗАЯА

                                             Д.ЦОЛМОН

                                                    Х.ЭРДЭНЭСУВД