Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 6

 

Б.Ц-, Д.А-, Ж.Н-

нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00551/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч М.Мөнхдаваа, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  11 дүгээр сарын 05-ны өдрийн 1120 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Ц-,

                     Д.А-,

                     Ж.Н- нарын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч “Ө- Т-” ХХК,

                                С.Б-,

                                П.Ц-,

                                Дархан-Уул аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох

“Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг 10 дугаар хороолол Найрамдал төвийн ард байрлах 3,4,5,6 тоот гараашууд руу орох, гарах гарцыг нээж чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох Дээрх гараашуудын доорх газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч нарт шилжүүлэх, гараашууд руу орох гарах гарцын схем зургийг хийлгэх, орох гарах гарцыг нийтийн эзэмшлийн газар болгохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч С.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-, түүний өмгөөлөгч, хариуцагч П.Ц-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С- нарын давж заалдсан гомдлыг үндэслэн  2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Ц-, Ж.Н-, хариуцагч “Ө- Т-” ХХК-ийн төлөөлөгч Т.Б-, хариуцагч С.Б-гийн өмгөөлөгч, П.Ц-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-, хариуцагч Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З-, Ч.А- нар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

...Дархан сумын 15 дугаар баг, 10 дугаар хороолол Найрамдал төвийн байрлах 05 тоот гараашийг иргэн Б.Ц-, 04 тоот гараашийг иргэн Д.А-, 03 болон 06 тоот гараашийг иргэн Ж.Н- нар тус тус өмчилдөг.

...Найрамдал төв, “Ө- Т-” ХХК нар нь хашаа татаж, бид өөрсдийн өмчлөлийн гарааш руу орж, эзэмшиж ашиглах боломжгүй болсон.

...Иймд Дархан сумын 15 дугаар баг 10 дугаар хороолол Найрамдал төвийн ард байрлах 3,4,5,6 тоот гарааш руу автомашинаар орох, гарах гарц буюу газрыг нээх, чөлөөлүүлэх тухай шаардлагыг хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан дээрх гарааш руу орох, гарах гарцны схем зургийг хийлгэхийг, мөн гараашийн доорх газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч нарт шилжүүлэх, гарааш руу орох гарах гарц, газрыг нийтийн эзэмшлийн газар болгохыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна гэжээ.

Хариуцагч С.Б- болон хариуцагч П.Ц-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Дархан-Уул аймаг, Дархан сумын 13 дугаар баг 10 дугаар хороололд байрлах газрыг 2012 онд С.Б- миний бие хуулийн дагуу “Ө- Т-” ХХК-аас өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Үүний дараа тус газар дээрээ 2015 онд худалдаа үйлчилгээний зориулалттай барилга барьж ашиглалтад оруулсан. Хууль ёсны дагуу миний эзэмшиж байгаа газраас орц, гарц чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Ө- Т-” ХХК-ний төлөөлөгч Т.Б- шүүхэд гаргасан тайлбартаа:

...Найрамдал төвийн хашаанд байрлах гараашуудад Найрамдал төв, “Ө- Т-” хоёрын дундуур гаргаж өгвөл гарцын асуудлыг эергээр шийдэж өгөхөө зөвшөөрч байна. Харин хасаж гаргасан газрын хэмжээгээр өөр тийш нь сунгаж авна. Ө- Т- ХХК нь 1451 м.кв газартай, энэ хэмжээгээр бууруулахгүйгээр шийдэж өгвөл миний бие гарц гаргахад татгалзах зүйлгүй. Харин эзэмшлийн газраас хасагдаж гарахаар бол гарцын асуудлыг зөвшөөрөхгүй болно гэжээ.

 Хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

... 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 135 дугаар Засаг даргын захирамжаар 1949,08 м.кв газрыг 20 жилийн хугацаатай “Ө- Т-” ХХК-д анх эзэмшүүлсэн. “Ө- Т-” ХХК өөрийн газраас С.Б-д шилжүүлж, байгаа учир хасалт хийж өгнө үү гэсэн хүсэлт өгсөн байдаг. 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр аймгийн Засаг даргын 04 тоот захирамжаар 560 м.кв газар шилжүүлсэн боловч 801 м.кв хэмжээний газрыг эзэмшүүлэхээр нэмэгдүүлж гарсан байдаг. “Ө- Т-” ХХК худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг эзэмших болсон бөгөөд уг газраа С.Б-д олгосон байна. “Ө- Т-” ХХК 2019 оны 12 сарын эхээр 14х40 м.кв газрыг газар эзэмшүүлэх гэрээгээр шилжүүлж өгсөн байдаг. Найрамдал төвийн арын гараашийн газрын асуудал шийдэгдээгүй байна. Одоо хүртэл газрын гэрчилгээг нь өгөөгүй, манай талаас шүүхийн шийдвэрийг хүлээж байна. Шинэ зам тавигдсан учир “Ө- Т-” ХХК-ий газрыг бүрэн хэмжээгээр нь буцаан олгох боломжгүй байна. 11 м.кв талбайгаар хасагдаж, орц гарцыг гаргаж өгч болох юм. Бусад газрын хувьд шугам сүлжээний хамгаалалтын зурвас байдаг учир газрыг нь бүрэн хэмжээгээр нь “Ө- Т-” ХХК-д өгөх боломжгүй байна. “Ө- Т-” ХХК-ийн 1451 м.кв газраас 124 м.кв хасагдаж, машин орж гардаг гарцыг гаргаж, “Ө- Т-” ХХК 113 м.кв газрыг олгох боломж байна. 100 хувь газрыг нь гүйцээж өгөх боломжгүй болоод байна.

Гараашийн газар нь 120 м.кв, орц гарцын асуудал 118 м.кв, С.Б-гийн газраас 238 м.кв газар хасагдах гээд байна. Орц гарцыг нийтийн эзэмшилд байлгах юм. Барилга баригдахгүй, хэн ч халдахгүй газар байхаар схем зураг гаргасан. Хамгийн гол нь хариуцагч нар зөвшөөрвөл бид энэ байдлаар шийдвэрлэх боломжтой гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1120 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 151 дүгээр зүйлийн 151.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ц-, Д.А-, Ж.Н- нарын нэхэмжлэлтэй Ө- Т- ХХК, С.Б- нарт холбогдох Дархан сумын 15 дугаар баг 10 дугаар хороолол Найрамдал төвийн ард байрлах 3,4,5,6 тоот гарааш руу автомашинаар орох, гарах гарц буюу газрыг нээх, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч П.Ц-д холбогдуулан гаргасан орох, гарах гарц буюу газрыг нээх чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ц-, Д.А-, Ж.Н- нарын нэхэмжлэлтэй Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох дээрх гарааш руу орох, гарах гарцны схем зургийг хийлгэхийг, мөн гараашийн доорх газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч нарт шилжүүлэх, гарааш руу орох гарах гарц, газрыг нийтийн эзэмшлийн газар болгохыг даалгуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч “Ө- Т-” ХХК, С.Б- нараас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-, түүний өмгөөлөгч, хариуцагч П.Ц-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С- нар давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.05-ны өдрийн 1120 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч хариуцагч С.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-, өмгөөлөгч Б.С- нарын зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161, 162 дугаар зүйлийг тус тус баримтлан дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 1 дэх заалтаараа хариуцагч С.Б-д гаржуудын орох гарах гарц буюу газрыг нээх, чөлөөлүүлэх тухай шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 151 дүгээр зүйлийн 151.1.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

1. ИХ-ийн 91 дүгээр зүйлийн 91.1. Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно. Гэж заасан бөгөөд энэхүү заалтыг шүүх тайлбарлахдаа ...өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар өмчлөх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор С.Б-гийн эзэмшлийн газрыг тэргүүн ээлжинд ашиглах эрхтэй хэмээн тайлбарлажээ. Гэтэл С.Б- нь өөрийн газрын хувьд Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр тухайн газрыг эзэмшигч юм.

2. ИХ-ийн 151 дүгээр зүйлд Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хязгаарлах тухай зохицуулалт бөгөөд 151.1.1. хууль буюу гэрээнд заасан тохиолдолд бусдын үл хөдлөх эд хөрөнгийг тэргүүн ээлжинд хязгаартай ашиглах гэж заасан байна. Гэтэл шүүх энэхүү хуулийн заалтыг Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх заалттай холбон илт гуйвуулсан, хэт нэг талыг барьсан тайлбар хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийг мэргэжлийн түвшинд тайлбарлан хэрэглэж, хэрэг маргааныг бодитоор шийдвэрлэх учиртай шүүхийн үйл ажиллагаанд эргэлзэх үндэслэл болж байна. Учир нь 151 дүгээр зүйл 151.1.1-т заалтыг хэрэглэх тохиолдолд хууль хэрэглээний урьдчилсан нөхцөл нь: үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч этгээд өөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарлах, ингэхдээ хязгаарлах эрхийг хууль буюу гэрээнд зааж тусгасан байхыг шаардаж байна. Гэтэл анхан шатны шүүх өөр хоорондоо харилцан хамааралгүй хуулийн заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэх замаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу хариуцагч С.Б-д холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлгүй байна. Иймд давж заалдах шатны шүүх гомдлыг минь хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Ц- давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдолтой танилцаад дараах байдлаар тайлбарыг гаргаж байна.

Хариуцагч талаас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “....анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 1 дэх заалтаараа хариуцагч С.Б-д гараашуудын орох гарах гарц буюу газрыг нээж, чөлөөлүүлэх тухай шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 151 дүгээр зүйлийн 151.1.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Анхан шатны шүүх өөр хоорондоо харилцан хамааралгүй хуулийн заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэх замаар нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу хариуцагч С.Б-д холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлгүй байна....” гэж гомдлынхоо үндэслэлийг тайлбарлажээ.

Анхан шатны шүүх тус иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ “....Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 151 дүгээр зүйлийн 151.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ц-, Д.А-, Ж.Н- нарын нэхэмжлэлтэй “Ө- Т-” ХХК, С.Б- нарт холбогдох Дархан сумын 15 дугаар баг 10 дугаар хороолол “Найрамдал” төвийн ард байрлах 3, 4, 5, 6 тоот гарааш руу авто машинаар орох, гарах гарц буюу газрыг нээж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч П.Ц-д холбогдуулан гаргасан гарах, орох гарц буюу газрыг нээх чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэжээ.

Монгол улсын Иргэний хуулийн ерөнхий ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт “Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно” мөн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор өөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн эрхийг дараах замаар хязгаарлах эрхтэй” гэж тус тус хууль тогтоогчид хуульчилсан. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг хамааралгүйгээр хольж шийдвэрлэсэн гэж нэхэмжлэгч тал үзэх үндэслэлгүй юм.

Учир нь Иргэний хуулийн 91 дүгээр зүйл “Эд хөрөнгө эзэмшигчийг өмчлөгч гэж тооцох” хуулийн зохицуулалт, харин 151 дүгээр зүйлд “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн эрхийг хязгаарлах эрх /сервитут/” хуулийн зохицуулалтыг тус тус хуульчилсан. Хууль тогтоогчдын баталсан аливаа хуульд эрхийн нийтлэг шинжийг тусгайлан хуульчилсан байдаг. Үүнтэй адилхан Иргэний хуулийн 151 дүгээр зүйлд заасан зохицуулалт нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч хэн нэг этгээд эсвэл өөр бусад этгээдийн зүгээс хязгаартайгаар ашиглах замаар үүрэг оногдуулах явдал болно. Мөн тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч этгээд нь хэн байхаас үл хамаарч эрх нь хязгаарлагдсан өмчлөгчийн эсрэг өөрийн шаардлагыг гаргах эрхийг тодорхойлсон хуулийн зохицуулалт гэдгийг энэхүү тайлбартаа тодорхойлон дурдъя. Нэхэмжлэгч, хариуцагч хэргийн зохигч этгээд хуулийг тайлбарлах эрхгүй бөгөөд хуулийн заалт, зохицуулалтыг хуульд нийцүүлэн ойлгож тайлбарлаж шүүхэд уламжилж байгаа болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу байна. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч талаас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Иргэн Б.Ц- өөрийн нэрийн өмнөөс мөн нэхэмжлэгч Д.А-, Ж.Н- нарын итгэмжлэлээр тэдний нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар  О.Сайханбаяр , Найрамдал төвийн эзэн Ц.Ц-, С.Б-, “Ө- Т-” ХХК-ийн захирал Т.Б-, “Ө- Т-” ХХК-ийн газар эзэмшигч П.Мөнхзаяа Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Д.Ганбаяр нарт  холбогдуулж  Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг 10 дугаар хороолол Найрамдал төвийн ард байрлах 3 ,4, 5,6 тоот гараашууд  руу орох, гарах гарцыг нээж чөлөөлүүлэх  тухай шаардлага,  газрын албанд   холбогдуулан  дээрх этгээдүүдийн эзэмшлээс хуулийн дагуу гаргуулж  даалгах шаардлагуудыг гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 151 дүгээр зүйлийн 151.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ц-, Д.А-, Ж.Н- нарын нэхэмжлэлтэй Ө- Т- ХХК, С.Б- нарт холбогдох Дархан сумын 15 дугаар баг 10 дугаар хороолол Найрамдал төвийн ард байрлах 3,4,5,6 тоот гарааш руу автомашинаар орох, гарах гарц буюу газрыг нээх, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч П.Ц-д холбогдуулан гаргасан орох, гарах гарц буюу газрыг нээх чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ц-, Д.А-, Ж.Н- нарын нэхэмжлэлтэй Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох дээрх гарааш руу орох, гарах гарцны схем зургийг хийлгэхийг, мөн гараашийн доорх газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч нарт шилжүүлэх, гарааш руу орох гарах гарц, газрыг нийтийн эзэмшлийн газар болгохыг даалгуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.

М.Ц-  Д.А-, Ж.Н- нар нь  2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт байрлах  “Ө- Т-” ХХК-ийн өмчлөлд  байсан 6 машины гараашийг худалдаж авсан бөгөөд дээрх гаражуудын доорх  мөн  гараашид орох гарах  замд хамаарах газрыг  эзэмшилдээ шилжүүлж авах талаар худалдагч тал болох  “Ө- Т-” ХХК-д хүсэлт гаргаж байсан боловч  газар эзэмших эрхийг шилжүүлээгүй мөн гарааш руу орох гарах гарцыг хааж  байгууламж барьсан нь өмчлөлийн зүйлээ чөлөөтэй эзэмших ашиглах боломжгүй  болгосон гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гараашийн доорх газрын гэрчилгээг гаргуулах, орох гарах гарцыг гаргуулж  өгнө үү гэсэн шаардлагыг гаргасан байна.

            Анхнаасаа гарааш худалдаж авахад түүний доорх газрыг шилжүүлээгүй байсан эрхийн доголдолгүй хөрөнгө шилжүүлнэ гэдэг нь өөрөө уг зүйлийг зориулалтын дагуу ашиглаж болох цогц байдлыг буюу  эд юмс эрхийг хамт шилжүүлнэ гэдэг ойлголт болох юм.

Иймд худалдан авагч худалдагчаас энэ талаар  шаардах эрхтэй байжээ. Энэ нь газар эзэмших гэрчилгээг  шилжүүлэн авах, үл хөдлөх хөрөнгийг эзэмших ашиглахад саад болохгүй байхыг шаардах эрх юм.

Нэхэмжлэгч талын тайлбараас энэхүү шаардах эрхээ хэрэгжүүлж байсан нь тогтоогджээ.  Гэвч “Ө- Т-” ХХК-ийн эзэмшилд байсан  нэхэмжлэгч нарын шаардах эрхтэй байсан газрыг С. Б- гэгчид  Дархан-Уул  аймгийн Засаг даргын шийдвэрээр олгожээ.

Иймд нэхэмжлэгч нарын өмчлөлийн зүйлээ чөлөөтэй эзэмших ашиглахад саад болж байгаа  үйлдлийг зогсоох шаардлага нь газрын хэд хэдэн эзэмшигч нарт хамаатай  бөгөөд нэхэмжлэгч нар юуг шаардаж байгааг тодорхой болгох шаардлагатай байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын нийтийн эзэмшлийн хязгаартайгаар  эзэмших ашиглах газрын хэмжээ байршил гэх мэт үүнийг хариуцагч тус бүрт хэрхэн яаж хариуцуулах   зэргийг тодорхой болгох нь шүүхийн шийдвэр биелэгдэхэд ойлгомжтой маргаангүй байх ёстой.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч нарын хариуцагч нарт холбогдуулан  юуг хүсээд байгаа нь тодорхойгүй шаардлагыг хангасан нь шийдвэрийг биелүүлэхэд ойлгомжгүйгээс гадна хариуцагч тус бүрийн хариуцах хэсэг нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэдэндамба нарын нэхэмжлэл гаргахдаа хэд хэдэн хариуцагчийн нэрлэн заасныг шүүх дээрх этгээдүүдэд холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч зарим хариуцагч нарт холбогдох шаардлагаасаа татгалзсан тухай хүсэлт гаргасан боловч шүүх дээрх этгээдүүдэд холбогдох нэхэмжлэл болон хэргийг шийдвэрлээгүй орхигдуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  журмыг зөрчсөн байна.

Нэхэмжлэгчийн хариуцагч тус бүрт холбогдуулж гаргасан  нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл тодорхой бус байхад шаардлагыг тодруулалгүйгээр гаргасан шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн хэрэгт хэд хэдэн нэхэмжлэгч, хариуцагч оролцсон бол нэхэмжлэгч хариуцагч бүр ямар эрх, эдэлж, үүрэг хүлээхийг тусгана гэх шаардлагад нийцээгүй байна. 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр  анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1120 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч С.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандахбаяр, хариуцагч П.Ц-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С- нараас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                                

 

                                                                                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.АМАРСАНАА

                                                                                                              ШҮҮГЧИД                                    М.МӨНХДАВАА

                                                                                                                                                                   О.НАРАНГЭРЭЛ