Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2022/01256

 

 З.Сүхбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/02789 дүгээр шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00244 дүгээр магадлалтай,

 З.Сүхбаатарын нэхэмжлэлтэй

Автотерминал трейд ХХК-д холбогдох,

 Гэм хорын хохиролд 8,677,147 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Цэрэнжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Бадрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 1. Нэхэмжлэгч З.Сүхбаатараас хариуцагч Автотерминал трейд ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 8,677,147 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/02789 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Автотерминал трейд ХХК-аас 8,677,147 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Сүхбаатарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153,784 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Автотерминал трейд ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 153,784 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Сүхбаатарт олгож шийдвэрлэжээ.

 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00244 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/02789 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 498 дугаар зүйлийн 498.1 гэснийг хасч, 8,677,147 гэснийг 1,465,000 гэж, олгосугай гэснийг олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,212,147 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын 153,784 гэснийг 38,390 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх болсон үйл баримтыг зөв тогтоож, зохих журмын дагуу хэрэгт авагдсан баримтыг үнэлж маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсгийг тайлбарлан хэрэглэсэн учир дутагдалтай, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглээгүй гээд нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон тус тус дүгнэж эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах хуулийн зохицуулалтыг хоёр зөрүүтэй тайлбарлан хэрэглэж маргааныг шийдвэрлэсэн байдаг.

Давж заалдах шатны шүүхийн хуулийн зөрүүтэй хэрэглээ, түүний үндэслэлийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байгаа болно.

Магадлалын хянавал хэсэг, 5 дахь тал, хамгийн доод талын догол мөрт ...Нэхэмжлэгч нь гэм хорын хохирлыг арилгахдаа авто машины арын хамгаалалт /хойд буфер/-ыг засан сайжруулах боломжтой байхад шинээр сольж тавьсан, багажны /арын/ хаалга, арын цонх, хойд гэрэл зэрэг эд зүйлийн элэгдлийг тооцох байтал шинэ эд ангийн үнээр тооцож шаардсаныг үндэслэл бүхий болсон, түүнд учирсан бодит хохирол гэж дүгнэх боломжгүй гэжээ.

4.1. Гэм хорын нөхөн төлбөрийг шүүхээр эцэслэн тогтоох бөгөөд даатгалын мэргэжлийн оролцогчийн үнэлгээгээр эцэслэн шийдвэрлэгдэхгүй.

Хариуцагч байгууллага болон нэхэмжлэгч иргэн хооронд хуульд зааснаар үүсэх үүргийн буюу гэм хорын харилцаа үүссэн. Улмаар хариуцагч байгууллагад жолооч ажилтай Д.Мөнх-Очир нь замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгөд хохирол учруулж, хариуцлага хүлээх нөхцөл буюу Жолоочийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д жолоочийн даатгалын тохиолдлыг бий болгосон. Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг ойлгохоор хуульчилсан ба мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Жолооч нь замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулж болзошгүй хохирлыг нөхөн төлөх зорилгоор энэ хуульд заасан нөхцөлийн дагуу даатгагчтай даатгалын гэрээ байгуулна заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, даатгалын харилцаа нь даатгагч, даатгуулагч хоёрын хооронд харилцан тохиролцож байгуулсан гэрээний эрх зүйн харилцаа юм. Ийнхүү талуудын ямар тохиолдолд, хэдий хэмжээний хохирлын нөхөн төлбөрийг барагдуулахаар урьдчилан тохиролцсон байдаг бөгөөд даатгалын тохиолдлын үед даатгалын хохирлын үнэлгээг гаргах тусгай зөвшөөрөл бүхий этгээд нь хохирлыг гаргадаг байна.

Ийнхүү хөрөнгийн үнэлгээний Венло ХХК нь Даатгалын тухай хуулийн 4.3-д Бодит хохирлоос үл хамааран тодорхой итгэлцүүр буюу бусад аргачлалыг ашиглан даатгагчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг томьёогоор дундажлан тооцоолж гаргадаг үйл ажиллагаа энэ хуулийн 4.1.1-д нэгэн адил хамаарна" гэж зааснаар даатгатын мэргэжлийн оролцогчийн хувьд үнэлгээг гаргасан байна.

Энэ нь даатгагч, даатгуулагч этгээдийн хоорондын нөхөн төлбөрийн хэмжээг тодорхойлох зорилгоор оролцож буй этгээд тул хохирогчид учирсан бодит хохирлыг эцэслэн тогтоосон зүйл биш юм.

Энэ талаар Жолоочийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д Хохирогч нь энэ хуулиар тогтоосон хэмжээнээс давсан хохирлыг жолооч болон буруутай этгээдээс нэхэмжилсэн бол уг давсан хэсэгт энэ хууль үйлчлэхгүй, Жолоочийн даатгалын тухай хуульд хохирлын хэмжээг тодорхойлох журмыг заасан хэсэг болох 17 дугаар зүйлийн 17.1.4-д хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээний талаар хохирогч, даатгуулагч, даатгагч талуудын санал зөрсөн бол Иргэний хуулийн 510 дугаар зүйлд заасны дагуу тодорхойлно гэж заасан.

Иймээс Жолоочийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-д энэ хуулийн 10.1.3, 10.1.4-т заасан тээврийн хэрэгслийн хувьд арван сая төгрөг хүртэл хэмээн зохицуулснаар даатгалаас нэхэмжлэгчид 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Харин хуулийн энэ хэмжээнээс давсан хохирлыг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510,1 Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгчид учирсан бодит хохирлыг тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч барагдуулах нь зүй ёсны асуудал юм.

4.2. Автомашины эвдрэлийг засварласан МСМ Групп ХХК-нйг нэхэмжлэгч сонгоогүй болно.

Вендо ХХК-ийн 2020.06.25-ны өдрийн №17652488 тоот Авто техникийн үнэлгээний тайлангийн 4-д Тээврийн хэрэгсэл үзлэг хийх үед ямар байсан гэсэн хэсэгт Уг автомашин нь хойд талаасаа мөргүүлж багажны хаалга хонхойж чихэгдэж цөмөрсөн, багажны хаалганы шил хагарсан, хойд буфер баруун болон зүүн буландаа чихэгдэж будаг замаск хагарч зурагдсан, зүүн хойд гэрэл хагарсан байдалтай байлаа. МСМ Групп ХХК-ийн сэлбэг захиалгын үнийн саналыг үндэслэв. Уг автомашины солигдож буй сэлбэгүүд албан ёсны компани болох МСМ групп ХХК-д бэлэн байхгүй ба захиалгын үнийн саналыг үндэслэсэн болно. гэсэн байдаг.

Дээрх баримтаас үнэлгээ хийсэн Вендо ХХК нь өөрөө МСМ Групп ХХК-ийг сонгон үнийн саналыг авсан болох нь тодорхой харагдана. Тодруулбал, Вендо ХХК-ийн хүсэлтээр МСМ Групп ХХК нь засвар үйлчилгээний үнэлгээг гаргасан ба тэрхүү үнэлгээ, саналыг нэхэмжлэгчээс ямар нэгэн байдлаар нэмэлт, өөрчлөлт оруулалгүйгээр үйлчилгээг нь хийлгэж, засварын зардлыг төлсөн болно.

Харин давж заалдах шатны шүүх Вендо ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий этгээд мөн болох нь баримтаар нотлогдохгүй байхад үнэлгээг хуульд нийцсэн гэж үзсэний зэрэгцээ бодитоор гарч байгаа нөхөн төлбөрийн үнийг дүнг бууруулж элэгдэл тооцох ёстой гэх дүгнэлт нь ямар ч хуульд үндэслэгдээгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь МСМ Групп ХХК-д машинаа 2020.06.19-ний өдөр хүлээлгэн өгсөн өдрөөс хойш засварын сэлбэг нь бэлэн байхгүйн улмаас хүлээгдсээр байгаад 2020.09.16-ны өдөр хүргэсэн. Хэрэв солих, засварлах ёстой сэлбэг нь хариуцагч компанид байсан бол энэхүү хугацаанд бидэнд мэдэгдэх, засварлаж буй компанид өгөх зэргээр ажиллагааг хийх бүрэн боломжтой хугацаа байсан. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаас санал болгосон сэлбэгийг хүлээн авахаас татгалзсан, засварлах боломжтой сэлбэгийг солих, автомашинаа эвдрэл орохоос өмнөх байдалд оруулах хариуцагчийн үйлдэлд саад болох зэрэг ажиллагааг огт хийгээгүй бөгөөд тийм ч хүсэл зориг угаас байгаагүй юм. Харин ч энэхүү хугацаанд автомашинаа ашиглаж чадахгүй байх, үүнээс шалтгаалсан шууд нэмэлт зардлууд гарсан зэргийг ч нэхэмжлээгүй бөгөөд гагцхүү үнэлгээний компанид хүргүүлсэн МСМ Групп ХХК-ийн бодитоор завсарлахад гарсан зардлыг гэм хорын хариуцах этгээдээс шаардаж буй юм.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангах үндэслэл тогтоогдлоо.

 6. Нэхэмжлэгч З.Сүхбаатар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...2020.06.18-ны өдөр иргэн П.Ганхуяг миний зөвшөөрлөөр миний эзэмшлийн 75-76УБУ улсын дугаартай Мерседес бенз V-250 маркийн автомашиныг жолоодож явахад нь Автотерминал трейд ХХК-ийн эзэмшлийн 03-96УНЯ улсын дугаартай Дэйвүү маркийн нийтийн зорчигч тээврийн автобусны жолооч Д.Мөнх-Очир Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, араас нь мөргөж зам тээврийн осол гаргасан. Ослын улмаас миний автомашинд 18,677,147 төгрөгийн хохирол учирснаас буруутай этгээдийн албан журмын даатгалаас 10,000,000 төгрөгийн төлбөрийг барагдуулсан тул үлдэгдэл 8,677,147 төгрөгийг нэхэмжилнэ... гэж тайлбарласан,

 Хариуцагч: ...Даатгалын хохирол үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй Вендо компанийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар нэхэмжлэгчид учирсан хохирлыг 11,465,489 төгрөг гэж тодорхойлсон, тайланг Даатгалын компани хүлээн зөвшөөрч 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн, зөрүү 1,465,489 төгрөгийг төлөх талаар нэхэмжлэгчид хэлсэн боловч татгалзсан. Бид МСМ групп ХХК-ийн 18,677,147 төгрөгийн үйлчилгээний саналыг хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, хариуцагчаас 1,465,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

 8. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа: ...бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь оруулах, сэргээх үүрэгтэй болохоос тодорхой хугацаанд эзэмшиж, ашиглаж байсан эд хөрөнгийг шинээр сольж өгөх үүрэг хүлээхгүй, иймээс нэхэмжлэгчид учирсан бодит хохирол болох 11,465,000 төгрөгийн үнийн дүнгээс урьдчилан төлөгдсөн 10,000,000 төгрөгийг хасч үлдэх төлбөрийг хариуцагчаас гаргуулна... гэжээ.

 9. Магадлалыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: ...Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-зааснаар үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй, ...нэхэмжлэгч нь МСМ групп ХХК-иар засвар үйлчилгээг хийлгэж, засварын зардалд бодитоор гарсан төлбөрийг нэхэмжилсэн байхад давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн... тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү... гэсэн агуулга бүхий гомдлыг хяналтын журмаар гаргасан байна.

 10. 2020.06.18-ны өдөр Хүүхдийн ордны баруун урд замд зам тээврийн осол гарч, Автотерминал трейд ХХК-ийн эзэмшлийн 03-96УНЯ улсын дугаартай нийтийн зорчигч тээврийн автобусны жолооч Д.Мөнх-Очир Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс З.Сүхбаатарын эзэмшлийн 75-76УБУ улсын дугаартай Мерседес бенз маркийн автомашиныг араас нь мөргөж зам тээврийн осол гаргасан буруутай болох нь Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл зэргээр тогтоогдсон,

Зам тээврийн ослын улмаас иргэн З.Сүхбаатарын тээврийн хэрэгсэлд эвдрэл, гэмтэл учирч, МСМ групп ХХК-ийн засвар үйлчилгээний газраар үйлчилгээ хийлгэж, 18,677,147 төгрөгийн зардал гарсан болох нь МСМ групп ХХК-ийн засвар үйлчилгээний нэхэмжлэх, төлбөр төлсөн баримтаар нотлогдсон байна.

 11. Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч нь хариуцан арилгах үүрэгтэй, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д зохицуулсан.

 Хоёр шатны шүүх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үндэслэл бүхий үнэлээгүйгээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй байна.

 Тухайлбал, анхан шатны шүүх ослын улмаас нэхэмжлэгчид бодитоор учирсан хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан бол давж заалдах шатны шүүх тухайн автомашины эд ангийн элэгдэл, хорогдлыг тооцох нь зүйтэй гэж дүгнэн, үнэлгээний комиссын үнэлгээг магадлалын үндэслэл болгосон нь учир дутагдалтай болжээ.

 12. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

 Автомашинд учирсан эвдрэл, хохирлыг үнэлгээний байгууллага тогтоох боловч дээрх эвдрэл, гэмтлийг сэргээх, засан сайжруулахад гарсан зардал бодит хохиролд тооцогдох тул хариуцагч нь нэхэмжлэгчид бодитоор учирсан хохирлыг төлөх учиртай.

 Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх боловч үүргийн хэмжээг нотлох баримтад тулгуурлан тогтоогоогүй, хуулийн урьдчилсан нөхцөлийг хангаагүй байна.

 13. Гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байдалд нь сэргээх /гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. /Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1/

 Нэхэмжлэгч нь засвар хийж, сэргээх боломжтой эд ангийг шинээр сольж тавьсан нь хохирлын хэмжээ нэмэгдэх үндэслэл болсон байна. Тухайлбал хойд буферийг 550,000 төгрөгөөр сэргээн засварлах боломжтой талаар үнэлгээ тогтоогдсон байхад нэхэмжлэгч уг хойд буферийг 3,654,761 төгрөгөөр шинээр солиулж, энэ дүнгээр хохирлыг нэхэмжилсэн байх тул зөрүү төлбөр /3,654,761-550,000/ 3,104,761 төгрөгийг бодит хохиролд тооцох учиргүй байна.

 Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 8,677,147 төгрөгөөс дээр дурдсан 3,104,761 төгрөгийг хасч үлдэх 5,572,386 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д нийцнэ гэж үзэв.

 14. Нэхэмжлэгч нь тээврийн хэрэгсэл эзэмшигчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан, шүүх тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгахтай холбоотой маргааныг шийдвэрлэхдээ илүү нарийвчилсан зохицуулалтай хуулийг хэрэглэх талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 15. Дээр дурдснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00244 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/02789 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Автотерминал трейд ХХК-иас 5,572,386 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Сүхбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,104,761 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын ...хариуцагч Автотерминал трейд ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 153,784 төгрөгийг... гэснийг ...хариуцагч Автотерминал трейд ХХК-иас 104,108 төгрөгийг... гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнийн гомдлын заримыг хангасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч З.Сүхбаатараас 2021.02.26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130,345 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           П.ЗОЛЗАЯА

                   ШҮҮГЧИД           Г.БАНЗРАГЧ

                                               Н.БАЯРМАА

                                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                       Х.ЭРДЭНЭСУВД