Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 01784

 

     2020         06             26

                      183/ШШ2020/01784

                    

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: Хан-уул дүүргийн ............ оршин суух Б овогт М-гийн М /РД:........./-ын  нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн .......өөрийн байранд байрлах “У / цаашид ТБАГУТҮГ гэх, РД:1700979/-т холбогдох

            ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн иргэний хэргийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

ан

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.М, хариуцагчийн төлөөлөгч С.Гшүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч М.М шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/0000 дүгээр шийдвэрээр намайг ажилд эгүүлэн авахаар шийдвэрлэсэн. Хариуцагч нь шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй тул шийдвэр хүчин төгөлдөр болсон. Гэтэл Удирдлагын академиас намайг ажилд авахын оронд ажлаас халах мэдэгдлийг өгсөн. Энэ хугацаанд цалин олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй. Ингээд намайг дахин 2020 оны 04 дүгээр сарын 01-нд ажлаас халсан. Надтай холбоотой өр төлбөртэй холбоотой асуудлаар шүүхийн шийдвэр гараад хэрэг нь Улсын Дээд шүүхэд хянагдж байгаа. Шүүхийн шийдвэр биелүүлэх хооронд ажлаас халсанд гомдолтой байна. Би 1992 оноос хойш тасралтгүй 27 жил Удирдлагын академид ажиллаж ирсэн. Миний зааж байсан бизнесийн удирдлагаар мэргэшүүлэх сургалттай холбоотой хичээлүүд хасагдсан байж болох ч эдийн засаг, санхүүгийн чиглэлээр хичээлүүд заах боломжтой. Энэ боломжийг бүрдүүлж өгөөгүй байж цагийн ногдлоо гүйцээгээгүй гэдгийг урьдал болгон Эдийн засаг, санхүүгийн танхимын 10 багшаас намайг сонгон авч орон тоог цөөрүүлсэн тушаал гаргасны үндсэн дээр ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй. Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Удирдлагын академийн шүүхэд урьд гаргасан хариу тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Нэхэмжлэгч М.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь М.М-ын У-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/0 тоот тушаалаар цуцалсан. Ийнхүү М.М-ын У-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1..1 дэх заалт болох аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэсэн заалтын орон тоог цөөрүүлсэн гэдгээр үндэслэл болгож хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Орон тоо цөөрүүлэх гэдгийг Улсын Дээд шүүхийн 2006 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15.1.2 дахь заалтад “орон тоо цөөрүүлэх” гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил  ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно гэж тайлбарлажээ. Орон тоог цөөрүүлэх үндэслэл нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 366 дугаар тогтоолоор Удирдлагын академи нь төрийн албан хаагчдыг мэргэшүүлж бэлтгэх, сургах зорилго бүхий төрийн албаны сургалтын  байгууллага болсон билээ. Энэ тогтоолын хавсралтаар Удирдлагын академийн дүрмийг шинээр баталж, дүрмийн 2 дахь хэсэгт сургалтын төрлийг тодорхойлж өгсөн. Мөн дээрх тогтоолын 3 дахь хэсэгт Удирдлагын академид 2019 оноос өмнө төрийн захиргаа, төрийн удирдлага болон бизнесийн удирдлагын чиглэлээр элсэн хувийн зардлаар суралцаж байгаа суралцагчдын  сургалтын хөтөлбөрийг үргэлжлүүлэн дуусгавар болгох арга хэмжээ авахыг Удирдлагын академийн захиралд үүрэг болгосон. Удирдлагын академийн дүрмийн 4.2 дахь хэсэгт Академийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга батална гэж заасан. Энэ бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан Удирдлагын академийн захирал дүрмийн 3.4.3-т зааснаах Академийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн удирдлага, багш, ажилтныг холбогдох хууль, тогтоомжийн дагуу томилж, чөлөөлөх, 3.4.7-д зааснаар Академийн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх шаардлагыг хангасан хүний нөөц бүрдүүлэх, хөгжүүлэх, ажиллагсадын ажлын гүйцэтгэлийг үнэлэх, дүгнэх, шагнаж урамшуулах бүрэн эрхтэй. Энэ эрхийн хүрээн Удирдлагын академийн  үйл ажиллагааны үндсэн чиглэлд нийцүүлэн орон тоог цөөрүүлсэн. Ажил олгогч тал болох Удирдлагын академи бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэшүүлэх сургалт явуулах боломжгүй болсон тул Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн багшийн орон тоог цөөрүүлсэн. Нэхэмжлэгч М.М 1992-2009 онд Удирдлагын академийн Эдийн засаг, санхүүгийн тэнхимд багш, ахлах багшаар, 2009-2012 онд Зөвлөх үйлчилгээ, удирдлагын хөгжлийн төвийн даргаар, 2012-2016 онд Академийн дэд захирлаар, 2016 оны 10 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Эдийн засгийн тэнхимийн багш, профессороор тус тус ажилласан. М.М нь 2016 оны 10 дугаар сараас хойш Эдийн засаг, санхүүгийн тэнхимд багш, профессорын  шатлалд ажиллах хугацаандаа “Бизнесийн статистик”, “Шинэ бизнес, бизнес овсгоо” хичээлийг дангаараа, “Бизнесийн онол, орчин үеийн хандлага”, ”Улсын салбарын эдийн засаг” зэрэг хичээлийг багийн бүрэлдэхүүнд орж сэдвийн хуваариалтын дагуу мэргэшүүлэх сургалтанд заадаг байв. Эдгээр хичээлүүд нь биүнесийн удирдлагаар мэргэшүүлэх дипломын сургалтад хамаарагддаг бөгөөд дээр дурдсан Засгийн газрын 2018 оны 366 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт зааснаар бизнесийн удирдлагын хөтөлбөр хаагдсан тул уг хичээлүүд цаашид заагдахаа больсон. Ийнхүү хичээл нь заагдах боломжгүй болсон тул  ажил олгогч түүнийг ажлын байраар үргэлжлүүлэн хангах боломжгүй болсон. Харин нэхэмжлэгч М.М нь 2017-2018 оны хичээлийн жилд 530 цагийн буюу бүрэн ногдолтой ажилласан бөгөөд энэ хичээлийн жилд өмнөх жилтэй адил “Бизнесийн онол, орчин цагийн хандлага” лекцийн хичээлийн зарим цаг, түүнчлэн өөрийн хариуцсан “Шинэ бизнес, бизнес овсгоо” хичээлийг /3 удаа сонгогдсон/ тус тус заасан. Мөн нэг их сонголтонд байдаггүй “Бизнесийн стастистик” хичээл 2 удаа сонгогдож хариуцан заасан боловч тухайн хичээлийн жилийн ногдол цагаа биелүүлж чадаагүй. Харин 2019-2020 оны хичээлийн жилд Засгийн газрын 2018 оны 366 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт зааснаар уг хичээлүүд цаашид заагдахаа больсон тул  огт хичээл заагаагүй. Улмаар 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд эрдэм шинжилгээ,судалгаан ажил /эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж нийтлүүлэх,  илтгэл хэлэлцүүлэх, судалгааны ажил гүйцэтгэх гэх мэт/ хийгээгүй тул цагийн ногдлыг гүйцээгээгүй. М.М нь 2018-2019 оны хичээлийн жилд бүрэн ногдолтой ажиллаж байгаад Удирдлагын академийн Багшийн ажлын гүйцэтгэл тооцох журмын 3.14-т “...хэрэв багшийн ажлын гүйцэтгэл нь хичээлийн жилийн эхний хоёр улирлын дараа хичээлийн жилд гүйцэтгэх ногдолт цагийн 30 хувьд хүрэхгүй байгаа тохиолдолд  тухайн багш  болон холбогдох  тэнхимийн саналыг үндэслэн хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг Захиргааны зөвлөлөөр хэлэлцэж шийдвэрлэнэ...” гэж заасны дагуу Академийн Захиргааны зөвлөл 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар хэлэлцэж, нэхэмжлэгч М.М-ын эхний 2 улиралд гүйцэтгэсэн цагийн хэмжээ нь 128.7 буюу нийт цагийн ногдлын 24.2 хувь байгаа бөгөөд үлдсэн 2 улиралд гүйцэтгэх цагийн урьдчилсан тооцоогоор 530 цагийн ногдлыг гүйцэхээргүй болсон тул цалингийн өрийг бага байлгах үүднээс М.М-ын цагийн ногдлыг  2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 25 хувь болгон бууруулахаар шийдвэрлэсэн. Гэвч М.М нь цагийн ногдлоо гүйцээх талаар санаачилгатай ажиллаагүй, сонгогдсон хичээлээ заах, сонсогчдыг үнэлэх, магистрын зэрэг хамгаалуулах комисст ажиллах зэрэг нийтлэг ажлаас бусад ажил гүйцэтгэж цаг тооцуулаагүйн улмаас 25 хувийн ногдолтой ажилласан хэдий ч үлдсэн хугацаанд  нэмж ердөө 84.7 цагийн ажил /түүний дотор “Шинэ бизнес, бизнес овсгоо” хичээл заасан 20 цаг, сонсогчдыг үнэлж, дүн гаргасан 25 цаг/ тооцуулсан. Энэ хичээлийг судалсан сонсогчдоос 2 удаа сургалтын албанд хичээлийн агуулга, зохион байгуулалтын талаар амаар  гомдол гаргаж байсныг дурдах шаардлагатай. Ажил олгогчийн зүгээс ажиллах нөхцөл, ажил үүргээр хангаж байсан ч М.М нь хөдөлмөрийн гэрээний 2.7 дахь хэсэгт заасан тухайн хичээлийн жилд заах цагийн ногдлыг биелүүлээгүй болно. М.М-ыг ажил олгогч У-мийн хувьд 2016-2019 онд ажиллах нөхцөл, ажил үүргээр хангаж байсныг дараах байдлаар нотлох боломжтой. Үүнд. М.М-д профессор шатлалд ажиллах хугацаандаа Шинэ бизнес, бизнес овсгоо хичээлийг 9 удаа, Бизнес статистик хичээлийг хоёр удаа, Бизнесийн онол, орчин үеийн хандлага, Улсын салбарын эдийн засаг зэрэг хичээлийг багийн бүрэлдэхүүнд орж, сэдвийн хуваарилалтын дагуу мэргэшүүлэх сургалтад хичээлийн жил бүрт 3-4 удаа тус тус заасан. Бизнесийн удирдлагаар магистын зэрэг хамгаалуулах комисст 2016-2017 оны хичээлийн жилд 1 удаа, 2017-2018 оны хичээлийн жилд 1 удаа, 2018-2019 оны хичээлийн жилд 1 удаа тус тус гишүүнээр ажилласан. 2016-2019 оны хичээлийн жилд бизнесийн удирдлагын 9 магистрант удирдсан боловч 2 магистрант хугацаандаа төгссөн, 3 магистрант нь хамгаалалтад ороод тэнцээгүй, 5 магистрант нь  одоог хүртэл төгсөөгүй байгаа болно. Академийн зүгээс М.М-од хөдөлмөрийн гэрээний 3.2.2, 3.2.3 дахь каалтад заасан үүргүүдээ удаа дараа биелүүлээгүй учраас 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Б/0 тоот тушаалаар сануулах хэлбэрийн сахилгын шийтгэл түүнд ногдуулсан. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0 дугаар тогтоолоор Удирдлагын академийн дүрмийг  шинээр баталж, дүрмийн 2 дахь хэсэгт сургалтын төрлийг нэрлэн заасан, улмаар бизнесийн удирдлагын мэргэшүүлэх сургалтыг дуусгавар болгохтой холбоотойгоор багш нарын цагийн ачаалал, хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг Удирдлагын академийн Захирлын зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хурлаар хэлэлцсэн. Уг хурлаар сургалтын албаны арга Я.Бумбаяр: Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн багш М.М-ын хувьд цагийн ногдлоо биелүүлэхгүй байгаа, биелүүлэх талаар удаа дараа анхааруулж байсан. Хичээлийн жилийн явцад цагийн ногдлоо хангалтгүй биелүүлсэн асуудлаас үүдэн М.М-ыг 25 хувийн ачаалалтай болгоогүй бол цагийн өр нэмэгдэх эрсдэлтэй байсан. М.М багшийн зааж буй хичээл шаардлага хангахгүй талаар сонсогчдоос гомдол гарч убайсныг хэлсэн. Удирдлагын академийн захирал С.З:  Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн багш М.М-од 25 хувийн цагийн ногдолтой ажиллаж байгаа. Бид өнгөрсөнхугацаандп ажиллуулаад ажлаар хангаж өдийг хүрсэн. Гэтэл багшийн зүгээс бас санаачилга гаргахгүй, цалин авсан нормтой ажлаа гүйцээх талаар анхаарахгүй байна. Нөгөөтэйгүүр Удирдлагын академийн мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрт өөрчлөлт орж, багшийн зааж байсан, зааж болох хичээлүүд хасагдсан нөхцөл байдал бий болсон. М.М багшийн хувьд чөлөөлөх саналтай байна. Хөдөлмөрийн гэрээг хуулийн дагуу цуцалъя гэсэн санал хэлсэн. Ажил олгогчийн хувьд Удирдлагын академийн дүрмээр тогтоосон байгууллагын сургалтын онцлог, Засгийн газрын 366 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт зааснаар цаашид бизнесийн удирдлагын мэргэшүүлэх сургалтыг дуусгавар болгосны дагуу М.М-ын заах хичээл хасагдсан тул орон тоог цөөрүүлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа. М.М-ыг 2019 оны 10 дугаар  сарын 18-ны өдөр орон тоог дээрх үндэслэлээр цөөрүүлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/0000 дүгээр шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон. Уг шийдвэрийн дагуу ажил олгогчийн зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/50 тоот тушаал гаргасан. Энэ тушаалын дагуу М.М-ын нийгмийн даатгалыг нөхөн төлсөн. Харин ажилгүй байсан хугацааны цаоин хөлсийг өгөх боломжгүй. Учир нь М.М нь У-д дутуу гүйцэтгэсэн цагийн төлбөр болох 4.133.180 төгрөг төлөх үүрэгтэй тул түүнд нөхөн суутгах шаардлага үүссэн. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/0 тоот тушаал гарснаас хойш М.М-ыг  ажил олгогч хичээлээр хангах боломжгүй гэдгээ мэдэгдсэн, М.М нь Удирдлагын академийн  багшийн ажлын гүйцэтгэл тооцох журамд заасан бусад хэлбэрээр багшийн гүйцтгэх зөвлөх болон эрдэм шинжилгээний чиглэлийн үүргээ огт биелүүлээгүй. Иймд ажил олгогчийн зүгээс М.М үүргээ биелүүлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар цалин хөлс олгох олгох боломжгүй болсон. Иймээс ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтад зааснаар М.М-од 30 хоногийн өмнө буюу 2020 оны 02 дугаар сарын 28-нд хөдөлмөрийн гэрээ цуцлах талаарх мэдэгдлийг бичгээр өөрт нь гардуулан мэдэгдэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтад зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд нэхэмжлэгч М.М-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

       Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

      Нэхэмжлэгч М.М нь хариуцагч Удирдлагын академид холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хангах үндэстэй гэж шүүх үзлээ.

      Нэхэмжлэгч М.М-ын үндэслэлгүйгээр ажлаас халсан гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гаргана гэсэн заалтад нийцжээ.

        М.М нь анх 1992 онд У-ийн Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн багшийн ажилд орж ажилласан байх ба ажил олгогчоос 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/0 дугаар тушаалаар түүнийг ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаж, М.М-ыг урьд эрхэлж байсан Удирдлагын академийн Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн багшийн албан тушаалын профессорын шатлалд эгүүлэн тогтоох тухай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/0000 дүгээр шийдвэрийг үндэслэн Удирдлагын академийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/0 дугаар тушаалаар ажилд эгүүлэн авахаар шийдвэрлэсэн боловч 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/0 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлжээ.      

        Удирдлагын академийн захирлын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/38 дугаар тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалт, Удирдлагын академийн дүрмийн 3.4.3, 3.4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газраас батлагдсан Сургалтын агуулга, хөтөлбөр батлах тухай 2019 оны 299 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн М.М-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн багшийн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 366 дугаар тогтоолоор Удирдлагын академийн талаар зарим арга хэмжээг авч, Удирдлагын академийг төрийн албан хаагчдыг мэргэшүүлж бэлтгэх, сургах зорилго бүхий төрийн албаны сургалтын байгууллага болгосон тул Удирдлагын академийн дүрмийг шинэчлэн баталж, Удирдлагын академид 2019 оноос өмнө төрийн захиргаа, төрийн удирдлага болон бизнесийн удирдлагын чиглэлээр элсэн хувийн зардлаар суралцаж байгаа суралцагчдын сургалтын хөтөлбөрийг үргэлжлүүлэн дуусгавар болгохоор шийдвэрлэжээ.

            Улмаар Удирдлагын академийн захирлын 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/0 тоот тушаалаар Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 10 тоот Удирдлагын академийн бүтэц, орон тооны дээд хязгаарлыг батлах тухай тушаалд нийцүүлэн Удирдлагын академийн мэргэжлийн тэнхимүүд болон ажил, албан тушаалын жагсаалт, орон тоог батлахад Удирдлагын академи нь Эдийн засаг, санхүүгийн тэнхимтэй, тус тэнхим нь тэнхимийн эрхлэгч 1, багш 10, туслах ажилтан 1 гэсэн  орон тоотой ажиллахаар батлагдсан байна.

            Гэвч Удирдлагын академийн захирлын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар Удирдлагын академийн мэргэжлийн тэнхимүүд болон ажил, албан тушаалын жагсаалт, орон тоог дахин шинэчлэн баталж,  Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн багшийн орон тоог 7 болгон цөөрүүлсэн байх бөгөөд тухайн шийдвэрийг гаргахдаа шийдвэр гаргаснаас хойших Удирдлагын академийн Захирлын зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэсэн нь хуульд нийцэхгүй байна.

            Хариуцагчийн төлөөлөгчөөс Удирдлагын академийн захирлын зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хурлыг  үндэслэсэн, уг тушаалд 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэж андуурч бичсэн байна гэж тайлбарлаж байгаа боловч тухайн Удирдлагын академийн захирлын зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хурлаар багш нарын цагийн ачаалал, хөдөлмөрийн гэрээг сунгах тухай болон багш М.М-ын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай асуудлыг шийдвэрлэснээс бус Удирдлагын академийн мэргэжлийн тэнхимүүд болон ажил, албан тушаалын жагсаалт, орон тоог шинэчлэн батлах асуудал хэлэлцэгдээгүй байна.

Иймд хариуцагч Удирдлагын академийн Удирдлагын академийн мэргэжлийн тэнхимүүд болон ажил, албан тушаалын жагсаалт, орон тоог дахин шинэчлэн баталсан 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/0 дугаар тушаал хуульд нийцээгүй байх тул Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн багшийн орон тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр М.М-ыг ажлаас чөлөөлсөн нь буруу юм.

Түүнчлэн ажил олгогчоос ажилтны орон тоог цөөрүүлж байгаа тохиолдолд тухайн тэнхимд багшаар ажиллаж байгаа ажилтнуудыг мэргэжил, ур чадварын хувьд сонгон шалгаруулсны үндсэн дээр батлагдсан орон тоон дээр ажиллуулах үүрэгтэй.

Гэтэл багш М.М-ын заадаг бизнесийн чиглэлийн хичээлүүд нь хасагдаж, сонгогдоогүй, улмаар цагийн ногдлоо гүйцээгээгүй тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахаар шийдвэрлэж, ийнхүү шийдвэрлэхдээ Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн багшийн орон тоог цөөрүүлсэн үндэслэлд хамааруулж ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчжээ.

Дээрх тохиолдолд байгууллагын мэргэжил ур чадвар, түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссоос орон тоо цөөрсөн Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн багш нарын дунд шалгалт явуулж, дүгнэлт гаргасныг үндэслэн ажил олгогчоос чухам хэнийг үргэлжлүүлэх ажиллуулах эсэхийг шийдвэрлэнэ.

Нэхэмжлэгч М.М-ыг хариуцагч Удирдлагын академиас урьд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан ажилтны тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлснийг дүгнэж, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/0000 дүгээр шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

Гэтэл хариуцагч Удирдлагын академиас түүнийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ажилд эгүүлэн  авсан хирнээ ажиллах нөхцөл боломж буюу хичээл заах, эрдэм шинжилгээний ажил эрхлэх боломж олгоогүй, олгох боломжгүй гэж мэдэгдсэн хирнээ дахин уг үндэслэл буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдлийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өгч, улмаар 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/38 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч М.М-ыг үндэслэлгүй халагдсан гэж үзэж, Удирдлагын академийн Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн багшийн  албан тушаалын профессорын шатлалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг тооцож олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч М.Мын дундаж цалин хөлсийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/0000 дүгээр шийдвэрээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын дагуу М.М-ын нийгмийн даатгалын дэвтрийн сүүлийн 3 сар буюу 2019 оны 7, 8, 9 дүгээр саруудын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтган орлогын дунджаас тооцон нэг өдрийн  дундаж цалинг 35.661 төгрөгөөр тогтоосныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан дахин нотлох шаардлагагүй үйл баримт гэж үзэх үндэслэлтэй.

      Дээрх нэг өдрийн дундаж цалин болох 35.661 төгрөгийг ажилгүй байсан 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх ажлын  61  хоногоор тооцоход 2.175.321 төгрөгийг нэхэмжлэгчид олгох үндэстэй байна.

      Мөн нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгож байгаатай холбогдуулан нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих хувиар төлж, дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах нь зүйтэй юм.

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 49.755 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

     1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б овогт М-гийн М-ыг Удирдлагын академийн Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн багшийн албан тушаалын профессорын шатлалд эгүүлэн тогтоож, хариуцагч Удирдлагын академиас ажилгүй байсан хугацааны олговорт 2.175.321 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.М-од олгосугай.

 

      2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар М.М-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг Удирдлагын Академид даалгасугай.

 

     3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1-д зааснаар хариуцагч У-иас улсын тэмдэгтийн хураамжид 49.755 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

      5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МӨНХБАЯР