Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2020/01914

 

 

 

 

 

 

 

 

 

М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2020/01784 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У ТБАГУТҮГ-т холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Ганцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/00251 дүгээр шийдвэрээр намайг ажилд эгүүлэн авахаар шийдвэрлэсэн. Хариуцагч нь шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй тул шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Гэтэл Уас намайг ажилд авахын оронд ажлаас халах мэдэгдлийг өгсөн. Энэ хугацаанд цалин олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй. Ингээд намайг дахин 2020 оны 04 дүгээр сарын 01-нд ажлаас халсан.

Надтай холбоотой өр төлбөрийн асуудлаар шүүхийн шийдвэр гараад хэрэг нь Улсын Дээд шүүхэд хянагдаж байгаа. Шүүхийн шийдвэр биелүүлэх хооронд ажлаас халсанд гомдолтой байна.

Би 1992 оноос хойш тасралтгүй 27 жил Уд ажиллаж ирсэн ба миний зааж байсан бизнесийн удирдлагаар мэргэшүүлэх сургалттай холбоотой хичээлүүд хасагдсан байж болох ч эдийн засаг, санхүүгийн чиглэлээр хичээлүүд заах боломжтой.

Энэ боломжийг бүрдүүлж өгөөгүй байж цагийн ногдлоо гүйцээгээгүй гэдгийг урьдал болгон Эдийн засаг, санхүүгийн танхимын 10 багшаас намайг сонгон авч орон тоог цөөрүүлсэн тушаал гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М-ын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь М-ын Утай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/38 тоот тушаалаар цуцалсан. Ийнхүү М-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг удирдлага болгож аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэдгээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Орон тоог цөөрүүлэх үндэслэл нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 366 дугаар тогтоолоор У нь төрийн албан хаагчдыг мэргэшүүлж бэлтгэх, сургах зорилго бүхий төрийн албаны сургалтын байгууллага болсон. Энэ тогтоолын хавсралтаар Уйн дүрмийг шинээр баталж, дүрмийн 2 дахь хэсэгт сургалтын төрлийг тодорхойлж өгсөн. Мөн дээрх тогтоолын 3 дахь хэсэгт Уд 2019 оноос өмнө төрийн захиргаа, төрийн удирдлага болон бизнесийн удирдлагын чиглэлээр элсэн хувийн зардлаар суралцаж байгаа суралцагчдын сургалтын хөтөлбөрийг үргэлжлүүлэн дуусгавар болгох арга хэмжээ авахыг Уйн захиралд үүрэг болгосон.

Энэ бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан Уйн захирал дүрмийн 3.4.3, 3.4.7-д заасан эрхийн хүрээн Уйн үйл ажиллагааны үндсэн чиглэлд нийцүүлэн орон тоог цөөрүүлсэн. Ажил олгогч тал болох У бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэшүүлэх сургалт явуулах боломжгүй болсон тул Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн багшийн орон тоог цөөрүүлсэн.

Нэхэмжлэгч М- 1992-2009 онд Уйн Эдийн засаг, санхүүгийн тэнхимд багш, ахлах багшаар, 2009-2012 онд Зөвлөх үйлчилгээ, удирдлагын хөгжлийн төвийн даргаар, 2012-2016 онд Академийн дэд захирлаар, 2016 оны 10 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Эдийн засгийн тэнхимийн багш, профессороор тус тус ажилласан. М- нь 2016 оны 10 дугаар сараас хойш Эдийн засаг, санхүүгийн тэнхимд багш, профессорын шатлалд ажиллах хугацаандаа "Бизнесийн статистик", "Шинэ бизнес, бизнес овсгоо" хичээлийг дангаараа, "Бизнесийн онол, орчин үеийн хандлага", "Улсын салбарын эдийн засаг" зэрэгличээлийг багийн бүрэлдэхүүнд орж сэдвийн хуваариалтын дагуу мэргэшүүлэх сургалтанд заадаг байсан.

Эдгээр хичээлүүд нь бизнесийн удирдлагаар мэргэшүүлэх дипломын сургалтад хамаарагддаг бөгөөд дээр дурдсан Засгийн газрын 2018 оны 366 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт зааснаар бизнесийн удирдлагын хөтөлбөр хаагдсан тул уг хичээлүүд цаашид заагдахаа больсон. Ийнхүү хичээл нь заагдах боломжгүй болсон тул ажил олгогч түүнийг ажлын байраар үргэлжлүүлэн хангах боломжгүй болсон. Харин нэхэмжлэгч М- нь 2017-2018 оны хичээлийн жилд 530 цагийн буюу бүрэн ногдолтой ажилласан бөгөөд энэ хичээлийн жилд өмнөх жилтэй адил "Бизнесийн Грнол, орчин цагийн хандлага" лекцийн хичээлийн зарим цаг, түүнчлэн өөрийн ариуцсан "Шинэ бизнес, бизнес овсгоо" хичээлийг /3 удаа сонгогдсон/ тус тус заасан.

Мөн нэг их сонголтонд байдаггүй "Бизнесийн стастистик" хичээл 2 удаа ронгогдож хариуцан заасан боловч тухайн хичээлийн жилийн ногдол цагаа биелүүлж чадаагүй. Харин 2019-2020 оны хичээлийн жилд Засгийн газрын 2018 оны 366 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт зааснаар уг хичээлүүд цаашид заагдахаа больсон тул огт хичээл заагаагүй.

Улмаар 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд эрдэм шинжилгээ.судалгаан ажил /эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж нийтлүүлэх, илтгэл хэлэлцүүлэх, судалгааны ажил гүйцэтгэх гэх мэт/ хийгээгүй тул цагийн ногдлыг гүйцээгээгүй. М- нь 2018-2019 оны хичээлийн жилд бүрэн ногдолтой ажиллаж байгаад Уйн Багшийн ажлын гүйцэтгэл тооцох журмын дагуу Академийн Захиргааны зөвлөл 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар хэлэлцэж, нэхэмжлэгч М-ын эхний 2 улиралд гүйцэтгэсэн цагийн хэмжээ нь 128.7 буюу нийт цагийн ногдлын 24.2 хувь байгаа бөгөөд үлдсэн 2 улиралд гүйцэтгэх цагийн урьдчилсан тооцоогоор 530 цагийн ногдлыг гүйцэхээргүй болсон тул цалингийн өрийг бага байлгах үүднээс М-ын цагийн ногдлыг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 25 хувь болгон бууруулахаар шийдвэрлэсэн.

Гэвч М- нь цагийн ногдлоо гүйцээх талаар санаачилгатай ажиллаагүй, сонгогдсон хичээлээ заах, сонсогчдыг үнэлэх, магистрын зэрэг хамгаалуулах комисст ажиллах зэрэг нийтлэг ажлаас бусад ажил гүйцэтгэж цаг тооцуулаагүйн улмаас 25 хувийн ногдолтой ажилласан хэдий ч үлдсэн хугацаанд нэмж ердөө 84.7 цагийн ажил /түүний дотор "Шинэ бизнес, бизнес овсгоо" хичээл заасан 20 цаг, сонсогчдыг үнэлж, дүн гаргасан 25 цаг/ тооцуулсан.

Ажил олгогчийн зүгээс ажиллах нөхцөл, ажил үүргээр хангаж байсан ч М- нь хөдөлмөрийн гэрээний 2.7 дахь хэсэгт заасан тухайн хичээлийн жилд заах цагийн ногдлыг биелүүлээгүй. М-ыг ажил олгогч Уйн хувьд 2016-2019 онд ажиллах нөхцөл, ажил үүргээр хангаж байсан

Академийн зүгээс М-ыг хөдөлмөрийн гэрээний 3.2.2, 3.2.3заасан үүргүүдээ удаа дараа биелүүлээгүй гэх үндэслэлээр 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Б/51 тоот тушаалаар сануулах хэлбэрийн сахилгын шийтгэл ногдуулсан.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 366 дугаар тогтоолоор Уйн дүрмийг шинээр баталж, дүрмийн 2 дахь хэсэгт сургалтын төрлийг нэрлэн заасан, улмаар бизнесийн удирдлагын мэргэшүүлэх сургалтыг дуусгавар болгохтой холбоотойгоор багш нарын цагийн ачаалал, хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг Уйн Захирлын зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хурлаар хэлэлцсэн.

М-ыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/00251 дүгээр шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон. Уг шийдвэрийн дагуу ажил олгогчийн зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/50 тоот тушаал гаргасан. Энэ тушаалын дагуу М-ын нийгмийн даатгалыг нөхөн төлсөн.

Харин ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг өгөх боломжгүй. Учир нь М- нь Уд дутуу гүйцэтгэсэн цагийн төлбөр болох 4 133 180 төгрөг төлөх үүрэгтэй тул түүнд нөхөн суутгах шаардлага үүссэн. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/50 тоот тушаал гарснаас хойш М-ыг ажил олгогч хичээлээр хангах боломжгүй гэдгээ мэдэгдсэн, М- нь Уйн багшийн ажлын гүйцэтгэл тооцох журамд заасан бусад хэлбэрээр багшийн гүйцтгэх зөвлөх болон эрдэм шинжилгээний чиглэлийн үүргээ огт биелүүлээгүй.

Иймд ажил олгогчийн зүгээс М- үүргээ биелүүлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар цалин хөлс олгох олгох боломжгүй болсон. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтад зааснаар М-од 30 хоногийн өмнө буюу 2020 оны 02 дугаар сарын 28-нд хөдөлмөрийн гэрээ цуцлах талаарх мэдэгдлийг бичгээр өөрт нь гардуулан мэдэгдэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтад зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Иймд нэхэмжлэгч М-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Бухнууд овогт Мөнхөөгийн Мөнхболдыг Уйн Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн багшийн албан тушаалын профессорын шатлалд эгүүлэн тогтоож, хариуцагч Уас ажилгүй байсан хугацааны олговорт 2 175 321 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М-од олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар М-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг Уд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1-л зааснаар хариуцагч Уас улсын тэмдэгтийн хураамжид 49 755 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 366 дугаар тогтоолоор У нь төрийн албан хаагчдыг мэргэшүүлж бэлтгэх, сургах зорилго бүхий төрийн албаны сургалтын байгууллага болсон билээ. Энэ тогтоолын хавсралтаар Уйн дүрмийг шинээр баталж, дүрмийн 2 дахь хэсэгт сургалтын төрлийг тодорхойлсон. Мөн дээрх тогтоолын 3 дахь хэсэгт Уд 2019 оноос өмнө төрийн захиргаа, төрийн удирдлага болон бизнесийн удирдлагын чиглэлээр элсэн хувийн зардлаар суралцаж байгаа суралцагчдын сургалтын хөтөлбөрийг үргэлжлүүлэн дуусгавар болгох арга хэмжээ авахыг Уйн захирал С.Зулпхарт үүрэг болгосон. Уйн дүрмийн 4.2 дахь хэсэгт Академийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга батална гэж заасан. Энэ бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан Уйн захирал дүрмийн 3.4.3, 3.4.7-д заасан эрхийн хүрээнд Уйн үйл ажиллагааны Жүндсэн чиглэлд нийцүүлэн орон тоог цөөрүүлсэн. Ажил олгогч тал болох У бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэшүүлэх сургалт явуулах боломжгүй болсон тул Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн багшийн орон тоог цөөрүүлсэн.

Уйн захирлын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/62 дугаар тушаал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалт, Уйн дүрмийн 3.4.3 дахь заалтад тус тус нийцэж байгаа бөгөөд академийн захирал бүтэц орон тоог шинэчлэн батлах эрхийг дээрх зохицуулалтаар олгож байна. Уйн захирал байгууллагын бүтэц орон тоог шинэчлэн батлахдаа заавал хурлын шийдвэр үндэслэх үүрэг хүлээгээгүй атал хурлын шийдвэрийн огнооны бичвэрийн алдааг үндэслэж Б/62 дугаар тушаалыг хуульд нийцээгүй гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.1 дэх заалтыг зөрчиж байна.

Ажил олгогчийн хувьд Уйн дүрмээр тогтоосон байгууллагын сургалтын онцлог, Засгийн газрын 366 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт зааснаар цаашид бизнесийн удирдлагын мэргэшүүлэх сургалтыг дуусгавар болгосны дагуу М-ын заах хичээл хасагдсан тул орон тоог цөөрүүлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан холбогдох хууль тогтоомж болох Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалтад нийцэж байгаа болно.

НэхэмжлэгчМ-ыг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр орон тоог дээрх үндэслэлээр цөөрүүлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/00251 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон ч шүүхийн уг шийдвэрт хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн тушаал нь хууль зөрчсөн гэж дүгнээгүй, хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн. Зөвхөн ийнхүү хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5 дахь заалтад заасан мэдэгдэх хугацааг зөрчсөн гэж дүгнэснийг харгалзан үзэх хэрэгтэй болно.

М-ын Утай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн анаачлагаар 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/38 тоот тушаалаар цуцалсан. Ийнхүү М-ын Утай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт болох аж хуйн нэгж. байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн; гэсэн заалтын орон тоог цөөрүүлсэн гэдгээр үндэслэл олгож хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

М- нь 2016 оны 10 дугаар сараас хойш Эдийн засаг, санхүүгийн тэнхимд багш, профессорын шатлалд ажиллах хугацаандаа Бизнесийн статистик, "Шинэ бизнес, бизнес овсгоо" хичээлийг дангаараа, "Бизнесийн онол, орчин үеийн хандлага", "Улсын салбарын эдийн засаг" зэрэг хичээлийг багийн бүрэлдэхүүнд орж сэдвийн хуваарилалтын дагуу мэргэшүүлэх сургалтанд заадаг байв. Эдгээр хичээлүүд нь Бизнесийн удирдлагаар эргэшүүлэх дипломын сургалтад хамаарагддаг бөгөөд дээр дурдсан Засгийн газрын 2018 оны 366 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт зааснаар Бизнесийн удирдлагын хөтөлбөр хаагдсан тул уг хичээлүүд цаашид заагдахаа больсон. Ийнхүү хичээл нь заагдах боломжгүй болсон тул ажил олгогч түүнийг ажлын байраар /ажил үүргээр/ үргэлжлүүлэн хангах боломжгүй болсон. Ийнхүү У бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэшүүлэх сургалт явуулах боломжгүй болсон тул Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн багшийн орон тоог цөөрүүлсэн. Мөн ажил олгогчид шүүхийн шийдвэрт зааснаар ажил олгогчоос ажилтны орон тоог цөөрүүлж байгаа тохиолдолд тухайн тэнхимд багшаар ажиллаж байгаа ажилтнуудыг мэргэжш, ур чадварын хувъд сонгон шалгаруулсны үндсэн дээр батлагдсан орон тоон дээр ажшлуулах үүрэгтэй" гэсэн үүргийг Хөдөлмөрийн тухай хуулиар хүлээлгээгүй болно.

Шүүх шийдвэртээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т хамаарах асуудлыг М-ын хөдөлмөрийн гэрээг цуцалсан мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасантай хольж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/00251 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон. Уг шийдвэрийн дагуу ажил олгогчийн зүгээс Шүүхийн шийдвэрийг бислүүлэх талаар 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тушаал гаргасан. Энэ тушаалын дагуу М-ын нийгмийн даатгалыг нөхөн төлсөн. Уг тушаал гарснаас хойш М-ыг ажил олгогч хичээлээр хангах боломжгүй гэдгээ л мэдэгдсэн.

М- нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гарталх хугацаа болох 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Уйн багшийн ажлын гүйцэтгэл тооцох журамд заасан бусад хэлбэрээр багшийн гүйцэтгэх зөвлөх болон эрдэм шинжилгээний чиглэлийн үүргээ огт биелүүлээгүй байхад ажиллах нөхцөл боломж олгоогүй гэж шүүх дүгнэхдээ ямар ч нотлох баримтыг үндэслээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч М- нь хариуцагч У УТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт холбогдох бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24ий өдрийн 183/ШШ2020/00251 дугаар шийдвэрээр М-ыг У УТҮГ-ын Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн багшийн албан тушаалын профессорын шатлалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн, шийдвэр хүчин төгөлдөр болсон.

 

Уйн захирлын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/12 тоот тушаалаар М-ыг ажилд эгүүлэн тогтоосон боловч хариуцагч байгууллагын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01/45 тоот мэдэгдлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон цуцлах болсныг М-од мэдэгдэж, захирлын мөн оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/38 тоот тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, Уйн дүрмийн 3.4.3, 3.4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Монгол Улсын Засгийн газраас батлагдсан Сургалтын агуулга, хөтөлбөр батлах тухай 2019 оны 299 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

Уйн захирлын 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/16 тоот тушаалаар Эдийн засаг, санхүүгийн тэнхим нь тэнхимийн эрхлэгч 1, багш 10, туслах ажилтан 1 гэсэн орон тоотой байхаар шийдвэрлэсэн байх ба ийнхүү бүтэц орон тоо өөрчлөх болсон үндэслэлээ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын Уйн бүтэц, орон тооны дээд хягзаарыг батлах тухай 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 10 тоот тушаалтай холбон хариуцагч тайлбарладаг. Үүнээс хойш дээрх тушаалд өөрчлөлт оруулж захирлын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар Эдийн засаг, санхүүгийн тэнхим нь тэнхимийн эрхлэгч 1, багш 7, туслах ажилтан 1 гэсэн орон тоотой баталсан байна.

 

Өөрөөр хэлбэл, Б/16 тоот тушаалыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 10 тоот Уйн бүтэц, орон тооны дээд хягзаарыг батлах тухай тушаалд нийцүүлэн гаргасан атлаа Б/62 тоот тушаалаар тэнхимийн бүтэц, орон тоог дахин өөрчилсөн шалтгаан, үндэслэл тодорхойгүй байна.

 

Түүнчлэн хариуцагч байгууллага нь Удирдлагын акдемийн удирдах зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэлээр ажилтаны орон тоог шийдвэрлэсэн гэх тайлбар гаргадаг боловч уг хурлын тэмдэглэлийг үзвэл ажилтаны орон тоо цөөрүүлэх асуудлыг хэлэлцээгүй, зөвхөн багш М-ын хөдөлмөрийн гэрээг цуцлах асуудлыг хэлэлцсэн агуулгатай байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан ажилтны орон тоог цөөрүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул энэ үндэслэлээр ажилтаныг ажлаас чөлөөлсөн тушаал хуульд нийцээгүй тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24ий өдрийн 183/ШШ2020/00251 дугаар шийдвэрээр ажилгүй байсан 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны олговрыг 2 531 931 төгрөгөөр тогтоон Уас гаргуулж М-од олгосон байх тул анхан шатны шүүхээс нэхэмжлэгчид олгох олговрын хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл гэж тодорхойлж, олговорт 2 175 321 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дугаар зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2020/01784 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Э.ЗОЛЗАЯА