Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/00764

 

 

2021 06 18 001/ХТ2021/00764

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2020/01784 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1914 дүгээр магадлалтай,

 

*******ын нэхэмжлэлтэй,

Удирдлагын академи ТБАГУТҮГ-т холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганцэцэг, Т.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.24-ний өдрийн 183/ШШ2020/00251 дүгээр шийдвэрээр намайг ажилд эгүүлэн авахаар шийдвэрлэсэн. Хариуцагч нь шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй тул шийдвэр хүчин төгөлдөр болсон. Гэтэл Удирдлагын академиас намайг ажилд авахын оронд ажлаас халах мэдэгдлийг өгсөн. Энэ хугацаанд цалин олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй. Ингээд намайг дахин 2020.04.01-нд ажлаас халсан. Надтай холбоотой өр төлбөртэй холбоотой асуудлаар шүүхийн шийдвэр гараад хэрэг нь Улсын Дээд шүүхэд хянагдаж байгаа. Шүүхийн шийдвэр биелүүлэх хооронд ажлаас халсанд гомдолтой байна. Би 1992 оноос хойш тасралтгүй 27 жил Удирдлагын академид ажиллаж ирсэн. Миний зааж байсан бизнесийн удирдлагаар мэргэшүүлэх сургалттай холбоотой хичээлүүд хасагдсан байж болох ч эдийн засаг, санхүүгийн чиглэлээр хичээлүүд заах боломжтой. Энэ боломжийг бүрдүүлж өгөөгүй байж цагийн ногдлоо гүйцээгээгүй гэдгийг урьтал болгон Эдийн засаг, санхүүгийн танхимын 10 багшаас намайг сонгон авч орон тоог цөөрүүлсэн тушаал гаргасны үндсэн дээр ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй. Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь *******ын Удирдлагын академитай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар 2020.04.01-ний өдрийн Б/38 тоот тушаалаар цуцалсан. Ийнхүү *******той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг удирдлага болгож аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэдгээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Орон тоог цөөрүүлэх үндэслэл нь Монгол Улсын Засгийн газрын 2018.12.05-ны өдрийн 366 дугаар тогтоолоор Удирдлагын академи нь төрийн албан хаагчдыг мэргэшүүлж бэлтгэх, сургах зорилго бүхий төрийн албаны сургалтын байгууллага болсон. Энэ тогтоолын хавсралтаар Удирдлагын академийн дүрмийг шинээр баталж, дүрмийн 2 дахь хэсэгт сургалтын төрлийг тодорхойлж өгсөн. Мөн дээрх тогтоолын 3 дахь хэсэгт Удирдлагын академид 2019 оноос өмнө төрийн захиргаа, төрийн удирдлага болон бизнесийн удирдлагын чиглэлээр элсэн хувийн зардлаар суралцаж байгаа суралцагчдын сургалтын хөтөлбөрийг үргэлжлүүлэн дуусгавар болгох арга хэмжээ авахыг Удирдлагын академийн захиралд үүрэг болгосон. Энэ бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан Удирдлагын академийн захирал дүрмийн 3.4.3, 3.4.7-д заасан эрхийн хүрээнд Удирдлагын академийн үйл ажиллагааны үндсэн чиглэлд нийцүүлэн орон тоог цөөрүүлсэн. Ажил олгогч тал болох Удирдлагын академи бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэшүүлэх сургалт явуулах боломжгүй болсон тул Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн багшийн орон тоог цөөрүүлсэн.

Нэхэмжлэгч ******* 1992-2009 онд Удирдлагын академийн Эдийн засаг, санхүүгийн тэнхимд багш, ахлах багшаар, 2009-2012 онд Зөвлөх үйлчилгээ, удирдлагын хөгжлийн төвийн даргаар, 2012-2016 онд Академийн дэд захирлаар, 2016 оны 10 дугаар сараас 2019.10.16-ны өдөр хүртэл, 2020.02.28-ны өдрөөс 2020.04.01-ний өдөр хүртэл Эдийн засгийн тэнхимийн багш, профессороор тус тус ажилласан. ******* нь 2016 оны 10 дугаар сараас хойш Эдийн засаг, санхүүгийн тэнхимд багш, профессорын шатлалд ажиллах хугацаандаа Бизнесийн статистик, Шинэ бизнес, бизнес овсгоо хичээлийг дангаараа, Бизнесийн онол, орчин үеийн хандлага, Улсын салбарын эдийн засаг зэрэг хичээлийг багийн бүрэлдэхүүнд орж сэдвийн хуваарилалтын дагуу мэргэшүүлэх сургалтанд заадаг байсан.

Эдгээр хичээлүүд нь бизнесийн удирдлагаар мэргэшүүлэх дипломын сургалтад хамаарагддаг бөгөөд дээр дурдсан Засгийн газрын 2018 оны 366 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт зааснаар бизнесийн удирдлагын хөтөлбөр хаагдсан тул уг хичээлүүд цаашид заагдахаа больсон. Ийнхүү хичээл нь заагдах боломжгүй болсон тул ажил олгогч түүнийг ажлын байраар үргэлжлүүлэн хангах боломжгүй болсон. Харин нэхэмжлэгч ******* нь 2017-2018 оны хичээлийн жилд 530 цагийн буюу бүрэн ногдолтой ажилласан бөгөөд энэ хичээлийн жилд өмнөх жилтэй адил Бизнесийн онол, орчин цагийн хандлага лекцийн хичээлийн зарим цаг, түүнчлэн өөрийн хариуцсан Шинэ бизнес, бизнес овсгоо хичээлийг /3 удаа сонгогдсон/ тус тус заасан.

Мөн нэг их сонголтонд байдаггүй Бизнесийн статистик хичээл 2 удаа сонгогдож хариуцан заасан боловч тухайн хичээлийн жилийн ногдол цагаа биелүүлж чадаагүй. Харин 2019-2020 оны хичээлийн жилд Засгийн газрын 2018 оны 366 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт зааснаар уг хичээлүүд цаашид заагдахаа больсон тул огт хичээл заагаагүй.

Улмаар 2020.01.01-ний өдөр хүртэлх хугацаанд эрдэм шинжилгээ, судалгааны ажил /эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж нийтлүүлэх, илтгэл хэлэлцүүлэх, судалгааны ажил гүйцэтгэх гэх мэт/ хийгээгүй тул цагийн ногдлыг гүйцээгээгүй. ******* нь 2018-2019 оны хичээлийн жилд бүрэн ногдолтой ажиллаж байгаад Удирдлагын академийн Багшийн ажлын гүйцэтгэл тооцох журмын дагуу Академийн Захиргааны зөвлөл 2019.02.20-ны өдрийн хурлаар хэлэлцэж, нэхэмжлэгч *******ын эхний 2 улиралд гүйцэтгэсэн цагийн хэмжээ нь 128.7 буюу нийт цагийн ногдлын 24.2 хувь байгаа бөгөөд үлдсэн 2 улиралд гүйцэтгэх цагийн урьдчилсан тооцоогоор 530 цагийн ногдлыг гүйцэхээргүй болсон тул цалингийн өрийг бага байлгах үүднээс *******ын цагийн ногдлыг 2019.02.21-ний өдрөөс эхлэн 25 хувь болгон бууруулахаар шийдвэрлэсэн. Гэвч ******* нь цагийн ногдлоо гүйцээх талаар санаачилгатай ажиллаагүй, сонгогдсон хичээлээ заах, сонсогчдыг үнэлэх, магистрын зэрэг хамгаалуулах комисст ажиллах зэрэг нийтлэг ажлаас бусад ажил гүйцэтгэж цаг тооцуулаагүйн улмаас 25 хувийн ногдолтой ажилласан хэдий ч үлдсэн хугацаанд нэмж ердөө 84.7 цагийн ажил /түүний дотор Шинэ бизнес, бизнес овсгоо хичээл заасан 20 цаг, сонсогчдыг үнэлж, дүн гаргасан 25 цаг/ тооцуулсан.

Ажил олгогчийн зүгээс ажиллах нөхцөл, ажил үүргээр хангаж байсан ч ******* нь хөдөлмөрийн гэрээний 2.7 дахь хэсэгт заасан тухайн хичээлийн жилд заах цагийн ногдлыг биелүүлээгүй. *******ыг ажил олгогч Удирдлагын академийн хувьд 2016-2019 онд ажиллах нөхцөл, ажил үүргээр хангаж байсан. Академийн зүгээс *******ыг хөдөлмөрийн гэрээний 3.2.2, 3.2.3-т заасан үүргүүдээ удаа дараа биелүүлээгүй гэх үндэслэлээр 2018.09.13-ны өдөр Б/51 тоот тушаалаар сануулах хэлбэрийн сахилгын шийтгэл ногдуулсан.

Монгол Улсын Засгийн газрын 2018.12.05-ны өдрийн 366 дугаар тогтоолоор Удирдлагын академийн дүрмийг шинээр баталж, дүрмийн 2 дахь хэсэгт сургалтын төрлийг нэрлэн заасан, улмаар бизнесийн удирдлагын мэргэшүүлэх сургалтыг дуусгавар болгохтой холбоотойгоор багш нарын цагийн ачаалал, хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг Удирдлагын академийн Захирлын зөвлөлийн 2019.09.10-ны өдрийн хурлаар хэлэлцсэн.

*******ыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.24-ний өдрийн 183/ШШ2020/00251 дүгээр шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон. Уг шийдвэрийн дагуу ажил олгогчийн зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар 2020.02.28-ны өдрийн А/50 тоот тушаал гаргасан. Энэ тушаалын дагуу *******ын нийгмийн даатгалыг нөхөн төлсөн. Харин ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг өгөх боломжгүй. Учир нь ******* нь Удирдлагын академид дутуу гүйцэтгэсэн цагийн төлбөр болох 4,133,180 төгрөг төлөх үүрэгтэй тул түүнд нөхөн суутгах шаардлага үүссэн. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар 2020.02.28-ны өдрийн А/50 тоот тушаал гарснаас хойш *******ыг ажил олгогч хичээлээр хангах боломжгүй гэдгээ мэдэгдсэн, ******* нь Удирдлагын академийн багшийн ажлын гүйцэтгэл тооцох журамд заасан бусад хэлбэрээр багшийн гүйцтгэх зөвлөх болон эрдэм шинжилгээний чиглэлийн үүргээ огт биелүүлээгүй. Ажил олгогчийн зүгээс ******* үүргээ биелүүлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар цалин хөлс олгох боломжгүй болсон. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтад зааснаар *******од 30 хоногийн өмнө буюу 2020.02.28-нд хөдөлмөрийн гэрээг цуцлах талаарх мэдэгдлийг бичгээр өөрт нь гардуулан мэдэгдэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтад зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд нэхэмжлэгч *******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2020/01784 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Бухнууд овогт Мөнхөөгийн Мөнхболдыг Удирдлагын академийн Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн багшийн албан тушаалын профессорын шатлалд эгүүлэн тогтоож, хариуцагч Удирдлагын академиас ажилгүй байсан хугацааны олговорт 2,175,321 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар *******ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг Удирдлагын Академид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1-д зааснаар хариуцагч Удирдлагын академиас улсын тэмдэгтийн хураамжид 49,755 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1914 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2020/01784 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...*******ын Удирдлагын академитай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар 2020.04.01-ний өдрийн Б/38 тоот тушаалаар цуцалсан. Ийнхүү *******ын Удирдлагын академитай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт болох аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн; гэсэн заалтын орон тоог цөөрүүлсэн гэдгээр үндэслэл болгож хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Орон тоо цөөрүүлэх гэдгийг Улсын дээд шүүхийн 2006 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15.1.2 дахь заалтад орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно гэж тайлбарлажээ. Орон тоог цөөрүүлэх үндэслэлийг хариуцагч тал анхан шатны болон давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2018.12.05-ны өдрийн 366 дугаар тогтоолоор Удирдлагын академи нь төрийн албан хаагчдыг мэргэшүүлж бэлтгэх, сургах зорилго бүхий төрийн албаны сургалтын байгууллага болсон билээ. Энэ тогтоолын хавсралтаар Удирдлагын академийн дүрмийг шинээр баталж, дүрмийн 2 дахь хэсэгт сургалтын төрлийг тодорхойлж өгсөн. Мөн дээрх тогтоолын 3 дахь хэсэгт Удирдлагын академид 2019 оноос өмнө төрийн захиргаа, төрийн удирдлага болон бизнесийн удирдлагын чиглэлээр элсэн хувийн зардлаар суралцаж байгаа суралцагчдын сургалтын хөтөлбөрийг үргэлжлүүлэн дуусгавар болгох арга хэмжээ авахыг Удирдлагын академийн захирал С.Зулпхарт үүрэг болгосон гэж нотлох баримтад тулгуурлан тайлбарласан атал хүлээж аваагүй. ******* нь 2016 оны 10 дугаар сараас хойш Эдийн засаг, санхүүгийн тэнхимд багш, профессорын шатлалд ажиллах хугацаандаа Бизнесийн статистик, Шинэ бизнес, бизнес овсгоо хичээлийг дангаараа, Бизнесийн онол, орчин үеийн хандлага, Улсын салбарын эдийн засаг зэрэг хичээлийг багийн бүрэлдэхүүнд орж сэдвийн хуваарилалтын дагуу мэргэшүүлэх сургалтанд заадаг байв. Эдгээр хичээлүүд нь Бизнесийн удирдлагаар мэргэшүүлэх дипломын сургалтад хамаарагддаг бөгөөд дээр дурдсан Засгийн газрын 2018 оны 366 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт зааснаар Бизнесийн удирдлагын хөтөлбөр хаагдсан тул уг хичээлүүд цаашид заагдахаа больсон. Ийнхүү хичээл нь заагдах боломжгүй болсон тул ажил олгогч түүнийг ажлын байраар /ажил үүргээр/ үргэлжлүүлэн хангах боломжгүй болсон. Ийнхүү Удирдлагын академи бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэшүүлэх сургалт явуулах боломжгүй болсон тул Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн багшийн орон тоог цөөрүүлсэн тухай Б/62 тоот тушаалыг 2019.09.13-ны өдөр гаргасан. Уг Б/62 тоот тушаалыг Удирдлагын академийн дүрмийн 4.2 дахь хэсэгт Академийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга батална гэж заасан. Энэ бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан Удирдлагын академийн захирал дүрмийн 3.4.3 Академийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн удирдлага, багш, ажилтныг холбогдох хууль, тогтоомжийн дагуу томилж, чөлөөлөх, 3.4.7 Академийн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх шаардлагыг хангасан хүний нөөц бүрдүүлэх, хөгжүүлэх, ажиллагсдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх, дүгнэх, шагнаж урамшуулах бүрэн эрхтэй. Энэ эрхийн хүрээнд Удирдлагын академийн үйл ажиллагааны үндсэн чиглэлд нийцүүлэн орон тоог цөөрүүлсэн. Ажил олгогч тал болох Удирдлагын академи бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэшүүлэх сургалт явуулах боломжгүй болсон тул Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн багшийн орон тоог цөөрүүлсэн. Давж заалдах шатны шүүх магадлалдаа Б/62 тоот тушаалаар тэнхимийн бүтэж оронг дахин өөрчилсөн шалтгаан, үндэслэл тодорхойгүй байна... гэж заахдаа ямар хуульд нийцээгүйг тодорхой заагаагүй. Уг шалтгаан үндэслэлийг тушаалд заавал тусгахыг Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлд зааснаар ажил олгогчид үүрэг болгоогүй, хариуцагч тал орон тоо цөөрүүлэх үндэслэлээ нотлох баримтад тулгуурлан анхан болон давж заалдах шатны шүүхэд тайлбарласан болно. Удирдлагын академийн захирлын 2019.09.13-ны өдрийн Б/62 дугаар тушаал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалт, Удирдлагын академийн дүрмийн 3.4.3 дахь заалтад тус тус нийцэж байгаа бөгөөд академийн захирал бүтэц орон тоог шинэчлэн батлах эрхийг дээрх зохицуулалтаар олгож байна. Удирдлагын академийн захирал байгууллагын бүтэц орон тоог шинэчлэн батлахдаа заавал хурлын шийдвэр үндэслэх үүрэг хүлээгээгүй атал зөвхөн хурлын шийдвэрийн агуулгыг үндэслэж Б/62 дугаар тушаалыг хуульд нийцээгүй гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.1 дэх заалтыг зөрчиж байна. Мөн хуулийн эрэмбэ дарааллын хувьд хамаарах зохицуулалтыг үндэслэсэн атал түүнийг нь хянаж үзэлгүй зөвхөн хурлын тэмдэглэлээр хязгаарласан хууль тогтоомж хэрэглэх эрэмбийг харгалзаж үзээгүй болно.

Монгол Улсын Засгийн газрын 2018.12.05-ны өдрийн 366 дугаар тогтоолоор Удирдлагын академийн дүрмийг шинээр баталж, дүрмийн 2 дахь хэсэгт сургалтын төрлийг нэрлэн заасан, улмаар бизнесийн удирдлагын мэргэшүүлэх сургалтыг дуусгавар болгохтой холбоотойгоор багш нарын цагийн ачаалал, хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг Удирдлагын академийн Захирлын зөвлөлийн 2019.09.10-ны өдрийн хурлаар хэлэлцсэн. Уг хурлын тэмдэглэл нь хэрэгт авагдсан болно. Уг хурлын тэмдэглэлийг агуулгаар нь хянавал хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар дурдсан бөгөөд энэ нь орон тоо цөөрүүлэх үндэслэлийг илэрхийлж байтал давж заалдах шатны шүүх харгалзаж үзээгүй болно.

Ажил олгогчийн хувьд Удирдлагын академийн дүрмээр тогтоосон байгууллагын сургалтын онцлог, Засгийн газрын 366 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт зааснаар цаашид бизнесийн удирдлагын мэргэшүүлэх сургалтыг дуусгавар болгосны дагуу *******ын заах хичээл хасагдсан тул орон тоог цөөрүүлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан холбогдох хууль тогтоомж болох Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалтад нийцэж байгаа болно.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: Түүнчлэн ажил олгогчоос ажилтны орон тоог цөөрүүлж байгаа тохиолдолд тухайн тэнхимд багшаар ажиллаж байгаа ажилтнуудыг мэргэжил, ур чадварын хувьд сонгон шалгаруулсны үндсэн дээр батлагдсан орон тоон дээр ажиллуулах үүрэгтэй. Гэтэл багш *******ын заадаг бизнесийн чиглэлийн хичээлүүд нь хасагдсан, сонгогдоогүй улмаар цагийн ногдлоор гүйцээгээгүй тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахаар шийдвэрлэж, ийнхүү шийдвэрлэхдээ Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн багшийн орон тоог цөөрүүлсэн үндэслэлд хамааруулж ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчжээ.

Дээрх тохиолдолд байгууллагын мэргэжил, ур чадвар, түвшин тогтоох комисс, аттестатчлалын комиссоос орон тоо цөөрсөн, Эдийн засгийн санхүүгийн тэнхимийн багш нарын дунд шалгалт явуулж дүгнэлт гаргасныг үндэслэн ажил олгогчоос чухам хэнийг үргэлжлүүлэх, ажиллуулах эсэхийг шийдвэрлэнэ гэж оруулсныг Давж заалдах шатны шүүх хянаж үзээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэг дэх Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэсэн зохицуулалтыг зөрчиж байна.

Ажил олгогчид анхан шатны шүүхийн шийдвэрт зааснаар ажил олгогчоос ажилтны орон тоог цөөрүүлж байгаа тохиолдолд тухайн тэнхимд багшаар ажиллаж байгаа ажилтнуудыг мэргэжил, ур чадварын хувьд сонгон шалгаруулсны үндсэн дээр батлагдсан орон тоон дээр ажиллуулах үүрэгтэй гэсэн үүргийг Хөдөлмөрийн тухай хуулиар хүлээлгээгүй болно.

Анхан шатны шүүх шийдвэртээ ...ийнхүү шийдвэрлэхдээ Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн багшийн орон тоог цөөрүүлсэн үндэслэлд хамааруулж ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчжээ. Дээрх тохиолдолд байгууллагын мэргэжил, ур чадвар, түвшин тогтоох комисс, аттестатчлалын комиссоос орон тоо цөөрсөн, Эдийн засгийн санхүүгийн тэнхимийн багш нарын дунд шалгалт явуулж дүгнэлт гаргасныг үндэслэн ажил олгогчоос чухам хэнийг үргэлжлүүлэх, ажиллуулах эсэхийг шийдвэрлэнэ гэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтад хамаарах асуудлыг *******ын хөдөлмөрийн гэрээг цуцалсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалттай хольж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Учир нь, ...байгууллагын мэргэжил, ур чадвар, түвшин тогтоох комисс, аттестатчлалын комиссоос орон тоо цөөрсөн, Эдийн засгийн санхүүгийн тэнхимийн багш нарын дунд шалгалт явуулж дүгнэлт гаргасныг үндэслэн ажил олгогчоос чухам хэнийг үргэлжлүүлэх, ажиллуулах эсэхийг шийдвэрлэнэ гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалтад заасан зохицуулалтад хамаарах бус харин 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтад хамаарна.

Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.2-т Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасан ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчлалын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно гэж, мөн Улсын дээд шүүхийн 2012 оны Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал гэсэн зөвлөмжийн 2.2-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 буюу Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдэгт салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчлалын комисс болон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр хамаарах хэдий ч орон тоо цөөрүүлэх-ийн тулд шалгалт явуулж, улмаар дүгнэлт, шийдвэр гаргаж буй нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй гэж тус тус зохицуулсан болно.

Ажил олгогч орон тоо цөөрүүлэх тохиолдолд сонгон шалгаруулалт явуулах, аттестатчлал явуулбал Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалтыг зөрчсөн үйлдэл болох байсан. Мөн тус тэнхимийн багш нар өөр өөр мэргэжилтэй, тус тусдаа өөр өөр төрлийн хичээл заадаг тул аттестатчлал явуулах үндэслэл байхгүй, боломжгүй болно. Өөрөөр хэлбэл, тэнхимийн бусад багшийн хичээл хасагдаагүй, нэхэмжлэгч *******ын заадаг хичээл хасагдаж, үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй болсон тул ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалтыг үндэслэж гэрээг цуцалсан.

Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг бүхэлд нь хянаж үзэлгүйгээр давж заалдах шатны шүүхийн 1914 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн 183/ШШ2020/01784 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн; байх тул шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1914 дүгээр магадлалыг, мөн анхан шатны шүүхийн 183/ШШ2020/01784 дүгээр шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3. дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ******* нь Удирдлагын академи ТБАГУТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч тайлбар гаргажээ.  

 

Анхан болон давж шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, тухайн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч ******* 1992 оноос Удирдлагын академийн Эдийн засаг, санхүүгийн тэнхимд багшаар ажилласан байх бөгөөд ажил олгогчийн 2019.10.18-ны өдрийн Б/72 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.24-ний өдрийн 183/ШШ2020/00251 дүгээр шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоогджээ. Хариуцагчаас шүүхийн шийдвэрийг биелүүлж, Удирдлагын академийн захирлын 2020.02.07-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилсон боловч түүнд ажиллах нөхцөл, боломж олголгүй хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдлийг 2020.02.28-ны өдөр өгч, 2020.4.01-ний өдрийн Б/38 дугаар тушаалаар ...Б/62 тоот тушаалын дагуу Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн багшийн орон тоог цөөрүүлсэн гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь дахин чөлөөлсөн, уг тушаалд ...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заасан. Хуулийн энэхүү зохицуулалтын орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгохоор заасан, энэ тохиолдолд нэхэмжлэгчийн ажил, албан тушаалын орон тоо хасагдсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2019.01.30-ны өдрийн Удирлагын академийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай 10 тоот тушаалыг үндэслэн гаргасан, Удирдлагын академийн захирлын 2019.02.21-ний өдрийн Удирдлагын академийн мэргэжлийн тэнхимүүд болон ажил, албан тушаалын жагсаалт, орон тоог батлах тухай Б/16 дугаар тушаалаар Эдийн засаг, санхүүгийн тэнхим нь тэнхимийн эрхлэгч 1, багш 10, туслах ажилтан 1 гэсэн орон тоотой ажиллахаар баталжээ. Улмаар академийн захирлын 2019.9.13-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар Эдийн засаг, санхүүгийн тэнхимийг, тэнхимийн эрхлэгч 1, багш 7, туслах ажилтан 1 гэсэн орон тоотойгоор шинэчлэн баталсан байх боловч бүтэц, орон тоог дахин өөрчилсөн шалтгаан, үндэслэл болон батлагдсан дээрх орон тоонд ажилтныг мэргэжил, ур чадварынх нь хувьд хэрхэн шалгаруулж ажиллуулсан нь тодорхойгүйн гадна Удирдлагын академийн удирдах зөвлөлийн 2019.9.10-ны өдрийн хуралдаанаар ажилтны орон тоо цөөрүүлэх асуудал хэлэлцээгүй, харин *******ын хөдөлмөрийн гэрээг цуцлах асуудлыг хэлэлцсэн нь тогтоогдсон, иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдэл хуульд нийцжээ.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Удирдлагын академи бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэшүүлэх сургалт явуулах боломжгүй болсон тул Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн багшийн орон тоог цөөрүүлсэн, ...шүүхүүд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дахь заалтад хамаарах асуудлыг 40.1.1 дэх заалттай хольж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, ...тэнхимийн бусад багшийн хичээл хасагдаагүй, *******ын заадаг хичээл хасагдаж, үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалтыг үндэслэж гэрээг цуцалсан... гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2020/01784 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1914 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.СОНИНБАЯР

 

Б.УНДРАХ