Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2020/01809

 

 

 

    2020         06             30

                   183/ШШ2020/01809

                    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч:  Сүхбаатар дүүргийн ........ оршин суух Б овогт С-гийн Б /РД:........./-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Сүхбаатар дүүргийн ............... түр оршин суух Б овогт Ц-ын Г /РД:............../-д холбогдох,

            зээлийн гэрээний үүрэгт 65.430.000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Г-ын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй  иргэний хэргийг 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

ан

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ө, хариуцагчийн төлөөлөгч Ц.Б, гэрч Г.М, Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч С.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: С.Б нь 017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Ц.Г-ын хүсэлтээр түүнтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 45.000.000 төгрөгийг 2 сар 24 хоногийн хугацаатай, хүүгүйгээр зээлүүлсэн болно. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дууссан бөгөөд тэрээр үүнээс хойш зээлсэн мөнгө төлөхгүй өдий хүрсэн болно. Хариуцагчаас зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардахад гар утсаа салгаж, ажил дээрээ очихгүй, оршин суугшаа байраа бусдад түрээслээд сураг чимээ байхгүй алга болоод өнөөг хүрсэн. Ингээд хариуцагчийг эрэн сурвалжлуулж байж,  оршин суугаа хаягийг олж тогтоосон. Зээлийн гэрээний 2.7-д заасны дагуу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар зээл төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд  гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувийн алданги тооцохоор тохирсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан. Зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр болох 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 1 жил 1 сарын хугацаа хэтрүүлсэн байна. Зээлийн гэрээний алданги тооцоход нийт 45.000.000 төгрөгийг төлөөгүй байгаа бөгөөд 0.2 хувийн алданги нэг хоногт 90.000 төгрөг бөгөөд нийт хугацаа хэтэрсэн хоног 227 хоногийг 90.000 төгрөгөөр тооцоход 20.430.000 төгрөг болж байна. Иймд хариуцагч Ц.Г-оос үндсэн зээл 45.000.000 төгрөг, алданги 20.430.000 төгрөг, нийт 65.430.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Г-ын шүүхэд урьд гаргасан хариу тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Зохигчдын хувьд олон жил найз нөхдийн холбоотой байж, бие биендээ мөнгө төгрөгөөр туслалцаж байсан. 2015 оны 10 сард С.Б хамаатны дүү гадаадад байдаг, ирэхээр нь орон байр хэрэгтэй, танай компани орон сууц барьж байгаа учир надад туслаач, 50.000.000 төгрөг байгааг өсгөөд өгөөч гэж ирсэн. Хариуцагч Ц.Г-ын М ХХК нь Зүүн хүрээ шилтгээн хорооллыг барьж байсан учир түүний хүсэлтээр 50.000.000 төгрөгийг нь хүлээж авсан. Энэ талаар маргахгүй. Ингээд Ц.Г-оос  шинэ байр өгч чадахгүй, хотын төвд хуучин байр байр өгье гэсэн. Дараа нь С.Б дүү гадаадаас ирсэн, байр хэрэгтэй гэсэн. 2-3 байр үзүүлэхэд таалагдаагүй. Тэгэхээр нь өөрсдөө байраа үз би мөнгийг нь өгье гэсэн. Тэгээд 80 сая төгрөгөөр байр авахаар боллоо гэхээр нь 80.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь Ц.Г дүү нар хүү тооцож ав гээд байна гэхээр нь  чадахгүй гэсэн. Удалгүй дахиад эгч, дүү нартаа  өгч хэрүүлийг зогсоох гэсэн юм гээд зээлийн гэрээний төсөл барьж ирсэн. Энэ гэрээг ах, дүү нартай үзүүлэх гэсэн юм гэж тайлбарлаад байхаар нь зээлийн гэрээн дээр гарын үсэг зурж өгсөн. Гэтэл энэ  гэрээг үндэслэж, зээлийн төлбөр болон алдангид 65.430.000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Ц.Г нь С.Б-тай 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулах гэрээнд гарын үсэг зурсан боловч ямар ч мөнгө бэлнээр болон дансаар хүлээн аваагүй тул уг гэрээ хэрэгжээгүй. Иймд зээлийн гэрээ байгуулсан гэж үзэхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Г шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдийг итгэмжлэгдсэн төлөөлөнч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: С.Б 2016 оны эхээр манай ажил дээр ирж надтай уулзахдаа “миний хамаатны дүү, хоёр хүүхдийн хамт гадаадад амьдардаг, дараа жил Монголдоо ирэх юм, орон байр хэрэгтэй байна, одоо надад 40 гаруй сая төгрөг байна, та өсгөөд 2 өрөө байр болгоод өгөөч” гээд үлдээсэн. Би энэ мөнгийг үрчих гээд байна, танайх барилга барьж байгаа юм чинь, чи энэ талаар надад туслаач гээд уг мөнгийг надад өгсөн. Тухайн үед би С.Б-рт боломжоороо туслая, харин шинэ байр бол хэцүү шүү гэхэд хуучин байр байсан ч болно, хотын төв рүү байвал сайн гэж байсан. С.Б жил гаруйн дараа над дээр ирээд “гадаадаас дүү ирсэн, нөгөө байр хэрэгтэй болж байна гэсэн. Тухайн үед манайд бэлэн байр байхгүй байсан тул гадуур байр хайж 2-3 байрыг санал болгоход татгалзсан учир би та нар байраа өөрсдөө  ол, мөнгийг би шийдье гэсэн. Нилээд хугацааны дараа 80 сая төгрөгийн байр авах боллоо гэхээр нь арай өндөр үнэтэй байна гэхэд Б хэл амнаас салмаар байна, аваад өгчих л дөө гээд гуйгаад байхаар нь  2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр С.Б-ын Хаан банкны данс руу 80 сая төгрөгийг шилжүүлж өгсөн. Ингээд С.Б-ын өсгөөд өгөөч гэсэн 40 гаруй сая төгрөгийг би 80 сая төгрөг болгож өгснөөр бидний хоорондын мөнгөний асуудал шийдвэрлэгдсэн. Гэтэл С.Б мөнгө шилжүүлсний маргааш ирээд манай эгч дүү нар 80 сая төгрөг дээр нэмж хүүний мөнгө авах ёстой гээд хэрүүл болоод байна гэхэд нь би тохирсон ёсоор 40 гаруй сая төгрөгийг 80 саяын байр болгосон, нэмж мөнгө төгрөг өгөх боломжгүй гэж хэлсэн. Дахин маргааш нь буюу 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр  С.Б одоогийн нэхээд байгаа зээлийн гэрээний төслийг  над дээр барьж ирээд эгч дүү нартай үүнийг үзүүлж хэрүүлийг зогсоох гэсэн юм. Миний элгэн дээр  хавдар үүссэн, эмчилгээнд ормоор байна. Гэвч эд нар гэрт ирээд мөнгө  нэмж авна гээд хэрүүл хийгээд үнэхээр хэцүү байна, би Хятадуудтай махны бизнес хийхээр болсон, 2 сарын дараа урагшаа мах гаргаад мөнгөтэй болоод эд нарын  нэхээд байгаа мөнгийг би өөрөө шийдэх болно, чи надад итгээд энэ гэрээн дээр  гарын үсэг зурчих, надад таньдаг нотариатч байгаа гээд гуйгаад байхаар нь  олон жил найз нөхдийн сайхан харилцаатай байсан, мөн өвчтэй байхад нь тусалъя гээд  түүнд итгээд уг зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Гэтэл С.Б нөгөө огт мөнгө төгрөг өгч авалцаагүй эгч дүү нартай  үзүүлнэ гэж намайг хуурч мэхлэн хийсэн хэлцлийг үндэслэн шүүхээр далайлган надаас их хэмжээний мөнгийг нэхэмжилэх болсон. Өөрөөр хэлбэл С.Б бид хоёрын хооронд нэг л удаагийн 40 гаруй сая төгрөгийн өгөө, авааны асуудал байсан, түүнийг нь 80 сая төгрөг болгож өгсөж, төлөөд дуусгасан. Иймд С.Б бидний хооронд 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хийгдсэн  зээлийн гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч С.Б-ын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Миний хувьд тухайн үед гадаадад амьдардаг хамаатан садан байхгүй байсан ба  хэн нэгэнд байр авч өгөх ямар асуудал байгаагүй. Гэтэл Ц.Г ямар асуудлыг нэхэмжлэлдээ дурдаад байгаа, зохиомол зүйлийг  ямар зорилгоор тусгаад нь ойлгомжгүй байна. Энд бичсэнээр Ц.Г хэзээ, хэдэн төгрөг авсанаа ч сайн санахгүй байгаагаас тодорхойгүй зүйл бичиж байна. Ц.Г бид хоёр  20 гаруй жил нөхөрлөсөн, бие биенээ мэдэх хүмүүс. Олон жил нөхөрлөж байсны хувьд  болон бие биенээ мэдэхийн учир хэрэгцээтэй үедээ мөнгө төгрөг зээлдэг асуудал байсан. Нэхэмжлэлд дурдсан 2016 оны эхээр 40 гаруй сая төгрөг өгсөн гээд байгаа асуудлын тухайд Ц.Г  нь мөнгө зээлье гэсний дагуу 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хаан банкны ...........тоот дансаар 50 сая төгрөг, мөн оныхоо 12 дугаар сарын 31-ний өдөр  дээрх дансанд 7.850.000 төгрөг, нийт 57.850.000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлсэн. Мөн Ц.Г-ын  зүгээс миний Тоёота алпард маркийн 0000  УБК улсын дугаартай автомашиныг  13.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч эхнэрийнхээ  дүү Г.Б-т итгэмжлэл хийлгэн өгсөн. Ингээд Ц.Ганболд надад 70.850.000 төгрөгийг өгөх тооцоо бидний дунд байсан. Ингээд Ц.Г бид хоёр тохиролцсоны үндсэн дээр  2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр  Ц.Г-ын зүгээс 80 сая төгрөгийг миний данс руу хийсэн.  Энэ мөнгийг шилжүүлснээс хоёр хоногийн дараа буюу 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Ц.Г надтай холбогдож 45.000.000 төгрөг яаралтай хэрэгтэй байна, богино хугацаанд түр зээлээч гэсний дагуу урьдын адил  итгээд түүнд хүүгүйгээр зээлсэн.  Тэр үед Ц.Г нь өөрөө манай зомпани байнги үйлчлүүлдэг  гээд 1 дүгээр хороололд байдаг нотариатч дээр очсон. Тэнд гэрээ хийгээд  миний зүгээс мөнгөө өгөөд салцгаасан. Гэтэл нэхэмжлэлдээ намайг гэрээг бэлдээд очсон,  өөрийн таньдаг нотариатч дээр дагуулж очсон гэж  худлаа зүйл бичээд байгаа нь үнэхээр ойлгомжгүй байна. Тэр нотариатчийг би танихгүй. Ц.Г өөрөө намайг дагуулж очсон. Ц.Г-ын зүгээс гаргасан сөрөг нэхэмжлэлд дурдсан зүйлүүд нь бүгд худал, зохиомол зүйл байгаа ба олон жил нөхөрлөсөн хүн ийм зүйл бичиж шүүхэд хандаж байгаа нь  үнэхээр жудаггүй, хүний мөсгүй асуудал юм. 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн гэрээгээр тохирсон хугацаа өнгөрсөн тул Ц.Г-той уулзаж мөнгөө эргүүлж авахаар  хайгаад олохоо байсан. Тэгээд шүүхэд хандсан боловч оршин суугаа хаяг тодорхойгүй гээд нэхэмжлэл буцсан. Шүүхээс эрэн сурвалжлах шийдвэр гарч цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байж Ц.Г-ыг хаана оршин сууж байгааг олж тогтоосны үндсэн дээр  шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний хувьд элэгний хавдар өвчний учир эмнэлгийн хяналтанд байдаг ба энэ байдлыг Ц.Г сайн мэдэж байгаа. Ц.Г-ын гаргаж буй энэ байдал нь намайг бие муутайг, намайг үхэхийг хүлээгээд асуудлыг сунжруулаад байгаа юм байх гэсэн бодол надад  өөрийн эрхгүй төрөх болсныг дурдах нь зүйтэй гэж үзэж байна. Ц.Г бид хоёрын  хооронд байгуулагдсан 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн  зээлийн гэрээ нь  өөрийн санал болгосон нотариатаар  гэрчлүүлсэн хууль ёсны баримт юм. Иймд зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн авах боломжгүй гэж үзэж байна гэв. 

          Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрч Г.Э, Г.М нарын мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг  бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Б  нь хариуцагч  Ц.Г-оос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 65.430.000 төгрөг гаргуулахаар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Г-оос сөрөг нэхэмжлэл гаргаж, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар тус тус шаардаж байх ба шүүх энэхүү үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

         Зохигчдын хооронд 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж хариуцагч Ц.Г нь нэхэмжлэгч С.Б-аас 45.000.000 төгрөгийг  2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 2 сарын 24 хоногийн хугацаатай, хүүгүйгээр зээлдүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан гэрээгээр нотлогдож байна.

         Энэхүү зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн,  нотариатаар гэрчлэгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

            Хариуцагч Ц.Г нь гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгч С.Б-аас үндсэн зээлийн төлбөр 45.000.000 төгрөгийг,  зээлийн гэрээний 2.7-д заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувиар тооцсон алданги 20.430.000 төгрөгийн хамт нийт 65.430.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бол хариуцагч Ц.Г-оос уг зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч С.Б-аас мөнгө зээлдэн аваагүй, уг гэрээг өөрийн эгч, дүү нартаа үзүүлж, хэрүүлийг зогсоох гэсэн юм гээд байхаар нь зээлийн гэрээн дээр гарын үсэг тул хэрэгжээгүй, хууран мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу мөнгө төлөхийг зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

            Хариуцагчийн татгалзал үндэсгүй гэж шүүх дүгнэв.

Учир нь зохигчдын хооронд байгуулагдсан 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээнд арын нүүрэнд 45.000.000 төгрөгийг бэлнээр хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухайн тэмдэглэл үйлдэгдэж, талууд гарын үсэг зурсан бөгөөд уг хэсгийг нотариат тамга дарж баталгаажуулсан, энэхүү тэмдэглэлд зурагдсан гарын үсгийн талаар хариуцагч маргахгүй  байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлдүүлэгч нь мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн гэж үзэж, зээлийн гэрээг байгуулсанд тооцох үндэслэлтэй байна.

            Хариуцагч Ц.Г нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байх ба зээлийн гэрээний хугацаа 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дууссан тул нэхэмжлэгч С.Б нь зээлийн үндсэн төлбөр болох 45.000.000 төгрөгийг шаардах эрхтэй.

            Мөн зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.7-д зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ гэж заасан тул нэхэмжлэгч гэрээний дагуу алданги шаардах эрхтэй бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссан 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх  хугацааны алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан багасгаж, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх 227 хоногийн алдангийг гэрээний 2.7 дугаар зүйлд заасан хэмжээгээр тооцож 20.430.000 /45.000.000х0.2=90.000х227 хоног=20.430.000/ төгрөгийн алдангийг зээлдэгчээр төлүүлэхээр шаардсан нь үндэслэлтэй байна.

            Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Г-оос үндсэн зээлийн төлбөр 45.000.000 төгрөг, алданги 20.430.000 төгрөг, нийт 65.430.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Б-т олгох нь зүйтэй  гэж үзэв.

            Хариуцагч Ц.Г-оос сөрөг нэхэмжлэл гаргаж, зохигчдын хооронд байгуулагдсан 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөл бус хэлцэлд тооцуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.

            Учир нь талуудын тайлбар, мөнгө хүлээлцсэн баримт зэргээс үзэхэд  45.000.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүүгүйгээр зээлдүүлэхээр тохиролцсон 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, хүчин төгөлдөр гэрээ  байх бөгөөд нэхэмжлэгч С.Б нь хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн  гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            Гэрч Г.Э, Г.М нарын мэдүүлгээс үзэхэд маргаан бүхий 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний талаар мэдэхгүй байх ба түүнээс өмнө Ц.Г-ын С.Б-аас авсан мөнгийг 2017 онд 80.000.000 төгрөг өгч төлж барагдуулсан талаар гэрчилж байна.

            Уг 80.000.000 төгрөгийн төлбөр нь энэхүү маргаанд хамааралгүй бөгөөд нэхэмжлэгч С.Б-ын  хариуцагчид 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн 50.000.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлсэн 7.850.000 төгрөг, Тоёота алпфард маркийн, 0000 УБК улсын дугаартай автомашиныг 13.000.000 төгрөгөөр тооцож шилжүүлсэн, нийт 70.850.000 төгрөгийн төлбөртэй холбоотой гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг үнэн зөвд тооцох үндэстэй.

            Хариуцагч Ц.Г нь нэхэмжлэгч С.Б-тай 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 45.000.000 төгрөг зээлдэх тухай зээлийн гэрээ байгуулснаас гадна уг 45.000.000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрч тэмдэглэл үйлдэн гарын үсэг зурснаас үзэхэд түүний мөнгийг хүлээн аваагүй гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

            Иймд зохигчдын хооронд байгуулагдсан 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн зээлийг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг  хүссэн хариуцагч Ц.Ганболдын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

          Дээр дурдсан үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 485.100 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 383.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,  нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 485.100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон           

ТОГТООХ нь:

 

     1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Г-оос 65.430.000 /жаран таван сая дөрвөн зуун гучин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Б-т олгож,  хариуцагч Ц.Г-ын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн зээлийг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

     2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 485.100 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 383.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Г-оос улсын тэмдэгтийн хураамжид 485.100 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч С.Б-т олгосугай.

 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАЯР