Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2019/00707

 

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2019/00707

 

 

Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/00568 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г-од холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 65 430 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Өлзийсайхан,

Хариуцагч: Г-,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Отгончимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г-ын хүсэлтээр 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 45 000 000 төгрөгийг 2 сар 24 хоногийн хугацаатай, хүүгүй түүнд зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дууссан бөгөөд зээлдэгч зээлсэн мөнгөө төлөөгүй.

Зээлийн гэрээний 2.7-д заасны дагуу зээл төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувийн алданги тооцохоор тохирсон. Зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 1 жил 1 сарын хугацаа хэтрүүлсэн ба 227 хоногийн алдангийг тооцвол 20 430 000 төгрөг болно.

Иймд Г-оос үндсэн зээл 45 000 000 төгрөг, алданги 20 430 000 төгрөг, нийт 65 430 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г- нь 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч ямар ч мөнгө бэлнээр болон дансаар Б-аас хүлээж аваагүй тул уг гэрээ хэрэгжээгүй. Иймд зээл болон алдангид 65 430 000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Богд овогтой Цэрэнжамцын Ганболдоос /РД:ХА56022616/ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 65 430 000 төгрөг гаргуулан, Бодь овогтой Самбуугийн Болдбаатарт /РД:УК57090119/ олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 455 100 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 455 100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч болон түүний өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Б- нь 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр би өөрийн хамаатан садан болон гадаадын хамтрагч нартаа бусдаас авлагатай, мөнгөтэй гэж харагдах хэрэгтэй байна, тэдэнд үзүүлэх гэсэн юм, энэ гэрээн дээр гарын үсэг зураад өгчих гэж гуйгаад байхаар нь зурсан. Би түүнээс тухайн өдөр 45 000 000 төгрөг аваагүй.

Миний бие 2019 оны 03 дугаар сарын 06-ны шөнө бөөрний дутагдлын улмаас түргэнээр эмнэлэгт хүргэгдэн 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэл эмчлүүлж байсан бөгөөд эмчлэгч эмчээсээ эмнэлгийн тамга тэмдэгтэй бичгийг зохих журмын дагуу авч шүүх хурлыг хойшлуулж өгөхийг хүссэн өөрийн хүсэлтийн хамт анхан шатны шүүхэд хүргүүлсэн, өмгөөлөгчийн зүгээс шүүх хурлыг хойшлуулж, нэхэмжлэгч, хариуцагч нарыг биечлэн шүүх хуралд оролцуулахыг хүсэж шүүхэд хүсэлт өгсөөр байтал шүүх хүндэтгэн үзэх шалтгаангүй, шүүх хуралд хүрэлцэн ирээгүй гэх үндэслэлгүй дүгнэлт хийж талуудын мэтгэлцэх боломжоор хангаагүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Б- нь хариуцагч Г-од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 65 430 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Г- нь 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр товлогдсон шүүх хуралдааныг эрүүл мэндийн шалтгааны улмаас хойшлуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, хойшлуулсан. Мөн тэрээр 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 12 цагт товлогдсон хуралдааныг дээрх шалтгааны улмаас хойшлуулах хүсэлтийг анхан шатны шүүх хангахгүй орхиж шийдвэрлэхдээ хариуцагчийн тайлбар, холбогдох баримтыг харьцуулан дүгнэж үзээгүй байна.

 

Тодруулбал, хариуцагч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүхэд хүрэлцэн ирэх боломжгүй байгаа тайлбарыг 2019 оны 03 дугаар сарын 04 болон 10-ны өдрүүдэд тус тус гаргасан байсан ба шүүх хуралдаанд түүний өмгөөлөгч Г-ыг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр түргэнээр очиж эмнэлэгт хэвтсэн гэх тайлбар гаргасныг эмнэлэгийн магадлагаатай харьцуулан дүгнэвэл хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байгаагаас гадна шүүх хуралдаанд биечлэн оролцох агуулгаар хүсэлт гаргасан гэж дүгнэхээр байна. Түүнд олгогдсон Улсын хоёрдугаар төв эмнэлэгийн магадлагаа амралтын өдрөөр бичигдсэн, ерөнхий эмчийн гарын үсэг зурагдаагүй ч хуурамчаар бүрдүүлсэн гэж дүгнэхээргүй байна.

 

Хариуцагч өмнө нь Улсын хоёрдугаар төв эмнэлэгийн эмчийн хяналтад байдаг ба түүнд тавьсан онош нь бөөрний дутагдал гэж тайлбарласан ба эмнэлэгийн магадлагаанд дурдсан үндсэн оношийг СКD V st. Chronic GN AH II st гэж тодорхойлсонтой нийцэх тул хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх түүний тайлбар илүү үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Иймд анхан шатын шүүх хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн тул мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй гэж дүгнэх нь зүйтэй байна.

 

Түүнчлэн хариуцагч нь хэргийн материалтай танилцаагүйг дурдах нь зүйтэй.

 

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/00568 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 485 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА