Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/00326

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/01809 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2059 дүгээр магадлалтай,  

*******ын нэхэмжлэлтэй,

*******од холбогдох  

Зээлийн гэрээний үүрэгт 65,430,000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******ын 2017.07.06-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус

байх хэлцэлд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагч *******ын гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлзийсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. ******* нь *******од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 65,430,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргаж, 2017.07.06-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ. 

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/01809 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч *******оос 65,430,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, хариуцагч *******ын 2017.07.06-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1 зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 485,100 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 383,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 485,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2059 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/01809 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 868,100 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  

4. Хариуцагч ******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шүүх хэргийн оролцогчдоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлнэ, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтуудыг зөрчсөн. Нэхэмжлэгч *******ын дүүгийнх нь орон сууц авах зориулалттай 40 гаруй сая төгрөгийг би авч 80,000,000 төгрөг болгон 2017.07.04-ний өдөр өгсөн. Дээрх 80,000,000 төгрөгийг буцаан өгсний маргааш нь ******* ирээд манай эгч, дүү нар 80,000,000 төгрөг дээрээ хүү нэмж авна гээд хэрүүл маргаан хийгээд байна, миний элгэн дээр хавдар үүссэн хэцүү байна, энэ хэрүүлийг зогсоох гэсэн юм гээд 2017.07.06-ны өдрийн гэрээний төслийг барьж ирсэн. Би *******ыг намайг хуурч мэхэлнэ, дараа нь надаас мөнгө нэхнэ гэж бодоогүй учир олон жилийн анд нөхөрлөл, эрүүл мэндийн байдлыг нь бодож хэрүүлээс нь салгая гэсэндээ 2017.07.06-ны өдөр мөнгө аваагүй буюу хэрэгжээгүй гэрээнд гарын үсэг зурсан.

4.1. Урьд нь ******* удаа дараа над дээр ирж мөнгө төгрөгтэй бусдаас авлагатай гэж харагдаж ажил төрөл олж хийх гэсэн юмаа гээд хуурамч гэрээ хэлцэл, бичиг баримт дээр гарын үсэг, тамга тэмдэг даруулж нотариатаар батлуулдаг байсан. Үүнээс заримыг нь нотлох баримт болгож хавтаст хэргийн 138-р хуудсанд 92,000,000 төгрөгийн хуурамч зээлийн гэрээг (түүний хүсэлтээр хийж байсан) шүүхэд гаргаж өгсөн. Гэвч шүүх энэ нотлох баримтыг маань үнэлж үзсэнгүй. Тухайн үед миний бие эрүүл мэндийн шалтгаанаар хагас ажлын цагаар ажиллаж байсан тул хүү Г.Мөнх-Эрдэнэ-ний Голомт банкны дансаар 2017.07.04-ний өдөр 80,000,000 төгрөг нэхэмжлэгч *******т шилжүүлээд 2017.07.06-ны өдөр буюу 45,000,000 төгрөгийн гэрээнд гарын үсэг зурах үедээ дансандаа 39,994,700 төгрөгийн үлдэгдэлтэй (банкны хуулгаар нотлогддог) байхад бусдаас алдангитай мөнгө зээлэх ямар ч шаардлага байгаагүй.

4.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед *******ын Хаан банк дахь 5003605372 тоот дансны дэлгэрэнгүй хуулбарыг/ 2017.07.06-ны өдрөөс эхлэн 2017 оныг дуусталх хугацаагаар шүүхийн журмаар Хаан банкнаас гаргуулсан ба зээлийн гэрээ байгуулсан уг гэрээний дагуу 45,000,000 төгрөг надад өгсөн гэх 2017.07.06-ны өдөр түүний харилцах дансанд 994,045 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Тодруулбал, *******ын надад зээлдүүлсэн гэх 45,000,000 төгрөгийнхөө эх үүсвэрийг нотлож чадаагүй байхад шүүх зохиогчийн хооронд байгуулагдсан 2017.07.06-ны өдрийн зээлийн гэрээний арын нүүрэнд 45,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл үйлдэгдэж талууд гарын үсэг зурсан бөгөөд уг хэсгийг нотариат тамга дарж баталгаажуулсан байх тул зээлдүүлэгч нь мөнгө буюу эд хөрөнгийг зээгдэгчид шилжүүлэн өгсөн гэж үзнэ гэж зөвхөн нотариат тамга дарж баталгаажуулсан"-д хөтлөгдөн хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулан үзэхгүйгээр дүгнэлтийг хийсэн нь буруу гэж үзэж байна. Нотариатаар баталгаажсан гэрээний дээрх дардасны хураамж 40,000 төгрөг нь зөвхөн гэрээг баталгаажуулсан болохоос мөнгөн дүн 45,000,000 төгрөгийн өгсөн авсаныг баталгаажуулаагүй. (Ийм мөнгөн дүнд 300,000-с доошгүй төгрөгийн хураамж авах ёстой)

4.3. Хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлж, өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болох нотлох баримтуудыг тухайлбал Г.Мөнх-Эрдэнэ болон ******* нарын банкны харилцах дансны хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн боловч шүүх эдгээр нотлох баримтыг огт үнэлээгүй бусад нотлох баримттай харьцуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь бүрэн дүүрэн шинжлэн судлахгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Эцэст нь 2017.07.04-ний өдөр би *******тай ямар ч гэрээ хэлцэл нотариатгүйгээр зөвхөн хэл амаар урьд нь тохиролцон 50,0000,000 төгрөгийг 80,000,000 төгрөг болгон өсгөж өгсөн миний өглөгч зан яагаад 2017.07.06-ны өдөр бичгээр хийгдэж гарын үсэг, тамга тэмдэггүй нотариатаар батлуулсан 45,000,000 төгрөгийг нь *******т өгөхгүй байгаагийн учир шалтгаан нь хуурамч гэрээгээр луйвар хийж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаад оршино. Иймд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцэхээр буцааж өгнө үү. гэжээ.  

ХЯНАВАЛ:  

5. Хариуцагч *******ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.  

7. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...үндсэн зээл 45,000,000 төгрөг, алданги 20,430,000 төгрөг, нийт 65,430,000 төгрөгийг гаргуулах... гэж тодорхойлсон байна. 

8. Хариуцагч ******* ...*******аас зээлийн гэрээгээр 45,000,000 төгрөгийг шилжүүлж аваагүй, 2015 оны 10 дугаар сард дүүгийнхээ 40,000,000 төгрөг өгснийг түүний дансанд би 2017.07.04-ний өдөр 80,000,000 төгрөг болгож шилжүүлсэн, гэтэл эгч дүү нарынхаа хүү авна гэх хэрүүлийг зогсоох гэсэн юм, зээлийн гэрээнд гарын үсэг зураад өгөөч гэж гуйхаар нь гарын үсэг зурсан, ...хуурч мэхлэн хийсэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү... гэж мэтгэлцжээ. 

9. Зохигчийн хооронд зээлийг төлөх үүрэгтэй эсэх, гэрээний хүчинтэй байдал маргааны зүйл болсон байна. 

10. Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

11. *******, ******* нар 2017.07.06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 45,000,000 төгрөгийг, хүүгүйгээр, 2017.07.06-ны өдрөөс 2017.10.01-ний өдрийг хүртэл 2 сар 24 хоногийн хугацаатай зээлдүүлэн, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд хэн аль нь гэрээнд гарын үсгээ зурсан байна.

Талуудын чөлөөт байдлыг хангасан, өөрсдөө хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг бичгээр үйлдэж, түүнд хэн аль нь гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар зээлийн гэрээг байгуулсанд тооцно. 

Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ гэж зөв тодорхойлж, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.  

12.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан. 

Зээлийн гэрээний гол шинж нь зээлдүүлэгч гэрээний зүйл болох эд хөрөнгийг тодорхой хугацаанд ашиглуулах зорилгоор зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсний дагуу зээлдэгч нь хөрөнгийг хүлээн авч захиран зарцуулсан байхыг ойлгоно. 

12.2. Зээлийн гэрээний 2.5-д зээл олгосон хугацаа: 2017.07.06-ны өдөр бэлнээр өгнө гэж тусгагдсан, 45,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан болно гэж хариуцагч ******* зөвшөөрч гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэнээс дүгнэвэл зээлдүүлэгч *******ыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ. 

Учир нь Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж нотариатын чиг үүргийг тодорхойлон хуульчилжээ. 

Хариуцагч ******* *******аас 45,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авснаа зөвшөөрч гарын үсэг зурсныг гэрчилсэн нотариатчийг хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэх, эрх зүйн зөвлөгөө өгөх чиг үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлээгүй гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй болно.  

13. ******* үндсэн зээл зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 45,000,000 төгрөг, алдангид 20,430,000 төгрөг, нийт 65,430,000 төгрөгийг *******оос шаардах эрхтэй бөгөөд энэ талаарх шүүхийн тооцоолол үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчөөгүй байна.  

14. Хариуцагч ******* ...45,000,000 төгрөгийг шилжүүлж аваагүй, 2015 оны 10 дугаар сард дүүгийнхээ 40,000,000 төгрөгийг өгснийг, түүний дансанд би 2017.07.04-ний өдөр 80,000,000 төгрөг болгож шилжүүлсэн, гэтэл эгч дүү нарынхаа хүү авна гэх хэрүүлийг зогсоох гэсэн юм зээлийн гэрээнд гарын үсэг зураад өгөөч гэж гуйхаар нь гарын үсэг зурсан, ... хуурч мэхлэсэн... гэж нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Энэ нь хариуцагч ******* тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлоогүй гэж үзнэ.

15. Хэрэгт авагдсан баримтын хэмжээнд зээлийн гэрээний 2.5, 2.7, 3.2-т тус тус зааснаар хариуцагчийн үүргийг тодорхойлж, зээлийн үүрэг 65,430,000 төгрөгийг *******оос гаргуулж нэхэмжлэгчид олгож, 2017.07.06-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зохицуулалт, тэдгээрт заасан ойлголт, шаардлага, агуулгад нийцсэн байна. 

16. Хариуцагч *******ын хяналтын журмаар гаргасан гомдолд ...2017.07.06-ны өдөр буюу 45,000,000 төгрөгийн гэрээнд гарын үсэг зурах үедээ дансандаа 39,994,700 төгрөгийн үлдэгдэлтэй байхад бусдаас алдангитай мөнгө зээлэх ямар ч шаардлага байгаагүй, ...******* нь надад зээлдүүлсэн гэх 45,000,000 төгрөгийнхөө эх үүсвэрийг нотлож чадаагүй... гэж тусгагдсаныг анхан шатны шүүхэд хариуцагч нотлоогүй, банкны хуулга гэх мэт нотлох баримтыг шүүхээс хэрэгт хамааралтай гэсэн дүгнэлт хийх боломжгүй байна.  

17. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч *******ын гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/01809 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2059 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч хариуцагч *******ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 868,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Г.БАНЗРАГЧ  

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                    Г.АЛТАНЧИМЭГ

                                            ШҮҮГЧИД                   П.ЗОЛЗАЯА 

                                                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                Х.ЭРДЭНЭСУВД