Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2022/01203

 

 Ерөнхий боловсролын Глобал иннова сургууль БСБ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/03871 дүгээр шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 168 дугаар магадлалтай,

 Ерөнхий боловсролын Глобал иннова сургууль БСБ-ын нэхэмжлэлтэй

В.Мөнхжаргалд холбогдох

 Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 3,688,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагч В.Мөнхжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: хариуцагч В.Мөнхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 1. Нэхэмжлэгч Ерөнхий боловсролын Глобал иннова сургууль БСБ-аас В.Мөнхжаргалд холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 3,688,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/03871 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч В.Мөнхжаргалаас 1,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ерөнхий боловсролын Глобал иннова сургууль БСБ-д олгож, нэхэмжлэлээс 2,688,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 73,958 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Мөнхжаргалаас 28,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ерөнхий боловсролын глобал иннова сургууль БСБ-д олгож шийдвэрлэжээ.

 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 168 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/03871 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч В.Мөнхжаргалаас 2,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ерөнхий боловсролын Глобал иннова сургууль БСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,188,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын ...28,550 төгрөг гэснийг ...54,950 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 4. Хариуцагч В.Мөнхжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний бие давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг 2021.02.01-ний өдөр гэрийн хаягаар хүлээж авлаа. 2021.01.15-нд болсон шүүх хурлын өмнө шүүгчийн туслахтай утсаар холбогдсон бөгөөд цар тахлын эрчимтэй тархалтын үед аюулгүй байдлыг бодож ирэхгүй байж болно гэсэн үндэслэлээр шүүх хуралд оролцоогүй юм. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Миний хувьд аав хүн эцэг хүний хувьд сургуультай үүссэн нөхцөл байдал дээр эмзэглэж байна. Тэр тусмаа боловсрол гэдэг бол бага ангийн хүүхдийн хувьд маш эмзэг бөгөөд чадвар сэтгэл тэвчээр шаардсан цаг хугацаа орж байж үр дүн гардаг зүйл юм. 2019-2020 оны хичээлийн жил эхлэхэд сургуулийн нөхцөл байдал амлалтыг үндэслэн тухайн үеийн сургуулийн удирдлагын ярианд итгэн хүүхдүүддээ өгөхдөө л нийт төлбөрийн дийлэнх хувь болох 75% буюу 9.5 сая төгрөг төлөхөөс 7 сая төгрөгийг төлсөн болно. Би өөрөө хуульч өмгөөлөгч хүн бөгөөд энэ маргааныг шийдвэрлүүлэхийн тулд болсон үнэн бодит нөхцөл байдлыг дүгнэн хүүхэд гэр бүлийнхээ өмнөөс эрхэм шүүхийн өмнө шударга шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна.

Бүтэн жил танхимаар хичээллэж хүүхдийн хөгжил төлөвшлийг олж авах төлбөр гэж үндсэн төлбөрийг ойлгож байна. Үнэндээ хоёрхон улирал танхимаар хичээллэсэн. Гэрээнд давагдашгүй хүчин зүйл тохиолдвол гэсэн заалт байхгүй ч цар тахлын нөхцөл байдлаас болж цахим хэлбэрт шилжсэн. Жишээлбэл анх 2 улирал тахимаар хичээллээд үлдсэн улирлыг цахимаар хичээллэнэ гэж гэрээнд заагаагүй байгаа. Энд бичиж байгаа зүйл 2019-2020 оны хичээлийн жилд хэн хэнд тохиолдсон бэлэн бус байдлын үеийг хэлж байгаа болно. ГИДСургууль хохирол гэж үзэж байгаа бол хүүхэд болон бид мөн хохирч байна. Миний хувьд ГИДСургууль өнгөрсөн нөхцөл байдлыг үнэн бодитоор дүгнэж үзээсэй гэж хүсэж байна. Би малын гаралтай түүхий эдийн экспортын бүрдүүлэлт ачаа тээврийн үйл ажиллагаа хийдэг байсан, цар тахлын хорио цээрээс болж 1 жил хамтран ажиллагч, худалдан авагч нар ирж чадаагүйгээс үүдэн ажил зогсож ямар ч орлогогүй болоод байна. Одоо сургууль ямар хохирол амссан бэ, миний мэдэхийн багш албан хаагчид гэр гэрээсээ ажиллаж байсан, хичээл зааж байгаа байдлыг харахад багшийн ард нь хүүхдүүд нь гүйлдэн шуугилдсан, онлайн сүлжээ нь гацсан нөхцөл байдалтай л байна. Сургуулийн обьектод багш ажилчид ирэхгүй тул ус, цахилгаан, дулаанд хэмнэлттэй байсан гэж үзэж байна.

Мөн цахим хичээл эхэлсэн хугацаа 3-р сарын дундаас эхэлсэн, 2019-2020 онд орсон хичээлийн цаг, үр дүнг бодсон ч хангалтгүй гэж үзэж байна. Харилцан алдаа оноогоо дүгнэж сургалт хөтөлбөрийн нөхцөл байдлын уян хатан хэлэлцэж шийдэхгүйгээр танай хүүхдийг төгсөгсөн иймд бүтэн төлбөрөө төл, дээр нь алданги тооцно гэгчлэн зөвхөн сургуулийн хохирсон мэт хэт нэг талыг барьж нэхэмжилж байгаатай санал нийлэхгүй байна. Тухайн үед сургуулийн удирдлагад захиагаар санал гомдлоо хүргүүлж байсан боловч татгалзаж хариу өгсөн. Эцэг эхчүүдийн бүлэг бий болгон сургуулийн удирдлагатай уулзахад төлбөр хөнгөлөх боломжгүй гэж мэдэгдсэн. Өмнөх 2019-2020 оны энэ сургуульд учир дутагдал маш их байгаа. Удирдлага нь залилангийн, авлигын гэмт хэрэгтэн байсан. Менежментийн баг муу, багш нараа халж сэлгэсэн чадамж муу сургууль байсныг сүүлд мэдсэн. Бага ангийн хүүхдүүд ийм байдлаас цаг хугацаа сургалтын чанараар маш хохирсон гэж үзэж байна. Багш гэхээсээ илүүтэй эцэг эх бид өөрсдөө зааж сургах нь дийлэнх байсан юм.

Эрхэм шүүгч та бүхэн шударга зөв шийдвэр гаргаж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна. Нийт улсын эдийн засаг, бизнесийн байгууллагууд туульдаж байгаа энэ үед миний бие нэхэмжилсэн 2,500,000 төгрөг төлөх боломж байхгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн 1 сая төгрөгийг төлөх саналтай байна. Миний нөхцөл байдлыг ойлгож үзнэ үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 6. Нэхэмжлэгч Ерөнхий боловсролын Глобал иннова сургууль БСБ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...тус сургуулийн 4б ангийн сурагч М.Өнөмөнхийн асран хамгаалагч В.Мөнхжаргалтай 2019-2020 оны хичээлийн жилийн төлбөртэй сургалтын 248 тоот гэрээ байгуулсан, 2019 онд Ковид-19 халдвар гарсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас 2020.01.26-ны өдрийг 30 тоот тогтоол гарч, вирусын халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авах зарим арга хэмжээг баталсны дотор бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон боловч сургуулийн зүгээс тасралтгүй цахим сургалт явуулж, нийт сурагчдад 2019-2020 оны хичээлийн жилийг амжилттай суралцаж төгссөн, сурагч М.Өнөмөнх 5б ангид дэвшин суралцсан. Хариуцагч нь гэрээнд заасан сургалтын төлбөрийг бүрэн төлөхгүй сургуульд хохирол учруулж байгаа тул үлдэгдэл төлбөр 2,500,000 төгрөг, дугуйлангийн төлбөр 78,000 төгрөг, гэрээгээр тохирсон алданги 1,100,000 төгрөг, нийт 3,688,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилнэ... гэж тайлбарласан,

 Хариуцагч В Мөнхжаргал: ...2019 онд тус сургуультай гэрээ байгуулж, төлбөрийн 75%-тай тэнцэх 7,500,000 төгрөгийг төлсөн, гэтэл сургуулийн удирдлага менежмент муутай, сургалтын төлбөртэй дүйцэхүйц чанартай сургалтыг явуулаагүй, улмаар 3 сар танхимаар сургалт яваад дахиж танхимын сургалт яваагүй, онлайнаар сургалтаа явуулсан. Бүтэн жилийн турш авах ёстой танхимын сургалтаа авч чадаагүй, цар тахлын улмаас бидэнд хохирол үзүүлж байгаа нөхцөл байдлыг яагаад зөвхөн Глобал Иннова сургууль хохирол амссан мэт төлбөрөө харгалзаж үзэхгүй бүтнээр нь нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна... гэжээ.

 7. Анхан шатны шүүх хариуцагчаас 1,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 2,500,000 төгрөгийг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон байна.

 8. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч Ерөнхий боловсролын Глобал иннова сургууль БСБ хариуцагч В.Мөнхжаргалтай 2019-2020 оны хичээлийн жилийн төлбөртэй сургалтын гэрээ байгуулсан, гэрээнд зааснаар Ерөнхий боловсролын Глобал иннова сургууль БСБ нь М.Өнөмөнхөд ерөнхий боловсролын үндэсний цөм хөтөлбөрийг Кембрижийн болон АНУ-ын бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөртэй хослуулан сургах, В.Мөнхжаргал нь хичээлийн жилийн сургалтын төлбөрт 9,500,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 Хоёр шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 Хариуцагч гэрээнд заасны дагуу сургалтын төлбөрт 7,000,000 төгрөгийг төлсөн, сургалт 2019 оны 09 дүгээр сараас эхэлж, 2019 оны 12 дугаар сарын сүүл хүртэл танхимаар хичээллэсэн, дэлхий нийтийг хамарсан цар тахал Ковид-19 халдварын улмаас Монгол Улсын Онцгой байдлын комиссын шийдвэрийг үндэслэн 2020.01.27-ны өдрөөс бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоож, сургалтыг цахимаар үргэлжлүүлэн, 2020.06.01-ний өдрийг хүртэл явагдаж, хичээлийн жилийн сургалт дууссан үйл баримт тогтоогджээ.

 

9. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохирсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч нэхэмжлэлийн шаардлага, түүнийг татгалзсан, үгүйсгэсэн үндэслэл, тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус зохицуулсан.

 Иймд нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн болохоо нотлох, хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар, татгалзал үндэслэлээ тус тус нотлох үүрэгтэй.

 10. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн болохоо баримтаар нотлоогүй боловч хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж дүгнэн, хариуцагчаас 1,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 11. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа: ...Глобал иннова сургууль БСБ нь дэлхий нийтийг хамарсан Коронавирус гарсантай холбоотойгоор сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулсан, М.Өнөмөнх сургалтын хөтөлбөрийг дуусган анги дэвшсэн үйл баримт тогтоогдсон. Нийтэд илэрхий үйл баримтын улмаас сургалт гэрээнд заасны дагуу танхимаар бус цахим хэлбэрээр явагдсанд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй тул гэрээний үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй, харин дугуйланд хамрагдах болсон талаар албан ёсоор мэдэгдээгүй тул дугуйлангийн төлбөрийг шаардах эрхгүй, цар тахлын улмаас хариуцагчаас шаардсан алдангийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй, ...хариуцагч нь цахим сургалт үр дүн муутай байсан, танхимын сургалтаас зөрүүтэй гэх тайлбараа нотлоогүй... гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэл муутай болжээ.

 Өөрөөр хэлбэл, дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас сургалтыг цахим хэлбэрээр явуулсан, сурагч М.Өнөмөнх анги дэвшсэн нь сургалтын төлбөр шаардах эрхийг бий болгосон гэх дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай, хэрэгт цугларсан баримт, хариуцагчийн тайлбар, татгалзлыг хэрхэн үнэлсэн, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан үндэслэлээ магадлалд тусгаагүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4, 116 дугаар зүйлийн 116.2, 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтад нийцээгүй гэж үзнэ.

 13. Нэхэмжлэгч Ерөнхий боловсролын Глобал иннова сургууль БСБ нь 2019-2020 оны сургалтын жилийн хугацаанд гэрээнд заасан ...ерөнхий боловсролын үндэсний цөм хөтөлбөрийг Кембрижийн болон АНУ-ын бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөртэй хослуулан, ...Боловсролын тухай хууль, Бага дунд боловсролын тухай хуульд нийцүүлэн сургах үүргээ тогтоосон хугацаанд зохих ёсоор гүйцэтгэсэн, 2020 оны цахим сургалтад сурагч М.Өнөмөнхийг бүрэн хамруулсан болохоо баримтаар нотлоогүй, хэрэгт зөвхөн 2020 оны 04 дүгээр сарын хичээлийн бүртгэл, шалгалтын материалын баримт авагдсан, хариуцагчийн ...цахим хичээл 2020 оны 03 дугаар сараас эхэлсэн, хичээлийн цаг, үр дүн хангалтгүй, багш гэрээсээ хичээлээ зааж, ард нь хүүхдүүд нь гүйлдэн шуугилдаж, онлайн сүлжээ нь гацсан, ...ийм л нөхцөл байдалтай байсан, ...бага ангийн хүүхдүүд цаг хугацаа, сургалтын чанараар маш их хохирсон, багш гэхээсээ илүүтэй эцэг эх бид өөрсдөө зааж сургах нь дийлэнх байсан, зөвхөн анги дэвшүүлсэн гэх үндэслэлээр сургалтын төлбөрийг бүтнээр нь нэхэж байгааг зөвшөөрөхгүй... гэх тайлбарыг үгүйсгэсэн үндэслэлээ нэхэмжлэгч нотлоогүй байна.

 14. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт цугларсан баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт дүгнэлт хийж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй боловч хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын тодорхой хэсгийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь талуудын зарчимд нийцсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзлээ.

 15. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 168 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/03871 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч В.Мөнхжаргалын гомдлыг хангасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч В.Мөнхжаргалаас 2021.02.04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

  

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН             Г.АЛТАНЧИМЭГ

                ШҮҮГЧИД            Н.БАЯРМАА

                                               Б.МӨНХТУЯА

                                                  Х.ЭРДЭНЭСУВД