Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2020/03871

 

2020 о 11 с 05 ө

Дугаар 101/ШШ2020/03871

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ...............-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ...................-д холбогдох

3,688,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золзаяа, Н.Энхтуяа, хариуцагч М-аас, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Е -ыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтуяа, Д.Золзаяа нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Глобал Иннова сургуульд Өнь 5б ангид суралцдаг ба тус сургуулийг анги дэвшин амжилттай суралцсан М.Өнөмөнхийн асран хамгаалагч ......тай Ерөнхий боловсролын Глобал Иннова сургууль нь 2019-2020 оны хичээлийн жилийн төлбөртэй сургалтын 248 тоот гэрээг байгуулсан. 2019 оны сүүлээр БНХАУ-ын Ухань хотод Ковид-19 халдвар илэрснээс хойш өнөөдрийн байдлаар тус халдвар дэлхийн ихэнх улс оронд тархаж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас цар тахлын хэмжээнд хүрснийг зарласан билээ. Ковид-19 халдвар гарсантай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар 2020 оны 1 сарын 26-ны өдрийн 30 тоот тогтоолоор тус вирусийн халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авах зарим арга хэмжээг баталсны дотор бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон. Хэдийгээр дээрх шийдвэр гарсан хэдий ч манай сургуулийн зүгээс тасралтгүй цахим сургалт явуулж нийт суралцагчид 2019-2020 оны хичээлийн жилийг амжилттай суралцаж төгссөн. Манай сургууль нь 277 тоот гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж сурагч М.Ө-г амжилттай анги дэвшүүлсэн болно. Гэвч хариуцагчийн зүгээс гэрээнд заасны дагуу сургалтын төлбөрөө төлөхгүй манай сургуульд хохирол учруулж байгаа тул 2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн үлдэгдэл болох 2,500,000 төгрөг, дугуйлангийн төлбөр 78,000 төгрөг болон гэрээгээр тохирсон алданги 1,110,000 төгрөг, нийт 3,688,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сургуулийн ажиллагаа доголдолтой байсан талаар нэг ч удаа М сургуульд санал хэлж гэрээг цуцлах санал тавьж байгаагүй. Хөлсөөр ажиллах гэрээний харилцаа явагдаад хүүхдийг нь анги дэвшүүлж төгсгөсөн. Өвчин тахалтай байсан ч цахим сургалтаар гэрээний үүргээ бүрэн гүйцэд гүйцэтгэсэн. Гэрээний үүргээ гүйцэтгээгүй учраас сургууль зардлаа төлж чадахгүй байна. Олон гадаад багш нарыг сар бүр цалинжуулж, ашиглалтын зардлыг төлж байсан. Гэрээ цуцлах талаар санал гаргаагүй. Сургуулийн зүгээс гэрээний үүргээ биелэгдсэн гэж үзэж байгаа тул гэрээгээр тохирсон гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг, гэрээгээр тохиролцсоны дагуу гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс үүссэн алдангийг нэхэмжилж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээ цуцлах тухай бичгээр баримт өгч байгаагүй. Энэ гэрээ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа явагдаж байна. Хөлсөөр ажиллах гэрээний шинж нь үр дүн шаарддаггүй. Манай хүүхдийг яг тийм боловсрол эзэмшүүлэх ёстой гэсэн үр дүнг талууд гэрээгээр тохиролцоогүй байдаг. Нэг тал нь ерөнхий боловсролын сургуулийн олон улсын сургалтын хөтөлбөрөөр сургаж нөгөө тал нь төлбөрөө төлнө гэсэн зүйл байгаа. Гэрээний чанар дээр маргаад байгаа юм уу аль эсхүл давагдашгүй хүчин зүйлээс болоод надад хохирол учирч байгаа учир намайг харж үзээч гэж хэлээд байна уу гэдэг нь ойлгомжгүй байна. Давагдашгүй хүчин зүйлийн шинж нь гэрээний үр дүнд шууд ямар нэгэн өөрчлөлт орсон бол боломжтой. Манайх хүүхдийг сургалтад хамруулж анги дэвшүүлсэн баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Сургуулиа төгстөл нь хувийн хэргийн бичилтийг хийлгэж хүүхдийг шалгалтад хамруулж байсан. Цахимаар сургалт явуулсан гэдгийг асран хамгаалагч нь мэдэж байна. Мэдэж байна гэдэг нь хүүхдээ сургалтад хамруулах бүрэн боломжтой. Хамрагдахгүй бол хүсэлтээ өгөөд гэрээг цуцлах бүрэн боломжтой байсан. Өнөөдөр хүүхдээ сургаж, төгсгөж, хувийн хэрэгт бичилт хийлгэж, анги дэвшүүлсэн материалаа авч дууссаны дараа төлбөрийг төлөхгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Төлөхгүй гэхдээ цахим болон танхимын сургалт ялгаатай гэж байгаа ч ялгаагүй стандартын дагуу явагдаж байна. Цахим сургалтад шууд хамрагд гэж хэлэх боломж байхгүй. Суралцах үүрэг өөрсдөд нь байгаа. Бид сургалтаа явуулсан хариуцагч татгалзаад байгаа үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байна. Хариуцагч тал биелүүлээгүйн хариуцагчийн тайлбар болон нотлох баримтаар тогтоогдож байгаа тул үндсэн төлбөр нийт 222 хоногийн алданги шаардаж байгаа. Уг төлбөрийг хариуцагч талаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 2019-2020 оны хичээлийн жилд охин, хүү хоёроо 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс оруулж, хүүхэд тус бүрийн сургалтын төлбөр болох 10,000,000 төгрөг төлөхөөс 75 хувийг буюу 7,5 сая төгрөг тус бүр төлсөн. Гэтэл хэсэг хугацааны дараа сургуулийн удирдлага менежмент баг муутай эцэг эхчүүдийн сургуультай харилцах харилцаа зөвхөн мөнгөний төлөө хүүхдийг хохироож байна гэхчлэн сөрөг байдалтай тулгарч байв. Ингээд үндсэндээ 9 сараас 12 сарын сүүл хүртэл 3 сар танхимын хичээл хичээллээд амарсан. Сургуулийн амралтын хугацаанд Ковид 19 буюу дэлхий нийтийг цочроосон цар тахал дэгдэж улс орнууд хилээ хааж Монгол улсын хувьд ч мөн эрсдэлээс сэргийлж сургуулиуд, сургалтын газруудыг тодорхой бус хугацаагаар хааж бүх нийтээр ерөнхий боловсролын сургуульд суралцагчдад онлайн сургалтыг явуулж эхэлсэн. Глобал иннова сургуулийн хувьд 3 сарын дундуур давхар онлайн сургалтаа явуулсан. Товчхондоо аав хүний хувьд Глобал иннова сургуулиас тавьж байгаа шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хүчин зүйлс байна.

1. Бүтэн жилийн турш авах ёстой танхимын сургалтыг авч чадаагүй 3 сар л авсан. 2. Онлайн сургалт явуулсан гэж үзэж байгаа тэгвэл онлайн сургалт, танхимын сургалт, сургалтын төлбөр аль ч нөхцөлд маш зөрүүтэй байдаг. /Онлайн хямд байдаг/ 3. Цар тахлын бидэнд хохирол үзүүлж байгаа нөхцөл байдлыг яагаад зөвхөн Глобал иннова сургууль амссан мэт төлбөрөө дээрх хүчин зүйлсийг харгалзахгүйгээр бүрэн нэхэмжилж байгаа? 4. 2019 онд анх сургууль эхлэхэд маш сайн сургууль, менежмент баг сайтай сургалт сайтай олон улсад гарцтай маш сайн удирдлагын багтай гэхчлэн ярьж элсэлт авсан. гэтэл хэлсэндээ байж чадаагүй. Удирдлагын байр суурь тогтворгүй менежмент баг муу, захирал нь хүртэл гэмт хэрэгт холбогдож сургуулиасаа гарсан. Энэ мэтчилэн ирээдүй болсон хүүхдүүдийнхээ сурлага байдалд буруу газар хөрөнгө оруулалт хийсэндээ харамсаж байна. Бидний итгэж оруулсан сэтгэл санааны хохирлыг яаж барагдуулах вэ. Иймээс тус сургуулийн нэхэмжилж байгаа мөнгөн дүнг би төлж чадахгүй бөгөөд 2019-2020 онд миний хүүхдүүдэд олгосон гэх хичээл оролтын хугацаа, сэтгэл ханамжийн хувьд ч олгосон мэдлэгийн хувьд ч Глобал иннова сургуулийг хангалтгүй гэж үзэж байна. 1,000,000 төгрөгийг төлнө, бусад хэсгийг төлөхгүй ... гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Е  хариуцагч д холбогдуулан сургалтын төлбөрийн үлдэгдэлд 2,500,000 төгрөг, алдангид 1,110,000 төгрөг, дугуйлангийн төлбөрт 78,000 төгрөг, нийт 3,688,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд нэхэмжлэлийг дэмжиж байна.

 

Хариуцагч тал танхимаар 3 сар сургалтад суусан, онлайнаар хичээллэсэн нь хангалттай үр дүнд хүрээгүй гэх үндэслэлээр 1,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, бусад хэсгийг зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Е  нь тусгай зөвшөөрлийн хавсралтад заасны дагуу боловсрол олгох сургалт эрхлэх зөвшөөрөлтэй болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Е  нь суралцагч М.Өнөмөнхөд ерөнхий боловсролын үндэсний цөм хөтөлбөрийг Кембрижийн болон АНУ-ын бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөртэй хослуулан зааж сургах, хариуцагч М 2019-2020 оны хичээлийн жилийн төлбөрт 2019 оны 8 сард 7,000,000 төгрөгийг, 2020 оны 1 сард 2,500,000 төгрөг, нийт 9,500,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, талуудын хооронд 2019 оны 9 сарын 1-ний өдөр байгуулагдсан 277 дугаартай гэрээ зэргээр тогтоогдож байх тул талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

Дээрх хөлсөөр ажиллах гэрээний дагуу Е  2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс М.Ө-г сургах ажлыг хийж гүйцэтгэх явцад Дэлхий нийтийг хамарсан цар тахал Ковид 19 халдварын улмаас Монгол Улсын Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг 2020 оны 01 сарын 27-ны өдрөөс зогсоосон болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба талууд уг үйл баримтын талаар маргаагүй, энэ нь нийтэд илэрхий үйл баримт байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заажээ.

 

Хэдийгээр хөлсөөр ажиллах гэрээгээр үр дүн шаардахгүй, цар тахлын улмаас сургуулийн үйл ажиллагааг зогсоосон нь нэхэмжлэгчээс шалтгаалаагүй байх боловч Е  нь гэрээний үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасанд нийцүүлж гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдохгүй байна.

 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2020 оны 4 сарын 17-ны өдрийн А/194 тоот тушаалаар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг 2020 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс дуусгавар болгосон нь нийтэд илэрхий үйл баримт байна.

 

Хариуцагч М Боловсролын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.3-т заасан хүүхдэдээ 16 хүртэл насанд нь суурь боловсрол заавал эзэмшүүлэх гэсэн үүргээ биелүүлэхдээ төлбөртэй сургуульд суралцуулах эрхээ хэрэгжүүлсэн хэдий ч хариуцагчийн ...цар тахлын улмаас сургуулийн үйл ажиллагааг хаасан боловч цахимаар сургалт авах зорилгогүй байсан, цахимаар 3 сар орчим сургалт явуулсан, цахимаар олгосон сургалт хангалтгүй... гэх тайлбар үндэслэлтэй.

 

М.Ө-г анги дэвшүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх боловч сургуулийн үйл ажиллагааг зогсоосон 2020 оны 01 сарын 27-ны өдрөөс хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг тогтоосон 2020 оны 6 сарын 1-ний өдрийг хүртэл нэхэмжлэгч нь гэрээнд заасан ...ерөнхий боловсролын үндэсний цөм хөтөлбөрийг Кембрижийн болон АНУ-ын бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөртэй хослуулан... Боловсролын тухай хууль, Бага дунд боловсролын тухай хуульд нийцүүлэн сургах үүргээ тогтоосон хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгэсэн нь баримтаар тогтоогдохгүй, нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Глобал инова сургуулийн 4б ангийн цахим гэх баримт нь М.Ө-г сургалтад бүрэн хамарсан гэдгийг нотолж чадахгүй байна.

 

Хариуцагчийн ...танхимын сургалтад бүрэн хамрагдаагүй, 3 сар цахимаар сургалт явуулсан нь хангалтгүй, цахим сургалтын төлбөр танхимын сургалтаас хямд үнэтэй байдаг, цар тахлын үеийн хүчин зүйлсийг харгалзаж төлбөрөө буруулах арга хэмжээ аваагүй, сургуулийн удирдлагын байр суурь тогтворгүй, удирдлага нь гэмт хэрэгт холбогдсон тул 1000,000 төгрөгийг төлнө... гэх тайлбарыг үндэслэн хариуцагч М-аасаас хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 1,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Е -д олгох нь Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт нийцнэ гэж үзэв.

 

Нэхэмжлэгч үүргээ зохих ёсоор, хугацаанд нь биелүүлсэн болох нь баримтаар тогтоогдоогүй тул алданги тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэн, алдангид нэхэмжилсэн 1,110,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

М.Ө-г 78,000 төгрөгийн үнэтэй дугуйланд суралцуулах гэрээг М-аастай байгуулсан нь тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч талын 2020.11.05-ны өдрийн 04/3654 дугаартай ...Өнь 35,000 төгрөгийн төлбөртэй хөл бөмбөгийн дугуйланд 2019 оны 11 сар, 12 сарын турш хамрагдсан нь үнэн... гэх баримт нь М-аасыг төлбөр төлөх үүрэг хүлээснийг нотлох баримт биш ба энэ нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8.3.2-т төлбөртэй дугуйлан, секцийн хувьд төлбөрийг төлснөөр хамрагдах эрх нээгдэнэ гэсэнд нийцэхгүй байна.

Иймд хариуцагч М-аасаас дугуйлангийн төлбөрт 78,000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч М-аасаас хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 1,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Е -д олгож, нэхэмжлэлээс хөлсөөр ажиллах гэрээний үүрэг 1,500,000 төгрөг, алданги 1,110,000 төгрөг, дугуйлангийн төлбөр 78,000 төгрөг, нийт 2,688,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М-аасаас 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Е -д олгож, нэхэмжлэлээс 2,688,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 73,958 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М-аасаас 28,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Е -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  Д.БАТЦЭЦЭГ