Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00168

 

МАГАДЛАЛ

2021.01.15 Дугаар 168

 

 

 

 

 

 

ЕБГСБСБ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/03871 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ЕБГСБСБ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч В.М-д холбогдох, хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 3 688 000 тухай гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золзаяа, Н.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтуяа, Д.Золзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ерөнхий боловсролын Глобал иннова сургууль БСБ нь В.М-тай 2019-2020 оны хичээлийн жилийн төлбөртэй сургалтын 248 дугаар гэрээг байгуулсан. В.М-ын хүү М.Өнөмөнх нь 5б ангид суралцдаг ба тус сургуулийг анги дэвшин амжилттай суралцсан. 2019 оны сүүлээр Дэлхий нийтэд Ковид-19 халдвар гарсантай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар 2020 оны 01 дүгаар сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолоор Ковид-19 вирусийн халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авах зарим арга хэмжээг баталж бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон. Хэдийгээр дээрх шийдвэр гарсан ч манай сургуулийн зүгээс цахим сургалт явуулж нийт суралцагчид 2019-2020 оны хичээлийн жилийг амжилттай суралцаж төгссөн. Хөлсөөр ажиллах гэрээнд үр дүн шаардахгүй. Манай сургууль нь 277 дугаар гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж сурагч М.Өнөмөнхийг амжилттай анги дэвшүүлсэн. Гэвч хариуцагчийн зүгээс гэрээнд заасны дагуу сургалтын төлбөрөө төлөхгүй манай сургуульд хохирол учруулж байна. 2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн үлдэгдэл 2 500 000 төгрөг, дугуйлангийн төлбөр 78 000 төгрөг, алданги 1 110 000 төгрөг, нийт 3 688 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч В.Мшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019-2020 оны хичээлийн жилд охин, хүү хоёроо тус сургуульд 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс оруулж, хүүхэд тус бүрийн сургалтын төлбөр болох 10 000 000 төгрөг төлөхөөс 75 хувийг буюу 7 500 000 төгрөг тус бүр төлсөн. Гэтэл хэсэг хугацааны дараа сургуулийн удирдлага менежмент баг муутай эцэг эхчүүдийн сургуультай харилцах харилцаа зөвхөн мөнгөний төлөө хүүхдийг хохироож байна гэхчлэн сөрөг байдалтай тулгарсан. 2019 оны 9 дүгээр сараас мөн оны 12 дугаар сарын сүүл хүртэл 3 сар танхимын хичээл ороод амарсан. Сургуулийн амралтын хугацаанд Ковид-19 буюу Дэлхий нийтийг цочроосон цар тахал дэгдэж Монгол улсын хувьд ч мөн эрсдэлээс сэргийлж сургуулиуд, сургалтын газруудыг тодорхой бус хугацаагаар хааж бүх нийтээр ерөнхий боловсролын сургуульд суралцагчдад онлайн сургалтыг явуулж эхэлсэн. Ерөнхий боловсролын Глобал иннова сургуулийн хувьд 3 дугаар сарын дундуур давхар онлайн сургалтаа явуулсан. Бүтэн жилийн турш авах ёстой танхимын сургалтыг авч чадаагүй 3 сар хичээл орсон. Онлайн сургалт болон танхимын сургалтын сургалтын төлбөр зөрүүтэй, онлайн хямд байдаг. Сургуулийн удирдлагын байр суурь тогтворгүй менежмент муу, захирал нь гэмт хэрэгт холбогдсон гэх мэтчилэн ирээдүй болсон хүүхдүүдийнхээ сурлага байдалд буруу газар хөрөнгө оруулалт хийсэндээ харамсаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 1 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч В.Мөнхжаргалаас 1 000 000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ерөнхий боловсролын Глобал иннова сургууль БСБ-д олгож, нэхэмжлэлээс 2 688 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 73 958 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Мөнхжаргалаас 28 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ерөнхий боловсролын глобал иннова сургууль БСБ-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтуяа, Д.Золзаяа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж чадаагүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 1 000 000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ талуудыг хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан боловч нэхэмжлэгч тал мөн хуулийн 206 дугаар зунлийн 206.1 дэх хэсэгт заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд гүйцэтгэсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь тус заалт нь үүргийг зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ гэж заасан нь ерөнхий зохицуулалт бөгөөд иргэний хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй болно. Хариуцагч нэхэмжлэгчийг цахимаар хичээл заасан талаар маргаагүй бөгөөд цахимаар хичээл орсныг зөвшөөрсөн. Үүргээ тогтоосон хуцагаанд эохих ёсоор шударгаар биелүүлээгүй гэдэг нь үүргийг өөр этгээдэд шилжүүлсэн, эсхүл тогтоосон хугацаанд ямар нэгэн үйлдэл хийгээгүй байхыг ойлгоно. Гэрээний хугацаанд уүрэг гүйцэтгүүлэгч нь гэрээнээс татгалзах боломжтой. Гэтэл нэг ч удаа албан бичгээр болон амаар гэрээнээс татгалзах санал гаргаагүй. Нэхэмжлэгч тал гэрээнд заасан үүргээ хугацаанд нь зохих ёсоор хангалттай гүйцэтгэсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдсан. Хавтас хэрэгт сурагчийг анги дэвшүүлсэн баримт, талуудын хооронд байгулагдсан гэрээ, цахимаар сургалт явуулж байсан ирцийн дэвтэрийг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгсөн. Дэлхий нийтээр цар тахал гарч тэнхимийн сургалт цахим сургалт болсон нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй. Шүүх дүгнэхдээ тэнхимийн сургалт болон цахим сургалт хоёрын сургалтын чанар зөрүүтэй гэж үзсэн боловч энэ талаарх нотлох баримт байхгүй. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 1 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч үлдэх хэсгээс татгалзаж байгаа хууль зүйн үндэслэлээ тайлбарлаагүй. Шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон бичгээр гаргаж байгаа тайлбартаа цар тахалтай холбоотойгоор тайлбарладаг боловч түүнийг нотолосон баримтыг гаргаж өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч татгалзлалын үндэслэлээ нотлох үүрэгтэй. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн талын баримтыг үнэлээгүй бөгөөд хариуцагчийн хуулиар хүлээсэн нотлох үүргийг дүгнээгүй. Нэхэмжлэгч нь цахимаар 3 сар орчим сургалт явуулсан. Цахимаар явуулсан сургалт хангалтгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна гэж дүгнэсэн. Гэвч хариуцагч нь сургалтын чанарыг хэрхэн яаж тодорхойлж байгаа нь тодорхойгүй. Уг тайлбар нь ямар ч нотлох баримтаар тогтоогдоогүй. Хариуцагч нь цахим сургалт болон тэнхимийн сургалт хоёр ялгаатай бөгөөд өөр үнэ ханштай байдаг талаар дурдсан боловч мөн тайлбараа нотлоогүй. Гэтэл шүүх зөвхөн хариуцагчийн тайлбарыг иш татан ямар ч нотлох баримтгүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт хэсэгт зааснаар үнэлээгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Ерөнхий боловсролын Глобал иннова сургууль БСБ нь хариуцагч В.М-д холбогдуулан сургалтын төлбөрийн үлдэгдэл 2 500 000 төгрөг, алданги 1 110 000 төгрөг, дугуйлангийн төлбөр 78 000 төгрөг, нийт 3 688 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч онлайн сургалт үр дүнгүй байсан, танхимын сургалт болон онлайн сургалтын төлбөр зөрүүтэй гэж маргажээ.

 

Талуудын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 2019-2020 оны хичээлийн жилийн төлбөртэй сургалтын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Ерөнхий боловсролын Глобал иннова сургууль БСБ нь М.Ө-д ерөнхий боловсролын үндэсний цөм хөтөлбөрийг Кембрижийн болон АНУ-ын бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөртэй хослуулан сургах, В.Мнь 2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт нийт 9 500 000 төгрөг төлөхөөр тохиролцсон гэрээний агуулгаас үзэхэд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

Хариуцагч В.Мнь гэрээнд заасны дагуу сургалтын төлбөрт 9 500 000 төгрөг төлөхөөс 7 000 000 төгрөг төлж, үлдэх 2 500 000 төгрөгийг төлөөгүй, мөн алданги, суралцагчийн дугуйлангийн төлбөр төлсөн эсэх нь зохигчийн маргааны зүйл болжээ.

 

Дээрх гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч Ерөнхий боловсролын Глобал иннова сургууль БСБ-д 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс М.Өнөмөнх 4 дүгээр ангид хамрагдан суралцаж байсан боловч Улсын онцгой комиссын шийдвэрээр дэлхий нийтэд тархсан Ковид-19 буюу шинэ төрлийн коронавирус гэх цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хөл хорио тогтоосонтой холбоотойгоор 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг /зогсоож/ 2019-2020 оны хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс дуусгавар болгосон нь нийтэд илэрхий үйл баримт болох тул хариуцагчийн ...цар тахлын улмаас сургуулийн үйл ажиллагааг хаасан боловч цахимаар сургалт авах зорилгогүй байсан гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Ерөнхий боловсролын Глобал иннова сургууль БСБ нь дэлхий нийтийг хамарсан коронавиус гарсантай холбоотойгоор сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулсан, М.Өнөмөнх сургалтын хөтөлбөрийг дуусган анги дэвшсэн үйл баримт тогтоогдсон. Нийтэд илэрхий үйл баримтын улмаас сургалт гэрээнд заасны дагуу танхимаар бус цахим хэлбэрээр явагдсанд нэхэмжлэгчийн буруутгахгүй үндэслэлгүй.

 

Иймд Ерөнхий боловсролын Глобал иннова сургууль БСБ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч В.Мөнхжаргалаас сургалтын төлбөрийн үлдэгдэл 2 500 000 төгрөгийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч В.Мнь ...цахим сургалт үр дүн муутай байсан, цахим болон төлбөр танхимын сургалтын сургалтын төлбөр зөрүүтэй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, нэхэмжлэгчийн гаргасан ирцийн мэдээ, анги дэвших шалгалтын материал зэрэг баримтуудыг няцаагаагүй байна.

 

Гэрээний 8.3.2-т Дугуйлан, секцэнд хамрагдах эрх нь суралцагчийн эцэг, эх, асран хамгаалагчид сургуулийн зүгээс албан ёсоор мэдэгдэж, зөвшөөрлийг бичгээр авна. Төлбөртэй дугуйлан, секцийн хувьд төлбөрийг төлснөөр хамрагдах эрх нээгдэнэ гэж заасан.

 

Гэвч нэхэмжлэгч Ерөнхий боловсролын Глобал иннова сургууль БСБ нь М.Өнөмөнхийг 78 000 төгрөгийн төлбөртэй дугуйланд хамрагдах болсон талаар албан ёсоор мэдэгдэж, зөвшөөрлийг бичгээр авсан үйл баримт тогтоогдоогүй тул дугуйлангийн төлбөр 78 000 төгрөгийг хариуцагч В.Мөнхжаргалаас шаардах эрхгүй. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөхөөр зохицуулсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч үүргээ биелүүлсэн нь тогтоогдоогүй гэж алдангийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай болжээ.

 

Харин дэлхий нийтэд тархсан Ковид-19 буюу шинэ төрлийн коронавирус гэх цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улс даяар хөл хорио тогтоосон нийтэд илэрхий үйл баримтыг харгалзан нэхэмжлэлийн шаардлагаас алданги 1 110 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь хэргийн нөхцөл байдалд нийцнэ гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч В.Мөнхжаргалаас 2 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЕБГСБСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 188 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/03871 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч В.Мөнхжаргалаас 2 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ерөнхий боловсролын Глобал иннова сургууль БСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 188 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ...28 550 төгрөг гэснийг ...54 950 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 73 958 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Д.БАЙГАЛМАА